Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/00694

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/01632 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох

461,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, 408,301,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* нь тендерт оролцож их хэмжээний мөнгийг зарцуулсан, мөнгөний шаардлага байгаа талаар хэлэхэд ******* нь *******гэх хүнээс мөнгө зээлэх боломжтой гэж хэлсэн. 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ******* нь *******тай зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Уг зээлийн гэрээгээр 250,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэй, зээлэхээр тохирсон. Гэтэл *******нь 250,000,000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр *******ын данс руу шилжүүлсэн байсан. *******гаас асуухад ******* чамайг надтай холбож өгсөн тул баталгаа болгож *******аар дамжуулан чамд өгч байгаа гэж хэлсэн. Үүний дараа *******ыг зээлийн гэрээний дагуу 250,000,000 төгрөгийг над руу шилжүүл гэхэд удахгүй өгнө, тэгж байгаад шилжүүлж өгнө гэж хэлдэг боловч өгөөгүй.

*******нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн захирамжаар үндсэн зээл 250,000,000 төгрөг, хүү 86,000,000 төгрөг, алданги 125,000,000 төгрөг, нийт 461,000,000 төгрөгийг төлөхөөр болсон. ******* нь зээлийн гэрээний дагуу нэг ч төгрөгийг аваагүй атлаа 461,000,000 төгрөгийн өр төлөх үүрэгтэй болж үлдсэн. Зээлийн гэрээний дагуу олгогдох ёстой байсан 250,000,000 төгрөгийг ******* нь авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн. Мөн ******* нь мөнгийг тэр даруй шилжүүлсэн бол ******* нь хүү, алданги төлж хохирохгүй байсан.

Иймд *******аас 461,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.******* нь 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 83,000,000 төгрөгийг надаас зээлж авсан. 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр *******гийн хүсэлтээр би орон сууцаа барьцаанд тавьж *******гаас 2.1 хувийн хүүтэй 100,000,000 төгрөгийг зээлсэн. ******* нь 8 хувиар ашиг гаргаад өгье, чи байраа барьцаанд тавьчих, би ломбард, алтны орд гэх маш их зүйлтэй, чи санаа зоволтгүй гэж хэлсэн. Улмаар би *******гаас 45,000,000 төгрөгийг өдөрт нь авч, үлдсэн 55,000,000 төгрөгийг 10,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг, 8,000,000 төгрөг, 7,000,000 төгрөгөөр авсан. Нийт 173,455,000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө авсан.

2.2.Мөн ******* нь надаар дамжуулан *******ээс 50,000,000 төгрөг зээлсэн. Эдгээр мөнгүүдийг ******* авсан ба тэрээр авсан өрөө төлөөгүй байсан. Ингээд ******* *******гаас 250,000,000 төгрөгийг зээлж, уг мөнгөө надад төлөх өрөндөө тооцож өгсөн. *******тай тооцоо нийлж тэрээр надад 295,000,000 төгрөг төлөх байсан ч 250,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр *******гаас гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгийг би төлөх үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1.Нөхөр *******, хүү *******нарын өмчлөлд байсан Ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийг 70,000 ам.доллар, Дож маркийн тээврийн хэрэгслийг 50,000 ам.доллароор 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ******* болон түүний нөхөр ******* нар худалдаж авсан. Тухайн үед ам.долларын ханш 1,415 төгрөг байсан. Дээрх 2 тээврийн хэрэгслийн үнэ 176,875,000 төгрөг болсон ба уг мөнгийг одоо болтол төлөөгүй. Тээврийн хэрэгслийн төлбөр 176,875,000 төгрөгийг төлүүлэхээр зээлийн гэрээ болгож хийсэн. Иймд *******гаас тээврийн хэрэгслийн үнэ 176,875,000 төгрөгийг гаргуулна.

3.2.******* 250,000,000 төгрөгөөс гадна надаас 2012-2013 онуудад хэд хэдэн удаа мөнгө зээлж байсан. Зээлсэн мөнгөний тооцоо нийлсэн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хэлцлийн дагуу нийт 139,426,000 төгрөг үлдсэн. Тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан 139,426,000 төгрөгийг төлөөгүй байгаа тул уг мөнгийг гаргуулна.

