| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2024/06612/И |
| Дугаар | 210/МА2025/00769 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/00769
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01818 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох
Гэрээний үүрэгт 95,214,787 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******тай 2023 оны 04 сарын 20-ны өдөр 212,190,000 төгрөгийн арматурыг худалдаж, 06 сарын 05-ны өдрийн дотор төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Энэ гэрээний үүргийг шаардаагүй.
1.2. 2023 оны 06 сарын 09-ний өдөр байгуулсан гэрээгээр 90,364,500 төгрөгийн үнэ бүхий арматурыг худалдаж, мөн оны 07 сарын 25-ны өдөр төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Улмаар *******гийн орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан. ******* бүтэн 1 жилийн хугацаанд төлбөрөө барагдуулаагүй. Энэ хугацааны гүйцэтгээгүй үүргийн алдангийг, үлдэгдэл төлбөрийн хамт нэхэмжилж байна.
1.3. ******* нь 2024 оны 06 сарын 06-ны өдрөөс 10-ны өдрүүдэд нийт 203,000,000 төгрөгийг төлбөрт шилжүүлсэн. Уг 203,000,000 төгрөгөөс эхний гэрээний үүрэг төлбөр болон алданги болох 165,425,155 төгрөгийг хасаж, үлдэх 37,575,845 төгрөгийг 2 дахь гэрээний үүргээс хасаж 52,708,655 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй гэж тооцсон.
1.4. Хариуцагч хоёр дахь гэрээний үүрэг болох 90,364,500 төгрөгийг 2023 оны 07 сарын 25-ны өдрөөс 2024 оны 06 сарын 10-ны өдрийг хүртэл гүйцэтгээгүй тул уг хугацаагаар үнийн дүнгийн 0.14 хувиар тооцон алданги 42,000,000 төгрөг нэхэмжилсэн.
Иймд талуудын хооронд байгуулагдсан 2 дахь гэрээний үлдэгдэл төлбөр 52,788,655 төгрөг, алданги 42,426,132 төгрөг, нийт 95,214,787 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
Манайх үндсэн төлбөрөө бүгдийг нь төлсөн. Нэхэмжлэгч нь өөрөө дураараа хүүгээ тооцож аваад барьцаан дээрээ хасалт хийгээд 72,000,000 төгрөг болгож, түүн дээрээ алдангиа нэмээд 97,000,000 төгрөг болгосныг би салгаж тайлбарлаж байна.
2.1. Би 93 сая гаруй төгрөгийг төлсөн. Түүний алданги нь 42,000,000 төгрөг байгаа. Үүний 50 хувиар тохиролцъё гэсэн боловч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй. Би өөрөө эцсийн хэрэглэгч болж байгаа болохоор татвар тайлангийн асуудалтай байна.
2.2. Нийтдээ 300 сая гаруй төгрөгийг төлсөн. Энэ гэрээний үндсэн мөнгөө бүгдийг өгсөн тул 95,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******гаас 79,182,982.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,031,804.5 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмчлөлийн ******* дүүргийн ******* байр ******* тоот хаягт байршилтай 29 м.кв талбайтай, ******* улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 704,238 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 553,865 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. 2023 оны 06 сарын 09-ний өдөр ******* нь *******тай Арматур зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний үүрэгт 90,364,500 төгрөгийн үнэ бүхий арматурыг худалдсан. Тус гэрээнд төлбөрийг 2023 он 07 сарын 25-ны өдөр төлөхөөр, улмаар *******ийн орон сууцыг барьцаалж, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан. ******* нь 2023 оны 07 сарын 25-ны өдрийн дотор төлбөр барагдуулах гэрээний үүргээ биелүүлэхгүй 2024 оны 06 сарын 10-ны өдөр хүртэл бүтэн 1 жилийн хугацаа хэтрүүлсэн. Түүнчлэн үлдэгдэл төлбөр 52,788,655 төгрөгийг төлөөгүй тул гэрээний хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги, үлдэгдэл төлбөрийн хамт нэхэмжилж анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлөх ёстой 90,364,500 төгрөгийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлнө гэж заасан.
Анхан шатны шүүх энэхүү хэргийг авч үзээд зөвхөн үлдэгдэл төлбөр болох 52,788,655 төгрөгөөс алданги тооцон хариуцуулах нь зүйтэй. Түүнчлэн 2024 оны 06 сарын 10-ны өдрөөс хойш төлбөр төлөх үүрэг гүйцэтгээгүй болох нь тогтоогдох ба энэ өдрөөс хойших үлдэгдэл төлбөрт алданги тооцох нь хуулийн үндэслэлтэйг тэмдэглэж байна хэмээн гаргасан шийдвэрийнхээ 3.5-д бичжээ. Анхан шатны шүүхийн энэ тайлбар, шийдвэрээр бол гүйцэтгээгүй үнийн дүн 1,000,000 төгрөг үлдсэн байвал алданги нь энэ дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлнө хэмээн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу ******* нь 2023 оны 07 сарын 25-ны дотор барагдуулах ёстой төлбөр 90,364,500 төгрөгийг 2024 оны 06 сарын 10-ны өдөр хүртэл бүтэн нэг жилийн хугацаанд оногдуулсан алданги 42,426,132 төгрөгийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх үлдэгдэл төлбөр болох 52,788,655 төгрөгийн алданги 26,394,327 төгрөгийг хангаж, гэрээний үндсэн төлбөр 90,364,500 төгрөгийг бүтэн нэг жилийн хугацаанд төлөөгүй алданги 16,031,804 төгрөгийг хэрэгсэхгүй болгон гэрээний гол үндэс болох хугацаа хэтрүүлснийг авч үзээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 16,031,804.5 төгрөгт холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...мөнгө төгрөгөө өгөлцөж, авалцахдаа үндсэн мөнгөө өгөхөөр тохиролцсон. Үндсэн төлбөрийг бүрэн төлөөд ярилцсан, ярилцахдаа энэ байрыг барьцаанд тавих юм бол 50,000,000 төгрөг болох юм байна, ахаа би 50,000,000 төгрөгийг төлж болох уу, байрыг барьцаанд тавих боломж олгож өгөөчээ гэж хэлсний төлөө өнөөдөр энд зогсож байна....
