| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2024/00499/И |
| Дугаар | 210/МА2025/00770 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/00770
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/01912 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ХХК-д холбогдох,
Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 40,232,247 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ******* ХХК-ийн захирал ******* нь 2021 оны 09 сарын 16-ны өдрөөс ******* дүүрэгт байрлах өөрийн эзэмшлийн объектын *******давхарын 180 м.кв талбайг сарын 1,500,000 төгрөгөөр ******* ХХК-д түрээслүүлсэн.
1.2. 2022 оны 11 сараас түрээсийн мөнгөө огт төлөхөө больсон. Удаа дараа сануулга өгсөн боловч одоо яг өгнө гэж гуйгаад л үргэлжлүүлж ашигласан, олон тоног төхөөрөмж байрлуулсан, 18 сар түрээсээ төлөөгүй тул өөрсдөд нь хэлж талбайгаа чөлөөлж тоног төхөөрөмжийг нь хураасан. Уг талбайг хариуцагч тал 2024 оны 6 сар хүртэл нийт өөрийн ашиглалтад байлгасан.
1.3. Мөн 2022 оны 12 сараас 2024 оны 5 сар хүртэл ашигласан дулааны төлбөр 3,363,356 төгрөг, 2022 оны 12 сараас 2024 оны 4 сар хүртэл цахилгааны төлбөр 9,868,891 төгрөг гарсан.
Иймээс 2022 оны 11 сараас 2024 оны 6 сар хүртэл нийт 18 сарын түрээсийн төлбөр 27,000,000 төгрөг, нийт 40,232,247 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулан өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* ХХК 2022 оны 11,12 сар 2023 оны 01 сараас 03 сар хүртэл нийт 5 сар түрээсийн талбайг ашиглаж, түрээслэн үйл ажиллагаа явуулсан. 2023 оны 03 сараас хойш тухайн түрээсийн талбайг түрээслүүлэгч тал нь ашиглуулаагүй буюу түрээсийн талбайн хаалга, цоожны гол сольсон, битүүмжилсэн. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-д заасны дагуу түрээслэгч нь түрээсийн талбайг түрээслүүлэгч талын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан ашиглаж чадаагүй тул ашиглаагүй хугацааны түрээсийн төлбөр төлөхөөс татгалзах эрхтэй.
2.2. Дулааны төлбөрийг анхнаасаа түрээслэгч төлнө гэж тохиролцоогүй тул энэ шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Цахилгааны төлбөрийг түрээслэгч төлнө гэж тохирсон гэхдээ манай байгууллага ашиглаагүй хугацааны буюу 2023 оны 03 сараас хойш гарсан цахилгааны төлбөрийг төлөхгүй. Харин ашигласан хугацаанд гарсан 1,800,000 төгрөгийн цахилгааны төлбөрийг төлнө гэж 2023 оны 04 сарын 26-ны өдөр түрээслүүлэгч талтай утсаар тохиролцсон.
2.3. Нэхэмжлэгч нь түрээсийн талбайг 2023 оны 03 сараас хойш битүүмжилж, цоожны гол сольсон бөгөөд өнөөдрийг хүртэл манай байгууллагын тоног төхөөрөмжийг битүүмжилсэн, тухайн тоног төхөөрөмжийг манай байгууллагад хүлээлгэж өгөөгүй болно.
Тухайн тоног төхөөрөмжүүд нь хавтан савлах машин 1 ширхэг 17,113,325 төгрөгийн үнэ бүхий, Халаагч багцалж савлах машин 1 ширхэг 4,484,273 төгрөгийн үнэ бүхий буюу нийт 21,597,598 төгрөгийн тоног төхөөрөмжийг битүүмжилж, саатуулсан тул эдгээр тоног төхөөрөмжийг өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй тул тухайн тоног төхөөрөмжийн үнийг нэхэмжлэнэ.
Түрээслэгч нь 2023 оны 06 сарын 02-ны өдөр 23/10 дугаартай албан бичгээр түрээсийн талбайг ашиглуулж байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах шаардлагатай тул дэмжиж, талбайн битүүмжээ чөлөөлүүлэх хүсэлт, мөн 2023 оны 04 сарын 26-ны өдөр битүүмжлүүлсэн хөрөнгөө авах хүсэлтээ түрээслүүлэгч талд утсаар мэдэгдэж байсан. Энэ бүх нөхцөл байдлыг түрээслүүлэгч нь хүлээн зөвшөөрөөгүй түрээсийн талбайгаа битүүмжилж, тоног төхөөрөмжийг мөн давхар битүүмжилж манай компанийн үйл ажиллагааг зогсоож компанийг дампуурах нөхцөл байдалд хүргэсэн. Энэ бүх хугацаанд манай компани ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл гээд сул зогсолтын зардал маш их гарсан, байгууллага олох ёстой байсан орлогоо алдсан зэрэг маш их хохирол хүлээсэн болно. Энэ бүх хохирол зардлаа нэхэмжлэгч талаас нэхэмжлэх болно гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 13,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,432,247 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 521,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 226,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 8 дугаар зүйлд ...эд хөрөнгө болох талбайг хариуцагчийн эзэмшил ашиглалтад 2022 оны 11 сараас 2023 оны 06 сарыг хүртэл хугацаанд шилжүүлсэн болох нь хэргийн 4 дүгээр талд авагдсан хариуцагч ******* ХХК-ийн 2023 оны 06 сарын 02-ны өдрийн 23/10 дугаар албан бичиг, зохигчийн тайлбараар тогтоогдов гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан дээрх албан бичигт төлбөр төлөх тухай дурдсанаас битүүмжилсэн буюу сүүлд ашиглаж байсан хугацааг дурдаагүй, зохигчийн тайлбарт түрээсийн талбайг битүүмжилсэн өдрийг нотлох баримтаар тодорхойлоогүй бөгөөд нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр өгөөгүй гэх үндэслэлээр урьдчилан бичгээр өгсөн мэдэгдэлгүйгээр 2023 оны 03 сард талбайн хаалганы цоожийг сольж үл хөдлөх эд хөрөнгийг болон ******* ХХК-ийн өмчлөлийн тоног төхөөрөмжийг өнөөдрийг хүртэл битүүмжилж ашиглах боломжгүй болгосноос компанид их хэмжээний хохирол учирсан нөхцөл байдлыг тодруулаагүй.
4.2. Хариуцагч ******* ХХК-аас талбай тоног төхөөрөмжийг битүүмжлэх үед менежерээр ажиллаж байсан *******ыг гэрчээр асуулгах, тухайн үл хөдлөх эд хөрөнгөд ******* ХХК-ийн тоног төхөөрөмж нь үл хөдлөх эд хөрөнгөд байгаа эсэх, бүрэн бүтэн байдлыг тодруулах хүсэлт гаргасан боловч хүлээн авалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэгт тус тус заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг ноцтойгоор зөрчиж хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах үндэслэл нөхцөлийг нотлох баримтаар нотлох боломж олголгүй хэргийн үнэн бодит байдлыг тогтоолгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч талаас гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, ямар эрх ашгийг хохироосон бэ, тооцох ёсгүй ямар хохирлыг шүүх олгож шийдвэрлэсэн гэдэг нь тодорхойгүй байна. Гэрчээс хэзээ орж, гарсан талаар тодруулна гэж байна. Хэзээ орж, гарч, түрээсийн төлбөрийг хэзээнээс өгөхгүй байгаа талаарх маргаан зохигчийн дунд байдаггүй.
5.2. Тоног төхөөрөмжийн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Тоног төхөөрөмжөө авч энэ объектыг чөлөөлөөд өг гэхээр авдаггүй. Шүүгч хүртэл хурлаас гараад шууд тоног төхөөрөмжөө очоод ав гэхээр за гэж хэлээд явсан. Манайд хохиролтой байсан, яагаад гэхээр бид 18 сарын түрээсийн төлбөрийг нэхсэн. Гэтэл 18 сарын түрээсийн төлбөрийг өгөөгүй гэдэг нь нотлогдсон, гэхдээ 6 сард шаардлага тавьсан гэдэг агуулгаар шүүх шийдвэрлэсэн.
5.3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас 10,800,000 төгрөг, цахилгааны 1,800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэдэг тайлбар гаргасан ба шүүх хариуцагчийн дээрх тайлбарыг үндэслэж шийдвэрлэсэн. УБЦТС МН1900340200 тог цахилгааны төлбөрүүдийг өгчихсөн байгаа, хэргийн материалд авагдсан байгаа. 2023 оны 6 сар хүртэлх хугацаанд төлсөн цахилгааны төлбөр 2,248,000 төгрөгийг хүртэл тооцоогүй. Тоног төхөөрөмж нь хэзээ авсан ч чөлөөтэй байгаа, шүүх хуралдааны тэмдэглэл, эвлэрлийн гэрээнд байгаа. Үүнд маргах зүйл байхгүй ба манайх авах гэж ирэхэд саад болсон зүйл байхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь манай захирал сонирхохгүй байгаа гэж тайлбар хэлж байсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 40,232,247 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь 10,800,000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч, үлдэх хэсгийг татгалзаж буй үндэслэлээ ...нэхэмжлэгч нь 2023 оны 06 сард талбайг битүүмжилж, ашиглах боломжгүй болгосон, манай компани 2022 оны 11, 12 сарын түрээсийн төлбөрийг төлсөн, 2023 оны 1-6 сарын түрээсийн төлбөрт 9,000,000 төлөхийг зөвшөөрнө, ...ашигласан хугацааны цахилгааны төлбөр 1,800,000 төгрөгийг төлөх талаар өмнө нь тохирсон, ...дулааны төлбөрийг анхнаасаа түрээслэгч төлнө гэж тохиролцоогүй тул зөвшөөрөхгүй... гэж тайлбарлан, маргажээ.
4. Талууд 2021 оны 09 сарын 16-ны өдөр харилцан тохиролцоод ******* ХХК-ийн ******* дүүргийн ******* тоотод байрлах *******давхарын 180 м.кв талбайг, сарын 1,500,000 төгрөгөөр ******* ХХК түрээслэж байсан үйл баримтыг зохигчийн маргаангүй тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон.
Тэрээр, шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсныг буруутгахгүй.
5. Хариуцагч ******* ХХК нь 2022 оны 11 сараас түрээсийн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй зөрчилд маргаангүй, харин түрээсийн зүйлийг ашигласан хугацаа, цахилгаан, дулааны төлбөр шаардах эрхтэй эсэх талаар зохигчид маргасан байна.
6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан ******* ХХК-ийн 2023 оны 06 сарын 02-ны өдрийн 23/10 дугаартай албан бичиг, зохигчийн тайлбар зэргийг үндэслэн хариуцагч нь түрээсийн обьектыг 2022 оны 11 сараас 2023 оны 06 сар хүртэл хугацаанд эзэмшиж, ашиглаж байсан гэж дүгнэн, уг хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн.
6.1. Хэргийн 4 дэх талд авагдсан ******* ХХК-ийн 2023 оны 06 сарын 02-ны өдрийн 23/10 дугаартай албан бичигт тусгагдсан хүсэлтээс үзвэл түрээсийн үлдэгдэл төлбөрийг 2023 оны 06 сарын 15-ны дотор төлж барагдуулах хүсэл зоригоо нэхэмжлэгчид илэрхийлж байжээ. /хх-4/
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаанд ... 2022 оны 11,12 сарын төлбөр төлөгдсөн, 2023.01-06 сар хүртэл түрээсийн төлбөр төлөгдөөгүй, үүнийг 1,500,000 төгрөгөөр бодож үзэхэд нийт 9,000,000 төгрөг болж байгаа ... гэсэн тайлбараар тухайн түрээсийн обьектыг 2023 оны 03 сар хүртэл хугацаанд ашигласан гэх татгалзал үгүйсгэгдэж байна. /хх-96/
6.2. Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 2024 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн аваад мөн сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна. Мөн шүүгчийн 2024 оны 03 сарын 06-ны өдрийн 183/ШЗ2024/05607 дугаартай захирамжаар хариуцагч талыг албадан ирүүлэх ажиллагаа явуулж, нэхэмжлэлийг 2024 оны 09 сарын 10-ны өдөр хариуцагчид гардуулжээ. Хариуцагч талаас мөн оны 10 сарын 04-ний өдөр шүүхэд хариу тайлбар ирүүлсэн, хэргийг 2024 оны 03 сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэр гаргасан байна. /хх-1, 13,17, 21, 27, 99-101/
Дээрхээс дүгнэвэл, хариуцагч тал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Иймээс шүүх хэргийн оролцогчийн эрх, үүргийг ноцтой зөрчиж, татгалзлын үндэслэлийг нотлох боломж олгоогүй, хэргийн үнэн бодит байдлыг тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6.3. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-аас дулааны төлбөрт 3,363,356 төгрөг, цахилгааны төлбөрт 9,868,891 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн байна. Шүүх тус нэхэмжлэлийн шаардлагаас 1,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагчийн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэжээ. Шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул дүгнэлт хийхгүй байх нь талуудын зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.
Анхан шатны шүүх, хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг 13,800,000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр урьдчилан бичгээр өгсөн мэдэгдэлгүйгээр 2023 оны 03 сард талбайн хаалганы цоожийг сольж ******* ХХК-ийн өмчлөлийн тоног төхөөрөмжийг өнөөдрийг хүртэл битүүмжилж ашиглах боломжгүй болгосноос компанид их хэмжээний хохирол учирсан нөхцөл байдлыг тодруулаагүй... гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
7.1. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүх хуралдаанд ...яг одоо очоод авч болно, тухайн байранд төхөөрөмжүүд байгаа учраас түрээслэх боломжгүй нэхэмжлэгчид саад болж байгаа гэж, давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Тоног төхөөрөмжөө авч энэ объектыг чөлөөлөөд өг гэхээр авдаггүй, шүүгч хүртэл хурлаас гараад шууд тоног төхөөрөмжөө очоод ав гэхээр за гэж хэлээд явсан гэсэн тайлбарыг тус тус гаргасан байна. /хх-96, 116-117/
7.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад битүүмжлэгдсэн эд хөрөнгөд үзлэг хийлгэх, эд хөрөнгийг битүүмжлэх үед байсан *******ыг гэрчээр асуулгах, тоног төхөөрөмжийн гаалийн мэдүүлгийг нотлох баримтаар гаргуулах, тооцооны үлдэгдэл тохиролцож байсан зурваст үзлэг хийлгэх, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох тухай хариуцагчийн гаргасан хүсэлтийг шүүгч хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/01912 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Ч.ЦЭНД