Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/236

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагчаар, хяналтын прокурор Г.Сэндэнсүрэн,

Хохирогч Н.А-,

Шүүгдэгч Р.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Л-д холбогдох эрүүгийн 1938003200224 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Р.Л.

Шүүгдэгч Р.Л- нь 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл Галт сумын 2 дугаар багийн нутагт иргэн Н.А-ыг зодож эрүүл мэндэд “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:                

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Р.Л- нь 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл Галт сумын 2 дугаар багийн нутагт иргэн Н.А-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамрын нурууны баруун хэсэг, духны зүүн хажуу хэсэг, зүүн хацарт зулгаралт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт бүхий” хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/,
  • Хохирогч Н.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн нутагладаг Марааны ар буюу Ухаа модны булан гэх газарт 00 бариад түүнийгээ дуусаад ойр хавийн юмнуудыг нь цэвэрлээд байж байтал манай оролцоо байдаг Р.Л- гэх хүн манайд мотоцикльтой ганцаараа ирээд “чи намайг дээрэлхээд байна уу” гээд намайг заамдаж аваад нулимсан. Би тухайн үед заамдсан гарыг нь тавиулах гэсэн боловч тавихгүй миний толгой шанаа руу цохиод байхаар нь Р.Л-г заамдаж авахад дээлний энгэр нь урагдсан ...Р.Л- бид хоёр маргалдаж зодолдож байхад намайг газарт унагаагаад цохисон ...ийш тийш харж байснаа намайг цохиж байснаа болчихсон. ...энэ хэргийн улмаас 2.500.000 төгрөгийн зардал гарсан. Үүнийг Р.Л-гээс гаргуулж авах саналтай байна” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 12 дугаар хуудас/,
  • Гэрч М.П-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Тэр өдөр би гэрээсээ Б.Батсайхан ахын хамт Н.А-ыг очиж утсаар ярихаар гэрт нь очих гээд дөхөж явтал Н.А-ы урд талд хоёр хүн байсан. Нэг хүн бид хоёрыг даллаад байхаар нь яваад очтол Н.А-, Р.Л- гэх хүнтэй зогсож байсан. Бид хоёрыг очиход Н.А- бид хоёрт хандан Р.Л- намайг зодоод байхаар та хоёрыг гэрч болгохоор дуудсан юм гэж хэлсэн ...Р.Л- мотоцикпь дээр суучихсан, Н.А- мотоциклийн жолооноос нь барьчихсан явуулахгүй байдалтай зогсож байсан. Н.А-ы нүд нь хавдсан завьжнаас нь цус гарсан байсан. Б.Р.Л-гийн дээлний энгэр урагдсан байдалтай хоорондоо хэрэлдэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
  • Гэрч Э.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Манай нөхөр болох Н.А- 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гэрийнхээ ойролцоо жорлон барьсан юм. ...намайг ус аваад буцаж явтал манай нөхөр дээр нэг мотоцикльтой хүн ирсэн. Удалгүй тэр хоёр маргалдаад зодолдсон. Тухайн үед манай нөхрийг барьж аваад цохиж байсан. Манай нөхөр ямар нэг эсэргүүцэл үзүүлэхгүй цохиулаад байхаар нь би очиж салгах гэтэл салж өгөхгүй зууралдаад манай нөхрийг цохих гээд зүтгээд байсан. Тэр маргалдаж байсан хүн манай нутгийн Р.Л- гэдэг хүн байсан. ...Н.А-ы зүүн шанаа нүд нь хавдсан, завьжнаас нь цус гарсан байсан. Толгой руу нь олон удаа цохисон гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
  • Гэрч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би нутгийн дүү Б.М.П-ын хамт Н.А-ыд утасны сүлжээ байгаа гэхээр нь очиж утсаар ярихаар гэрт нь дөхөж явтал ...Н.А-, Р.Л- нар зогсож байсан. Бид хоёрыг очиход Н.А- бид хоёрт хандан Р.Л- намайг зодоод байхаар нь та хоёрыг гэрч болгохоор дуудсан юм гэж хэлсэн. ...Н.А-ы зүүн шанаа нүд нь хавдсан, завьжнаас нь цус гарсан байсан. Р.Л-гийн дээлийн энгэр нь урагдсан байдалтай хоорондоо хэрэлдэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 230 дугаартай: “1. Н.А-ы биед тархи доргилт, хамрын нурууны баруун хэсэг, духны зүүн хажуу хэсэг, зүүн хацарт зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 3. Н.А-ы биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Р.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н.А- намайг заамдаж авсан, бид хоёр ноцолдсон. ...Би тухайн үед Н.А-тай маргалдаж ноцолдож байхдаа би өөрийгөө салгаж авах гэж түлхэж өөрийгөө салгахаар ноцолдсон” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 42 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 53-54 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, хохирогчийн бусдыг доромжилж хэлсэн зүй бус үйлдэл зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Шүүгдэгч Р.Л- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Р.Л- нь 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл Галт сумын 2 дугаар багийн нутагт иргэн Н.А-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамрын нурууны баруун хэсэг, духны зүүн хажуу хэсэг, зүүн хацарт зулгаралт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт бүхий” хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Р.Л-гийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Н.А- эмчилгээ, унааны зардал, өмгөөлөгчөөс зөвлөгөө авсны хөлс, нийтдээ 2.500.000 төгрөгийг нэхэмжилж, шүүх хуралдаанд “Жинст фарм” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 8.500 төгрөгийн эмийн баримт, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн компьютер томографийн оношлогооны 60.000 төгрөгийн баримтыг гаргаж өгч байх тул шүүгдэгчээс 68.500 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Р.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөөгүй байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Р.Л- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч Р.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа улсын яллагчаас 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг, шүүгдэгч нь “арай бага ял оногдуулах” санал гаргасаныг тус тус харгалзан шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Р.Л- нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Р.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Л-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Л- нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Р.Л-гээс 68.500 /жаран найман мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.А-д олгосугай.      

5. Шүүгдэгч Р.Л-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хохирогч Н.А- нь уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЗЖАРГАЛ