| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2024/00193/И |
| Дугаар | 210/МА2025/00675 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/00675
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/01446 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* ХХК-д холбогдох
Үйл ажиллагааны газрын Хүний нөөц, хууль эрх зүйн албаны Талант хөгжүүлэлтийн хэлтсийн менежер албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх, цалин хөлс 1,611,378 төгрөг, алданги 805,689 төгрөг, нийт 2,417,067 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ******* ХХК-ийн Хүний хөгжлийн хэлтсийн менежер албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Үйл ажиллагааны газрын Хүний нөөц, захиргааны албаны захирал албан тушаалд ажилласан.
******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б-636 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4, 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь хэсэг, Компанийн удирдах зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 22/17 тоот тогтоолыг тус тус үндэслэн Үйл ажиллагааны газрын Хүний нөөц, захиргааны алба татан буугдсан, ажлын байрны орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д орон тоо хасагдсан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулсан. ******* ХХК-ийн бүтцээс миний эрхэлж байсан ажлын байр бодитойгоор байхгүй болсон буюу ******* ХХК-д уг ажлын байр шаардлагагүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй.
Нөгөө талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан хугацааны өмнө мэдэгдэлгүйгээр ажлаас халсан.
Ажлаас чөлөөлж байгаа тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд агуулгын болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байх ёстой. Иймээс үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна.
1.2.Надад 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс 3,832,551 төгрөгөөс 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 2,221,173 төгрөгийг олгосон, үлдсэн 1,611,378 төгрөгийг олгоогүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасны дагуу олгоогүй цалин хөлсний алданги 50 хувь буюу 805,689 төгрөгийн хамт нийт 2,417,067 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.3.Миний бие ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа Үйл ажиллагааны газрын Хүний нөөц, хууль эрх зүйн албаны Талант хөгжүүлэлтийн хэлтсийн менежер албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор тодруулж байна гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 21/03 тоот тогтоолоор ******* группийн 2021 оны бүтэц зохион байгуулалт, орон тоог шинэчлэн батлахдаа Үйл ажиллагааны газрын бүтцэд Хүний нөөц, захиргааны алба болон Хууль эрх зүйн алба гэсэн 2 албыг шинээр байгуулсан. Хүний нөөц, захиргааны албаны захирлын албан тушаалд гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б-87 тоот тушаалаар *******г томилсон.
******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 22/17 тоот тогтоолоор ******* группийн 2022 оны бүтэц зохион байгуулалт, орон тоог шинэчлэн баталсан ба Үйл ажиллагааны газрын бүтцэд байсан Хүний нөөц, захиргааны алба болон Хууль эрх зүйн албыг нэгтгэж Хүний нөөц, хууль эрх зүйн албыг шинээр байгуулсан. Үүнтэй холбоотойгоор Хүний нөөц, захиргааны албаны захирал болон Хууль, эрх зүйн албаны захирал албан тушаалуудыг тус тус хассан. Үйл ажиллагааны газрын Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирлаар хууль эрх зүйн боловсрол эзэмшсэн, хуульчийн гэрчилгээ авсан ажилтанг сонгон авах шаардлага тавигдаж, тус албан тушаалд хуучин Хууль эрх зүйн албаны захирлын албан үүргийг гүйцэтгэж байсан ******* томилох шийдвэр гарч, *******г ажлаас чөлөөлсөн болно.
******* ХХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1.16-д Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн бүтэц зохион байгуулалт, нийт орон тоог батлах эрхтэй, мөн компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 6.1-д Ажил олгогчийн удирдлага зохион байгуулалтын бүтцийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс батлах ба батлагдсан бүтцийн дагуу ажилтан сонгон шалгаруулах, ажилд томилох, өөрчлөх, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах асуудлыг гүйцэтгэх захирлын тушаалаар шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Ийнхүү хууль болон компанийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус үндэслэн буюу ажил олгогч ******* ХХК ажлын байр хасагдсан үндэслэлээр 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр *******д мэдэгдэх хуудас хүргүүлсэн. ******* ХХК нь нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт заасан хугацааны олговор болох 4,055,507 төгрөгийг олгосон.
******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б-636 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар ажлын байр хасагдсан үндэслэлээр *******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасны дагуу ажлаас халагдсаны тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн боловч ******* нь мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрийн ажил үүргийг зохих журмын дагуу хүлээлгэж өгөөгүй, ажлаас чөлөөлөгдөж буй ажилтны тойрох хуудас зурагдаагүй байдалтай байна. Тэрээр өөрийн хариуцан ажиллаж байсан ажил үүргээ хүлээлцээгүй атлаа ******* ХХК-аас алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй.
