| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Банзрагч |
| Хэргийн индекс | 128/2024/0022/З |
| Дугаар | 001/ХТ2025/0040 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2025/0040
Ч.Э-ны нэхэмжлэлтэй, Улсын
бүртгэлийн ерөнхий газарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч М.Батсуурь
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/1039 дүгээр шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ШХТ2025/0157 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасан үндэслэл байгаа эсэхийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
Нэхэмжлэгч Ч.Э нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн “А м” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу Ч.Э-г “А м” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага (гүйцэтгэх захирал)-аар бүртгэхгүй байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн “А м” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу Ч.Э-г “А м” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага (гүйцэтгэх захирал)-аар бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, Л.Д-н үйлдлийг шалгаж, шийдвэрлэхгүй байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.23 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн Л.Д-н үйлдлийг шалгаж, шийдвэрлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.”Ф л к” (F L C) нь “А м” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байх бөгөөд “Ф л к”-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын болон захирал П ф Ф (P V F)-ийн 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр “А м” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Д-г албан тушаалаас нь чөлөөлж, гүйцэтгэх захирлаар Ч.Э-г томилж, ... тус корпораци нэрийн өмнөөс төлөөлж, “А м” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Л.И-т олгож ... гүйцэтгэх захирлын өөрчлөлтийг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгасан байх бөгөөд эдгээр шийдвэрт “Ф л к” -ийн хувьцаа эзэмшигчийн хурлыг болон тус корпорацийг төлөөлж захирал П ф Ф тус тус гарын үсэг зурсан.
2.2.Олгогдсон итгэмжлэлийн дагуу Л.И “А м” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09/28 дугаар шийдвэр гаргаж “тус компанийн гүйцэтгэх захирал Л.Д-г 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, гүйцэтгэх захирлаар Ч.Э-г томилсон байна.
2.3.Л.И-аас 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандан гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөнийг бүртгүүлэх өргөдлөө бичгээр гаргасан.
2.4.Мөн “Ф л к”-ийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр Ч.Э-г томилсон шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, гүйцэтгэх захирал өөрчлөгдсөнийг бүртгүүлэхийг Ч.Э-нд үүрэг болгосон.
2.5.2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Ч.Э нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт “А м” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Д-н Зөрчлийн тухай хууль зөрчсөн үйлдлийг шалгуулахаар хүсэлт гаргасны хариуд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 7/7889 дүгээр албан бичгээр, өмгөөлөгч Д.М-ээс 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ӨМ23/028 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийн хариуд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 4/2160 дугаар албан бичгээр, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 4/4192, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2/7009, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 6/8250 дугаар албан бичгүүдээр Ч.Э-гаас гаргасан хүсэлт, гомдолд тус тус хариу өгсөн байна.
3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
“... Миний бие “Ф л к”-ийн 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр “А м” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон, харин Л.Д-г гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлсөн ... Гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгүүлэх шаардлагаар Л.Д-гаас холбогдох бичиг баримт, компанийн гэрчилгээ болон тамга, тэмдгийг авахыг хүссэн боловч өгөхгүй, зайлсхийсэн ... Үүний улмаас хууль ёсоор томилогдсон гүйцэтгэх захирал нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийн улсын бүртгэлийг хийлгэх, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Энэ асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газар болон тус газрын Хяналт шалгалтын газарт нь удаа дараа хандаж гомдол гаргасан боловч тамга, тэмдэг, гэрчилгээгээ авч байж бүртгүүл гэдэг хариуг өгч, гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг үл тоомсорлож буй Л.Д-н хууль бус үйлдэлд нь Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгээгүй ... Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8, 8.8-д заасны дагуу “А м” ХХК-ийн тамга, тэмдэг, гэрчилгээг хүчингүй болгож, шинээр тамга, тэмдгийн хяналтын дугаар, гэрчилгээг олгуулах хүсэлтийг дээрх байгууллагад гаргахад “хүсэлтийг өмнө нь шийдвэрлэсэн” мэтээр хариу өгсөн ... Сонсох ажиллагаа хийхдээ гомдол гаргагчид мэдэгдээгүй, оролцуулаагүй. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь хувьцаа эзэмшигчдийн нэрс, гарын үсэг зурсан баримтыг шаардах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, тэмдэглэл хэрэгтэй байна гэдгээ хариу тайлбартаа дурдсан бол тухайн үед гаргаад өгөх боломжтой байсан. Асуудлуудыг шийдвэрлэхгүй байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүйн улмаас “А м” ХХК болон тус компанийн эрх бүхий этгээдийн томилсон гүйцэтгэх захирал нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, “... “А м” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгүүлэхэд улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдэг байхгүй, гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн гэх шийдвэр гаргасан “Ф л к”-ийн эрх бүхий албан тушаалтнаас ирүүлсэн бичиг баримт үнэн зөв эсэх, гүйцэтгэх удирдлагыг өөрчлөх эрх зүйн чадвартайг нотолсон бүрдэл дутуу тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт гаргасан гомдлын дагуу “А м” ХХК-ийн холбогдох хүмүүсээс тодруулга авсан ... Тухайн компанийн ирүүлсэн баримт бичигт хувьцаа эзэмшигчид хуралдсан эсэх нь тодорхойгүй байх бөгөөд шийдвэрийг компанийн захирал өөрөө, эсхүл компанийн хувьцаа эзэмшигчдийг төлөөлж гарын үсэг зурсан нөхцөл байдалтай байсан тул бүртгэл хийх боломжгүй ... Мөн бүрдүүлэн ирүүлсэн баримт бичигт тамга, тэмдэг дарагдаагүй, гэрчилгээ эх хувиар байгаагүй. 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн болон 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн хурлаар Л.Д-г чөлөөлж, Ч.Э-г томилсон гэх хувьцаа эзэмшигчийн гарын үсэг бүхий хурлын тэмдэглэл, шийдвэр, тогтоолыг ирүүлээгүй. “А м” ХХК-ийг 100 хувиар хэн эзэмшээд компанийн захирлаа сольж байгааг шалгах эрхтэй. Хяналт шалгалт явуулсан баримт хэрэгт авагдсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5.Гуравдагч этгээдээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... П ф Ф нь хувьцаа эзэмшигчдийг төлөөлж шийдвэр гаргах эрхгүй. “Ф л к”-ийн 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн захирлын шийдвэрээр хувьцаа эзэмшигчийн шийдвэрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Л.И-т олгож шийдвэрлэсэн нь Компанийн тухай хууль болон “А м” ХХК-ийн дүрмийн 7.2-т заасныг зөрчсөн. Мөн энэхүү өргөдлийг “А м” ХХК-ийн тамга, тэмдэг, буцах хаяггүй хуурамч бланк, хуудас дээр үйлдсэн нь эрүүгийн гэмт хэргийн шинж чанартай үйлдэл болсон. Л.И-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн өргөдлийн хуулбарт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан баримт, бичгийн бүрдлийг хангаагүй тухайгаа дурдсан байхад улсын бүртгэгч хүлээн авсан нь хууль бус. Компанийн дүрэмд “Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэр гаргана” гэж заасан боловч ийм шийдвэр байхгүй, мөн материал бүрдэж ирээгүй учир Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгoж өгнө үү” гэжээ.
6.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/1039 дүгээр шийдвэрээр “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 22.1.4, 22.2 дахь хэсэг, заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн “А м” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу Ч.Э-г “А м” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага (гүйцэтгэх захирал)-аар бүртгэхгүй байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч.Э-г “А м” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага (гүйцэтгэх захирал)-аар бүртгэх хүсэлтийг хүлээн авч хууль журмын дагуу шийдвэрлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийн Л.Д-н үйлдлийг шалгаж, шийдвэрлэхгүй байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.23 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг зөрчин Л.Д-н үйлдлийг шалгаж, шийдвэрлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
6.1.“... компанийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн нь компанийн үүсгэн байгуулах баримт бичигт хамаарахгүй байхад хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь Ч.Э болон “Ф л к”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И-гаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэлийг шаардсан нь хууль бус байна. Учир нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаас үзвэл үүсгэн байгуулах баримт бичигт буюу хуулийн этгээд байгуулах шийдвэрт, эсхүл хуулийн этгээдийн дүрэмд, мөн үүсгэн байгуулах гэрээнд өөрчлөлт оруулах бол тухайн үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт зэргийг шаардахаар хуульчилсан.
6.2.Харин компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн нь үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсан хууль зүйн үйл баримт биш учраас хариуцагч нь Ч.Э-гаас “Ф л к”-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын тэмдэглэл болон “А м” ХХК-ийн тамга, гэрчилгээг заавал ирүүлэхийг шаардсан нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.4, 22.2 дахь заалтуудыг зөрчсөн хууль бус ажиллагаа болох нь тогтоогдсон. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар, түүний албан тушаалтан нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, хуулиар шаардахыг зөвшөөрөөгүй буюу хориглосон баримтыг шаардаж “А м” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг өөрчлөгдсөнийг бүртгэх хүсэлтийг хүлээн авахаас хууль бусаар татгалзаж, улмаар уг бүртгэлийг хийхгүй байгаа эс үйлдэхүй гаргасан болох нь нотлогдсон тул нэхэмжлэлийн ... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох болон даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.
6.3.Нэхэмжлэгч Ч.Э-гаас зөрчил шалгуулахаар гаргасан гомдлыг шалгах ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдах ба эрх бүхий этгээд зөрчил биш гэж үзэж, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхгүй байгааг захиргааны акт буюу эс үйлдэхүй, татгалзсан захиргааны шийдвэр гэж үзэхгүй тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж үзэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ ...” гэх зэргээр дүгнэжээ.
