Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 124

 

  А.Б-д холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 177 дугаар магадлалтай, А.Б-д холбогдох 201526010137 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Т овогт А-гийн Б нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.     

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Б-ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 2 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаагийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.1-д заасан “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” мөн зүйлийн 321.1.2-д заасан “Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэж үзэж байна.

Хохирогч С.Х нь Б.Б-ийг цохих гээд гараа далайж дайрсан үйлдэл буюу довтолгоо хийхэд түүнийг таслан зогсоох зорилгоор хариу үйлдэл хийж нүүрэн тус газар цохисон Б.Б-ийн үйлдлийг хохирогчийг алах санаа зорилгоор цохисон гэж үзэх боломжгүй. Шүүх А.Б-ийн үйлдлийг шууд бус санаатай алсан гэм буруутай гэж дүгнэсэн боловч түүний 1 удаагийн цохилтын улмаас учирч болох хор уршигт болгоомжгүй хандсан үйлдлийг харгалзан үзээгүй. А.Б-ийг цохиход хохирогч арагшаа савж унан явган хүний зам дээр толгойгоороо унаж хүнд гэмтэл авсан, эсхүл амь нас нь хохирч болох хор уршигт илтэд болгоомжгүй хандсан байгааг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсангүй.

А.Б нь өөрийн үйлдлийн үр дагаварт анхаарал боломжгүй хандсан, өөрийг нь цохих гэж ирсэн талийгаачийн үйлдлийг таслан зогсоох зорилгоор 1 удаа цохисноос тэр газар савж унаж хүнд гэмтэл авч нас барах боломжийг хараагүй буюу учирч болох хор уршигтаа болгоомжгүй хандсан байна гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж А.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...А.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна...” гэв.

            Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

            Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо Баянхошууны ** дугаар гудамжны ** тоотод байрлалтай нийтийн байрны ** тоот өрөөнд хохирогч С.Х-г зодож амь насанд нь аюултай гавал тархины битүү гэмтэл учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Ж.С, Б.Б, Т.Т, Б.Б нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

            Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэрэгт ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг бүрэн шалгаж тодруулсан байх бөгөөд шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн дүгнэлт хийж А.Б-ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

            Шүүгдэгч Б.Б нь хохирогчид хор уршиг учрахыг мэдэж үйлдлийнхээ нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлан хохирогчийг зодож дагзны үргэлжилсэн шугаман хугарал, нүдний ухархайн дээд ханын хугарал, духны дэлбэнгийн эдийн гүн дэх тархины эдийн няцрал, цусан хураа, зулай хэсгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх цус харвалт, духны дотор гадаргуу, баруун чамархайн булчингийн цус хуралт гэмтлүүдийг санаатай учруулан зориуд үхэлд хүргэсэн нь хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна.

           Хохирогч нас барсан хор уршгийг Б.Б хүссэн эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд түүний үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг агуулаагүй болон түүний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нас барсан шалтгаант холбоог шүүх бодитой тогтоож, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатарын бусдыг болгоомжгүй алсан гэх гомдолд үндэслэл бүхий няцаалт хийсэн гэж үзэв.

            Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатарын “...А.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсгээр зүйлчилж өгнө үү...” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 177 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Т.УРАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ                                                                   Ч.ХОСБАЯР