Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 882

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 05 өдөр         Дугаар 181/ШШ2016/00882           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, С.Шаравын гудамж 32 байр, 205 тоотод оршин суух, Онгийн оточ овогт Чандманийн Долгорсүрэн /РД:ХД83061408/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, UB mart худалдааны төв 503 тоотод байрлах, “Орчлон констракшн” ХХК /РД:2747804/-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 3,760,253 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Ч.Долгорсүрэн нь “Орчлон констракшн” ХХК-тай Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 32 дугаар орон сууцны 2 дугаар орцны 8 давхарт 69,95 м.кв 3 өрөө 195 тоотыг 28 дугаартай гаражийн хамт захиалан 2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 03/040 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ” болон 11/714 тоот дулаан зогсоол захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан.

Ч.Долгорсүрэн гэрээнд зааснаар орон сууцны нийт төлбөр 101,427,500 төгрөгийн 50 хувь болох 50,713,750 төгрөгийг мөн гаражийн нийт төлбөр болох 16,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө төлсөн. Орон сууцны үлдэгдэл 50 хувь болох 50,713,750 төгрөгийн төлбөрийг байр ашиглалтад орох үед буюу 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлж гэрээний үүргээ биелүүлсэн.

“Орчлон констракшн” ХХК гэрээний 3.1-д орон сууцны барилгыг 2012 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгнө гэсэн боловч 2013 оны 4 дүгээр улиралд хугацаа хэтрүүлэн хүлээлгэн өгсөн.

Талууд гэрээгээр “Орчлон констракшн” ХХК нь үүргээ 45 хоногоос илүү хугацаагаар биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05%-тай тэнцэх алдангийг хоног тутамд тооцож Ч.Долгорсүрэнд төлөхөөр тохирсон.

Энэ дагуу орон сууц ашиглалтад орсны дараагаар алданги нэхэмжилсэн өргөдлийг “Орчлон констракшн” ХХК-д өгсөн бөгөөд хэзээ олгох талаар лавлахад бид алдангийг тооцоолсон удахгүй олгоно гэсэн. Үүнээс хойш асуух болгонд олгоно гэж хойшлуулсан хугацаа хэлсээр өнөөг хүрлээ.

Иймд гэрээний 3.14-т заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги 3,760,253 төгрөгийг шүүхээр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Алдангийн хэмжээг тооцохдоо гэрээ байгуулсан 2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс барилгыг улсын комисс хүлээж авсан 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх 618 хоногийг 100%-ийн үүрэг гэж үзэж, гэрээгээр тохирсон барилга ашиглалтад орох байсан 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 45 хоногийг тооцож, 2013 оны 2 дугаар сарын 15-аас 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх 264 хоногт хувилж, гарсан 42,7%-ийг гэрээний нийт төлбөр 66,713,750 төгрөгөөр үржүүлж, гарсан 28,486,771 төгрөгийг 0,05%-аар үржүүлж, гарсан 14,243.3 төгрөгийг хугацаа хэтэрсэн 264 хоногт үржүүлж 3,760,253 төгрөгийг гаргасан байгаа.

Хариуцагчийн хугацаа хэтрүүлэн гүйцэтгэсэн ажлын хэмжээг өөрөөр тодорхойлох боломжгүй байсан тул энэхүү тоон аргачлалаар тооцсон болно.

Иймд нэхэмжлэлийг хангаж, хариуцагчаас 3,760,253 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Ч.Долгорсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох хугацаа хэтрүүлсний алданги 3,760,253 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “Орчлон констракшн” ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу орон сууцыг бүрэн ашиглалтад оруулан хүлээлгэн өгсөн бөгөөд хугацаа хэтрүүлсний алдангийг харилцан тохиролцож дуусгасан гэж үзэж байна гэжээ.      

 

Шүүх талуудаас гаргасан тайлбар болон нэхэмжлэгч талаас гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасанд нийцсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзсэний үндсэн дээр

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Долгорсүрэн нь хариуцагч “Орчлон констракшн” ХХК-аас гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр алдангид 3,760,253 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбараар гаргаснаас өөрөөр татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, тус шүүхэд хэрэг шилжиж ирснээс хойш хариуцагч тал хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох замаар хуульд заасан мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, энэ талаарх санал, хүсэлтийн алиныг ч шүүхэд гаргаагүй тул шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

