Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 394

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугааар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт М-ын Уут холбогдох эрүүгийн 19030 0236 0173 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Мөнгөншагай /тээвэр/, шүүгдэгч М.Уу, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Энхжаргал нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Төв аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мах маркет” ХХК-д мах шулагч  ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дайчдын хөшөөний 8 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт М-ын Уу /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч М.Уу нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнийн 04 цаг 20 минутын орчимд Киалотзе маркийн 83-60 УБМ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн хойд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 4 дүгээр хавсралтын 5.3-т заасан “...гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Н, П.М нарыг мөргөж, Д.Н-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, П.Мгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг,

- Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэснийг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэнд холбогджээ.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч М.Ууын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2019 оны 03 сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө би ажлаа тараад халтуур хийхээр өөрийн авга ах Мөнхзулын тээврийн хэрэгслийг гуйж аваад явсан. Шөнө 04 цагийн орчимд Бурхантын хөшөөнд хүн буулгаад цаашаа 40-50 км/цагийн хурдтай, 2 урсгалтай замаар явж байхад нөгөө зам дээр Ланд Круйзер маркийн хар өнгийн машин  зам хөндлөн зогссон байсан. Би тэр машины хажуугаар зэрэгцээд гарч ирэхэд урдуур 2 эмэгтэй хүн гүйгээд гараад ирсэн. Би айж цочроод тоормосоо гишгэх арга хэмжээ авч чадаагүй, цаашаа зугтаасан. Би Зайсангийн хойд талын замд очоод айгаад уйлж зогсож байхад 2 цагдаа ирэхээр нь би хэргээ шууд илчилсэн. Би 2016 оны 3 сард жолооны курс төгссөн, тэрнээс хойш машин тэрэг бариагүй.

Би Замын хөдөлгөөний дүрмээ мэднэ, тухайн үед айж сандарч балмагдсандаа машинтайгаа цааш явж осол гарсан газраас 200-300 метрийн зайнд очиж зогссон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирогч Д.Нд 2.200.000 төгрөг, хохирогч П.Мд 6.629.000 төгрөг тус тус эмчилгээний зардалд нь төлсөн байгаа. Зам тээврийн ослоос миний автомашины урд копуд хонхойсон, цаашаа зугтаахад ямар нэгэн саад байгаагүй. Би тухайн өдөр ертөнцийн зүгээр баруунаас зүүн явж байсан. Хохирогч нарыг машинтай зэрэгцээд гараад ирэх үед л харсан. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна, миний буруу. Иргэний хариуцагчийн зүгээс хохирогч нарт төлсөн төлбөрөөс 1.0 сая гаран төгрөг төлсөн, бусад зардлыг би өөрөөсөө төлсөн. Би хохирогч нартай 7 хоногийн өмнө уулзсан ба Д.Н эмнэлгээс гарсан, одоо биеийн эрүүл мэндийн байдал нь сайн байгаа. Харин П.М нь эмнэлэгт хэвтсэн эмчилгээ хийлгэж байгаа.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19030 0236 0173 дугаартай хэргээс:

 

1. Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 02-08х/,

 

2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 0.00% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан  тэмдэглэл баримт /хэргийн 12-13х/,

 

3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 15-18х/,

 

4. Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 23-25х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Н-ийн хохирогчоор өгсөн:

“...2019 оны 3 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Анундарь бид хоёр Жапан таун хотхонд Анундарийн гэрт нь байж байхад Мөнхзаяа ирээд бид гурав “Чоко” гэдэг бааранд ороод 1 цаг орчим суусан. Би бааранд байхдаа 1 пиво уусан. Тэгээд манай найз залуу Хаянхярваа найз Мягаатай хамт ирээд бид хэд Зайсан толгойн Зайсан Хилл худалдааны төвд байдаг “Ион” гэдэг нэртэй диско бааранд орж, би нэг пиво аваад нэг их уугаагүй.

Тэгээд байж байтал манай хуучин найз залуу надруу залгаад ярихад Хаянхярваа “чи хуучин найз залуутайгаа холбоотой байгаа юм уу” гээд уурлаад байхаар нь учраа олох гээд уучлал гуйсан боловч уурлаад байхаар нь “би явлаа” гээд өлгүүрээс хувцасаа авах гэхэд бүгдээрээ “явцгаая” гээд гараад ирсэн.

Би гадаа гараад түрүүлээд Зайсан хиллийн шатаар доошоо буухад Анундарь, Мягаа хоёр араас ирээд “битгий яв” гээд байсан. Би таксинд суугаад явах гэхэд Мөнхзаяа “явуулахгүй” гээд хаалганы завсар гараа хийгээд байхаар нь замын эсрэг талд нэг Тоёота Приус маркийн машинд суугаад хаалгыг нь цоожлоод явах гэхэд Мөнхзаяа машины урд зогсоод явуулахгүй гээд байсан, мөн манай найз залуу машины хаалганаас татаад байсан.

