Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/00768

 

 

     

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/01932 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 52,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь *******-тай 2020 оны 10 сарын 15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн ******* дүүргийн ******* байрны ******* тоотод байрлах, 148.73 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцыг сарын 4,000,000 төгрөгөөр түрээслүүлсэн.

Бид 2018 оноос эхлэн гэрээний харилцаатай байсан. Уг орон сууц нь ******* төвд байрладаг бөгөөд түрээсийн үйл ажиллагааг ******* ХХК хариуцдаг байсан боловч ******* нь *******тэй уулзаж, өмчлөгчтэй нь шууд гэрээ байгуулья гэсэн учраас ******* зөвшөөрч, гэрээ байгуулсан.

1.2. *******, ******* нар түрээсийн гэрээний үнэд ямар нэгэн өөрчлөлт огт оруулаагүй, ******* нь 2,500,000 төгрөг, 1,500,000 төгрөг гэх мэтээр зөрүүтэй төлбөр ярьдаг. Түрээсийн төлбөр 4,000,000 төгрөг нь тухайн үеийн зах зээлийн ханш байсан. Мөн *******, *******-ийн хооронд ямар ч барьцааны асуудал байхгүй.

 

1.3. Тус орон сууцанд ******* нь сургалтын үйл ажиллагаа явуулж байсан. Гэрээ байгуулах үед ******* нь өөрийгөө компанийн захирал гэж хэлсэн учраас итгэж гэрээ байгуулсан боловч шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш захирал нь *******, нөхөр нь болохыг мэдсэн. Тухайн үед захирал гэж гэрээ байгуулсан ч одоо биш гэж тайлбарлах нь хэт өрөөсгөл. Тийм учраас гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна. Гэрээний дагуу ******* нь 2020 оны 10 сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл манай объектод үйл ажиллагаа явуулах байсан боловч 2022 оны 07 сарын 06-ны өдрийг хүртэл түрээсийн объектыг ашигласан.

Тухайн түрээсийн зүйл нь гаднаас нэг том төмөр хаалгаар ордог, дотроо 4 өрөөтэй, тэр өрөөг бүхэлд нь ашиглах эсэх, эсхүл нэг хэсгийг нь ашиглах эсэх нь *******-ийн асуудал, би түлхүүрийг *******-д хүлээлгэж өгсөн. Сүүлд 2022 оны 10 сард *******-ийг гарснаас хойш бид нэг 00-ын өрөөгөө томруулсан, үүнийг ******* нь 5 өрөө байсан гэж маргаж байгааг ойлгохгүй байна. Мөн өөр хүнд нэг өрөөг нь түрээсэлсэн гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Бид түрээсийн зүйлийг хүлээлгэж өгсөн, хүлээн авсан талаар ямар нэгэн бичгийн баримт үйлдээгүй хэдий ч би тухайн үедээ 4 өрөө орон сууцны түлхүүрийг *******-д хүлээлгэн өгсөн. ******* нь орон сууцнаас гарахгүй 2022 оны 07 сар хүртэл ашигласан нь сургалтын фэйсбүүк зараас нь харагдана.

1.4. Ингээд төлбөрөө төлөхийг удаа дараа *******-аас шаардсан, 2022 оны 07 сарын үед *******тэй уулзаж, тооцоогоо ярьсан. Анх түрээсэлсэн цагаас түрээсийн зүйлийг хүлээн авах хүртэл буюу 2021 оны 10 сарын 15-ны өдрөөс 2022 оны 07 сарын 06-ны өдрийг хүртэл нийт 21 сар, сард 4,000,000 төгрөгөөр тооцоход 84,000,000 төгрөг болсон. Үүнээс ******* нь түрээсийн төлбөрт 2021 оны 01 сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 03 сарын 04-ний өдөр 300,000 төгрөг, 2021 оны 08 сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 08 сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 12 сарын 06-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 03 сарын 16-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 03 сарын 16-ны өдөр 560,000 төгрөг, 2022 оны 05 сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 08 сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөг, 2022 оны 11 сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 15,860,000 төгрөг төлсөн.

