Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2020/0018

 

2019 оны 12 сарын 26 өдөр           Дугаар 221/МА2020/0018                          Улаанбаатар хот

“Д...” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, хариуцагч Монгол Улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, гуравдагч этгээд “К...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, О.Н нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0811 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээд “К...” ХХК-ийн давж заалдах гомдлын дагуу “Д...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сангийн яам, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0811 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1, 55.3.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан “Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/5351 тоот гомдол хянасан тухай захиргааны актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд “К...” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд “М...” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “К...” ХХК давж заалдах гомдолдоо: “... анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч “Д...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд “М...” ХХК-ийн бие даасан шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг гомдол гаргагч “К...” ХХК нь хууль ёсны гэж үзэж байна.

Харин шүүх “тендерийн хүчинтэй хугацаа 09 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болсон байгаа тул “К...” ХХК-ийн бие даасан шаардлагыг хангах үндэслэл байхгүй” гэж шийдвэрлэсэн нь шүүгч нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж ийнхүү гомдол гаргаж байна.

Тухайлбал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь “Хог тээврийн тусгай зориулалтын автомашин /10ш/ тендер”-ийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нээж 7 дугаар сарын 18-ны өдөр шалгаруулалт явуулаад тендерийн ялагчаар “Д...” ХХК-ийг шалгаруулсныг эс зөвшөөрч манай компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасны дагуу 7 дугаар сарын 18-ны өдөр Сангийн яаманд хандан гомдол гаргасан болно.

Ийнхүү тендерт оролцогчдоос шалгаруулалттай холбоотой гомдол гаргаснаар тендерийн үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-д заасны дагуу Сангийн яам зогсоосон болох нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/5351 дүгээр албан бичгээс харагдах болно.

Сангийн яам нь манай гомдлыг хянаад 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/5351 дүгээр албан бичгээр “К...” ХХК-д холбогдох захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэж дүгнэн, тендерт дахин үнэлгээ хийхийг даалгаж, мөн тендерийг түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа дуусгавар болсныг мэдэгдсэн болно.

Сангийн яамны дээрх албан бичгийг эс зөвшөөрсөн “Д...” ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Ийнхүү шүүхэд тендер шалгаруулалттай холбоотой маргаан гарснаар “тендерийн хүчинтэй байх хугацаа хэн нэгнээс тусгайлан шийдвэр гаргах шаардлагагүйгээр зогссон” байх ёстой.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.2-т “төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргаан”-ыг тусгай ажиллагааны журмаар 30 хоногийн дотор шийдвэрлэхээр заасан бөгөөд мөн зүйлийн 112.6-д “Шүүх нэмэлт нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 112.4.2-т заасан маргааныг хянан шийдвэрлэх хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана” гэж, мөн зүйлийн 54.4-д “захиалагч гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянан шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрт гомдлыг хүлээж аваагүй бол түүний үндэслэл, гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол түүнийг барагдуулах арга хэмжээ тусгасан байна” гэж тус тус хуульчлан тогтоосон байдаг.

Хуулийн энэ заалтаас үзвэл тендер шалгаруулалттай холбоотой маргааныг зөвхөн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гарган хянуулахад “15 хоног” , шүүхэд хянан шийдвэрлэх хугацаа нь “60 хоног” байгаагаас үзвэл шүүхэд маргаан үүссэн тохиолдолд тендерийн хүчинтэй хугацааг зогсоохгүй нөхцөлд ямар ч “тендерийн хүчинтэй хугацаа шүүхийн шатанд дуусчихна” гэдэг нь эндээс харагдаж байна.

Гэтэл шүүх хуулийг зохих ёсоор тайлбарлаж хэрэглээгүй, ийнхүү шүүхэд маргаж байх хугацаанд тендерийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон гэж үзсэн нь дээрх хуулийн заалтуудтай нийцэхгүй байна.

Нөгөө талаас, анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч “Д...” ХХК нь Сангийн яамны 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/5351 дүгээр албан бичгийн биелэлтийг түдгэлзүүлэх, гуравдагч этгээд “К...” ХХК нь Сангийн яамны 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/6215 дугаар албан бичгийн биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүгч 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцээд 128/ШЗ2019/6912 дугаар захирамжаараа “Д...” ХХК-ийн хүсэлтийг хангаж, Сангийн яамны 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/6215 дугаар албан бичгийн биелэлтийг түдгэлзүүлж, харин манай гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

Шүүгч дээрх гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг Сангийн яамны 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/5351 дүгээр албан бичгийг түдгэлзүүлснээр, түүний дараа нь гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/6215 дугаар албан бичгийн биелэлт зогсоно, энэхүү бичиг нь “аливаа үр дагавар үүсгэхгүй” гэж тайлбарлан дүгнэсэн байдаг болно.