 “Орчлон констракшн” ХХК нь 2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Ч.Долгорсүрэнтэй байгуулсан “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Эв Эе 28 дугаар байрны 2 дугаар орц, 8 давхрын 195 тоот 69,95 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 101,427,500 төгрөгөөр, “Дулаан зогсоол захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Эв Эе 28 дугаар байрны зоорийн давхрын 28 дугаартай 28,8 м.кв талбайтай дулаан зогсоолыг 16,000,000 төгрөгөөр тус тус 2012 оны 4 дүгээр улиралд батлагдсан зураг, төсвийн дагуу барьж хүлээлгэж өгөх, Ч.Долгорсүрэн нь  гэрээ байгуулагдсан өдөр орон сууцны төлбөрийн 50% болох 50,713,750 төгрөг, дулаан зогсоолын төлбөр 16,000,000 төгрөг, байр ашиглалтад ороход орон сууцны үлдэгдэл 50% болох 50,713,750 төгрөгийг тус тус бэлэн мөнгөөр төлөхөөр тохиролцсон байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд хуульд зааснаар … ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч  нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

 

Нэхэмжлэгч нь 2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр орон сууцны төлбөрийн 50% болох 50,713,750 төгрөг, дулаан зогсоолын төлбөр 16,000,000 төгрөгийг тус тус төлсөн ба орон сууц, дулаан зогсоолоо 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн өдрөө 50,713,750 төгрөгийг төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болох нь мөн өдрүүдийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, шинэ орон сууц хүлээлцэх акт, байрны авлагын дэлгэрэнгүй тооцоо гэх баримтуудаар нотлогдсон байна.

 

Харин хариуцагч нь гэрээний 3.1-д заасан хугацаанд буюу 2012 оны 4 дүгээр улиралд батлагдсан зураг, төсвийн дагуу орон сууц, дулаан зогсоолыг барьж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлж чадаагүй 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүргэсэн болох нь шинэ орон сууц хүлээлцсэн акт болон Ч.Долгорсүрэнгийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 000325049 тоот гэрчилгээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Ажил гүйцэтгэгч “Орчлон констракшн” ХХК нь гэрээ болон Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй тул гэрээний 3.14-т “А тал үүргээ 45 хоногоос илүү хугацаагаар биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05%-тай тэнцэх алдангийг хоног тутам тооцож Б талд төлнө” гэж заасны дагуу захиалагч Ч.Долгорсүрэнд алданги төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь талуудын тохирсны дагуу ажил гүйцэтгэх хугацаа 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссанаас хойш 45 хоногоос буюу 2013 оны 2 дугаар сарын 15-наас ажлыг хүлээлгэн өгсөн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаа /301 хоног/-ны гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05%-тай тэнцэх алдангийг хоног тутам тооцож хариуцагчаас шаардах эрхтэй боловч барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт гарсан гэх 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх 264 хоногийн алданги шаардсаныг үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн байдлаарх хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг тодорхойлохдоо гэрээ байгуулсан 2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс барилгыг улсын комисс хүлээж авсан 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх 618 хоногийг 100%-ийн үүрэг гэж үзэж, гэрээгээр тохирсон сүүлийн хугацаа болох 2013 оны 2 дугаар сарын 15-аас 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх 264 хоногт хувилж, гарсан 42,7% /264*100%:618=42.7/-ийг гүйцэтгээгүй үүрэгт тооцож, түүнд ногдох үнийн дүнг урьдчилж төлсөн 66,713,750 төгрөгийн 42,7% болох 28,486,771 төгрөгөөр тогтоож, 28,486,771 төгрөгөөс хоногийн 0,05%-аар 264 хоногийн алданги 3,760,253 төгрөг /(28,486,771х0,05%)x264хон/-ийг гаргажээ.

 

Шүүх тодорхой ажил гүйцэтгэх үүрэг бүхий гэрээний хугацаа хожимдуулснаас үүссэн хариуцлагын талаарх энэхүү маргааныг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг нэхэмжлэгч өөрийн аргачлал /тоон аргачлал/-аар тооцсоныг буруутгах үндэслэлгүй, хариуцагч энэхүү аргачлалд маргаагүй, гэрээт ажил гүйцэтгэгдэж дууссан тул 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг ямар хэмжээтэй байсныг одоо тогтоох боломжгүй  зэрэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иймд “Орчлон констракшн” ХХК-аас 3,760,253 төгрөг гаргуулж Ч.Долгорсүрэнд олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан “Орчлон констракшн” ХХК-аас 3,760,253 төгрөгийг гаргуулж Ч.Долгорсүрэнд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75,114 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 75,114 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Ө.УЯНГА