1.5. Тухайн цаг үед дэлхий нийтийг хамарсан цар тахал, ковид гарсан байсан учир ******* түрээсийн төлбөрийг тодорхой хэмжээгээр бууруулж, 2020 оны 11 сарын 11-ний өдрөөс 2020 оны 12 сарын 04-ний өдрийг хүртэл 1 сар 3 өдөр, 2020 оны 12 сарын 23-ны өдрөөс 2021 оны 01 сарын 06-ны өдрийг хүртэл 14 хоног, 2021 оны 02 сарын 11-ний өдрөөс 2021 оны 02 сарын 23-ны өдрийг хүртэл 14 хоног, 2021 оны 04 сарын 10-ны өдрөөс 2021 оны 05 сарын 08-ны өдрийг хүртэл 1 сар, нийт 2 сар 29 хоног буюу 3 сарын түрээсийн төлбөр 12,000,000 төгрөг хөнгөлж, авахгүй гэдгээ илэрхийлсэн. Тийм учраас гэрээ байгуулсан 2020 оны 10 сарын 15-ны өдрөөс 2022 оны 07 сарыг хүртэл нийт 21 сарын түрээсийн төлбөрийг сарын 4,000,000 төгрөгөөр тооцон нийт 84,000,000 төгрөг болно. Үүнээс *******-ийн төлсөн 15,860,000 төгрөг болон хөнгөлөлт үзүүлсэн 12,000,000 төгрөгийг тус тус хасахад 56,140,000 төгрөг болсныг *******, ******* нар ярилцаж байгаад 52,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Үүнээс хойш ******* нь төлбөрөө төлөхгүй, өнөөдрийг хүртэл *******ийг хохироож байгаа тул түрээсийн гэрээний төлбөрт *******-аас нийт 52,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ******* нь түрээсийн гэрээг эрх бүхий этгээдтэй байгуулаагүй. *******-ийн гүйцэтгэх захирал нь ******* биш, харин түүний нөхөр ******* болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Талуудын хооронд байгуулсан гэрээнд ******* гарын үсэг зурсан, байгууллагын тамга дарагдаагүй тул энэхүү хэлцэл нь байгуулсан үеэсээ хүчин төгөлдөр бус байна.

2.2. *******ий түрээслүүлсэн объектын хувьд улсын бүртгэлийн гэрчилгээндээ 4 өрөө гэсэн байдаг боловч энэ нь 5 өрөө байсан. Бидний хувьд мөн анх 4 өрөө объект түрээсэлж байгаад, цар тахал, ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор бусад өрөөг нь хүлээлгэж өгөөд зөвхөн 1 өрөөг нь түрээсэлсэн. ******* бусад өрөөгөө өөр хүнд түрээслүүлж байсан. Түрээсийн төлбөр 4,000,000 төгрөг байгаагүй, 2,500,000 төгрөг байсан нь өмнө байгуулсан түрээсийн гэрээнээс харагддаг. Тухайн үед буюу 2020 оны 05 сард ковидын нөхцөл байдалтай байхад 2,500,000 төгрөг байсан түрээсийн төлбөрийг шууд 4,000,000 төгрөг болгох боломжгүй. Харин ч талууд 1,500,000 төгрөг болгох талаар ярилцаж байсан. Мөн 4 өрөө байр нь 5 өрөө болсон асуудал нь *******-ийг гарснаас хойш засвар хийснээр бий болгосон байна.

2.3. *******-ийн хувьд маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн нэг өрөөг 2020 оны 10 сараас 2021 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл түрээслэн үйл ажиллагаа явуулсан. Түүнээс хойш тухайн объектод ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, 2022 оны 07 сар гэсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. ******* нь түрээсийн төлбөрт нийт 11,360,000 төгрөгийн төлбөрийг авсан гэх боловч *******-ийн гаргасан тооцооллоор нийт 15,860,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлсөн байна.