Гэтэл Сангийн яамны 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/6215 дугаар албан бичиг нь үр дагавар үүсгэж байна гэж үзээд манай компани дахин хүсэлт гаргасныг шүүгч хянаад 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн болно.

Ийнхүү шүүгч 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШЗ2019/6912 дугаар захирамжаар Сангийн яамны 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/6215 дугаар албан бичиг нь “аливаа үр дагавар үүсгэхгүй” гэж дүгнэсэн, уг захирамж нь одоог хүртэл хүчин төгөлдөр байхад өөрийнхөө гаргасан энэ шийдвэрийн эсрэг буюу “тендер хүчинтэй хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дууссан” гэж дүгнэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй байна.

Шүүгч 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШЗ2019/6912 дугаар захирамжаар Сангийн яамны 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/6215 дугаар албан бичгийг түдгэлзүүлсэн бол өөрөө “тендер хүчинтэй хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дууссан” гэж дүгнэхгүй байх байжээ. Шүүгч ийнхүү өөрөө алдаатай шийдвэрүүд гаргачхаад, өөрөө зөрчилтэй дүгнэлт хийж байгаа нь илт үндэслэл болно.

Ингэхдээ шүүгч “маргаан бүхий актын биелэлтийг шүүх түдгэлзүүлэх” гэсэн хууль зүйн ойлголт болон “тендер хүчинтэй хугацаа зогсох” гэсэн хууль зүйн хоёр өөр ойлголт, хоёр өөр үр дагавартай гэдгийг салгаж ойлгоогүй болох нь түүний шийдвэрээс харагдаж байна.

Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлэн “тендерийн хүчинтэй хугацаа 09 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болсон” гэж дүгнэн “К...” ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 811 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, манай бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “К...” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Шүүгчээс шүүхийн шийдвэрийг хуульд заасан 5 хоногийн хугацаанд гардуулаагүй тул гуравдагч этгээдээс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр давж заалдах гомдол гаргасан болно.

Шүүгч 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаан дээр шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулахдаа гуравдагч этгээд “К...” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг “тендер хүчинтэй хугацаа 2019 оны 10 сарын 26-ны өдөр дууссан тул хангахгүй орхиж шийдвэрлэсэн” гэсэн тул уг үндэслэлийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан болно.

Гэтэл шүүхийн шийдвэр 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бичгээр гарч, манайд гардуулахад шүүгч гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулснаас огт өөр үндэслэлээр хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байгаа тул өмнө гаргасан гомдолдоо нэмж үндэслэл гаргаж байна.

Тухайлбал, анхан шатны шүүх нь дээр дурдсанаар манай компанийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлд “тендер хүчинтэй хугацаа 2019 оны 10 сарын 26-ны өдөр дууссан тул хангах үндэслэлгүй” гэх агуулгыг танилцуулсан атлаа бичгээр гарсан шийдвэрт “гуравдагч этгээд “К...” ХХК тендер хүчинтэй хугацааг 30 хоногоор ирүүлсэн байгаа нь тендер шалгаруулалтаас хасах үндэслэл мөн” гэсэн дүгнэлт хийсэн байна.

Харин анхан шатны шүүх манай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ шийдвэртээ “уг тендер хүчинтэй байх хугацаа дууссан болохыг дурдах нь зүйтэй” гэж тэмдэглээд, шийдвэрийнхээ үндэслэл биш болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Гуравдагч этгээд “К...” ХХК-ийг “тендерийн хүчинтэй хугацааг 30 хоногоор ирүүлсэн гэх үндэслэлээр тендер шалгаруулалтаас хасах шийдвэрийг анхан шатны шүүхийн бичгээр гарсан шийдвэрт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж, мөрдөгдөж эхлэхээс өмнө тендер шалгаруулалт зарлагдсан тул тендерийг нээсэн, шалгаруулалт явуулсан өдөр хууль хүчин төгөлдөр байх хамаагүй гэж хуулийг тайлбарлаж хэрэглэсэн нь илт хууль бус юм.

            Тодруулбал, манай компани энэхүү тендерт оролцохдоо тендер нээх хугацаа нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгаа тул 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн хуулийн дагуу тендер хүчинтэй хугацааг “30 хоног” байхаар хүргүүлсэн юм.

            Тендерийн баримт бичигт 45 хоног гэсэн байсан ч энэ хугацаа нь хууль хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн өдрөөс өөрчлөгдөх нь тодорхой тул ийнхүү хуульд нийцүүлэн хүргүүлсэн юм.