3.3.Мөн манай найз *******ээс ******* нь 2013 оны 07 дугаар сард 30,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, зээлийн гэрээг бичгээр байгуулалгүй 2013 оны 07 дугаар сард бэлнээр авсан. Гэтэл *******ээс авсан 30,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөөгүй. ******* надад маш их уурлаж, эгч чинь мөнгө өгөхгүй байна гэж дарамталж байсан тул би өмнөөс нь түүний өр болох үндсэн төлбөр 30,000,000 төгрөг, зээлийн хүүгийн хамт нийт 92,000,000 төгрөгийг *******т төлсөн.

Иймд *******гаас тээврийн хэрэгслийн үнэ 176,875,000 төгрөг, тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан 139,426,000 төгрөг, *******т төлсөн 92,000,000 төгрөг, нийт 408,301,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

4.1.*******, *******нарын өмчлөлд байсан тээврийн хэрэгслийг *******, ******* нар шилжүүлж авсан мөнгийг ******* шаардах эрхгүй.

4.2.Тооцоо нийлсэн актыг 2013 онд үйлдсэн байх ба уг баримтад зурагдсан гарын үсэг нь *******гийнх гэдэг нь эргэлзээтэй. 2013 онд тооцоо нийсэн юм бол яагаад өнөөдрийг хүртэл мөнгөө шаардахгүй байсан бэ. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

4.3.*******ээс мөнгө зээлж авч байгаагүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 496 дугаар зүйлийн 496.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******д холбогдох 461,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч *******д холбогдох 408,301,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2,462,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 2,357,405 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

6.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

6.1.******* нь 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр *******тай зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээгээр *******нь *******д 250,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр *******гийн өмчлөлд шилжүүлэх, ******* нь гэрээгээр тохиролцсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн. *******гаас 250,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ Голомт банк дахь хариуцагч *******ын эзэмшлийн 1201196546 тоот данс руу шилжүүлсэн. Үүний дараагаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 52061 тоот захирамжаар ******* нь 250,000,000 төгрөгийн үндсэн зээл, хүү 86,000,000 төгрөг, алданги 125,000,000 төгрөг, нийт 461,000,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн.

Хууль зүйн хувьд зээлдүүлэгчээс зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх байдлаар зээлийн гэрээний харилцаа үүсдэг. Дээрх нөхцөл байдлаас харвал ******* нь *******д 250,000,000 төгрөг, хүү, алдангийн хамт төлөхөөр болсон тул *******гаас *******д шилжүүлсэн 250,000,000 төгрөг нь *******гийн өмчлөлийн хөрөнгө юм. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүн, хуулийн этгээд нь аливаа хөрөнгийг өмчилнө. Харин үндэслэлгүйгээр бусдын хөрөнгийг авсан бол буцаан өгөх үүрэгтэй.

******* нь 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 250,000,000 төгрөгийн зээлийн гэрээний оролцогч биш тул уг мөнгөн хөрөнгийг өөрийн өмчлөлд авах эрхгүй.

Нөгөөтэйгүүр *******ыг 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 250,000,000 төгрөгийн зээлийн гэрээний оролцогч гэж үзсэн ч ******* нь зээлийн гэрээний үүргийг ганцаараа бие даан бүхэлд нь хариуцаж, төлж байгаа тул энэхүү мөнгөн хөрөнгийг *******аас буцаан шаардах эрхтэй.

6.2.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "... Хариуцагч ******* нь "...******* нь надад 280,000,000 төгрөгийн өр төлбөртэй байсан ... *******гаас зээлсэн 250,000,000 төгрөгийг надад өгөх 280,000,000 төгрөгийн өр төлбөртөө өгсөн гэж тайлбарласныг үгүйсгэж, няцаагаагүй..." гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

1.Хариуцагч нь 280,000,000 төгрөгийн авлагатай гэж тайлбарлаж байгаа бол үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хэргийн оролцогч өөрийн тайлбар татгалзлыг нотлох үүрэгтэй. (мөнгөн шилжүүлгийн баримт болон холбогдох гэрээ, хэлцэл, гар бичмэл зэргээр)

2.Бодит нөхцөл байдлын хувьд ******* нь *******аас 280,000,000 төгрөгийг аваагүй, 280,000,000 төгрөгийн өр төлбөр үүсгээгүй, ямар нэгэн баримт үйлдэж байгаагүй. Тиймээс ч огт байгаагүй өр төлбөрийг нотлох боломжгүй. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өр төлбөр байгаагүй талаар тайлбарлаж мэтгэлцсэн.