5.2. Хариуцагч нь гэрээ байгуулахаас өмнө урьдчилаанд 90,000,000 төгрөгийг төлсөн байсан. Төлөөгүй гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой алдангийг анхан шатны шүүх үндэслэлтэй тайлбарласан. Гэрээг байгуулахаас өмнө 90,000,000 төгрөгийг төлсөн болохыг гэрээнд тусгасан ба үүнтэй холбоотой үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар алданги төлөхийг шаардсан нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 52,788,655 төгрөг, алданги 42,426,132 төгрөг, нийт 95,214,787 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...93 сая гаруй төгрөг төлсөн, үүний алданги 42,000,000 төгрөг байгаа, 50 хувиар тохиролцох гэхэд зөвшөөрөөгүй, ... нийт 300 сая гаруй төгрөг төлсөн, энэ гэрээний үндсэн төлбөрийг бүхэлд нь төлчихсөн... гэж тайлбарлан, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан боловч талуудын маргаан болох алданги шаардсан үндэслэлд хамаарах үйл баримтыг тогтоохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн байна.
4. Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулан хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
4.1. *******, ******* нар 2023 оны 06 сарын 09-ний өдөр 0184 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ нэртэй гэрээ байгуулж, худалдагч нь 35 тн арматур төмөр 1 тн нь 2,580,000 төгрөгөөр худалдах, арматурыг мөн сарын 10-ны өдөр ачуулж, хүлээлгэн өгөх, худалдан авагч нь арматур төмрийн үнэ болох 90,300,000 төгрөгийг 2023 оны 07 сарын 25-ны өдөр төлөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх-6/
Энэ гэрээний хүчин төгөлдөр байдал болон худалдагч ******* нь арматур төмөр нийлүүлсэн үйл баримтад талууд маргаангүй.
4.2. Хэрэгт ******* болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2023 оны 04 сарын 20-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ авагдсан байна. Уг гэрээний дагуу худалдагч ******* нь нийт 212,190,000 төгрөгийн үнэ бүхий арматур төмөр худалдах, худалдан авагч нь үнэ төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх-33-34/
Дээрх хоёр гэрээний худалдан авагч талууд хоорондоо хамаарал бүхий этгээдүүд болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, энэ талаар мөн маргаангүй.
4.3. Нэхэмжлэгч нь 2023 оны 06 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг болон үүргийн зөрчилтэй холбогдон алданги тооцон хариуцагчаас нэхэмжилж, үндэслэлээ ... 2024 оны 06 сарын 06-ны өдрөөс 10-ны өдрүүдэд нийт 203,000,000 төгрөг төлсөн, үүнээс эхний гэрээний үүрэг болон алданги 165,425,155 төгрөгийг хасаж, үлдэх 37,575,845 төгрөгийг хоёр гэрээний үүргээс хасч 52,788,655 төгрөг үлдсэн, ...гэрээний үнэ болох 90,364,500 төгрөгийг 2023 оны 07 сарын 05-ны өдөр төлөх үүргээ 2024 оны 06 сарын10-ны өдөр хүртэл гүйцэтгээгүй, ... гэрээнд заасны дагуу алданги тооцон 42,426,132 төгрөг гаргуулна гэж тайлбарлажээ. /хх-60-62/
4.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь төлбөрийг бүрэн төлсөн гэх тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүйн гадна нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг өөр баримтаар үгүйсгэж няцаагаагүй байна.
Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгч *******ын ******* банк дахь депозит дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж 2023 оны 06 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 52,788,655 төгрөгийг хариуцагч гүйцэтгээгүй байна гэж дүгнээд түүнээс уг төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна. Энэ шийдэлд зохигч давж заалдах гомдол гаргаагүй болно.
5. Харин нэхэмжлэлийн шаардлага болох алданги 42,426,132 төгрөгөөс 26,394,327 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.
5.1. Тодруулбал, анхан шатны шүүх хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 52,788,655 төгрөгөөс алданги тооцсон нь буруу болжээ.
5.2. Талууд 2023 оны 06 сарын 09-ний өдрийн 0184 дугаартай гэрээний 3.5-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэсэн зохицуулалтад нийцжээ.
5.3. Хариуцагч нь гэрээний үнэ болох 90,364,500 төгрөгийг 2023 оны 07 сарын 25-ны өдрийн дотор төлж дуусгах үүргээ гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэл 2024 оны 06 сарын 10-ны өдрийн байдлаар 52,788,655 төгрөг болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.
Иймд нэхэмжлэгч нь 2023 оны 07 сарын 25-ны өдрөөс хойш гүйцэтгээгүй үүрэг болох 90,300,000 төгрөгөөс алданги тооцон, алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр 42,426,132 төгрөг хариуцагчаас шаардах эрхтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулна.
6. Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан 2023 оны 06 сарын 09-ний өдрийн 0185 дугаартай Барьцааны гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн үндэслэлийн талаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэн, зөв дүгнэж, уг шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэжээ. Энэ шийдэлд зохигч мөн давж заалдах гомдол гаргаагүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01818 дугаартай шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******гаас 95,214,787 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгосугай. гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтын 553,865 гэснийг 704,238 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,109 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Ч.ЦЭНД