| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2019/0505/Э |
| Дугаар | 514 |
| Огноо | 2019-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 514
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Боорчи,
Улсын яллагч Н.Нарангэрэл,
Шүүгдэгч Б.Г-Э, түүний өмгөөлөгч С.Баттамир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн А овогт Б.Г-Эд холбогдох эрүүгийн 1910006590429 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, менежер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Аовогт Б.Г-Э,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Б.Г-Э нь 2019 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Хан-Уул дуүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” шөнийн клубт иргэн Г.Аийн нүүрэн тус газар нь цохиж, хамар ясны хугарал хацар, хамар, зовхи, уруулд цус хуралт, уруулд язарсан шарх, цээжинд зулгаралт, 1 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г-Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би найзтайгаа 2019 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө “Минт” клубт архи, пиво уугаад явж байсан. 2 үл таних залуугийн нэг нь тасарчихсан явж байсан ба манай найзыг мөргөөд унасан. Тэгээд зодоон болох гэж байна гэж бодоод салгаад өндөр залууг нь би уургалаад авсан юм. Ингээд бид хоёр өнхөрч унаад намайг үсдээд хоёр удаа цохисон. Тэгээд би цохиулахгүй гэж наалдаж байтал хамгаалагч нар бид хоёрыг зууралдсан байхад босгосон. Би цохиулсан болохоороо зөрүүлээд хоёр цохисон. Би цохисон буруутай, би буруугаа хүлээж байна. Хохирлыг баримтынх нь дагуу төлөхөд бэлэн байгаа...” гэв.
Хохирогч Г.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” бааранд найз Нгийн хамт 24 цагийн үед ороод бид хоёр 0.33 литрийн хоёр пиво авч ууж дуусаад 03:00 цагийн үед гэртээ харих гээд өлгүүр рүү явж байх замдаа манай найз Н согтуу байсан болохоор гуйваад унасан, унахдаа хажуу талаар явж байсан үл таних эрэгтэй хүнийг шүргэж унасан. Унахад нь би татаж босгох гээд татаж байтал үл таних нэг эрэгтэй хүн миний хажуу талаас намайг хүзүүдэж аваад баруун гараараа 3-4 удаа миний нүүрэн тус газар цохиод намайг хавирч унагаад миний дээрээс гараараа дараад намайг босгохгүй байсан тэр хооронд “Минт” баарны хамгаалагч намайг салгасан, салгасны дараа намайг дахиж 2 удаа нүүр рүү цохисон...” гэжээ /хх-н 10-р тал/
Гэрч С.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 03 сарын 08-ны шөнө 03 цагийн үед “Минт” бааранд үйлчлүүлж байгаад гарах гээд өлгүүрийн орчим явж байхдаа би юманд тээглээд унахдаа хажуу талд явж байсан үл таних залууг ар нуруугаараа шүргээд унасан. Намайг унасан байхад найз А намайг босгох гээд татаж байхад үл таних залуу найз Аийг ямар ч шалтгаангүйгээр хүзүүдэж аваад хэд хэдэн удаа цохисон. Тэр хооронд нь би босоод холдсон, намайг холдсоны дараа найз А тэр залуугаас өөрийгөө хамгаалж тэврээд унаж харагдсан. Би тэр хооронд “Минт” баарны хамгаалагч дуудах гэж явсан...” гэжээ. /хх-н 15-р тал/
Гэрч Г М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 03 дугаар сарын 08-ны шөнө 03 цаг 33 минутанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” баарнаас дуудлага ирэхээр нь жолооч, цагдаа С хамтаар 03 цаг 48 минутанд явж очиход нэг залуу “намайг нэг залуу зодчихлоо” гэж хэлсэн ...Миний үзсэн хяналтын камерын бичлэг дээр газарт хэвтээд зууралдаж байхад дуудлага өгсөн залуу нэг удаа нүүрэн тус газарт нь цохисон байсан. Тэгээд хамгаалагч нар болон цуг явж байсан хүмүүс салгаад холдуулахад дуудлага өгсөн залуу руу нөгөө эрэгтэй нь гараараа нүүрэн тус газарт цохиход ойр орчимд нь байсан хүмүүс дахиад холдуулахад дуудлага өгсөн залуу руу нөгөө залуу дайраад байсан. .. дуудлага өгсөн залууг харахад хамар нь хавдчихсан, хамраас нь цус гарсан байдалтай байсан...” гэжээ. /хх-н 24-р тал/,
Гэрч Э.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Минт” баарнаас дуудлага ирэхээр оффицер Г.М хамтаар 03 цаг 48 минутанд явж очиход нэлээд согтолт ихтэй залуу “би дуудлага өгсөн” гээд уулзаж байсан. ...туранхай дундаж өндөртэй дуудлага өгсөн залуугийн хамар хавдчихсан, цус гарсан байдалтай байсан...” гэжээ. /хх-н 26-р тал/,
Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Ч.А нь ... манай эмнэлэгт 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр үзүүлсэн байсан, хамрын хэлбэр засах хагалгаа, хамрын амьсгал чөлөөлөх таславч янзлуулах гэж..., хамар гадна хавантай байхаар нь “хавангаа буулгаж ир” гэж хэлээд явуулсан. ...Хамар ясны хугаралыг хэсгийн мэдээ алдуулалттай мэс ажилбар хийнэ...” гэжээ. /хх-н 110-р тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №3172 тоот шинжээчийн дүгнэлтэнд: “...Г.Аийн биед хацар; хамар, зовхи, уруулд цус хуралт, уруулд язарсан шарх цээжинд зулгаралт, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна..” гэжээ./ хх-н 29-р тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-72/, ял шалгах хуудас / хх-89/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Б.Г-Э нь 2019 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Хан-Уул дуүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” шөнийн клубд иргэн Г.Аийн нүүрэн тус газар нь цохиж, хамар ясны хугарал хацар, хамар, зовхи, уруулд цус хуралт, уруулд язарсан шарх, цээжинд зулгаралт, 1 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Аийн “...Нгийн хамт 24 цагийн үед ороод бид хоёр 0.33 литрийн хоёр пиво авч ууж дуусаад 03:00 цагийн үед гэртээ харих гээд өлгүүр рүү явж байх замдаа манай найз Н согтуу байсан болохоор гуйваад унасан, унахдаа хажуу талаар явж байсан үл таних эрэгтэй хүнийг шүргэж унасан. Унахад нь би татаж босгох гээд татаж байтал үл таних нэг эрэгтэй хүн миний хажуу талаас намайг хүзүүдэж аваад баруун гараараа 3-4 удаа миний нүүрэн тус газар цохисон” гэх мэдүүлгээр, гэрч С.Нгийн “...Намайг унасан байхад найз А намайг босгох гээд татаж байхад үл таних залуу найз Аийг ямар ч шалтгаангүйгээр хүзүүдэж аваад хэд хэдэн удаа цохисон” гэх мэдүүлгээр, хэрэг учралын газарт дуудлагаар очсон эргүүлийн офицер Г.М “......Миний үзсэн хяналтын камерын бичлэг дээр газарт хэвтээд зууралдаж байхад дуудлага өгсөн залуу нэг удаа нүүрэн тус газарт нь цохисон байсан. Тэгээд хамгаалагч нар болон цуг явж байсан хүмүүс салгаад холдуулахад дуудлага өгсөн залуу руу нөгөө эрэгтэй нь гараараа нүүрэн тус газарт цохиход ойр орчимд нь байсан хүмүүс дахиад холдуулахад дуудлага өгсөн залуу руу нөгөө залуу дайраад байсан. ...дуудлага өгсөн залууг харахад хамар нь хавдчихсан, хамраас нь цус гарсан байдалтай байсан” гэх мэдүүлгээр, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон №3172 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г-Эд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.
Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Г-Эд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Хохирол төлбөрийн хувьд:
Хохирогч Г.Ад гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан ба эмчилгээний зардалд 145.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч Б.Г-Ээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй.
Хохирогч Г.А нь цаашид гаргах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А овогт Бээжинхүүгийн Ган-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б-н Г-Э-г 450 нэгж буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Г-Э нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Г-Эд оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-Ээс 145.000 / нэг зуун дөчин таван мянган/ төгрөг гаргуулж, хохирогч Г.А-д олгосугай.
7. Хохирогч Г.А нь цаашид гаргах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч Б.Г-Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Тогтоолд давж заалдах годол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоглтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