3.Хэрэгт авагдсан баримтуудаас харвал хувь хүний хувьд бусдад зээл олгосон эсвэл аливаа хэлбэрээр эрх зүйн харилцаанд оролцсон бол бичгээр баримтжуулдаг төрлийн хүн байна. (Тухайлбал: хэрэгт авагдсан зээлийн гэрээ, тооцоо нийлсэн акт зэргээс харвал) (Зарим тохиолдолд олгоогүй зээлийн асуудлаар зээлийн гэрээ хийдэг бусдаар Мөнгө хүлээн авсан мэтээр бичүүлдэг)

Гэтэл анхан шатны шүүх нь нотлогдож, тогтогдоогүй, бодит байдал дээр ч огт болоогүй асуудлыг зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслэж ******* нь *******д 280,000,000 төгрөгийн өр төлбөртэй байсан мэтээр дүгнэж, хэт нэг талыг баримталж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нөгөөтэйгүүр хэргийн материалд авагдсан 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн гэх актад ч "... 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 250,000,000 төгрөгийг өр авлагад тооцсон..." гэх агуулга огт байдаггүй ба үүгээр хариуцагчийн татгалзал нь үндэслэлгүй болох нь хангалттай нотлогдож байгаа.

6.3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "... Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******гаас *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 461,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг тэрээр төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед уг зээлийн төлбөрийг төлөх үндэслэлгүй, ******* төлөх үүрэгтэй гэж маргах боломжтой байхад ******* нь өр төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн атлаа хожим энэ талаар маргаж буй нь үндэслэлгүй..." гэх өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид нийцэхгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5206 тоот захирамж (шийдвэр) нь *******, ******* нарын хоорондын асуудлыг шийдвэрлэдэг. Шүүх ийнхүү шийдвэрлэснээр ******* нь зээлийн гэрээний дагуу авбал зохих 250,000,000 төгрөгийг авах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Нөгөө талаас тус захирамж (шийдвэр) гарснаар ******* нь 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 250,000,000 төгрөгийг авах эсвэл уг мөнгийг авсан үйлдлийг хууль ёсны болгохгүй бөгөөд ******* нь 250,000,000 төгрөгийг *******аас шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "Уг иргэний хэрэгт *******гаас *******гаас зээлсэн 250,000,000 төгрөгийг *******ын дансаар дамжуулж авсан. *******тай зээлийн харилцаа үүсгээгүй гэж тайлбарлаж маргасан байна. Тус иргэний хэрэгт ******* нь *******ын дансаар дамжуулан 250,000,000 төгрөгийг *******гаас авсан болохоо өөрөө тайлбарласан атлаа одоо энэ иргэний хэрэгт Д.Боломаагаас зээлсэн 250,000,000 төгрөгийг ******* надад өгөөгүй, түүний өмнөөс төлбөр төлсөн гэж тайлбарлаж буй нь зөрүүтэй, үнэн бодит байдалд нийцэхгүй байна..." гэх дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэргийн бодит нөхцөл байдлын хувьд *******гаас *******д шилжүүлэх байсан 250,000,000 төгрөгийг *******ын данс руу шилжүүлсний дараагаар ******* нь 250,000,000 төгрөгийг шилжүүлэхгүй байсан. Улмаар үүний дараагаар 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр хийгээд 200,000,000 төгрөгийг өгсөн байдаг. Тиймээс ч хариуцагч нь уг 200,000,000 төгрөгийг *******гаас шилжүүлсэн 250,000,000 төгрөгийн 200,000,000 төгрөг нь гэж ойлгосон.

Тиймээс ч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 182/ШШ2022/01791 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 210/MA2022/01526 тоот магадлал бүхий иргэний хэрэгт уг тайлбараа гаргаж мэтгэлцсэн.

Гэтэл шүүх шийдвэрлэхдээ *******, ******* нарын байгуулсан гэх 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээ нь *******, ******* нарын 250,000,000 төгрөгийн зээлийн гэрээтэй огт хамааралгүй гэх дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн. Тиймээс хэргийн бодит нөхцөл байдал болон хууль хэрэглээний хувьд ******* нь дээрх 250,000,000 төгрөгийг *******д буцаан төлөх үүрэгтэй.

