Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 386

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Г.Эсэн,

хохирогч Э.Б, хохирогчийн өмгөөлөгч О.Булган,

шүүгдэгч М.У,

шинжээч Б.Ганзориг,

гэрч Т.Мөнхбат, Р.Юмжирмаа,

нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-ын Уд холбогдох эрүүгийн 19100 0000 0017 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, интерьер дизайнер мэргэжилтэй, “Хүчит шонхор” захад Давхар нэртэй цайны газрыг эрхлэн ажиллуулдаг, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдрах, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Барилгачдын талбай гудамж, Хийморь А байрны 9 тоотод суух хаягийн бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма ганди гудамжны Romana Residence хотхоны 504 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт М-ын У /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч М.У нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нархан хотхоны 21 дүгээр байрны 6 тоотод 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Э.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 8 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрүүдийн хооронд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Э.Болор-Уянгыг байнга зодсон, дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан буюу 2018 оны 8 дугаар сард Тэрэлж дэх амралтын газарт хохирогч Э.Бтай маргалдан орон дээр дарж хоолойг боосон, 2018 оны 9 дүгээр сард дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдан өөрийн хүү У.Цэнгүүний эд зүйл болон хувцасыг орцонд гаргасан, 2018 оны 10 сарын 14-ний өдөр хохирогч Э.Болор-Уянгыг гэрээсээ хөөж, түүний биед халдсан, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөнгө авсан байна гэх шалтгаанаар маргалдаж хохирогч Э.Б-ын биед халдсан гэмт хэрэг тус тус үйлдсэнд холбогджээ. 

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.У нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн ”өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч М.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө би өөрийнхөө уур, бухимдлаа барьж дийлээгүйгээс болж хохирогчийг 1 удаа цохисон. “Янхан шиг ээжтэйгээ адилхан хүнтэй суу” гэж ёс бус үг хэллэгээр намайг доромжилсон учир би уураа барьж дийлээгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчээр ирсэн хүн бол миний хойд аав байгаа юм. Хохирогч бид хоёр маргалдах үед “чи бол хойд аавын боточ хүүхэд, мөн хойд аавын шавхарууг идэж өссөн хүүхэд” гэж ёс бус хэллэгээр намайг доромжилдог байсан. Тэгээд миний уур бухимдал дээд зэрэгтээ хүрсэн тул би биеэ барьж дийлээгүй.

Тэрэлж дэх амралтын газарт хохирогч согтуу үедээ хүүхдээ тэврээд хүн бужигнасан газарт очих гэхээр нь би “явах газар байвал ганцаараа яв, харин хүүхдийг үлдээ” гэж хэлсэн. Би хохирогчийг боож, санаатайгаар хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн үед өөрийгөө согтуу байсан гэж мэдүүлээгүй байна. Тухайн үед манай аав, ээж, 2 дүү, Э.Б, манай хүү, мөн аав ээжийн найзууд болох нийт 15-20 хүн хамт амралтын газар явсан. Орой 20.00-21.00 цагийн хооронд бид 1-2 шил вино уусан, Э.Б нэмж тал шил вино уусан. Хэсэг хормын дараа бидний байрлаж байсан газраас цаана байсан хүмүүс хоорондоо маргалдаж, эсхүл хөгжилдөж байсан нь мэдэгдэхгүй, бүлэг хүмүүс дээр Э.Б хүүхдийг маань тэврээд очих гэхээр нь би Болор-Уянгад “хэрэв чи олон хүн бужигнасан газар очих гэж байвал ганцаараа яв, харин хүүхдийг тийшээ дагуулаад яваад хэрэггүй” гэснээс болж маргаан гарсан.

Бид 2 маргалдаж байх үед ээж маань өрөөнд орж ирсэн. Э.Б гарч салхилахад нь “орж өрөөндөө унт” гэхэд учир шалтгаангүй уйлж, “чи намайг ойлгохгүй байна” гээд гомдоллоод байсан. Би өөрөө юунаас болж маргалдсанаа одоо хүртэл ойлгохгүй байгаа. Би Э.Болор-Уянгыг орон дээр хэвтүүлсэн нь үнэн, харин орон дээр түлхэж унаган хоолойг нь боосон зүйл болоогүй.

Мөнгөтэй холбоотой хэрэг дээр хохирогч миний мөнгийг аваад нуучихсан байсан. Тэр үед би тухайн үед зээл төлдөг байсан болохоор надад мөнгө хэрэгтэй байсан. Би хохирогчоос 400.000 төгрөгийн талаар асуухад би “мөнгийг үрчихсэн” гэж хариулсан. Би гэртээ хайж байгаад мөнгөө олоход, хохирогч “халтар мөнгөө аваад зайл” гэж тэр мөнгийг маань миний нүүр рүү шидчихсэн. Үүнээс болж бид хоёр ноцолдож, би түүнд гар хүрсэн нь үнэн. Хохирогч ч өөрөө намайг маажсан байсан. Тухайн үеийн нотлох баримтын зураг болон харилцаж байсан мессежүүдийг гар утаснаасаа устгасан.

2018 оны 9 дүгээр сард бид 3 манай 11 дүгээр хороололд амьдардаг эмээгийнх рүү явсан. Замдаа Э.Болор-Уянгын эгч нь манай хүүхдэд авч өгсөн агаарын маскийг нь би хаясанаас болж маргаан үүссэн. Орой нь хоол хийх гэж байхад Э.Б “энэ мах манай гэрийнхэний авч өгсөн мах шүү” гэж хэлэхэд  нь би “чи бид хоёр танайхан, манайхан  гэж хэрүүл маргаан хийхээ болимоор байна” гэснээс болж маргаан үүсч, манай, танай гэж эд хөрөнгийн талаар хэрүүл хийсэн. Тэгэхээр нь би хүний авч өгсөн зүйлийг бүгдийг нь орцонд гаргаж тавьсан, учир нь эд хөрөнгийн маргаан миний сэтгэл санаанд их нөлөөлсөн.

2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр миний зүгээс хохирогчийг хөөсөн зүйл байхгүй. Би Э.Бтай маргалдахгүй гэж л тийм үйлдэл гаргасан. Харин маргаанаас болж ноцолдсон нь үнэн. Хохирогчийн хэлж байгаа Айфон 5 маркийн гар утас өөрийнх нь утас биш, харин Самсунг-8 маркийн гар утсыг би зээлээр авсан.

Би эхнэрээ 1 удаа цохисон нь үнэн. Гэхдээ хохирогч мэдүүлэхдээ “намайг бөгжтэй гараараа цохисон” гэсэн байна. Би амьдралдаа нэг ч удаа бөгж зүүж үзээгүй. Одоо би “Хүчит шонхор” зах дээр “Давхар” гэдэг цайны газар ажиллуулдаг. Би бага зэрэг архи, дарс хэрэглэдэг. Эрүүлжүүлэхэд орж байсан, гэхдээ агсан тавьж, согтуурсан зүйл байхгүй. Миний хувьд хүүхэдтэйгээ уулзаагүй 2-3 сар болж байна. Манай хүүхэд 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн юм. Хохирогчийн нэхэмжилж байгаа мөнгөнөөс сэтгэл санааны хохирол гэх төлбөрөөс бусад шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардал, утасны төлбөрийг түүний хэлснээр мөнгөөр буюу бусад хэлбэрээр төлж болно.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Э.Болор-Уянгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...М.У бид хоёр 10 жилийн ерөнхий боловсролын сургуульд хамт нэг ангид  сурдаг байсан. Би М.Утай 2016 оноос үерхэж эхэлсэн, тэр үед М.У надад үнэхээр хайртай юм шиг санагдаж байсан. Харин 2017 онд би М.Уаас жирэмсэн болсон. Намайг жирэмсэн болсноос хойш М.У нь надтай уулзахаа болиод, надаас зугтаадаг болсон.

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр М.У бэр гуйж, бид Романа резиденс хотхонд М.Уын аав, ээжтэй нь хамт амьдарч эхэлсэн юм. Хамт амьдарч эхэлснээс хойш М.У ихэнхдээ гадуур их зугаалдаг, согтууруулах ундаа хэрэглэж,  гэртээ 2-3 хоногоор ирдэгггүй болсон.

2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүү Цэнгүүн төрсөний дараа М.Уын биеэ авч явах байдал нь ерөөсөө өөрчлөгдөөгүй. Үргэлж араасаа олон залгуулж байж гэртээ ирдэг байсан. 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр би М.Уын гэр бүлдээ халамжгүй, хайхрахгүй байдлыг тэсэхээ байгаад ээжийндээ очсон. Ингээд М.У нь 2 сарын дараа ээжийнд маань ирээд “өөрийн алдаагаа ойлгосон, дахин алдаагаа давтахгүй” гэхээр нь би түүнд итгэж уучлан буцаад нийлсэн.

2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Тэрэлжид байдаг “Хард Рок” гэдэг амралтын газар М.Уын аав, ээж ба тэдний найз нөхөд гээд нийт 5, 6 гэр бүл хамт амарсан. Би амралтын газар хэтрүүлж архи уугаагүй. Манай хүүхэд тэр шөнө уйлаад унтахгүй байсан тул би хүүхдээ салхилуулах гэж гарсан. Шүүгдэгч “манай ээж тэр үед хүүхэд харж байсан” гэж худал мэдүүлсэн. Энэ үйл явдал 19:00 цагийн үед болсон, тэр үед М.Уын аав, ээж, тэдгээрийн найз нар нь бүгд бүжиглэхээр өдрийн цайнд орсон газар руу явсан байсан.

Харин орой нь хүүхдээ унтуулах гэж салхилуулаад нэг замаар зүгээр явч байхад М.У намайг “чи хаашаа явах гэж байгаа юм, явж хятадуудад биеэ үнэлүүлэх гэж байгаа юм уу, тэгвэл ганцаараа явж биеэ үнэл” гэж хэлээд хүүхдийг маань шүүрч авахаар нь “чи яагаад намайг ёс бус хэллэгээр дуудаж доромжлоод байгаа юм бэ” гэхэд “чи дуугай бай, явж унт” гэж захирангуй хэлэхэд нь би гомдож, бид хоёр маргалдсан. Дараа нь бидний байрлаж байсан газрын унтлагын өрөөний орон дээр намайг хэвтүүлж байгаад хоолойг минь боосон. Би маргааш өглөө нь надад учирсан гэмтлийнхээ зурагнуудыг авсан учир надад нотлох баримт байгаа. Би урьд нь М.Уд бүх зурагнуудаа харуулж байсан, мэдсээр байж худал мэдүүлэг өгч байгаа нь надад харамсалтай байна.

2018 оны 9 дүгээр сард М.У хүүхдээ салхилуулж байхдаа хүүхдийн маскийг хаясан байсан. Би М.Уаас “чи хүүхдийн маскийг хаячихсан юм уу” гэж асуухад “би хүүхдийн маскийг хаяаагүй” гээд дайраад байсан. Тэр өдөр бид гурав эхлээд 11 дүгээр хороололд М.Уын эмээтэй нь очиж уулзаад, дараа нь манай ээжийнд очиж уулзаад харина гэж тохирч гэрээс гарсан боловч М.У замдаа уурлаад, миний хүүхдийг надаас аваад шууд гэртээ харьсан. Бид хоёр гэртээ ирээд хоорондоо маргалдсан. Маргалдах үед М.У “чи дандаа манай, танай ар гэрийнхэн авч өгсөн юмыг хэрэглэж байна гэж хэрүүл хийгээд байна” гээд хүү Цэнгүүний тэрэг, ууттай хувцас зэрэг юмсыг гаргаж орцонд хаясан.  Би эсэргүүцсэн боловч М.У миний гарнаас чанга атгаж арагш нь түлхсэн. Дараа нь би цагдаа руу болон М.Уын аав, ээж рүү нь залгаж хэлэхэд эхлээд аав, ээж нь ирсэн. Би болсон явдлын талаар аав, ээжид нь бүгдийг тайлбарлаж хэлсэн. Аав, ээж нь М.Уыг жижиг өрөөнд оруулж байгаад ярилцсан. Хэсэг хормын дараа цагдаа миний дугаарлуу өөр утаснаас залгаж юу болсон талаар лавлаж асуухад М.Уын ээж нь “цагдаа дуудаад хэрэггүй, асуудлаа эндээ шийдчихъе” гэж гуйсан тул би цагдаагийн дуудлагыг цуцалсан юм.

