Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 5109

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 06 өдөр

   Дугаар 101/ШШ2016/05109

Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

  

 

     Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ........ тоотод оршин суух, Л овогт Д.Нн /РД: ......./ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...........тоотод оршин суух, Б овогт Б.С //РД: ........../,

Хариуцагч: ........... тоотод оршин суух, Б овогт Н. Ц /РД: / нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 3.900 ам.доллар буюу 7.860.099 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н,

Хариуцагч Б.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Н.Ц, Б.С бид 3 АНУ-ын Чикаго хотод байр түрээслэж хамт амьдардаг байсан. Б.С нь Н.Ц нар нь бид хоёрт бараа зээлээр аваад өг, мөнгийг нь 7 хоногийн дараа өгье гэсэн. Авсан мөнгө нь 3.900 ам.доллараас илүү гарсан байсан ч бид ярилцаад 3.900 ам долларт тогтсон.

2013 оны 02 дугаар сард уг үйл явдал болсон. Бараануудыг өөр өөр дэлгүүрээс худалдан авсан. Мөнгийг нь төлөлгүй 3 жил өнгөрөөд байна. Б.С нь 942 ам доллараар тавилга, 272 ам доллараар хувцас, 2.655 ам доллараа тавилга авсан гэсэн. Б.С 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдөр дэвтрийн цаасан дээр ямар бараа, хэдэн төгрөгөөр авснаа бичиж өгсөн. Энэ баримтыг шүүхэд өгөх гэхээр нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул өгөх боломжгүй байна. Хуульчаас асуухад нотлох баримтын шаардлага хангахгүй гэсэн. Б.С надад бараа авсан тухайгаа бичиж өгөхдөө нэрээ бичиж гарын үсэг зураагүй. Цаасан баримт нь байхгүй. Би утсан дээрээ зургийг нь авсан. Бид  2013 оны 04 дүгээр сард Монгол улсад ирсэн.

Монгол улсад ирснээсээ хойш мөнгөө төлөөрэй гэж удаа дараа хэлэхэд Б.С, Н.Ц нар ажилгүй байна, өвчтэй байна гэсээр байгаад 2 жил өнгөрсөн. Мөнгийг Б.С төлөхөөр болж нотариат дээр очиж 3.900 ам доллар авсан гэдгээ баталгаажуулж гэрээ байгуулан мөнгийг маань  2015 оны 12 дугаар сарын 3-ны дотор төлөхөөр тохирсон.

Б.С бид хоёр найзууд бөгөөд Н.Ц, Б.С хоёрыг нарыг одоог хүртэл гэр бүл гэж бодсон. Н.Ц Б.С нараас 3.900 ам.доллар буюу 7.860.099 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

            Хариуцагч Б.С шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Энэ үйл явдал нь 2013 оны 03 дугаар сард болсон. Би яг тухайн үеийн үнийн дүнг санахгүй байна. АНУ-д байхдаа Б.С миний бие Д.Нн зээлийн картыг ашиглан 2 дэлгүүрээр орж бараа авсан. Үнэт эдлэлийн болон тавилгын дэлгүүрт орж Д.Нгийн нэрээр дэлгүүрээс зээл авсан.

 Д.Нд миний бичиж өгсөн гэх баримтны зургийг утсан дээрээ авсныг харлаа. Би ийм бичиг хийж өгөөгүй ба бичиг үйлдсэн хүний гарын үсэг, нэр алга байна.  Бараа авъя гэх саналыг Н.Ц бид хоёр Д.Нд хэлсэн. Н.Ц бид хоёр 2014 оноос хойш тусдаа амьдарч байна. Ямар бараанууд авсан гэдгийг Н.Ц мэдэж байгаа.

Д.Нгээр бараа авахуулсан нь үнэн. Гэхдээ яг хэдэн ам долларын бараа авсныг сайн санахгүй байна. Ямар ч байсан 3.900 ам доллараас бага. Би 3.000 ам.долларыг л төлөөд эвлэрэх боломжтой. Тэр хавьцаа байгаа болов уу гэж бодож байна.

Ер нь бол энэ мөнгө эргэн төлөгдөхгүй мөнгө.    Монголд ирсний дараа 2015 оны 3 дугаар сард байгуулсан гэрээг яагаад байгуулсан бэ гэвэл уг зээлийг албан ёсны болгож гэрээ байгуулсан, мөн тухайн үед долларын ханш бага байсан учир 3.900 ам.долларыг бодож үзээд болох байх гэж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. 3.000 ам.долларын хэмжээнд эвлэрэх боломжгүй гэвэл нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

            Хариуцагч Н.Ц шүүхэд гаргасан тайлбартаа:

   Миний бие Н.Ц нь Б.Сийн хуучин эхнэр. Бид уулзалдаагүй 2 жил болж байна. Тухайн үед худалдан авсан эд зүйл надад хамааралгүй ба надад байхгүй болно. Энэ мөнгөний хэлэлцээр Б.С, Д.Н нарын хооронд болсон. Мөн түүнчлэн энэ гэрээний тухай би юу ч мэдэхгүй гэжээ.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                                        

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Б.С, Н.Ц нарт холбогдуулан 3.900 ам.доллар буюу 7.860.099 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Н нь “АНУ-д байхдаа Б.С, Н.Ц нарт 2013 оны 2 сард 3.900 ам долларын үнэ бүхий барааг зээлээр авч өгсөн”

хариуцагч Б.С нь “2013 оны 2 сард Д.Нн зээлийн картыг ашиглан бараа авахуулсан. Хэдэн ам долларын бараа авсныг санахгүй байна. 3.900 ам доллараас бага. Би 3.000 ам.долларыг л төлөөд эвлэрэх боломжтой”

хариуцагч Н.Ц “Худалдан авсан эд зүйл надад хамааралгүй” гэж тус тус тайлбарлаж байна.

 

Хариуцагч Б.С, Н.Ц нар нь 2013 оны 2-3 сард бараа буюу эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.Нгээр зээлээр авахуулсан нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргахгүй байна.

 

Хариуцагч Б.С нь 3.900 ам доллараас бага үнийн дүн бүхий бараа авсан гэх боловч тэрээр хожим Монгол улсад ирсний дараа дээрх үнийн дүн бүхий бараа авснаа хүлээн зөвшөөрч төлнө хэмээн энэ талаар 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдөр гэрээ байгуулжээ.

/ХХ-ийн 5 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбараа өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Б.С нь 3.900 ам доллар бус үүнээс бага үнийн дүн бүхий бараа авахуулсан гэх боловч татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлоогүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй болно. 

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Хариуцагч Б.С нь нэхэмжлэгч Д.Нгээр бараа зээлээр авахуулсанаа хүлээн зөвшөөрч үүнийгээ 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр баталгаажуулсан байх тул Н.Ц, Б.Сэ нараас бус Б.Сэс уг мөнгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь 1 ам долларын ханшийг нэхэмжлэл гаргах үеийн буюу 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш 2015.41 төгрөгөөр тодорхойлсон болно.

/ХХ-ийн 3 дугаар тал/

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон    

            ТОГТООХ нь:

                                                                                             

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Б.Сэс 3.900 ам.доллар буюу 7.860.099 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Нд олгож, хариуцагч Н.Цд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Нгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Сэс 140.720 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  Д.Нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.САРАНГҮН