Нөгөөтэйгүүр дээрх шийдвэр, магадлал бүхий иргэний хэрэгт ******* нь ...уг зээлийн 250,000,000 төгрөгийн зээлийг ******* эгч өөрөө авч ашиглаж *******эгчээс 250,000,000 төгрөг зээлж авч өгөөд удаагүй байхад ******* дахин мөнгө хэрэгтэй байна гэж надтай ярьсан..." гэх тайлбарыг гаргадаг ба энэ нь шүүхийн шийдвэрт тусгагдсан. Тодруулбал:

Хариуцагч ******* нь ...250,000,000 төгрөгийг 280,000,000 төгрөгийн өр төлбөрт тооцож суутгаж авсан... гэх, нөгөө талаас "...Уг зээлийн 250,000,000 төгрөгийн зээлийг ******* эгч өөрөө авч ашигласан... гэх зөрүүтэй, үнэн бодит байдалд нийцэхгүй тайлбарыг гаргадаг. *******ын хувьд уг 250,000,000 төгрөгийг *******д өгсөн гэж байгаа бол мөн л Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хэргийн оролцогч өөрийн тайлбар татгалзлыг нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийн "...2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн хэлцлийн шаардах хөөн хэлэлцэх хугацаа...дуусгавар болсон...", "...худалдах, худалдан авах гэрээний оролцогч биш этгээд, тээврийн хэрэгслийн өмчлөгч биш этгээд болох ******* шаардаж буй нь үндэслэлгүй..., ... 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан...зээлийн гэрээ бодитоор хэрэгжээгүй...", "...хариуцагч *******аас гаргасан 92,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй... болгосон үндэслэл, дүгнэлтүүдтэй санал нэг байна.

Тиймээс шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тухай өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1.Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээх нь зүйтэй. Шүүх нотлох баримтыг үндэслэж хэргийг хуулийн дагуу шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч худал хуурмагийг үнэн болгох гэж шүүхэд илт худал тайлбар гаргаж, өмгөөлөгчийн хувьд ёс зүйгүй үйлдэл гаргаж байна. Учир нь хэргийн бүх үйл баримт хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдсон. Тухайн 250,000,000 төгрөгийн асуудал нь 2014 онд буюу 9 жилийн өмнө болсон бөгөөд 2014 оноос хойш 2018 онд тооцоо нийлсэн, энэ хугацаанд 4-5 удаа зээл авсан байдаг. Тооцоо нийлэх үед ямар ч асуудал яриагүй, мөн 200,000,000 төгрөгийн маргаан 3 жил үргэлжлэхэд сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Харин ******* 100,000,000 төгрөг аваад *******д өгөөд орон сууцаа барьцаалж байсан талаар нотлох баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Үүнд 2018 онд эцсийн байдлаар тооцоо нийлээд нотариатаар батлуулсан байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгч худал тайлбар гаргаж, *******г өөрийг нь шүүх хуралдаанд оролцуулахгүй байна.

7.2.Үүнээс шалтгаалаад ******* анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хавдар туссан хүнд өвчтэй байсан учраас эмнэлэгт хэвтэж, сөрөг нэхэмжлэлээ хангуулахаар давж заалдах гомдол гаргах амжаагүй, хугацаа алдсан. Дээрх агуулгын хүрээнд давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзэхийг хүсье.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 461,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 408,301,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3.Нэхэмжлэгч ******* нь *******тай 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, түүнээс 250,000,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон байх ба уг гэрээний дагуу *******гаас 250,000,000 төгрөгийг Голомт банкин дахь *******ын эзэмшлийн 1201196546 тоот дансанд шилжүүлсэн.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг дээрх 250,000,000 төгрөгийг түүнд шилжүүлээгүй гэж, хариуцагч нь уг мөнгийг нэхэмжлэгч өрөндөө тооцож шилжүүлсэн гэж тус тус тайлбарлажээ.

 

