| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 182/2024/05225/И |
| Дугаар | 210/МА2025/00848 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/00848
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 21-ний өдрийн 182/ШШ2024/04265 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ХК-д холбогдох,
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь ******* ХК-тай 2022 оны 01 сарын 01-ний өдрийн н/652 дугаартай Хөдөлмөрийн гэрээгээр тус банкны Үйл ажиллагааны ахлах менежер албан тушаалд томилогдож, 2024 оны 06 сарын 04-ний өдрийг хүртэл ажилласан.
2024 оны 06 сарын 04-ний өдөр ******* ХК-ийн Хүний нөөц удирдлагын газраас 2023 оны 06 сарын 05-ны өдрийн огноотой Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Н/652-1 дугаар гэрээнд гарын үсэг зурахыг шаардсан ба уг нэмэлт гэрээгээр 2022 оны 01 сарын 01-ний өдрийн н/652 дугаар Хөдөлмөрийн гэрээний 1.2-т Үйл ажиллагааны ахлах менежер гэж заасан ажлын байрны нэршлийг Харилцагчийн үйлчилгээний ахлах гэж өөрчилсөн байсан.
1.2. ******* нь уг гэрээнд гарын үсэг зурахдаа тухайн өдрийн огноог гараар бичиж баталгаажуулсан. Үүнээс 1 сарын дараа буюу 2024 оны 07 сарын 08-ны өдөр уг албан тушаалыг орон тооны цомхотголд оруулж, хүний нөөцийн удирдлагын газрын захирлын 2024 оны 06 сарын 04-ний өдрийн 454 дугаартай Зарим нэгжийн орон тоог хасах тухай тушаалаар Нөөцийн удирдлагын газрын харьяа Кастодиан банкны хэлтсийн ахлах менежерийн ажлын байр хасагдсан.
1.3. *******ийн 2022 оны 01 сарын 01-ний өдрийн н/652 дугаартай гэрээний дагуу эрхэлж байсан албан тушаал нь Үйл ажиллагааны ахлах менежер байсан, 2024 оны 06 сарын 04-ний өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр Харилцагчийн үйлчилгээний ахлах менежер болгон өөрчилсөн. Гэтэл Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай 564 дугаартай тушаалд зөвхөн Ахлах менежерийн ажлын байр хасагдсан гэх үндэслэлийг дурдсан нь аль ахлах менежерийн ажлын байр хасагдсан нь тодорхойгүй байна.
1.4. ******* нь Хөдөлмөрийн маргаан таслах комисст 2024 оны 08 сарын 05-ны өдөр хандан, 2024 оны 08 сарын 09-ний өдөр хуралдсан. Гурван талт хороонд тэмдэглэлийг аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж байна.
1.5. Иймд хариуцагч ******* ХК-ийн 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 564 дугаартай тушаалыг хүчингүй болгож, *******ийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь 2022 оны 01 сард үйл ажиллагааны ахлах менежер гэх албан тушаалд ажиллаж байсан. Үүнээс хойш 2023 оны 06 сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, тухайн үед нэхэмжлэгчид мэдэгдэж байсан. Хөдөлмөрийн гэрээнд хожуу буюу 2024 оны 06 сарын 04-ний өдөр гарын үсэг зурсан нь өмнө өдөр хэрэгжиж байсан харилцаагаа зөвшөөрч гарын үсэг зурсан. Талуудын байгуулсан 2023 оны 06 сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж цалинг нь 3,000,000 төгрөг болгосон. Мэдэгдлүүдийг тухай бүрд өгч байсан боловч хэлбэржиж гарын үсэг зурсан байгаа нь 2024 оны 06 сар юм.
2.2. ******* ХК-ийн Хүний нөөцийн удирдлагын газрын 2024 оны 06 сарын 06-ны өдрийн 476 дугаартай Зарим нэгжийн орон тоог хасах тухай тушаалаар Нөөцийн удирдлагын газрын захирлын харьяа Кастодиан банкны хэлтсийн зарим орон тоог хассан. Тус орон тоон дээр ажиллаж буй *******т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар 2024 оны 06 сарын 07-ны өдөр 15/16 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.
2.3. Ийнхүү мэдэгдсэний дагуу ******* ХК-ийн Хүний нөөцийн удирдлагын газрын захирлын 2024 оны 07 сарын 08-ны өдөр 564 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 07 сарын 08-ны өдрөөр дуусгавар болгож, 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон.
