Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч Э.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б,

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Э.Б-д холбогдох эрүүгийн 1920000450060 тоот хэргийг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2-10 насны 2 хүүхдийн хамт  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух, урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан, Т овогт Э.Б,

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болох 39 нэр төрлийн түүх соёлын дурсгалт зүйлийг ... улсын дугаартай автомашинд нууж, Монгол Улсын хил нэвтрүүлэхийг завдсан,

Мөн яллагдагч Э.Б нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Замын-Үүд сум дахь АЗШНЦ-р 00-23 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар хязгаарласан бараа болох түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах 1 ширхэг хонх, 1 ширхэг очирыг нууж зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 - Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ... улсын дугаартай машинаа БНХАУ-руу гарахаар 3-ын хаалт дээр оочирт байрлуулсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 28-ны өглөө гэртээ байсан 1 ширхэг хонх, 1 ширхэг очир зэргийг авч машин руугаа очиж хонх, очир хоёрыг машиныхаа салоны доод талд байрлах завсартай байсан зайд хийгээд хил рүү орж гаалийн рентген хяналт шалгалтанд орсон. Тухайн үедээ хонх, очирыг биедээ авч машинаа хоосон шалгуулсан. Рентгенээс гараад хонх, очироо буцаагаад салоны доод талд хийсэн. Тэгээд цааш мэргэжлийн хяналт дээр очин машинаа шалгуулаад цааш гаалийн хяналт шалгалтын талбай дээр очиж зогсоод гаалийн байцаагчаар шалгуулж байхад хонх, очирыг олж намайг саатуулсан. Миний хүргэн ах Э-н машин байгаа юм. Би машиныг нь өдрийн 100 юаниар түрээслэдэг юм. Хонх, очир нь миний эд зүйл байгаа юм. Би 2 жилийн өмнө Улаанбаатар хот Нарантуул зах дээрээс 300,000 төгрөгөөр худалдаалж авсан юм. Гэрт байх сайн гэхээр нь худалдаж авсан юм. ... улсын дугаартай машины хропны цаад талд буюу салоны доод талд завсар зай байгаа газарт хийсэн. Сэргээн завсарлуулах гэж БНХАУ-руу авч явсан юм. Олон хүн сууж явсан болохоор алга болчихож магадгүй гэж бодсон юм. ... 2019 оны 01 дүгээр сард БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг Өвөрмонгол Х гэдэг эрэгтэй миний ... гэсэн хятад дугаар руу төгсгөл нь 0631-тэй хятад дугаараас залгаад “чиний ... гэсэн дугаарыг хүнд өгчихсөн, чамаас өөр хүн очиж авна” гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагийн үед байхаа ... гэсэн дугаараас миний дугаар луу залгаад “Улаанбаатар хотоос дайвар ирсэн байна, ирж аваарай гэж хэлсний дагуу 20 минутын дараа тээшний хашаанд очиж саарал өнгийн Соната 7 маркийн автомашинаас шуудайтай зүйлийг авсан. Тэгээд задлаад үзсэн чинь судар байсан. Шуудайтай судрыг аваад ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийж Замын-Үүд сумын хогийн цэг рүү явсан. Хогийн цэг дээр очоод шуудайтай судруудыг задлаад машиныхаа жолоочийн хойд талын хаалганд хийж байсан чинь нэг саарал өнгийн Приус машин ирсэн. Тэгээд надаас хог шатааж болж байна уу гэж асуухаар нь болохгүй юм шиг байна гэсэн. Тэгсэн чинь надаас чи юу хийж байгаа юм гэхээр нь өмнө нь хаясан хогоо авч байна гэж хариулахад нөгөө хүн бичиг баримтаа үзүүлээд намайг саатуулсан. Өвөрмонгол Х гэдэг хүнийх гэсэн. Улаанбаатар хотоос хэн гэдэг хүн явуулсныг нь мэдэхгүй. 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хотоос ирсэн таксины жолооч над руу залгаад дайвар ирсэн гэж л хэлсэн. Х-с хэн явуулсныг асуухад тэрийг мэдэх шаардлагагүй гэж хэлсэн. Надаас хүн ирж авна гэхээр нь сандраад машиныхаа хаалганы завсар хийж байсан юм. Би Х-тай БНХАУ-ын Эрээн хотын зээлийн урд танилцаж байсан, өөр зүйл мэдэхгүй. Миний хувьд хүн болон ачаа тээвэрлэдэг тул ачаа явуулдаг хүн байгаа юм. Надад гадаад паспорт байхгүй гэж байсан. Орж ирдэг үгүйг нь мэдэхгүй. Х миний дугаарыг хүнд өгсөн байгаа. Чам руу залгана гэж байсан. Би өөрийн гэм буруугаа ойлгож, гэмшиж байна” гэсэн  мэдүүлэг /1-р хх-ийн 123-124, 202-204/,

- Иргэний нэхэмжлэгч Л.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “Миний эхнэрийн дүү Б миний ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эд зүйл нууж хилээр гаргах гэж байгаад саатуулагдсан гэсэн. ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Миний эзэмшлийн машин байгаа юм. Би 2011 онд БНХАУ-ын Эрээн хотоос шинээр нь 18 сая төгрөгөөр худалдан авч байсан. Э.Б нь миний машиныг түрээслээд 2-3 жил болж байна. Яг тохирсон түрээсийн үнэ гэж байхгүй. Олсон орлогоосоо л өгдөг. Машиныг маань өөриймсөг унадаг мөн хамаатан болохоор нэг их үнэрхээд байдаггүй. 10 сая хавьцаа байгаа байх. Урагшаа гардаг тулдаа л үнэ хүрэх давуу тал нь юм. Тэгснээс 2-3 сая л болох байх. Хэргийг хурдан шалгаж машиныг маань надад буцаан олгоно уу” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 165-166/,

- Иргэний нэхэмжлэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар түүх соёлын дурсгалт зүйлийг эргүүлэн авчрах зорилгоор улсын хилээр нэвтрүүлдэг. Иргэн аж ахуй нэгж байгууллагаа нь түүх соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхдээ Соёлын асуудал эрхэлсэн төв захиргааны байгууллагаас лиценз авдаг. Энэ зохицуулалт нь Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолоор баталсан улсын хилээр төрийн хяналтан дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журмаар зохицуулсан байдаг. Шинжилгээнд ирүүлсэн 41 тооны эд зүйлс нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шалгуурыг хангасан буюу түүхэн цаг үеийн аль хэсгийг төлөөлж чадах түүх соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн үнэ цэнэтэй зүйлс байсан. Тус яамны мэргэжлийн зөвлөлөөс 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргасан 7 дугаартай дүгнэлтэнд бусад асуудлыг тодорхой тэмдэглэсэн байгаа. Тухайн эд зүйлсийг төрийн өмчөөр шилжүүлж өгөх хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 237-238/,

- Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Замын-Үүд авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор 1-ийн гаалийн хяналтын бүсийн жижүүрийн гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан. Тухайн өдөр намайг жижүүртэй байх хугацаанд жижиг тэрэгний гарах талд ... улсын дугаартай хар өнгийн Х гэсэн жийпийг нарийвчлан шалга гэдэг үүргийг манай зөрчлийн албанаас өгсний дагуу тухайн машиныг нэг бүрчлэн шалгахад машины салоны доод хэсэг буюу хропны речакны урд талд байрлах газарт гараа хийж үзэхэд нэг зүйл байсныг гаргаж ирсэн чинь 1 хонх, 1 очир зэрэг эд зүйл байсан. Тэгээд тухайн эд зүйлсийг түр хураан авч зөрчлийн тэмдэглэл үйлдэж прокурорын байгууллагад материалыг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 93-94/,

- Соёлын өвийн үндэсний төвийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд:

1. Түүх соёлын дурсгалт зүйлд хамаарна.

2. Хонхны бариул гууль, алт шармал, их бие олон металлын холимог, хэл төмөр. Хонхны их бие гадна талаар зээ бад, очир зэрэг уламжлалт хээтэй, их биеийн дотор талын таван хошуу дүрсний дээд хэсэгт төвөдөөр “ум а хум” гэсэн бичээстэй. Хонхны хийц, эдлэгдсэн байдал зэргээс үзэхэд хуучны эд зүйл багаад ХIХ зууны үед хамаарна. Зөвхөн хонхны бариулыг хожим шинээр электро-гальваникийн аргаар алтадсан байна. Бариул нь бурхны толгойн хэсгээрээ хугарсныг хожим тугалгаар гагнасан.Очир гууль, алт шармал. Очирын хийц эдлэгдсэн байдал зэргээс үзэхэд хуучны эд зүйл бөгөөд ХIХ зууны үед хамаарна. Очирыг мөн адил хожим шинээр электро-гальваникийн аргаар алтадсан. Ямар нэгэн гэмтэл сэвгүй, бүтэн хадгалагдсан. Иймд хийцийн хонх, очир харьцангуй элбэг байдаг.

3. Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэлд хамаарахгүй.

4. Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл, түүх соёлын үнэт дурсгалт зүйлд хамаарахгүй”  гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 114-115/,

- Монгол улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн 41 нэрийн эд зүйлс нь түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарна. Харин түүх, соёлын хосгүй үнэтэй, үнэт зэрэглэлд хамаарахгүй болно.

2. Мэргэжлийн зөвлөл шинжилгээнд ирүүлсэн түүх, соёлын дурсгалт зүйлд Сангийн сайдын 2013 оны “Журам батлах тухай” 140 дүгээр тушаалаар баталсан “Түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох журам”-ыг баримтлан дараах үнэлгээг тогтоолоо. Бүгд 66,850,000 төгрөг гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 243-245/,

- Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 13-17/,

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 28-36/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 37-41, 130-154/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 45-51/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 57-63/,

-  А ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /1-р хх-ийн 105-108 /, 

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 205/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд, эд мөрийн баримтуудыг судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болох 39 нэр төрлийн түүх соёлын дурсгалт зүйлийг ... улсын дугаартай автомашин нууж, Монгол Улсын хил нэвтрүүлэхийг завдсан, мөн яллагдагч Э.Б нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Замын-Үүд сум дахь АЗШНЦ-р ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар хязгаарласан бараа болох түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах 1 ширхэг хонх, 1 ширхэг очирыг нууж зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн үйл баримт болсон байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Э.Б нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болох 39 нэр төрлийн түүх соёлын дурсгалт зүйлийг ... улсын дугаартай автомашин нууж, Монгол Улсын хил нэвтрүүлэхийг завдсан, Мөн яллагдагч Э.Б нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Замын-Үүд сум дахь АЗШНЦ-р ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар хязгаарласан бараа болох түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах 1 ширхэг хонх, 1 ширхэг очирыг нууж зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Б.Б “ ...  улсын дугаартай хар өнгийн Хуанхай гэсэн жийпийг нарийвчлан шалга гэдэг үүргийг манай зөрчлийн албанаас өгсний дагуу тухайн машиныг нэг бүрчлэн шалгахад машины салоны доод хэсэг буюу хропны речакны урд талд байрлах газарт гараа хийж үзэхэд нэг зүйл байсныг гаргаж ирсэн чинь 1 хонх, 1 очир зэрэг эд зүйл байсан ...” гэсэн, шинжээчийн дүгнэлтүүд, эд зүйлс хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Б-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хуульд заасны дагуу Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болох 39 нэр төрлийн түүх соёлын дурсгалт зүйлийг ... улсын дугаартай автомашин нууж, Монгол Улсын хил нэвтрүүлэхийг завдсан, мөн яллагдагч Э.Б нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Замын-Үүд сум дахь АЗШНЦ-р ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар хязгаарласан бараа болох түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах 1 ширхэг хонх, 1 ширхэг очирыг нууж зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн шинж чанар, хохирол хор уршиг болон түүний хувийн байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 66,850,000 төгрөгийн үнэ бүхий Богд Зонховын намтар, үлгэрийн далай, Жигжид, Дулба-гийн хураангуй, төв үзэлд орохуйн судар, Дүлзэн Давгажалцан сургаалийг баригч зан үйл гурван шүтээн тэргүүтнийг авах, гээхүйн судар, Гүнрэг, Гэндэн лүгсэнгийн Моломын судар, нэгэн насны анхаарал авах ёс нугуудын тачаалыг тэвчин номын явдлын тодорхой зүйл хэмээх судар, Дайсныг дарагч таван зуутын ерөөлийн үг, залбирал, Да жамба /4 хуудас/ Манал /14 хуудас/, Нууц хураангүйг уншиж арга /44 хуудас/, Бартойжил /94 хуудас/, Бадамхатан хураангүй /11 хуудас/, Их манал /91 хуудас/, Намсрайн тахилга, Бодь мөрийн зул судар /21 хуудас/ Багшийн захиа бичиг, Шавьдаа илгээсэн захиа бичиг, Кали-ка-д