7.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2025/0132 дугаар магадлалаар Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.9-д заасныг баримтлан нэхэмжлэлийн ... Ч.Э-г “А м” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага (гүйцэтгэх захирал)-аар бүртгэх хүсэлтийг хүлээн авч хууль журмын дагуу шийдвэрлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгон өөрчилж ...” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн байна. Үүнд:
7.1.“... “Ф л к”-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг мэдүүлэг гаргахдаа хавсаргаж өгөөгүй болох нь тогтоогдсон, ... “хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь Ч.Э болон “Ф л к”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И-гаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэлийг шаардсан нь хууль бус байна” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.
7.2.Түүнчлэн “Ф л к”-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг нэхэмжлэгч тал шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байх бөгөөд энэхүү баримтыг хариуцагч байгууллагад мэдүүлэг гаргахдаа хавсаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүх уг баримтыг үнэлсэн нь үндэслэлгүй байхын зэрэгцээ баримтыг үндэслэн бүртгэх үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн хариуцагчийг буруутгах боломжгүй, иймд ирүүлсэн баримтын бүрдэл дутуу үндэслэлээр хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал өөрчилсөн тухай бүртгэлийг хариуцагч улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хууль тогтоомжид нийцсэн.
7.3.Харин анхан шатны шүүх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг “захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна ...” гэх зэргээр дүгнэжээ.
8.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.4-т заасан үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
8.1 ... Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15 дахь хэсэгт зааснаар түүнийг томилсон этгээд хэдийд ч түүний бүрэн эрхийг зогсоох, өөрчлөх эрхтэй. Гүйцэтгэх захирал нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг гол субъект ба түүний ажил олгогч нь хувьцаа эзэмшигч байдаг бөгөөд “А м” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлаас гүйцэтгэх удирдлагаа солих шийдвэрийг гаргасан боловч улсын бүртгэлд зохих бүртгэлийг хийхгүй байгаа.
8.2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлийн тухайд: Анхан болон давж заалдах шатны шүүхүүд дараах хуулийн зохицуулалтыг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн бөгөөд эдгээр хуулийн зохицуулалтыг бүртгэлийн байгууллага, шүүх практикт зөв тайлбарлан хэрэглэх шаардлагатай. “А м” ХХК-ийн гүйцэтгэх захирлын өөрчлөлтийг бүртгэх асуудлыг шийдвэрлээгүй асуудалд хамаарах Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 20.1-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг бүртгэх эсэх талаар ажлын 10 өдрийн дотор ... шийдвэр гаргаж, энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.” гэснийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн. Хуулийн тухайн хэсэгт эхлээд “бүртгэх эсэх талаар шийдвэр гаргах”-аар дараа нь гаргасан шийдвэрээ мэдэгдэхээр зохицуулсан. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбараар Улсын бүртгэлийн ерөнхий газар нь “А м” ХХК-ийн шинээр томилогдсон гүйцэтгэх удирдлагаар Ч.Э-г бүртгэх эсэх асуудлаар шийдвэр гаргаагүй болох нь тогтоогдсон ба “А м” ХХК-ийн шинээр томилогдсон гүйцэтгэх удирдлагыг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлээгүй гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.
8.3.Нэхэмжлэгчийн зүгээс “А м” ХХК-ийн шинээр томилогдсон гүйцэтгэх удирдлагаар Ч.Э-г бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, захиргааны актыг гаргуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Захиргааны хууль бус эс үйлдэхүй нь захиргааны байгууллагын идэвхгүй үйлдлээр хязгаарлагдахгүй бөгөөд хүн, хуулийн этгээдийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр “татгалзсан шийдвэр” нь мөн эс үйлдэхүйд хамаарна гэж үзэж байна. Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичигтэй холбоотой харилцааг зохицуулсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын талаар шүүхүүд дараах дүгнэлтүүдийг хийсэн.
8.4.Анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтын талаар “... Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Ч.Э-г гүйцэтгэх удирдлагаар томилсон хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан өргөдөлд тавигдах шаардлагыг хангаагүй гэж бүртгэхээс татгалзаагүй, харин компанийн хувьцаа эзэмшигчийн хурлын тэмдэглэл, компанийн тамга, гэрчилгээг гаргаж ирүүлэхийг шаардсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Ч.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нарт бичгээр өгсөн хариугаар нотлогдсон ...”, “... Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаас үзвэл “үүсгэн байгуулах баримт бичигт буюу хуулийн этгээд байгуулах шийдвэрт, эсхүл хуулийн этгээдийн дүрэмд, үүсгэн байгуулах гэрээнд өөрчлөлт оруулах бол тухайн үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт зэргийг шаардахаар хуульчлан тогтоожээ ...”, “... “компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн” нь “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсан” хууль зүйн үйл баримт биш учраас хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтан нь Ч.Э-гаас “Ф л к”-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын тэмдэглэл, “А м” ХХК-ийн тамга, гэрчилгээг заавал ирүүлэхийг шаардсан нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.4, 22.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн хууль бус ажиллагаа болох нь тогтоогдсон ...” , Улсын бүртгэлийн ерөнхий газар, түүний албан тушаалтан нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, хуулиар шаардахыг зөвшөөрөөгүй буюу хориглосон баримтыг шаардаж “А м” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөнийг бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авахаас хууль бусаар татгалзаж, улмаар уг бүртгэлийг хийхгүй байгаа эс үйлдэхүй гаргасан болох нь нотлогдсон ...” гэсэн бол давж заалдах шатны шүүхийн “... анхан шатны шүүх ... хурлын тэмдэглэлийг шаардсан нь хууль бус байна ...” гэх дүгнэлт үндэслэлгүй ..., ... ирүүлсэн баримтын бүрдэл дутуу үндэслэлээр гүйцэтгэх захирлыг өөрчилсөн тухай бүртгэлийг хариуцагч улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хууль тогтоомжид нийцсэн ...” гэжээ.
