| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2019/0076/Э |
| Дугаар | 79 |
| Огноо | 2019-07-26 |
| Зүйл хэсэг | 18.5.3., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А,
Улсын яллагч Н.А,
Шүүгдэгч Х.Б, Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Х.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д.Б нарт холбогдох эрүүгийн 1920000680071 тоот хэргийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг 16-р хороонд оршин суух, Х овогт Д.Б,
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт оршин суух, урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн ... тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 460,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, С овогт Х.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Х.Б, Д.Б нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын урд, хойд хаалга, ар талд хязгаарлалт тогтоосон бараа болох Сундуй, Дэвтэрлэсэн, Үлгэрийн далай судар, хийморийн дарцагний хэлний бар, хүрэл толь 2 ширхэг, Дэншиг, Цэнд судар, Хийморийн дарцагны хэлний бар, суварганы модон бар, гуулийн сангийн бойпор, модон гуутай бурхан багш голлосон дүншигийн 35 бурхан, модон гуутай Жүжигшил жансрайсаг, гууль цутгамал намсрай бурхан, хүрэл цутгамал очир, толгойгүй хятад шаазан хөөрөг, гууль цутгамал суварга, тал хэвийн шавар бурхан багш, Дорзодов судар, Бумбатай дарь эх загал зураг, цагаан дарь эхийн загал зураг, Цагаан шүхэрт загал зураг, хүрэл морь, хүрэл толь, тал хэвийн Гонгор бурхан судартай цэхэр манан хөөрөг, гууль цутгамал манал бурхан, зэс гуу, гууль цутгамал цөгц, сангийн бойпор, пүрэв, ган сийлбэртэй хэт хутга, хийморийн дарцагны бар, зэс завъяа Алтангэрэл, Тарбочимба хэсэг бусаг судар, Жадамба судар, Алтангэрэл судар, Найман мянгат их хөлгөн судар зэрэг 39 нэр төрлийн 37,190,000 төгрөгний үнэ бүхий соёлын дурсгалт зүйлүүдийг нууж, хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Т над руу ... гэсэн дугаараасаа миний дугаар руу залгаад “орчин үеийн шинэ судар, гүц байна, энийг гаргаад өгөөч” гэж надад хэлсэн. Тэгэхлээр нь би “за наашаа явуулчихаа, үзье” гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 18 цагийн үед Улаанбаатар хотоос дайвар ирсэн гэж ... гэсэн дугаараас залгасны дагуу би эхнэр А-г явуулж тухайн эд зүйлсийг нь авчруулсан. Гэрт авчирахад нь харахад цаасан хайрцагтай зүйл байсан. Тэгээд нээж үзэхэд дотроо 7-8 ширхэг боодолтой зүйл байсан. Тэрнээс нь жижиг боодолтой 3 ширхэг, 2 ширхэг судрын хамт гаргаж өгье, харин үлдсэн модон хэвтэй зүйл, гүц зэрэг нь хуучны эд зүйл юм шиг байна энэ хэдийг буцаагаад явуулья гэж Т-д хэлсэн чинь “тэгээ тэг, үлдсэн эд зүйлсийг нь яаралтай гаргаад өг” гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өглөө жижиг хар боодолтой 5 ширхэг зүйлсийг авч оочирт зогсож байсан ... дугаартай машин дээрээ очоод машиныхаа баруун талын урд, хойд хаалганд хийсэн. Бас баруун хонгонд том судар, суудлын ард бас нэг судрыг нуусан. Тэгээд Замын-Үүд боомтоор ороод рентгэнээр оролгүйгээр цааш мэргэжлийн хяналтын талбайд очиж зогссон. Мэргэжлийн хяналтын байцаагч машиныг маань шалгаад цагаан хуудас дээр тамга дарсан. Цааш гаалийн хяналтын талбайд очоод гаалийн байцаагчид шалгуулсан чинь нуусан эд зүйлсийг маань олоод намайг саатуулсан. Ийм л зүйл болсон. Миний нэр дээр бүртгэлтэй байдаг машин юм. Улаанбаатар хотоос Т гэдэг залуу явуулсан. Харин Эрээнд очоод авах хүн нь Б гэдэг өвөрмонгол хүн гэсэн. Би ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын хаалга болон ард талын суудлын ард, баруун хонгонд хийсэн байсан. Би тухайн эд зүйлсийг улсын хилээр гаргаж БНХАУ-д очиж Б гэдэг өвөрмонгол хүнд аваачиж өгөх гэж байсан. Урагшаа гаргаад өгвөл 500 юань өгнө гэж байсан юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг маань хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 16-18/,
- Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2019 оны 01 сарын үед байхаа Н гэдэг өвөрмонгол найзаасаа Б гэдэг өвөрмонгол эртний эдлэл худалдаалдаг залуугийн wechat-г авсан юм. Тэгээд Б-тэй холбогдоод байж байхад нэг өдөр Б, З гэдэг найзаас маань миний барааг аваад над руу явуулаач гэсэн юм. Тэгээд хөдөө явж байхад З над руу ... гэсэн дугаараас залгаад Б-н барааг өгөх гэсэн юм, та хаана байна гэж хэлсэн. Тэгэхлээр нь би хөдөө явж байна 20-нд хот орно тэгээд авья гэж хэлсэн. Улаанбаатар хотод 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр очоод орой нь З над руу залгаад манай гэрийн ойролцоох машины зам дээр Б-н юмыг авчирч өгсөн. З надад цаасан хайрцагтай зүйл өгсөн. Гэртээ оруулж ирээд боодолтой зүйлсийг нь орхиод жижиг эд зүйлсийг нь нэг болгож боосон. Тэгээд цаасан хайрцаганд хийгээд Б-н ..., эхнэрийнх нь ... гэсэн дугаарыг бичээд скочдоод орхисон. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Замын-Үүд явах приус машинд өгөөд явуулсан. Орой нь авсан уу гэж холбогдож ярьсан чинь авсан гэж Б хэлсэн. Тэгээд маргааш нь ярихдаа өнөөдөр гарч амжсангүй маргааш гарна гэж хэлсэн. Тэгээд байж байтал 2019 оны 03 дугаар сарын 23-ны шөнө тагнуулаас хүмүүс ирээд манай гэрт нэгжлэг хийгээд гэрт болон гадаа машинд байсан хөгшчүүлээс үлдсэн эд зүйлсийг маань хураагаад аваад явсан. Тэгээд л Б-г саатуулагдсан гэдгийг мэдсэн. Б рүү явуулаад Б Эрээн рүү гаргах санаатай байсан. Мөнгө төгрөг тохирсон зүйл байгаагүй... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг маань хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 4-6/,
- Иргэний нэхэмжлэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “2013 оноос хойш өнөөдрийг хүртэл Боловсрол шинжлэх ухаан, спортын яамны Соёл урлагийн бодлогын газрын мэргэжилтнээр ажиллаж байна. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар түүх соёлын дурсгалт зүйлийг эргүүлэн авчрах зорилгоор улсын хилээр нэвтрүүлэхдээ Соёлын асуудал эрхэлсэн төв захиргааны байгууллагаас лиценз авдаг. Энэ зохицуулалт нь Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолоор баталсан улсын хилээр төрийн хяналтан дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журмаар зохицуулсан байдаг. Шинжилгээнд ирүүлсэн 40 тооны эд зүйлс 39 нэр төрөлийн түүх, соёлын дурсгалт эд зүйлд хамаарч байсан бөгөөд нэг ширхэг бургасан саваа нь хамаарахгүй байсан. 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 6 дугаартай шинжилгээний дүгнэлтэд тодорхой тусгасан байгаа. Тухайн эд зүйлсийг төрийн өмчөөр шилжүүлж өгөх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 48-49/,