Тэр үед Хаянхярваагийн машин миний суусан машины урдуур ороод хөндлөн зогсчихоор нь би машины зүүн хойд хаалгаар буугаад зам хөндлөн гарах гээд гүйгээд 2-3 алхахад нэг машины гэрэл орж ирээд Мөнхзаяа бид хоёрыг мөргөсөн.

Би машины копуд дээр нь гарсан байхад тэр машин зогсохгүй яваад байсныг санаж байна, нэг мэдэхэд зам дээр хэвтэж байсан. Миний ухаан орон гаран байсан ба түргэн тусламж ирээд Мөнхзаяа бид хоёрыг аваад явсан. Би зам хөндлөн гарахдаа машин ирж байгааг анзаарч хараагүй. Тухайн үед гадаа харанхуй болсон байсан. Зам гэрэлтүүлэгтэй байсан.

Ослын улмаас миний ахар сүүл хугарсан, өгзөгний булчин тасарсан, уруул сэтэрсэн. Өгзөгний дээд хэсэгт ил шархтай байсан, хоёр өвдөг, зүүн хөлийн шагай, өгзөг орчимоор, баруун гарын тохой, зүүн шуу, шанаа орчимд зулгарсан байсан. Улсын 1-р эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, ахар сүүл хэсэгт хагалгаа хийлгэсэн. Би эмчилгээнд хэдэн төгрөг зарцуулсанаа тодорхой мэдэхгүй байна. Жолооч залуу манай аавын данс руу 2.200.000 төгрөг шилжүүлсэн байсан.

...Одоо гомдол санал байхгүй. Би 2019 оны 4 сарын 29-ний өдөр дахин шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэх гэж байгаа. Тухайн үед гарсан эмчилгээний зардлыг жич нэхэмжилнэ. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 27-28х, 29х/,

 

6. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 18-64 дугаартай:

“...үнэлэгдэж буй Basconi брендийн гутал нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 189.000 /нэг зуун наян есөн мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Д.Н-ийн зам тээврийн осолд өртөх үедээ өмсөж явсан гутлыг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 2-р хавтас 31-33х/,

 

7. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Н-ийн хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой зардлын баримтууд /хэргийн 37-49х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Мгийн хохирогчоор өгсөн:

“...2019 оны 03 сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 01 цагийн үед би найз Анутай уулзахаар болоод гэрт нь очиход Ану, нэг танихгүй охинтой хамт байж байсан. Тэгээд бид гурав Хүүхдийн 100-ийн тэнд байдаг “Чоко” гэдэг бааранд ороод сууж байхад Анутай хамт сууж байсан Номиндарь “найз залуу нь хүрээд ирээ, дайлна” гээд байна гэхээр нь Зайсангийн тийшээ нэг газар орохоор болоод хамт явсан. Тэгээд Зайсан Хилл худалдааны төвийн бааранд ороод нэг их удаагүй байхад Номиндарь найз залуутайгаа маргалдаад уйлаад суугаад байсан.  Юу болсоныг нь асуухад найз залуу нь хардаад маргалдсан гэж байсан. Бүгдээрээ гарах болоход Номиндарь “амиа хорлоно, үхлээ” гээд ганцаараа гүйхээр нь Ану, бид хоёр араас яваад очиход найз залуу нь машинтайгаа зогсоолоос гарч ирсэн.

Номиндарь машинд суухгүй “би ганцаараа явна, үхнэ” гээд маргалдаад нэг цагаан өнгийн Т.Приус-20 маркийн машинд суучихсан, ...найз залуу нь ирээд явуулахгүй гээд тэр машины хаалгыг татахад дотроосоо түгжсэн байсан юм. Тэгтэл Номиндарь уг машины хойд талын хаалгыг онгойлгож урагшаа чиглэлтэй зам хөндлөн гүйсэн.

Би тэр охиныг “машинд мөргүүлэх” нь гэж бодоод өөрийн мэдэлгүй араас нь гүйхэд Номиндарь, бид хоёр машинд мөргүүлээд газарт унасан. Яаж мөргүүлсэнээ ч мэдээгүй. Ухаан балартаад нэг мэдэхэд Гэмтлийн эмнэлэгт ирсэн байсан. Би тухайн үед бараг эрүүл байсан. Ослын улмаас миний аарцаг баруун талдаа 2 хугаралттай, умдаг ясны хугаралттай, 9 дүгээр хавирга хугаралттай гэсэн. Одоо хэвтрийн дэглэм сахиж байгаа. Жолооч залуу намайг эмнэлэгт хэвтэх хугацаанд эмчилгээний зардал болох 2.629.000 төгрөг төлсөн. Мөн миний данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. Одоо би хөл дээрээ босчихвол гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-50х/,

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Мөнхзулын иргэний хариуцагчаар өгсөн:

“...Би М.Ууын авга ах нь байгаа юм. М.Уу нь хааяа миний машиныг гуйж авч яваад халтуур хийдэг юм. 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн орой 20 цагийн орчимд миний машинаар “халтуур хийж яваад ирье” гээд авч яваад осол гаргасан байсан. Тэгээд осол гарсаны маргааш нь надад “осол гаргасан” гэж хэлсэн.

