Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 204/МА2025/00017     

 

 

 

 

 

 2025           6              09                                                204/МА2025/00017                       

 

 

БМ ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 145/ШШ2024/00088 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч БМ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Н-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэг болох 89,552,068,65 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч С.Н-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч С.Н, хариуцагчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч БМ ХХК нь хариуцагч С.Н-д холбогдуулан Түрээсийн гэрээний үүрэг болох 89552068.65 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч С.Н нар нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

            Үүнд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Н нь RC19/04-12UB дугаартай, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээгээр SZK11187 сериал дугаартай 1 ширхэг CAT 330D2L маркийн экскаваторыг 160 мото цаг, дөрвөн долоо хоног бүрд 21945000 төгрөг төлөх хуваарьтайгаар, 2019 оны 05 дугаар сарын 19-нөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүртэл нийт таван сар гаруй хугацаатайгаар БМ ХХК-иас тоног төхөөрөмж түрээсэлж авсан. Түрээсийн гэрээний дагуу түрээсэлсэн экскаваторыг хариуцагч буцаан хүлээлгэн өгөхөд шанагийн 5-н шүд гэмтсэн, эвдэрсэн байсан. Хариуцагч тоног төхөөрөмж ашиглах явцад гэмтээснээ 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шалгах хуудсаар хүлээн зөвшөөрсөн. Тус гэмтсэн, эвдэрсэн эд ангиудыг нэхэмжлэгч тааруулж сольсон. Хариуцагчид удаа дараа төлбөрийн үүргээ биелүүлэх тухай албан бичиг хүргүүлж байсан. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19/10-163 тоот, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 19/12-174 тоот албан бичгүүдээр тус тус гэрээний төлбөрийн үүргээ биелүүлэхийг мэдэгдэж байсан. Мөн хариуцагчид зурвасаар 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус тус өөрт нь мэдэгдэж байсан. Хариуцагч төлбөрөө төлөхгүй өнөөг хүртэл хугацаанд зайлсхийж ирсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2022/03209 дугаар шийдвэрийн дагуу хариуцагчийн хаяг тодруулах зорилгоор эрэн сурвалжилсан. Уг шийдвэрийн дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 28ё2-3/155 албан тоотоор хариуцагч болох С.Н нь Өвөрхангай аймаг, *** сум, *** дүгээр баг, *** гэх газар оршин суудаг болохыг тогтоосон байдаг. БМ ХХК нь түрээсийн техникүүдийг хариуцагчид гэрээнд заасан нөхцөл, хугацаанд шилжүүлэн өгсөн. Хариуцагч нь гэрээний үндсэн үүрэг болох түрээсийн төлбөрийг удаа дараа төлөхгүйгээр гэрээг ноцтой зөрчиж, зайлсхийж түрээслүүлэгч болох БМ ХХК-д их хэмжээний хохирол учруулсан. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Түрээсийн гэрээний 5-д зааснаар түрээсийн төлбөрийг түрээслэгч төлөх үүрэгтэй. Иймд RC19/04-12UB дугаар 5 дугаар заалтын дагуу тус тус түрээслэгч нь 56681060 төгрөг 70 мөнгө төлөх үүрэгтэй. Гэрээний 3 дугаар заалтын 3.4-т заасан гэмтэл 3020318 төгрөг 40 мөнгө, үлдэгдэл төлбөрийн алданги 50-н хувь тус тус 29850689 төгрөг 55 мөнгө, нийт 89552068 төгрөг 65 мөнгийг С.Н-аас гаргуулж өгнө үү гэжээ.