- Гэрч Х.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “... гэсэн дугаар миний дугаар байгаа юм. Энэ дугаарыг ашиглаад 13 жил болж байна. Би ээлжийн амралтаа авчихсан байгаа. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өглөө Улаанбаатар хотод гэртээ байж байгаад Замын-Үүд рүү аав, ээж дээрээ ирэхээр болсон. Тэгээд Улаанбаатар хотоос өөрийн ... улсын дугаартай цэнхэр өнгийн Приус 20 маркийн автомашинаар өглөө 10 цаг өнгөрөөгөөд Замын-Үүд рүү явсан. Тэгээд Замын-Үүдэд 17 цаг 50 минутын хавьцаа орж ирсэн. Би энэ цаасан хайрцагтай зүйлийг Замын-Үүдэд 2019 оны 03 дугаар сарын 21-ний орой 19 цаг 13 минутанд ... гэсэн дугаараас над руу залгаад би тухайн дайврыг 72 айлын гаднаас саарал өнгийн приус 20 маркийн машинтай эмэгтэй хүрч ирээд авсан. Улаанбаатар хотоос уг дайврыг өглөөний 10 цаг өнгөрч байханд Гэсэр сүмийн замын эсрэг тал буюу Ханамаса рестораны урд цагаан өнгөтэй Ранже ровер маркийн машинтай хүн ирээд энэ цаасан хайрцаг болон 4-5 ширхэг вакусны шилтэй ороож багласан том, жижиг 2 зүйл өгсөн. Би 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өөрийн фэйсбүүк дээр Замын-Үүд явна гэсэн зар тавьсан байсан юм. Тэгсэн чинь ... гэсэн дугаараас над руу залгаад дайвар өгч явуулъя гэж хэлсэн. Тэгээд тухайн дайврыг авсан юм. Би замын зардалдаа мөнгө нэмэрлэх гэж л авсан. Бусдаар өөр зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 180-181/,
- Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр АЗШНЦ-т чиг үүргийн дагуу ажиллаж байсан. Тухайн өдрийн өглөө 08 цаг 30 минутанд Тагнуулын байгууллагаас ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шалгалт хийлгэх санал тавьсны дагуу тухайн тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалтыг хийхэд тус машины баруун талын 2 хаалганы хавтасанд хар гялгар уутаар ороож, скочдсон 5 ширхэг зүйл байсныг илрүүлж гаргаж ирэн боомтын 2 давхар өрөөнд оруулсан. 4 ширхэг нь 2 хаалганаас 1 ширхэг зүйл нь жолоочийн хойд талын суудлын арын хэсэгт байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 185-186/,
- Гэрч Ч.З мөрдөн шалгах ажиллагаанд: “2018 оны 07 дугаар сард намайг үхэр тэрэг дээр мөнгөн эдлэл зарж байх үед Б гэдэг өвөрмонгол залуу ирээд бид хоёр нэг хоолонд орж байхад чи надад нэг тус болоод хүнд юм хүргээд өгөөч” гэхээр нь “тэгье” гэсэн. Тэгээд надад хар уутанд боож скочдсон шашны холбогдолтой эд зүйл өгсөн. Дотор нь яг юу байсныг нь мэдэхгүй байна. Тухайн үед лангуун дээрээ байлгаж байгаад, лангуугаа ажиллуулахаа болих үедээ гэртээ аваачиж тавьсан. Тэгээд 2019 оны 3 сард Б над руу хятад дугаараас залгаад “чиний дугаарыг хүн өглөө, тэр чам руу залгаад миний барааг авах байх, гэхээр нь би түүнээс тэр хүнийхээ дугаарыг өгчих, хүргээд өгье” гэж хэлсэн. Тэгээд ... гэсэн дугаар руу яриад Б-н эд зүйл байгаа танд өгөх гэсэн юм гэсэн чинь би хөдөө явж байна хотод очоод холбоо барья гэсэн. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дэнжийн 1000-д очиж Т ахад Б-н эд зүйлсийг өгөөд явсан. Б 2018 онд эд зүйлээ надад үлдээхдээ 300,000 төгрөг хамт өгсөн. Чамаас энэ барааг авах хүнд өгөөрэй гэж хэлсэн. Би ч ямар учиртай мөнгө болохыг мэдээгүй. Тэгээд 03 дугаар сарын 20-нд Т ахад Б-н барааг өгөх үед мөнгөгүй байсан болохоор удаахгүй өгнө гэж хэлээд сая 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Т ах над руу залгаад “нөгөө мөнгө хэрэгтэй байна, над руу явуулаач” гэхээр нь дансны дугаарыг нь аваад 300,000 төгрөг шилжүүлсэн. Ийм асуудал гарсныг Т-с сонссон. Би Б-тэй 2015 онд урт цагаанд лангуун дээр сууж байхад мөнгөн аяга дээр наймаа тохирохгүй байж байгаад танилцсан. Тэрнээс хойш 2-3 удаа хамт хоолонд орж байсан. Сүүлд 2018 оны 7 сард Монголд ирсэн, утасны дугаарыг нь мэдэхгүй байна. Намхан нуруутай, махлаг, халзан, надаас 2 дүү гэхээр 1984 онд төрсөн залуу байгаа” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 196-197/,
