| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лоолгойн Нямдорж |
| Хэргийн индекс | 145/2024/00565/И |
| Дугаар | 204/МА2025/00012 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 204/МА2025/00012
2025 оны 5 сарын 26 204/МА2025/00012
Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанд
Нэхэмжлэгч Ц.Ц ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг /цахимаар/,
Хариуцагч А.Ө ,
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 314/ШШ2025/00213 дугаар шийдвэртэй Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй А.Ө өд холбогдох “хүүхдийн асрамж тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би цэргээс 2019 онд халагдаж ирээд А.Ө тэй үерхэж эхэлсэн. А.Ө манай дүүгийн анги байсан болохоор бие биеэ таньдаг байсан. 2019 онд А.Ө тэй танилцаад удаагүй байхдаа аав, ээжтэй нь танилцсан. А.Ө аав, ээжтэйгээ харилцаа муутай байдаг байсан. Аав, ээжийндээ хоёр, гурав хоног болоод л хэрэлдээд буцаад ирдэг байсан. Миний бие 2021 онд найзын хамт Улаанбаатар хотод тавилгын үйлдвэрт мужаан хийдэг байсан. Тэр үед А.Ө ч гэсэн Улаанбаатар хотод ажилладаг байсан. Нэг өдөр А.Ө над руу залгаад би чамтай байр түрээслээд хамт амьдарна гэхээр нь яасан юм бол доо гээд учрыг нь асуусан чинь ээжийнхээ хамт амьдарч байгаа хүн болоод түүний хоёр хүүхэдтэй нь таарахгүй байна, тийм болохоор хоёулаа хамт амьдаръя, би маргааш хувцсаа аваад очъё гэж хэлсэн. Маргааш нь хувцсаа аваад найз бид хоёр дээр хүрээд ирсэн. Хүрээд ирсэн болохоор яаж найзтайгаа хамт байгаад байхав дээ гээд бид хоёр байр түрээслээд тусдаа гарсан. Байр түрээслээд эхний өдрөөс эхлээд намайг хөөсөн. Яагаад гэхээр гэрт байх бүх зүйлс бид хоёрт дутмаг байсан. А.Ө байранд ийм, ийм зүйл дутуу байна гэх шалтгаанаар намайг хөөж байсан. Тэгэхээр нь би одоо ингэж байгаа бол цаашид хамт амьдраад хэрэггүй гэж хэлтэл би чамайг явуулахгүй гээд өвдөг сөгдөөд гуйж байсан. Хамт амьдарч байх хугацаанд А.Ө 2-3 хүнтэй харьцаж, уулзаж намайг хуурч баригдаж байсан. Намайг хуурч байсан эгчтэйгээ ярьж байгаа яриа нь байдаг. 2022 онд бид хоёр хүүхэдтэй болсон. Хүүхэдтэй болсон гэдгээ 2 талын гэрийнхэндээ хэлсэн. Манайхан хүүхдийг зөвшөөрсөн. Гэтэл А.Ө ийн ээж Ц.Даариймаа хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүүхдээ авхуул, би ч гэсэн хүүхдээ авхуулж байсан, буруудсан зүйл алга гэж хэлж байсан. Тэгэхээр нь би эмээдээ хэлээд манай эмээ Ө.А.Ө ийн ээж рүү нь залгаж ярьж байсан. Тэгээд арай гэж зөвшөөрүүлж хүү маань төрсөн. Би Ө.А.Ө өд бүх зүйлээ хэлдэг, юу ч нуудаггүй байсан. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр А.Ө би жирэмсэн 7 хоногтой авхуулъя гэж хэлж байсан. Хэдэн долоо хоногтой юм бэ? гэсэн чинь 7 хоногтой гэж хэлсэн. Бид хоёр ярилцаад хүүхдийг авхуулахаар болсон. А.Ө үр зулбуулах эм уугаад эхэлчихсэн, мөн 12 дугаар сарын 01-ний өдөр сүүлийн эмээ ууж байгаа хүчтэй өвдөлт өгнө гэсэн гэдгийг нь мэдсэн. Тухайн үед би боорцогын үйлдвэрт ажиллаж байсан. Тухайн өдөр миний амрах өдөр байж таарсан. Тэр үед би, хүү, А.Ө , түүний ээж, эгч гээд бид хэд амьдардаг байсан. Тэр өдөр А.Ө миний ам цангаад байна, би цай уумаар байна гэхээр нь би боссон. Тэгсэн эгч нь хар цай чаначихаад явчихсан байхаар нь чи түр хар цай ууж бай, сүү гэсэхээр нь сүүтэй цай чанаж өгье гэсэн чинь усанд цай дүрсэн зүйл уудаггүй гээд уурлаад унасан. Миний хүү дөнгөж сэрээд мээмээ хөхөж байсан чинь А.Ө энэ нэг юм дандаа мээм хазаж байх юм гээд нудраад авсан. Тэгэхээр нь чи яагаад хүү бид хоёрт харгис, хөндий хандаад байгаа юм, Өөр хүнтэй болчихсон юм уу гэхэд би хөдөөнийхөө хүнтэй суудаг байж гээд хэрүүл эхэлсэн. Тэгээд А.Ө өд хандаж хоёулаа ямар ч шалтгаангүй хэрэлдэхээ болъё, хүүгийнхээ дэргэд хэрэлдэж баймааргүй байна шүү дээ гэхэд ямар хамаатай юм, тэгж байж хүн болдог юм байгаа биз дээ гэхээр нь чи хөлтэй гартай юм бол өөрөө цайгаа чана гэж хэлчхээд гарч явсан. Миний хэлсэн ганц буруу үг маань энэ байгаа юм. Тэгээд гарч түлээгээ хагалсан. Гэтэл гэнэт манай хүү чарласан. Тэгээд гэртээ ортол миний хүү уйлчихсан өөрөө цай уугаад сууж байсан. Тэгээд чи яагаад хүүдээ хойд ээж юм шиг нь хандаад байгаа юм гээд хүүдээ бантанг нь хийж өгөөд идүүлчхээд өмдөндөө шээчихсэн байхаар нь өмдийг нь сольж өгөх гээд сууж байсан чинь А.