Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 391

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт О-ын Мт холбогдох эрүүгийн 18100 2966 0043 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Х.Эрдэнэтуяа, хохирогч П.Т, шүүгдэгч О.М, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Гантуяа нарыг оролцуулан, шүүх хуралдааны тэмдэглэлийг тус шүүхийн нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, ам бүл 3, эх, 01 нас 10 сартай хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 10-391 тоот хаягт оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18-546 тоотод түр оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт О-ын М /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч О.М нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 10-391 тоотод байх гэртээ хамтран амьдрагч П.Т дахиж пиво уух гэлээ гэж уурлаж, түүнийг нүүрэн тус газар нь нэг удаа алгадаж, өөрт нь хүч хэрэглэсний улмаас сэтгэл санааны хүчтэй цочролд орж сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж, улмаар П.Тийг зүүн эгэм орчимд нь нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.       

                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч О.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа. Намайг анхны хүүхдээ гаргасны дараа манай нөхөр надад гар хүрч, зодож байсан. “...2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн өглөө нь би нөхөрт ээжтэйгээ уулзах гээд гадагшаа гарах талаар хэлэхэд “би ажилтай, чи хүүхдээ хар” гэсэн. Тухайн өдөр хоёр хүүхдээ хараад гэртээ сууж байгаад сэтгэл санаагаар унаад 2-3 пиво авч уусан. Орой манай нөхөр гэртээ ирээд намайг “архи уулаа” гэж маргалдсан. Би нөхрөөсөө “мөнгө байна уу, би 2 пиво уух гэсэн юм” гэж хэлэхэд “би чамд мөнгө өгч чадахгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад урд талын дэлгүүрийн эгчээс зээлээр 3 шил пиво авч уучихаад гэртээ ороход “намайг пиво уулаа” гэж уурласан. Манай нөхөр бид хоёр маргалдаад намайг алгадсан.

Тэгээд манай нөхөр “чи намайг хутгалчихлаа” гэж хэлсэн Тухайн үед би юу болсон талаар сайн санахгүй байгаа. Нөхөр бид хоёр гэр бүлийн баталгаа байхгүй, 2008 оноос хойш хамт амьдарч байгаа. Хамт амьдарч байх хугацаанд маш их дарамт шахалт үзүүлдэг байсан ба би 1 удаа цагдаагийн байгууллагад өгч байсан. Би 2009 онд анхныхаа хүүхдийг гаргасан. Миний хажууд хань болоод амьдрах хүн байхгүй, манай нөхөр намайг хайхардаггүй, халамжилдаггүй. Хэрэг гардаг өдөр намайг алгадаад унагаасан. Би уурлаад эргэж хараад ширээн дээр байсан юмыг авсан, дараа нь харахад хутга авсан байсан. Энэ явдлаас хойш би бага хүүхэдтэйгээ нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа. Бид хоёр салаад сар гаран болж байна. Тухайн үед их уур ууцаартай байснаа ойлгож байгаа. Нөхөртөө гомдож өөрийгөө бухимдуулж явдаг байсан байна, миний буруу. Хохирогчоос уучлалт гуйж байна, дахин ийм алдаа гаргахгүй. Илүү тэвчээртэй байж, сайн сайхан амьдрахыг хүсэж байна.” гэсэн мэдүүлэг, 

 

2. Хохирогч П.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2018 оны 11 сарын 16-ны шөнө хэрэг болсон. Би тухайн үед хаяг тогтоолгох ажил хийж байсан. О.М өглөөнөөс согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. 23 цагийн алдад надаас пивоны мөнгө нэхээд орж ирэхэд нь өгөөгүй. Тэгээд гэртээ очиход Мөнхцэцэг гараад явсан байсан ба манай хүүхдүүд унтаж байсан. Хэрэг шөнийн 03 цагийн үед болсон. Архи уусан байсан болохоор нь би уурлаад “хэдэн цаг болж байгаа билээ, орой үдэш хаагуур юу хийгээд яваад байгаа юм бэ” гээд хэрүүл маргаан болоход би цагдаа дуудсан.

Цагдаа ирээд “эхнэр нөхөр юм чинь, та хоёр хоорондоо ойлголцоод унтчихгүй яасан бэ” гэхээр нь би Мөнхцэцэгийг аргалаад унтуулах гэхэд намайг нэг юмаар цохих шиг болсон. Би тухайн үед Мөнхцэцэгийг алгадсан, гэхдээ янз бүрийн муухай үг хэллэг хэрэглээгүй. Мөнхцэцэг хэр их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг мэдэхгүй байна, ямартай ч согтуу байсан. Гартаа 0.5 литрийн савалгаатай пиво бариад ороод ирсэн. Мөнхцэцэг одоо хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр хамтдаа 4 жил гаран амьдарсан. Том хүүхдээ 2 настай байхад нь бид хоёр тусдаа амьдарч байсан. Манай том хүүхэд 10 настай. О.М жаахан түргэн ууртай, согтууруулах ундаа хэрэглэхээр ааш зан нь өөрчлөгддөг, өөрийгөө хянах чадваргүй болдог. Мөнхцэцэгт би хүнсний зүйлд мөнгө гаргаж өгдөггүй, би өөрөө хүнсээ цуглуулдаг. Хэрэгцээний мөнгө өгдөг байсан. Өрхийн амьжиргааны зардал 500.000 орчим төгрөг байх, би сард тогтмол 800.000-1.000.000 төгрөг олдог. Урьд өмнө нь бид хоёрт маргалдах үе байдаг байсан, гэхдээ би гар хүрч цохиж зоддоггүй байсан.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 18100 2966 0043 дугаартай хэргээс:

 

1. Хэрэг учрал болсон гэх Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 10-391 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5-8х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Тийн хохирогчоор өгсөн:

“...Би 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр аавын гэрт юм хийж байтал манай эхнэр архи уучихсан орж ирээд надаас мөнгө нэхээд байхаар нь архи уух гэж байна гэж бодоод мөнгө өгөөгүй. Орой 00 цагийн үед дахин аавын гэрт согтуу орж ирээд мөнгө нэхэхээр нь би мөнгө өгөөгүй юм. Тэгэхэд надтай маргалдаж байгаад гэрээс гараад явсан. Би 01 цагийн үед гэртээ ороход манай эхнэр 2 хүүхдээ орхиод гараад явсан байсан. Тэгээд би унтаж байтал 04 цагийн үед манай эхнэр 3 пиво барьчихсан орж ирээд хэрүүл өдөж над руу дайраад байхаар нь би цагдаагийн байгууллагад “эхнэр агсам тавиад байна” гээд дуудлага өгсөн. Тэгэхэд манай эхнэр над руу дайрч, намайг цохиж байгаад гал тогооны өрөө рүү ороод буцаж гарч ирээд миний зүүн талын цээжний хэсэгт гараараа цохих шиг болсон. Тэгтэл тухайн газраас цус гарахаар нь би эхнэрийнхээ гар руу хартал зүүн гартаа хар иштэй, ногоо арилгадаг жижиг хутга барьчихсан байхаар нь “чи намайг хутгалчихлаа шүү дээ” гэхэд нөгөө гартаа барьж байсан хутгаа гал тогооны өрөөний ширээн дээр тавиад гайхсан байдалтай хараад байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм.

Тухайн үед эхнэр бид хоёроос гадна гэрт 10 настай хүү Т.Тэмүүлэн, 9 сартай охин Т.Тэмүүлэл нар байсан. Манай эхнэр намайг урьд өмнө цохиж зодож байгаагүй, бид хоёр гэр бүл болоод 11 жил болж байна. Энэ хугацаанд дундаасаа 1 хүү, 1 охинтой болсон. Тухайн өдөр манай эхнэр гар хөлөөрөө миний цээж, хөл рүү цохиод байсан. Миний зүүн талын цээжний хэсэгт гэмтэл учруулсан, өөр ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Надад эхнэрээсээ нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр одоо эвлэрсэн учир ямар нэгэн гомдол санал байхгүй. Би шүүх хуралд оролцоно.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15х, 206-207х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Пүрэвдарийн гэрчээр өгсөн:

“...Би 2018 оны 12 дугаар сарын 16-ны шөнө гэртээ самбар хийгээд байж байтал 04 цагийн үед П.Тийн хүү Т.Тэмүүлэн манай гэрт орж ирээд “ээж аавыг хутгалчихлаа” гэхээр нь би гэрт нь яваад очиход миний хүү П.Т зүүн талын цээжний хэсэгт зүүн гараараа дараад чимээгүй сууж байсан. Тэгэхээр хоёр хүүхдийг нь гэртээ оруулаад байж байхад цагдаа ирээд О.Мийг аваад явсан. Би П.Тийн хүүгээс юу болсон талаар асуухад “аав ээжийг архи уусан байна гэсэн чинь ээж уурлаад аавтай маргалдаж байгаад аавын цээж рүү нь хутгалсан” гэж хэлж байсан.

П.Т, О.М нар гэр бүл болоод 11 жил болж байгаа. Энэ хугацаанд дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Мөн О.М гадаад улсад 3-4 жил ажил хийж байгаад ирээд үе үе пиво уудаг болсон. Одоо 10 сартай, бага охиноо хараад гэртээ байгаа. Урьд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн асуудал гарч байгаагүй, би харж сонсож байгаагүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Чимэдцэрэнгийн гэрчээр өгсөн:

“...Хэрэг гарсан гэх өдөр манай хүргэн П.Т “манай эхнэр намайг хутгалчихлаа, та манай гэрт хүрээд ирээч” гэхээр нь би очоод чухам юу болсоныг мэдсэн. Намайг очих үед П.Т эмнэлэг явсан байсан ба би охиноосоо юу болсон талаар асуухад “П.Т намайг алгадаад түлхэхээр нь би уурандаа ингэчихлээ” гэж байсан. Хэрэг болох үед би байгаагүй болохоор ямар асуудал болсоныг би мэдэхгүй байна.

О.М, П.Т хоёр гэр бүл болоод 11 жил болж байгаа ба энэ хугацаанд дундаасаа хүү, охин хоёртой болсон. Одоо том хүү нь 10 настай, бага охин нь 10 сартай. Миний охин хүүхдээ хараад гэртээ байдаг. Би тусдаа байдаг болохоор энэ хоёрын хоорондын харилцаа ямар байдаг талаар мэдэхгүй байна, гэхдээ гайгүй л байдаг гэж боддог юм. Хэрүүл маргаан гардаг байх, би нүдээр харж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26-27х/,

 

5. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 389 дугаартай:

1. П.Т-н биед цээжний зүүн дээд хэсэгт хатгагдсан зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий шингэн хуралт, хэвлийд хатгагдсан шарх, зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц иртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 54х/,

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Ө.Сарангэрэлийг байцаасан тэмдэглэлд:

“...П.Тийн хэвлийн өмө хэсэгт 0.1х0.1 см хэмжээтэй нүдэнд харагдах тов тогтсон шарх байсан. Уг гэмтэл нь тухайн цаг үед үүсэх боломжтой шинэ шарх байсан. Хурц иртэй зүйлээр үүсэх боломжтой. Миний хэлсэн ярьсан зүйл үнэн зөв, нэмж хэлж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 69х/,

 

7. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 640 тоот шинжээчийн дүгнэлт:

1. Эмэгтэй хүн төрсөний дараах сэтгэл гутралд орж болох бөгөөд төрсөн эмэгтэй хүн болгон төрсөний дараах сэтгэл гутралд ордоггүй болно.