- Соёлын өвийн үндэсний төвийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд хамрагдсан 73 дэсийн 87 ширхэг эд өлгийн зүйлээс 50 дэсийн 51 ширхэг эд өлгийн зүйл нь түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарна.
2. Шинжээчид өөрсдийн туршлага дээрээ тулгуурлан түүх, соёлын дурсгалд 50 дэсийн 51 ширхэг эд өлгийн зүйлийн элэгдэлд орсон байдал, материал, хийсэн арга ажиллагааг зэргийг нүдээр үзэж, гараар барьж шинжлэн ХIХ-ХХ зуунд хамааруулсан. Үндэсний номын сангийн бүртгэл мэдээллийн санч Х.Түмэнбаяртай хамтран 9 ширхэг судрыг шинжилэхэд 3 судрын бүтээсэн он нь тодорхой бичсэн, барласан байдал болон элэгдэлд орсон байдлаас ХIХ зуунд бүтээгдсэн болохыг тодорхойлсон. Үлдсэн 23 дэсийн 36 ширхэг эд өлгийн зүйл нь орчин цагт хийсэн болон бүрэн бүтэн байдал, ач холбогдол зэргийг харгалзан түүх, соёлын дурсгалт зүйл хамаарахгүй хэмээн үзлээ.
3. Түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах 50 дэсийн 51 ширхэг эд өлгийн зүйлийн зэрэглэлийг түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй болно” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 216-234/,
- Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 4-7/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 8-20, 58-70, 123-124/,
- Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 21-27, 71-74/,
- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 28-32, 108-122, 182-184/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 78-83/,
- Утасны холболтод үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 84-85/
- А ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /1-р хх-ийн 205-208, 2-р хх-ийн 68-72/,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 8, 20/ зэрэг шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх нотлох баримтууд болон эд мөрийн баримтуудыг судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Х.Б, Д.Б нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын урд, хойд хаалга, ар талд хязгаарлалт тогтоосон бараа болох Сундуй, Дэвтэрлэсэн, Үлгэрийн далай судар, хийморийн дарцагний хэлний бар, хүрэл толь 2 ширхэг, Дэншиг, Цэнд судар, Хийморийн дарцагны хэлний бар, суварганы модон бар, гуулийн сангийн бойпор, модон гуутай бурхан багш голлосон дүншигийн 35 бурхан, модон гуутай Жүжигшил жансрайсаг, гууль цутгамал намсрай бурхан, хүрэл цутгамал очир, толгойгүй хятад шаазан хөөрөг, гууль цутгамал суварга, тал хэвийн шавар бурхан багш, Дорзодов судар, Бумбатай дарь эх загал зураг, цагаан дарь эхийн загал зураг, Цагаан шүхэрт загал зураг, хүрэл морь, хүрэл толь, тал хэвийн Гонгор бурхан судартай цэхэр манан хөөрөг, гууль цутгамал манал бурхан, зэс гуу, гууль цутгамал цөгц, сангийн бойпор, пүрэв, ган сийлбэртэй хэт хутга, хийморийн дарцагны бар, зэс завъяа Алтангэрэл, Тарбочимба хэсэг бусаг судар, Жадамба судар, Алтангэрэл судар, Найман мянгат их хөлгөн судар зэрэг 39 нэр төрлийн 37,190,000 төгрөгний үнэ бүхий соёлын дурсгалт зүйлүүдийг нууж, хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйл баримт болсон байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Х.Б, Д.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Х.Б, Д.