2.2.******* нь ******* ХХК-ийн Үйл ажиллагааны газрын Хүний нөөц, захиргааны албаны захирлын албан тушаалд ажиллаж байсан. Харин шинэ бүтцийн дагуу бий болсон Үйл ажиллагааны газрын Хүний нөөц, хууль эрх зүйн албаны Талант хөгжүүлэлтийн хэлтсийн менежерийн ажлын байр нь албан тушаалын зэрэглэл, чиг үүрэг, эрх мэдэл, хариуцлага, цалин хөлс, урамшуулал зэргээрээ ялгаатай гүйцэтгэх түвшний буюу *******гийн урьд эрхэлж байсан ажлын байраас огт өөр ажлын байр юм. Дээрх ажлын байр нь *******гийн урьд эрхэлж байсан ажлын байр нь биш тул Талант хөгжүүлэлтийн хэлтсийн менежерээр томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******г ******* ХХК-ийн Үйл ажиллагааны газрын Хүний нөөц, хууль эрх зүйн албаны Талант хөгжүүлэлтийн хэлтсийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 58,446,648 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн 2022 оны 10 дугаар сарын 28-наас 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,417,067 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэлийн зарим шаардлагад нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 53,624 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 450,183 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. *******гийн ажилгүй байсан хугацааны нийт цалин хөлсийг тооцож үзвэл 163,618,544 төгрөг болж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тогтоосон хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1.*******гийн Хүний нөөц, захиргааны албаны захирлын ажлын байр байхгүй болсон буюу түүний хариуцаж байсан аж ахуйн шинжтэй зарим үүрэг Худалдан авалт аж ахуйн албанд шилжсэн бол хүний нөөцийн шинжтэй чиг үүрэг хууль, эрх зүйн чиг үүрэгтэй нэгтгэгдэн Хүний нөөц, хууль эрх зүйн алба шинээр байгуулагдсан болно. Үүгээрээ Хүний нөөц, захиргааны албаны захирлын ажлын байр хасагдсан. Гэтэл анхан шүүх "*******" ХХК-ийг албаны захирлуудынхаа тоог цөөрүүлсэн мэтээр дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй.
5.2.Хүний нөөц, захиргааны албаны захирал болон Талант хөгжүүлэлтийн хэлтсийн менежерийн алба тушаал нь албан тушаалын чиг үүрэг, эрх мэдэл, хариуцлагаараа ялгаатай. Мөн цалин хөлс, урамшуулал, хангамжийн хувьд харилцан адилгүй. Гэтэл анхан шатны шүүх үндсэн чиг үүргүүд хэвээр хадгалагдаж байгаагийн сацуу ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага зарчмын хувьд зөрүүгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
5.3.Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний тооцоолол алдаатай. Учир нь ******* нь 2023 оны 04, 05 дугаар сард *******ХХК, мөн оны 10, 11, 12 болон 2024 оны 01, 02 дугаар сард *******ХХК, 2024 оны 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09 дугаар саруудад *******ХХК-д нийт 15 сарын хугацаанд өөр ажил олгогчтой хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэсэн болох нь тогтоогддог. Дээрх хугацааг ажилгүй байсан хугацааны цалин хөлснөөс хасаж тооцоогүй нь алдаатай.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүхээс зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Үйл ажиллагааны газрын Хүний нөөц, хууль эрх зүйн албаны Талант хөгжүүлэлтийн хэлтсийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх, цалин хөлс 1,611,378 төгрөг, алданги 805,689 төгрөг, нийт 2,417,067 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3.Анхан шатны шүүх дээрх шаардлагаас ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 58,446,648 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 2,417,067 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэрийг зохигч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд маргааны зүйлийн талаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
3.1.Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийн Үйл ажиллагааны газрын Хүний нөөц, хууль эрх зүйн албаны Талант хөгжүүлэлтийн хэлтсийн менежер албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг 58,446,648 төгрөгөөр тооцож, үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварын нэг удаа суутгал хийлгэн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөр тайлагнаж олгох ба нэхэмжлэгч нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, мөн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх цалин хөлс 1,611,378 төгрөгийг хариуцагч ******* ХХК 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр олгосон болохыг баталж, алданги 805,689 төгрөг гаргуулах шаардлагаас нэхэмжлэгч ******* татгалзах, төлбөр тооцооны асуудлыг хавсралт №1-д зааснаар зохицуулахаар харилцан тохиролцжээ.
Хавсралт №1-д олговол зохих дүн 68,571,648 төгрөг, НДШ 910,800 төгрөг, татвар тооцох дүн 67,660,848 төгрөг, ХХОАТ 6,766,848 төгрөг, гарт олгох дүн 60,894,763 төгрөг, 2024.06.14-ний өдөр урьдчилж олгосон дүн 10,125,000 төгрөг, 2025.04.14-ний өдөр гарт олгох дүн 50,769,763 төгрөг гэж тусгажээ.
3.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/01446 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ******* ХХК-ийн Үйл ажиллагааны газрын Хүний нөөц, хууль эрх зүйн албаны Талант хөгжүүлэлтийн хэлтсийн менежер албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч ******* татгалзах, хариуцагч ******* ХХК нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг 58,446,648 төгрөгөөр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 910,800 төгрөг, хүн амын орлогын албан татвар 6,766,848 төгрөгийн нэг удаа суутгал хийлгэн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөр тайлагнаж нэхэмжлэгч *******д 50,769,763 төгрөг олгох ба нэхэмжлэгч нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, мөн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлс 1,611,378 төгрөгийг хариуцагч ******* ХХК 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр олгосон болохыг баталж, алданги 805,689 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч ******* татгалзахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 452,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА