Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 392

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Ч-ийн Н, Х овогт М-ийн С нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 18100 1624 0413 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Пүрэвтогтох /томилолтоор/, шүүгдэгч /хохирогч/ Ч.Н, шүүгдэгч /хохирогч/ М.С нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сайншанд суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эх, ах, дүү нарын хамт амьдрах, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Чойр гудамжны 5 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Ч-ийн Н /РД:/,

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээ суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Чойр гудамжны 127 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт М-ийн С /РД:/,

                                                      

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

1. Шүүгдэгч М.С нь согтуугаар 2018 оны 6 дугаар 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Туул” голын эрэг дээр “Ууганбаярыг дээрэлхэж цохилоо” гэх шалтгаанаар Ч.Нтэй харилцан зодолдож, түүний нүүрэн тус газар цохих, түлхэж унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Ч.Н нь согтуугаар 2018 оны 6 дугаар 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Туул” голын эрэг дээр “Ууганбаярыг дээрэлхэж цохилоо” гэх шалтгаанаар М.Сын толгойн тус газар чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

 

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн хохирогч, шүүгдэгч Ч.Н, М.С нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээ эдлэхээс сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд тус тус “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан баримттай тул хохирогч болон шүүгдэгч нарын ”өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ч.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн байгаа. Яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан, хуулийн зүйл заалтын учир холбогдлыг ойлгож байгаа. Би гэм буруу болоод хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Энэ хүсэлт хэвээрээ дэмжиж байна, прокурортой тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналыг зөвшөөрч байгаа.

Тухайн гэмт хэрэг гарах үед би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэхдээ өөрийгөө авч явах чадвартай байсан. М.С урьд нь хамт ажиллаж байсан нутгийн Ууганбаатартай юм яриад сууж байхад нь би “тэр хоёрыг муудалцаж байна” гэж буруу ойлгоод маргалдаад зодооныг эхлүүлсэн.

Би М.Стай багын найзууд байгаа юм. Би М.Сыг гараараа 1-2 удаа цохиж байгаад, сүүлд чулуугаар толгойн тус газар нь цохиж хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүгдэгч М.Саас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн байгаа. Яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан, хуулийн зүйл заалтын учир холбогдлыг ойлгож байгаа. Гэм буруу болоод хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Энэ хүсэлтээ дэмжиж байна, прокурортой тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналыг зөвшөөрч байгаа.

Би тухайн хэрэг гарах үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, тэгээд нэг мэдэхэд цагдаа ирсэн байсан. Тухайн өдөр долуулаа гурван шил архи хувааж уусан байсан. Ч.Н бид хоёр багын найзууд байгаа юм. Найзыгаа цохисон нь миний буруу. Наранхүү намайг чулуугаар цохихоор нь зөрүүлээд түүнийг цохисон.” гэсэн мэдүүлэг

 

3. Хохирогч Ч.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Одоогийн байдлаар М.Саас нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

4. Хохирогч М.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Хохирогчийн хувьд хэлэх зүйл байхгүй. Ч.Нд гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 18100 1624 0413 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Нгийн хохирогчоор өгсөн:

“...Би “Наран титан” ХХК-д 2009 оноос эхлэн барилгын туслах ажилтнаар ажиллаж байгаа юм. Манай компани нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эс Эс” компанийн хашаанд баригдаж байгаа “Эс Эс гарден” хотхоны барилгыг барьж байгаа юм. 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр манай компанийн ажилчид амарсан болохоор “амарч байгаа нэг өдрөө хамтдаа салхинд гаръя” гээд хамт ажилладаг Батжаргал, Ууганбаяр, Баасанхүү, Хосбаяр, Содбаяр, Хонгорзул нарын хамтаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Туул голын эрэг дээр очсон. Замдаа дэлгүүрээс 0.75 литрийн савалгаатай “Монгол Стандарт” нэртэй 3 шил архи, ус, ундаа, идэж уух зүйл худалдан аваад, голын эрэг дээр хувааж уусан. Сүүлийн архиа ууж байхад Содбаяр, Ууганбаяртай маргалдаад эхэлсэн ба тэрээр Ууганбаярын нүүр рүү нь цохиж, хамар, амнаас цус гарчихаар нь тэдний дундуур нь ороод салгах гэхэд М.С миний уруул руу баруун гараараа нэг удаа хүчтэй цохиход миний уруулын баруун дотор тал нь язарсан. Тэгээд намайг үсдэж баруун уруул, эрүү орчим руу өшиглөөд байхаар нь би босож ирээд цээж рүү нь түлхэж хойшоо унагасан. Би газраас чулуу авч аваад дух руу нь нэг удаа цохиход түүний духнаас цус гарч, нүүрийг нь дагаад урссан юм. Тэгж байтал гэнэтхэн л цагдаа нар ирээд намайг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд авчирсан. Харин Содбаярыг эмнэлгийн машин аваад явсан. Цагдаагийн байгууллагад хэн дуудлага өгсөн болохыг мэдээгүй.