            2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 08 дугаар 24-ний өдөр гэрээ байгуулж тоног төхөөрөмж түрээслүүлсэн. Урьдчилгаа төлбөрийг төлсөн. 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 197.4 мото/цагтай хашаанаас гарсан баримт нь байгаа. Буцаж ирэхдээ 706.6 мото/цаг гишгэсэн байдалтай буцааж өгсөн. Тухайн хугацаанд түр ашиглахгүй гэдгээ илэрхийлээд мото цагаа зогсоосон. Тэгээд тухайн үед хүсэлт гаргаж гэрчүүдийг асууж, үзлэг нэгжлэг хийснээр Н С гэсэн хаягаас манайх руу мэйл бичсэн байсан. Тэгэхээр хэдий хугацааны дотор буцаж гараад мөн өөрөө хүсэлтээрээ мото цагийг болон түрээсийн эд зүйлээ зогсоох саналыг тавьсан байдаг. Тийм учраас 10 дугаар сарын 13-ны өдрийн 706.6 мото/цаг гишгэсэн байдалтай буцааж өгсөн зөрүү төлбөрийг нэхэмжилж байгаа. Үлдэгдэл төлбөр нь нэхэмжлэлийн үнийн дүн дээр тодорхой заасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

            3. Хариуцагч С.Н шүүхэд гаргасан тайлбар болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч он сараа буруу яриад байх шиг байна. Би 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 1 сарын хугацаатай түрээсийн гэрээ хийсэн. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 19-ний техникээ авч гарсан. Тус оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээлгэж өгөхөөр гэрээ хийсэн. Манай барьцаа мөнгө 43,890,000 төгрөг төлсөн байсан. Тэгээд хугацаа нь дуусахаар эднийхээс 07 дугаар сард техникээ өг гэсэн шаардлага гаргасан. Бид нар 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр авчирч өгсөн. Эднийх 22-ын товчооны тэнд хоосон хашаанд хүлээж аваад лацдаад авсан. Манайх эргэж авна гэсэн бодолтой байсан чинь дахин гэрээ хийгдээгүй. Би БМ ХХК-тай гэрээ хийгээгүй. Харин W ХХК-тай 1 сарын хугацаатай гэрээ хийсэн. Бид нар техникээ хүлээлгэж өгсөн. Буцааж авч гарахдаа гэрээ хийгээгүй. Эд нарын авчирч өг гэснээр 07 дугаар сарын 13-ны өдөр авчирч өгөөд 08 дугаар сарын 05-ны өдөр авч гарсан. 08 дугаар сарын 05-ны өдөр авахад эднийхээс нэг өндөр шар залуу ирээд бүх юмыг нь онгойлгож өгөөд явуулсан. Хэргийн материалтай танилцахад 08 дугаар сарын 05-нд манайх техник хүлээлгэж өгсөн гэж байгаа боловч техник хүлээлгэж өгсөн акт байхгүй байгаа. Харин хэргийн материалд нөхөж хийсэн баримт байна лээ. Хүлээлгэж өгсний хүний гарын үсэг байхгүй, хүлээж авсан хүний гарын үсэг байхгүй баримт байна лээ. 2021 оны 05 дугаар сарын хүлээж авсан дээр гарын үсэг нь байгаа. Дараагийн удаа хүлээлгэж өгөхдөө эднийхээс хүлээлгэж өгөөгүй. Тэгэхэд нэг өндөр шар залуу ирж онгойлгож явуулсан. Би 08 дугаар сард авснаа хүлээн зөвшөөрнө. Харин бид нарт гэрээ байхгүй. Тэгэхээр бид нараа хэднээс хэдний хоорондох мөнгийг нэхээд байгааг мэдмээр байна. 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээлгэж өгсөн гээд байна. Үүнийг би өөр хүнтэй андуураад байна уу гэж бодож байна. Бид нар 08 дугаар сарын 05-ны өдөр аваад 09 дүгээр сарын 01-ний өдөр техникээ буцааж өгсөн. Үүнийг бас 09 дүгээр сарын 03-ны өдөр гэж бичсэн байгаа. Үүн дээр 2 хоногийн маргаан байгаа. Тэгэхээр энэ хүмүүс 08 дугаар сарын 05-ны өдөр мөнгөгүй, гэрээгүй бид нарт машин техник өгч гаргахгүй газар. Тэр битгий хэл нэг гаргахдаа түрээсийн төлбөрийг авна, мөн барьцаа мөнгө авч байж гаргадаг. Одоо болохоор зүгээр өгч явуулсан, хэдэн сарын мөнгө нэхээд байгаа нь тодорхойгүй байна. Би 08 дугаар сарын 05-ны өдөр аваад 09 дүгээр сарын 01-ний хүлээлгэж өгсөн. Би яаж 09 дүгээр сарын 01-ний өдөр гэдгийг сайн санаад байна гэхээр манай ажилчид 09 дүгээр сарын 01-ний өдөр хүүхдийн хичээл орлоо явлаа гээд манай экскаваторын жолооч надтай маргаж байсан. Тэгээд манай нөхөр 09 дүгээр сарын 01-ний өдөр үдээс хойш хашаанд нь хүлээлгэж өгч байсан. Тэгээд эд нар болохоор 03-ны өдөр нь авсан гэж ярьдаг. W ХХК-ийнхан надтай яриад хоёр хоногийнхоо мөнгийг өг гэхээр нь бид нар 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэж өгсөн гэж хэлсэн. 08 дугаар сарын 05-ны өдөр нь эдний үүдний ресепшн гээд өндөр хүүхэн байсан. Тэрэнд би бэлэн мөнгө өгсөн. Үдээс хойш баримтыг нь өгч явуулаад таны техникийг гаргуулах баримт явуулна гэж хэлсэн. Тэгсэн үдээс хойш баримт явуулаагүй. Гэхдээ ямар ч байсан гэрээ хийхгүйгээр техник гаргаж өгсөн. 08 дугаар сарын 05-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл түрээслээд 03-ны өдрөөр нь тооцсон болохоор манайх 2 хоногийн мөнгө нэхэмжлэх эрхтэй. Илүү цагийн мөнгө 2,200,000 төгрөгийн зөрүү байгаа. Шүдний мөнгө гээд 6,000,000 төгрөг дээр ярилцана гэж хэлсэн. Тэгэхээр эдний нэхээд байгаа мөнгийг сайн ойлгохгүй байгаа. Би энэ компанитай гэрээ хийгээгүй. БМ ХХК нь 2021 онд эрхээ авсан юм шиг байна лээ. Миний тэр хийсэн гэрээний хугацаа ч дууссан, би хугацаандаа техникээ өгсөн. Би БМ ХХК-тай ямар ч хамаагүй хүн. Би W ХХК-тай гэрээ хийсэн. Гэрээ нь 1 сарын гэрээ л байсан. Дахин би гэрээ хийгээгүй. Миний хувьд илүү цагийн мөнгө 2,200,000 төгрөгийн зөрүү байгаа. Шүдний хувьд 3 сая хэдэн зуун мянган төгрөг нэхэмжилнэ гэж байгаа. Манайх шинэ шүд тавьж өгсөн. Экскаваторын шүд нь ийм байх ёстой гэсэн үнэлгээ гаргаж өгөөгүй. Ер нь хэрэгт байгаа баримтуудыг нөхөж хийсэн юм шиг харагдаж байна лээ. Нэхэмжлэлийн шаардлагад ч миний мэдэхгүй хүмүүс гарын үсэг зурсан байна лээ. Гэрч гээд байгаа жолоочтой хоёр удаа уулзаж байсан. Эхнийх дээр нь албан тоот байсан. Тэр нь дээр төлбөрийн маргаантай байсан болохоор өөрөө хариу өгнө гэж бичиж явуулж байсан. Илүү цагийн төлбөр 2,200,000 төгрөг дээрээ гарын үсэг зурж явуулсан. Өөр зүйлүүдийг нь хүлээж аваагүй. Эднийх надаа ямар гэрээ дээр үндэслэж мөнгө нэхээд байгаа мэдэхгүй байна. 1 сарын хугацаатай хийсэн гэрээндээ бол үндсэн төлбөрөө өгсөн, мөн барьцаа мөнгөө өгсөн. Дараагийн 08 дугаар 05-ны өдөр авч явсан дээр гэрээгүй гэж хүнийг гүтгэхгүй. Эд нар өөрсдөө ч бичсэн байгаа. Итгэлцлийн үндсэн дээр танд өгч явуулсан гээд албан тоот дээр бичсэн байгаа. Тэрнийхээ мөнгийг би өгсөн. Харин эд нар гэрээгүй, мөнгөгүй машинуудыг өөрсдөө хашаанаасаа гаргаж өгнө гэсэн зүйл байхгүй. Би хөөнө хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа. Мөн үндэслэлгүй мөнгө нэхэж байна гэж үзэж байгаа гэжээ.

       4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч С.Н-аас 89,552,068,45 төгрөгийг гаргуулан БМ ХХК-д олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч С.Н-аас 605711 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 605,711 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

5. Хариуцагч С.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 88 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч БМ  ХХК-иас хариуцагч С.Н нь *** дугаартай 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээгээр *** сериал дугаартай 1 ширхэг САТ 330D2L маркын экскаваторыг 160 мото цаг, дөрвөн долоо хоног бүрд 21,945,000 төгрөг төлөх хуваарьтайгаар 2019 оны 5 дугаар сарын 19-нөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 5 сар гаруй хугацаагаар тоног төхөөрөмж түрээсэлсэн. Хариуцагч нь гэрээний төлбөрийг төлөхгүй зөрчиж гэрээний үндсэн үүрэг болох 56,681,060,70 төгрөг гэмтлийн 3,020,318,40 төгрөг үлдэгдэл төлбөрийн алданги 50 хувь 29850689 төгрөг 55 мөнгө нийт 89552068,50 төгрөг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасны анхан шатны шүүх бүрэн хангаж шийдвэрлэснийг хууль буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Хариуцагч миний бие анх Wagner Asia ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 23-ний өдрийн тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээгээр *** сериал дугаартай 1 ширхэг САТ 330D2L маркын экскаваторыг 1 сарын хугацаагаар түрээслэхээр барьцаа болон түрээсийн 43890000 төгрөгийг урьдчилан бүрэн төлж 2019 оны 5 дугаар сарын 19-ны өдөр экскаваторыг авч ажиллаж байгаад 2019 оны 7 дугаар сарын13-ны өдөр өөрсдийн шаардсанаар экскаваторыг хүргэж өгсөн.

Манайх ажлын шаардлагаар 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр дахин экскаваторыг авсан, энэ үед техник гаргадаг ажилтан нь надаас төлбөр 8000 доллар бэлнээр авч техникээ өгч гаргасан, мөн оныхоо 9 дүгээр сарын 1-ний өдөр манайх экскаваторыг буцаан хүлээлгэн өгсөн. Энэ хооронд ямар нэгэн гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгч талаас надад төлбөр барагдуулах нэхэмжлэл удаа дараа хүргүүлсэн гэх боловч надад гардуулж өгч байгаагүй “БМ” ХХК-тай огт гэрээ байгуулж хамтарч ажиллаж байгаагүй болно.

Анхан шатны шүүх хариуцагч С.Н намайг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээгээр САТ экскаваторыг 160 мото цаг, дөрвөн долоо хоног бүрд 21,945,000 төгрөг төлөх хуваарьтайгаар 2019 оны 5 дугаар сарын 19-нөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 5 сар гаруй хугацаагаар БМ ХХК-иас тоног төхөөрөмжийг тасралтгүй ашиглаж түрээсэлсэн гэж анхны W ХХК-тай 1 сарын гэрээнээс өөр бичгээр байгуулсан техник түрээсэлсэн гэрээ байхгүй байхад гэрээний хугацааг буруу тооцож, үндсэн үүрэг, алдангийн төлбөрийг хууль зүйн үндэслэлгүй гаргуулсан. Гэрээний үүрэгтэй холбоотой хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна

Мөн нэхэмжлэлд дурдсан гэмтэл 3,020,318 төгрөгийн хохирол нэхэмжлэгчид учраагүй гэж үзэж байна. Учир нь миний авсан экскаваторын шанаганы шүднүүд 70% элэгдэлтэй гэж анх техник хүлээн авсан шалгах хуудсанд тэмдэглэгдсэн байгаа, манайх шинэ шүд тавьж өгсөн учир төлбөрийг хариуцахгүй гэж үзэж байна. Манай түрээсэлсэн экскаваторын шанага эвдэрсэн талаар бодит баримт авагдаагүй байсан.

Шүүхийн шийдвэрт бидний хооронд байгуулсан түрээсийн гэрээний хугацаа болон надад төлбөр, гэмтэл, алданги хариуцуулж байгаад хийсэн хууль зүйн үндэслэл дүгнэлт тодорхойгүй байна. Миний хувьд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байхад шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитой дүгнээгүй гэж үзэж байгаа. Техник хүлээлгэн өгсөн 2019 оны 10 дугаар сарын 02 гэж бичсэн шалгах хуудсанд би гарын үсэг зураагүй, миний гарын биш, гарын үсэг байгаа баримт нь хэний болохыг тогтоогоогүй би мэдэхгүй.

Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулж тоног төхөөрөмж түрээслүүлсэн талаар болон 10 дугаар сарын 13-ны өдөр буцааж өгсөн зөрүү төлбөр нэхэмжилж байгаа гэсэн нь миний W ХХК-тай анх гэрээ байгуулсан цаг хугацаатай тохирохгүй байхад үүн дээр дүгнэлт өгөөгүй их хэмжээний төлбөр үндэслэлгүй хариуцуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагч С.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан. 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 1 сарын хугацаатай гэрээ байгуулсан гэдгийг тэмдэглэсэн. Анхны нэхэмжлэлдээ 2019 онд гэрээний үүргийг биелүүлээгүй гэж надаас мөнгө нэхэмжилсэн боловч Мөнхтуяа өмгөөлөгч 2021 он гэж тайлбарлаж хэлсэн. Би хэдэн оны хэдэн сарын хэднээс хэдний хоорондох төлбөрийг нэхээд байгааг сайн ойлгохгүй байдаг. Би анхны түрээсэлж авсан барьцаа мөнгөтэйгөө 48,990,000 төгрөгийг төлсөн. Тэгээд гэрээний хугацаа 7 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болсон. Бид хугацаанд нь мөнгийг өгдөг байсан. Мөн мэйл хаяг руу бичсэн байгаа. Техникийг буцааж өгөхдөө лацдаж 22-ын товчооны хашаанд тавиад явсан. Тэгээд би 8 сард буцааж авч явсан. Тэгэхэд бид гэрээ хийгээгүй. Бидний анх гэрээ хийсэн байгууллага бол “БМ” ХХК байгаа. Би анх “БМ” ХХК-тай нэг сарын хугацаатай гэрээ хийж барьцаа мөнгөө тушаасан. Миний хувьд гэрээний үүргээ зөрчөөгүй гэж үздэг. Анх шалгах хуудсан дээр хүлээлгэж өгөхдөө 70 хувийн гэмтэлтэй гэдгийг тодорхой тайлбарласан байсан. Сүүлийн 10-н сарын хоног хугацааг буруу яриад байх шиг байна. 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэж өгсөн. 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр бүтэн сайн өдөр байсан. Нэхэмжлэгч тал 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээж авсан гэсэн баримт хэргийн материалд авагдсан. Энэ баримтад миний гарын үсэг байхгүй, зөвхөн хүлээж авсан байгаа. Надад өгсөн нэхэмжлэлүүд дээр өөрийнхөө хүлээн зөвшөөрсөн 2 баримтад гарын үсэг зурсан байдаг. Энд хоног хугацаа ч тодорхойгүй, зөрүүтэй байгаа. Би энэ компаниас 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр тоног төхөөрөмж авч 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэж өгсөн. Ямар нэгэн гэрээ байхгүй. Манайх энэ компанитай олон жилийн харилцаатай хамтарч ажиллаж байсан. 2009 оноос хойш 10-н жил гаран шахуу экскаватор түрээсэлж хугацаанд нь өгч авч хамтарч ажиллаж ирсэн компани байгаа. Хүү алданги тооцоход хуультай байдаг. 2019 оны 4 дүгээр сард Монгол Улсын засгийн газраас ковид-19 цар тахлын үед ажиллаж байсан аж ахуйн нэгж, банк бус, ломбардад зээлтэй байгаа бүх хүмүүсийн алдангийг зогсоосон байсан. Энэ журам 2021 оны 9 дүгээр сар хүртэл байсан. Та нар Засгийн газрын хууль тогтоомжийг баримтлах ёстой гэж үзэж байна.

Иймд би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхүй байна. Би 2,475,000 төгрөгийг төлнө гэв.

7. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Нэхэмжлэгч тал шүүхэд С.Н нь 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр түрээсийн гэрээгээр 1 тонны экскаваторыг хүлээн авч урьдчилгаа мөнгө төлөөд 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 5 сар гаруй хугацаанд тоног төхөөрөмж түрээсэлж авсан гэж нэхэмжлэл гаргасан. Хавтас хэрэгт 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр С.Н В ХХК-тай нэг сарын хугацаатай гэрээ байгуулсан. Нэг сарын хугацааны төлбөр нь 21,945,000 төгрөгөөр тохирсон байдаг. Нэг сарын түрээсийн төлбөр барьцаатайгаа нийлээд 43,000,000 төгрөг төлж гэрээний хугацаа дуусгавар болсон. Нэхэмжлэгч талаас нэхэмжилж байгаа 5-н сарын хугацааны турш ашигласан түрээсийн гэрээний дагуу экскаваторын шүд эвдэрсэн, гэмтсэн гэсэн зүйл дурдаад байгаа боловч үүнийг нэхэмжлэлдээ эвдэрч эд ангиудыг дурдсан. Тэгэхээр энэ төлбөр үндсэндээ арилсан байхаар харагдаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч Б.О нь 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээг байгуулсан гэж байгаа. Тэр экскаватороор түрээслүүлсэн гэж ойлгож төлбөрийг нь урьдчилан төлсөн гэдэг. Тэгэхээр С.Н 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр итгэлцлийн үндсэн тоног төхөөрөмжийг 8000 доллароор төлж техник хариуцаж байсан хүнд нь хүлээлгэн мөнгөө өгч гарын үсэг зурсан. Ингээд техникээ аваад явсан. Урьдчилгаа төлбөрөө төлсөн гэсэн үг юм. Үүнийг Б.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт урьдчилгаа төлбөр төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хашаанаас гарсан баримт байгаа гэсэн мөртөө 10 дугаар сарын 13-ны өдөр буцааж өгсөн. Энэ төлбөрийн зөрүүг нэхэж байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй нөхцөл байдлууд байдаг. Давж заалдах гомдлын үндэслэл нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл .....авч гараад 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэж өгсөн. Энэ үед компанитай түрээсийн гэрээ байгуулж ажиллаагүй. Гэрээ хийхгүйгээр нэг сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл ашигласан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд түрээсийн гэрээгүй байхад алданги тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төлбөр нь хэдий хугацаанаас хэдийг хүртэлх төлбөр болох нь тодорхойгүй байхад их хэмжээний мөнгийг үндэслэлгүйгээр гаргасан тул давж заалдах гомдлыг гаргасан. гэв.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээ байгуулсан тул маргаагүй. Түрээсийн гэрээний дагуу 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр техник хашаанаас гараад явсантай мөн маргаагүй. Хариуцагч 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулаагүй техникийг ашигласан гэдэг боловч энэ нь нотлох баримтаар үгүйсгэгдэг /хавтаст хэргийн 141-147/. 2019 оны үйл явдал тухайн үед шийдвэрлэсэн ажилтан ажлаасаа гарсан байсан. Гэхдээ манай компьютер дээр тухайн үед ажиллаж байсан бүх файлууд харагддаг. Хүсэлт өгч компьютерт нь үзлэг хийлгэсэн. 