2.4. ******* 2020 оны 10 сараас 2021 оны 10 сар хүртэл сарын 1,500,000 төгрөгийн төлбөртэй 1 өрөө объектыг нийт 12 сарын хугацаанд түрээсэлсэн ба нийт түрээсийн төлбөр нь 18,000,000 төгрөг болж байна. Үүнээс 15,860,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2,140,000 төгрөгийг төлөхөөр байна. Гэхдээ ******* нь анх гэрээ байгуулахдаа 1,500,000 төгрөгийн барьцаа төлсөн учир тухайн барьцааг оролцуулж тооцож одоо ямар нэгэн төлөх төлбөр байхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******-аас 32,140,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 19,860,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ий тэмдэгтийн хураамжид төлсөн 417,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 318,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа аж ахуйн нэгжийг буюу *******-ийг хариуцагчаар тодорхойлсон. Анхан шатны шүүх хуралдаанд иргэн ******* эсхүл *******-ийн алинаас нь түрээсийн төлбөр шаардаж байгаа талаар асуухад иргэн *******гөөс гаргуулж авна гэж хэлсэн. ******* нь 2018/000 дугаартай түрээсийн гэрээг эрх бүхий этгээдтэй байгуулаагүй, компанийн тамга дарагдаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно. Анхан шатны шүүх энэ талаар үнэн зөв, бодитой дүгнэлт хийгээгүй.

4.2. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр ******* нь ******* тоот хаягт байршилтай 148.73 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн байдаг. Харин 2024 оны 11 сарын 13-ны өдөр шүүхээс хийсэн үзлэгээр маргаж буй объект нь 801-805 тоот буюу 5 өрөө болох нь тогтоогдсон.

Хариуцагч тал хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор ******* дүүрэг ******* байр ******* давхар ******* тоотод байршилтай 148.73 м.кв талбайтай 3 өрөөнөөс гадна *******-ийн эзэмшиж ашиглаж байсан гэх 1 өрөөний талбайг хэмжиж хэдэн м.кв болохыг тогтоолгох, ******* дүүрэг ******* байр ******* давхарт байршилтай *******-ийн эзэмшиж ашиглаж байсан гэх 1 өрөөний улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч талаас нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд удаа дараа гаргасан боловч үндэслэлгүйгээр хүлээн аваагүй.

Бодит байдалд хариуцагч нь 4 өрөө түрээсэлж байгаад 2020 оны 10 сарын 15-ны өдрөөс эхлэн номын сан байсан ганцхан өрөөг түрээслэхээр болж, бусад өрөөнүүдийг *******д хүлээлгэн өгсөн. Тэдгээрийг ******* нь өөрөө 2-3 иргэн аж ахуйн нэгжид түрээслэн мөнгийг нь авч байсан бөгөөд түрээслэгч ******* гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хүлээн аваагүй.

4.3. Монгол Улсад 2020 оны 03 сарын 10-ны өдөр коронавируст халдвар буюу цар тахлын анхны тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хойш бүх нийтийн хорио тогтоож сургууль, цэцэрлэг, сургалтын үйл ажиллагааг зогсоож, гадаад дотоодын нислэгийг хязгаарласан. Өөрөөр хэлбэл ******* нь 2020 оны 10 сарын 15-ны өдрөөс хойш ямар нэгэн сургалт, зуучлалын үйл ажиллагаа явуулаагүй. Түрээсийн объектдоо очиж чадахгүй байсан ч гэсэн *******д тохиролцсон ёсоор нэг сарын түрээсийг 1,500,000 төгрөгөөр бодож төлж байсан.

******* нь *******тэй нэг сарын 4,000,000 төгрөгийн түрээс төлөхөөр тохиролцсон зүйл байхгүй.

2020 оны 04 сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдсөн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.8-д зааснаар гамшгийн үед түрээсийн төлбөрийг нэмэх, бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх үүргийг түрээслэгч ******* биелүүлэх ёстой.

Гэтэл анхан шатны шүүх 148.73 м.кв талбайг нэг сарын 2,000,000 төгрөгөөр түрээслүүлж байгаад, гэнэт 2020 оны 10 сарын 15-ны өдрөөс 1 сарын 4,000,000 төгрөг буюу 2 дахин нэмэгдүүлсэн нэхэмжлэгч *******ий үйлдлийг зөв зүйтэй, үндэслэлтэй, холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй ч гэсэн хариуцагч тал түрээсээ 2 дахин нэмэгдүүлж төлөх ёстой гэх үнэлэлт дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

 

5.1. Түрээсийн гэрээ хэрэгжсэн ба 1 сарын 4,000,000 төгрөгөөр тохиролцсон. 2020 оны 10 сарын 15-ны өдрөөс 1 жилийн хугацаатай, 2022 оны 07 сарын 06-ны өдөр орон сууцыг сулласан.