2.4. Хөдөлмөрийн маргаан таслах комиссын тэмдэглэл нь 2024 оны 08 сарын 12-ны өдөр хэлбэржиж гарсан. Банкны зүгээс тэмдэглэлийг 2024 оны 08 сарын 13-ны өдөр гардан авсан. Нэхэмжлэгч хорооны хуралдаан болсноос хойш 10 хоногийн дотор тэмдэглэлийг гардаж авах үүргээ гүйцэтгээгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийг ******* ХК-ийн Нөөцийн удирдлагын газрын харьяа Кастодиан банкны хэлтсийн ахлах менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 10,207,872 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан 10,207,872 төгрөгийн олговроос шимтгэл тооцон төлөх, нэхэмжлэгч *******ийн нийгмийн болон болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч ******* ХК-д даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 178,276 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй буюу хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд шаардлагатай хангалттай баримт цуглараагүй, хэргийн талаар ач холбогдол бүхий мэдээлэл бүрэн авагдаагүй, талуудын хооронд үүссэн харилцааны нөхцөл байдлыг тал бүрээс нь дүгнээгүй.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосонтой холбоотойгоор талуудын хооронд үүссэн харилцаа, нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан чиг үүрэг, ажлын байрны талаарх мэдээлэл, бүтэц удаа дараа өөрчлөгдөж байсан асуудал, мөн өөр бусад ажил санал болгосон, санал ирүүлсэн талаарх мэдээлэл зэргийг тодруулах зорилгоор ******* ХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу *******ийг гэрчээр асуух хүсэлт гаргасан хэдий ч, анхан шатны шүүхээс нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож байгаа хэмээн хангахаас татгалзсан.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалын үндэслэл техникийн алдаа байсан эсэхийг тодруулах, энэ талаар холбогдох баримт гаргаж өгөх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй.
4.2. Хуульд зааснаар ажил олгогч ******* ХК-ийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон ба нэхэмжлэгч *******ийн ажиллаж байсан орон тоо хасагдсан тухай хуульд заасан хугацаанд мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээг цуцалж, хуульд заасан тэтгэмжийг олгосон. Нэхэмжлэгч ******* нь Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлийг гардаж авснаас хойш заасан хугацаанд шүүхэд хандаагүй. Тус байдлууд нь хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд ач холбогдол бүхий чухал баримт байхад энэ талаар тодруулаагүй, зохих баримт хэрэгт авагдаагүй байгаа нь анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэл болохгүй байна.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 28-ны өдрийн 181/Ш32024/15970 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжид ...нэхэмжлэлийг 2024 оны 07 сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад... гэж дурдсан буюу Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлийг авснаас хойш нэхэмжлэл гаргасан гэж үзэх боломжгүй юм. Иймд, 2024 оны 09 сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэл болно.
Хариуцагч нь ахлах менежерийн чиг үүрэг нь хэлтсийн захирлын чиг үүрэгтэй давхцаж байсан учраас ажлын байр хасагдсан гэж тайлбарлах боловч энэ талаар баримт өгөөгүй, одоо энэ ажлын байр хасагдсан, чиг үүрэг нь хэлтсийн захиралд шилжсэн эсэх, орон тоог шинэчлэн баталсан тухай үйл баримтыг нотлоогүй байна гэх дүгнэлтийг хийсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд тайлбарлах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үүргээ биелүүлэх боломжит хугацааг олгох тухай дурдаж, холбогдох нэгжээс шаардсан баримт хараахан ирж амжаагүй талаарх тайлбарыг удаа дараа хийсэн. Гэтэл дээрх байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу гэрч асуух байдлаар тодорхойлох боломжтой талаар тайлбарлаж, хүсэлт гаргасан боловч гомдлын 1 дэх хэсэгт дурдсаны дагуу хангахаас татгалзсан.
