Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2017/ДШМ/05

 

         Э.Анхболдод холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

прокурор Э.Нэргүй,

шүүгдэгч Э.Анхболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Чанцалдуламыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж, шүүгч Б.Баттулга, шүүгч Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2017 оны 03 сарын 20-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Э.Анхболдод холбогдох 201608000189 дугаартай 1 хавтас 234 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1989 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, 102-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан ба тэнсэж хянан харгалзсан хугацаанд захиргааны зөрчил гарган тус шүүхийн шүүгчийн 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9 дугаар захирамжаар тэнсэж, хянан харгалзсан хугацааг хүчингүй болгож, түүнд оногдуулсан хорих ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийтгэсэн,

Сум дундын 6 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ялаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Энхболдын Анхболд /РД: ЕЙ89062814/-д холбогдуулан Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2017 оны 02 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Э.Анхболд нь урьд өмнө нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт заасан ялтай байдлын хугацаа дуусаагүй байхдаа давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн үед тус аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт байрлах ТБ центр ресторанд үйлчлүүлж байсан иргэн Н.Энхсайханы Iphone5 маркийн гар утсыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч 205.000 төгрөгийн хохирол,

мөн 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн үед тус аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Геологийн зааланд шагайн харваанд оролцож байсан иргэн Г.Алтанхуягийн Самсунг галакси S5 маркийн гар утсыг хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч 203.000 төгрөгийн хохирол,

2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагийн үед тус аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, 21 дүгээр зөрлөгт иргэн Г.Баянмөнхийн Самсунг Галакси Жи-5 маркийн гар утсыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч 250.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 658.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Энхболдын Анхболдыг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 /нэг зуу мянга/ төгрөгийг хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Энхболдын Анхболдод энэ тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялын зарим болох 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 65 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Э.Анхболдын эзэмшлээс 40.000 төгрөгийн үнэ бүхий 3 ширэмтэй, цагаан өнгийн хуучин “Лисва” плиткаг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц хүчингүй болгохоор, Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, хорих ял эдлэх хугацааг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолхоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг давж заалдах гомдолдоо: Э.Анхболд нь 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1, 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар  урьд ял шийтгүүлж байсан хэдий ч 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдөж хэрэгсэхгүй болсон, мөн 2016 оны 02 сарын 04-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанаас 2 сар хүрэх төдий хугацаа үлдсэн байсан юм. Мөн ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдохгүй бус харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хуульд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байхад хүндүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж байгаа нь өрөөсгөл юм. 

Шийтгэх тогтоолоор түүнийг урьд нь дээрэмдэх гэмт хэргээр шийтгүүлсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн боловч түүний холбогдсон хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ бага, үйлдсэн гэх гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа зэргийг харгалзан үзэх боломжтой байсан.

Иймд Э.Анхболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг баримтлан түүнд оногдуулсан хорих ялын дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж жирийн дэглэмд эдлүүлэхээр, мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хянан харгалзах хугацаанаас үлдсэн 2 сарын хугацаагаар ялыг тооцож хөнгөрүүлж өгнө үү гэв.

Прокурор Э.Нэргүй давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Анхболд нь учруулсан хохирлоо бүрэн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хэдий ч хувийн байдлын хувьд урьд нь удаа дараа шүүхээр ял шийтгүүлж байсан боловч засрал хүмүүжлийг олоогүй, мөн өмнө нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт заасан ялтай байдлын хугацаа дуусаагүй байхдаа давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болж байгаа учир түүнд оногдуулсан хорих ял болон ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх үндэслэл байхгүй байна.

Иймд ялтны өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 20 тоот шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д зааснаар тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

   Шүүгдэгч  Э.Анхболд нь урьд нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж ялтай байдлын хугацаа дуусаагүй  буюу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргмйн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харзгалсан хугацаа дуусаагүй байхад давтан үйлдлээр буюу 2016 оны 11 дүгээр сарын 18-нд иргэн Н.Энхсайханы, 2016 оны 12 дугаар сарын 04-нд иргэн Г.Алтанхуягийн, 2016 оны 12 дугаар сарын 08-нд иргэн Г.Баянмөнхийн гар утсуудыг тус тус хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар бүрэн нотлогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв, түүнд оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруутайд тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс давж заалдсан гомдолдоо шүүгдэгчид оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг баримтлан хөнгөрүүлж жирийн дэглэмд эдлүүлэх, мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хянан харгалзах хугацаанаас үлдсэн 2 сарын хугацаагаар нэмж нэгтгэх ялыг тооцож өгнө үү гэснийг давж заалдах шатны шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь дэглэмийн хувьд шүүгдэгч нь урьд нь удаа дараа шийтгүүлж байхдаа хорих ял биечлэн эдэлж байсан, мөн одоо хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаа тул түүний ял эдлэх дэглэмийг анхан шатны шүүхээс чанга дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн бөгөөд хувийн байдлын хувьд дэглэм хөнгөрүүлэх үндэслэлгүй байх ба Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу бүгдийг нэмж нэгтгэх зарчмаар нэгтгэх бөгөөд шүүгдэгч Э.Анхболдын хувьд эдлээгүй үлдсэн ял нь тэнссэн 3 жил 1 сарын ял, шүүх түүний заримыг буюу 1 жилийг нэмж нэгтгэсэн нь хууль зөрчөөгүй байна. Мөн хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг ялаас үлдсэн хугацаа мэтээр ойлгож үзэх үндэслэлгүй байна.

Иймд анхан шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн  315.1.1,  325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 20-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн  өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                    

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     О.ОДНЯМАА

                         ШҮҮГЧИД                                      А.САЙНТӨГС

                                                                              Г.ТЭГШСУУРЬ