*******-ийн захирал *******тэй түрээсийн гэрээ хийгдэж явж байсан ба 2018 оноос хойш хариуцагч компани түрээсэлж байсан. ******* тоотод байрлалтай 4 өрөө орон сууцыг 5 өрөө болгосон гэдэг нь өмнө хоёр 00-той байсныг нэг 00-ыг өргөтгөөд нэг өрөө гаргасан гэж ******* тайлбарлаж байсан. Хавтаст хэргийн 109-100 дугаар талд ******* нь 2020 оны 7 сард элсэлт авч эхэллээ, 2021 оны 03 сарын 23-ны өдөр Япон хэлний элсэлт авч эхэлсэн тухай нотлох баримтууд байгаа.

 

5.2. Хариуцагчийн гэрчээр оролцуулсан ******* нь 2020 оны 9 сард номын сан байрладаг өрөөнд сургалтын үйл ажиллагааг явуулж байсан. 2022 оны 1 сард сургалтын төвд очиход ******* нь *******өөс түрээсэлж авсан байранд байсан гэж гэрчийн мэдүүлэг өгч байсан. Манайх 52,000,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүх үүнээс 2020 оны 10 сарын 15-ны өдрөөс 2022 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл хариуцагчийн төлсөн 15,860,000 төгрөг, 2020 оны 11 сарын 11-ний өдрөөс 2021 оны 05 сарын 08-ны өдрийг хүртэл хөнгөлөлт үзүүлсэн 3 сарыг хасаж, 32,140,000 төгрөгийг гаргуулахаар шийдсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 52,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...******* нь түрээсийн гэрээг эрх бүхий этгээдтэй байгуулаагүй, ******* нь захирал биш, гэрээнд байгууллагын тамга дарагдаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл, түрээсийн орон сууцыг гэрээнд заасан 1 жилийн хугацаанд л ашигласан, энэ хугацаанд түрээсийн төлбөрийг төлж байсан, ковидын нөхцөл байдалтай үед түрээсийн төлбөрийг 4,000,000 төгрөгөөр тооцохоор тохиролцоогүй, талууд 1,500,000 төгрөг байхаар ярилцаж байсан, энэ хэмжээгээр тооцоход төлбөрийг төлсөн байна ... гэж тайлбарлан, маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байна.

3.1. ******* нь ******* дүүргийн ******* байрны ******* тоотод байршилтай, 148.73 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд тэрээр *******-тай 2020 оны 10 сарын 15-ны өдөр 2018/000 дугаартай түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч нь өөрийн өмчлөлийн дээрх орон сууцыг сарын 4,000,000 төгрөгөөр, 1 жилийн хугацаатай, оффисын зориулалтаар түрээслүүлэх, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээгээр баталсан хуваарийн дагуу сар бүрийн 15-ны өдөр төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон, гэрээнд өмчлөгч *******, *******-ийн захирал гэсний ард ******* тус тус гарын үсэг зурж, баталгаажуулжээ. /1хх-4-13/

Дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн үндэслэл нь талуудын маргааны зүйл болжээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ., 318.4-т энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. гэж тус тус заасан.

Талууд 2020 оны 10 сарын 15-ны өдрийн 2018/000 дугаартай Түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдсон байх тул хуулиар тогтоосон шаардлага хангаагүй гэрээ гэж үзнэ. /1хх-4-13/

 

4. Анхан шатны шүүх зохигчийн тайлбарыг үндэслэн дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь зөв. Харин зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр залруулах нь зүйтэй гэж үзлээ.

4.1. Хэрэгт ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан 2020 оны 05 сарын 04-ний өдөр 2020/16 дугаартай Ажлын байрны талбай түрээслэх гэрээ авагдсан байна. Уг гэрээнд ******* ХХК-ийг төлөөлж *******, *******-ийг төлөөлж захирал ******* гэсэн гарын үсэг тус тус зурж, тамга дарж баталгаажуулжээ.

4.2. ******* нь нэг гишүүнтэй, компанийн захирлаар *******ыг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн байна. /1хх-56-58/

Хэрэгт авагдсан хоёр түрээсийн гэрээнд *******-ийг төлөөлж гарын үсэг зурсан ******* тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд *******ын эхнэр болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогджээ. /1хх-71/

4.3. Хариуцагч ******* нь япон хэлний түр сургалт явуулах эрх бүхий этгээд байх бөгөөд түрээсийн объектыг уг үйл ажиллагааны чиглэлээр эзэмшиж, ашиглаж байсан, мөн сургалтын төвийг ******* хариуцан ажиллуулдаг байсан зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчийн тайлбар, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /1хх-225-230/

 

5. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон, түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй. гэж заасан.