Содбаяр намайг цохисоны улмаас одоо миний эрүү, уруул орчим хавдаад, доод талын бүх шүд хөндүүр байна. Содбаяр бид хоёр зууралдаад ноцолдож байхад зүүн тохой, шилбэ зулгарсан. Харин Содбаярын толгой нь хагарсан. Тухайн болсон асуудлыг Содбаярын эхнэр Хонгорзул, Батжаргал, Ууганбаяр, Хосбаяр, Баасанхүү нар харсан ба бид бүгд нилээн согтолттой байсан. Гэхдээ би өөрийн үйлдлээ маш сайн санаж байна. Содбаяр бид хоёр найзлаад 7-8 жил болж байгаа бөгөөд бид хоёр нэг нутгийн хүмүүс байгаа юм. Бидний дунд өр авлага, өш хонзон гэх зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Миний хувьд гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20х, 28х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Сын хохирогчоор өгсөн:

“...2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын эрэг орчимд хамт ажилладаг Батжаргал, Ууганбаяр, Хосбаяр, Баасанхүү манай эхнэр Хонгорзул, Наранхүү бид нар “хамт голын эрэг дээр очиж салхинд сууцгаая” гэж очоод “Монгол Стандарт” нэртэй 3 шил архийг Хонгорзулаас бусад нь уусан. Тэгээд би ажлынхаа Ууганбаяр гэх хүнтэй юм яриад сууж байхад Наранхүү ирээд “чи яагаад байгаа юм, Ууганбаярт томроод байгаа юм уу” гэхээр нь “үгүй хөгшөөн, бид 2 хоорондоо юм ярьж байна” гэхэд Наранхүү гартаа чулуу барьсан байгаа харагдсан. Тэгэхэд манай эхнэр Хонгорзул тэр чулууг нь хаяулсан.

Удалгүй Наранхүү буцаж ирэхээр нь би эргээд хартал чулуугаар миний дух руу цохихоор нь би эргүүлээд Наранхүүгийн шанаа хэсэгт нь цохисон. Тэгээд эмнэлгийн машин ирээд намайг үзэж байхад Цагдаагийн байгууллагын алба хаагч нар ирээд Наранхүүг авч яваад, бусдыг нь “явцгаа” гээд явуулсан. Би Гэмтлийн эмнэлэгт ирээд духан дээрээ оёдол тавиулсан. Тэгээд маргааш нь эхнэртэйгээ хамт Цагдаагийн байгууллагад ирж, өргөдөл гомдол бичиж өгсөн.

Наранхүү бид хоёр 4 жил хамт барилга дээр ажилласан. Ууганбаяр одоо цэргийн албанд явсан байгаа. Тухайн үед Наранхүү бид 2 хоорондоо муудалцаж бие биенийгээ цохисон, ямар нэгэн шалтгаан байгаагүй. Зарим нэг нь архи уугаад согтоод, тасарсан байсан учир бид хоёрыг салгах чадваргүй байсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-26х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Хонгорзулын гэрчээр өгсөн:

“...2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын эрэг орчимд манай нөхөр Содбаяртай хамт ажилладаг Батжаргал, Ууганбаяр, Хосбаяр, Баасанхүү, Наранхүү нарын хамт голын эрэг дээр очоод “Монгол Стандарт” нэртэй 3 шил архийг надаас бусад нь хувааж уусан.

Тэгээд Содбаяр Ууганбаярт “чи дүү юм байж ах нарынхаа өөдөөс янз бүрийн юм ярьж болохгүй шүү” гээд сууж байхад Наранхүү цаанаас нь Содбаярт “чи яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм” гэхэд Содбаяр “чамд хамаагүй, чи цаашаа байж бай” гээд түлхээд эргээд Ууганбаяр дээр очоод дахиад юм ярьж байхад Наранхүү газраас чулуу бариад шидэх гэж байхаар нь би Хосбаярт “хөөе наад Наранхүү гартаа чулуу барьсан байна” гэсэн. Тэгэхэд Хосбаяр очоод гарт барьсан чулууг нь аваад хаяулсан. Удалгүй Наранхүү Содбаяр дээр очоод татахаар нь Содбаяр эргэж хараад, Наранхүүг түлхэхэд тэр газарт унасан. Наранхүү газарт унаад босохдоо чулуу барьсан байсан. Би орилохын завдалгүй Наранхүү Содбаярын дух хэсэг рүү нь чулуугаар цохисон юм. Тэгэхэд Содбаяр “яагаад намайг цохиж байгаа юм бэ” гээд Наранхүүгийн уруул руу нь гараараа цохисон. Тэгээд Ууганбаяр, Хосбаяр хоёр Содбаярын нүүрийг угааж байхад Цагдаагийн байгууллагын алба хаагч нар болон түргэн тусламжийн машин ирээд Содбаярыг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Харин Наранхүүг цагдаа нар авч яваад, эрүүлжүүлэх байранд хонуулсан. Тэгээд маргааш нь буюу би 6 дугаар сарын 27-ны өдөр нөхөртэйгээ хамт Цагдаагийн хэлтэс дээр ирээд өргөдөл бичиж өгсөн.

Тухайн үед тэнд байсан хүмүүс бүгдээрээ согтуу байсан ба Баасанхүү, Батжаргал хоёр хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Манай нөхөр Содбаяр, Наранхүү нар мөн нилээн согтуу, унтаж байгаад босож ирсэн юм. Маргалдах ямар нэгэн шалтгаан байгаагүй, Наранхүү нилээн согтуу, Ууганбаярыг дээрэлхэж байна гэж ойлгоод Содбаярын нүүрэн тус газар чулуугаар нэг удаа цохисон. Харин манай нөхөр гараараа Наранхүүгийн нүүрэн тус газар нэг удаа цохисон. Үүнийг Хосбаяр харсан байх.” гэсэн мэдүүлэг /хэргийн 32-33х, 35х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Баасанхүүгийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 26-ны 13:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын эрэг дээр хамт ажиллаж байсан дүү Наранхүү болон Ууганбаяр, Хосбаяр, Батжаргал, Содбаяр түүний эхнэр Хонгорзул нарын хамтаар 3 шил архи хувааж уугаад, би 2 дахь шил архин дээр тасраад унтсан байсан. Тэгээд би сэрэхэд гэртээ унтаж байсан. Тухайн үед бид нарын ажиллаж байсан барилга амраад, “голын эрэг дээр салхинд сууцгаая” гээд явцгаасан. Ууганбаяр, Батжаргал хоёр намайг хүргэж өгсөн байх. Би юу болсон талаар мэдэхгүй байна. Надаа өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 38х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Батжаргалын гэрчээр өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 26-ны 13:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын эрэг дээр хамт ажиллаж байсан Наранхүү, Баасанхүү, Ууганбаяр Хосбаяр, Содбаяр болон түүний эхнэр Хонгорзул нарын хамтаар 3 шил архи хувааж уугаад сууж байхад Баасанхүү бид хоёр тасраад унтсан байсан. Тэгээд нэг сэрэхэд цагдаа болон эмнэлгийн машин ирсэн байсан. Цагдаагийн алба хаагч нар Содбаяр Наранхүү хоёрыг авч яваад, үлдсэн хүмүүст “явцгаа” гээд бид хэд явцгаасан. Тухайн өдөр амралтын өдөр байсан болохоор бид “салхинд гарцгаая” гээд голын эрэг очсон. Архи уугаад намайг тасрахаас өмнө бүгдээрээ янз бүрийн юм яриад зүгээр сууцгааж байсан юм. Содбаяр, Наранхүү нар нь миний мэдэхийн муудалцаж байгаагүй багын найзууд. Содбаярын баруун талын дух хэсэг нь язраад цус гарсан байсан, харин Наранхүүгийн уруул нь язраад цус гараад, хувцас нь цус болсон байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 40х/,

 

6. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шинжилгээний 8256 дугаартай:  

1. М.С-н биед духанд шарх, хамар, хүзүү, зүүн шуу, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 42х/,

 

7. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шинжилгээний 8259 дугаартай:  

1. Ч.Нгийн биед зүүн доод 1,3-р шүдний сулрал, доод уруулын салстад шарх, зүүн тохой, зүүн хөлийн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 44х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Пүрэвхүүгийн гэрчээр өгсөн:

“...Наранхүү нь миний төрсөн дүү байгаа. Говьсүмбэр аймгийн 2 дугаар 10 жилийн сургуулийг төгссөн. Наранхүү хүнд их тусархуу, ажилсаг, дуу цөөтэй хүүхэд. Уг нь архи дарс хэрэглэдэггүй байсан. 2018 оноос барилган дээр ажиллаж эхэлсэнээс хойш хааяа архи, пиво уугаад байдаг. Би урьд Наранхүү ямар нэгэн хүнтэй маргалдаж байхыг хараагүй. Манай дүү хөгжлийн бэрхшээлтэй ээж, эгч нарыгаа тэжээдэг, халамжтай хүүхэд. Ажил нь амарсан үед ээж, эгч 2 дээрээ очих гээд л нутаг руу яваад байдаг. Хүнд уруу татагдах гээд байдаг муу зуршилтай, хүний мөн чанарыг хараагүй байж тэр хүний үгээр байдаг. Эхнэр, хүүхэдгүй ганц бие. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 65х/,

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Нгийн яллагдагчаар өгсөн:

“...Би яллагдагчаар татсан проку тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. М.С тухайн үед хамт ажиллаж байсан Ууганбаярыг дээрэлхээд байгаа юм шиг санагдаад байхаар нь би уурандаа Содбаярын нүүрэн тус газарт нь цохисон. ...Ууганбаяр одоо хугацаат цэргийн албанд явсан. Хаана, ямар цэргийн ангид байгааг нь мэдэхгүй байна. Тэр өдрөөс хойш Хосбаяртай холбоо барихаа больсон, хүмүүсээс сонсоход хотод ажил хийж байгаа сурагтай байсан. Содбаяр бас миний биед гэмтэл учруулсан, тэгээд ч бид хоёр найзууд учраас нэг нэгнээсээ хохирол нэхэмжлээгүй. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухаарч байна. Миний буруу, цаашид дахиж ийм асуудал гаргахгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 62х/,

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Сын яллагдагчаар өгсөн:

“...Би яллагдагчаар прокурорын татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Наранхүү, Батжаргал, Ууганбаяр, Хосбаяр, Баасанхүү болон эхнэр Хонгорзул нарын хамтаар Туул голын эрэг дээр амрахаар очсон. Намайг Ууганбаяртай юм яриад сууж байхад Наранхүү “муудалцаж, дээрэлхэж байна” гэж буруу ойлгоод надтай муудалцсан. Би түүний нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохиж, бид 2 ноцолдоод газар унасан. Болсон асуудлыг манай эхнэр Хонгорзул харсан байх, бусад хүмүүс нь архи уугаад тасраад унтаж байсан. Одоо Хосбаяр нь хотод байгаа гэж сонссон, тэрнээс хойш бараг уулзаагүй. Яг хаана, ямар ажил хийж амьдарч байгааг нь мэдэхгүй байна. Ууганбаяр хугацаат цэргийн албанд яваад 6 сар болж байгаа, аль цэргийн ангид алба хааж байгааг нь би мэдэхгүй байна.

Наранхүүгийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Наранхүү бид хоёр найзууд учраас нэг нэгнээсээ ямар нэгэн нэхэмжлээгүй, надад гомдол санал байхгүй. Миний хувьд урьд нь Наранхүүтэй маргалдаж байгаагүй. Наранхүү бид нэг аймагт амьдардаг, багын найзууд байгаа юм. 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болсон үйл явдлаас хойш хэвийн харьцаатай байгаа. Наранхүү хотод барилга дээр ажиллаж байгаа. Хааяа утсаар ярьдаг. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухаарсан. Архи, согтууруулах ундаа хэрэглэснээс болоод ийм зүйл болсон. Миний буруу, цаашид дахиж ийм асуудал гаргахгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 72-73х/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 77х, 109х/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 79х, 113х/, “Урьхан” зоогийн газрын ажил байдлын тодорхойлолт /хэргийн 83х/, шүүгдэгч нарын Хаан банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 86-98х, 119-120х/, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 117х/, шүүгдэгч нараас өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 148-149х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч эмч нар гаргасан тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Ч.Н, М.С нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн нэр бүхий хохирогч нар нь эмчилгээний төлбөр зардал нэхэмжлээгүй, гомдол саналгүй болохоо тус тус илэрхийлж прокурорын хяналтын шатанд /хэргийн 148-149х/ нэр бүхий шүүгдэгч нар нь тус бүрдээ “өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлтийг прокурорын хяналтын шатанд бичгээр гаргасныг прокурорын 2019 оны 01 сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор хүлээн авч, хангаж шийдвэрлэн Ч.Н, М.С нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулахад, хохирогч, шүүгдэгч нар нь зөвшөөрч татгалзаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна. 

