Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/00849

 

 

     

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/01906 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох,

 

Алдангийн төлбөрт 211,507,667 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* ХХК, ******* нь 2021 оны 08 сарын 24-ний өдөр MS21/11 дугаартай өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу гүйцэтгэгч тал болох ******* ХХК нь ******* аймгийн ******* сумын нутагт орших ******* нүүрсний уурхайд өрөмдлөгийн ажил гүйцэтгэх, захиалагч гэрээний 3.3-д заасны дагуу төлбөрийг нэхэмжлэх хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт шилжүүлэхээр тохиролцсон.

1.2. Үүний дагуу гүйцэтгэгч тал 2021 оны 09 сараас 2022 оны 08 сар хүртэл ажил гүйцэтгэсэн хэдий ч захиалагч тус гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй. 2023 оны 04 сарын 28-ны өдрийн 01/129 дугаартай *******-д гэрээний үндсэн төлбөр 685,369,903 төгрөг, алданги 150,887,415 төгрөг, нийт 836,257,318 төгрөгийн төлбөр барагдуулах албан бичгийг хүргүүлсэн.

1.3. ******* нь хамгийн сүүлд 2024 оны 06 сарын 14-ний өдөр үлдэгдэл төлбөрийг төлж, гэрээний үндсэн төлбөрийг барагдуулж дууссан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2-д Захиалагч нь тухайн гүйцэтгэх ажлын хөлсийг энэ гэрээний 3.2-д заасан хугацаанд төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх алдангийг хоног тутам төлнө гэж заасны дагуу алдангийг тооцоход нийт 211,507,667 төгрөг болж байна.

Иймд 2021 оны 08 сарын 24-ний өдөр байгуулсан MS21/11 дугаартай өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний 6.6-д заасны дагуу *******-аас 211,507,667 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******, ******* ХХК-тай 2021 оны 08 сарын 24-ний өдрийн MS21/11 дугаартай Тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ, 2021 оны 12 сарын 08-ны өдөр MS21/11-01 дугаартай Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ-г тус тус байгуулан ******* аймгийн ******* сумын нутагт орших ******* төслийн уурхайд өрөмдлөгийн ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан хамтран ажилласан.

2.2. 2021 оноос Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас бүхий л компаниуд эдийн засгийн хямралд орж давагдашгүй хүчин зүйл бий болсон. Гэрээний хугацаанд улс орон даяар түлшний хомсдол үүсэж, хил гааль хаагдаж нүүрсний тээвэр зогссон хүндрэл гарч гэрээний үүрэг зөрчигдсөн. Энэхүү нөхцөл байдлыг ******* ХХК ч маш сайн мэдэж байсан.

2.3. Дээрх нөхцөл байдал арилснаас хойш ******* нь ******* ХХК-тай төлбөрөө барагдуулах цаашид өөр төсөл дээр хамтран ажиллах талаар уулзалт хэлэлцээр хийж нэхэмжлэгч талтай гэрээний дагуу алданги тооцохгүйгээр үндсэн төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Уг тохиролцооны дагуу талуудын эрх бүхий ажилтнууд гарын үсэг зурж баталгаажуулсан 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс 12 сарын 31-ний өдрийг хүртэл өгч авалцсан зүйлээ хянаж тооцоо нийлсэн актад алдангийн талаар тусгаагүй, тэр талаар тохиролцоогүй байх тул ******* ХХК-ийн зүгээс алданги тооцон нэхэмжлэх нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, ******* ХХК тооцоо нийлсэн акт үйлдэж талуудын хооронд 2023 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд үүссэн бүхий л өглөг, авлагыг эцэслэн тооцож, баталгаажуулахдаа алдангийг гэрээний үндсэн үүргийн төлбөрт оруулахаар баталгаажуулаагүй нь ******* ХХК-ийг амаар тохиролцсоны дагуу алдангиас татгалзсан тул манай компани тооцоо нийлсэн актын дагуу 685,369,903 төгрөгийг ******* ХХК-д бүрэн төлж барагдуулсан.

