| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 182/2024/03815/И |
| Дугаар | 210/МА2025/01013 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2025/01013
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/02647 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ХХК-д холбогдох,
******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, ******* нэгж талбарын дугаартай өмчлөх эрх бүхий газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн,
******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, ******* нэгж талбарын дугаартай, ******* м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хамгаалах, арчлах, засан сайжруулах зэрэгт гарсан зардал 228,624,597 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, ******* м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг *******-гаас худалдан авч, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан.
1.2. ******* ХХК нь миний өмчлөлийн газрыг бүхэлд нь хашаа барьж, автозогсоол болгон ашиглаж, бусдад түрээсэлж ашиг орлого олж байна. Энэ нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1-д зааснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл үүсээд байна. Энэ талаар ******* ХХК-д мэдэгдсэн боловч хариу өгөөгүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасны дагуу өөрийн өмчлөлийн хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа этгээдийг чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй.
1.3. Энэ хэрэг маргаантай холбоотой ******* нь өмчийн газраа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байгаад мөнгөний хэрэгцээ гарч ******* д шилжүүлсэн. 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тус шүүхийн шийдвэрээр олох байсан орлогод 385,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч нь цементлээд засан сайжруулсан гэх боловч орох, гарах гарцгүй, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ашиглах боломжгүй байдалтай, өөрсдийнхөө өмчлөлд байнга байлгасаар байгаа. Иймд хариуцагчийн хууль бус эзэмшилд байгааг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн. Иймд газар өмчлөх эрхийг хэрэгжүүлэх боломжоор хангаж хариуцагчийн хууль бус эзэмшлээс маргаан бүхий газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан газар нь ******* ХХК-ийн ******* худалдааны төвийн хашаан дотор байрладаг бөгөөд манай компанийн зүгээс уг газрыг арчилж хамгаалах, өөрийн хөрөнгөөр тохижилт хийх зэрэг ажлуудыг хийж ирсэн. 2022 онд ******* нь газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* нь хууль бус аргаар гaзap өмчлөх эрхийг олж авсан байдаг. Энэ талаар манай компанид мэдэгдэж байгаагүй. Иймээс газар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан гэмт хэргийн шинжтэй ******* д холбогдох үйлдлүүдийг ******* дүүргийн Цагдаа, Прокурорын газарт шалгуулсан ба 2024 оны 02 дугаар сард ******* нь газар өмчлөх эрхээ ******* д шилжүүлж, ******* нь манай компанид холбогдуулан нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл, ******* гийн газар өмчлөх эрх хууль бус аргаар олж авсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл шийдэгдээгүй байхад түүнээс газар өмчлөх, эрх шилжүүлэн авсан *******-ийн нэхэмжлэл шийдвэрлэгдэх боломжгүй.
2.2. ******* ХХК нь өөрийн өмчлөлийн ******* м.кв газрыг хашаалсан бөгөөд *******-ийг оруулж гаргахгүй, газрыг нь ашиглуулахгүй саад учруулсан үйл баримт байхгүй. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өмчлөх эрхийг баталгаажуулах гэсэн зохицуулалт байгаа. Засаг даргын захирамж гарсны дараа үл хөдлөх эд хөрөнгөө Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж байж газар өмчлөх эрхээ баталгаажуулна. 2021 онд бүртгүүлж газар өмчлөх эрхийн гэрчилгээгээ анх авсан. Үүнээс хойш 2022 онд иргэний шүүхэд ******* гийн зүгээс газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргадаг. ******* нь газраа ашиглаагүй нь өөрсдийнх нь хүсэл зориг байсан.
