Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 182

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 23 өдөр            Дугаар 181/ШШ2016/00182               Улаанбаатар хот

   

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,                        

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 220 мянгат 23-р байр 50 тоотод оршин суух, Ярууны овогт Цэрэнжавын Баттөмөр /РД:ЕП57042333/-ийн нэхэмжлэлтэй,            

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 220 мянгат 23-р байр 55 тоотод оршин суух, Ууш овогт Болорын Санчир /РД:ШУ90083114/-т холбогдох,         

 

Гэм хорын хохиролд 403,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.                         

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Баттөмөр, хариуцагч Б.Санчир, иргэдийн төлөөлөгч Т.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрсайхан нар оролцов.             

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:   

2015 оны 10 дугаар сарын 17-ны өглөө гадаа гараад машинаа харахад 4-р давхарын айлын цонх хагарч цонхны доор байсан машин дээр зөндөө хагархай шил унаж, миний эзэмшлийн “Соната 6” маркийн 35-32 УБН улсын дугаартай автомашины зүүн талын крыло, хаалга, дээвэр, капут дээр унасан шил зоогдож цоолсон ба хонхойж сэв суулган гэмтэл учруулсан, мөн салхины шил цоо цоо хагарсан байсан.

Энэ тухай хэсгийн цагдаад мэдэгдэж тухайн үед нь хариуцагч Б.Санчир хохирлыг хараад буруугаа хүлээж, Сүхбаатар дүүргийн цагдаа дээр тайлбар бичихдээ өөрийн буруугаас учирсан хохирлыг барагдуулж өгнө гэхэд би болон миний эхнэр А.Уранчимэг хохирлыг барагдуулчих юм бол гомдол байхгүй хэмээн тохироод хэргийг хаалгасан. Гэвч Б.Санчир нь хэлсэн амандаа хүрэхгүй өгнө, одоохондоо мөнгө байхгүй байна, мөнгөтэй болохоороо өгнө, шинэ жилийн өмнө өгнө, цагаан сарын өмнө өгнө гэх мэтээр хууран мэхэлсээр одоо 6 сар болж байна.

Иймд хариуцагч Б.Санчираас салхины шил солих 140,000 төгрөг, крыло засуулах 60,000 төгрөг, капут засуулах 75,000 төгрөг, дээвэр засуулах 75,000 төгрөг, эдгээрийн будах будаг авах 40,000 төгрөг, бичиг баримт гэрчлүүлэхэд төлсөн нотариатын зардал 5800 төгрөг, машины эвдрэлийн дүрс бичлэгийг бичсэн гар утасны бичлэгийг CD-д буулгасны зардал 3000 төгрөг, прокурорын архиваас материал хуулбарлахад төлсөн 5000 төгрөг, нийт 403,800 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай гал тогооны өрөөний цонхны шил хагарч Ц.Баттөмөрийн машин дээр унасан байсан. Намайг машиныг ирж харахад дээвэр болон капут 3х3 газар цоорсон, салхины шил зурагдсан, жолооч талын хаалганы хөмсгөнд шил зоогдсон байсан. Харин крылонд гэмтэл байгаагүй, өмнөх гэмтэл харагдсан.

Би Ц.Баттөмөр ахад хохирлыг нь төлж өгөх талаар ярилцаж явсаар мөнгөний боломж болоогүй учир чадаагүй. Капутын баримт дээр замаск, будагны талаар тусгагдаагүй байсан болохоор шинээр авах үнээр тооцсон гэж үзэж байна. Засуулбал хямд тусна. Салхины шил засдаг болсон боловч шинээр авч өгье гэж бодсон.

Иймд салхины шил солих 140,000 төгрөгийг нотариатын зардал 5800 төгрөг, бичлэгийн зардал 3000 төгрөг, архивын төлбөр 5000 төгрөгийг нэхэмжилсэн дүнгээр төлнө. Харин капут, дээвэр засах зардалд нийлээд 110,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Нийт 263,800 төгрөгийг төлнө.

Крылог би гэмтээгээгүй тул түүний 60,000 төгрөгийг төлөхгүй гэв.

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Баттөмөр нь хариуцагч Б.Санчирт холбогдуулан гэм хорын хохиролд 403,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.       

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 263,800 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг үндэслэлгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

 

2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгатын 23 дугаар байрны 55 тоотод оршин суух Б.Санчирын гал тогооны өрөөний цонх хагарсны улмаас байрны гадна цонхны харалдаа доор зогсоолд байрлаж байсан Ц.Баттөмөрийн эзэмшлийн “Хьюндай Соната 6” маркийн 35-32 УБН улсын дугаартай автомашины дээрээс шилний хагархай унаж, автомашины дээвэр, капут, зүүн талын крыло хэд хэдэн газартаа хонхойсон, цоорсон, салхины шилэнд сэв сууж цуурсан гэмтэл учирсан болох нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2067 тоот эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол, үзлэгээр бэхжүүлсэн ослын газрын дүрс бичлэг, талуудын тайлбар болон бусад баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагч нь гэм бурууд маргаагүй.  

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул Б.Санчир нь Ц.Баттөмөрийн эд хөрөнгөд учруулсан хохирлыг нотлогдсон хэмжээгээр нөхөн төлөх үүрэгтэй.

 

Ослын улмаас автомашины цуурсан шилийг солиулахад 140,000 төгрөг, зүүн крыло, капут, дээвэр зэргийг засаж, будуулахад нийт 250,000 төгрөг шаардлагатай болох нь “Харх” шилний газрын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 217 тоот нэхэмжлэх, “Гаруна” ХХК-ийн засварын газрын 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 18 тоот нэхэмжлэх зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

Хэдийгээр хариуцагч зүүн талын крылонд гэмтэл учраагүй, дээвэр, капут засварлахад нийт 110,000 төгрөгийн зардал орно гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчийн гаргасан баримтыг баримтаар үгүйсгээгүй, татгалзлаа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй тул шүүх хариуцагчийн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

 

 Иймд хариуцагчийн төлөхийг зөвшөөрсөн салхины шил солих 140,000 төгрөг, нотариатын зардал 5800 төгрөг, бичлэгийн зардал 3000 төгрөг, архивын төлбөр 5000 төгрөг дээр крыло, капут, дээвэр зэргийг засаж, будуулахад шаардагдах 250,000 төгрөгийг нэмж, нийт 403,800 төгрөгийг хариуцагч Б.Санчираас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Баттөмөрт олгох нь хуульд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон   

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан Б.Санчираас 403,800 төгрөгийг гаргуулж Ц.Баттөмөрт олгосугай.     

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,080 төгрөгөөс 12,764 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 4,316 төгрөгийг, хариуцагчаас 12,764 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.       

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Ө.УЯНГА

 

 

                         ШҮҮГЧ                                                Д.НЯМБАЗАР

 

 

                                                                                      С.ХИШИГБАТ