2.4. ******* ХХК-ийн зүгээс гэрээт ажлыг 2021 оны 09 сард гүйцэтгэж дууссан бөгөөд тус хугацаанаас эхлэн гэрээний дагуу үндсэн төлбөр болон алданги шаардах эрх үүссэн байтал тус хугацаанд ямар нэгэн алданги торгууль ******* ХХК байгаагүй атал түүнээс хойш 3 жилийн дараа алданги тооцож нэхэмжилж байгаа нь санаатайгаар алдангийн дүнг ихэсгэсэн ёс зүйгүй үйлдэл юм. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар ******* ХХК алданги тооцох шаардах эрхээ алдсан гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан *******-аас 211,507,667 төгрөгийг гаргуулан ******* ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,215,488 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 1,215,488 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д ...Алдангийн төлбөрийг төлөх үндэслэлтэй эсэх талаар маргасан... хэмээн дүгнэсэн атал манай компанийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хэмээн үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасныг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.2. Хариуцагчийн зүгээс гэрээгээр тохиролцсон алдангийг хүчингүй болгосон буюу талууд алданги авахгүй байхаар тохиролцсон тул хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар маргаж татгалзлын үндэслэлээ нотлохоор шүүх хуралдаанд *******-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг ******* ХХК-ийн тэргүүн дэд захирлыг гэрчээр оролцуулсан. Гэрч нь ******* ХХК-ийн тухайн үеийн удирдлагуудтай удаан хугацааны хамтын ажиллагаа, бизнесийн итгэлцлийн хүрээнд амаар алдангийг төлөхгүй байхаар тохиролцсон талаар мэдүүлсэн байдаг. Тодруулбал алдангийн заалтыг хүчингүй болгосон шалтгаан нь 2021 онд гэрээ хэрэгжилтийн явцад хил гааль хаагдсан, нүүрсний тээвэр зогссон, түлш шатахууны хомсдолд орсон зэрэг хоёр талын хүсэл зоригоос гадуурх үүргийн гүйцэтгэлд саад болох бодит нөхцөл байдал үүссэнийг хоёр тал харилцан хүлээн зөвшөөрч ******* ХХК-ийн удирдлага алдангиасаа татгалзсан байдаг. Гэтэл шүүхээс дээрх хариуцагчийн тайлбар татгалзлыг хариуцагч тал гэрээгээр хүлээсэн алдангийн үүргийг зөвшөөрч байгаа ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд давагдашгүй хүчин зүйл үүссэн учир биелүүлээгүй хэмээн дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч тал алдангиасаа татгалзсан тул хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар хариуцагч маргасан нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлгийн бүх үе шатанд илэрхийлсэн тайлбараар нотлогддог тул хариуцагч алдангийг хүлээн зөвшөөрсөн, татгалзсан зэрэг хоёр утгатай бие биеэ үгүйсгэсэн тайлбаруудыг гаргасан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Харин алдангийг бууруулж өгөхийг хүссэн гэх шүүхийн дүгнэлтийн хувьд манай компанийн өмгөөлөгчийн зүгээс өөрийн дүгнэлтдээ хэрэв шүүхээс хариуцагчийн татгалзал тайлбар үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэвэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүхээс түүнийг багасгаж өгөх тайлбарыг хэлсэн байдаг. Гэтэл шүүхээс тэрхүү тайлбарыг хариуцагч алдангийг хүлээн зөвшөөрч зарим хэсгийг хуульд зааснаар бууруулах агуулгаар маргасан хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4.3. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд ******* гэрчээр оролцсон бөгөөд гэрч нь *******-ийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Маргаан бүхий гэрээний үйл явц, хэлэлцээр, үр дүнг ******* ХХК-ийн тухайн үеийн хувьцаа эзэмшигч удирдлагууд болох *******, ******* нартай тохиролцож, дараа дараагийн гэрээнд хамтарч ажиллах, төлбөр барагдуулах гэрээгээр тооцоог хаах талаар ярьж нотолсон байдаг.

Гэтэл шүүхээс гэрчийн мэдүүлгийг харгалзаж үзэлгүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа этгээдийг гэрч гэдэг. ******* нь гэрээний хэрэгжилт болон гэрээний дараах үеийн нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэх гэрч бөгөөд нэхэмжлэгчийн удирдлагуудтай тохиролцсон, аман хэлэлцээрийн талаар ярьсан байдаг. Гэтэл уг нөхцөл байдлыг харгалзан үзээгүй.

