Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 204/МА2025/00015     

 

 

 

 

 

 2025            6              03                                                 204/МА2025/00015                       

 

 

Н.О-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 314/ШШ2025/00248 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.О-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.П-д  холбогдох,

Нийт 22,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүний давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.О /цахимаар/, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч Н.О нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... байх өөрийн өмчлөлийн 69.95 мкв хоёр өрөө байрыг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 172,000,000 төгрөгөөр зарж, 150,000,000 төгрөгийг дансаар дамжуулж авч үлдэгдэл 22,000,000 төгрөгт 2013 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Приус  маркийн ... ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг авсан.

            Гэтэл байрны төлбөрт тооцуулж авсан тухайн тээврийн хэрэгслийг үзлэг оношилгооны хугацаа болж Арвайхээр сумын авто оношилгооны төвд үзлэгт ортол тухайн машины арлын дугаар зөрчилтэй үзлэгт тэнцэхгүй, цаашид ашиглах боломжгүй, замын хөдөлгөөнд оролцох хориотой, бусдад зарж нэр шилжихгүй гэсэн дүгнэлт гарч байр худалдан авагч талд тухайн нөхцөл байдлаа хэлж буцааж зөрүү мөнгө 22,000,000 төгрөгийг бэлнээр төлнө гэтэл хариуцагч тал 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр надтай хэлцэл хийж 90 хоногийн дотор тухайн асуудлыг шийдвэрлэж таныг хохиролгүй болгож өгнө гэж тохиролцон нотариатаар орж тэмдэглэл хэлцэл хийсэн. Тухайн хэлцэл хийсэн өдөр болох 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 150 хоног өнгөрч хариуцагч тал арга хэмжээ аваагүй тул миний хохирлыг хариуцагч талаас гаргуулж өгнө үү. Тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч талд буцаан өгч мөнгөн төлбөр болох 22,000,000 төгрөгийг гаргаж авах хүсэлттэй байна гэжээ.

            2. Хариуцагч Ц.П ын татгалзал, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүний тайлбарын агуулга: Миний бие нь 2023 оны 12 дугаар сард фэйсбүүк зарын дагуу иргэн Л.Х-тай автомашин худалдах худалдан авах гэрээг амаар байгуулж, Л.Х-ын эзэмшлийн ... УАС улсын дугаартай Prius Alpha маркийн автомашиныг ... ӨВО улсын дугаартай Toyota Harrier маркийн автомашин, 800,0000 төгрөг өгч, нийт 22,000,000 төгрөгт тооцон автомашиныг худалдан авахаар тохиролцсон. Уг тохиролцооны дагуу автомашинуудын улсын дугаарыг сольж, автомашинуудаа 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Да хүрээ захад байрлах Авто тээврийн үндэсний төвийн байранд өөрсдийн өмчлөлд авсан.

Үүний дараа буюу 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр тухайн Приус маркийн автомашиныг Н.О-нд байр худалдан авах үнэд оролцуулан шилжүүлсэн. Гэтэл уг автомашиныг Н.О нь 2024 оны 6 дугаар сард авто тээврийн улсын үзлэгт оруулахад автомашины арлын дугаарыг сольж гагнасан нь шалгалтаар илэрсэн бөгөөд тухайн автомашины суудлыг салгаж авсны үндсэн дээр тухайн зөрчлийг илрүүлсэн.