Б нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын урд, хойд хаалга, ар талд хязгаарлалт тогтоосон бараа болох Сундуй, Дэвтэрлэсэн, Үлгэрийн далай судар, хийморийн дарцагний хэлний бар, хүрэл толь 2 ширхэг, Дэншиг, Цэнд судар, Хийморийн дарцагны хэлний бар, суварганы модон бар, гуулийн сангийн бойпор, модон гуутай бурхан багш голлосон дүншигийн 35 бурхан, модон гуутай Жүжигшил жансрайсаг, гууль цутгамал намсрай бурхан, хүрэл цутгамал очир, толгойгүй хятад шаазан хөөрөг, гууль цутгамал суварга, тал хэвийн шавар бурхан багш, Дорзодов судар, Бумбатай дарь эх загал зураг, цагаан дарь эхийн загал зураг, Цагаан шүхэрт загал зураг, хүрэл морь, хүрэл толь, тал хэвийн Гонгор бурхан судартай цэхэр манан хөөрөг, гууль цутгамал манал бурхан, зэс гуу, гууль цутгамал цөгц, сангийн бойпор, пүрэв, ган сийлбэртэй хэт хутга, хийморийн дарцагны бар, зэс завъяа Алтангэрэл, Тарбочимба хэсэг бусаг судар, Жадамба судар, Алтангэрэл судар, Найман мянгат их хөлгөн судар зэрэг 39 нэр төрлийн 37,190,000 төгрөгний үнэ бүхий соёлын дурсгалт зүйлүүдийг нууж, хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Д.Батцоожийн “ ... Тухайн өдрийн өглөө 08 цаг 30 минутанд Тагнуулын байгууллагаас 47-60 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шалгалт хийлгэх санал тавьсны дагуу тухайн тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалтыг хийхэд тус машины баруун талын 2 хаалганы хавтасанд хар гялгар уутаар ороож, скочдсон 5 ширхэг зүйл байсныг илрүүлж гаргаж ирэн боомтын 2 давхар өрөөнд оруулсан. 4 ширхэг нь 2 хаалганаас 1 ширхэг зүйл нь жолоочийн хойд талын суудлын арын хэсэгт байсан ...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, эд зүйлс хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Б, Д.Б нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хуульд заасны дагуу Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болох 39 нэр төрлийн түүх соёлын дурсгалт зүйлийг ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нууж, Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Б, Д.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн шинж чанар, хохирол хор уршиг болон тэдний хувийн байдлыг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Х.Б, Д.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн түүх соёлын дурсгалт зүйлд хамаарах 37,190,000 төгрөгийн үнэ бүхий 39 эд зүйл болох Сундуй судар, Дэвтэрлэсэн судар Монгол бичгийн модон барын судар, Үлгэрийн далай судар, хийморийн дарцагний бар, хүрэл толь 2 ширхэг, Дэншиг, Цэнд судар, Хийморийн дарцагны хэлний бар, суварганы модон бар, гууль цутгамал сангийн бойпор, модон гуутай бурхан багш голлосон дүншигийн 35 бурхан, модон гуутай Жүжигшил жансрайсаг, гуулин цутгамал намсрай бурхан, хүрэл цутгамал очир, толгойгүй хятад шаазан хөөрөг, гуулин цутгамал суварга, тал хэвийн шавар бурхан багш, Доржзодов судар, Бумбатай дарь эх загал шүтээн зураг, цагаан дарь эхийн загал шүтээн зураг, ногоон дарь эхийн загал шүтээн зураг, Цагаан шүхэрт загал шүтээн зураг, хүрэл морь, хүрэл толь, тал хэвийн Гонгор бурхан, судартай цэхэр манан хөөрөг, гуулин цутгамал манал бурхан, зэс гуу, гуулин цутгамал цөгц, сангийн бойпор, пүрэв, ган сийлбэртэй хэт хутга, хийморийн дарцагны бар, зэс завъяа, Алтангэрэл Тарбочимба хэсэг бусаг судар, Жадамба судар, Алтангэрэл судар, Найман мянгат их хөлгөн судар, түүх соёлын дурсгалт зүйлд хамаарахгүй гэх 7 эд зүйл болох Жигжид нагтан зураг, Дүйнхор танка, Махагал нагтан зураг, тал хэвийн гуулин цутгамал Замбал бурхан, төвд бичигтэй жижиг хар цаас 2 ширхэг, судрын мод хавтас 2 ширхэг, бургасан саваа зэргийг Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд шилжүүлж, сдиг хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.
