Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2025/00623

 

  

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/00716 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ХХК-д холбогдох

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Миний бие ******* ХХК-д 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулахад сард 170 цагийн ажил хийх, нэг цагийн ажлын хөлсийг 14,000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон. Үүн дээр нэг цагийн хоолны мөнгө 900 төгрөг, осол авааргүй ажилласны урамшуулал 500 төгрөг, санал гомдолгүй ажилласан бол 500 төгрөг, ажил таслаагүй бол 1,000 төгрөг, цагийн төлөвлөгөөний дагуу ажилласны урамшуулал 1,000 төгрөг, хуваарийн дагуу ажилласны урамшуулал 1,000 төгрөг, түлшний хэмнэлт гаргавал 2,000 төгрөг олгохоор тохиролцсон.

1.2.Гэтэл байгууллагын захиргаа 170 цаг ажиллах нөхцөл бололцоогоор хангаагүй буюу 170 цагийн ажил өгөөгүй, 05 дугаар сарын 03-ны өдрөөс 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 6 хоног, 05 дугаар сарын 22-ны өдрөөс 06 дугаар сарын 22-ны өдрийн хүртэл 10 хоног ажиллуулсан.

1.3.2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн өглөө ажилдаа очиход ажлаас халж байгаа гэж хэлсэн. Ажлаас халсан тушаалыг 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан. Би өөрийн хүсэлтээр халагдаагүй, тэгэх байсан бол би халагдах боллоо гэж гэрээнд заасан хугацаандаа хэлэх байсан. Гэтэл өөрийн хүсэлтээр гэж гүтгэж тушаал гаргасан байна.

Би анх 1195 паркийн дугаартай автобус авсан, 7 хоногийн дараа 1199 дугаартай автобус дээр тавигдсан байтал намайг халчихсан. 1187 дугаартай автобус нь хуучин, бүрэн бус техник байсан тул ажиллахгүй гэж хэлсэн. 30-40 градусын халуун байхад автобусны кондейшн нь ажиллахгүй байсан. Хариуцагчийн яриад байгаа шиг нэг өдрийн дотор диск нь эвдрэх ямар ч боломжгүй, нормын хугацаа хэтрээд эвдэрсэн, миний мэдэхийн 3 удаа эвдэрсэн. Ээлж таараад явж байсан хүнийг эвдэлсэн гэдэг. Ямар учиртай эвдэрснийг байгууллага тогтоох ёстой. Тэр үед сануулах арга хэмжээ авч байна гэж огт хэлээгүй байж сүүлд нь ийм арга хэмжээ авсан гэж хэлсэн.

1.4.Сүүлд гаргасан гэх 10 дугаар сарын 21-ний өдрийн намайг ажилд авсан гэх тушаал нь хэлбэр төдий гарсан тушаал, би гардаж аваагүй. Иймээс ажилд эгүүлэн тогтоолгож, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацааны цалинг үндсэн цалин 2,380,000 төгрөг дээр нэмэгдэл ажлын хөлсийг өдрийн 18,900 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Манай байгууллага нийслэлийн хөрөнгө оруулалтаар хятад автобус авсан бөгөөд нэхэмжлэгч нь 2024 оны 03 дугаар сард орж ирсэн автобусыг 06 дугаар сард эвдэж гэмтээсэн учир хуучин автобус өгч ажилд явуулах гэхэд шинэ автобус л авна, хуучин автобус дээр явахгүй гээд ажлаа хаяад явсан учраас ажлаас халсан. Шинэ автобусны сэлбэг үнэтэй тул энэ хүнийг шинэ автобус дээр явуулах боломж байхгүй. Ингээд энэ учраа хэлэхэд тойрох хуудсаа өгнө гээд тушаалаа аваад явсан.

2.2.Манай байгууллагын зүгээс 2,380,000 төгрөгөөр тооцож 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг өгье гэсэн ба ажилд авах тушаал гаргаад утсаар мэдэгдсэн, мессеж илгээсэн, шуудангаар явуулсан, ирж уулзаагүй, үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй. ******* ажлын 69 хоногийн 552 цагийг 20,900 төгрөгөөр тооцоод 11,536,800 төгрөг шаардсан, үүнийг бид биелүүлэх боломжгүй байсан. Ажиллаагүй байж илүү цагийн мөнгө тооцоод нэхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан гэж үзэж байгаа гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан *******ыг ******* ХХК-ийн автобусны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ХХК-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12,557,460 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож, нэмэгдэл хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-ийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 215,869 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоосонд гомдол гаргаагүй, харин миний авч байсан цалинг дутуу бодож олгосонд гомдол гаргаж байна. Цагийн цалингийн бодолтын тариф: нэг цагийн цалинг 14,000 төгрөгөөр бодож үндсэн цалин 2,380,000 төгрөг олгоно. Нэмэгдэл цалин, хоолны нэмэгдэл 900 төгрөг, үндсэн цалин 14,000 төгрөг, осол авааргүй ажилласан 500 төгрөг, санал гомдолгүй ажилласан 500 төгрөг, ажил таслаагүй 1,000 төгрөг, цагийн төлөвлөгөөний дагуу ажилласан 1000 төгрөг, хуваарийн дагуу ажилласан 1,000 төгрөг, түлш хэмнэлттэй ажилласны нэмэгдэл 2,000 төгрөг, нэг цагийн цалингийн дүн 20,900 төгрөг авахаар тохиролцон жолоочийн ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээнд 2.2.1.1-д долоо хоногт нэг өдрийн 8 цаг нийт 40 цаг ажлаар хангана гэж, 1.9-д сард 170 цаг ажиллана гэсэн.