2.3. ******* ХХК нь хүнсний захын үйл ажиллагаа явуулж байгаа учраас холбогдох мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хяналтын газар, дүүрэг, цагдаа, эрчим хүчний шугам сүлжээнээс тодорхой хэмжээний шаардлага тавьдаг. Үүний дагуу асфальт тавьсан. Мөн Цахилгаан түгээх сүлжээний газрын тавьсан шаардлагын дагуу хамгаалалтын зурвасыг тодорхой хэмжээнд хашаалсан байдлаар хүмүүсийн орж гарч байгаа хөдөлгөөн, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тодорхой хэмжээнд хашаалсан. Орц гарцгүй гэдэг асуудал нь Нийслэлийн Газрын албанд шийдэгдсэн. Нэхэмжлэгч нь анх ******* ХХК -ийн хашаа дотор ******* м.кв газар авсан бөгөөд компани өөрийн газраа хашаалсанг миний газрыг хашсан гэж тайлбардаг. Гэтэл хашсан зүйл байхгүй, фото зураг өгсөн байгаа. Иймд нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байх тул уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ТӨХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. ******* нь ******* ТӨХК-ийн өмчлөлийн АТП-063 дэд өртөөний хамгаалалтын зурвасыг зөрчсөн. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 болон Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2 дугаар зүйлд Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг тогтоосон байдаг. Тухайн дүрэмд заасны дагуу АТП-063 нь хүн оршин суудаг газраар өнгөрдөг бөгөөд 400 кВ чадалтай тул хааш хаашаагаа 10 м хэмжээг баримтална гэж заасны дагуу тус тус зөрчсөн. ******* ХХК -ийн хашаанд манай дэд өртөө байдаг. Энэ дэд өртөө нь хамгаалалтын зурвастай байх ёстой. Цахилгаан эрчим хүчний хамгаалалт тогтоосон зурвас Засгийн газрын тогтоолоор хамгаалагдаж байдаг. Гэвч энэ нь зөрчигдсөн.
3.2. ******* манайд хамгаалалтын зурвасыг өөрийн газар орсон хэсгээр чөлөөлүүлэх хүсэлтээ 2023 онд илэрхийлж байсан. Энэ дээр манай байгууллагаас ямар нэгэн хариу өгөөгүй. ******* нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай байгууллагад хандсан бөгөөд АТП-063 цахилгааны дэд өртөөний хамгаалалтын зурвасыг өөрийн газар орсон хэмжээгээр чөлөөлж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Газар зохион байгуулалтын алба нь хамгаалалтын зурвасыг мэдэж байсан. Гэтэл яагаад энэ дээр газар олгосон байгаа юм. Тийм учраас хамгаалалтын зурвас дээр газар олгосныг манай байгууллагын зүгээс буруу гэж үзэж байна. Уг нь энэ хэргийг түдгэлзүүлж, газар олгосон нь үндэслэлтэй эсэхийг эхлээд шийдвэрлэх учиртай гэжээ.
4. Хариуцагч ******* ХХК -ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: ******* нь 2024 оны 02 дугаар сард газар өмчлөх эрхээ ******* д шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. 2022 оноос өмнө тухайн газар нь ******* гийн өмчлөлд байгаа талаар мэдээгүй, энэ талаар компанид мэдэгдээгүй. Манай компанийн зүгээс энэ нэхэмжлэлд дурдсан ******* м.кв газар дээр тэр хавийн айл өрхүүд, аж ахуйн нэгжүүдийг цахилгаанаар хангадаг том хүчин чадлын цахилгааны дэд өртөө байрладаг. Цахилгаан хэрэглэгчийн хувьд холбогдох эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлж, тухайн газрыг асфальталж цементлэх, хог хаягдлыг зайлуулах, харж хамгаалах ажлуудыг зохион байгуулдаг. ******* ТӨХК-ийн тавьсан шаардлагын дагуу эрчим хүчний байгууламжийн хамгаалалтын зурвасыг тогтоосон хашлага хийсэн, эрчим хүчний байгууламжийн аюулгүй найдвартай байдлыг хангах орц гарцын тэмдэглэгээ тавьсан байдаг. Иймд ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай ******* м.кв талбай бүхий нэгж талбарын ******* дугаартай газрыг хамгаалах, арчлах, засан сайжруулах зэрэгт гарсан зардал 228,624,597 төгрөгийг хариуцагч ******* эс гаргуулж өгнө үү гэжээ.
5. Сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч нарын тайлбарын агуулга: *******-ийн газар нь гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, энэ газарт иргэн байшингаа бариад, мод, жимс ногоо тариад амьдрах боломжтой газрыг хэлнэ. Тэр газрыг нь өөрсдөө өөрийн хамаарал бүхий этгээдээс шилжүүлж авч, нийтийн эзэмшлийн газрыг оролцуулаад хашаалаад, талбайг нь бүхэлд нь асфальт тавиад түүнээс ашиг орлого олж байсан нөхцөл байдал нь тухайн газрыг засан сайжруулсан үйл баримт болохгүй. Засан сайжруулалт хийгдээгүй, хүний тэгш байсан ******* м.кв газрыг асфальталсан. ******* ТӨХК-ийн өмчлөлийн гэж нэрлэгдэж байгаа цахилгааны дэд өртөөний хашаа тэмдэглэгээ хийсэн ажлыг ярих гэж байгаа бол энэ нь ******* д хамааралгүй. Цахилгаан түгээх станцын өмчлөлийн барилга байгууламжийн зурвасыг тогтоосон хашлага хийсэн бол өмчилж байгаа этгээдээс нь шаардана. ******* ХХК нь он оныхоо кадастрын зургаар манай газрыг тойроод газруудтай байдаг нь хавтаст хэрэгт баримтууд авагдсан. Төрийн байгууллага, захиргааны байгууллагаас зах дотор байгаа үйл ажиллагаатай холбоотой шаардлага тавина. Түүнээс иргэний өмч рүү халдаж шаардлага тавихгүй. Өөрсдөө иргэний өмчлөлийн газрыг хашаалаад, тэрийгээ асфальталчхаад засан сайжруулсан гэж яриад байгаа нь үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тайлбар гаргаагүй болно.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах нэгж талбарын ******* дугаартай өмчлөх эрх бүхий газрыг хариуцагч ******* ХХК -ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч ******* ХХК -ийн нэхэмжлэгч ******* эс ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах, ******* м.кв талбай бүхий нэгж талбарын ******* дүгээр газрыг хамгаалах, арчлах, засан сайжруулах зэрэгт гарсан зардал 228,624,597 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
8.1. Нэхэмжлэгч ******* нь ******* улсын бүртгэлийн дугаартай ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж ******* тоот хаягт байрлах ******* м.кв талбай бүхий газрыг өмчилдөг. Гэтэл ******* ХХК нь *******-ийн өмчлөлийн газрыг оролцуулан гадуур нь хашаалж төлбөртэй автозогсоол болгон ашиглаж, бусад этгээдэд түрээслэн ашиг олсоор байна.
8.1.а Хариуцагч ******* ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан газар нь ******* ХХК -ийн ******* худалдааны төвийн хашаан дотор байрладаг бөгөөд аж ахуй эрхлэгч, олон нийтийн эзэмшилд ашиглагдаж ирсэн, манай компанийн зүгээс уг газрыг арчилж хамгаалах, өөрийн хөрөнгөөр тохижилт хийх зэрэг ажлуудыг хийж ирсэн гэж дурдахдаа нэхэмжлэгч *******-ийн өмчлөлийн газрыг өөрийн бодит эзэмшилд авч, ашигладаг болохоо хүлээн зөвшөөрсөн. ******* ХХК нь өөрийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор *******-ийн өмчлөлийн газрыг автозогсоол хэлбэрээр түрээслэгч, үйлчлүүлэгч ашиглуулж байгаа гэх тайлбарыг өгөхдөө маргааны зүйл болоод буй газрыг эзэмдэн авч, эзэмшилдээ авсан болохоо хүлээн зөвшөөрч, илэрхийлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс маргааны зүйл болж буй газрыг хариуцагч тал бүхэлд нь асфальт дэвсэж, цементэлж, бордюр байрлуулан автозогсоол хэлбэрээр ашигласантай холбоотой баримтуудыг бүрдүүлэн өгсөн байтал анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргийг зохих ёсоор үнэлж, дүгнээгүй.
8.1.б Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Орц гарцын асуудлын хувьд танайх бухэлд нъ хашаалсан байж байгаад захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөр маргаан гараад урд талын гудамж хэсгээ чөлөөлж өгсөн, үзлэгээр очиход гудамжгүй байж байгаад дараа нь гудамжтай болсон гэх тайлбарт үндэслэн *******-ийн өмчлөлийн газрыг ******* ХХК нь хашаалж, хууль бусаар эзэмшилдээ авсан гэж үзэхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Бодит байдал дээр *******-ийн өмчлөлийн газрыг ******* ХХК нь одоог хүртэл өөрийн ******* худалдааны төвийн автозогсоол болгон ашиглаж, түрээслүүлж буй байдал хэвээр байгаа бөгөөд ******* өөрийн өмчлөлийн газрыг бодитоор чөлөөтэй эзэмшиж, ашиглаж чадахгүй байна. Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэж байна.