Талууд амаар тохиролцон алдангийн заалтыг хүчингүй болсныг илэрхийлэх дараах нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байдаг. Үүнд:

Талуудын хамаарал бүхий компаниуд болох ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд үүссэн өр авлагыг хаах зорилгоор ******* ХХК, ******* оролцсон 4 талт Төлбөр барагдуулах гэрээ-г 2022 оны 03 сарын 21-ний өдөр буюу ******* ХХК-ийг ажлаа хийж гүйцэтгэж дуусаагүй байх үед байгуулсан. Тус гэрээгээр нийт төлөх 1,038,224,060 төгрөгөөс 352,854,157 төгрөгийг суутгуулан тооцож 685,369,903 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Уг гэрээгээр талуудын хооронд үүссэн нийт тооцоог тохиролцож, гэрээ батлагдсаны дагуу тооцоо нийлсэн актаар үлдэгдэл төлбөрийг баталгаажуулсан бөгөөд уг төлбөрөө бүрэн төлж барагдуулсан.

 

Дээрх Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулснаас хойш 2024 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл нийт 4 удаа тооцоо нийлж, актаар баталгаажуулсан. Энэ бүх хугацаанд нэг ч удаа алданги тооцож тооцоо нийлсэн тохиолдол байхгүй, нэхэмжлэгч талын нэхэмжилсэн бүх нэхэмжлэлийн баримтуудад мөн адил нэг ч алданги нэхэмжилсэн дүнтэй нэхэмжлэх байхгүй гэдэг нь талуудын хооронд амаар тохиролцсон тохиролцоо байгааг илэрхийлж байна.

Мөн талууд маргаан бүхий гэрээний алдангийг авахгүйгээр тохирч *******-ийн хамаарал бүхий компани болох ******* ХХК-ийн гүйцэтгэж буй ******* ХК-ийн Цанхи төслийн талбайд ******* ХХК-аар өрөмдлөгийн ажил гүйцэтгүүлэхээр болсон. Уг ажлын хүрээнд нийт 1 тэрбум орчим төгрөгийн ажил гүйцэтгүүлж, төлбөрийг цаг тухайд нь хийж бүрэн барагдуулсан. ******* ХХК нь *******-ийн гаргасан саналыг хүлээн авч, дараа дараагийн төсөлд хамтран ажиллаж, тооцоо нийлэхдээ баталгаажуулаагүй бөгөөд төлбөр нэхэмжлэхдээ хүртэл алдангийн тооцоололгүйгээр нэхэмжилсэн байгаа нь саналыг хүлээн авч аман хэлэлцээр хэрэгжиж байгааг илтгэж байна. Үүгээр Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан аман хэлэлцээр байгуулагдсан болох нь гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдсон.

Мөн ******* ХХК нь анх гэрээний үүрэг зөрчигдсөн цагаас эхлэн алдангийг нэхэмжлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл гэрээний хугацаа дууссанаас хойш 3 жил нэхэмжлээгүй мөртлөө, гүйцэтгэх удирдлага солигдмогц, урьд тохирсон гэрээ хэлэлцээрээсээ буцаж алданги нэхэмжилсэн нь шударга бус бизнесийн ёс зүйгүй үйлдэл юм. *******-ийн зүгээс алдангийн заалтыг хүлээн зөвшөөрч байсан бол ийм удаан хугацаанд төлөхгүй үүргээ биелүүлэхгүй явж их хэмжээний алдангийн төлбөрт орохгүй байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******-д холбогдуулан алдангийн төлбөрт 211,507,667 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ...2021 оноос Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас бүхий л компаниуд эдийн засгийн хямралд орж давагдашгүй хүчин зүйл бий болсон, гэрээний хугацаанд улс орон даяар түлшний хомсдол үүсэж, хил гааль хаагдаж нүүрсний тээвэр зогссон хүндрэл гарч гэрээний үүрэг зөрчигдсөн, *******, ******* ХХК-тай төлбөрөө барагдуулах цаашид өөр төсөл дээр хамтран ажиллах талаар уулзалт хэлэлцээр хийж гэрээний дагуу алданги тооцохгүйгээр үндсэн төлбөрийг төлөхөөр тохиролцсон, 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл өгч авалцсан зүйлээ хянаж тооцоо нийлсэн актад алдангийн талаар тусгаагүй, тэр талаар тохиролцоогүй байх тул ******* ХХК-ийн зүгээс алданги тооцон нэхэмжлэх нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар алданги тооцох шаардах эрхээ алдсан гэж үзэж байна... гэж тайлбарлан, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

3.1. Тодруулбал, шүүх талуудын байгуулсан 2021 оны 08 сарын 24-ний өдрийн MS21/11 дугаартай Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ-г үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. /хх-60-65/