2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би ээж, хүүгийн хамт хөдөө байдаг өвөө, эмээгийндээ очоод, орой нь ирэхэд М.У нь гэртээ танихгүй залуутай хамт байж байсан. Тэр залуу манай буйдан дээр унтаж байсан бөгөөд би М.Уаас “энэ хүн хэн бэ” гэхэд тэр танихгүй залуу юу ч дугарахгүйгээр манайхаас гараад явсан. Харин М.У танихгүй залуугийн талаар надад ямар ч хариулт өгөхгүйгээр би маргааш эрт ажилтай тул унтаж амрах хэрэгтэй гээд том өрөөнд орж унтсан. М.Уыг унтаж байх хооронд би хүүхдийг сандал дээр түр тавьж аяга, тавгаа угааж байх зуур хүүхэд маань уйлахад М.У босож ирээд “чи яагаад намайг унтуулахгүй чанга дуу чимээ гаргаад байгаа юм бэ” гэж хэлээд унтлагын өрөөний хаалгыг чанга хаасан. Би М.Уд хандаж “чи ямар сүртэй юм бэ” гэж хэлэхэд М.У намайг шууд “Зайл, чи надад одоо хэрэггүй” гэж хэлээд намайг чирээд гэрийн хаалганы гаднаас миний хоёр хөлнөөс татаж гаргах гэж оролдсон боловч би тэмцэлдсэний үр дүнд гэртээ буцаж орж чадсан.

Тухайн үед би хүүгээ аваад шууд унтлагын өрөөндөө орж унтсан. Өглөө нь М.У сэрээд надад хандаж “би гэр бүлээ тэжээж байна, чи юу ч хийхгүй байна, одоо чи гэр бүлээ тэжээж үз, би өнөөдөр ажилдаа явахгүй” гэж хэлсэн. Бид хоёр дахин маргалдсан, тухайн үед би М.Уыг намайг дахин зодож магадгүй гэж айсандаа ээж рүүгээ залгасан боловч М.У миний утсыг гарнаас минь шүүрч аваад, Самсунг S8 маркийн утсыг хана руу шидэж эвдэлсэн. Утасны хувьд 2017 оны 10 дугаар сард М.У нь тухайн үед миний барьж байсан айфон 6 утсыг дүү Энхмэндэд өгч, оронд нь надад самсунг S8 утсыг өгнө гэсэн тохиролцооны үр дүнд авсан утас байсан юм. М.У эхлээд хана руу утсыг маань шидсэн боловч утасны дэлгэц нь дээр залгасан утасны дугаар гарч ирсэнийг хараад М.У дахин хана руу шидэж утасны дэлгэц унтарсан ба утасны хэлбэр далийсан, дэлгэц нь хагарсан байдалтай байсан. Дараа нь М.У над руу уурлаж хаалганы бариулыг салгаж, хаалга руу 2 удаа хүчтэй цохиж хаалганд нүх гаргасан. Үүний дараа намайг унтлагын өрөөнд оруулж хорьсон тул би айсандаа “хүмүүсээ туслаарай” гэж орилох үед М.У намайг “чи дуугай бай, чи хэний гэрт байгаагаа мэдэж байна уу, чи надад огт хэрэггүй, зайл” гэж хэлсэн.

Харин би хэзээ ч ганцаараа явахгүй хүүхдээ аваад явна гэж хэлсэн. М.У надад хүүхдийг маань өгөхгүйгээр намайг гэрээсээ хөөсөн. Мөн тухайн үед М.У намайг жижиг өрөөнд оруулж байгаад, ор мөргүүлж шидсэн. Дараа нь намайг жижиг өрөөнд хорих гэж байхад нь би хориулахгүй гэхэд намайг шкаф мөргүүлж, шал руу болон газарт намайг шидсэн. Тэгээд намайг өрөөнд хориод, өөрөө миний хүүг аваад гараад явчихсан байсан. Энэ бүх үйл явдал 2-3 удаа давтагдсан.

Тэр өдөр би эхлээд ээждээ хэлж сэтгэлийн зовоохгүй шийдчих юмсан гэж бодоод эхэндээ байрны жижүүрийн утсаар М.Уын аав, ээж рүү нь залгаж “танай хүү миний утсыг эвдэлсэн, миний бие махбодид хөнгөн гэмтэл учруулчихлаа, одоо хүрээд ирнэ үү” гэж хэлэхэд М.Уын аав, ээж манайд ирээд, надад “та хоёр ямар хүндрэлтэй юм бэ, дандаа хэрүүл маргаан хийж байх юм” гэж загнасан.

Би М.Уын ээжид нь “та утсаараа надад манай ээж рүү залгаад өгнө үү” гэхэд аав нь “битгий утас өг, бид хоёр та хоёроос болж их зовж байна“ гэж хэлээд гараад явсан. Болсон үйл явдлын дараа М.У бүр их уурлаж “чи манай аав, ээж рүү залгаж хэлдэг хэн бэ” гэж заналхийлж байгаад намайг дахин гэрээс хөөх гэж оролдсон. Орой нь манай ээж ирэхийг М.У мэдэж байсан тул ээжийг минь ирэхээс өмнө гараад явчихсан байсан. Би ээжийгээ орой нь ирэхэд М.У намайг зодсон гэж хэлээгүй.

2018 оны 11 сард надад Хаан банкны интернет болон мобайл картны данс байдаг байсан. Дансанд М.Уын ажиллуулдаг цайны газрын үйлчлүүлэгчид хоолны төлбөрөө миний данс руу шилжүүлдэг байсан. М.У хэрэг болсон өдөр гэртээ ирж усанд ороод гарах үедээ надаас “миний мөнгө хаана байна” гэж асуухад би тухайн үед “надад өгөх гэж байсан мөнгө юм болов уу” гэж бодоод “би авчихсан” гэж хэлтэл М.У над руу чанга муухай дуугаар орилж, “миний мөнгө хаана байна” гээд шкафанд байсан миний бүх хувцасыг гаргаж шидэж, ухаж эхэлсэн.

Тухайн үед би хүү Цэнгүүндээ хоолыг нь /бантан/ өгч байсан, мөн дараа нь яаж ч магадгүй гэж айсандаа мөнгийг нь гаргаж ирээд “халтар мөнгөө аваад зайл” гэж хэлсэн нь үнэн. Тэгсэн чинь намайг шууд алагдаж унагаасан. Би шалан дээр ухаан алдаж хэсэг хэвтээд ухаан ороод сэрэхэд Б.Учрал хүүд бантанг нь өгч байсан. Дараа нь би шууд цагдаа болон М.Уын аав, ээжийг нь дуудсан. М.Уын аав, ээж нь болон цагдаа ирэхэд цагдаа М.Уыг “хэсэг рүү авч явна” гэж хэлэхэд нь ээж нь “миний хүүг битгий тийм муухай газар луу дагуулж яв,  та хоёр эндээ учраа олчих”  гээд гуйсан. Цагдаад би бүх болсон зүйлийг тайлбарлаж хэлэхэд, цагдаа намайг “хэсэг дээр очиж хүсэлтээ өг” гэж хэлсэн. Цагдаагийн хэлтэс дээр бид хоёрыг очих үед цагдаа надад хандаж “танд гомдол санал байна уу” гэхэд би М.Уын ээжийнх нь гуйлтыг хүлээн авч, цагдаагийн ажилтанд “гомдолгүй” гэж хэлээд гарсан юм. Учир нь М.Уын аав, ээж нь надад хүүгийнхээ хүмүүжилд анхаарна, дахин ийм төрлийн зан араншин гаргуулахгүй гэж амласан тул би цагдаагийн ажилтанд “гомдолгүй” гэж хэлсэн. Дараа нь цагдаа М.Уыг “та эхнэрээсээ уучлалт гуй гэхэд М.У “үгүй, би гомдолтой байна, би зовж олсон мөнгөө эхнэрээрээ шидүүлээд, сэтгэл санааны гомдолтой байна, тиймээс энэ эмэгтэйгээс би уучлалт гуйхгүй” гэж хэлэхэд би маш их харамсаж, би гомдолтой гэж хэлээд эцсийг нь хүртэл явах нь зүйтэй юм байна гэж ойлгосон.

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай ээжийн талын ах маань дэд хурандаа цол авсан  учир баяр хүргэнэ гээд би ээжтэйгээ тохирч, ахдаа баяр хүргэх гэж гэрээс гартал М.У 18.00 цагийн үед над руу залгаад “аав, ээжийнд хүрээд ир” гэхэд нь би “уучлаарай, манай ах дэд хурандаа цол авч байгаа болохоор би эхлээд ах дээрээ очоод, дараа нь Романа Резиденс хотхон оръё” гэж хэлсэний дараа миний утасны цэнэг дууссан. Ахынхаа найранд би ээжтэйгээ 23:30 минут хүртэл байж байгаад гэртээ харьсан. Гэртээ хүүгийнхээ хамт унтаж байхад М.У согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирээд чанга дуугаар “та хоёр ирчихсэн юм уу” гэхэд би “тийм” гэж хэлээд байж байтал Учрал надаас олон юм асууж, шалгааж, тодруулсаны үрд дүнд “намайг утасныхаа цагийг харах” гэтэл миний утсыг шүүрч аваад хана руу шидсэн.

Дараа нь миний үснээс зулгааж жижиг өрөөнөөс гал тогоо оруулж ирээд нүүрэн тус газар олон удаа хурдтай цохисон. Би нүдээ нухаад зогсож байхад манай хүүхэд орноос унах гэж байгаа мэт санагдсан тул би М.Уд “чи намайг битггий цохиод бай, ядахдаа хүүхдээ орноос нь унахааргүй болгоод үргэлжлүүлъе” гэж хэлэхэд М.У тоосон шинжгүй намайг олон удаа жийж унагаасан. Би тэмцсээр байж хүүхдээ орноос нь унагаах аюулаас нь аварч тэвэрсэн. Гэтэл М.У миний гарнаас чанга барьж “чи миний хүүхдийг тавь” гэж надаас шаардсан, би хүүхдийнхээ гар хурууны үе мөчийг нь татаад салгачих вий гэж айсандаа хүүхдээ М.Уд өгөөд, өөрөө шууд “00” өрөө рүү ороод нүүрээ харахад миний хөмсөгнөөс цус гарч байсан. “00” өрөөнөөс гарахад М.У надад “чи яг одоо манайхаас зайл” гэж хэлсэн. Би гарч хүнээс тусламж авахгүй л бол өөр аргагүй мэт санагдсан тул гэрийнхээ түлхүүрийг аваад гарсан. Би давхарынхаа бүх айлуудыг тогшиж тусламж эрсэн боловч хэн ч хаалгаа нээж өгөөгүй, тэгэхээр нь би дахиж хаалгаа тогшиход 6 тоотод амьдарч байсан эгч надад хаалгаа нээж өгч, би болсон явдлын талаар ярихад хөрш айлын эгч маань надад цагдаа дуудаж өгсөн.