8.2. Нэхэмжлэгчийн бүрдүүлэн өгсөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0711 дугаар шийдвэрээр ******* ХХК -ийн эзэмших эрх бүхий газар болон ******* гийн өмчлөх эрхийн бүхий газар нь кадастрын мэдээллийн зураглалаас үзвэл тус газрууд нь хоорондоо давхцалгүй, ******* нь ******* ХХК -ийн хууль бус эзэмшилтэй холбоотой асуудлаар маргаж байгааагүй, ******* өөрийн өмчлөлийн газраа тэмдэгжүүлээгүйн улмаас ******* ХХК нь газрыг бүрэн цементэлсэн, ******* ХХК -ийн эзэмшлийн 1,127 м.кв талбайтай газар нь ******* гийн газартай хил залгаа байршилтай зэрэг үйл баримтууд тогтоогдсон болохыг дурдаж, ******* анхнаасаа газраа хашаажуулж, тэмдэгжүүлээгүйн улмаас ******* ХХК өөрийн хөрш газрыг бүхэлд нь цементэлсэн байсан. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн хэсэг байна гэж заасан. Гэтэл ******* ХХК нь маргааны зүйлийг оролцуулан хашаалсан, асфальт, бордюр тавьж автозогсоол болгон бусдад түрээслүүлж байгаа үйлдэл нь өмчлөгч өөрийн газраа Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаа дугаар зүйлийн 3 болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1-д тус тус заасан эрхээ чөлөөтэй эдлэх, ашиглах боломжгүй байна.
Дээрх хэсэгт дурдагдсан үндэслэлээр анхан шатны шүүх ******* ХХК -ийн үйлдэл нь бусдын өмчлөлийн газарт хууль бусаар халдаж, эзэмшсэн гэж үзэхгүй гээд тус компанийн үйлдлийг зөвтгөж, дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь талуудын хооронд үүссэн бодит асуудал нь ******* ХХК -ийн хууль бус үйлдлийн улмаас ******* нь өөрийн өмчлөлийн хөрөнгө буюу газрыг чөлөөтэй эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах боломжгүй болсон тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Гэвч анхан шатны шүүх ******* ХХК -ийн бусдын өмчлөлийн газрыг автозогсоол хэлбэрээр ашиглахад зориулан асфальт дэвсэж, бордюр байрлуулсан нь *******-ийн өмчлөлийн газрын бүрдэл хэсэгт хамаарч үлдэх хөрөнгө болох тул ******* ХХК бусдын өмчлөл дэх хөрөнгөд халдаж, хууль бусаар эзэмшсэн гэж үзэхгүй хэмээн тайлбарласан нь хууль, эрх зүйд хувьд бодит байдлыг бүрэн ойлгохгүйгээр алдаатай дүгнэж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
*******-ийн бодит хүсэл зориг нь өөрийн зөрчигдсөн эрхээ шүүх байгууллагаар дамжуулан сэргээлгэх буюу ******* ХХК -ийн хууль бус эзэмшлээс бүрэн чөлөөлүүлж, өөрийн бодит эзэмшлийг тогтоох юм. Түүнчлэн, анхан шатны шүүх ******* ХХК -ийн бусдын өмчлөлийн газарт хашаа барьсан, асфальт дэвсэж, бордюр байрлуулж эзэмшсэн үйлдэл нь бусдын хөрөнгөд хууль бусаар халдаж эзэмшсэн гэж үзэх үндэслэл болохгүй, хууль ёсных байсан гэж тайлбарлах боловч тус тайлбар нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заалтыг зөрчсөн дүгнэлт гэж үзэхээр байна. Учир нь анхан шатны шүүх *******-ийн газарт ******* ХХК -ийн эзэмшлээ тогтоосон үйлдлийг хууль ёсных гэж дүгнэхийн тулд тус эзэмшил нь хууль ёсных байсан эсэх талаар дүгнэх ёстой байсан. Тодруулбал, хөрөнгийн эзэмшлийг хуульд заасан арга, хэлбэрээр бусдаас шилжүүлэн авах хүсэл зориг нь биелсэн тохиолдолд тухайн хөрөнгийн эзэмшил хууль ёсных болдог гэж үзэхээр байна. Гэтэл бодит нөхцөл байдалд ******* ХХК нь ******* д холбогдуулан газрын эзэмшлийг шилжүүлэн авах тухай хүсэл зоригоо илэрхийлээгүй. Иймээс тус компанийн бусдын хөрөнгөд эзэмшлээ тогтоосон үйлдэл нь хууль ёсных гэж үзэх үндэслэлгүй. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 38 дугаар зүйлийн 38.1 болон Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн дээрх газраа бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын шүүхэд ирүүлсэн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үнэлсэн, шүүх хуралдаанд хэлсэн талуудын тайлбар, мэтгэлцээний үр дүнд хийгдсэн үндэслэл бүхий дүгнэлт гэж үзэж байна. Хэргийн оролцогчдод илэрхий бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Нэхэмжлэлд дурдсан ******* м.кв газрыг бүхэлд нь тусгайлан хашиж хамгаалсан хашаа, бродюр байхгүй, ******* ХХК нь эзэмшлийн хүнсний худалдааны төвийн том хашаан дотор ил задгай талбай байдлаар энэ ******* м.кв газар байршиж байдаг. Уг газарт хүрэх, нэвтрэх орц гарц нээлттэй чөлөөтэй талаар нэхэмжлэгчийн өмгөелөгч шүүх хуралдаанд тайлбарлаж, хэлсэн. Өнөөдрийг хүртэл хугацаанд энэ ******* м.кв газар дээр ******* болон хэн нэгэн хүн, айл огт амьдарч байгаагүй, харин энэ ******* м.кв газар дээр ******* ТӨХК-ийн эзэмшил ашиглалтад байдаг S11-400kBA хүчин чадалтай АТП-063 цахилгааны дэд өртөө, түүний хамгаалалтын зурвас байрладаг. Нэхэмжлэгч ******* болон ******* гийн зүгээс өнөөдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэлд дурдсан ******* м.кв газраа өөрсдөө хашиж хамгаалах, эзэмшиж ашиглах талаар бодит үйлдэл хийж байгаагүй. Нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй энэ ******* м.кв газрыг асфальтаж, цементлэснээс өөр ямар нэгэн байдлаар ******* ХХК уг газар дээр барилга байгууламж, хашаа бариагүй. Цахилгааны дэд өртөөний аюулгүй байдлыг хангаж, түүний дор хог шороо байлгахгүй, мөн хүнсний захын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах зорилгоор хүнсний захын хашаан доторх бүх талбайг афсальтаж цементлэх мэргэжлийн хяналтын байгууллага, холбогдох төрийн эрх бүхий байгууллагын шаардлагын дагуу хүнсний захын хашаан доторх бүх талбайг асфальтаж, цементлэсэн байдаг. Иймд анхан шатны шүүх шийдвэртээ хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас маргаан бүхий газар нь хариуцагч ******* ХХК -ийн хууль бус эзэмшилд байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангасан байна. Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн гэх газраа эзэмших, ашиглах нь чөлөөтэй, нээлттэй гагцхүү өөрийн хүсэл зоригийн дагуу уг газраа өөрсдөө эзэмшихгүй, ашиглахгүй, хашаалж тэмдэглэжүүлээгүй явж ирсэн нь хариуцагчийг буруутгаж, газрыг хууль бусаар эзэмшилдээ байлгаж байна гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн чөлөөлүүлэхийг хүссэн газрыг асфальт цементлэсэн боловч уг газар дээр хариуцагчийн зүгээс ямар нэгэн хашаа, барилга байгууламж байхгүй. Газрыг асфальтаж цементлэсэн асуудлаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн эрх, ашгийг хамгаалсан дүгнэлт хийсэн байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, ******* нэгж талбарын дугаартай өмчлөх эрх бүхий газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг газрыг хамгаалах, арчлах, засан сайжруулах зэрэгт гарсан зардалд 228,624,597 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган зохигчид маргажээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ТӨХК нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсон байна.