            Хэрэв хүчин төгөлдөр үйлчлэл нь дууссан хуулийн хугацаагаар тендерийн хүчинтэй хугацааг “45 хоног” гэж ирүүлсэн бол Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь шалтаг болгон манай тендерээс татгалзах байсан. Учир нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь зориуд тендерийг будилаантуулах зорилгоор ийм баримт бичиг боловсруулсан гэж үзэж байна.

Хууль бол тендерийн баримт бичгээс илүү дээд хүчин чадалтай эрх зүйн баримт бичиг мөн билээ.

Иймд анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь хуулийг хүчин төгөлдөр байдлыг ийнхүү алдагдуулж, хуулийг буцаан хэрэглэж, хууль зөрчсөн болохыг доорх байдлаар дэлгэрүүлэн тайлбарлаж байна.

Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 24 дүгээр зүйлийн 24.5-ыг “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэж өөрчлөлт оруулсан бөгөөд уг заалтыг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь тендерийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зарласан бөгөөд 6 дугаар сарын 18-ны өдөр нээхээр урьдчилан тогтоосон, нөгөө талаас Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөхийг мэдэж байсан.

Иймд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нээх тендерийг уг хуульд нийцүүлэн тендерийн баримт бичгээ боловсруулах ёстой ба тендер нээх үед хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу тендерийг явуулах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ”, гэж, мөн зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.6-д “Хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг зөвхөн хуулийн хэм хэмжээг нөхөн зохицуулсан тохиолдолд хэрэглэнэ” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан байдаг.

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд энэ хуулийг 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөнө гэж заасан байхад анхан шатны шүүх тендерийн баримт бичгийг мөрдөнө гэж тайлбарлаж байгаа нь илт хууль бус үндэслэл юм.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь дээрх хууль хүчин төгөлдөр болохоос өмнө зарласан тендерийг өмнөх хуулийн дагуу явуулж шалгаруулах хууль зүй болон эдийн засаг, нийгмийн харилцаа болон бусад нөлөөлөл талаасаа ямар ч шаардлага хэрэгцээ байгаагүй, ийм тайлбар гаргаагүй болно.

Түүнчлэн, хууль хүчин төгөлдөр болохоос өмнө зарласан тендерийг өмнөх хуулийн дагуу явуулж шалгаруулах ёстой гэж Улсын Их Хурал, Засгийн газар, яамд зэрэг аль ч байгууллагаас шийдвэрлээгүй, ингэх нь зохистой гэж үзээгүй, хэрэв ингэж үзсэн бол Улсын Их Хурлаас “дагаж мөрдөх журмын тухай хууль баталж, уг хуульд “хууль хүчин төгөлдөр болохоос өмнө зарласан тендерийг өмнөх хуулийн дагуу явуулж шалгаруулах” зохицуулалтыг тусгаж өгснөөр анхан шатны шүүх болон хариуцагч нар ийнхүү тайлбарлаж эрхтэй байсан.

Гэтэл ийм хууль гараагүй байхад өөрийн дураар хуулийг тайлбарлаж “тендер хүчинтэй байх хугацаа нь 45 хоног байна” гэж, “тендерийг 5 сарын 15-нд зарласан тул хуучин хуулийг дагаж мөрдөнө” гэж тайлбарлан, “тендер нээх үед үйлчлэл дууссан байх хуулийн дагуу боловсруулсан баримт бичгээ хүчин төгөлдөр” гэж маргаж байгаа хариуцагчийн тайлбарыг зөвтгөсөн анхан шатны шүүхийн шийдвэр илт хууль бус бөгөөд шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0811 дүгээр шийдвэрээс гуравдагч этгээд “К...” ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил мөн боловч энэхүү үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь санхүүгийн жил дуусгавар болж, тендер хүчингүй болсноор тендерт оролцогчдод хохиролтой байх хүндрэл үүсэх тул давж заалдах шатанд хэргийг шийдвэрлэж, тендер хүчингүй болгох нөхцөлөөс хамгаалахыг хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд “К...” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр НХААГ-19/060 дугаартай “Хог тээврийн тусгай зориулалтын автомашин /10ш/ худалдан авах ажил”-ын нийлүүлэгчийг сонгон шалгаруулахаар нээлттэй тендер зарлаж, тендерийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нээхээр тогтоожээ.