Манай гэрийн хажуугийн айлд миний хүүхдийн уйлж байсан дуу сонсогдож байсан,  би тэр эгчид хүүхдээ авахгүй бол манай нөхөр хүүхдийг минь яаж ч магадгүй байсан учир би тусламж эрсэн, гэтэл 6 тоотын эгч өөрөө жоохон хүүхэдтэй байсан тул би 7 тоотыг тогшиж тусламж эрэх үед 7 тоотоос нэг ах гарч ирэхэд би бүх болсон явдлын талаар ярьсан. Тэр ах надад туслая гээд бид 3 манай хаалгыг нээгээд орох гэтэл М.У бидний урдаас гарч ирээд “намайг зайл, хүүхдийг өгөхгүй” гэж хэлсэн.

Хөрш айлын ах, эгч 2 хаалгыг хаалгахгүй гэж М.Утай тэмцэж байх хооронд би гэртээ орж хүүхдээ аваад 6 тоотын эгчийнд цагдаа иртэл хүлээсэн. Цагдаа ирээд гэрт ороход М.У гараад зугтаачихсан байсан. М.У зугтах үедээ утсаа орхиод явчихсан байсан тул хамгийн сүүлд залгасан дугаар луу нь цагдаа залгаад “наад хүнээ зугтаалгаж болохгүй шүү“ гэж Төгсбаяр гэдэг хүнд хэлсэн. Хэсэг хугацааны дараа М.Уын аав, ээж нь ирээд, ээж нь орж ирээд намайг “чи миний хүүхдийн нэр төрд халдах гэж байна” гээд загнасан. Дараа нь аав нь орж ирэхэд би аавд нь болсон бүх юмны талаар ярьж байхад манай ээж ирсэн ба ээж маань миний гэмтсэнийг хараад цочирдсон. М.Уын хувьд архи бага хэмжээнд уудаг гэж мэдүүлсэн байна. Миний мэдэх М.У байнга согтууруулах ундаа хэрэглэдэг. Би гар утас, гоо сайхны хагалгаанд орох болон сэтгэл санааны хохирлоо шүүгдэгчээс нэхэмжилнэ. Үүнд Самсунг S-8 гар утасны үнэ 2.0 сая төгрөг, эмчилгээний зардлын 500.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20.0 сая төгрөг, нийт 22.500.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс өмнө дансаар шүүгдэгч 200.000 төгрөг шилжүүлснийг авч хэрэглэсэн. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг,

 

3. Шинжээч Б.Ганзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Хохирогчийн биед учирсан гэмтлүүд бүгд шинэ гэмтэл мөн. Уг гэмтлүүдээс зүүн хөмсөг дээр үүссэн шарх, зөөлөн эдийн няцралт зэрэг нь хөнгөн гэмтэлд хамаарна. Харин баруун шуу, гуяа, зүүн өвдөгт байгаа зулгаралт гэмтлүүд, мөн дан дангаараа байгаа гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тухайн хөмсөгний шархнаас сорви үүсдэг. Гагцхүү сорвины утас нь арьсны өнгөтэй адил эдгэдэг тул бүдгэрч эдгэнэ. Хохирогчийн биед 2019 оны 3 сард үзлэг хийхэд шархны хэмжээ нь 1.7х0.8 буюу 1 см хэмжээтэй, мөн оёдол тавигдсан байсан. Шарх нь арьсны бүх давхаргад нөлөөлдөг, хэрэв арьсны зарим давхаргыг эзэлсэн бол зулгаралт гэж үзнэ. Хохирогчийн хувьд судас болон мэдрэлийн систем нь гэмтээгүй болохоор гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарч байгаа юм. Тиймээс косметикийн буюу өнгөц оёдол тавиулна. Шархны гүнийг тогтоох боломжгүй.

Би хохирогчийн биед үзлэг хийхэд нүд бүрэлзэж, хүзүү хөшсөн гэх зовиур хэлж байсан, гэхдээ үзлэгийн үр дүнд тархи гэмтсэн зүйл илрээгүй. Тухайн үед хохирогчийн нүдийг шинжлээгүй. Зүүн нүдний хөмсөгт үүссэн шарх нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл, харин бусад гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Гоо сайхны мэс заслын ажилбар нь хөмсөгний сорвийг бүдгэрүүлж өгдөг.” гэсэн мэдүүлэг,

 

4. Гэрч Т.Мөнхбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би М.Уын аав нь байгаа юм. Би 3 хүүтэй, Учрал нь миний дунд хүү бөгөөд нөгөө хоёр хүүгээс минь ухаантай. Залуу хүмүүсийн хувьд заримдаа согтууруулах ундаа хэрэглэх нь байдаг зүйл. Э.Бтай хамтран амьдарсанаас хойш үе үе согтууруулах ундаа хэрэглэдэг болсон. Би Р.Юмжирмаатай уулзаж байсан. Хамгийн сүүлд 2018 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө би хүүхдүүдийнхээ гэрт ирэхэд уулзсан. Тэр өдөр Э.Б манай эхнэр рүү залгаад болсон явдлын талаар хэлсэн байсан ба эхнэр маань “хүүхдүүд гэртээ хэрэлдэж маргалдсан байна” гээд гэрт нь очиход Р.Юмжирмаа эгч тэнд байж байсан. Р.Юмжирмаа эгч “охиныг нь зодчихлоо” гэж манай эхнэр рүү дайрч байсан. Би тухайн өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул бүх зүйлийг нарийн сайн хэлж чадахгүй байна.

Э.Б манай гэрт 1 сар хамт амьдраад, тусдаа амьдрахаар түрээсийн байранд гарсан. Манай хоёр хүүхэд тусдаа өрөөнд амьдардаг байсан ба нэг өдөр манай хоёр хүүхэд хоорондоо маргалдаж, Болор-Уянга уйлаад “хүүхдээ авч явна” гэхээр нь би учир шалтгааныг асууж, шөнө оройгоор хамаагүй явуулахгүй байхыг хичээсэн боловч Э.Б намайг загнаад учир шалтгаангүйгээр уйлаад гараад явсан.

Дараа нь хоёр хүүхэд тусдаа гарсанаас хойш би 2-3 удаа гэрт нь очсон, эхэндээ хүүхдүүд “хоол хийчихлээ” гэж урьдаг байсан, заримдаа маргаан болсон гэх шалтгаанаар хүүхдүүд дээр очдог байсан. Очих болгонд хүүхдүүд маань хоорондоо муудалцсан байдалтай байдаг байсан юм. Би бэртэйгээ 6 сарын турш хадам аав нь болж амьдрахад түүнд юу ч хэлж байгаагүй. Би айлын охинд юм хэлэхгүй. Би Учралын хойд эцэг нь мөн. Би хоёр хүүхдээ маргалдах болгонд Учралыг загнаж зэмэлдэг байсан.

Гэтэл хохирогч миний хүүхдийн эмзэг сэдэв дээр дөрөөлж, сэтгэл санаагаар нь тоглож, намайг үнэхээр гомдоосон. Би охиноо анх төрөх үед нь залуу хүүхдүүд асарч хамгаалж чадахгүй гээд шөл, живхийг нь хүртэл бариад гүйдэг байсан. Манай гэр бүлийн хувьд Э.Болор-Уянгын аавийнх нь талаар хэзээ ч сөхөж ярьдаггүй, Болор-Уянгын аав нь бага байхад нь нас барсан юм байна лээ. Гэтэл хохирогч маань миний өмнөх амьдралыг байнга сөхөж,  хүүгийн минь эмзэг зүйл дээр нь тоглож дөрөөлж тохуурхан, эцэстээ хүү бид хоёрын харилцааг нураахад нөлөөлсөн. Хүү маань одоо надтай уулздаггүй, ярьдаггүй болсон.

Нэг удаа дуудахад нь яваад очиход хүүхдийн тэрэг болон хүүхдийн хувцас хунар нь орцонд шидэгдсэн байсан. Тэгэхэд хүүхдүүд маргалдаж сална гэдэг дээрээ тулж, мөн “манай, танай авч өгсөн эд зүйлс” гэж шалихгүй юмнаас болж хэрэлдсэн байсан. Би тухайн өдөр өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор загнаагүй, дуугай байсан. Манай эхнэр болон Р.Юмжирмаа эгч хоёр хоорондоо жоохон маргалдсан.

Би урьд нь Учралыг оройтож ирдэг байсныг мэддэг байсан, заримдаа оройтож ирлээ гэж загнадаг байсан. Залуу гэр бүлийг сайхан, эв найрамдалтай амьдруулахын төлөө л загнадаг байсан. Дараа түрээсийн байрны мөнгийг би төлдөг байсан. Би хүүгээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхыг нь харж байгаагүй. Миний хүү одоо эмээ дээрээ амьдарч байгаа. Бид хоёрын харилцаа урьд нь сайн байсан, одоо ерөөсөө харилцахаа больсон. Залгахаар утсаа авхаа больсон гэх мэт хүндрэлүүд үүссэн. Бидний зүгээс Учрал гэр бүлтэй болох үед нь цайны газрыг ажиллуулж мөнгө ол гэж дэмжиж байсан.” гэсэн мэдүүлэг,

 

5. Гэрч Р.Юмжирмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Миний охин Э.Б төлөв даруу, сайн хүүхэд. 2018 оны 4 дүгээр сард миний охин М.Уыг гэртээ ирээгүй болохоор хүүхдээ тэврээд миний гэрт ирсэн. Учир нь М.У байнга гэртээ ирдэггүй, охинд маань анхаарал тавьдаггүй байсан. Охин маань үргэлж хүүхдээ ганцаараа харж байсан болохоороо стресст ордог байсан байх. М.У миний охинтой 3 сарын хугацаанд “Нархан” хотхонд хамт амьдарсан. Би охиныхоо гар утаснаас зураг үзэхэд гар хөлний хөхөрсөн зураг байдаг байсан. Би үргэлж бүх зүйлийг болоод өнгөрсөн үед нь мэддэг байсан. Эхэн үедээ би М.Уд хэлэх гэж оролдсон боловч М.У өрөөнийхөө хаалгыг түгжээд гарч ирээгүй.

Дараагийн удаад нь би ярилцсаны үр дүнд М.Уыг овоо гайгүй болоод, ойлголоо гэж бодож итгэж явтал ийм асуудал болсон байна. 2018 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 01.00 цагийн үед манай охин надруу залгаад болсон явдлыг хэлэхээр нь би сандраад очиход гэрийнх нь гадаа 2 цагдаагийн алба хаагч, Учралын аав, ээж болон танихгүй залуу хүмүүс зогсож байсан. Би охиноо зодуулсан байдлыг нь хараад айсан. Манай охин одоо надтай хамт амьдарч байгаа. Энэ хугацаанд М.У нэг ч удаа манайд ирээгүй, уучлалт гуйгаагүй. Би охин дээрээ өдрийн цагаар байнга очдог, охин маань өдөржин ганцаараа байдаг байсан. Би охиндоо нэмэр болох гэж л өдрийн цагаар очдог байсан. Хэрэв М.У гэртээ байдаг байсан бол би залуу хүмүүст шавар бурхан болоод баймааргүй л байх байсан.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 0000 0017 дугаартай хэргээс:

 

1. Хүний биед үзлэг хийсэн тухай гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 06-07х, 47-51х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Болор-Уянгын хохирогчоор өгсөн:

“...Би М.Утай 2003-2010 онд 23 дугаар сургуульд нэг ангид суралцаж байсан юм. Ингээд түүнтэй 2016 оноос эхлэн үерхээд, 2017 оны 10 дугаар сараас эхлэн хамтран амьдарсан. Бид хоёр гэр бүлийн баталгаагүй ба дундаасаа 11 сартай Цэнгүүн нэртэй хүүтэй. Эхэн үедээ бид хадам аав Мөнхбатын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Романа резиденс 33 дугаар байрны 504 тоот гэрт амьдардаг байсан ба Учрал бид хоёр маргалдаад, 2018 оны 4 дүгээр сард би хүүхдээ аваад ээжийнхээ гэр лүү явсан.