4.3. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагч, шүүхийн хэн алинд энэ үйл баримт тодорхойгүй байсан. Уг нөхцөл байдал нь талуудын маргааны гол зүйл болох хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д нийцсэн эсэх асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийх нөхцөлийг бүрдүүлээгүй, шаардлагатай нотлох баримт цуглараагүй буюу үндэслэл бүхий дүгнэлт хийх боломж бүрдээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ... хүний нөөцийн удирдлагын газрын захирлын 2024 оны 06 сарын 06-ны өдрийн Зарим нэгжийн орон тоог хасах тухай 476 дугаартай тушаалаар Нөөцийн удирдлагын газрын харьяа Кастодиан банкны хэлтсийн ахлах менежерийн орон тоог хассан бөгөөд тус орон тоон дээр ажиллаж буй *******т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар мэдэгдэж, түүнийг ахлах менежерийн ажлаас чөлөөлж, хуульд заасан тэтгэмжийг олгосон ... тушаал дээр огноо, дугаарыг буруу бичсэн байсан ... түүнчлэн нэхэмжлэгч нь хугацаандаа нэхэмжлэл гаргаагүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлан, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3.1. Талууд 2022 оны 01 сарын 01-ний өдрийн н/652 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ******* нь Кастодиан банкны хэлтсийн ахлах менежерийн албан тушаалын ажил үүрэг гүйцэтгэх, сарын үндсэн цалин хөлс 2,300,000 төгрөг байхаар харилцан тохиролцон, тус ажлыг гүйцэтгэж эхэлснээр тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн. /хх-6-10/
3.2. ******* нь шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа ... 2024 оны 06 сарын 04-ний өдөр ******* ХК-ийн Хүний нөөц удирдлагын газраас 2023 оны 06 сарын 05-ны өдрөөр огноолсон Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Н/652-1 дугаар гэрээ-нд гарын үсэг зурахыг шаардсан ба уг нэмэлт гэрээгээр дээрх гэрээнд заасан Үйл ажиллагааны ахлах менежерийн албан тушаалын нэршлийг Харилцагчийн үйлчилгээний ахлах менежер гэж өөрчилсөн байсан, уг өөрчлөлт оруулсан гэрээнд гарын үсэг зурснаас 1 сарын дараа орон тооны цомхотголд оруулсан нэрийдлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн ... гэжээ.
Талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд ******* нь 2024 оны 06 сарын 04-ний өдөр гарын үсэг зурсан боловч 2023 оны 06 сарын 05-ны өдрөөс Харилцагчийн үйлчилгээний ахлах менежерийн албан тушаалын үүрэг гүйцэтгэж, сарын цалин хөлс 3,000,000 төгрөг авч байсан болох нь хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнд гарын үсэг зуруулснаас 1 сарын дараа ажлаас чөлөөлсөн гэх дээрх тайлбар үндэслэлгүй.
3.3. ******* ХК-ийн хүний нөөцийн удирдлагын газрын захирал 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 564 дугаартай тушаал гаргаж, 2024 оны 06 сарын 04-ний өдрийн 454 дугаартай Зарим нэгжийн орон тоог хасах тухай тушаалаар Нөөцийн удирдлагын газрын харьяа Кастодиан банкны хэлтсийн ахлах менежерийн ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр тус хэлтсийн ахлах менежер *******тэй байгуулсан н/652 дугаартай хөдөлмөрийн гэрээг 2024 оны 07 сарын 08-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан байна. /хх-47/
******* уг 564 дугаартай тушаалыг эс зөвшөөрч, гомдлоо 2024 оны 07 сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, шүүгчийн 2024 оны 08 сарын 28-ны өдрийн 181/ШЗ2024/15970 дугаартай захирамжаар шүүхийн харьяалал зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. /хх-20-22/ Тэрээр ******* нь гомдлын шаардлагаа 2024 оны 09 сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. /хх-23-24/
Мөн ******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон дээрх тушаалыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан, тус хорооны 2024 оны 08 сарын 09-ний өдрийн хурлаар гомдлыг хэлэлцэн тэмдэглэл үйлдсэн байна. /хх-16-18/
Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн гомдлын шаардлага гаргах хуулиар тогтоосон хугацааг нэхэмжлэгч ******* зөрчөөгүй гэж дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1, 154.8 дахь хэсгийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэснийг буруутгахгүй.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч ******* хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаарх гомдлын шаардлагаа шийдвэрлүүлэхээр шүүхэд шууд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т заасантай нийцэж байна. Иймд хуулиар тогтоосон хугацаа хэтэрсэн гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.
3.4. Зохигч талууд 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 564 дугаартай тушаал үндэслэлтэй эсэх өөрөөр хэлбэл, ******* ХК-ийн Нөөцийн удирдлагын газрын харьяа Кастодиан банкны хэлтсийн ахлах менежерийн албан тушаалын орон тоо бодитоор хасагдсан эсэх талаар маргажээ.
Хариуцагч ******* ХК нь нэхэмжлэгч *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа тус компанийн Хүний нөөцийн удирдлагын газрын захирлын 2024 оны 06 сарын 04-ний өдрийн 454 дугаартай Зарим нэгжийн орон тоог хасах тухай тушаалыг үндэслэлээ болгосон байх боловч уг тушаал баримтаар хэрэгт авагдаагүй.