8.5.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.4 дэх заалтууд нь хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын талаарх өөрчлөлтийг бүртгүүлэхэд яагаад хамааралтай гэж үзэж байгаа үндэслэлийг тодорхой тайлбарлаагүй. Дээрх хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт хуулийн этгээдийн бүх төрлийн мэдээлэлд оруулах өөрчлөлтүүдийг хийлгэхэд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг тусгасан, ямар төрлийн мэдээлэлд өөрчлөлт орж байгаагаас хамаарч өргөдөлд хавсаргах баримт бичиг байхад хангалттай болохыг бүртгэлийн байгууллага өөрөө тодорхойлж шийдвэрлэх боломжтой. Анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгэхэд “хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл”, “улсын бүртгэлийн гэрчилгээ” шаардаж байгаа бүртгэлийн байгууллагын шаардлага хууль бус гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд зөв болсон.
8.6.Улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг шийдвэрлэхтэй холбоотой харилцаанд холбогдох зарим хуулийн хэрэглээг зөв тогтоох шаардлагын талаар: “... Компанийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсэж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болдог. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх улсын бүртгэлээр баталгааждаг эрх зүйн харилцаа юм. Компанийн өмчийн эрхийг хөрөнгө оруулагч нь хувьцааны эрхээр дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд энэ эрхийн нэг нь компанийн гүйцэтгэх удирдлагыг томилж, чөлөөлөх асуудал, энэ харилцааг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8, 83.15 дахь хэсэгт тус тус хуульчилсан. Дээрх хуулийн 83 дугаар зүйлийн 83.15 дахь хэсэгт заасны дагуу Л.Д-г “А м” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас чөлөөлж, Ч.Э-г томилсон хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарсан нь бүртгэлийг хийх хууль зүйн үндэслэл болно.
8.7.Гэтэл бүртгэлийн байгууллага хуульд заагаагүй хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн компанийн гүйцэтгэх удирдлагын өөрчлөлт хийгдсэний дараа тус бүртгэлийг үндэслэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд зохих тэмдэглэл хийгддэг. Өмнөх гүйцэтгэх удирдлага компанийн гэрчилгээг хууль бусаар өөрийн мэдэлд байлгаж, гаргаж өгөхгүй байгаа нь гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгэхгүй байх, бүртгэл хийхээс татгалзах үндэслэл болохгүй ... Иймд хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгүүлэхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан “хурлын тэмдэглэл”, 22.1.9-д заасан “улсын бүртгэлийн гэрчилгээ” зэргийг шаардаж байгаа захиргааны байгууллагын хууль буруу хэрэглэсэн үйлдлийг тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
9.Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс “нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулга бүхий тайлбарыг өгөв.
10.Хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.
11.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.
12.Нэхэмжлэгч Ч.Э-гаас “Компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн “А м” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх удирдлагыг бүртгэхгүй байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч.Э-г гүйцэтгэх удирдлага (гүйцэтгэх захирал)-аар бүртгэхийг даалгах; Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн Л.Д-н үйлдлийг шалгахгүй байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шалгаж, шийдвэрлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас анхан болон давж заалдах шатны шүүх зөрчил шалган шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйн эсрэг даалгах нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн байх тул энэ талаар дүгнэлт өгөхгүй.
13.Харин компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчлөх бүртгэл хийхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйн эсрэг даалгах нэхэмжлэлийг хоёр шатны шүүх өөр өөрөөр шийдвэрлэсэн байх тул хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний зөрүүг арилгах нь зүйтэй гэж үзлээ.
14.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлээр хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэхтэй холбоотой харилцааг бүхэлд нь зохицуулсан байх бөгөөд уг зүйлийн агуулгаас үзвэл, хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт орсон, хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт орсон, хаяг өөрчлөгдсөн болон хуулийн этгээдийн эрх шилжүүлсэнтэй холбоотой өөрчлөлтийг бүртгэхээр заажээ.
15.Дээрх зохицуулалтын аль нь ч хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагыг өөрчлөх тохиолдолд шууд хэрэглэгдэхээргүй, өөр өөр агуулга бүхий зохицуулалт байна. Тухайлбал, хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл;” гэснийг мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан “үүсгэн байгуулах баримт бичиг” гэсэн хууль зүйн ойлголтын дагуу системчлэн тайлбарлавал, хуулийн этгээд байгуулах шийдвэр, дүрэм, үүсгэн байгуулах гэрээнд эрх бүхий этгээдээс өөрчлөлт оруулсныг бүртгүүлэх тохиолдолд шаардагдах баримт бичиг гэж үзэхээр байна. Гэтэл компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчлөхөд үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт орохгүй, гагцхүү эрх бүхий этгээдийн шийдвэр байхад л хангалттай.
16.Түүнчлэн, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэг дэх “эрх шилжүүлэх өөрчлөлт”-тэй холбоотой зохицуулалт нь хуулийн этгээдийн/компанийн хувьцаа эзэмшигч эрхээ бүхэлд нь юм уу зарим хэсгийг бусдад шилжүүлэх тохиолдолд (хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, бэлэглэл, өв залгамжлалаар гэх мэт) хэрэглэгдэх тул “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөнийг бүртгүүлэхэд энэ хуулийн 22.3.2-т заасан баримтыг бүрдүүлж өгөх үүрэгтэй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлгүй.
17.Гэвч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “хуулийн этгээдийн мэдээлэл” гэж хуулийн этгээдийн хувийн хэрэгт агуулагдаж байгаа энэ хуулийн 10.1-д заасан болон бусад мэдээллийг” гэж, 10 дугаар зүйлийн 10.1.10-т заасан “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр ...” нь уг мэдээлэлд хамаарахаар, 22 дугаар зүйлээр хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхээр тус тус зохицуулсан байх тул гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн тохиолдолд “хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлт”-ийн хүрээнд бүртгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
18.Хэдийгээр дээрх хуулийн 22 дугаар зүйлд гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгүүлэхэд шаардагдах баримтыг шууд заагаагүй ч энэ тохиолдолд хуулийн 22.1.3 дахь хэсгийг төсөөтэй хэрэглэх боломжтой гэж үзлээ. Учир нь, нэгэнт хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн хүрээнд гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгэх хууль зүйн үндэслэлтэй тул улсын бүртгэлийн байгууллага тухайн бүртгэлийг хийхийн тулд гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн эрх бүхий этгээдийн шийдвэр, хэрэв тухайн этгээд нь хамтын удирдлагын байгууллага бол (Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл гэх мэт) хурлын тэмдэглэлийг шаардах нь зүй ёсны буюу хууль ёсны юм.
19.Түүнээс гадна Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/208 дугаар тушаалаар баталсан “Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-аар хуулиар зохицуулаагүй асуудлыг нарийвчлан зохицуулсан байх бөгөөд уг журмын 8.3-т “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана:”, 8.3.4-т “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөл, эрх бүхий этгээдийг бүртгүүлэх тохиолдолд тэдгээрийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл” гэжээ.
20.Иймд анхан шатны шүүхийн “хариуцагч нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.4 дэх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, хуулиар шаардахыг зөвшөөрөөгүй буюу хориглосон баримтыг шаардаж ... эс үйлдэхүй гаргасан нь хуулийн 22.2 дахь хэсгийг зөрчсөн ...” гэсэн дүгнэлт буруу байх тул залруулах нь зүйтэй, гэхдээ холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдэл нь зөв байна.
21.Учир нь, “А м” ХХК-ийн дүрмийн 7.2-т “Хувьцаа эзэмшигчдийн хурал нь Компанийн гүйцэтгэх захирлыг сонгож, томилж чөлөөлөх ...” гэж заасан, тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь “Ф л к” (F L C.) хэмээх Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улсад бүртгэлтэй гадаад улсын хуулийн этгээд байх бөгөөд энэхүү компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал нь угтаа өөрийн 100 хувийн охин компани болох “А м” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын эрх хэмжээг хэрэгжүүлдэг, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.
22.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.
22.1.”Ф л к” -ийн хувьцаа эзэмшигч нэхэмжлэгч Ч.Э тус компанийн хөрөнгийн 57,5 хувийг буюу нийт 500 хувьцааны 287.5 ширхэгийг эзэмшдэг[1], үлдэх 42,5 хувийг гуравдагч этгээд Л.Д нь өөрийн “Т Э” /T E Inc./ компаниар дамжуулж эзэмшдэг.
22.2.”Ф л к”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт “А м” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөнийг бүртгүүлэх тухай өргөдлийг “А м” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, “Ф л к”-ийн захирал П ф Ф (P V F)-ийн 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр, тус корпорацийн үйл ажиллагааны гэрчилгээний хамт гаргасан.
22.3.”Ф л к” -ийн захирал П ф Ф-ийн 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр нь мөн өдөр гарсан тус корпорацийн хувьцаа эзэмшигчийн хурлын “А м” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг өөрчлөх тухай” шийдвэртэй агуулга нэг байх бөгөөд эдгээр шийдвэрээр “А м” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Д-г албан тушаалаас нь нэн даруй чөлөөлж, гүйцэтгэх захирлаар Ч-ийн Э-г нэн даруй томилж, ... “А м” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигчийн өмнөөс төлөөлөн ажиллаж, хувьцаа эзэмшигчийн шийдвэрт гарын үсэг зурах, гүйцэтгэх захирлын өөрчлөлтийг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийг Л.И-т олгосон байна.
22.4.”А м” ХХК-ийг төлөөлөн гаргасан Л.И-ийн өргөдлийг хариуцагч хэрхэн шийдвэрлэсэн, ямар агуулгатай хариу өгснийг нотлох бичгээр гаргасан шийдвэр байхгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ийм баримт байхгүй” гэх тайлбар өгсөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “компанийн тамга, тэмдэг, гэрчилгээ шаардлагатай гэсэн үндэслэлээр улсын бүртгэлийн байгууллага уг өргөдлийг хүлээж аваагүй” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл хариуцагч холбогдох өргөдлийг шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол (Тодорхойлох хэсгийн 8.1-8.3 дахь хэсэг дэх) үндэслэлтэй.
22.5.Ийнхүү хариуцагч “компанийн тамга, тэмдэг, гэрчилгээ шаардлагатай” гэсэн үндэслэлээр бүртгэл хийхээс татгалзсан тул нэхэмжлэгч Ч.Э-гаас 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан “... Л.Д нь компанийн гэрчилгээ, санхүүгийн бичиг баримт, тамга, тэмдгийг өгөхгүй байгаа, үүний улмаас хууль ёсоор томилогдсон гүйцэтгэх захирал нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийн улсын бүртгэлийг хийлгэх, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон ... Иймд иргэн Л.Д-н дээрх Зөрчлийн тухай хууль зөрчсөн үйлдлийг шалгаж, холбогдох хариуцлагыг хүлээлгэж, түүнээс “А м” ГХОХХК-ийн тамга, тэмдэг, гэрчилгээ болон санхүүгийн бичиг баримтуудыг гаргуулан авч, улсын бүртгэлд холбогдох бүртгэлийг хийлгэх, компанийн эрх бүхий этгээдэд шилжүүлж өгнө үү ...” гэсэн утгатай өргөдлийг гаргажээ.
22.6.Хариуцагч дээрх өргөдлийн хариуд 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 7/7889 дүгээр албан бичгээр “... хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагыг бүртгүүлэх асуудлын хувьд “А м” ХХК-ийн дүрмийн 7.2-т “Хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн гүйцэтгэх захирлыг сонгож, томилж, чөлөөлөх бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр түүний бүрэн эрхийг тодорхойлно” гэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйл болон “Хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-ын 9.3-т заасан нотлох баримтыг бүрдүүлэн ... хандах боломжтой ...” гэсэн хариу өгсөн.
22.7.Иймд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Ф л к”-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар “А м” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг өөрчилж Ч.Э-г томилсон 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Ф л к”-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр, “А м” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 09/28 дугаар шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн бүртгэлийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн бүртгүүлэхийг шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Ч.Э-нд үүрэг болгосон байна.[2]
22.8.Уг шийдвэрийг улсын бүртгэлийн байгууллага хүлээн авахаас татгалзсан болох нь өмгөөлөгч Д.М-ээс 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандан гаргасан “... хувьцаа эзэмшигчдийн хурал 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дахин хуралдаж Ч.Э-г “А м” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэрээ баталгаажуулсан ... Иймд яагаад энэхүү бүртгэлийг хийхээс татгалзаж, материалыг хүлээн авахгүй байгаа талаарх албан ёсны лавлагаа мэдээллийг өгнө үү ...” гэсэн хүсэлт, үүний хариуд тус газрын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 4/2160 дугаар албан бичгээр “... Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.9-д улсын бүртгэлийн гэрчилгээ, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/208 дугаар тушаалаар баталсан ... журмын 3.2-т улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг эрх бүхий этгээдийн тамга, тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан байна” гэж тус тус заасан байх тул дээрх шаардлагыг хангаагүй баримт бичгийг хүлээн авч улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй ...” гэсэн хариу өгсөн байгаагаар нотлогдож байна.