2018 оны 8 дугаар сард Учрал бид хоёр эвлэрээд, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Наран хотхоны 21 дүгээр байрны 6 тоотыг түрээслэн тусдаа амьдарч эхэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр би ээж, хүүтэйгээ хамт гадуур явж байгаад шөнө 23 цагийн үед гэртээ ирээд унтаж байхад шөнө 00 цаг 30 минутын Учрал гэртээ ирээд, унтлагын өрөөнд орж ирсэнээ “та хоёр ирчихсэн юм уу” гэж асуучихаад өрөөнөөс гарсан. Төд удалгүй буцаж орж ирээд “чи өөдгүй, утсаа салгаад алга болчихлоо" гэхээр нь би түүнд “өдөр чамтай ярьсаны дараа утасны цэнэг дуусаад унтарчихлаа” гэхэд “чи худлаа яриад бай” гэж уурлаж байсанаа цагаан өнгийн, lphone 5 маркийн гар утсыг шал руу савж шидэхэд утасны дэлгэц үйрчихсэн. Би Учралд “чи болиоч” гэхэд шууд миний үснээс зулгааж чирээд унтлагын өрөөнөөс гаргасанаа, намайг үсдэж дарж байгаад нүүрний зүүн хэсэгт гараа атгаж байгаад 3 удаа цохисон. Эхний цохилтонд нь миний ухаан санаа манарсан, дараагийн 2 цохилтонд зүүн нүд рүү шингэн зүйл урсаж орж ирээд, нүд юм харж болохгүй байсан.

Тухайн үед хүүхэд унтлагын өрөөнд орон дээрээ уйлаад байхаар нь би “чи ядаж хүүхдээ орон дээрээс аваад, газар тавиач” гэхэд миний хэлж байгаа үгийг ч сонсохгүй, миний зүүн мөр, зүүн дал, нурууны хэсэг рүү хөлөөрөө олон удаа дэвссэн. Би түүнээс арай гэж мултраад хүүхэд рүүгээ очоод хүүгээ тэвэрхэд “хүүхэд өг” гээд зүүн гарын бугалганаас базаж дараад байхаар нь хүүгээ Учралд өгсөн. Тэгээд Учрал “чи одоо зайл” гээд гэрээс хөөгөөд байхаар нь гэрийн түлхүүрээ аваад, майк, дотоожтой, хөл нүцгэн орц руу гараад 6 болон 7 тоот айлын хаалгыг тогшиход 6 тоотоос 30 орчим насны эмэгтэй гарч ирэхээр нь би тэр эгчид болсон асуудлыг яриад, “цагдаа дуудаад өгөөч” гэхэд тэр эмэгтэй надад цагдаа дуудаж өгсөн. Энэ үед 7 тоотоос 30 орчим насны ах гарч ирээд надад гэрийн шаахай гаргаж өгч өмсүүлсэн. Би тэр ах, эгч хоёрт “надад гэрийн түлхүүр байна, би хүүхдээ авмаар байна. Та хоёр надад туслаач, нөхөр маань хүүхдийг яаж ч магадгүй” гэж хэлээд би өөрт байсан түлхүүрээрээ гэрийн хаалгыг нээхэд цаанаас Учрал хүүг тэврээд гараад ирсэн. Би түүнээс хүүгээ авах гэтэл өгөхгүй байсан. Харин 7 тоотын ах “чи ядаж хүүгээ надад өгчих" гэтэл Учрал хүүг өгөхгүй булаацалдаад, гэрийн хаалга хаах гэж ноцолдож байснаа хүүг цаашаа аваачиж тавиад буцаж ирэх хооронд нь би гэрт ороод хүүгээ аваад гарах гэтэл Учрал хүү бид хоёрыг гаргахгүй болохоор нь “би хүний гар утас өгье" гэж худал ярьж байгаад хүүгээ гэрээс авч гарсан. Ингээд би 6 тоот айлд байж байхад цагдаа нар ирсэн. Би тэр өдөр Учралтай хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Тэр өдрийн 18 цагийн үед Учрал над руу яриад “ээж, аавын гэрт хүрээд ир” гэхээр нь би түүнд “манай ах цол авсан байна, ээжтэй хамт яваад цэцэг өгчихөөд ирье” гэж хэлсэн. Учралтай ярьсаны дараа миний гар утасны цэнэг дуусаад унтарсан байсан.

Цагдаа нар ирээд гэрт ороход Учрал гараад зугтаачихсан байсан. Би цагдаа ирэхийг хүлээж байхдаа өөрийгөө толинд харахад миний зүүн хөмсөгний дээд хэсэгт сэтрээд, зүүн нүд, зүүн шанаа улайж хавдсан байсан. Мөн баруун шуу, баруун гуя, зүүн өвдөг орчимд хөхөрч, зулгараад, зүүн хавирганы доод хэсгээр хөндүүрлэж өвдөөд байсан. Мөн баруун эрүү орчмоор хавдсан байсан. Гэрт Учрал, хүү бид гурав байсан болохоор болсон асуудлыг харсан хүн байгаагүй. Харин зодуулсаны дараа 6, 7 тоотод амьдардаг ах, эгч хоёр харсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, харин Учрал өрөө хооронд явахдаа гуйвж алхаад байх шиг байсан.

2018 оны 8 дугаар сард Тэрэлж дэх амралтын газарт бид хоёр маргалдахад орон дээр миний хоолойг боож байсан. Энэ асуудлыг харсан хүн байхгүй. Тухайн үед хүзүүний урд хэсэгт хумсны толион чинээ цус хурсан байсан.

2018 оны 9 дүгээр сарын дундуур Учрал бид хоёр хүүхдийн агаарын маск хаясан асуудлаас болж маргалдахад “манай хүүхдэд хүний өгсөн зүйлсийг гаргаж хаяна” гээд хүүхдийн тэрэг, хоолны ширээ, хувцас зэрэг зүйлсийг орц руу гаргачихаар нь би өөрийнхөө 99275822 дугаараас 102 дугаарт дуудлага өгөөд, мөн Учралын аав, ээжийг дуудсан.

Би түүнийг зогсоох гэхэд миний гарын аль нэг бугалганаас чанга базаж, татаж чангаагаад намайг холдуулах гээд байсан. Энэ үед аав, ээж нь ирээд “цагдаад дуудлага өгч яах гэсэн юм бэ” гэхээр нь би дуудлагаа буцаасан.

2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Наран хотхоны 21 дүгээр байрны 6 тоот дахь гэртээ байхад Учрал “чи намайг унтаж байхад хүүхэд албаар уйлуулж сэрээлээ” гэж уурлаад, намайг гэрээс хөөгөөд, миний хоёр гарын бугалганаас татаж, газар шидэж унагасан. Мөн гэрээс rapraх гээд хоёр гарнаас татаж чирэхээр нь би гарахгүй гэж ноцолдсон. Тэр үед хөл гар хөхөрч зулгарсан. Би ээж рүүгээ ярих гэхэд Учрал нь ягаан өнгийн, Самсунг Эс-8 маркийн гар утсыг шал руу 2 удаа шидэхэд утас голоороо тахийгаад, урд дэлгэц болон хойд талын дэлгэц хагарсан. Мөн унтлагын өрөөний хаалганы бариулыг салгаж байгаад бариулаар цөм цохисон. Намайг унтлагын өрөөнд хориод, гарч ирэхээр “зайл” гэж хөөгөөд, энэ асуудал өдөржингөө үргэлжилсэн.

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Учрал “халаасанд байсан мөнгийг авчихлаа” гэж уурлаад, миний хувцаснууудыг шкафнаас гаргаж шидээд, намайг 2 удаа чанга алгадахад би ухаан алдсан юм шиг байна лээ. Нэг сэрэхэд Учрал хүүдээ бантан хийж өгөөд байж байхаар нь би цагдаад дуудлага өгөөд ээж, аавд нь хэлсэн. Цагдаа нар ирээд Учралыг аваад явахад түүний аав, ээж нь “хүүдээ хэлж ойлгуулъя, ухааруулъя” гээд гуйгаад байхаар нь “гомдолгүй” гэж хэлж, цагдаагийн байгууллагаас Учралыг 100.000 төгрөгөөр торгосон.

Би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа. Миний нүүрэнд засрашгүй гэмтэл учруулсан учраас хөнгөн зэргийн гэмтэл гэсэн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гомдолтой байна. Учрал надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй, эмчилгээний зардал гэж нэг ч төгрөг төлөөгүй. Би сэтгэл санаа, биеэрээ хохирсон учраас Учралаас 20.0 сая төгрөг нэхэмжилнэ. Самсунг Эс-8 маркийн гар утсыг 2017 оны 11 сард Максмолл дэлгүүрээс 2.0 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Цагаан өнгийн Айфон 5 маркийн гар утсыг Учралын дүү Энхзаяагаас түр авч хэрэглэж байсан болохоор үнэлгээг нь мэдэхгүй байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 09-11х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Мөнхбатын гэрчээр өгсөн:

“...М.У нь миний төрсөн хүү байгаа юм. Айлын хоёр дахь хүүхэд ба 1995 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. ...Болор-Уянга, Учрал хоёр 2003-2011 онд 23 дугаар ангид хамт суралцаж байгаад 2017 оны 9 дүгээр сараас эхлэн хамтран амьдарч байгаа. Тэр хоёр гэр бүлийн баталгаагүй, дундаасаа 1 ойтой, Цэнгүүн нэртэй хүүтэй. Болор-Уянга, Учрал хоёр хүүхдийнхээ хамтаар манай нэг өрөөнд хамт амьдарч байгаад 2018 оны 6 дугаар сараас эхлэн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Наран хотхоны 21 дүгээр байрны 5 тоотод байр түрээслэн амьдарч эхэлсэн. Их л эв найртай, сайхан харилцаатай л байдаг юм.