 

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Н, М.С нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч М.С нь согтуугаар 2018 оны 6 дугаар 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Туул” голын эрэг дээр “Ууганбаярыг дээрэлхээд, томроод байна уу” гэх шалтгаанаар Ч.Нтэй маргалдаж, таарамжгүй харилцаа үүсгэн, түүний нүүрэн тус газарт гараараа цохих, түлхэж унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь “...зүүн доод 1,3-р шүдний сулрал, доод уруулын салстад шарх, зүүн тохой, зүүн хөлийн шилбэнд зулгаралт” гэмтэл бүхий бүхий хөнгөн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Ч.Н нь согтуурсан үедээ 2018 оны 6 дугаар 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Туул” голын эрэг дээр “Ууганбаярыг дээрэлхэлээ” гэж М.Сын толгойн тус газар чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь “...духанд шарх, хамар, хүзүү, зүүн шуу, зүүн тохойд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн тус тус учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Ч.Н /хэргийн 19-20х, 28х/, хохирогч М.С /хэргийн 25-26х/ нарын мэдүүлэг, гэрч С.Хонгорзул /хэргийн 32-33, 35х/, Ч.Баасанхүү /хэргийн 38х/, Б.Батжаргал /хэргийн 40х/ нарын мэдүүлэг баримтууд,

- хохирогч М.С-н “биед духанд шарх, хамар, хүзүү, зүүн шуу, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шинжилгээний 8256 дугаартай дүгнэлт /хэргийн 42х/,

- хохирогч Ч.Нгийн “биед зүүн доод 1,3-р шүдний сулрал, доод уруулын салстад шарх, зүүн тохой, зүүн хөлийн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шинжилгээний 8259 дугаартай дүгнэлт /хэргийн 44х/ болон шүүгдэгч Ч.Н, М.С нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

 

Хэргийн хохирогч Ч.Нгийн биед учирсан “зүүн доод 1,3-р шүдний сулрал, доод уруулын салстад шарх, зүүн тохой, зүүн хөлийн шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч М.С түүний нүүрэн тус газар цохих, түлхэж унагах зэргээр зодсон үйлдэлтэй,

- хохирогч М.Сын биед учирсан “биед духанд шарх, хамар, хүзүү, зүүн шуу, зүүн тохойд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Ч.Н түүний толгойн тус газар чулуугаар цохисон үйлдэлтэй тус тус шалтгаант холбоотой болох нь нотлогдож тогтоогдсон, нэр бүхий шүүгдэгч нарын дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.    

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас нэр бүхий шүүгдэгч М.С, Ч.Н нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэм буруутай үйлдэлд нь тохирсон  байна.

 

Хэргийн шүүгдэгч М.С, Ч.Н нар нь тус тус хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ тус тус хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, мөн тэдгээр нь хохирогчийн хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр эвлэрэн хэлэлцсэн үндэслэлээр шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг тус тус тэмдэглэх нь зүйтэй.  

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүх шүүгдэгч М.С, Ч.Н нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн харицлага хүлээлгэх үндэслэлтэй.  

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч М.С, Ч.Н нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэдгээр  хэрэгт хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ тус тус “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн”  хэмээн мэдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй байна.

 

Иймд шүүгдэгч М.С, Ч.Н нарын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.С, Ч.Н нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай хэргийн 77, 109 талд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт авагдсан ба энэ нь нэр бүхий шүүгдэгч нарыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хуульд заасан үндэслэл болно.

 

Нэр бүхий шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох юм.    

   

Шүүгдэгч М.С, Ч.Н нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болохыг шүүх тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, тэдгээр нь  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд М.С, Ч.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарын ажил эрхлэлтийн байдал, орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэв.  

 

Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.С, Ч.Н нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                                  ТОГТООХ нь:

 

1. Х овогт Ч-ийн Н, Х овогт М-ийн С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Н, М.С нарыг тус бүрийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.Н, М.С нар нь торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан нарт мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Ч.Н, М.С нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.С, Ч.Н нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.Н, М.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БАЗАРХАНД