Энэ машиныг 2019 оны 01 сард 3.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан ба анх уг машиныг авахад хол, ойрын гэрэл нь муу тусдаг байсан. Нэгэнт ийм асуудал болсон учраас би өөрийн машинаа зарж бусдын хохирол мөнгийг төлөхөд нь нэмэр болно.” гэсэн мэдүүлэг /хэргийн 52х/,

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Анундарийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 03 сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 01 цагийн үед би найз Мөнхзаяа, Номиндарь нартай уулзалдаад “Чоко” нэртэй бааранд орж сууж байхад Хаянхярваа, Мягмарсүрэн хоёр ирээд, бид тавуулаа Зайсан толгойд байдаг EON гэдэг бааранд орж бүжиглэсэн. Бааранд ороод нэг, нэг пиво аваад Мөнхзаяа, Номиндарь бид гурав бүжиглээд байж байтал Номиндарийн хуучин найз залуу нь тааралдсанаас болоод Хаянхярваа Номиндарь хоёр маргалдсан.

Номиндарь нь “ганцаараа явлаа” гээд байхаар нь Мөнхзаяа бид хоёр тайвшруулах гэхэд уурлаад байхаар нь бид хэд бөөнөөрөө баарнаас гарсан. Номиндарь Зайсан хилийн шатаар ганцаараа доошоо алхахаар нь Мөнхзаяа араас нь яваад тайвшруулах гээд уулзаад зогсож байсан. Харин би Хаянхярваагийн машин дээр нь очоод “та хоёр яагаад маргалдаад байгаа юм бэ” гээд юм яриад зогсож байхад нэг согтуу хүн ирээд машины хаалга татаж Хаянхярвааг өдөөд “зодолдъё” гэсэн.

Би тэр согтуу ахыг “таксинд суулгаад өгье” гээд юм яриад зогсож байтал “Номио” гээд хашгирахаар нь “юу болов” гээд хартал Номиндарь зам хөндлөн хойноос урагшаа чиглэлтэй, араас нь Мөнхзаяа барьж авах гэж гүйгээд машинд мөргүүлсэн. Тэр автомашины хамар дээр нь гарч ирсэн ба Мөнхзаяа машины зүүн талаар унаад, харин Номиндарийг унах үед тэр машин дайраад зогсолгүй чигээрээ явчихсан. Тэр машин баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан ба Номиндарь, Мөнхзаяа хоёрыг мөргөөд зогсолгүй шууд чигээрээ зугтаасан. Тэр машин дуут дохио өгөөгүй. Тухайн үед гадаа харанхуй болчихсон, сэрүүн өдөр байсан ба зам хуурай, үзэгдэх орчин хэвийн байсан, машины хөдөлгөөн бага байсан.

Тэгээд би араас нь нэг машин зогсоогоод явсан боловч уг машин Зайсан толгойн зүүн талаар урагшаа эргээд алга болчихсон тул ...машинтай хайж байгаад олдохгүй болохоор нь буцаж ослын газар ирсэн. Тэгээд цагдаа болон түргэн тусламж ирээд Номиндарь, Мөнхзаяа хоёрын хамт эмнэлэг явсан. Тухайн автомашиныг зогсоох арга хэмжээ аваагүй, тоормослох чимээ сонсогдоогүй. Осол хоромхон зуур осол болсон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 55х/,

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Мягмарцэрэнгийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 03 сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 02 цагийн үед би найз Мөнхзаяа, Номиндарь, Анундарь, Хаянхярваа, Мягмарсүрэн нартай Зайсан толгойд байдаг EON гэдэг бааранд ороод нэг, нэг пиво аваад тэкен дээр хөгжим сонсоод зогсож байхад охидууд бүжиглээд байсан. Тэгтэл Номиндарь, Хаянхярваа хоёр маргалдаад Номиндарь “ганцаараа явлаа” гээд байхаар нь бид хэд бөөнөөрөө баарнаас гарсан.

Номиндарь Зайсан хилийн шатаар ганцаараа доошоо алхаад явахаар нь Мөнхзаяа бид хоёр очоод “хүргээд өгье” гэхэд Номиндарь “би Хаянхярваагийн машинд суухгүй, ганцаараа явна” гээд нэг Тоёота Приус-20 маркийн таксины хойд суудалд суусан. Хаянхярваа таксины хаалгыг нь татахад хаалгаа цоожлоод, онгойлгохгүй байхаар нь би хөдлөөд явах байх гэж бодоод Хаянхярваагийн Ланд-Круйзер 200 машиныг нь асаагаад Приус маркийн машины урдуур ороод замыг нь хаагаад зогссон.