4. Анхан шатны шүүх талуудын маргаж буй үйл баримтыг тогтоохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчиж, тухайн эрх зүйн харилцааг зохицуулсан холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулан, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
5. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дугаартай захирамжаар ******* д ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах ******* нэгж талбарын дугаартай ******* м.кв талбайтай газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байх ба ******* нь 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ******* дугаарт бүртгэж газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. /хх28-38/
Дээрх улсын бүртгэл болон Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар ******* ХХК нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Нийслэлийн Засаг даргын захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаар Захиргааны хэргийн 3 шатны шүүх шийдвэрлэсэн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй юм.
6. ******* нь ******* тэй 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр бэлэглэгч ******* нь дээр дурдсан маргаан бүхий газрыг бэлэг хүлээн авагч ******* д хариу төлбөргүйгээр шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх39-40/
Улмаар маргаан бүхий ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, ******* нэгж талбарын дугаартай, ******* м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр ******* эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгогдсон байна. /хх-5/
Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт Газар өмчлөгч нь газар өмчлөх эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ, Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий газрыг өмчлөх эрх үүссэн байна.
6.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг үндэслэл болгож шаардах эрхээ хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нь хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагчийн эзэмшил хууль бус байхыг шаардана.
Иймд хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын өмчлөгч болох нь тогтоогдсон тул хуулийн дээрх зохицуулалтаар шаардлага гаргах эрхтэй байна.
7. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсэхээр зохицуулсан. Энэхүү эзэмшил нь хууль болон гэрээний дагуу үүссэн нөхцөлд хууль ёсны гэж үзэх үндэслэл болох юм.
Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлд дурдсан газар нь манай ******* худалдааны төвийн хашаан дотор байрладаг бөгөөд аж ахуй эрхлэгч, олон нитийн эзэмшилд ашиглагдаж ирсэн гэж тайлбарласан нь маргаан бүхий газрыг эзэмдэн авч, эзэмшилдээ авсан болохоо хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Мөн маргааны зүйл болж буй газрыг хариуцагч ******* ХХК нь өөрийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор асфальт дэвсэж, цементэлж, бордюр байрлуулан автозогсоол хэлбэрээр ашигласан үйл баримт хэргийн баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч ******* ХХК нь маргаан бүхий газар дээр айл амьдарч байгаагүй, газраа өөрсдөө хашиж хамгаалах, эзэмшиж ашиглах талаар бодит үйлдэл гаргаагүй, төрийн байгууллагын шийдвэрийн дагуу бүх талбайг асфальтаж, цементлэсэн, уг газар дээр ******* ТӨХК-ийн эзэмшил ашиглалтад байдаг S11-400 кв хүчин чадалтай АТП-063 цахилгааны дэд өртөө, түүний хамгаалалтын зурвас байрладаг гэж тайлбарласан байх боловч талуудын маргаж буй газрын хувьд хариуцагч байгууллагын эзэмшиж буй газартай давхцалгүй байхаас гадна хууль болон гэрээний дагуу эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
8. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын өмчлөх эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд мөн, уг газрыг хариуцагч эзэмших эрхгүй болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар
эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж ******* тоот хаягт байршилтай ******* м.кв талбай бүхий газрыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлөх үндэслэлтэй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдана.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлт оруулна.
9. Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК -ийн нэхэмжлэгч ******* д холбогдуулан гаргасан ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, ******* нэгж талбарын дугаартай, ******* м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хамгаалах, арчлах, засан сайжруулах зэрэгт гарсан зардал 228,624,597 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дээ хариуцагч нь маргаан бүхий газрыг шударгаар эзэмшиж буй байдлаа нотлоогүй гэж дүгнэсэн, энэ талаар хариуцагч тал гомдол гаргаагүй тул талуудын зарчмын хүрээнд шийдлийг хэвээр үлдээнэ.
10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/02647 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК -ийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч *******-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж ******* тоот хаягт байршилтай ******* м.кв талбай бүхий газрыг чөлөөлсүгэй. гэж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч ******* д холбогдох ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, ******* нэгж талбарын дугаартай, ******* м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хамгаалах, арчлах, засан сайжруулах зэрэгт гарсан зардалд 228,624,597 төгрөг гаргуулах тухай хариуцагч ******* ХХК -ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж дугаарлаж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч ******* ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* д олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Д.ЦОГТСАЙХАН