2. Төрсөний дараах сэтгэл гутрал хэдий хугацаанд үргэлжилдэг эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй болно.

3. Төрсөний дараах сэтгэл гутралын гол шинж тэмдэг нь сэтгэл гутралын хам шинж болно.

4. Төрсөний дараах сэтгэл гутрал нь өвчний олон улсын 10 дугаар ангилалын оношлогооны шалгуур шинж хангаж байвал сэтгэцийн эмгэгт хамааруулж ойлгож болно.

5. Төрсөний дараах сэтгэл гутралын хүнд үед өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадвараа алдах боломжтой.

1. О.Мийн хувьд 2018 оны 12 сарын 16-ны өдөр төрсөний дараах сэтгэл гутралд орсон гэх шинж тэмдэг үгүй байна.

2. О.М нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. О.М нь юмыг зөвөөр тусган ойлгож үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. О.М нь өөрийн үйлдлийг удирдан жолоодож хянах чадвартай байна” гэсэн дүгнэлт /хэргийн 212-214/,

 

8. Хар өнгийн 10 см урт бариултай, 9 см урт үзүүртэй нийт 18.8 см урттай, 2 см өргөнтэй хутга 1 ширхэгийг хэрэгт мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 52х/,

 

9. Хохирогч П.Тийн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх /хэргийн 57-65х/,

 

10. “Эрсдлийн түвшин дунд” гэж дүгнэсэн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээний  баримт /хэргийн 90-91х/,

 

11. “Гэр бүлийн хүчирхийлэл байна” гэж дүгнэсэн Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ /хэргийн 93-109х/,

 

12. “Эхнэр О.Мт гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хохирогч П.Тээс 2019 оны 01 сарын 22-ны өдөр бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 123х/,

 

13. Тус шүүхийн 2019 оны 03 сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /хэргийн 185-193х/,

 

14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.Мийн яллагдагчаар өгсөн:

“Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...Би 2018 оны 12 дугаар сарын 16-ны орой гэртээ пиво ууж байхад манай нөхөр “пиво уусан байна” гээд уурлаж, бид хоёр маргалдсан. Тэгээд намайг “цагдаад барьж өгнө” гээд цагдаагийн байгууллагад хандсан ба тухайн үед бид хоёрт зодолдсон асуудал байгаагүй. Би гэрээсээ гарч дэлгүүрээс 2 пиво аваад гадаа жоохон сууж тайвшраад гэртээ орж дахин 1 пиво ууж байгаад нөхөртэйгөө маргалдсан. Тэгэхэд манай нөхөр намайг алгадаад авахаар нь би гал тогооны өрөөнд ороод ширээн дээр байсан жижиг хар иштэй хутгыг аваад түүний зүүн талын цээжний хэсэгт хутгаар зүссэн. Тэгээд манай нөхөр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед манай гэрт нөхөр бид хоёроос гадна хоёр хүүхэд маань байсан. Би тухайн үед П.Тийн цээжинд жижиг хар иштэй хутгаар 1 удаа зүссэн.

Манай нөхөр бид хоёр гэр бүл болоод 11 жил болж байна, энэ хугацаанд бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Би урьд өмнө нөхөр болон гэр бүлийн бусад гишүүдийг зодож, цохиж байгаагүй. ...Би 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн ба үүнээс хойш манай нөхөр намайг хайрлаж халамжлахгүй, намайг хүн гэж тоохгүй, ажилтай байна гэж хэлээд гадуур яваад байдаг болсон. Гэрийн хоол ундыг авч өгдөг боловч надад хэрэгтэй хэрэглээний мөнгө өгдөггүй, мөн согтуу үедээ намайг хүсээгүй байхад хүчээр бэлгийн харьцаанд ордог.

Манай гэрт интернет байхгүй, надад гар утас байхгүй. Би 2 хүүхдээ асрангаа гэр орны ажлыг хийж байхад миний хийсэн ажлыг үгүйсгэж, намайг “гэр орон цэвэрлэсэнгүй” гэх мэтээр хэрүүл маргаан байнга хийж, намайг загнадаг байсан. Энэ бухимдал хураагдсаар байгаад уурандаа нөхөр П.Тийг тухайн хэрэг болох өдөр хутгалсан. Өмнө нь би П.Тэд “чи намайг хайрлаж хүндлэхгүй байна” гэхэд “би яагаад чамайг хүндэлж хайрлах ёстой юм бэ, хүсэхгүй байгаа бол манайхаас зайл. Чи очих газаргүй, хаана очдог юм” гэдэг байсан. Мөн намайг төрсөнөөс хойш манай нөхөр нэлээн их пиво уудаг байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 86-84х, 132-133х, 209-210х/ болон түүний хувийн байдалтай холбоотой хороо, багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 113х, 220х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 114х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 115х/, 2009 оны 02 сарын 12-нд төрсөн хүү Т.Тэмүүлэн, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Т.Тэмүүлэл нарын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 117-118х, 221-222х/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар баримт /хэргийн 231х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг хүлээсэн шинжээч эмч гаргасан байх тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Мийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

              

Шүүгдэгч О.М нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 10-391 тоотод байх гэртээ хамтран амьдрагч П.Т “пиво уух гэлээ” гэж уурлан бухимдаж, улмаар нүүрэн тус газар нь нэг удаа алгадаж, өөрт нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас түүний санаа сэтгэл гэнэтийн цочролд орж давчдан хохирогчийн зүүн эгэм орчимд нь нэг удаа хутгалж биед нь “...цээжний зүүн дээд хэсэгт хатгагдсан зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий шингэн хуралт, хэвлийд хатгагдсан шарх, зүүн даланд зулгаралт” гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- хэрэг учрал болсон гэх Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 10-391 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5-8х/,

- хохирогч П.Тийн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр аавын гэрт юм хийж байтал манай эхнэр архи уучихсан орж ирээд надаас мөнгө нэхээд байхаар нь архи уух гэж байна гэж бодоод мөнгө өгөөгүй. Орой 00 цагийн үед дахин аавын гэрт согтуу орж ирээд мөнгө нэхэхээр нь би мөнгө өгөөгүй юм. Тэгэхэд надтай маргалдаж байгаад гэрээс гараад явсан. Би 01 цагийн үед гэртээ ороход манай эхнэр 2 хүүхдээ орхиод гараад явсан байсан. Тэгээд би унтаж байтал 04 цагийн үед манай эхнэр 3 пиво барьчихсан орж ирээд хэрүүл өдөж над руу дайраад байхаар нь би цагдаагийн байгууллагад “эхнэр агсам тавиад байна” гээд дуудлага өгсөн.

Тэгэхэд манай эхнэр над руу дайрч, намайг цохиж байгаад гал тогооны өрөө рүү ороод буцаж гарч ирээд миний зүүн талын цээжний хэсэгт гараараа цохих шиг болсон. Тэгтэл тухайн газраас цус гарахаар нь би эхнэрийнхээ гар руу хартал зүүн гартаа хар иштэй, ногоо арилгадаг жижиг хутга барьчихсан байхаар нь “чи намайг хутгалчихлаа шүү дээ” гэхэд нөгөө гартаа барьж байсан хутгаа гал тогооны өрөөний ширээн дээр тавиад гайхсан байдалтай хараад байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм.

Тухайн үед эхнэр бид хоёроос гадна гэрт 10 настай хүү Т.Тэмүүлэн, 9 сартай охин Т.Тэмүүлэл нар байсан. Манай эхнэр намайг урьд өмнө цохиж зодож байгаагүй, бид хоёр гэр бүл болоод 11 жил болж байна. Энэ хугацаанд дундаасаа 1 хүү, 1 охинтой болсон. Тухайн өдөр манай эхнэр гар хөлөөрөө миний цээж, хөл рүү цохиод байсан. Миний зүүн талын цээжний хэсэгт гэмтэл учруулсан, өөр ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Надад эхнэрээсээ нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр одоо эвлэрсэн учир ямар нэгэн гомдол санал байхгүй. Би шүүх хуралд оролцоно.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15х, 206-207х/,

- гэрч Л.Пүрэвдарийн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 16-ны шөнө гэртээ самбар хийгээд байт байтал 04 цагийн үед П.Тийн хүү Т.Тэмүүлэн манай гэрт орж ирээд “ээж аавыг хутгалчихлаа” гэхээр нь би гэрт нь яваад очиход миний хүү П.Т зүүн талын цээжний хэсэгт зүүн гараараа дараад чимээгүй сууж байсан. Тэгэхээр хоёр хүүхдийг нь гэртээ оруулаад байж байхад цагдаа ирээд О.Мийг аваад явсан. Би П.Тийн хүүгээс юу болсон талаар асуухад “аав ээжийг архи уусан байна гэсэн чинь ээж уурлаад аавтай маргалдаж байгаад аавын цээж рүү нь хутгалсан” гэж хэлж байсан.

П.Т, О.М нар гэр бүл болоод 11 жил болж байгаа. Энэ хугацаанд дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Мөн О.М гадаад улсад 3-4 жил ажил хийж байгаад ирээд үе үе пиво уудаг болсон. Одоо 10 сартай, бага охиноо хараад гэртээ байгаа. Урьд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн асуудал гарч байгаагүй, би харж сонсож байгаагүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х/,

- гэрч Х.Чимэдцэрэнгийн: “...Хэрэг гарсан гэх өдөр манай хүргэн П.Т “манай эхнэр намайг хутгалчихлаа, та манай гэрт хүрээд ирээч” гэхээр нь би очоод чухам юу болсоныг мэдсэн. Намайг очих үед П.Т эмнэлэг явсан байсан ба би охиноосоо юу болсон талаар асуухад “П.Т намайг алгадаад түлхэхээр нь би уурандаа ингэчихлээ” гэж байсан. Хэрэг болох үед би байгаагүй болохоор ямар асуудал болсоныг би мэдэхгүй байна.

О.М, П.Т хоёр гэр бүл болоод 11 жил болж байгаа ба энэ хугацаанд дундаасаа хүү, охин хоёртой болсон. Одоо том хүү нь 10 настай, бага охин нь 10 сартай. Миний охин хүүхдээ хараад гэртээ байдаг. Би тусдаа байдаг болохоор энэ хоёрын хоорондын харилцаа ямар байдаг талаар мэдэхгүй байна, гэхдээ гайгүй л байдаг гэж боддог юм. Хэрүүл маргаан гардаг байх, би нүдээр харж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26-27х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 389 дугаартай:

1. П.Т-н биед цээжний зүүн дээд хэсэгт хатгагдсан зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий шингэн хуралт, хэвлийд хатгагдсан шарх, зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц иртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 54х/,

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Ө.Сарангэрэлийг байцаасан тэмдэглэлд:

“...П.Тийн хэвлийн өмө хэсэгт 0.1х0.1 см хэмжээтэй нүдэнд харагдах тов тогтсон шарх байсан. Уг гэмтэл нь тухайн цаг үед үүсэх боломжтой шинэ шарх байсан. Хурц иртэй зүйлээр үүсэх боломжтой. Миний хэлсэн ярьсан зүйл үнэн зөв, нэмж хэлж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 69х/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 640 тоот шинжээчийн дүгнэлт:

1. Эмэгтэй хүн төрсөний дараах сэтгэл гутралд орж болох бөгөөд төрсөн эмэгтэй хүн болгон төрсөний дараах сэтгэл гутралд ордоггүй болно.

2. Төрсөний дараах сэтгэл гутрал хэдий хугацаанд үргэлжилдэг эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй болно.

3. Төрсөний дараах сэтгэл гутралын гол шинж тэмдэг нь сэтгэл гутралын хам шинж болно.