Хэргийн 44 дэх талд ******* ХК-ийн Хүний нөөцийн удирдлагын газрын захирлын 2024 оны 06 сарын 06-ны өдрийн 476 дугаартай тушаалын 1-д *******ны гүйцэтгэх захирлын 2024 оны 01 сарын 11-ний өдрийн 28 дугаарт Нөөцийн удирдлагын газрын бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалаар батлагдсан орон тооноос Нөөцийн удирдлагын газрын харьяа Кастодиан банкны хэлтсийн ахлах менежерийн орон тоог хассугай гэж заажээ.
Хариуцагч тал ... 454 дугаартай тушаал гэж байхгүй,... техникийн шинжтэй алдаа ..., ... 2024 оны 06 сарын 06-ны өдрийн 476 дугаартай тушаалаар зарим нэгжийн орон тоог хассан ..., гэж тайлбарлах боловч уг тайлбараа нотолсон баримт шүүхэд ирүүлээгүй тул 476 дугаартай тушаалыг хариуцагч ******* ХК-ийн Хүний нөөцийн удирдлагын газрын захирлын 564 дугаартай тушаалын үндэслэл гэж үзэх боломжгүй. /хх-68/
Шүүх ажлын байр бодитоор хасагдсан эсэх тухай талуудын маргааныг шийдвэрлэхдээ байгууллагын өмнөх бүтэц, одоогийн бүтэц хэрхэн өөрчлөгдсөн, тухайн ахлах менежерийн ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэх чиг үүрэг, ахлах менежерийн ажлыг гүйцэтгэж байгаа хэлтсийн захирлын ажлын байрны тодорхойлолт, ажлын байрны чиг үүрэгтэй холбоотой нотлох баримтуудыг харьцуулан үзээд үндэслэл бүхий шийдвэр гаргана. Гэтэл Нөөцийн удирдлагын газрын өмнөх бүтэц, зохион байгуулалт, одоо хэрхэн өөрчлөгдсөн, ахлах менежер болон хэлтсийн захирлын ажлын байрны тодорхойлолт, ажлын байрны чиг үүрэгтэй холбоотой нотлох баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалын үндэслэл техникийн алдаа байсан эсэхийг тодруулах, энэ талаар холбогдох баримт гаргаж өгөх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй. ... холбогдох нэгжээс шаардсан баримт хараахан ирж амжаагүй талаарх тайлбарыг удаа дараа хийсэн шүүх харгалзаж үзээгүй гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
Мөн шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан хариуцагч байгууллагын шийдвэрийг үндэслэлгүй гэж дүгнэн, нэхэмжлэгч *******ийг урьд нь эрхэлж байсан ******* ХК-ийн Нөөцийн удирдлагын газрын харьяа Кастодиан банкны хэлтсийн ахлах менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний үр дагаврыг шийдвэрлэсэн нь зөв байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний үр дагаврыг шийдвэрлэх учиртай тул давж заалдах шатны шүүх, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч *******ийн ажилгүй байсан хугацааг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болсон өдрөөс давж заалдах шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн өдрийг хүртэл буюу 2024 оны 07 сарын 08-ны өдрөөс 2025 оны 05 сарын 21-ний өдрөөр тооцвол нийт 31,048,944 /219 х 141,776/ төгрөг болж байна.
Хариуцагч ******* ХК-ийн Хүний нөөцийн удирдлагын газрын захирлын 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 564 дугаартай тушаалын 2-т заасны дагуу *******т үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгийн тэтгэмж олгосон гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж, маргадаггүй. Иймд дээрх 31,048,944 төгрөгөөс 12,000,000 төгрөгийг хасаж тооцон, хариуцагч ******* ХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 19,048,944 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлын нэг үндэслэлээ шүүх, *******ээс гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг хангахаас татгалзсан гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч ******* нь ******* ХК-ийг хариуцагчаар татаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар гомдлын шаардлага шүүхэд гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийг гэрчээр дуудан оролцуулах тухай хариуцагчийг гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хариуцагчийн дээрх хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж үзэхгүй тул энэ талаарх гомдлыг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 21-ний өдрийн 182/ШШ2024/04265 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 10,207,872 гэснийг 19,048,944 гэж, 2 дахь заалтын 10,207,872 гэснийг 19,048,944 гэж, 3 дахь заалтын 178,276 гэснийг 253,195 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Ч.ЦЭНД