2019 оны 7 дугаар сард С.Н-аас манай ажилтан руу мэйл явуулсан байдаг. Өөрийнх нь хэлээд байгаа Н С гэдэг мэйл байхгүй гэж байгаа боловч урьд нь НА гэдэг мэйл хаягаас би 18 хоногоор түрээсийг хойшлуулна гэж 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 39 минутад манай ажилтан руу мэйл бичсэн байдаг. Уг баримтыг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан байдаг. Манай ажилтнаас та хэдий хугацаа хүртэл ашиглах вэ цаашид энэ гэрээ үргэлжилнэ биз дээ гэж асуусан. Тэгэхэд С.Н нь 10 дугаар сарын дунд хүртэл гэрээг үргэлжлүүлж 18 хоногоор лацдаж өгсөн холбогдох зардлыг нь манайхаас төлнө гэсэн байдаг. Манай ажилтан эргээд хариу өгч очиж лацдах хаягаа өгнө үү гэж бичсэн байсан. Үүний дагуу лацдах ажиллагаа хийж 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл гэрээ үргэлжилнэ гэдгээ өөрөө илэрхийлсэн байдаг. Ингээд гэрээнийх нь дагуу 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр техникийн лацыг нь авч шалгах хуудсаа өөрөө зөвшөөрсөн. Маргаж байгаа зүйл нь гэрээ байгуулагдаад гэрээ үргэлжилсэн юм байна, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр надтай гэрээ байгуулаагүй, техникээ өгөөд явуулсан гэж байгаа. 2019 оны 9 дугаар сарын 01-ний өдөр ашигласан гээд байгаа боловч 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шалгах хуудсаар тогтоогдож байгаа. Хавтаст хэргийн 21-25 дугаар хуудсанд нэхэмжлэлүүд байгаа. Манайх сервис засвар хийсэн хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд авагдсан. Мөн 3,020,000 төгрөгийн шүдний шалгах хуудсанд машиныг хүлээж авахад 70 хувийн элэгдэл гарсан байна гээд хүлээлгэж өгсөн хүнийх нь гарын үсэг байна. Анх хүлээж авахдаа С.Н-ийн гарын үсэг байна, хүлээлгэж өгсөн нь өөр хүн байгаа нь хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан. Хавтаст хэргийн 21-25 дугаар хуудсанд тооцооллыг гаргасан. Нэг сарын хугацаатай гэрээ хийсэн, мөн нэг сарын барьцаа төлбөр төлсөн. Түрээсийн гэрээний хугацаанд тоног төхөөрөмжийг түрээслэгч түрээслүүлэгч талаас хүлээн авсан хугацаанаас үл хамааран буцаан ирсэн хугацаа хүртэлх хугацааг ойлгоно. Тэгэхээр 10 дугаар сарын хэдний өдөр хашаанд ирснээр тасалбар болгоно гэсэн үг. Маргаан дээр хөөн хэлэлцэх хугацаа болон БМ ХХК-тай гэрээ хийсэн гэдэг. 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр компанийн нэр өөрчлөгдөж улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан. Техникийг хүлээлгэж өгөхөд 70 хувийн элэгдэлтэй сольсон гэж байна. Би гүйцэтгэх хуудсаа бичүүлээд авсан. 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэлд өгсөн. Шийдвэр гүйцэтгэлд өгснөөс 7, 8 сарын дараа хугацаа сэргээсэн. Түрээсийн гэрээ байгуулаагүй гэдэг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т зааснаар шүүхэд тайлбар гаргаж өгч болно. Гэхдээ үнэн бодит байдалд нийцсэн байх ёстой. Гэрээгээ байгуулахдаа 43,000,000 төгрөгийг өгсөн гэдгийг үгүйсгээгүй. Иймд анхан шатны шүүхийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл байхгүй учир Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 145/ШШ2024/00088 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