Ө чамтай биш өөр залуутай суух байсан юм гээд орилоод шууд хутга бариад миний хоолойнд тулгасан. Би чамайг ална гэхээр нь миний үхэх өдөр өнөөдөр байсан юм байна, хүүгийн нүд дээр намайг алчих гэж хэлсэн чинь А.Ө ийн гар нь чичирч, чичирч байснаа хутгаа хаясан. Тэгээд би бушуухан хүүгээ хувцаслаад гэрээс явсан. Тэгээд маргааш нь манай ах, эгчийнд юу ч болоогүй юм шиг орж ирсэн. Ямар ч гэмшсэн зүйл байхгүй, уучлаарай ч байхгүй орж ирээд чи намайг цустай хутгаж хаячхаад явсан гээд орилж, хашгираад байсан. Миний хүү хөхнөөсөө гараагүй байсан болохоор хүүгээ өрөвдөөд хүүг маань мөөмнөөс нь гарахаар өгөөрэй гэж хэлээд хүүгээ ээжид нь өгсөн. Тэгээд П.Д-гийн ээж над руу залгаад ганц хутга тулгуулсны төлөө юун сүртэй юм ухааны зүйл хэлсэн. Дараа нь ах нь над руу залгаад манай хашаагаар орж ирэх л юм бол чамайг ална гэж сүрдүүлсэн. Үүнийг манай эмээ сонсчхоод яасан айхтар улсууд вэ? гээд манай эмээ А.Ө ийн ээж рүү нь залгаж ярьсан. Энэ утасны бичлэг хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Тэр утасны бичлэгт юу гэж яригдсан гэхээр Ц-хээ шээсийг аваарай, амиа нэхүүлж авна шүү гэж хэлсэн. Тэгээд миний хүүтэй намайг огт яриулдаггүй, уулзуулдаггүй. Би яриулахгүй юм бол ядаж хүүхдээ ямар болж байгааг хармаар байна гэж байж хэдэн зураг над руу явуулсан. Одоо хэрэгт авагдсан байгаа миний хүүгийн зургуудыг А.Ө над руу явуулсан. Тээр зургуудаас харахаар миний хүүгийн хөл, гар нь шалбарчихсан, шалдан хашааны ёроолд унтаж байгаа, бас шалдан цемент шалан дээр хэвтэж байгаа гэх мэт зургуудыг над руу явуулсан. Явуулчхаад гялс устгаад хаячихсан. Би харин амжиж татаж авсан. Эцэг хүний хувьд хүүхдээ тийм байдалтай харах үнэхээр сэтгэл өвдмөөр байсан. Тийм учраас хүүгээ өөрийн асрамжид авах нэхэмжлэл гаргасан. Тийм болохоор миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг анхан шатны шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндэслэлээр гаргана гэж заасан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь шинжлэн судлахад дараах ач холбогдолтой хэргийг шийдвэрлэхэд үндэслэл болохуйц үйл баримтууд тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Нэгдүгээрт, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр цаашид амьдрах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэдгийг аль, аль тал нь хүлээн зөвшөөрдөг. Энэ үйл явдал дээр нэг ноцтой зүйл нь хариуцагч тал хутга бариад нэхэмжлэгчийн хоолойд нь тулгасан асуудал байдаг. Энэ нь нэхэмжлэгчийн тайлбар болон хариуцагчийн тайлбар, гэрчийн тайлбараар нотлогдож байна. Энэ нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан хүчирхийллийн нэг хэлбэр. Хүчирхийлэл үйлдэнэ гэдэг нь хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд хамгийн их харгалзаж үзэх нөхцөл байдлын харгалзаж үзэх ёстой зүйл гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа юм. Гэр бүлийн тухай хуулийн 14 зүйлийн 14.6-д гэрлэгчид харилцан тохиролцоогүй бол хүүхдийн нас эцэг эхийн халамж ахуйн нөхцөл бодлогын ёс суртахууны байдал хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзаж үзнэ гэж заасан Тэгэхээр хутга барьж дайрдаг, гэр бүл маргаан үүсгэдэг, хүүхдийн дэргэд гэр бүл маргаан үүсгэдэг гэдэг асуудлууд нь хүчирхийлэл үйлдсэн гэдэг зүйл нотлогдож байна гэж үзэж байна. Бусад нөхцөл байдлыг шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр халамж, ахуйн нөхцөл бололцоо, харилцааны байдлыг дүгнэсэн. Ингэж дүгнэхдээ эцэг Ц.Ц-ийн асрамжид хүү Ц.Ц-ний асран хамгаалагч тогтоох боломжтой байна гэдэг дүгнэлтийг гаргасан. Энэ дүгнэлтийг хариуцагч тал ямар нэгэн байдлаар эсэргүүцдэггүй. Эсэргүүцдэггүй гэдэг нь хүлээн зөвшөөрдөг гэж ойлгогдохоор байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс гэрэл зургийн үзүүлэлтүүдийг гаргаж өгсөн. Үүнийг тайлбарлахдаа хүүхдийг цементэн шалан дээр хэвтүүлдэг, гар хөл нь урагддаг ийм нөхцөл байдлууд байна гэдэг үүднээс баталгаажуулж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлохоор өгсөн. Нэхэмжлэгч ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин хөлс олдог гэдэг баримтуудаа өгсөн. Энэ баримтуудаар Ц.