Хэргийн нотлох баримтаас дүгнэхэд, ******* нь компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гэх ойлголтыг *******д төрүүлж, түүнтэй түрээсийн гэрээ байгуулсан байх тул ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхгүй.

******* нь өөрийн харилцах данснаас түрээсийн төлбөр төлж байсан нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсгийн хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно. гэж заасанд нийцэж байна. Иймээс *******ий өмчлөлийн эд хөрөнгийг ******* эзэмшиж, ашигласан гэж үзэх тул эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулаагүй, ... *******, ******* нарын алинаас шаардаж буй нь тодорхойгүй гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

6. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн талуудын байгуулсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэн, мөн хуулийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус хэрэглэн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэсэн нь зөв.

 

6.1. Тодруулбал, талууд гэрээний 1.1-т ******* дүүргийн  ******* тоотод байршилтай 148.73 м.кв талбай бүхий объектыг түрээслүүлэх, түрээслэх, гэрээний 1.2-т нэг сарын түрээсийн төлбөрийг 4,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон тусгасан байна.

Хариуцагч ******* нь түрээсийн төлбөрт 1,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг гэсэн тус тус дүнгээр нийт 15,860,000 төгрөг төлж байсан болох нь хэрэгт авагдсан банкны дансны хуулга нотлох баримтаар тогтоогджээ. /1хх-152-208/

 

6.2. ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан 2020 оны 05 сарын 04-ний өдрийн 2020/16 дугаартай түрээсийн гэрээг үндэслэн ******* болон ******* нарыг түрээсийн төлбөрийг 2,000,000 төгрөгөөр тооцохоор харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй юм.

 

6.3. Мөн нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын байгуулсан гэрээнд гэрээний үнийг 4,000,000 төгрөгөөр тодорхойлсон байхаас гадна цар тахлын нөхцөл байдалтай холбогдон гэрээний үнэд өөрчлөлт оруулсан баримт хэрэгт авагдаагүй байна.

 

6.4. Нэхэмжлэгч ******* нь Ковид 19 цар тахлын нөхцөл байдлыг харгалзан түрээсийн төлбөрөөс 12,000,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн гэж тайлбарласан байна.

Иймд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.8-д заасныг нэхэмжлэгч биелүүлээгүй, түрээсийн төлбөрийг нэмсэн гэж үзэх боломжгүй тул энэ талаарх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Анхан шатны шүүх гэрч *******гийн мэдүүлэг, зохигчийн тайлбар, түрээсийн гэрээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч *******ий өмчлөлийн орон сууцыг 2022 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч ******* нь эзэмшиж, ашигласан, уг хугацаагаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнээд 32,140,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.

 

8. Хариуцагч тал хэргийн нөхцөл байдлыг тогтоолгохоор шүүхэд хэд хэдэн удаа хүсэлт гаргасан боловч үндэслэлгүйгээр хүлээн аваагүй гэж давж заалдах гомдол гаргажээ.

Талууд 2020 оны 10 сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээгээр ******* дүүргийн  ******* тоотод байршилтай, 148.73 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг бүхэлд нь түрээслэх нөхцөлийг харилцан тохиролцсон. Уг гэрээний дагуу хариуцагч дээрх объектыг эзэмшиж, ашиглаж байсан үйл баримт тогтоогдсон.

 

Анхан шатны шүүхийн үзлэгийн тэмдэглэлд дээрх 4 өрөө орон сууцны өрөө тус бүрийг дугаарласан нь маргааны үйл баримтад ач холбогдолгүй байна. Түүнчлэн тухайн объектыг хэсэгчилж түрээслэхээр талууд харилцан тохиролцож түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулсан, хариуцагч ******* нэг өрөөг нь түрээслэн, бусад өрөөг нэхэмжлэгч *******д хүлээлгэн өгсөн гэх тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. /1хх-92-111/

Мөн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/01932 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318,650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

 

Ч.ЦЭНД