Миний бие дээрх зөрчлийг автомашиныг худалдаж авах үед мэдэх боломжгүй байсан бөгөөд Л.Хүрэлбаатарын буруутай үйл ажиллагааны улмаас эд хөрөнгөөрөө хохироод байгаа юм. Тус асуудлаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч Н.О нь автомашины өмчлөгч байсан учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Миний бие тухайн автомашиныг шударгаар олж авсан, үнийг төлсөн хууль ёсны өмчлөгч бөгөөд тээврийн хэрэгслийн үзлэг хийлгэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон хүн биш юм. Өөрөөр хэлбэл үүссэн нөхцөл байдалд миний буруутай үйлдэл байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Н.О нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч болсон. Өмчлөгч болсон учраас эрсдэл 100% нэхэмжлэгч рүү шилжиж байгаа. Өмчлөлд шилжиж байгаа учраас буруутай этгээдээс шаардах эрх үүснэ. Тийм болохоор арлын дугаар солигдсон гэх асуудал дээр худалдагчийг шууд буруутгах нөхцөл байдал байхгүй гэж харж байна. Тийм учраас манайх хариуцагч биш, тухайн эд зүйлийг хариуцахгүй. Хэдийгээр нэмэлт хугацаа тогтоосон ч гэсэн тухайн нэмэлт хугацаанд засах ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа юм. Өөрөөр хэлбэл хариуцагч Ц.П  нь өмчлөгч биш учраас буруутай этгээдээс шаардах эрх үүсэхгүй. Тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь шаардах эрхтэй гэсэн үг. Худалдах, худалдан авах гэрээнд тухайн нөхцөл байдлыг мэдсэн, нуун дарагдуулсан зэрэг нөхцөл байдал харагддаггүй. Тухайн тээврийн хэрэгслийг шударгаар олж аваад шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогддог. Үзлэгийн хугацаа дуусаагүй гэдгийг талууд аль аль нь мэдэж байсан. Энэ нөхцөл байдал нь 2024 онд машиныг оношилгоонд оруулахад л мэдсэн байна гэж харахаар байгаа. Тухайн автомашин нь Ц.П-ын эзэмшил, ашиглалтад 3 сарын хугацаанд байсан гэсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл оношилгоонд орсон байсан хугацаанд тухайн машин эзэмшилд нь байсан хугацаа хамаарч байгаа. Тийм учраас Ц.П-ыг шууд буруутгах нөхцөл байдал харагдахгүй байна. Хугацаа аваад засаж өгөөгүй гэдэг асуудалд нь хэлэхэд тухайн машины өмчлөгч нь биш гэсэн асуудпыг л хэлээд байгаа. Өөрөөр хэлбэл өөрийнхөө эрх, үүргийг Н.О гэдэг хүнд 100% шилжүүлээд өгчихсөн байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.П-оос 21,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Отгонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Ц.П оос 262,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

            4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүний давж заалдах гомдлын агуулга: Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 314/ШШ2025/00248 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд миний бие 2023 оны 12 дугаар сард фэйсбүүк зарын дагуу иргэн Л.Х-тай автомашин худалдах худалдан авах гэрээг амаар байгуулж, Л.Х-ын эзэмшлийн ...УАС улсын дугаартай Prius Alpha маркийн автомашиныг ...ӨВО улсын дугаартай Toyota Harrier маркийн автомашин, 800,0000 төгрөг өгч нийт 22,000,000 төгрөгт тооцон автомашиныг худалдан авахаар тохиролцсон.

Уг тохиролцооны дагуу автомашинуудын улсын дугаарыг сольж, автомашинуудаа 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Да хүрээ захад байрлах Авто тээврийн үндэсний төвийн байранд өөрсдийн өмчлөлд авсан болно. Үүний дараа буюу 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр тухайн приус маркийн автомашиныг Н.О-нд байр худалдах авах үнэд оролцуулан шилжүүлсэн.

Гэтэл уг автомашиныг Н.О нь 2024 оны 06 дугаар сард авто тээврийн улсын үзлэгт оруулахад автомашины арлын дугаарыг сольж гагнасан нь шалгалтаар илэрсэн бөгөөд тухайн автомашины суудлыг салгаж авсны үндсэн дээр тухайн зөрчлийг илрүүлсэн. Тухайн автомашиныг 2023 оны 9 дүгээр сард техникийн үзлэг, оношилгоонд хамруулсан байх бөгөөд түүнээс хойш ямар нэгэн доголдол үүсээгүй байсан байна. Өөрөөр хэлбэл тухайн автомашиныг миний бие хүлээн авах, Н.Отгонд хүлээлгэн өгөх хугацаанд тухайн автомашины эд хөрөнгийн эрхийн доголдол илрээгүй болно.

Миний хувьд тухайн доголдлыг мэдэх бүрэн боломжгүй байсан бөгөөд хууль ёсны өмчлөгчийн хувьд Н.Отгонд тус автомашиныг шилжүүлсэн. Тус автомашин нь Н.Отгонд 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шилжсэн, тус автомашины өмчлөгч тул буруутай этгээдээс өмчлөгчийн хувиар шаардах эрх үүссэн гэж үзэж байна. Миний хувьд тухайн автомашинд үүссэн асуудлыг арилгах талаар шүүхэд хандсан боловч тус автомашины өмчлөгч биш учир ямар нэгэн шаардлага гаргах эрх үүсээгүй, Н.Отгонд үүссэн автомашины асуудлыг шийдвэрлэх үүрэг хэрэгжих боломжгүй байсан тул нэмэлт хугацаа тогтоон доголдлыг арилгах хугацаа өгсөн гэх хэлцэл үндэслэлгүй.