Ц хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх наад захын нөхцөлийг хангах боломжтой гэдгийг илтгэж байгаа. Хүүхдийн эрх зөрчигдөөд байна гэдэг зүйлийг нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ дурддаг. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй, мөн хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, төрсөн цагаасаа нэр авах, иргэний харьяалалтай болох, түүнчлэн эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ гэж тус тус заачихсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчим дээр явагддаг. Үнэнд нийцсэн нотлох баримттай тайлбар өгөх үүрэгтэй. Гэтэл хариуцагчийн ажил байдлын тодорхойлолтод эргэлзээ үүсээд байгаа. Ямар ч байгууллага хэдэн өгүүлбэр бичээд тамга дараад өгчихөж болдог. Гол нь үүнийг баталгаажуулсан ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримт ч юм уу баталгаатай баримт байхгүй байгаа учраас эргэлзэж байна. Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төв Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Гэтэл хариуцагч 2023 оноос эхлээд Чингэлтэй дүүрэгт амьдраад 2 жил болчихсон байдаг. Энэ нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсгээд байна. Миний үйлчлүүлэгч хэдий 14 хоног ажиллаад 14 хоног амардаг байлаа гээд энэ шалтгаанаас болоод хүүхдийг аавынх нь асрамжид байлгахгүй гэх бол үндэслэлгүй. Хүүхдийн эрх талаас нь дүгнэлт хийж шийдвэр гаргаарай гэж хүсэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
3. Хариуцагч А.Ө анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн. Жирэмсэн байх хугацаанд сар болгон Улаанбаатар хотоос энд ирж эмчийн үзлэгт ордог, бас Арвайхээр сумын эмнэлэгт хяналтад байдаг байсан. Намайг жирэмсэн байх хугацаанд нэхэмжлэгч Ц.Ц ямар ч ажилгүй, би өөрөө ажил хийдэг байсан болохоор өөрөө зардлынхаа мөнгийг гаргадаг байсан. 2022 оны 9 дүгээр сард бид хоёр энд ирж хяналтад орчихоод буцах гээд байж байсан. Өдөр тийшээ шинжилгээний хариу гарчих болохоор шинжилгээний хариугаа авчихаад хот руу гаръя гээд ярьж байсан. Тэгээд өлсөөд байна, надад хоол авч өг гээд хоолноос болж бид хоёр жаахан маргалдсан. Зах дээр явж байгаад чи болиоч ээ гээд чанга хаширчихсан чинь тэр үгнээс болоод надад уурлаад тэр чигтээ хот явчихсан байсан. Маргааш нь хамт эмнэлгээр явах байсан хүн намайг хаяад хот явчихсан, тэгээд хотод очоод хамаг хувцсаа аваад Уянга сум руугаа явчихсан байсан. Тэгээд би араас нь Улаанбаатар хотод ганцаараа очиж түрээсийн байранд ганцаараа байх надад хэцүү байна гээд эгч дээрээ очиж байсан. Ц.Ц рүү залгаад, чат бичээд арай гэж авчирсан. Төрсний дараа эхний 2 сар Уянга суманд байсан. Суманд байхад хүүхэд маань ханиад хүрчихээд тэр ханиад нь хүндрээд хатгаа болчихсон байсан. Тэгээд хот руу яваад эмнэлэгт хэвтэж байхад Ц.Ц ямар ч хайхрамжгүй манай найзууд заал авах гэж байна гээд заал авна гэж яриад байдаг байсан. Тэгээд Ц.Ц зунжингаа гадуур, дотуур ажил хийж байгаад 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод гэртээ ирж байсан. Тэгээд манай ээж та хоёр айлуудаар яваад яахын нэг нь орлогогүй хүүхдээ хараад гэрт, нөгөө нь ажиллаж ажиллаж ирээд мөнгө муутай байна. Та хоёрт би гэр аваад өгье, та хоёр ахынхаа хашаанд буучих гээд 11 дүгээр сарын 20-ны өдөр хавьцаа гэр барьж өгсөн. Тэр үед Ц.Ц манай хамаатны ахын боорцгийн үйлдвэрт ажилладаг байсан. Гэрээ бариад тохижуулаад удаагүй байхад би жирэмсэн болчихсон байна, хоёулаа тухтай гэр оронгүй, цалин мөнгөгүй байгаа юм чинь хоёр дахь хүүхдээ авхуулчихъя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ярилцсаны үндсэн дээр авахуулахаар болсон. Тэгээд би эмнэлэг орж үзүүлээд 2 удаа уудаг эм уусан. Хамгийн сүүлийн их цус алддаг эмийг 12 дугаар сарын 01-ний өдөр уух байсан. Тэр өдөр Ц.Ц-ийн амрах нэг өдөр нь байж таарсан болохоор ашгүйдээ гэж бодоод уусан. Өглөө эрт 8 цагт уусан. Тэгээд Ц.