Би сарын дундуур 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажилд орсон, дарга *******сарын сүүлээр 16-22 хүртэл ажиллуулаагүй, 2024 оны 05 дугаар сарын 03-22-ны өдрийг хүртэл ажилласан, хөдөлмөрийн гэрээгээр 05 дугаар сард 170 цаг ажиллахаас 113 цаг ажилласан. 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилласан. 23-28-ны өдрийг хүртэл ажиллуулаагүй, хөдөлмөрийн гэрээгээр 170 цаг ажиллахаас 139 цаг ажилласан. 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажилласан. Би 3 сард 510 цаг ажиллахаас 312 цаг ажилласан, 2,022,998+2,632,770+1,088,618=5,744,386 төгрөг цалин авсан, 5,744,386*312=18,411.493 төгрөг, 1084 цаг байгууллага ажилгүй байлгасан 1084*нэг цагийн цалин 18,411=19,958,058 төгрөг авахаар байна. Үүнээс шүүх 12,557,460 төгрөг олгож шийдвэрлэсэн. 19,958,058-12,557,460=7,400,598 төгрөг дутуу олгосонд давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно, мөн Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2021 оны тушаалын дагуу уг бодолтыг хийсэн. Сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсний тооцооллыг хийхдээ хэргийн 7 дахь талд авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтыг үндэслэсэн учраас нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо хүснэгт гаргаж тооцоолол хийсэн байна. Уг тооцоолол нь алдаатай буюу ажилласан тохиолдолд цалин олгогдох ёстой.

Гомдолд дурдсанаар цалингаа авч чадаагүй гэж гомдол гаргаж байгаа эсэх нь тодорхойгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 150 дугаар зүйлийн 150.2.2-т заасны дагуу Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороонд 90 хоногийн дотор уг асуудлын талаар хандаж гомдол гаргах ёстой байсан. Уг маргаан нь тусдаа цалин хөлсний маргаан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч талаас гаргасан тайлбараа дэмжиж, хэргийг бүхэлд нь хянуулах хүсэлттэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар ажилдаа эргэж орсон. Ажил олгогч тушаалыг шуудангаар хүргүүлсэн боловч нэхэмжлэгч гэрийн хаягаар тушаал гардаж авсан хүнийг танихгүй гэх байдлаар худлаа ярьсан. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарсны маргааш нь ажлаа хийж эхэлсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан автобусны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой шаардлагаас гадна нэмэгдэл хөлс гаргуулах шаардлага гаргасан гэж дүгнэсэн нь алдаатай болсныг залруулах шаардлагатай. Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахдаа олговрыг үндсэн цалингаас гадна нэмэгдлээс тооцуулах агуулга илэрхийлсэн нь бие даасан шаардлага бус, нэхэмжлэлийн үндэслэл байна.

 

3.******* нь ******* ХХК-ийн захирлын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 49 дүгээр тушаалаар автобусны жолоочоор томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан талаар зохигч маргаагүй.

 

4.Хариуцагч ******* ХХК-ийн захирлын 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 70 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Компанийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалтыг үндэслэн Ашиглалтын албаны автобусны жолооч *******ыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлжээ.

Анхан шатны шүүх хэргийн баримтаар нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх агуулга бүхий хүсэл зоригийг ажил олгогчид илэрхийлсэн болох нь тогтоогдоогүй, дээрх тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан автобусны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагч ******* ХХК нь шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

5.Ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон тул түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ын дундаж цалин хөлсийг буруу тооцсон байна.

5.1.Хэргийн 59 дэх талд хариуцагч байгууллагын санхүүгээс гаргасан нэхэмжлэгчийн цалингийн тооцоолол задаргаа авагдсан байх ба уг баримтаар нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сард даалгавар 119.5 цагаас ажилласан 113 цагт 2,022,998 төгрөг, 06 дугаар сард даалгавар 140.5 цагаас ажилласан 139 цагт 2,632,770 төгрөг, 07 дугаар сард даалгавар 69 цагаас ажилласан 60 цагт 1,088,618 төгрөгийн цалин хөлс тус тус авчээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн цалин хөлсийг цагаар тооцож олгосон байх тул Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.1.3-т нэг цагийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт цагийн тоонд хувааж тооцно гэж заасныг баримтлах нь зүйтэй.

5.2.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт Ажилтны ур чадварын, ажилласан жилийн, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны болон бусад нэмэгдлийг хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтооно гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчид осол авааргүй ажилласан, санал гомдолгүй ажилласан, ажил таслаагүй ажилласан, түлш хэмнэлттэй ажилласан, цагийн төлөвлөгөөний биелэлт, хуваарийн дагуу ажилласан гэсэн нэмэгдлүүд тооцож олгосон нь цалин хөлсний бүрэлдэхүүнд хамаарна.

5.3.Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3, 2.3.5-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно.

5.4.2024 оны 05, 06, 07 дугаар сард нэхэмжлэгчийн авсан цалин хөлсөөс нэг цагийн дунджийг тооцвол 18,411.49 төгрөг (2,022,998+2,632,770+1,088,618=5,744,386/312цаг) байх ба түүний ажилгүй байсан 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал 6 сар 8 хоногийн хугацаанд 1084 цагаар (6сар*170цаг, 8хоног*8цаг) тооцоход 19,958,058 төгрөг болж байна. Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.9-д ажлын цагийг сард 170 цагаар тооцохоор заасан байх тул уг тохиролцоог үндэслэн ажилгүй байсан хугацааг тооцох нь зүйтэй.

 

6.Анхан шатны шүүх Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон суутгаж зохих дансанд шилжүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

7.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг алдаатай тусгасныг залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/00716 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ыг ******* ХХК-ийн автобусны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ХХК-аас 19,958,058 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгосугай гэж,

3 дахь заалтын ...215,869... гэснийг 257,740 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ЗОЛЗАЯА