2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн үед Болор-Уянга манай эхнэр Нарангэрэл рүү яриад “танай хүү намайг зодож, хөмсөг сэтэлчихээд зугтаачихлаа” гэхээр нь би эхнэрийнхээ хамт очиход Болор-Уянгын зүүн хөмсөгний дээд хэсэг 2-3 газарт зүсэгдсэн мэт шархтай болоод цус гарсан байдалтай байсан. Мөн цагдаа ирсэн байсан ба эхнэр бид хоёр Болор-Уянгаас юу болсон тухай асуухад “намайг унтаж байхад Учрал татаж босгоод цохичихоод гараад явсан” гэж л хэлсэн. Тэр хоёр тухайн үед ямар шалтгааны улмаас хэрэлдэж маргалдсан болохыг би үнэхээр мэдэхгүй байна. Манай хүү даруу төлөв зантай, гэхдээ уурлахаараа их цочир уурлаад байдаг юм. Эхнэр, хүүхэддээ халамжтай. элдэв муу зан байхгүй. Түүнийг урьд нь Болор-Уянгыг зодож цохиж байсан гэж сонсож байгаагүй. Манай Болор-Уянга ч гэсэн их л дөлгөөн, сайхан зантай хүүхэд байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17х, 78х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Нарангэрэлийн гэрчээр өгсөн:

“...М.У нь миний төрсөн хүү байгаа юм. ...2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн үед Болор-Уянга 95-тай танихгүй дугаараас миний 99081159 дугаарын утас руу залгаж “танай хүү намайг зодоод, хөмсөг сэтэлчихлээ, гаднаас орж ирэнгүүтээ үсдэж чирээд, дэвсэлсэн” гэхээр нь “ээж нь одоо очлоо” гэж хэлээд нөхөр Мөнхбатын хамт очиход цагдаа нар ирчихсэн байсан. Болор-Уянгын зүүн хөмсөгний дээд хэсэг 2-3 газарт зүсэгдсэн юм шиг шархтай болоод цус гарсан байсан. Би Болор-Уянгаас “юу болсон” тухай асуутал надад нэг их юм ярихгүй байснаа Мөнхбатыг харсанаа “аав аа” гэж уйлаад байсан. Ингээд Мөнхбат Болор-Уянгыг дагуулаад жижиг өрөөнд орсон. Энэ үед Болор-Уянгын ээж Юмжирмаа, нагац эгч Булган нар нь орж ирээд “хүүхдийг минь яаж байгаа юм бэ” гээд орилж байгаад Булган нь Болор-Уянгыг аваад эмнэлэг рүү явсан.

Болор-Уянга, Учрал нар яагаад маргалдаж муудалцсан талаар би мэдэхгүй байна. Манай хүү дөлгөөн, нийтэч зантай, гэхдээ уурлахаараа их дүрсхийдэг, гүргэр зантай. Эхнэр, хүүхэддээ халамжтай, элдэв муу зан байхгүй. Түүнийг урьд нь Болор-Уянгыг зодож цохиж байсан гэж сонсож байгаагүй. Манай Болор-Уянга ч гэсэн их л дөлгөөн, сайхан зантай хүүхэд байгаа юм. Гэхдээ уурлахаараа их хурц зантай, хорон үгтэй хүүхэд гэдгийг сая л мэдлээ. Би Болор-Уянгад хир халдааж байгаагүй, Учралд л бүх бурууг тохдог. Хүний охин хүүхдэд гар хүрч гэмтээсэн нь Учралын буруу.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19х, 79-80х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.Юмжирмаагийн гэрчээр өгсөн:

“...2018 оны 12 сарын 22-ны шөнө 01 цагийн үед нэг танихгүй дугаараас дуудлага ирэхээр нь утсаа авахад Болор-Уянга “ээжээ Учрал намайг зодчихлоо” гэсэн. Би гэрээсээ гараад Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Наран хотхоны 21 дүгээр байрны 5 тоот дахь Болор-Уянга, Учрал нарын хамтран амьдарч байгаа байранд очиход 2 цагдаа ирчихсэн, мөн Учралын аав Мөнхбат, ээж Нарангэрэл, Дэмбэрэл болон өөр танихгүй эрэгтэй хүн ирсэн байсан. Харин Болор-Уянгын зүүн хөмсөг орчимоос цус урссан байдалтай байсан.

Намайг гэр рүү нь ороход Нарангэрэл охинд минь анхны тусламж ч үзүүлэлгүй, “чи тэгж ярихгүй шүү” гээд загнаж байсан. Би охиноо тийм байдалтай байна гэж төсөөлөөгүй болохоор шоконд ороод “хаана байна тэр Учрал, та нар миний охиныг цусаа гоожуулсан зогсож байхад нь анхны тусламж ч үзүүлэхгүй загнаад зогсож байх юм” гээд уурлахад, Нарангэрэл гэнэт уйлаад, сөхөрч суугаад надаас уучлалт гуйсан.

Тэр үед Учрал гэртээ байхгүй байсан болохоор цагдаа нар яваад өгсөн. Харин би дүү Булганыг дуудаад Болор-Уянгыг аваад эмнэлэг рүү явсан. Дараа нь Болор-Уянгаас юу болсон тухай асуухад “намайг унтаж байхад Учрал гаднаас орж ирсэнээ намайг балбаад зодчихлоо, би юу болсоныг ч мэдээгүй, зодуулж байхдаа хүүхдээ орноос уначих вий” гэснээс өөр юм бодоогүй. Учрал намайг гуталгүй, нүцгэн гэрээс хөөгөөд гаргачихаар нь би хөрш айлуудаасаа тусламж гуйж, цагдаад дуудлага өгсөн. Мөн хөршүүдийн тусламжтайгаар Учралаас хүүхдээ аваад тэр хүмүүсийн гар утсаар тань руу ярьсан” гэж хэлсэн.

Болор-Уянгын зүүн дээд зовхи нь язраад, цус гарсан, хоёр гарын тохой, бугалга, хоёр өвдөг шилбэ хэсэг нь энд тэндээ алаг цоог өнгөц хөхрөлт үүссэн байсан. Үүнээс өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Мөн толгой нь хөндүүрлэж өвдөж байна гэсэн.

2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Болор-Уянгын гэрт гар утсыг нь хараад байж байхад түүний өвдөг, хөл энд тэндээ нилээн хөхөрсөн зураг байхаар нь “юу болсон юм бэ, яахаараа чиний хөл хөхөрдөг юм бэ” гэхэд “Учрал намайг зодсон” гэж хэлсэн.

Тухайн үед Учрал гэртээ байсан болохоор би түүнтэй ярилцах гээд “чи яагаад миний охиныг зодож байгаа юм бэ” гэхэд өөр өрөөнд ороод хаалгаа түгжчихсэн. Би эцэг, эхийг нь дуудаж, болсон асуудлын талаар хэлэхэд тэд надаас уучлалт гуйгаад л өнгөрсөн.

Түүнээс хойш 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Болор-Уянгын гэрт очиход гэрийнх нь хаалганы бариулыг хугалаад, цөмлөөд өшиглөсөн, жижиг сэтгүүлийн ширээг нь голоор нь хуваачихсан, Болор-Уянгын Самсунг Эс-8 маркийн гар утас нь эвдэрчихсэн байсан. Тухайн үед Болор-Уянгаас юу болсон тухай асуутал тэрээр “Учрал уурлаад, хамаг юмаа эвдсэн, намайг цагдаад дуудлага өгөх гэтэл миний гар утсыг эвдэлсэн, би цагдаад дуудлага өгөөд, бас ээж, аавыг нь дуудсан, цагдаа нар ирээд Учралыг 100.000 төгрөгөөр торгоод явсан, хадмууд таньд “битгий хэл” гэхээр би хэлээгүй юм гэсэн.

2018 оны 11 дүгээр сарын 26-ны үеэр би Болор-Уянгын гар утсыг харж байгаад зурагнаас нь Учрал гэрийнхээ эд зүйлийг эвдэж сүйтгэсэн өдөр Болор-Уянгыг алгадаж, Болор-Уянгын хавдаж хөхөрсөнийг мэдсэн. Миний мэдэж байгаа нь энэ. Болор-Уянга нь надаас зарим зүйлээ нуудаг учраас Учрал нь миний охиныг үүнээс өөрөөр цохиж зодож байсныг үгүйсгэхгүй. Миний охин Учралтай хамтран амьдарсанаас хойш зовхи нь буучихсан, ямар ч аз жаргалгүй болсон. Ер нь Учрал нь гэртээ ч байдаггүй, эхнэр, хүүхдээ ч халамжилдаггүй юм билээ. Миний хувьд Учралд маш их гомдолтой байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна. Хүний охиныг нүүрэнд нь болон сэтгэлд нь шархтай үлдээж байгаад маш их гомдолтой байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 сарын 23-ны өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 537 тоот актын:

1. Э.Б-н биед зүүн хөмсөг шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, гуя, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 23х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Болормаагийн гэрчээр өгсөн:

“...2018 оны 12 сарын 21-ний шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Наран хотхоны 21-6 тоот дахь гэртээ байж байхад хүн хаалга тогшсон. Хаалганы дурангаар харахад саарал өнгийн майк, хар өнгийн турсиктэй 20 гаран насны эмэгтэй зогсож байхаар нь хаалгаа нээтэл тэр эмэгтэйгийн зүүн хөмсөгний дээд хэсгээс цус гараад, хацраа дагаад урссан, хөл нүцгэн байдалтай байсан.

Би тэр эмэгтэйгээс “яасан бэ, юу болсон бэ” гэхэд “манай нөхөр согтуу орж ирээд хэрүүл хийгээд, би одоо хүүхдээ авмаар байна, манайх энэ 5 тоотод амьдардаг” гэж хэлсэн. Би тэр эмэгтэйд цусаа цэвэрлэх нойтон сальфетка авч өгөөд, өөрийнхөө 9010... дугаарын утаснаас 102 руу дуудлага өгсөн. Ингээд 7 тоотын хаалгыг тогшиж, гэрийн эрэгтэй залуугаас тусламж гуйсан. Тухайн үед тэр эмэгтэйд гэрийн түлхүүр нь байсан ба хаалгыг нь онгойлгоод ороход нөхөр нь гэх залуу “чи яах гээд байгаа юм бэ, зайлаач, би өөрийнхөө хүүхдийг яахаа мэднэ” гээд байсан. 7 тоот айлын залуу бид хоёр 5 тоот айлын залуутай ярилцаж байгад зодуулсан гэх эмэгтэйд хүүхдийг нь авч өгсөн.

Тэр эмэгтэй хүүхдийнхээ хамт цагдаа нар иртэл байж байгаад цагдаатай хамт гэр рүүгээ орсон. Түүнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна. Тухайн үед тэр эмэгтэйгийн зүүн хөмсөгний дээд талаас цус гарсанаас өөр гэмтэл шарх учирсан эсэхийг мэдэхгүй байна. Тэр эмэгтэй манай хаалгыг тогшихоос өмнө тэднийд нэг эрэгтэй хүн том том дуугараад “зайлаач ээ чи” гээд түжигнэх чимээ гарч байснаа,  нэг эмэгтэй “туслаарай” гээд манай хаалгыг цохисон. Дээрх асуудал болохоос 20 орчим хоногийн өмнө 5 тоотод хүмүүс маргалдаад байх шиг байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 56-58х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Болдхуягийн гэрчээр өгсөн:

“...2018 оны 12 сарын 21-ний шөнө 00 цагийн үед гэртээ байж байхад гэрийн хаалгыг хэн нэгэн хүчтэй цохисоноо чимээгүй болсон. 5 орчим минутын дараа дахин цохихоор нь хаалгаа нээхэд майк, турсиктэй, 20 орчим насны эмэгтэй хөл нүцгэн, нүүний зүүн хэсэг нь цусаар будагдсан, зүүн хөмсөг орчимд нь язарсан байдалтай байсан. Юу болсон талаар асуухад “манай нөхөр намайг зодоод алах гээд байна, би хүүхдээ л авмаар байна, надад туслаач” гэхээр нь би гэртээ орж хувцасаа өмсөөд гараад ирэхэд 6 тоот айлын эмэгтэй хаалгаа нээчихсэн, шагайгаад зогсож байсан.