4. Төрсөний дараах сэтгэл гутрал нь өвчний олон улсын 10 дугаар ангилалын оношлогооны шалгуур шинж хангаж байвал сэтгэцийн эмгэгт хамааруулж ойлгож болно.

5. Төрсөний дараах сэтгэл гутралын хүнд үед өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадвараа алдах боломжтой.

1. О.Мийн хувьд 2018 оны 12 сарын 16-ны өдөр төрсөний дараах сэтгэл гутралд орсон гэх шинж тэмдэг үгүй байна.

2. О.М нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. О.М нь юмыг зөвөөр тусган ойлгож үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. О.М нь өөрийн үйлдлийг удирдан жолоодож хянах чадвартай байна” гэсэн дүгнэлт /хэргийн 212-214/,

- хар өнгийн 10 см урт бариултай, 9 см урт үзүүртэй нийт 18.8 см урттай, 2 см өргөнтэй хутга 1 ширхэгийг хэрэгт мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 52х/,

- хохирогч П.Тийн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх /хэргийн 57-65х/,

- шүүгдэгч О.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс ялгагдана.

 

Санаа сэтгэл хүчтэй цочирч давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчдах шалтгаан нь үүнтэй шууд холбоотой, түргэн зуур болдог онцлогтой.

 

Түүнчлэн хохирогчийн хууль бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэг байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон гэмт этгээд сэтгэл санааны хүчтэй цочролд автаж, хоромхон зуур өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулахад хүргэдгээрээ санаатай үйлдэгдэх гэмт хэргээс ялгагддаг болно.

 

Шүүгдэгч О.Мийг зэвсэг хэрэглэн халдахаас өмнө хохирогч П.Т нь “пиво уух гэлээ” гэж уурлан бухимдаж, улмаар нүүрэн тус газар нь нэг удаа алгадаж, өөрт нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас түүний санаа сэтгэл гэнэтийн цочролд орсон, улмаар хохирогчийг хутгалж биед нь хүнд хохирол учруулсан үйлдэл хоёр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.

 

Прокуророос шүүгдэгч О.Мийн үйлдлийг “...хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан...” гэмт хэргийн шинжтэй гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн хэргийн зүйлчилэл тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлууд мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч О.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Иймд шүүгдэгч О.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэн цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,

- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Тухайн хэргийн нөхцөлд хохирогч П.Тийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь тухайн гэмт хэргийн хохиролд, учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ оношилгоо хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь хохирол учируулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдоно.

 

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч П.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө “...эхнэр О.Мт одоо ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” хэмээн мэдүүлж /хэргийн 15х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч О.М нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 115х/ авагдсан ба энэ нь түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.  

 

Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.  

 

Шүүх, шүүгдэгч О.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй байдал, мөн 01 /нэг/ нас 02 /хоёр/ сар 25 хоногтой хөхүүл хүүхэдтэй /2018 оны 3 сарын 05-ны өдөр төрсөн охин Т.Тэмүүлэл/ нөхцөл байдал болон хохирогч П.Т нь “гомдол саналгүй” гэснийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж, “..., гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ...-д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно.” гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн 10 см урт бариултай, 9 см урт үзүүртэй нийт 18.8 см урттай, 2 см өргөнтэй 1 ширхэг хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлэх нь зүйтэй.  

 

Энэ хэрэгт О.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, мөн хохирогч П.Т нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

                                                              ТОГТООХ нь:

 

1. Т овогт О-ын Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Мт 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мт оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Мт 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар О.М нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаанд “хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн болон санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд” шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг О.Мт анхааруулж мэдэгдсүгэй. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн 10 см урт бариултай, 9 см урт үзүүртэй нийт 18.8 см урттай, 2 см өргөнтэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй. 

 

7. Энэ хэрэгт О.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.Т нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  С.БАЗАРХАНД