22.9.Мөн нэхэмжлэгч Ч.Э-нд хариуцагч байгууллагаас 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 4/4192 дугаар албан бичгээр “Таны ... уг асуудлаар гаргасан хүсэлтэд 2023 оны 4/2160 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн байна” гэж, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2/7009 дүгээр албан бичгээр “... “А м” ХХК-ийн гэрчилгээ болон тамга, тэмдэг тус компанийн гүйцэтгэх захирал Л.Д-д хадгалагдаж байх тул Таны хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй ...” гэж, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 6/8250 дугаар албан бичгээр “... Таны гомдолд дурдсан асуудлаар өмнө нь 2022 оны 7/7889, 2023 оны 2/7009, 2023 оны 4/2160, 2023 оны 4/4192 дугаар албан бичгээр тус тус хариу өгсөн байна. Иймд ... Таны гомдлыг дахин шийдвэрлэхгүй болохыг мэдэгдье ...” гэсэн хариуг өгчээ.
22.10.Иймд нэхэмжлэгчээс 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар уг маргаан үүссэн байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд анх удаа “... “А м” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн гэх шийдвэр гаргасан “Ф л к” -ийн эрх бүхий албан тушаалтнаас ирүүлсэн бичиг баримт үнэн зөв эсэх, гүйцэтгэх удирдлагыг өөрчлөх эрх зүйн чадвартайг нотолсон бүрдэл дутуу тул ... татгалзсан” гэсэн тайлбар өгсөн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс “компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл байхгүй, захирал гарын үсэг зурах эрхгүй” гэх зэргээр маргасан, үүнтэй холбогдуулж нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Ф л к” -ийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл 22 хуудас материалыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд өгсөн байна.[3]
23.Энэ тогтоолын Хянавал хэсгийн 17-20 дахь хэсэгт дүгнэсэнчлэн, уг маргааны тохиолдолд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/208 дугаар тушаалаар баталсан “Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-ын 8.3.4 дэх заалт хэрэглэгдэх ба эдгээрт хуулийн этгээдийн “үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын /хувьцаа эзэмшигчийн/ шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл” гэж заасны зорилго нь тухайн шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан эсэх, хэрэв хувьцаа эзэмшигчийн шийдвэр бол хувьцаа эзэмшигчийн хурал бодит байдалд хуралдсан эсэх, хурлын ирц болон гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр эсэхийг батлах агуулгатай юм.
24.Уг маргааны хувьд хариуцагч нь “бичиг баримтын бүрдүүлбэр дутуу” буюу “компанийн гэрчилгээ байхгүй, эрх бүхий этгээдийн шийдвэр тамга, тэмдэггүй, гарын үсгээр баталгаажаагүй” гэсэн үндэслэлээр татгалзаж байсан (Хянавал хэсгийн 22-т заасан нотлох баримтуудаар), өөрөөр хэлбэл “хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл” гэх баримтыг шаардаж байгаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад л ийм тайлбар гаргасан тул нэхэмжлэгч талаас холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд “... хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, тэмдэглэл хэрэгтэй байна гэдгээ хариу тайлбартаа дурдсан тухайн үед нь гаргаад өгөх боломжтой байсан ...” гэснийг үгүйсгэхээргүй байна.
25.Анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн, “Ф л к”-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд “2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэлийг батлах, Монгол Улс дахь “А м” ХХК-ийн захирлыг солих тухай” зэрэг нийт 7 асуудлыг хэлэлцэхээр тохиролцсон. Уг хуралдаанд компанийн захирал, хуралдааны дарга П ф Ф, нэхэмжлэгч Ч.Э, гуравдагч этгээд Л.Д-н эрх ашгийг хамгаалж Д Л.Р, Л.Д-н зөвлөх А А Ш болон бусад нэр бүхий 5 хүн оролцсон. 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэлийг батлах асуудлаар Ч.Э зөвшөөрсөн санал, Л.Д-н эрх ашгийг хамгаалж оролцсон Д Л.Р зөвшөөрөхгүй гэсэн санал гаргасан боловч уг хуралдааны тэмдэглэлийг баталж, эцсийн хувилбараар гарын үсэг зурахаар шийдвэрлэсэн, “А м” ХХК-ийн захирлыг солих, Л.Д-г энэ албан тушаалаас чөлөөлж, Ч.Э-г томилох шийдвэр гаргах санал хураалт явуулахад Л.Д-н эрх ашгийг хамгаалж оролцсон төлөөлөгч нар эсрэг санал өгч, “Ф л к” -ийн 57,5 хувийн хувьцаа эзэмшигч Ч.Э дэмжсэн санал өгснөөр шийдвэр батлагдсан талаар тусгажээ.
26.Үүнээс үзвэл “А м” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч “Ф л к”-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас өөрийн охин компани болох “А м” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг өөрчилж, нэхэмжлэгч Ч.Э-г томилох шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн олонхын саналаар гаргасан болохоо нотолж, дахин хуралдаж, тэмдэглэл үйлдсэн байна.