...Биднийг орцонд ярилцаж байхад 5 тоотын хаалга дотроосоо нээгдсэн ба 25 орчим насны эрэгтэй гарч ирсэнээ эхнэртэйгээ маргалдаад “чи зайл, эсвэл ороод ир” гэхээр нь 6 тоот айлын эмэгтэй бид хоёр нөгөө залуутай ярилцаад, түүнийг тайвшруулж байх зуур нөгөө эмэгтэй хүүхдээ тэврээд гэрээсээ гараад ирсэн. Тэр залуу эхнэрийнхээ хойноос явах гэхээр нь би хориглож байх зуур зодуулсан эмэгтэй 6 тоот руу орсон. Ингээд бид гэр гэртээ орцгоосон. Түүнээс хойш удалгүй цагдаа нар ирээд, түүний дараа хүмүүс маргалдаад байх шиг байсан. Үүнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байна. Тэр залуу тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг мэдэхгүй байна. Зодуулсан гэх эмэгтэйгийн зүүн хөмсөг орчим язраад, зүүн хацар нь цусаар будагдаж харагдсан. Өөр гэмтэл шарх байсан эсэхийг анзаарч хараагүй. Түүнээс өмнө 5 тоотоос ямар нэгэн чимээ сонсогдож байгаагүй. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй .” гэсэн мэдүүлэг /хэргийн 59-61х/, 

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Янжиндуламын гэрчээр өгсөн:

“...Миний нөхөр Б.Алтангэрэл бид хоёр Мөнхбат, Нарангэрэл нартай гэр бүлийн найзууд байгаа юм. 2018 оны 8 дугаар сарын 04, 05-ны үеэр Тэрэлж дэх “Хард рок" нэртэй амралтын газар руу гэр бүлийн хамтаар явсан. Тухайн үед манай бусад найзууд болох Эрдэнэхүү, Энэбишчулуун, Амарсайхан нарын гэр бүлүүд ч гэсэн явсан. Бид амралтын газраа нэг хоносон ба гэр бүлээрээ тус тусдаа дотроо 2 өрөөтэй нэг, нэг байшинд орсон. Тухайн өдрөө салхинд гараад, хоол, цайгаа идэж уугаад, тоглож байгаад шөнө 01 цагийн үед унтаж амарцгаасан.

Тэр өдөр Мөнхбат, Нарангэрэл нар хүүхдүүд болон бэр, ач хүүгээ авч явж байсан. Хүүхдүүд нь хоорондоо тоглож наадаад, хүү, бэр хоёр нь хамтдаа хүүгээ салхилуулаад явж байгаа харагдсан.

Маргааш нь Мөнхбатын болон манай гэр бүл амралтын газрын ресторанд нь нэг ширээнд сууж байгаад өглөөний хоол захиалж идсэн. Тэр үед Мөнхбатын бэр охин нь “их сайхан амарлаа” гээд бидэнтэй өглөөний мэнд мэдэж байсан. Бид нар хоолоо идэж дуусаад гадаа террас дээр кофе уунгаа нарлаж суухад Учрал, Болор-Уянга нар бидэнтэй хамт кофе уусан. Хэрэв тухайн үед тэд хоорондоо хэрэлдэж маргалдсан бол дуугаа хураах ч юм уу, тийм зүйл ажиглагдана даа, тэр үед огт тийм зүйл байгаагүй. Хоорондоо зүгээр л яриад инээж, хөхрөөд л, хүүхдээ өхөөрдөөд л явж байсан. Болор-Уянгад ил харагдах гэмтэл шарх гэх зүйл ч ажиглагдаагүй. Амралтан дээр зодолдох нь битгий хэл, нэг нэг рүүгээ муухай харсан ч хүн байгаагүй. Бид 10 гаран жил гэр бүлээрээ найзалж нөхөрлөж байна. Тийм болохоор Учралыг 10 орчим настайгаас нь л мэднэ. Тэрээр хүнд тусархуу, хүнтэй мэнд устай хүүхэд, түүнийг уурлаж байхыг харж байгаагүй юм байна. Мөн Учрал нь миний том хүүтэй найзууд. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 90х/,

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Түвшинтөгсийн гэрчээр өгсөн:

“...Би Мөнхбатын Учралтай 2012 оны 7 дугаар сард найз Будаар дамжуулан танилцаж байсан. Түүнээс хойш Учралтай найз нөхдийн холбоотой болсон. Манай найз Учрал нь тайван, хүлээцтэй, сэргэлэн, шинийг санаачлагч, бусадтай зөв боловсон харьцдаг хүн байгаа юм. 2017 оноос эхлэн Болор-Уянгатай үерхэж эхлээд, 2017 оны сүүлээс эхлэн Учралын аав, ээж нартай хамт амьдарч эхэлсэн. Миний бодлоор Болор-Уянга нь нилээн хаалттай, Учралыг найз нөхөдтэйгээ уулзахыг хүлээн зөвшөөрдөггүй. Учралын найз нөхдийн хувьд Болор-Уянгыг сайн таньж мэдэхгүй, мөн бид түүнийг ямар нэгэн байдлаар гомдоох үйлдэл хийж байгаагүй.

2018 оны сүүлээр Болор-Уянга нь над руу “та нар Учралтай битгий уулзаач, би эцэггүй өссөн, аав шигээ хүнтэй учирлаа гэж бодсон чинь Учрал орой үдшийн цагаар орж гараад байна, тийм болохоор чи Учралтай харьцахаа боль” гэж фэйсбүүк мессенжэрээр мессеж ирүүлж байсан. Мөн хөхөрсөн хөлийн зураг ирүүлж байсан ба Болор-Уянга нь над руу илгээсэн зургаа “Учрал намайг зодсон” гэж тайлбарлаж байсан. Үүний дараа нь би Учралаас “чи эхнэрээ зодоод байдаг юм уу” гэж асуутал тэрээр “юу гэж тийм юм байдаг юм бэ, наадах чинь яагаад хөлнийхөө хөхөрсөн зургийг чам руу явуулсан юм бэ, гэхдээ би Болор-Уянгыг алгадсан нь үнэн” гэж хэлж байсан.

2018 оны 12 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед Учралын гэрийн гадаа буюу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Наран хотхоны 21 дүгээр байрны гадна найз Учрал, түүний найз Тулга нартай уулзсан. Бид гурав нэг машинд сууж байгаад 0.5 граммын савлагаатай нэг шил архиийг хувааж уугаад, орой 23 цагийн үед гэр гэр рүүгээ явцгаасан. Тухайн үед Учралын гар утсанд мессеж ирээд тэрийгээ л байн байн уншаад байх шиг байсан ба түүнээс хэн юм бэ гэтэл тэрээр хэлэхгүй байсан. Тэр өдөр Учрал хямарч бухимдсан байдалтай байсан ба түүнээс юу болсон тухай асуухад Учрал надад “би амьдрах гээд ажил хийгээд зүтгэж байхад сэтгэлгүй, гэрт ирэхэд зарим үед хоол унд хийсэн зүйлгүй, өдөржин юу хийсэн, яасан гэж асуугаад байцаалт маягийн юм өгөөд л байж байх юм” гэж байсан. Үүнээс өмнө Учрал надад “Болор-Уянга миний олж ирсэн мөнгийг нүүр рүү цацаж байсан, чи ийм үйлдлийг тэвчих үү” гэж асууж байсан. Энэ бүхнээс үзэхэд Учрал гэртээ их дарамттай байдаг юм шиг байна лээ, байнга хүүхдээ ярьдаг ба хүүхэддээ их халамжтай аав байгаа юм. Учрал Болор-Уянгыг зодсон талаар мэдэхгүй, өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 91-92х/,

 

11. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 93-955х/,

 

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Б.Ганзоригийг байцаасан тэмдэглэлд:

“...Нүүр засаршгүй гэмтэж, нүүрний төрх алдагдах гэдэгт нүүрэнд учирсан гэмтлийн улмаас үүссэн сорви нь тухайн хүний нүүр төрхийг илтэд өөрчилсөн, нүүрний тэгш хэмийг алдагдуулсан, нүдний зовхи, хамрын самсаа, уруулын хэлбэрийг алдагдуулсан буюу арьсны түвшингээс дээш овойж хатуурч, эсхүл доош таталдаж хонхойсон сорви үүссэн, нүүрний дүр төрхийг сэргээх мэс засал зайлшгүй хийгдэж засрах боломжтой гэмтлүүд хамаарна. Харин нүүрний дүр төрхийг алдагдуулаагүй сорвиуд хамаарахгүй. Тийм болохоор Э.Болор-Уянгын биед учирсан гэмтэл нь нүүрийг засаршгүй гэмтээж, нүүрний төрхийг алдагдуулсан гэмтэл биш. Э.Болор-Уянгын биед учирсан зүн хөмсөг шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь дангаараа ШЭГЗТ журмын 2.4.-1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 96-97х/,

 

13.Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Уын яллагдагчаар өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын сүүлээр манай аав, ээж болон тэдний найзуудтай намт Тэрэлж рүү амралтанд очиж амарсан. Тухайн үед Болор-Уянга согтуу, харанхуй шөнөөр хүүхэд дагуулж явах гээд байхаар нь би түүнд хүүгээ өгч явуулахгүй гэхэд ганцаараа гадуур явж байгаад орж ирсэнээ том өрөөнд уйлаад суугаад байхаар нь түүнийг унтлагын өрөө рүү тэвэрч авч яваад унт гэж хэлсэн. Түүнээс Болор-Уянгыг зодож цохисон зүйл байхгүй.

2018 оны 9 дүгээр сард Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Наран хотхоны 21-5 тоот дах гэртээ байж байхад Болор-Уянга надтай маргалдаад “чи манай гэрийнхний авч ирсэн махыг идэж байгаа, гэрийн эд хогшлыг ч гэсэн манайхан авч өгсөн” гэхээр нь би түүнд “хоёулаа ингэж амьдрахгүй, бүхнийг шинээр эхлээд хүмүүсийн өгсөн бүх зүйлийг гаргаж тавиад, өөрсдөө л хэрэглэх зүйлээ худалдаж авъя” гээд Болор-Уянга болон манай гэр бүлийн хүмүүсээс өгсөн эд хогшил болох хоолны мах, хүүхдийн ширээ, тэрэг гэх мэт зүйлсийг орцонд тавихад Болор-Уянга ээж, аавыг дуудсан. Ээж, аав хоёр ирээд намайг загнаад “Та хоёрт хүмүүс авч өгсөн ч гэсэн энэ гэрт байгаа эд зүйлс та хоёрын л эд зүйлс, битгий ийм зүйлээс болж хэрэлдэж маргалдаж бай” гэхээр би орцонд гаргаж тавьсан зүйлсээ гэртээ буцааж оруулсан. Намайг мах, эд хогшил гэрээс гаргахад Болор-Уянга ямар нэгэн байдлаар надад саад учруулсан зүйл байхгүй. Тэр өдөр би түүнийг зодож цохиогүй.

2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байхад Болор-Уянга нь намайг “эзгүй байхад гэрт хүн авч ирлээ" гээд үглээд байхаар нь би түүнтэй маргалдсан. Би түүнээс “чи дуугай байчих тэгэх үү, гуйж байна, би хүүгээ аваад ганц өдөр амармаар байна, чи эсвэл явчих” гээд Болор-Уянгын хоёр гарын бугуйнаас нь татаад, дийлдэхгүй болохоор нь түүнийг жижиг өрөө рүү тэвэрч оруулаад хаалгыг нь чанга хаатал хаалганы бариул нь уначихсан.