илгээсэн захидал, Төвд үзэлд орохуй судар, Ринчен пренвэ, Очироор огтлогч Дүртэддагва, Цэнд судар /24 хуудас/ Манал судар, Үрийн зурхай, Ногоон дарь эхийн судар /24 хуудас/, гарчиг байхгүй судар, Пагва Жамбалсанжид судар /51 хуудас/ Лхамын шооны бүтээх ёсны номлол /108 хуудас/, Дой засал, Жамбалцанжид, Дашзэвгэ, Цагаан шүхэрт, Төвд үзэл дор орохуй судар Умайлажүг, Говийн Лха-гийн залбирал тахил, /17 хуудас/ Жансрангийн ганшиг /25 хуудас/, Бага манал, Махгалын ганс, Банзрагч, Дүлба-гийн хураангуй, Мэргэд гарахын орны урлахуй ухааны аймаг, Горзан-го сайн ерөөл /3 хуудас/ Цагаан дарь эхийн магтаал /5 хуудас/ Үүсгэлийн үйлдэх учир шалтгаан /1 хуудас/ Жигжидийн магтаал /10 хангалын тахилын судрууд/ Жигжид 13 тэнгэрийн /Лха сүм/, Нүрзэд-Иш Гомбо зургаан мутартын балин тахил, ганшиг /34 хуудас/, Гонгор Идшинноров бүтээх арга /6 хуудас/ Дамдинчойжоо жамбу-ийн балин тахил ганшин Магсаржалмаа дүртоль бүтээх арга, Лха чин Дагва доншийн ганшиг /13 хуудас/ Их манал, Догсүм судар, Ламинчодов, Мөнгөн аяга, Бариулгүй хонх, Хүрэл толь, Хонх 2 ширхэг, Очир зэргийг Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Б гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Л.Э-н  өмчлөлийнх тул Прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг  хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг Л.Э-т олгож, шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ дээрх тээврийн хэрэгслийг ашигласан болох нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн үнэ болох 3,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т овогт Э.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан соёлын дурсгалт зүйлийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Э.Б-г арван мянга тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,050,000 /арван сая тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан 10,050,000 /арван сая тавин мянган/ төгрөгийн торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд сард 279,167 төрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 66,850,000 төгрөгийн үнэ бүхий Богд Зонховын намтар, үлгэрийн далай, Жигжид, Дулба-гийн хураангуй, төв үзэлд орохуйн судар, Дүлзэн Давгажалцан сургаалийг баригч зан үйл гурван шүтээн тэргүүтнийг авах, гээхүйн судар, Гүнрэг, Гэндэн лүгсэнгийн Моломын судар, нэгэн насны анхаарал авах ёс нугуудын тачаалыг тэвчин номын явдлын тодорхой зүйл хэмээх судар, Дайсныг дарагч таван зуутын ерөөлийн үг, залбирал, Да жамба /4 хуудас/ Манал /14 хуудас/, Нууц хураангүйг уншиж арга /44 хуудас/, Бартойжил /94 хуудас/, Бадамхатан хураангүй /11 хуудас/, Их манал /91 хуудас/, Намсрайн тахилга, Бодь мөрийн зул судар /21 хуудас/ Багшийн захиа бичиг, Шавьдаа илгээсэн захиа бичиг, Кали-ка-д илгээсэн захидал, Төвд үзэлд орохуй судар, Ринчен пренвэ, Очироор огтлогч Дүртэддагва, Цэнд судар /24 хуудас/ Манал судар, Үрийн зурхай, Ногоон дарь эхийн судар /24 хуудас/, гарчиг байхгүй судар, Пагва Жамбалсанжид судар /51 хуудас/ Лхамын шооны бүтээх ёсны номлол /108 хуудас/, Дой засал, Жамбалцанжид, Дашзэвгэ, Цагаан шүхэрт, Төвд үзэл дор орохуй судар Умайлажүг, Говийн Лха-гийн залбирал тахил, /17 хуудас/ Жансрангийн ганшиг /25 хуудас/, Бага манал, Махгалын ганс, Банзрагч, Дүлба-гийн хураангуй, Мэргэд гарахын орны урлахуй ухааны аймаг, Горзан-го сайн ерөөл /3 хуудас/ Цагаан дарь эхийн магтаал /5 хуудас/ Үүсгэлийн үйлдэх учир шалтгаан /1 хуудас/ Жигжидийн магтаал /10 хангалын тахилын судрууд/ Жигжид 13 тэнгэрийн /Лха сүм/, Нүрзэд-Иш Гомбо зургаан мутартын балин тахил, ганшиг /34 хуудас/, Гонгор Идшинноров бүтээх арга /6 хуудас/ Дамдинчойжоо жамбу-ийн балин тахил ганшин Магсаржалмаа дүртоль бүтээх арга, Лха чин Дагва доншийн ганшиг /13 хуудас/ Их манал, Догсүм судар, Ламинчодов, Мөнгөн аяга, Бариулгүй хонх, Хүрэл толь, Хонх 2 ширхэг, Очир зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд шилжүүлсүгэй.

6. Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд  хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5/02 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Л.Э-т олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 3,000,000 төгрөгийг шүүгдэгч Э.Б-с гаргуулан улсын орлогод оруулсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.Н