Ц ийг босоод цай чанаад өгөөч гэсэн чинь сая чамд эгч чинь цай хийгээд өгчхөж байгаа юм биш үү гэсэн. Үгүй, ээ миний ам цангаад байна гэсэн чинь за, за гэж босоод ороо хурааснаа видео каллаар яриад суучихсан. Миний толгой эргээд өөрөө алхаж чадахгүй байна шүү дээ гэсэн чинь за, за гэснээ гадаа мод хагалаад унасан. Тэгэхээр би өөрөө гал дээр цай чанаад 2 аяга цай л болсон. Нэг аягатайгаа өөрөө уугаад нөгөө аягатай цайгаа хүүдээ болон ахынхаа хоёр хүүхдэд хуваагаад уулгасан. Тэгсэн Ц.Ц гаднаас орж ирснээ чи чинь надад цай өгдөггүй юм уу гээд ёжлоод шоглосон байдалтай инээж харьцаад байхаар нь хутга барьж айлгасан. Тэгээд хүүгээ аваад явчихаар нь маргааш нь очиж хүүгээ авсан. Тэгээд 10 гаран хоног цус алдаад дуусч байхад Ц.Ц эмээгээ, ах, эгчтэйгээ дагуулаад хүүгээ авна гээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь намайг цус алдаад дуусч байхад та хүүгээ авах гэж ирж байгаа юм уу гээд хүүгээ өгч явуулаагүй. Тэгээд он гарсны дараа хүү дээрээ ирж нэг удаа хоносон. Үүнээс гадна би 2 удаа ажлаасаа чөлөө авч хүүгээ аавтай нь уулзуулсан. Түүнээс хойш огт уулзаагүй. Уулзахгүй байхаар нь хүүтэйгээ ирж уулзаач ээ, хүү эрэгтэй хүн харахаараа л ааваа гээд байна шүү дээ гэж зөндөө хэлж байсан. Ах хүртэл чи ирэхгүй юм уу? гэж хэлсэн чинь өөдөөс нь би танай хашаагаар чинь шагайхгүй, очихгүй гэж хэлсэн байсан. Би ирээд уулз гэж хэлдэг. Гэтэл өөрөө ирээд уулзъя гэж ирж байгаагүй. Сая цагаан сараас өмнө шүүх хуралдаан хойшилсон үед хүүгээ аавтай нь уулзуулсан чинь бишүүрхээд уйлаад намайг гээд байсан. Миний хүү аавыгаа танихгүй байсан гэв.
4. Хариуцагчийн өмгөөлөгч М.Дамбийням анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч А.Ө өд холбогдуулж хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдийг 1 нас хүрээгүй байхад хоорондын таарамжгүй харилцаанаас болж цаашид хамт амьдрах боломжгүй нөхцөл байдал үүсч тусдаа амьдарсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хүү Ц.Цэцэн-Цэнгүүн нь эх А.Ө ийн асрамжид эрүүл бойжиж, цэцэрлэгт хүмүүжиж эмээтэйгээ гурвуулаа Улаанбаатар хотод амьдарч байна. Хүүхдийг аавтай нь уулзуулдаггүй гэдэг талаас нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр яригдлаа. Хүүхэдтэйгээ уулзах эрх нь нэхэмжлэгчид байгаа. Энэ эрхийг нь шүүхийн шийдвэрт тусгаад, харин хүүхэд аавтайгаа уулзахад саад болдог бол энэ саад хориг учруулж болохгүй гэдгийг эхэд нь даалгаж хүүхдийн асрамжийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Хариуцагч Гэр коллекшн ХХК-д худалдааны зөвлөх хийдэг, тогтмол орлоготой. Ажлын өдрүүдээр өглөө ажилдаа 11 цагт явж орой 17 цагт тардаг учраас хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх, авах асуудал ямар нэгэн саад байдаггүй. Хариуцагч тайлбартаа цагаан сараас өмнө нэхэмжлэгчийг хүүхэдтэй нь уулзуулсан гэсэн. Уулзуулахад хүүхэд ааваасаа бишүүрхсэн байдалтай, ааваасаа айж уйлж байсан гэдэг талаар тайлбарласан. Гэр бүлийн хүчирхийллийн талаар ярьсан. Энэ асуудал нь хүүхдийг нэг ой хүрээгүй байхад нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондын таарамжгүй харилцааны улмаас үүссэн зүйл. Тухайн үед хүүхэд 1 настай байсан нь хүүхэд тухайн үед болсон асуудлыг мэдэхгүй, санахгүй, ойлгох чадваргүй байсан. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн гэж байгаа бол тухай үйлдэл нь хүүхэд рүү чиглэсэн үйлдэл байгаагүй. Тухайн нөхцөл байдлаас хойш бараг 3 жил болж байна. Тухайн үеэс хойш гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн хүүхдэд хүчирхийлэл үйлддэг гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Өрхийн эрүүл мэндийн тодорхойлолтын хувьд хүүхэд ихэнх хугацаанд Өвөрхангай аймагт байсан, мөн Өвөрхангай аймагт түр оршин суудаг байхдаа Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төвд хяналтад байдаг. Өрхийн эмч нараас нь вакцин хийлгэх цаг болохоор залгаж хэлдэг, тухайн бүрд нь вакцин хийлгэдэг байсан учраас дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвөөс Уян сэтгэл өрхийн эмнэлэг нь илүү хүүхдийг мэддэг тул тодорхойлолт өгсөн байх. Ажлын байрны тодорхойлолтыг бас эргэлзээтэй, өрхийн эмчийн тодорхойлолтыг танил талаараа хийлгүүлсэн гэх мэт зүйл хэлээд байна. Тухайн тодорхойлолтыг хийж өгснөөрөө гарах үр дагаврыг мэддэг учраас энэ тодорхойлолтуудыг хийж өгсөн байх