Тухайн үед Болор-Уянга намайг эсэргүүцэж байхдаа хөлөө юманд цохисон байж магадгүй, түүний арьс нь их амархан хөхөрчихдөг юм. Тэгтэл Болор-Уянга “танай ээж, аавыг дуудна” гэхээр нь би түүнд “миний аав, ээжийг тайван байлга” гээд түүний түр хэрэглэж байсан Самсунг Эс-8 маркийн гар утсыг шал руу шидээд хагалчихсан. Тэр утас дахин ашиглах боломжгүй болсон. Уг Самсунг Эс-8 маркийн гар утсыг 2017 оны 10 дугаар сард Самсунг центр худалдааны төвөөс зээлээр худалдан авч байсан ба уг утсыг би Болор-Уянгад түр хэрэглүүлж байсан. Энэ өдөр би Болор-Уянгыг зодож цохисон зүйл байхгүй.

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би өөрийнхөө халаасанд бусдад өгөх зээлийн төлбөрөө орхиод явсан байсан. Ингээд гэртээ буцаж ирээд авах гэхэд халаасанд үлдээсэн мөнгө алга болсон байхаар нь Болор-Уянгаас асуусан. Тэрээр “байхгүй, би үрсэн” гэж хэлэхээр нь “чи тоглож байгаа биздээ, би хүнээс зээлсэн мөнгөө өгөх гээд байна” гэсэн боловч надад мөнгө гаргаж өгөхгүй болохоор нь уурлахад Болор-Уянга халааснаасаа мөнгө гаргаж ирсэнээ “халтар мөнгөө аваад зайл” гээд миний нүүр рүү цацсан.

Би өөрийнх нь төлөө мөнгө олж ирж байхад намайг ингэж хэлэхээр нь муухай санагдаад Болор-Уянгын зүүн хацар руу баруун гараараа нэг удаа алгадсан. Тэгтэл Болор-Уянга шууд цагдаад дуудлага өгсөн, мөн манай аав ээжийг ч гэсэн дуудсан. Удалгүй цагдаа нар ч ирсэн, ээж, аав хоёр ч гэсэн ирсэн. Тухайн үед цагдаа нарт болсон учрыг хэлэхэд тэд Болор-Уянга бид хоёрыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр авч ирээд, намайг 100.000 төгрөгөөр торгосон.

Би Болор-Уянгыг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэг удаа алгадсан, 2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнө түүний зүүн шанаа орчимд гараараа нэг удаа цохиход түүний нүдний шилний рам хугарч зүүн зовхийг нь гэмтээсэн. Үүнээс өөрөөр Болор-Уянгыг зодож цохисон зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-32х, 110-111х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 41х, 44х/, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 42х/, 2018 оны 02 сарын 28-ны өдөр төрсөн Учрал овогтой Цэнгүүний төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 101х/, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 132х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан болон зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгч М.Уд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн талаарх дүгнэлт:

 

Шүүгдэгч М.У нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нархан хотхоны 21 дүгээр байрны 6 тоотод 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Болор-Уянгыг “утсаа салгалаа” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, улмаар түүнийг үсдэх, чирэх, нүүрэн тус газарт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “...зүүн хөмсөг шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, гуя, зүүн өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- хохирогч Э.Болор-Уянгийн: “... 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай ээжийн талын ах маань дэд хурандаа цол авсан  учир баяр хүргэнэ гээд би ээжтэйгээ тохирч, ахдаа баяр хүргэх гэж гэрээс гартал М.У 18.00 цагийн үед над руу залгаад “аав, ээжийнд хүрээд ир” гэхэд нь би “уучлаарай, манай ах дэд хурандаа цол авч байгаа болхоор би эхлээд ах дээрээ очоод, дараа нь Романа Резиденс хотхон оръё” гэж хэлсэний дараа миний утасны цэнэг дууссан. Ахынхаа найранд би ээжтэйгээ 23:30 минут хүртэл байж байгаад гэртээ харьсан. Гэртээ хүүгийнхээ хамт унтаж байхад М.У согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирээд чанга дуугаар “та хоёр ирчихсэн юм уу” гэхэд би “тийм” гэж хэлээд байж байтал Учрал надаас олон юм асууж, шалгааж, тодруулсаны үрд дүнд “намайг утасныхаа цагийг харах” гэтэл миний утсыг шүүрч аваад хана руу шидсэн. Дараа нь миний үснээс зулгааж жижиг өрөөнөөс гал тогоо оруулж ирээд нүүрэн тус газар олон удаа хурдтай цохисон.” гэх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

- мөн хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр би ээж, хүүтэйгээ хамт гадуур явж байгаад шөнө 23 цагийн үед гэртээ ирээд унтаж байхад шөнө 00 цаг 30 минутын Учрал гэртээ ирээд, унтлагын өрөөнд орж ирсэнээ “та хоёр ирчихсэн юм уу” гэж асуучихаад өрөөнөөс гарсан. Төд удалгүй буцаж орж ирээд “чи өөдгүй, утсаа салгаад алга болчихлоо" гэхээр нь би түүнд “өдөр чамтай ярьсаны дараа утасны цэнэг дуусаад унтарчихлаа” гэхэд “чи худлаа яриад бай” гэж уурлаж байсанаа цагаан өнгийн, lphone 5 маркийн гар утсыг шал руу савж шидэхэд утасны дэлгэц үйрчихсэн. Би Учралд “чи болиоч” гэхэд шууд миний үснээс зулгааж чирээд унтлагын өрөөнөөс гаргасанаа, намайг үсдэж дарж байгаад нүүрний зүүн хэсэгт гараа атгаж байгаад 3 удаа цохисон. Эхний цохилтонд нь миний ухаан санаа манарсан, дараагийн 2 цохилтонд зүүн нүд рүү шингэн зүйл урсаж орж ирээд, нүд юм харж болохгүй байсан…” гэсэн мэдүүлэг /хэргийн 9-11х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 сарын 23-ны өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 537 тоот актын:

1. Э.Б-н биед зүүн хөмсөг шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, гуя, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 23х/,

- гэрч Т.Мөнхбатын: “....2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн үед Болор-Уянга манай эхнэр Нарангэрэл рүү яриад “танай хүү намайг зодож, хөмсөг сэтэлчихээд зугтаачихлаа” гэхээр нь би эхнэрийнхээ хамт очиход Болор-Уянгын зүүн хөмсөгний дээд хэсэг 2-3 газарт зүсэгдсэн мэт шархтай болоод цус гарсан байдалтай байсан. Мөн цагдаа ирсэн байсан ба эхнэр бид хоёр Болор-Уянгаас юу болсон тухай асуухад “намайг унтаж байхад Учрал татаж босгоод цохичихоод гараад явсан” гэж л хэлсэн. Тэр хоёр тухайн үед ямар шалтааны улмаас хэрэлдэж маргалдсан болохыг би үнэхээр мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17х, 78х/,

- гэрч Ц.Нарангэрэлийн: “...М.У нь миний төрсөн хүү байгаа юм. ...2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн үед Болор-Уянга 95-тай танихгүй дугаараас миний 99081159 дугаарын утас руу залгаж “танай хүү намайг зодоод, хөмсөг сэтэлчихлээ, гаднаас орж ирэнгүүтээ үсдэж чирээд, дэвсэлсэн” гэхээр нь “ээж нь одоо очлоо” гэж хэлээд нөхөр Мөнхбатын хамт очиход цагдаа нар ирчихсэн байсан. Болор-Уянгын зүүн хөмсөгний дээд хэсэг 2-3 газарт зүсэгдсэн юм шиг шархтай болоод цус гарсан байсан. Би Болор-Уянгаас “юу болсон” тухай асуутал надад нэг их юм ярихгүй байснаа Мөнхбатыг харсанаа “аав аа” гэж уйлаад байсан. Ингээд Мөнхбат Болор-Уянгыг дагуулаад жижиг өрөөнд орсон. Энэ үед Болор-Уянгын ээж Юмжирмаа, нагац эгч Булган нар нь орж ирээд “хүүхдийг минь яаж байгаа юм бэ” гээд орилж байгаад Булган нь Болор-Уянгыг аваад эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19х, 79-80х/,

- гэрч Р.Юмжирмаагийн: “...2018 оны 12 сарын 22-ны шөнө 01 цагийн үед нэг танихгүй дугаараас дуудлага ирэхээр нь утсаа авахад Болор-Уянга “ээжээ Учрал намайг зодчихлоо” гэсэн. Би гэрээсээ гараад Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Наран хотхоны 21 дүгээр байрны 5 тоот дахь Болор-Уянга, Учрал нарын хамтран амьдарч байгаа байранд очиход 2 цагдаа ирчихсэн, мөн Учралын аав Мөнхбат, ээж Нарангэрэл, Дэмбэрэл болон өөр танихгүй эрэгтэй хүн ирсэн байсан. Харин Болор-Уянгын зүүн хөмсөг орчимоос цус урссан байдалтай байсан. Намайг гэр рүү нь ороход Нарангэрэл охинд минь анхны тусламж ч үзүүлэлгүй, “чи тэгж ярихгүй шүү” гээд загнаж байсан. Би охиноо тийм байдалтай байна гэж төсөөлөөгүй болохоор шоконд ороод “хаана байна тэр Учрал, та нар миний охиныг цусаа гоожуулсан зогсож байхад нь анхны тусламж ч үзүүлэхгүй загнаад зогсож байх юм” гээд уурлахад, Нарангэрэл гэнэт уйлаад, сөхөрч суугаад надаас уучлалт гуйсан. Тэр үед Учрал гэртээ байхгүй байсан болохоор цагдаа нар яваад өгсөн. Харин би дүү Булганыг дуудаад Болор-Уянгыг аваад эмнэлэг рүү явсан. Дараа нь Болор-Уянгаас юу болсон тухай асуухад “намайг унтаж байхад Учрал гаднаас орж ирсэнээ намайг балбаад зодчихлоо, би юу болсоныг ч мэдээгүй, зодуулж байхдаа хүүхдээ орноос уначих вий” гэснээс өөр юм бодоогүй. Учрал намайг гуталгүй, нүцгэн гэрээс хөөгөөд гаргачихаар нь би хөрш айлуудаасаа тусламж гуйж, цагдаад дуудлага өгсөн. Мөн хөршүүдийн тусламжтайгаар Учралаас хүүхдээ аваад тэр хүмүүсийн гар утсаар тань руу ярьсан” гэж хэлсэн. Болор-Уянгын зүүн дээд зовхи нь язраад, цус гарсан, хоёр гарын тохой, бугалга, хоёр өвдөг шилбэ хэсэг нь энд тэндээ алаг цоог өнгөц хөхрөлт үүссэн байсан. Үүнээс өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Мөн толгой нь хөндүүрлэж өвдөж байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/,

- гэрч Д.Болормаагийн: “...2018 оны 12 сарын 21-ний шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Наран хотхоны 21-6 тоот дахь гэртээ байж байхад хүн хаалга тогшсон. Хаалганы дурангаар харахад саарал өнгийн майк, хар өнгийн турсиктэй 20 гаран насны эмэгтэй зогсож байхаар нь хаалгаа нээтэл тэр эмэгтэйгийн зүүн хөмсөгний дээд хэсгээс цус гараад, хацраа дагаад урссан, хөл нүцгэн байдалтай байсан. Би тэр эмэгтэйгээс “яасан бэ, юу болсон бэ” гэхэд “манай нөхөр согтуу орж ирээд хэрүүл хийгээд, би одоо хүүхдээ авмаар байна, манайх энэ 5 тоотод амьдардаг” гэж хэлсэн. Би тэр эмэгтэйд цусаа цэвэрлэх нойтон сальфетка авч өгөөд, өөрийнхөө 9010... дугаарын утаснаас 102 руу дуудлага өгсөн. Ингээд 7 тоотын хаалгыг тогшиж, гэрийн эрэгтэй залуугаас тусламж гуйсан. Тухайн үед тэр эмэгтэйд гэрийн түлхүүр нь байсан ба хаалгыг нь онгойлгоод ороход нөхөр нь гэх залуу “чи яах гээд байгаа юм бэ, зайлаач, би өөрийнхөө хүүхдийг яахаа мэднэ” гээд байсан. 7 тоот айлын залуу бид хоёр 5 тоот айлын залуутай ярилцаж байгад зодуулсан гэх эмэгтэйд хүүхдийг нь авч өгсөн.