3.1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5206 дугаар захирамжаар *******гийн гаргасан зээл 250,000,000 төгрөг, хүү 86,000,000 төгрөг, алданги 125,000,000 төгрөг, нийт 461,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг ******* зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Уг хэргийг хянан шийдвэрлэхэд авагдсан бичгийн баримтууд зохигчийн хүсэлтээр энэхүү иргэний хэрэгт хавсаргагдсан байх ба анхан шатны шүүх ******* нь 461,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа бичгээр гаргасан, тухайн үед уг зээлийн төлбөрийг төлөх үндэслэлгүй, ******* төлөх үүрэгтэй гэж маргах боломжтой байсан байхад өр төлбөрийг өөрөө төлөхийг зөвшөөрсөн атлаа хожим энэ талаар маргаж буй нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Тодруулбал, ******* нь 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тооцоо нийлсэн акт баримтад 2014 оны 01-04 дүгээр саруудын нийт 32 сая төгрөг төлсөн, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хүүний 36 сая төгрөг үлдсэнийг зөвшөөрсөн, 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр *******тай зээлийн гэрээг сунгасан гэрээ байгуулж хугацааг 12 сараар сунгасан, 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн баталгаа гаргах нь баримтад зээл 250,000,000 төгрөг, хүү 84,000,000 төгрөг, нийт 336,000,000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлөхөө, улмаар 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн баталгаа гаргах нь баримтад дээрх төлбөрийг алданги 168,000,000 төгрөгийн хамт нийт 504,000,000 төгрөгиийг үл маргах журмаар төлөхөө илэрхийлсэн баримтууд тус тус авагдсан байна.

 

3.2.Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч *******д 2013 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 83,000,000 төгрөг зээлдүүлсэн, мөн 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр *******гийн хүсэлтээр орон сууцаа барьцаанд тавьж *******гаас 2.1 хувийн хүүтэй 100,000,000 төгрөг зээлж, *******д 45,000,000 төгрөгийг өдөрт нь, үлдсэн 55,000,000 төгрөгийг 10,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг, 8,000,000 төгрөг, 7,000,000 төгрөгөөр шилжүүлсэн гэж тайлбарласан.

Хэрэгт талуудын байгуулсан 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 83,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ, нэхэмжлэгчээс *******тай байгуулсан 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 100,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн болон барьцааны гэрээ, мөн Хаан банкин дахь *******гийн эзэмшлийн 5024422769 тоот дансанд 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 45,000,000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөгийн орлого хийгдсэн, Хаан банкин дахь *******ын эзэмшлийн ******* тоот данснаас 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 8,455,000 төгрөг, Голомт банкин дахь *******ын эзэмшлийн 1201196546 тоот данснаас 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөг тус тус *******гийн эзэмшлийн дээрх дансанд шилжүүлсэн төлбөрийн баримтууд авагджээ. (1хх-89, 90, 198, 199, 211, 2хх-44, 45, 49)

Түүнчлэн хариуцагч нь 83,000,000 төгрөгийн зээлд 45,650,000 төгрөгийн хүү, 100,000,000 төгрөгийн зээлд 32,113,000 төгрөгийн хүү тооцож нийт 260,736,000 төгрөгийн тооцоо бүхий тайлбар гаргасан байх ба нэхэмжлэгчийн зүгээс тус тайлбар, дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт шүүхэд гаргаагүй байна. (1хх-184-186)

Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хариуцагчийн өмнөөс 461,000,000 төгрөгийг төлж хохирсон байдал тогтоогдоогүй, уг мөнгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж дүгнэхдээ нотлох баримтыг зохих журмын дагуу үнэлсэн, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

4.Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан 408,301,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ нөхөр *******, хүү *******нарын өмчлөлийн 2 тээврийн хэрэгслийн төлбөр 176,875,000 төгрөгийг төлүүлэхээр 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ болгож хийсэн, 2014 онд зээлсэн мөнгөний тооцоо нийлсэн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хэлцлийн дагуу 139,426,000 төгрөг үлдсэн, *******ээс 2013 оны 07 дугаар сард авсан 30,000,000 төгрөгийн зээл, хүүд нийт 92,000,000 төгрөгийг *******т төлсөн гэж тайлбарлажээ.

*******, *******нар тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг *******, ******* нартай хийсэн, тээврийн хэрэгслийн үнэ 176,875,000 төгрөгийн үнийн дүнгээр *******, ******* нарын хооронд 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ байгуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч *******гаас шаардахын тулд уг гэрээгээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг сольсон болох нь тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд тус зээлийн гэрээг байгуулагдсанд тооцоогүй нь үндэслэлтэй.

Мөн талуудын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хэлцлийн дагуу 139,426,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж, мөн хариуцагч нь *******т 92,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн өмнөөс шилжүүлсэн гэх байдал хэрэгт авагдсан төлбөрийн баримтууд, дансны хуулга, гэрч *******ийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдоогүй гэж шүүх дүгнэсэн.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба тус шийдвэрт хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.

 

5.Иймээс анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/01632 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,462,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

Д.ЗОЛЗАЯА