| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2019/0014/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/234 |
| Огноо | 2019-08-05 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2019/ШЦТ/234
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагчаар, ахлах прокурор Л.Отгончимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,
Шүүгдэгч П.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Л-д холбогдох эрүүгийн 1838007810398 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, П.Л.
Шүүгдэгч П.Л- нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны үед Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг дэвсгэр “Хорголын-Бэрхэт” гэх газраас иргэн Б.Б-ын 15 тооны хонийг хулгайлан 450.000 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэргийг,
2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Н-ийн 69 тооны бог малыг буюу олон тооны мал хулгайлан 4.290.000 төгрөгний хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Л- нь шунахайн сэдэлтээр 2018 оны 04 дүгээр сарын 20-ны үед Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг дэвсгэр “Хорголын-Бэрхэт” гэх газраас иргэн Б.Б-ын 15 тооны хонийг хулгайлан 450.000 төгрөгийн хохирол учруулж,
Мөн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Н-ийн 69 тооны бог малыг буюу олон тооны мал хулгайлан 4.290.000 төгрөгийн хохирол учруулж бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Шүүгдэгч П.Л-гийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Гэрч Х.П-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Манай хүү 1995 оны 12 дугаар сарын 20-нд төрсөн. 9 дүгээр анги төгсөөд Дархан-Уул аймгийн МСҮТ-ийг цахилгаанчин мэргэжлээр төгсөөд Увс аймгийн Тэс сумын хилийн цэргийн ангид цэргийн алба хаасан. Цэргээс ирээд эцэг, эхийн гэрт одоо болтол мал маллаж байгаа. Хурдан моринд сонирхолтой, морь уядаг хүн байгаа юм. Одоогоор гэр бүл болж тусдаа гараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
- Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 34 дүгээр дүгнэлт:
- Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон 3 дугаар багийн Засаг даргын“тодорхойлолт /хх-ийн 108 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн тодорхойлолт /хх-ийн 107 дугаар хуудас/,
- Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 104 дүгээр хуудас/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105 дугаар хуудас/,
- Сэтгэцийн Эрүүл мэндийн төвийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 690 дугаартай: 1. П.Л- нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн бодит шинж чанар аюултай байдлыг удирдан ухамсарлаж, удирдан жолоодох чадвартай байсан байна. 2. П.Л- нь сэтгэл санааны цочирдлын байдлаас сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх эмнэлгийн бичиг баримт, шинж тэмдэг үгүй байна. 3. П.Л- нь хэрэг хариуцах чадвартай байна. 4. П.Л-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 5. Шүүх сэтгэц эмгэг судлалын 34 дугаартай дүгнэлтийн 1, 4-р дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Харин 2,3-р дүгнэлт үндэслэл муутай байна” гэх дүгнэлт /хх-ийн 196-198 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч П.Л- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч П.Л- нь шунахайн сэдэлтээр 2018 оны 04 дүгээр сарын 20-ны үед Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг дэвсгэр “Хорголын-Бэрхэт” гэх газраас иргэн Б.Б-ын 15 тооны хонийг хулгайлан 450.000 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэргийг, мөн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Н-ийн 69 тооны бог малыг буюу олон тооны мал хулгайлан 4.290.000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5, 56 дугаар хуудас/, хохирогч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-13-р хуудас/, хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 61-62-р хуудас/, гэрч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч Т.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/, гэрч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-35 дугаар хуудас/, гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 63-66 дугаар хуудас/, гэрч П.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 46 дугаар хуудас/, шүүгдэгч П.Л-гийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс, /хх-ийн 140 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын олон тооны малыг хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна. Олон тооны мал гэдэгт 24 бог, 8 бодоос дээш малыг ойлгохоор тус тус хуульчилсан.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч П.Л-гийн мэдүүлж байгаа “...би тухайн үед өөрийн гэсэн ухаангүй, мотоцикль унаж яваад шарил руу унаад түүнээс хойш өөрийн хийж байгаа үйлдлээ мэдэхгүй болсон” гэж мэдүүлж байх боловч бусдын малыг нууцаар хулгайлан, гэрч Т.Д-той ярьж тохиролцон хөлсөөр харуулж байгаагаас дүгнэвэл шүүгдэгч нь хэрэг үйлдэх үедээ сэтгэхүйн хэвийн байдал алдагдаагүй, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадвартай байсан, мөн амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, иргэдийн мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг, мал сүргийн хариулга, маллагаа хангалтгүй, малаа удаан хугацаагаар бэлчээрт орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч П.Л- нь дээрх гэмт хэргүүдийг үйлдэх үедээ сэтгэхүйн хэвийн байдал алдагдсан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй байсан гэдэг нь нотлогдохгүй, Сэтгэцийн Эрүүл мэндийн төвийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 690 дугаартай дүгнэлт /хх-ийн 196-198 дугаар хуудас/-ээр энэ нь үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч П.Л- нь шунахайн сэдэлтээр 2018 оны 04 дүгээр сарын 20-ны үед Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг дэвсгэр “Хорголын-Бэрхэт” гэх газраас иргэн Б.Б-ын 15 тооны хонийг хулгайлан 450.000 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэргийг, мөн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Н-ийн 69 тооны бог малыг буюу олон тооны мал хулгайлан 4.290.000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.
Шүүгдэгч П.Л-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд нийт 4.740.000 төгрөгийн хохирол учирч, 84 тооны бог мал хулгайлагдсан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч П.Л- нь хохирогч Б.Н-ийн 69 тооны, хохирогч Б.Б-ын 15 тооны бог малыг буцаан өгч, хохирогч Б.Н-, Б.Б- нар нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 165 дугаар хуудас/ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн хэрэг хариуцах чадвартай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчид гэмт хэргийг санаатай гүйцэтгэсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын олон тооны малыг хулгайлсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч П.Л- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хайхрамжгүй байдлаас болж дээрх гэмт хэргийг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”, 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1 дэх хэсгийн 1.3 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээ болох 2 жилээс доогуур ял буюу 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Ингэхдээ шүүгдэгчийн хувьд 2 удаагийн үйлдлээр, мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ 84 тооны малыг хулгайлсан зэрэг бусдад учруулсан хохирлыг харгалзан үзсэн болно.
Шүүх шүүгдэгч П.Л-д ял оногдуулахдаа шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэх санал, улсын яллагчаас шүүгдэгчид “2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих ангид эдлүүлэх саналтай байна”, дараах саналдаа “өмгөөлөгчийн саналд татгалзах зүйлгүй” гэснийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч П.Л- нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 58 хоног, 2019 оны 07 дугаар сарын 03-наас 04-ний өдрийг хүртэл 1 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч П.Л-гийн цагдан хоригдсон 59 хоногийг хорих ялын 59 хоногоор тооцож, эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх хуралдааны явцад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн амбулаториор эмчлүүлэгсдийн картыг түүнд буцаан олгох нь зүйтэй байна. Учир нь шүүгдэгч ял эдлэх хугцаандаа болон цаашид өвчний учир эмчилгээ хийлгэх бол ач холбогдолтой.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Л-г “Бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч П.Л-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-д оногдуулсан 1 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-гийн цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг хорих ялын 59 /тавин ес/ хоногоор тооцож, түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Л- нь хохирогч нарт төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шүүгдэгчийн цаашид цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч П.Л-гийн амбулаториор эмчлүүлэгсдийн картыг буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