27.Хариуцагчийн зүгээс энэхүү тэмдэглэлийг “2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэл биш тул бүртгэх боломжгүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, учир нь компанийн эрх бүхий этгээд өмнө нь гаргасан шийдвэрээ баталгаажуулан дахин хуралдсаныг хууль бус, эрх бүхий этгээдийн шийдвэр биш, эсхүл хувьцаа эзэмшигчид хуралдаагүй гэж үзэх, өөрөөр хэлбэл уг хурлын шийдвэрийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
28.Гуравдагч этгээдийн зүгээс мөн “Ф л к”-ийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг “хууль бус, эрх бүхий этгээд гаргаагүй, захирал П ф Ф хувьцаа эзэмшигчдийг төлөөлөх эрхгүй” гэх зэргээр тайлбарладаг боловч уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар зохих журмын дагуу маргаагүй, хүчингүй болгосон эрх бүхий этгээдийн ямар нэгэн шийдвэр байхгүй байх тул гуравдагч этгээдийн “бүртгэл хийхийг зөвшөөрөхгүй” гэх тайлбар нь хариуцагчийн татгалзлыг зөвтгөх үндэслэл болохгүй.
29.Түүнчлэн, хэргийн оролцогч нараас өгсөн “А м” ХХК-ийн хувийн хэргийн материалд “Ф л к”-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг төлөөлж П ф Ф гэдэг хүн гарын үсэг зурсан хэд хэдэн шийдвэрүүд байх бөгөөд үүний дотор “А м” ХХК-ийн хувьцааг анх нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нараас худалдан авах тухай шийдвэрт ч захирал П ф Ф гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Гэтэл гуравдагч этгээд эдгээр шийдвэрийг үгүйсгэхгүй атлаа зөвхөн өөрийг нь гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн хурлын шийдвэрт П ф Ф гарын үсэг зурсныг “төлөөлөх эрхгүй этгээд” гэж маргаж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй.
30.Гэтэл давж заалдах шатны шүүх “... “Ф л к”-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг нэхэмжлэгч тал шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байх бөгөөд энэхүү баримтыг хариуцагч байгууллагад мэдүүлэг гаргахдаа хавсаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүх уг баримтыг үнэлсэн нь үндэслэлгүй байхын зэрэгцээ баримтыг үндэслэн бүртгэх үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн хариуцагчийг буруутгах боломжгүй, иймд ирүүлсэн баримтын бүрдэл дутуу үндэслэлээр хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал өөрчилсөн тухай бүртгэлийг хариуцагч улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хууль тогтоомжид нийцсэн ...” гэж хэргийн үйл баримтыг буруу дүгнэснээс холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
31.Мөн шүүхийн “... Нэхэмжлэгч Ч.Э нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт удаа дараа хүсэлт гаргасныг Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-ын дагуу баримт дутуу гэх үндэслэлээр удаа дараа хариу өгч байсан болох нь дээр дурдагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй ...” гэх дүгнэлт үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн хүсэл зориг нь компанийн гүйцэтгэх захирал өөрчлөгдсөнийг бүртгүүлэхэд чиглэгдэж байгаа, гэтэл хариуцагч өнөөдрийг хүртэл уг бүртгэл хийхээс татгалзаж байгаа тул нэхэмжлэгчээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Энэ тохиолдолд хариуцагчийн эс үйлдэхүй нь татгалзсан шийдвэрээр илэрсэн байтал давж заалдах шатны шүүх “татгалзсан хариу нь эс үйлдэхүй биш” гэсэн агуулгатай өрөөсгөл дүгнэлт хийсэн нь буруу, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол (Тодорхойлох хэсгийн 8.3) үндэслэлтэй.
32.“Хуулийн этгээдийн тамга, тэмдэг, гэрчилгээ байхгүй тул бүртгэх боломжгүй” гэх татгалзлын үндэслэлийн тухайд, хариуцагч нь маргаан бүхий бүртгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа “А м” ХХК-ийн өмнөх гүйцэтгэх захирал, энэ хэргийн гуравдагч этгээд Л.Д-д эдгээр баримтууд байгааг мэдэж байгаа, энэ ч шалтгаанаар компанийн тамга, тэмдэг, гэрчилгээг дахин шинээр өгөх боломжгүй талаар, мөн гуравдагч этгээдтэй холбоотой зөрчлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн утга бүхий хариуг нэхэмжлэгчид өгч байсан атлаа “гүйцэтгэх удирдлагыг өөрчлөх бүртгэл” хийхийн тулд нэхэмжлэгчээс гаргаж өгөх боломжгүй баримтыг шаардаж байгаа нь өөрөө үндэслэлгүй. Энэ тохиолдолд хариуцагч улсын бүртгэлийн үнэн зөв, бодитой байх зарчим (Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4.) захиргааны үйл ажиллагааны “бодит нөхцөлд тохирсон байх” нийтлэг зарчмын дагуу (Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2) нэхэмжлэгчээс бүрдүүлж өгсөн баримтын хүрээнд маргаан бүхий бүртгэлийг зохих журмын дагуу хийх үүрэгтэй байна.
33.Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2025/0132 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/1039 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Г.БАНЗРАГЧ