Тэгээд машинаас буугаад Т.Приус-20 маркийн машины ард очоод хараад зогсож байхад Номиндарь гэнэт машины зүүн хойд хаалгыг онгойлгож буугаад, зам хөндлөн аягүй хурдан явсан. Харин Мөнхзаяа Номиндарийг барьж авах гээд араас нь гүйгээд тэр хоёр хоёулаа машинд мөргүүлсэн.

Нэг саарал өнгийн суудлын автомашин баруунаас зүүн тийш чиглэлтэй орж ирээд тэр хоёрыг мөргөхөд Мөнхзаяа эхлээд машины хажуу талаар унаад, Номиндарь машины хамар дээр тогтож яваад унахдаа машины хойд дугуйнд дайрагдаад зам дээр үлдсэн. Тэр автомашин зогсохгүй тэр чигээрээ зугтаасан. Тэгээд цагдаа болон түргэн тусламж ирээд Номиндарь, Мөнхзаяа хоёрыг аваад явсан ба би араас нь Гэмтлийн эмнэлэгрүү явсан.

Тухайн автомашиныг зогсоох арга хэмжээ аваагүй, тоормослох чимээ сонсогдоогүй. Би автомашины марк, улсын дугаарыг нь харж чадаагүй. Саарал өнгийн суудлын машин байсан. Х.Соната-6 маркийн машин байна гэж бодсон юм. Нүдэн баримжаагаар 60 км/ц-ийн хурдтай явж байсан байх. Тухайн үед гадаа харанхуй болчихсон, замын гэрэлтүүлэгтэй, хуурай, үзэгдэх орчин хэвийн, машины хөдөпгөөн бага байсан.

Номиндарь, Хаянхярваа нар яагаад маргалдсаныг мэдэхгүй байна. Би зүүнээс баруун тийш явах урсгал дээр Т.Приус-20 маркийн автомашины урдуур ороод, уг машиныг явуулахгүй гээд хөндлөн зогсож байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 56х/,

 

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Хаянхярваагийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 03 сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 02 цагийн үед би найз охин Номиндарь, Мөнхзаяа, Мягмарцэрэн, Анука нарын хамт Зайсан толгойд байдаг EON гэдэг бааранд орж бүжиглэсэн. Мөнхзаяа, Мягмарцэрэн хоёр нэг нэг пиво ууж байсан. Тэгээд бааранд сууж байхад Номиндарь руу хуучин найз залуу нь залгахаар нь би уурлаад, Номиндарь бид хоёр маргалдаад бид хэд баарнаас гарсан.

Номиндарь уурандаа доошоо ганцаараа алхаад явчихаар нь манай хэд Номиндарийн араас яваад, харин би машинаа жолоодоод Зайсан скуаэрын урд яваад очиход Номиндарь ганцаараа явах гээд нэг цагаан Т.Приус-20 маркийн автомашины хойно суучихсан байсан. Би машинаас нь буулгах гээд баруун хойд хаалга талд очоод хаалгыг нь татахад цоожтой байхаар нь “хаалгаа онгойлгооч ээ” гэхэд онгойлгохгүй байсан.

Тэгтэл Номиндарь машины зүүн хойд хаалгыг онгойлгоод, машинаас буугаад зам хөндлөн гүйх үед Мөнхзаяа Номиндарийн араас барьж авах гэж гүйгээд тэр хоёр машинд мөргүүлсэн.

Ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй, нэг саарал өнгийн суудлын машин орж ирээд Номиндарь, Мөнхзаяа хоёрыг мөргөөд Мөнхзаяа машинд мөргүүлээд үсрээд машины зүүн талаар унасан, харин Номиндарь машин доогуур ороод дайрагдаад зам дээр чирэгдээд үлдсэн. Уг машин зогсолгүй шууд зугтаасан. Тэгээд цагдаа болон түргэн тусламж ирээд Номиндарь, Мөнхзаяа хоёрыг түргэн тусламж аваад явсан, би хамт Гэмтлийн эмнэлэг рүү хамт явсан.