Уг шалгаруулалтад “Д...” ХХК шалгарч, түүнтэй 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулах эрх олгосон боловч уг тендер шалгаруулалтад “К...” ХХК, “М...” ХХК, “Х...” ХХК-иудаас гомдол гаргасны дагуу Сангийн яамнаас гэрээ байгуулах эрхийг түдгэлзүүлж, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/5351 дүгээр албан бичгээр “Д...” ХХК-ийг шалгаруулсан тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэний дагуу Тендерийн үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, “К...” ХХК-ийг шалгаруулж, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 02/1379 дүгээр албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон боловч уг тендерт шалгаруулалтад дахин “Х...” ХХК, “Ц...” ХХК-иудаас гомдол гаргаж, Сангийн яамнаас тендер шалгаруулалтын үйл ажиллагааг түр түдгэлзүүлж, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/6215 дугаар албан бичгээр “К...” ХХК-ийг шалгаруулсан захиалагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуулийн дагуу дахин хийхийг мэдэгджээ.

Дээрх тендер шалгаруулалттай холбогдуулан шүүхэд гаргасан “Д...” ХХК-ийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан “М...” ХХК-ийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй, харин гуравдагч этгээд “К...” ХХК-аас Сангийн яамны 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/6215 дугаар албан бичгийг хүчингүй болгуулж, “Хог тээврийн тусгай зориулалтын автомашин /10ш/” тендерийн ялагч “К...” ХХК-тай гэрээ байгуулахыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах” бие даасан шаардлага гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Гуравдагч этгээд “К...” ХХК-ийн хүчингүй болгуулахаар маргаж буй дээрх албан бичигт “... захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “К...” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд тендерийн хүчинтэй байх хугацааг 30 хоног гэж ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 20.1-д заасан “тендер нээснээс хойш 45 хоногийн туршид хүчинтэй байна” гэсэн шаардлагад нийцэхгүй” байгааг дурджээ. Гуравдагч этгээдээс уг албан бичгийг эс зөвшөөрч “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д ... Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өөрчлөлт оруулж, уг хууль мөн оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон. Тендер нээх үед уг хуулийн заалтын хүчин төгөлдөр үйлчлэл эхэлсэн байсан бөгөөд хуульд нийцээгүй тендерийн баримт бичгийг үндэслэн манай компанийг тендерээс хассан” гэсэн үндэслэлээр бие даасан шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

Учир нь тухайн тендерийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зарласан бөгөөд тус тендерийн баримт бичигт тендер хүчинтэй байх хугацааг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д заасны дагуу тендер нээснээс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байхаар заасан нь тухайн харилцааг зохицуулж, хүчин төгөлдөр үйлчилж байсан хуульд нийцсэн байна. Хэрэгт авагдсан бусад тендерт оролцогчдын материалаас үзвэл тендер нь тендерийн баримт бичигт заасны дагуу тендер нээснээс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байхаар заасан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “тендерт оролцогч тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын таваас доошгүй хоногийн өмнө захиалагчаас авах хүсэлтийг бичгээр гаргаж болно” гэж заасны дагуу гуравдагч этгээд “К...” ХХК нь тендер хүчинтэй байх хугацааг тендерийн баримт бичигт заасны дагуу заах, эсхүл тендер нээх үед хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хуулийн зохицуулалтын дагуу заах эсэх талаар тодруулга авах эрхтэй байжээ.

Түүнчлэн, тухайн тендерийг зарласнаас хойш тендер нээхээс өмнө тендер хүчинтэй байх хугацаа тендер нээснээс хойш 30 хоног байх хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн, хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар Сангийн яамны зөвшөөрлөөр 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02/1316 дугаар албан бичгээр тендер хүчинтэй байх хугацааг сунгасан талаар гуравдагч этгээдэд мэдэгдсэн бөгөөд хэргийн оролцогчдын зүгээс маргаан бүхий тендерийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх талаар хүсэлт гаргаагүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар “тендер хүчинтэй хугацаа зогсох” хууль зүйн үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт гуравдагч этгээд “М...” ХХК-ийн бие даасан шаардлагыг бичээгүйг тэмдэглээд, шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэр болон гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг бичээгүй алдааг залруулсан өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0811 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “нэхэмжлэгчийн” гэснийг “нэхэмжлэгч “Д...” ХХК-ийн” гэж, 2 дахь заалтын ““К...” ХХК-ийн гаргасан” гэсний дараа “Сангийн яамны 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/215 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, “Хог тээврийн тусгай зориулалтын автомашин /10ш/” тендерийн ялагч “К...” ХХК-тай гэрээ байгуулахыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах”, 3 дахь заалтын ““М...” ХХК-ийн гаргасан” гэсний дараа “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “Д...” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 02/1000 болон 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “К...” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 02/1379 дүгээр шийдвэрүүдийг хүчингүй болгож, нээлттэй тендер шалгаруулалтыг дахин явуулахыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт даалгах” гэж нэмж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “К...” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