гэж дүгнэж байна. Тийм учраас хуурамч нотлох баримт гэж үзэж байгаа бол тухайн бүрд нь шалгуулж болох байх гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн ажил байдлын хувьд Өмнөговь аймагт 14 хоног ажиллаад 14 хоног амардаг гэсэн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, мөн гэрчийн мэдүүлэг зэргээр хангалттай тодорхойлж байна. Тэгэхээр нэхэмжлэгчийг 14 хоног ажилдаа явсан хойгуур хүүхдийг хэн хооллож, хэн асрах, хэн цэцэрлэгт нь зөөх зэрэг асуудлууд гарч ирнэ. Манай хоёр эгч хангалттай аваад явчихна гээд байгаа ч тэр хүмүүст эцэг, эх шиг нь үүрэг хүлээлгэж өгөөгүй. Тэр хүмүүс чинь тусдаа гэр бүлтэй, амьдралтай хүмүүс байгаа. Хүүхдийг ээж шиг нь, магадгүй эцэг шиг нь харж хандах, асрах, хичээл сургуульд нь зөөх, эрүүл аюулгүй орчинд байлгах, хооллох зэрэг эргэлзээтэй нөхцөл байдлууд эдгээр нотлох баримтуудаар тогтоогдож байна. Өрхийн эмчийн тодорхойлолтоор хүүхэд хөхөөрөө хооллодог тодорхойлолт авагдсан. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 24 дүгээр зүйлийн е-д хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, хөхөөр хооллохын давуу тал, эрүүл ахуй, амьдрах орчны ариун цэвэр, осол аюулаас урьдчилан сэргийлэх талаарх мэдээллээр нийгмийн бүх давхарга, түүний дотор эцэг эх, хүүхдийг хангах, түүнчлэн энэ талын боловсролтой болох, суурь мэдлэгээ ашиглахад дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэгтэй гэж тусгасан. Тэгэхээр хүүхдийг эцгийн асрамжид үлдээх нь Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Монгол улсын Үндсэн хууль, Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдийн эрх зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд хүү Ц.Ц.Ц-ний г эх А.Ө ийн асрамжид үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Анхан шатны шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар "Хүүхдийн асрамж тогтоолгох" тухай нэхэмжлэгч Ц.Ц-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Ц.Ц-ийг төрсөн эх, хариуцагч А.Ө-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар эцэг, эхийн үүргээ хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран биелүүлэхийг нэхэмжлэгч Ц.Ц эд, нэхэмжлэгчийг эцгийн үүргээ биелүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг хариуцагч А.Ө нарт тус тус даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 314/ШШ2025/00213 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Ц-ийн хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хүү Ц.Ц овогтой Ц-нийг төрсөн эх А.Ө ийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн. Шүүх ингэж шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас хальсан асуудлыг шийдвэрлэсэн.
Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ шүүхээс хэрэглэвэл зохих хууль нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан шийдвэрлэх ёстой бөгөөд тус зүйл, хэсэгт заасан урьдчилсан нөхцөл хангагдсан эсэхэд дүгнэлт хийж хүүхдийг эцэг, эхийн хэн алины асрамжид үлдээхийг шийдвэрлэх ёстой байдаг.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зөвхөн хүүхдийн насыг харгалзан үзэж хүүхдийн асрамжийг өөрчилж, эцгийн асрамжид үлдээх шаардлагагүй гэж үзсэн нь үндэслэл бүхий болоогүй. Учир нь хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч А.Ө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь нотлогдож байгааг анзаарч үзээгүй анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.” гэж заасан.
Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд зохигчдын ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг заавал харгалзаж үзэхийг хуулиар шаардсан байгаа нь хүүхэд эрүүл чийрэг өсөж бойжих, сэтгэхүйн хувьд зөв төлөвших, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулахгүй байх зорилготой. Тиймээс нэхэмжлэгч болон хариуцагч нарын ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг тогтоох нь тухайн төрлийн хэрэг маргааныг үнэн зөв шударгаар шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.
Хариуцагч А.Ө нь ёс суртахууны хувьд доголдолтой, өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь дараах хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа.