            9. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

10. Нэхэмжлэгч БМ ХХК нь хариуцагч С.Н-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг 56,681,060 төгрөг 70 мөнгө, хохирол 3,020,318 төгрөг 40 мөнгө, алданги 29,850,689 төгрөг 55 мөнгө, нийт 89,552,068 төгрөг 65 мөнгө гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээг шаардлагын үндэслэл болгосон байна.  

           Хариуцагч С.Н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

11. Анхан шатны шүүх хариуцагч С.Н нь гэрээний үүргээ биелүүлсэн гэдгээ нотолж чадаагүй гэж дүгнээд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч С.Н-аас 89,552,068 төгрөг 45 мөнгийг гаргуулан БМ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

12. Талуудын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 23-ний өдөр тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээг 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 1 сар 25 хоногийн хугацаатай байгуулсан талаар маргаагүй. Харин хариуцагч С.Н БМ ХХК-тай гэрээ байгуулаагүй, гэрээний хугацаа сунгаагүй байхад алданги илүү нэхэмжилсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан.

Нэхэмжлэгч байгууллага В тоног төхөөрөмж гэх оноосон нэрийг БМ болгон өөрчилж 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн ба /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/ аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөөгүй байна. Нэр өөрчлөгдсөн гэх шалтгаанаар 2019 оны 6 дугаар сарын 16-ний өдөр байгуулсан гэрээний харилцаанд энэ маргаан хамаарахгүй, БМ ХХК-тай гэрээ байгуулаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5.-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.” гэж,  296 дугаар зүйлийн 296.1.-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно.” гэж тус тус заасан.  

Хариуцагч С.Н нь ажлын шаардлагаар 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр дахин экскаваторыг авсан, энэ үед техник гаргадаг ажилтан нь надаас төлбөр гэж 8000 доллар бэлнээр авсан гэх боловч үүнийгээ нотлоогүй, Мөн С.Н-ийн түрээсийн төлбөрийн төлөгдөөгүй үнийн дүнгийн нэхэмжлэл, алдангийн тооцоолол /хх-ийн 11/-д 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх тоног төхөөрөмж түрээсэлсэн үндсэн төлбөр болох 59,701,379.10 төгрөгийг нэхэмжилсэн болох нь тогтоогдож байх тул мөн 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 5 сар гаруй хугацаанд тоног төхөөрөмжийг тасралтгүй ашиглаж түрээсэлсэн гэж гэрээний хугацааг буруу тооцсон гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Хариуцагч С.Н түрээсэлж байгаа экскаваторын 18 хоногийн түр зогсолт хийлгэж түрээсээ хадгалах, энэ техникийг 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ашиглах хүсэлтээ хөлсүүлэгч талд илэрхийлж байсан, улмаар цаашид үргэлжлүүлэн ашиглаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан БМ ХХК-ийн ажилтан Б.Б-ын эзэмшиж байсан цахим шуудангийн программд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 142-145 дугаар хуудас/ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул гэрээг сунгасан гэж үзнэ.

13. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан талаар шүүхэд хариуцагч С.Н нь гэрээний үүргээ биелүүлсэн гэдгээ нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ. 

14. Гомдлыг хангахгүй орхисон тул хариуцагч С.Н-аас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 605,710 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 145/ШШ2024/00088 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Н-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагч С.Н-аас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 605,710 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.НЯМДОРЖ

                                   ШҮҮГЧИД                                 Н.ЭНХМАА

                                                                                     Б.ЦЭРЭНПҮРЭВ