Тухайн автомашин зогсоогүй, тоормослох чимээ сонсогдоогүй. Би автомашины марк, улсын дугаарыг нь харж чадаагүй. Саарал өнгийн суудлын машин байсан. Х.Соната-6 маркийн машин байна гэж бодсон юм. Нүдэн баримжаагаар 60 км/ц-ийн хурдтай явж байсан байх. Гадаа харанхуй болчихсон, замын гэрэлтүүлэг ажиллаж байсан, зам хуурай, үзэгдэх орчин хэвийн, машины хөдөпгөөн бага байсан. Тухайн үед харанхуй шөнө ганцаараа такситай явах гээд байсан болохоор нь би санаа зовоод Номиндарийг явуулаагүй юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 65х/,

 

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Нямбаярын гэрчээр өгсөн:

“...2019 оны 03 сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 04 цаг 20 минутын үед би Zaisan Squar” худалдааны төвийн урд талд зогсож байхад 3 хүүхэн, 2 залуу, нэг Ланд-Круйзер 200 маркийн улаан хүрэн өнгийн автомашины хажууд хоорондоо маргалдаад зогсож байсан. Тэгэхэд маргалдаж байсан эмэгтэй нь таксинд явдаг бололтой цагаан өнгийн Т.Приус-20 маркийн автомашины хойд суудалд нь ороод суухад нэг эрэгтэй Т.Приус-20 машины хаалгыг нь онгойлгох гээд татахад хаалга нь цоожлогдсон байсан.

Тэд нартай хамт явж байсан нэг эмэгтэй нь Т.Приус-20 автомашиныг явуулахгүй гээд урд нь гараад зогсчихсон байсан ба Т.Ландкруйзер автомашин мөн хөдлөөд уг машины урд нь гараад хашаад зогсоход Т.Приус-20 автомашинд сууж байсан эмэгтэй машины зүүн хойд хаалгыг онгойлгоод, зам хөндлөн ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй гүйхэд машины урд талд зогсож байсан эмэгтэй найзынхаа араас гүйгээд, араас нь бариад авах үед нэг саарал өнгийн Хьюандай Соната-6 маркийн автомашин ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй, нилээн хурдтай орж ирээд, уг хоёр эмэгтэйг мөргөөд зогсолгүй чигээрээ яваад өгсөн.

Нэг эмэгтэй нь машин дээгүүр даваад зүүн талаар нь унасан, харин нөгөө эмэгтэй нь машины урд унах үед уг машин тэр эмэгтэйг дайраад дээгүүр нь гараад явсан. Тэр машин ерөөсөө зогсолгүй хурдаа хасалгүй шууд зугтаасан. Тэгээд тэнд байсан хүмүүс сандралдаад тэр эмэгтэйрүү гүйж очсон. Машинд мөргүүлсэн хоёр эмэгтэй зам дээр хэвтэж байсан ба нэг эмэгтэй ухаан алдсан, нэг нь ухаантай байсан. Тэгээд удалгүй цагдаа, түргэн тусламж ирээд тэр хоёр эмэгтэйг аваад явсан.

Би осол болоход тэр эмэгтэйгийн суусан Т.Приус-20 маркийн автомашины жолооч талын урд хаалганы хажууд зогсож байсан. Тухайн автомашин нүдэн баримжаагаар ойролцоогоор 70-80 орчим км/ц-ийн хурдтай явж байсан байх. Их хурдтай орж ирээд осол хоромхон зуур болсон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 67-68х/,

 

14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Энхзулын гэрчээр өгсөн:

“...2019 оны 03 сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 04 цаг 20 минутын үед би “Zaisan Squar” худалдааны төвийн урд талд өөрийн эзэмшлийн 34-60 УБӨ улсын дугаартай Т.Приус-20 маркийн автомашинтай таксинд явах санаатай хүн авах гээд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явах урсгал дээр зогсож байхад миний урд цагаан цамцтай залуу нэг хүүхэнтэй зогсож байхаар нь “такси барих гэж байна” гэж бодоод тэр хоёр хүнийг хараад зогсож байсан.

Тэгтэл миний урд зогсож байсан цагаан өнгийн Т.Приус-20 маркийн автомашины харалдаа хоёр эмэгтэй хүн гүйх шиг болоход баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан нэг суудлын автомашинд мөргүүлж, миний машиныг өнгөрөөд хоёр эмэгтэй хүн зам дээр унаж байгаа харагдсан. Тэгээд тэр машин зогсолгүй шууд зугтаагаад явсан. Би машинаас буугаад харахад хоёр эмэгтэй хүн зам дээр хоорондоо зайтай хэвтэж байсан. Тэгээд би өөрийн гар утсаар 102-руу залгаж дуудлага өгсөн ба удалгүй цагдаа болон түргэн тусламж ирээд явган зорчигч нарыг аваад явсан. Би осол болох үед явган хүний гарцан дээр машин дотроо сууж байсан. Тухайн автомашин жолооч хүний нүдэн баримжаагаар ойролцоогоор 40-50 орчим км/ц-ийн хурдтай явж байсан ба осол хоромхон зуур болсон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 69х/,

 

15. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 429 дугаартай:

1. Д.Н-н биед ууцны 5-р нугалмын олон сэлтэрсэн, зөрөөтэй хугарал, ахар сүүлний 1-р нугалмын хугарал, мултрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 76-77х/,

 

16. Хохирогч Д.Н-ийн УНТЭмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээтэй холбоотой баримтууд /хэргийн 80-89х/,

 

17. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3291 дугаартай:

1. П.М-н биед баруун сүүжний тогооны хугарал, баруун умдаг ясны доод салааны хугарал, баруун хөмсөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр тогтонги алдалтанд нөлөөлөх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь босоо байрлалаас мөргөгдсөн үед үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хэргийн 92х/,

 

18. Баянзүрх дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 12446 тоот:

1. Уг автомашиныг Швед Улсад үйлдвэрлэгдсэн EWJ94060 маркийн тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормос стандартын шаардлага хангаж байна. Тоормосны аппарат хэвийн ажиллагаатай. Автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -4.3 мм/м буюу тохиргоо хэвийн, жолооны механизм, явах эд анги, дуут дохио, салхины шил, шил арчигч хэвийн ажиллагаатай эвдрэл, гэмтэлгүй байна. Зүүн гар талын холын гэрлийн тусгалын чадал, урд, хойд тэнхлэг дээрхи дугуйнуудын марк, хээ, хэмжээс нь ижил, дугуйн хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Харин зүүн ойр, баруун ойр болон хол дээрээ гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, тоормосны гэрэл болон дугаарын гэрэл асахгүй гэмтэлтэй байна.

Автомашины ерөнхий байдлын хувьд копуд 28х20 см-н хэмжээтэй талбайд хонхойсон, мөн урд буферын доод хөмсөг хагарч цуурсан, хойд буфер хуучин хагархайтай зэрэг эвдрэл гэмтэлтэй байлаа.

2. Автомашины зүүн ойр, баруун ойр болон хол дээрээ гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, тоормосны гэрэл болон дугаарын гэрэл асахгүй гэмтэлтэй байна. Автомашины ерөнхий байдлын хувьд копуд 28х20 см-н хэмжээтэй талбайд хонхойсон, мөн урд буферын доод хөмсөг хагарч цуурсан, хойд буфер хуучин хагархайтай зэрэг эвдрэл, гэмтэлтэй байлаа.

3. Автомашины зүүн ойр, баруун ойр болон хол дээрээ гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, тоормосны гэрэл болон дугаарын гэрэл асахгүй, хойд буфер хуучин хагархайтай байгаа нь ослоос өмнө ашиглалтын явцад үүссэн байх боломжтой.

Харин автомашин копуд 28х20 см-н хэмжээтэй талбайд хонхойсон, мөн урд буферын доод хөмсөг хагарч цуурсан зэрэг эвдрэл, гэмтэл нь ослын үед үүссэн байна.

4. Автомашины зүүн ойр, баруун ойр болон хол дээрээ гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байгаа нь жолоочид үзэгдэх орчныг хязгаарлах байдлаар нөлөөлөх боловч, тухайн осол хэрэг болсон замын гэрэлтүүлэг, байгалийн гэрэл зэргээс хамаарч уг осолд ямар байлдаар нөлөөлснийг тодорхойлох боломжгүй байна. Копуд 28х20 см-н хэмжээтэй талбайд хонхойсон, мөн урд буферын доод хөмсөг хагарч цуурсан гэмтэл нь осол хэрэг гарах үед үүссэн байна.

5. Тоормосны шингэн дамжуулгатай, АBS системтэй байна. Тоормосны систем хэвийн ажиллагаатай, тоног төхөөрөмжөөр хэмжилт хийхэд урд болон хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангаж байна.

6. Тоормосны систем нь шингэн дамжуулгатай, АBS тоормосны системтэй үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэх үед тухайн замын гадаргуугын байдал, автомашины хурд зэргээс хамаарч тоормосны мөр үүсэх боломжтой.

7. Асуултанд дурьдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй.” гэсэн дүгнэлт, техникийн дүгнэлтийн хуудас /хэргийн 97-102х/,

 

19. ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 1447 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлэн “2а, 2б, 3” гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. “1” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. 