Иймд миний бие тус хэргийн хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч Н.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагчаас машин авсан. Машины оношилгоонд оруулахад нэлээн олон асуудлууд байна гэж хэлсэн. Би хариуцагчид машин чинь эвдрэлтэй байна, оношилгоонд орох хугацаа чинь дусаагүй гэж хэлж чамд итгэлээ шүү гэж хэлсэн. Хүн ёсоор хууль шүүх гэж яваад яах юм бэ гэж бодсон. Хариуцагч надад битгий шүүхээр яваарай гэж хэлсэн. Машины бусад эвдрэлийг эс тооцвол машинд байж болох байх гэж бодсон. Би машины арлын дугаар нь тийм байна гэхэд өөрөө хүлээн зөвшөөрсөн. Тэгээд надад итгэмжлэл хийж өгч бид 2 нотариат орсон. Надад тодорхой хугацааны дараа оношилгоог даруулж өгнө гэж хэлсэн. Одоо болохоор өмгөөлөгч авч хүсэлт бүх зүйлээ өмгөөлөгчөөрөө гаргаж дараагийн давж заалдах шатны шүүхэд хандаж байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл би буруу зүйл шаардаагүй. Хуульд гааль, татвар хуульд заагаагүй хөдөлгөөнд оролцож болохгүй машиныг надад өгсөн. Би буруу зүйл шаардаж шүүхэд хандаагүй учраас гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь өмгөөлөгч өвч давж заалдах шатны шүүхэд хандаж бүх зүйлийг хойшлуулж байна. Би ядарсан хүн, надад өмгөөлөгч авах мөнгө алга байна. Өвчин зовлонтой миний амьдрал хүнд байна. Би энэ хүнд чадуулж машин нь хөдөлгөөнд оролцохгүй, хөдөлгөөнд оролцохоор торгуулаад л явж байна. Надад өөрөө би бүгдийг хариуцна гэж хэлсэн. Би хариуцагч Ц.П ыг эхлээд надтай асуудлаа шийдчихээд дараа нь Хүрэлбаатартайгаа хууль шүүхээрээ яв гэж хэлмээр байна. Эхлээд миний асуудлыг шийдвэрлэж хохирлыг барагдуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

1. Н.О нь Ц.П-д  холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 22,000,000 төгрөгийн төлбөрт тооцон авсан Тоёота Приус 41 маркийн ... ӨВО улсын дугаартай автомашин биет байдлын доголдолтой бөгөөд энэ доголдлыг тохиролцсон хугацаанд арилгаагүй гэсэн үндэслэлээр Тоёота Приус 41 маркийн ... ӨВО улсын дугаартай автомашин буцаан өгч нийт 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Ц.П  эс зөвшөөрч Л.Хүрэлбаатарын буруутай үйл ажиллагааны улмаас эд хөрөнгөөрөө хохироод байгаа, миний буруутай үйлдэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ. /хх-ийн 01, 19/

2. Тоёота Приус 41 маркийн ... ӨВО улсын дугаартай автомашин биет байдлын доголдолтой буюу автомашины пайз хэсэг дэх арлын дугаарыг арилгасан, бүхээг дэх арлын дугаарын хэсгийг тасдаж гагнаж байршуулсан байгаа талаар зохигч маргаагүй.

Харин цаг хугацааны хувьд хэзээ буюу хэний өмчлөлд байхад автомашины пайз хэсэг дэх арлын дугаарыг арилгасан, бүхээг дэх арлын дугаарын хэсгийг тасдаж гагнаж байршуулсан гэдэг нь тухайн хэргийн маргааны зүйл болсон.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагчийн татгалзлын үндэслэлийг нотлох зорилгоор тухайн автомашин хэний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан арлын дугаар солигдсон гэдгийг нотлох зорилгоор ... тоотод оршин суух Л.Х-аас гэрчийн мэдүүлэг авах хүсэлт гаргасан. /хх 58/

Гэтэл Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 314/ШЗ2025/00956 дугаар захирамжаар дээрх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн /хх-ийн 66-69/ боловч ямар үндэслэлээр хангахаас татгалзсан нь захирамжийн үндэслэх хэсэгт тодорхойгүй буюу энэ талаар дүгнэлт хийгээгүй нь анхан шатны шүүх гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт хэргийн оролцогч нь гэрчээс мэдүүлэг авах хүсэлт гаргах эрх эдэлнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрчээс мэдүүлэг авах тохиолдолд  нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасан.

5. Тиймээс анхан шатны шүүх хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхийг ноцтой зөрчиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн бүрдүүлэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүх 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 15 цаг 10 минутад хүлээн авсан гэж дардас дарсан /хх-ийн 58/ байх боловч 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 12 цаг 30 минутад болсон хуралдаан дээр энэ хүсэлтийн талаар Н.О-нд танилцуулсан нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл шүүхэд албан ёсоор ирээгүй хүсэлтийг урьдчилан мэдэж танилцуулан шийдвэрлэсэн гэж ойлгогдохоор байгааг дурдав.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрсөн гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул маргааны талаар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.П ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 314/ШШ2025/00248 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.П ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ЦЭРЭНПҮРЭВ

                                   ШҮҮГЧИД                                 Н.ЭНХМАА

                                                                                     Л.НЯМДОРЖ