Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2019/ШЦТ/233

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар, хяналтын прокурор Г.Сэндэнсүрэн, 

Шүүгдэгч -Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн -Б.М-д холбогдох эрүүгийн 1938004780285 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, -Б.М,

Шүүгдэгч -Б.М нь 2019 оны 7 дугаар сарын 11-ний шөнө Хөвсгөл Рашаант сумын 3 дугаар багийн нутагт иргэн -Ш.Мтэй малын бэлчээрийн газраас болж маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч -Б.М нь 2019 оны 7 дугаар сарын 11-ний шөнө Хөвсгөл Рашаант сумын 3 дугаар багийн нутагт иргэн -Ш.Мтэй малын бэлчээрийн газраас болж маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “зүүн чамархайд шарх, хамар ясны хугарал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
  • Хохирогч -Ш.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 11-ний үдээс хойш Э- нь аавынхаа төрсөн дүү -Б.М гэдэг хүнтэй хамт ирээд ...”энэ газраас нүүгээрэй” гэхээр нь би урдаас “энэ газрыг өмчилж өгөөгүй шүү дээ” гэж хэлсэн. ...Тухайн өдрийн шөнө 01 цагийн үед -Б.М манай гэрт согтуу ганцаараа ирсэн. -Б.М орж ирэнгүүтээ “гэрлээ асаа, хаалга үүдээ онгорхой унтдаггүй юмуу” гэж хэлэхээр нь би босоод гэрлээ асаасан. Тэгэхэд -Б.М “чи яасан том юм бэ, манай хаваржааны газар буудаг” гэхээр нь би “Б- буу гэхээр нь буусан” гэхэд “тэгвэл Б-ийгээ дууд” гэж хэлэхээр нь би суурин утасныхаа антеныг залгах гээд зогсож байхад ...-Б.М манай гэрийн хоёр давхар хуванцар сандлаар миний толгойны зүүн талын шанаан дээд хэсэгт 1 удаа цохисон. Би цохиулангуутаа газар унасан. Намайг унасан байхад -Б.М үсдэж дараад хамар руу маань гараараа цохисон. ...Тэгээд манай эхнэр орноосоо босч ирээд намайг салгаж авсан. ...Одоо миний зүүн талын шанаа нь хавдсан, мөн хамрын яс нь хугарсан юм шиг байна. Миний толгой байнгын өвдөж зовиурлаж байгаа. ...Би гомдолгүй байна. ...Тийм учраас нэхэмжлэх зүйл алга байна. Хамгийн гол нь хэл ам гарахаас л айж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
  • Гэрч С.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...-Б.М босч ирээд 2 давхар хуванцар сандал барьж аваад манай нөхрийн толгойн тус газар нэг удаа цохиод авахад манай нөхөр орон дээр унасан. Тэгээд -Б.М толгой руу нь гараараа нэлээд олон удаа цохисон. ...Би босч ирээд -Б.Мыг салгах гэсэн чинь дийлэхгүй байсан. -Б.М энэ хооронд манай нөхрийн үснээс нэг гараараа дарчихаад нөгөө гараараа толгой руу нь хэд хэдэн удаа цохисон. ...Бэлчээрийн маргаанаас болж хүний эрүүл мэндэд хохирол учирсан. Мөн энэ газар бууснаас хойш -Б.М нь ах дүү нарын хамт манайхыг байнга заналхийлж “ална” гэж сүрдүүлдэг. Одоо манай нөхрийг зодож байгаа юм чинь цаашид юу ч болох юм билээ. ...Одоо байнгын сэтгэлийн түгшүүртэй, айдастай амьдардаг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
  • Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 11-ний шөнө 01 цаг өнгөрч байхад манай эхнэрийн төрсөн эгч С.Н- над руу утсаар ярихдаа “Мягмар ахыг чинь хүн ирээд зодож байна” гэж хэлэхээр нь ...би эхнэрээ дагуулаад сумын цагдааг дагуулаад 03 цаг өнгөрч байхад -Ш.М ахынд очиход -Ш.М ах орон дээрээ хамраа дараад сууж байсан. Мөн шанааг нь дагаад цус бага багаар гарч байсан.Тэгээд юу болсон талаар асуухад -Б.М орж ирээд хэсэг байж байгаад намайг сандлаар цохисон. Мөн орон дээр -Б.М үсдэж дараад толгой руу гараараа цохисон гэж байсан” гэж хэлсэн. ...-Ш.М ахынх энэ жил хурлаар хэлэлцэж зөвшөөрсөн газар буусан” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны                        7 дугаар сарын 17-ны өдрийн 367 дугаартай: “-Ш.Мгийн биед зүүн чамархайн шарх, хамар ясны хугарал, тархины доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо... -Ш.Мгийн биед үүссэн хамар ясны хугарал болон зүүн чамархайн шарх бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч -Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хувьд гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Хохирогч -Ш.Мгийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би согтуудаа бэлчээрийн маргаанаас болж -Ш.Мг зодсон нь үнэн. Хохирогч -Ш.Мгийн эмчилгээнд гарсан зардал болох 800.000 төгрөгийг төлж барагдуулан түүнтэй эвлэрлийн гэрээ байгуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Рашаант сумын Энхтал багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 39 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч -Б.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Шүүгдэгч -Б.М нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч -Б.М нь 2019 оны 7 дугаар сарын 11-ний шөнө Хөвсгөл Рашаант сумын 3 дугаар багийн нутагт иргэн Ш.М-тэй малын бэлчээрийн газраас болж маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “зүүн чамархайд шарх, хамар ясны хугарал” бүхий хөнгөн хохирол учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч -Б.Мын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч -Б.М нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Ш.М-тэй “учирсан хохирлыг барагдуулан эмчилгээний зардалд 800.000 төгрөг өгсөн бөгөөд хоёр тал харилцан тохиролцож хохирол гомдолгүй болсон ...бид хоорондоо эвлэрсэн” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 53 дугаар хуудас/-г байгуулсан байх тул шүүгдэгч -Б.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч -Б.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч -Б.М нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч -Б.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч -Б.М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч -Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч -Б.Мыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч -Б.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

5. Шүүгдэгч -Б.Мад оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч -Б.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