2. Шинжлэгдэж буй 3 ширхэг гарын мөр Гарын хээний нэгдсэн Папилон санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна” гэсэн дүгнэлт, хавсаргах гарын хээний мөр /хэргийн 104-107х/,

 

20. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2019 оны 4 сарын 12-ны өдрийн 182 тоот:

1. Явган зорчигч Д.Н нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн “5.12. Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: д/ “ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч П.М нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн “5.12. Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: д/ “ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Киа Лотзе маркийн 83-60 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Уу нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг нь байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль болох тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээр үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдагаийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;

3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;

4 дүгээр хавсралтын 5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан;” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэсэн магадлагаа баримт /хэргийн 108-109х/,

 

21. Шүүгдэгч М.Ууаас хохирогч Д.Нд хохирол, эмчилгээний зардлын нөхөн төлбөрт 2019 оны 4 сарын 09-ний өдөр 700.000 төгрөг, 2019 оны 4 сарын 11-ний өдөр 1.500.000 төгрөг тус тус шилжүүлэн төлсөн баримт /хэргийн 132х/,  

 

22. Мөн шүүгдэгч М.Ууаас хохирогч П.Мд хохирол, эмчилгээний зардлын нөхөн төлбөрт 2019 оны 3 сарын 02-ны өдөр 2.629.000 төгрөг, 2019 оны 5 сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөгийг Эм Би Жи мед эмнэлгийн ерөнхий үйлчилгээний төлбөрт, 2019 оны 4 сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөг тус тус нөхөн төлсөн тухай баримт болон ХААН банкны мөнгөн шилжүүлгийн гүйлгээний баримт /хэргийн 131, 133х, 164х/,

 

23. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Ууын яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 03 сарын 07-ны орой би ажлаа тараад өөрийн эзэмшлийн 83-60 УБМ улсын дугаартай, Киа Лотзе маркийн автомашиныг жолоодоод халтуур хийж, гадуур явж байгаад 04 цаг 25 минутын үед Зайсангийн Бурхантай хөшөөн дээр хүн буулгаад, цаашаа гэртээ харих санаатай Зайсан толгойн хойд зам буюу “Zaisan Squar” худалдааны төвийн урд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байхад эсрэг урсгалд нэг Ландкруйзер маркийн автомашин хөндлөн зогссон байсан.

Би уг машинтай зэрэгцээд ирэх үед уг машины ар талаас хоёр эмэгтэй хүн ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй гэнэт гүйгээд гараад ирэхэд нь би тулаад ирсэн байсан болохоор тоормос гишгэж амжилгүй тэр хоёр хүнийг мөргөсөн.

Би айсандаа зогсолгүй цааш явахад нэг эмэгтэй хүнийг дайраад шууд зугтаасан Тэгээд би цааш явж байгаад Зайсан толгойн зүүн талаар ертөнцийн зүгээр урагшаа эргээд Голден Вилл гэдэг хотхоны урд талын гудамжаар ороод гэрийнхээ хойд талд эзэнгүй хашааруу тулж зогсоод, машин дотроосоо буулгүй “өглөө болохоор аав, ээждээ ослын талаар хэлнэ” гэж бодоод байж байхад хоёр цагдаа хүрч ирээд намайг барьж авсан.

Тэгээд би тэр цагдаа нарт болсон ослын талаар үнэнээ хэлж хэргээ хүлээсэн. Удалгүй Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүн ирж ослын газарт үзпэг хийсэн. Би явган зорчигч нарыг тулж ирээд харсан ба тэд Ланд-круйзер маркийн машины ар талаар гэнэт гүйгээд гараад ирсэн юм. Би айж сандарсандаа тоормос гишгэж чадаагүй. Би явган зорчигч нарыг машиныхаа зүүн урд хэсгээрээ мөргөсөн. Харин дайрсан зүйл мэдэгдээгүй. Осол гарах үед гадаа харанхуй болсон байсан ба замын гэрэлтүүлэг ажиллаж байсан. Хөдөлгөөний ачаалал бараг байхгүй, цаг агаар тогтуун, зам хуурай байсан. Би хурдаа сайн харж чадаагүй, миний бодлоор 50 орчим км/ц-ийн хурдтай явж байсан байх. Тухайн үед Ландкруйзер автомашины хажуугаар гарахдаа дуут дохио өгөөгүй, өгч амжаагүй. Ослын улмаас автомашины копуд урд хэсэгтээ болон дээд хэсэгтээ хонхойж, урд буфер зүүн талдаа түгжээнээсээ салаад хагарсан, доод хэсгээрээ хагарсан.

Би хохирогч Мөнхзаяад нийт 3.629.000 төгрөг төлсөн, харин хохирогч Номиндарийн хохиролд нийт 2.200.000 төгрөг төлсөн байгаа. Би ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Би тухайн үед яах учраа олохгүй айж сандарсандаа цааш явсан. Тэгээд хол явж чадалгүй, гудамжин дунд ороод зогсож байхад цагдаа нар ирсэн. Цагдаа нарт би үнэнээ хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 120х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Д.Мэнд-Амарын мэдүүлэг /хэргийн 71х/, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 121х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 128х/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн болон мөрдөгчийн магадлагаа, техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжилтэн, шинжээчид гаргасан байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Түүнчлэн тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдэж хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Уут хологдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.Уу нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнийн 04 цаг 20 минутын орчимд Киа лотзе маркийн 83-60 УБМ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн хойд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”,