Нэхэмжлэгч Ц.Ц нь шүүхэд гаргасан тайлбартаа: "...А.Ө чамтай биш өөр залуутай суудаг байсан юм гээд орилоод шууд хутга бариад миний хоолойнд тулгасан... ...А.Ө ийн гар нь чичирч чичирч байснаа хутгаа хаясан...” гэж, хариуцагч А.Ө нь нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг үгүйсгэдэггүй харин шүүхэд гаргасан тайлбартаа: “...Ц.Ц гаднаас орж ирснээ чи чинь надад цай өгдөггүй юм уу гээд ёжлоод шоглосон байдалтай инээж харьцаад байхаар нь хутга барьж айлгасан...” гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч рүү хутга барьж дайрсан нь нотлогдож байгаа юм. Мөн талуудын энэхүү тайлбар нь гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гар утаснаас хариуцагчийн төрсөн ах руу бичсэн мессежээр давхар нотлогдож байгаа юм. Дээрх хариуцагч А.Ө ийн үйлдэл нь ёс суртахууны хувьд байж боломгүй үйлдэл бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн хэлбэртэй байгаад анхан шатны шүүх ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь хэт нэг талыг баримталсан. Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч А.Ө тэй багагүй хугацааг хамт өнгөрүүлсэн бөгөөд түүний ямархуу зан авиртайг мэддэг учир хүү Ц.Ц-нийг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 145/Ш32024/02093 дугаар захирамжаар Өвөрхангай аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрыг шинжээчээр томилсон. Тус захирамжийн 1-т хүү Ц.Ц-нийг эцэг, эхийн хэний асрамжид үлдээх нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илүү нийцтэй байх талаарх дүгнэлтийг гаргахаар даалгасан. Тусгай мэдлэг бүхий шинжээчийн баг томилогдон шинжээчийн дүгнэлт гарсан. Тусгай мэдлэг бүхий шинжээчийн багийн дүгнэлтээр Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.6-д гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо... зэрэгт нөхцөл байдлын үнэлгээ хийж эцэг Ц.Ц ийг хүү Ц.Ц-ний асран хамгаалагчаар тогтоох боломжтой гэх дүгнэлт гарсныг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн.
Дээрхээс үзэхэд хариуцагч А.Ө нь ёс суртахууны байдал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нөхцөл байдал нь зохигчдын тайлбар болон бусад баримтаар тогтоож байгаа юм. Хариуцагчийн энэхүү нөхцөл байдал нь хүү Ц.Ц-ний ёс суртахууны хүмүүжилд сөргөөр нөлөөлөхүйц байгааг анхаарч үзнэ үү.
Тусгай мэдлэг бүхий шинжээчийн багийн дүгнэлтээр шүүхээс асуусан асуулт болох Ц.Ц-нийг эцэг, эхийн хэний асрамжид үлдээх нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илүү нийцтэй байх вэ гэх асуултад эцэг Ц.Ц ийг хүү Ц.Ц-ний асран хамгаалагчаар тогтоох боломжтой гэх дүгнэлт зэргээр хүү Ц.Ц-нийг түүний төрсөн эцэг Ц.Ц-ийн асрамжид тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167-р зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүрэн хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Нэхэмжлэгч Ц.Ц-ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Яагаад гэвэл Гэр бүлийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн. Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан урьдчилсан нөхцөл хангагдсан уу, үгүй юу гэдгийг шүүхээс хууль зүйн дүгнэлт хийж эцэг, эхийн хэнийх нь асрамжид үлдээх эсэхийг шийдвэрлэдэг. Гэр бүлийн тухай хуульд 14 дүгээр зүйлийн 14.6-д хүүхдийн насыг харгалзаж үзнэ. Хэний асрамжид үлдээхийг эсэхийг шийдвэрлэхдээ эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдэж байсан эсэхийг харгалзан үзнэ. Гэтэл анхан шатны шүүх хуулийг тайлбарлаж хэрэглэхдээ зөвхөн хүүхдийн насыг харгалзан үзэж хэрэгт авагдсан бусад нөхцөл байдлыг нотлох баримтаар тогтоогдож байна уу үгүй юу гэдэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Учир нь хуулиар ёс суртахууны байдал хүчирхийлэлд үйлдэж байсан эсэхийг харгалзаж үзэхийг шаардсан. Анхан шатны шүүхийн мэтгэлцээний үе шатанд ямар асуудал тогтоогддог гэвэл талуудын ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдэж байсан уу үгүй юу гэдэг үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч талаас үндэслэлээ болгож тайлбарладаг. Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Зохигчдын тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотолгооны хэрэгсэл болдог. Нэхэмжлэгч нь хариуцагч над руу хутга барьж дайрсан гэдэг. Хариуцагч энэ нөхцөл байдалтай маргадаггүй. Хариуцагч би айлгах зорилготойгоор хутга бариад айлгасан гэдэг. Энэ нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгч хариуцагчийн төрсөн ахад бичсэн мессежээр давхар нотлогдож байгаа. Нэхэмжлэгч ёс суртахууны доголдолтой хүнд хүүхдээ өгөхөд санаа зовж байгаа гэдгээ илэрхийлдэг. Анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй. Анхан шатны шүүхээс томилсон бүрэлдэхүүнтэй шинжээч дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүх шинжээчээс хүүхдийг эцэг эхийн хэнийх нь асрамжид үлдээх нь хүүхдийн эрх ашиг сонирхолд илүү нийцтэй байх гэдэг асуултыг тавьсан. Асуултын хүрээнд шинжээчийн бүрэлдэхүүнээс маш их том ажиллагаа хийсэн. Зохигч талуудтай уулзаж ярилцдаг. Шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарах боломжтой нөхцөл байдлуудыг шинжээчийн дүгнэлт дээр тусгадаг. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д эцэг эхийнх нь хэнийх нь хайр халамж илүү байдаг вэ, ахуйн нөхцөл бололцоо нь хэн нь арай илүү вэ гэдгийг тогтоож хүүхдийн асрамжийг тогтоох нь хүүхдийн эрх ашигт илүү нийцнэ. Энэ дүгнэлтийн дагуу нэхэмжлэгчид асран хамгаалагчийг тогтоох боломжтой гэдэг дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтэд хариуцагч талууд маргаж байгаагүй, маргадаггүй гэдэг нь тухайн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Зохигчдын ёс суртахууны байдал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан талаар талууд маргааж үйл баримтынхаа үндэслэл болгосон баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнтэй холбоотойгоор А.Ө ёс суртахуунгүй, хүчирхийлэл үйлдэж байсан нь нотлох баримтаар хангалттай тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй гэдэгт гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
8. Нэхэмжлэгч Ц.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна. Хариуцагч худал мэдээлэл өгсөн байсан. Би саяхан хүүтэйгээ уулзаад хувцас хунарыг нь авч өгсөн. Улаанбаатар хотын “Гурван нандин” гэдэг хувийн цэцэрлэгт хүүгээ сурч байгаа гэхээр нь очиход тийм хүүхэд байхгүй гэсэн. Тухайн цэцэрлэг дээр нь очоод захирал багш нартай нь уулзаад хүүгээ үнэхээр сурч байгаа бол төлбөр мөнгийг нь төлье гээд очсон чинь тийм хүүхэд манай цэцэрлэгт байхгүй гэсэн, худал мэдээлэл өгсөн байсан. Би яагаад энэ хүнийг худлаа яриад байгаа учрыг нь ойлгохгүй байна. Миний хүүгийн ирээдүй хүндрэлтэй нөхцөлд байдалд байгаа. Над руу хутга барьж дайрч байсан. Би түүнээс болж сэтгэл зүйн хямралд орж 3-н сар хоол юу ч идээгүй. Би хүүгийнхээ ирээдүйн төлөө ёс суртахуун хүмүүжлийн төлөө их санаа зовж байгаа. Одоо энэ хүн өөр хүнтэй болсон байгаа. Бид хоёр салаад нэг их удаагүй байхад өөр хүнтэй болсон. Одоо тэр хүнтэйгээ хамт амьдарч байгаа мөртлөө ээж, хүүтэйгээ цуг амьдардаг гэж худлаа мэдүүлэг өгсөн. Тийм болохоор хүүтэйгээ утсаар яръя ядаж хүүтэйгээ уулзаад байж болох уу гэхээр миний амьдралд оролцох гээд байна гээд байдаг. Би энэ хоёрын амьдралд оролцохгүй. Би зүгээр хүүтэйгээ л холбоотой хүүгээ л асарч хамгаалж, аав хүнийхээ үүргийг л гүйцэтгэе гэж бодож шүүхэд хандсан байгаа гэв.
9. Хариуцагч А.Ө давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг аав ээжтэйгээ таарамж муутай байдаг гээд байх шиг байна. Би аав ээжтэйгээ битгий хэл энэ хүнтэй би амьдарч байх хугацаанд нэг их маргалдаж үзээгүй. Урьд нь 2, 3 удаа жоохон юман дээрээс бага зэрэг маргалдаж байсан. Хамгийн анх хүүхэдтэй болчихоод зулбаад аав ээждээ гэр бүлдээ хэлээгүй. Би энэ хүнийг миний хань юм даа гээд хэлээд ярилцсаны эцэст тийм шийдвэрт хүрч байсан. Нэг өдөр би жоохон ядраад чи хүүхдээ аваарай гэхэд их зүйл төлөвлөсөн байсан. Ороо хураачихаад видео коллоор хүмүүстэй утсаар яриад намайг ерөөсөө тоохгүй байсан. Би бие өвдөөд ам хатаад байна гэхэд тоохгүй ч байсан. Би ажлаас нь ирэхээр хүүхдээ авчих гэхээр ядраад байна гээд хөлөө жийгээд суучихдаг. Хамт амьдарч байх хугацаанд хувцсаа аваад ирсэн гэсэн зүйл яриад байх шиг байна. Тэр үед манай найз жижиг гэр аваад хотод ирсэн байна. Хоёулаа байр түрээслэе гээд түрээсэлсэн. Тэр байрны бүх зүйлийг би хийдэг байсан. Хүүхдийг цэцэрлэгт явуулдаггүй гэж яриад байна. “Г” гэдэг нэртэй цэцэрлэг 3-н салбартай. Нэг нь хороолол, нэг нь Баянбүрд, нөгөө нь сансарт байрлалтай. Манай хүүхэд Баянбүрдийнх салбар цэцэрлэгт суралцдаг. Менежерийг нь Э гэдэг, З, О гэдэг багш нар байдаг. Шинжээчээр гэр бүл хөгжлийн газраас Ц.Б, Ч.Д гэсэн 2 хүн томилогдсон байсан. Би Ч.Д-н гэдэг хүнийг нь харсан. Ц.Б гэдэг хүнийг хараагүй, ирээгүй байгаа. Ц.Б нь түгжрэлд явж байна, амжсангүй, зүгээр зураг хөргийг нь дараад ирээрэй гэж хэлээд аваад явсан. Ц.Б гэдэг хүн нь манай ээж, надтай манай хүүхэдтэй уулзаагүй. Бид царай зүсийг нь танихгүй ийм хүн байгаа. Дүгнэлт хийх явцдаа хүүхдийг хөхүүл үү гэж асуугаагүй. Манайх хөдөө малтай айл байгаа. Би хүүхдийнхээ боловсролыг дагаж Улаанбаатар хот явсан. Хөдөөнөөс бүх зүйлээ татаад хангаад авчихдаг байгаа. Бидэнд гачигдаад байх зүйл байхгүй. Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.
ХЯНАВАЛ:
10. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.
Анхан шатны Шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.
11. Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч А.Ө өд холбогдуулан “хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтэд хүүхэд эхийн асрамжид байхдаа хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх хүүхдийн асрамжийг хариуцагч А.Ө өд тогтооход харшлах нөхцөл байдлын талаар дурдаагүй, бага насны буюу 2 нас 5 сартай гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хүү Ц.Ц-нийг төрсөн эхийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн байна.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Ц , түүний өмгөөлөгч Б.Батсайхан нараас хариуцагч А.Ө ийн зан төрх, хөдөлмөр эрхлэлтийн байдал, хүүхдэдээ хэрхэн ханддаг, хүүхдийн орчин нөхцөл зэрэг байдлыг тодруулахад ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Өвөрхангай аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын мэргэжилтнүүдээр нөхцөл байдлын үнэлгээ хийлгэх, С.Я, Б.А нарыг гэрчээр асуулгах хоёр хүсэлт гаргаснаас /хавтаст хэргийн 21, 22 дугаар хуудас/ нөхцөл байдлын үнэлгээ хийлгэх хүсэлтийг хэрэгт ач холбогдолтой гэж үзэн хангаж шийдвэрлэжээ.
Харин нэхэмжлэгч талаас ямар зорилгоор гэрч нарыг асуулгах хүсэлтээ тодорхой илэрхийлсэн байхад “...хүсэлт нь тодорхойгүй...” гэсэн үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн байна.
Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг хэрэгт авагдсан дууны бичлэг, нэхэмжлэгчийн .... дугаараас хариуцагчийн төрсөн ах Д.Анхбаярын .... дугаарт бичсэн мессежид үзлэг хийлгэх, С.Я-г гэрчээр асуулгах хүсэлт /хавтаст хэргийн 104, 105 дугаар хуудас/ гаргасныг заримыг нь хангаж шийдвэрлэсэн боловч яриа болон мессежний бичлэгт үзлэг хийлгэх хүсэлтийг “...хэрэгт ямар ач холбогдолтой нь тодорхойгүй...” гэж дүгнээд /хавтаст хэргийн 114-116 дугаар хуудас/ хангахаас татгалзжээ.
Тухайн баримтыг шүүх хүлээн авч, хэрэгт хавсаргахдаа дуу авианд бичигдсэн яриаг цаасан дээр бичмэл хэлбэртэй болгож, уг бичлэгт юу сонсогдож байгаа, эсхүл сонсогдохгүй байгаа, хэдий хугацаанд үргэлжилж байгаа зэрэг мэдээллийн талаар тэмдэглэл үйлдэх учиртай.
Гэтэл дээрх баримтыг шүүх хүлээн авч, хэрэгт хавсаргасан атлаа нотлох баримтын хэмжээнд үнэлсэн эсэх нь тодорхой бус байна.
Түүнчлэн нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ нотлох баримтын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харгалзахаас гадна хэргийн оролцогчдын эрх хязгаарлагдах, мэтгэлцэх зарчим зөрчигдөх эсэхийг анхаарах шаардлагатай байхад хүсэлт тодорхойгүй гэсэн үндэслэлээр зарим хүсэлтүүдийг хангахаас татгалзжээ.
Шүүх зохигчоос гаргасан дээрх хүсэлтүүдийн агуулгыг зөв тодорхойлсны үндсэн дээр хангах эсэхээ шийдвэрлэх бөгөөд нотлох баримт гаргуулах талаар зохигчдын хүсэлтүүдийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж улмаар шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан гэрчээс мэдүүлэг авахуулах эрхийг, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх үүргээ шүүх зөрчсөн гэж үзнэ.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д хүүхдийг эцэг эхийн хэний асрамжид үлдээх асуудлыг нэхэмжлэлийг үндэслэн хянан шийдвэрлэхээр заасан. Гэтэл А.Ө хүүхдийн асрамжийн асуудлаар маргасан боловч хүүхэд хариуцагчийн асрамжид байгаа, хүүхдээ өөрийн асрамжид авах талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүх хүүхдийг А.Ө ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн нь шүүх хөндлөнгийн байх талуудын зарчмыг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээч томилох захирамжийн дагуу Өвөрхангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас Ц.Б, Ч.Д нарыг шинжээчээр томилжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагч А.Ө өөс шинжээчээр томилогдсон Ц.Б нь нөхцөл байдлыг биечлэн үзээгүй гэх агуулгатай тайлбар гаргасан.
Энэ нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.-д “Ижил мэргэжлийн шинжээчдийн баг 2, түүнээс дээш шинжээчийн бүрэлдэхүүнтэй байна.”, 30.2.-т “Шинжилгээг ижил мэргэжлийн шинжээчдийн баг хийх явцад шинжээч тус бүр шинжилгээг эхнээс нь дуустал бие дааж хийх бөгөөд үр дүнгээ нэгтгэн дүгнэлт гаргана.” гэж заасныг зөрчсөн байна.
13. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын нотлох баримтыг бүрдүүлэх хүсэлтийг нь үндэслэлгүйгээр татгалзаж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгч Ц.Ц ээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 314/ШШ2025/00213 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Ц-ээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Б.ЦЭРЭНПҮРЭВ