Прокурорын 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5/03 тогтоолоор ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 5/05 тогтоолоор ... улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилж, шүүгдэгч Х.Б-д хадгалах, хамгаалах үүргийг хүлээлгэсэн байх ба шүүгдэгч Х.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг ашигласан болох нь нотлогдсон тул битүүмжлэлийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлж, мөн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 5/05 тогтоолын хүчингүй болгож, ... улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Х.Б-д олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Д.Б, С овогт Х.Б нарыг бүлэглэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан соёлын дурсгалт зүйлийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С овогт Х.Б-г арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Д.Б-г арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Х.Б нарт тус бүр оногдуулсан 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг шүүгдэгч нар нь 3 /гурван/ жилийн хугацаанд сард 277,778 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Х.Б нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн түүх соёлын дурсгалт зүйлд хамаарах 37,190,000 төгрөгийн үнэ бүхий 39 эд зүйл болох Сундуй судар, Дэвтэрлэсэн судар Монгол бичгийн модон барын судар, Үлгэрийн далай судар, хийморийн дарцагний бар, хүрэл толь 2 ширхэг, Дэншиг, Цэнд судар, Хийморийн дарцагны хэлний бар, суварганы модон бар, гууль цутгамал сангийн бойпор, модон гуутай бурхан багш голлосон дүншигийн 35 бурхан, модон гуутай Жүжигшил жансрайсаг, гуулин цутгамал намсрай бурхан, хүрэл цутгамал очир, толгойгүй хятад шаазан хөөрөг, гуулин цутгамал суварга, тал хэвийн шавар бурхан багш, Доржзодов судар, Бумбатай дарь эх загал шүтээн зураг, цагаан дарь эхийн загал шүтээн зураг, ногоон дарь эхийн загал шүтээн зураг, Цагаан шүхэрт загал шүтээн зураг, хүрэл морь, хүрэл толь, тал хэвийн Гонгор бурхан, судартай цэхэр манан хөөрөг, гуулин цутгамал манал бурхан, зэс гуу, гуулин цутгамал цөгц, сангийн бойпор, пүрэв, ган сийлбэртэй хэт хутга, хийморийн дарцагны бар, зэс завъяа, Алтангэрэл Тарбочимба хэсэг бусаг судар, Жадамба судар, Алтангэрэл судар, Найман мянгат их хөлгөн судар, түүх соёлын дурсгалт зүйлд хамаарахгүй гэх 7 эд зүйл болох Жигжид нагтан зураг, Дүйнхор танка, Махагал нагтан зураг, тал хэвийн гуулин цутгамал Замбал бурхан, төвд бичигтэй жижиг хар цаас 2 ширхэг, судрын мод хавтас 2 ширхэг, бургасан саваа зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд шилжүүлж, 2 ширхэг Сди-г хэрэгт хавсаргасугай.
6. Шүүгдэгч Д.Б, Х.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5/03 дугаар, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 5/05 дугаар эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Х.Б-н эзэмшлийн ... улсын дугаартай ... маркийн 1,800,000 төгрөгний үнэтэй тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлж, ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Х.Б-д олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Х.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н