мөн дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”,

4 дүгээр хавсралтын 5.3-т заасан “...гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Н, П.М нарыг мөргөсөн зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдсон ба уг ослын улмаас явган зорчигч Д.Н-ийн эрүүл мэндэд ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 429 дугаартай дүгнэлтэд тусгагдсан “...биед ууцны 5-р нугалмын олон сэлтэрсэн, зөрөөтэй хугарал, ахар сүүлний 1-р нугалмын хугарал, мултрал”  гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, явган зорчигч  П.Мгийн эрүүл мэндэд ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3291 дугаартай дүгнэлтэд тусгагдсан “...баруун сүүжний тогооны хугарал, баруун умдаг ясны доод салааны хугарал, баруун хөмсөгт цус хуралт” гэмтэл бүхий хүнд хохирол тус тус учирсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн явган зорчигч /хохирогч/ Д.Н, П.М нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дугаар зүйлд заасан явган зорчигчид хориглосон зохицуулалт болох “ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх” гэснийг зөрчсөн зохих буруутай байдал тухайн зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж дүгнэх үндэслэл тогтоогдсон байна.

 

Мөн хэргийн шүүгдэгч М.Уу нь дээрх зам тээврийн осол хэрэг гаргасны дараа “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасныг зөрчин осол хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг тус тус гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааж хуульчилсан.

 

Шүүгдэгч М.Уу нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ зөрчин “...тээврийн хэрэгслийн зүүн ойр, баруун ойр болон хол дээрээ гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй” бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн дахь Зайсан скуэрийн урд замд баруунаас зүүн тийш зорчин явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг дагуу зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Н, П.М нарыг хармагцаа тормос гишгэн, тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээг авалгүйгээр явган зорчигчдыг мөргөсөн зам тээврийн осол гаргаж, тэдний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь “авто тээврийн хэрэгслийн жолооч Автотээврийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд  хохирол учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

 

Мөн шүүгдэгчийн зам тээврийн осол хэрэг гарсны дараа Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дугаар зүйлийн а, б, г заалтад заасан зам тээврийн осолд холбогдсон жолоочийн үүргийг биелүүлэлгүй зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруутай үйлдэл нь “энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийн шинжтэй байна.

 

Хэргийн шүүгдэгч М.Уу нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.  

 

Тээврийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон,  үндэслэл бүхий байх тул шүүгдэгч М.Ууыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан, мөн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Д.Н, П.М нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

 

Шүүгдэгч М.Уу нь гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон хохирогч Д.Нд 2.200.000 төгрөг, хохирогч П.Мд 6.629.000 төгрөгийг тус тус тэдний эмчилгээ, үйлчилгээний зардалд төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон ба хохирогч Д.Н, П.М нар нь хэрэгт хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгөхдөө “гомдол саналгүй” тухайгаа тус тус илэрхийлсэн /хэргийн 131-133х, 164х/ баримттай байна.  

 

Иймд шүүгдэгч М.Ууаас энэ тогтоолоор гаргуулвал зохих гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцон нөхөн төлүүлэх баримт бүхий хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Хэргийн хохирогч Д.Н, П.М нар нь шаардлагатай гэж үзвэл цаашид хийлгэх эмчилгээ, үйлчилгээний  болон эм тарианы зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлтэй болохыг тэдгээрт мэдэгдэх нь зүйтэй.     

 

Шүүгдэгч М.Уу нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 121-р талд авагдсан урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн “хөнгөн” ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.  бөгөөд энэ нь болно.    

 

Түүнчлэн зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд шүүгдэгч М.Уут эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийг нөхөн төлсөн байдлыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, мөн хохирогч Д.Н, П.М нар нь цаашид эмчилгээ хийлгэж зардал гаргасан тохиолдолд нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэв.  

 

Шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ууыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.   

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий CD нэг ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмын дагуу эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт хавсарган ирүүлсэн С.Ууганбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №1088954 дугаартай үнэмлэх баримтыг түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Уу нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,   36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

                                                               ТОГТООХ нь:

 

1. Ц овогт М-ын Ууыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Ц овогт М-ын Ууыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар М.Ууын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй,

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Уут оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус заасныг баримтлан М.Уут Эүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар  М.Уу нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохиролд тооцон  М.Уу нь хохирогч Д.Нд 2.200.000 төгрөг, хохирогч П.Мд 6.629.000 төгрөг тус тус нөхөн төлснийг тэмдэглэж, нэр бүхий хохирогчид нь цаашид гарах эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх тус тус эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар   М.Уут мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, хэрэгт хураагдаж ирсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №1088954 дугаартай үнэмлэх баримтыг эрх хасах нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар гүйцэтгэх бичиг баримтын хамт Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Арайд үүрэг болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

10.  Энэ хэрэгт М.Уу нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

12. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Уут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     С.БАЗАРХАНД