Тэр эмэгтэй хүүхдийнхээ хамт цагдаа нар иртэл байж байгаад цагдаатай хамт гэр рүүгээ орсон. Түүнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна. Тухайн үед тэр эмэгтэйгийн зүүн хөмсөгний дээд талаас цус гарсанаас өөр гэмтэл шарх учирсан эсэхийг мэдэхгүй байна. Тэр эмэгтэй манай хаалгыг тогшихоос өмнө тэднийд нэг эрэгтэй хүн том том дуугараад “зайлаач ээ чи” гээд түжигнэх чимээ гарч байснаа,  нэг эмэгтэй “туслаарай” гээд манай хаалгыг цохисон. Дээрх асуудал болохоос 20 орчим хоногийн өмнө 5 тоотод хүмүүс маргалдаад байх шиг байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 56-58х/,

- гэрч Э.Болдхуягийн: “...2018 оны 12 сарын 21-ний шөнө 00 цагийн үед гэртээ байж байхад гэрийн хаалгыг хэн нэгэн хүчтэй цохисоноо чимээгүй болсон. 5 орчим минутын дараа дахин цохихоор нь хаалгаа нээхэд майк, турсиктэй, 20 орчим насны эмэгтэй хөл нүцгэн, нүүний зүүн хэсэг нь цусаар будагдсан, зүүн хөмсөг орчимд нь язарсан байдалтай байсан. Юу болсон талаар асуухад “манай нөхөр намайг зодоод алах гээд байна, би хүүхдээ л авмаар байна, надад туслаач” гэхээр нь би гэртээ орж хувцасаа өмсөөд гараад ирэхэд 6 тоот айлын эмэгтэй хаалгаа нээчихсэн, шагайгаад зогсож байсан.

...Биднийг орцонд ярилцаж байхад 5 тоотын хаалга дотроосоо нээгдсэн ба 25 орчим насны эрэгтэй гарч ирсэнээ эхнэртэйгээ маргалдаад “чи зайл, эсвэл ороод ир” гэхээр нь 6 тоот айлын эмэгтэй бид хоёр нөгөө залуутай ярилцаад, түүнийг тайвшруулж байх зуур нөгөө эмэгтэй хүүхдээ тэврээд гэрээсээ гараад ирсэн. Тэр залуу эхнэрийнхээ хойноос явах гэхээр нь би хориглож байх зуур зодуулсан эмэгтэй 6 тоот руу орсон. ...Тэр залуу тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг мэдэхгүй байна. Зодуулсан гэх эмэгтэйгийн зүүн хөмсөг орчим язраад, зүүн хацар нь цусаар будагдаж харагдсан. Өөр гэмтэл шарх байсан эсэхийг анзаарч хараагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 59-61х/, 

- шинжээч эмч Б.Ганзоригийн: “...Нүүр засаршгүй гэмтэж, нүүрний төрх алдагдах гэдэгт нүүрэнд учирсан гэмтлийн улмаас үүссэн сорви нь тухайн хүний нүүр төрхийг илтэд өөрчилсөн, нүүрний тэгш хэмийг алдагдуулсан, нүдний зовхи, хамрын самсаа, уруулын хэлбэрийг алдагдуулсан буюу арьсны түвшингээс дээш овойж хатуурч, эсхүл доош таталдаж хонхойсон сорви үүссэн, нүүрний дүр төрхийг сэргээх мэс засал зайлшгүй хийгдэж засрах боломжтой гэмтлүүд хамаарна. Харин нүүрний дүр төрхийг алдагдуулаагүй сорвиуд хамаарахгүй. Тийм болохоор Э.Болор-Уянгын биед учирсан гэмтэл нь нүүрийг засаршгүй гэмтээж, нүүрний төрхийг алдагдуулсан гэмтэл биш. Э.Болор-Уянгын биед учирсан зүн хөмсөг шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь дангаараа ШЭГЗТ журмын 2.4.-1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 96-97х/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч Э.Болор-Уянгийн биед учирсан “зүүн хөмсөг шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, гуя, зүүн өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч М.У түүнийг цохиж зодсон гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байна.

 

Хэргийн хохирогч Э.Б, шүүгдэгч М.У нар нь 2017 оноос гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдарч, дундаасаа үр хүүхэдтэй эцэг, эх болохын хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд мөн юм.

 

Шүүгдэгч нь өөрийн эхнэр Э.Болор-Уянгийг “утсаа унтраалаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэн, улмаар бие эрх чөлөөнд нь халдан цохиж, зодон бие махбодын хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь тухай гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааж хуульчилсан байна. 

 

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд прокуророос М.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч М.Уыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.     

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч М.У нь 2018 оны 8 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрүүдийн хооронд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Э.Болор-Уянгыг байнга зодсон, тодруулбал: 2018 оны 8 дугаар сард Тэрэлж дэх амралтын газарт хохирогч Э.Бтай маргалдан орон дээр дарж хоолойг боож халдашгүй байдалд нь халдсан, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Наран хотхоны 21 дүгээр байрны 5  тоот дахь гэртээ 2018 оны 10 сарын 14-ний өдөр хохирогч Э.Болор-Уянгыг “хүүхэд уйлуулж, унтуулж амраасангүй” гэж гэрээсээ гар гэж хөөж түлхэх, гар утсыг нь /самсунг S-8/ авч шидлэн эвдэх зэргээр амгалан тайван байдлыг нь алдагдуулж эрх чөлөөнд нь халдсан,  2018 оны 11 сарын 14-ний өдөр “мөнгө авлаа” гэсэн шалтгаанаар уурлан бухимдаж хэрүүл маргаан үүсгэн, эхнэр Э.Болор-Уянгийг цохиж алгадах зэргээр халдашгүй байдалд нь халдах зэргээр гэр бүлийн гишүүний эрх, эрх чөлөө, халдашгүй дархан байдалд нь халдаж бие махбодийн хүчирхийлэл үйлдэж зодсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан захиргааны зөрчил шийдвэрлэлтийн бүртгэл /хэргийн 37х/, хохирогчоос хэрэгт гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 46-47х, 49х, 50х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож  тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бүрэлдэхүүнийн шинжийг агуулсан байна.

 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-т тодорхойлсон ба гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон нь Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д хуульчилсан. 

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн үндсэн шинжид “байнга” зодсон байхаар хуульчлагдсан бөгөөд “байнга” гэдэгт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон гэх үйлдэл нь тоогоор буюу давтамжийн хувьд 3 ба түүнээс дээш удаа үргэлжлэн үйлдэгдэх, эсхүл удаан хугацаагаар хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны зовиур шаналал үүсгэн зодсон, энэ байдал нь дадал зуршил болсон, хэвшмэл, тогтмол байх шинжийг агуулж буй байдлыг ойлгох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д уг гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамаарч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг /тодорхой нэг хохирогчийн эсрэг/ чиглэсэн бие махбодийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийж, эрх, эрх чөлөөнд нь халдсан /зодох, цохих гэх мэт/ хэвшмэл маягтай идэвхитэй үйлдлийг байнга хийснээр төгссөнд тооцох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаар тодорхойлсон бөгөөд Гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж болохын хувьд гэр бүл, эх нялхас, хүүхдийн эрх, ашиг сонирхол, мөн иргэний хувийн болон гэр бүлийн халдашгүй байдал нь хуулиар төрийн хамгаалалтад байна гэж Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан учир Хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалахад Эрүүгийн хуулийн зорилго оршихоор хуулийн 1.1 дүгээр зүйлд тодорхойлж, тус хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан байна.

Хан-Уул дүүргийн прокуророос М.Уыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн дээр дурьдсан гэмт үйлдэлд тохирсон, үндэслэл бүхий гэж  шүүх дүгнэсэн болно.

 

Харин шүүгдэгчийн 2018 оны 9 дүгээр сард  өөрийн хүү У.Цэнгүүний эд зүйл болон хувцасыг орцонд гаргасан гэх нэг удаагийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтаар зүйлчилж ирүүлснийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд “байнгад халдсан” гэх тухайн гэмт хэргийн шинжийг агуулаагүй үндэслэлээр  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.  

 

Иймд шүүгдэгч М.Уыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,

- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Тухайн хэргийн нөхцөлд хохирогч Э.Болор-Уянгийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл бүхий хохирол нь тухайн гэмт хэргийн хохиролд, учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ оношилгоо хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь хохирол учирсаны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдоно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Э.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт эвдэрч дэлгэц нь хагарсан Самсунг S-8 гар утасны үнэ 2.0 сая төгрөг, эмчилгээний зардалд 500.000 төгрөг, сэтгэл санааны хохирол гэх 20.0 сая төгрөг, нийт 22.500.000 төгрөгийг гэм хорын хохиролд тооцон шүүгдэгчээс гаргуулна гэх гомдлын шаардлага гаргасан.  

 

 Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч нь М.У нь “...сэтгэл  санааны хохирлоос бусад хохирлыг нөхөн төлөхөд бэлэн байна, гар утсыг бэлэн мөнгөөр буюу бусад хэлбэрээр хохирогчийн хэлснээр төлнө, эмчилгээний зардлыг мөн төлнө” гэж, хохирогч Э.Б нь “өмнө дансаар шилжүүлсэн 200.000 төгрөгийг нэхэмжилж буй хохирлоос хасаж тооцуулна” хэмээн тус тус мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ тул гэм хорын хохиролд М.Уаас 2.300.000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Романа резиденс хотхоны 33 дугаар байрны 504 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Боржигон овогт Эрдэнийн Болор-Уянгад /РД:НЭ95040403/ олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн ба энэ нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан зохицуулалтад нийцнэ гэж үзлээ. 

 

Сэтгэл санааны хохирол гэх 20.0 сая төгрөгийн шаардлагад хамаарах баримт нотолгоог хохирогчоос хэрэгт гаргаж өгөөгүй тул уг нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхиж, хохирогч уг шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.У нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт хэргийн 115 дугаар талд авагдсан тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  

 

Шүүх, шүүгдэгч С.Учралыг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх”  гэмт хэрэгт,  мөн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт тус тус гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан М.Уыг

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1400 /нэг мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

- мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол .., эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэснийг журамлан торгох болон хорих ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлсэн болно.

 

Энэ хэрэгт М.У нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                 

                                                                 ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Прокуророос Б овогт М-ын Уд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Б овогт М-ын Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар  үйлдсэн” гэм буруутайд,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Б овогт М-ын Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1400 /нэг мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

- мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан М.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1400 /нэг мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Уд энэ хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан М.Уаас гэм хорын хохиролд 2.300.000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Романа резиденс хотхоны 33 дугаар байрны 504 тоотод оршин суух хаягтай Боржигон овогт Эрдэнийн Болор-Уянгад /РД:НЭ95040403/ олгож, сэтгэл санааны хохиролд 20.0 сая /хорин сая/ төгрөг гаргуулна гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай. 

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба М.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, түүнд энэ тогтоолоор оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Энэ хэрэгт М.У нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, хохирогч Э.Б нь сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 20.0 сая төгрөгийн шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг тайлбарласугай.

 

9. Ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Уд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.БАЗАРХАНД