3.2. Мөн шүүх, хэрэгт авагдсан 2021 оны 12 сарын 08-ны өдрийн MS21/11-01 дугаартай Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ MS21/11 дугаартай гэрээний нэмэлт, өөрчлөлт гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн ******* ХХК нь гэрээгээр тогтоосон хугацаанд ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, ******* нь ажлын хөлсөнд 685,369,903 төгрөг төлөх үүргээ гэрээгээр тогтоосон хугацаанаас хэтрүүлэн гүйцэтгэсэн буюу гүйцэтгэлийн дагуу нэхэмжлэх хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор төлж барагдуулах үүргээ зөрчсөн зэрэг үйл баримтуудыг зөв тогтоосон. /хх-33-34, 65, 93, 117-118/

 

4. Зохигч дээрх үйл баримтад маргаангүй, алданги шаардах эрхийн үндэслэлийн талаар маргажээ.

 

5. Талууд ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь ажлыг захиалгад заасан хугацаанд эхлүүлээгүй бол тухайн захиалгад заасан ажлын үнийн дүнгийн 0.05 хувийн, захиалагч нь тухайн гүйцэтгэх ажлын хөлсийг гэрээний 3.2-т заасан хугацаанд төлөөгүй бол төлөгдөөгүй хөлсний үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх алдангийг хоног тутамд тус тус төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсгийн хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, мөн зүйлийн 232.6 дахь хэсгийн Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж тус тус заасантай нийцжээ.

 

6. Нэхэмжлэгч нь гэрээний 3.3-т заасан захиалагч төлбөрийг нэхэмжлэх хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор төлөх үүргээ хариуцагч зөрчиж, хамгийн сүүлд 2024 оны 06 сарын 14-ний өдөр үлдэгдэл төлбөрөө төлсөн гэсэн үндэслэлээр алданги нэхэмжилсэн байна.

Хариуцагч нь тухайн үеийн нөхцөл байдал буюу цар тахлын нөхцөл байдлыг харгалзан компанийн хамаарал бүхий этгээдүүд харилцан тохиролцон алдангиас татгалзсан гэх агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

 

7. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан доорх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

7.1. Тодруулбал, зохигчид гэрээгээр алданги тооцох нөхцөлийг харилцан тохиролцсон.

7.2. Хариуцагч ******* нь гэрээний 3.3-т заасан үүргээ гэрээгээр тогтоосон хугацаанд нь гүйцэтгээгүй үйл баримт тогтоогдсон.

7.3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор хариуцагч *******-ийн MS21/11 гэрээний дугаартай ажлын хугацаа хэтэрсэн төлбөрийн алдангийн тооцооллын баримт, 2021 оны 10 сарын 31, 2021 оны 11 сарын 30, 2021 оны 12 сарын 31, 2022 оны 02 сарын 28, мөн оны 03 сарын 31-ний өдрөөр тус тус огноолсон төлбөрийн нэхэмжлэх зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгчээ. /хх-66-70/

Хариуцагч уг баримтыг өөр баримтаар үгүйсгэж няцаагаагүй байна.

7.4. Хэрэгт ******* ХХК /А тал/, ******* ХХК /Б тал/, ******* ХХК /В тал/, ******* /Г тал/ нарын хооронд байгуулагдсан 2022 оны 06 сарын 21-ний өдөр KHAI/48/22 дугаартай Төлбөр тооцоог харилцан барагдуулах тухай гэрээ авагдсан байна. /хх-86-88/

Гэрээний 3-т А талын хамаарал бүхий компани болох ******* нь В талд 2021.12.08-ны өдрийн MS1/11-01 дугаартай гэрээний дагуу үндсэн төлбөр 1,128,771,540 төгрөгийн өглөгтэй., 4-т Талууд дараах байдлаар харилцан тохиролцож төлбөр тооцоог хаахаар тохиролцов., 6-д Г тал нь В талд төлөх гэрээний төлбөрөөс 352,854,157 төгрөгийг гэрээ батлагдсан өдрөөр төлсөнд тооцож, тооцоо нийлж баталгаажуулна гэж тус тус харилцан тохиролцжээ. Харин зохигчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу алданги тооцохгүй байх агуулга тус гэрээнд тусгагдаагүй байна.

7.5. Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч ******* нар хоорондын өглөг, авлагын талаар нийт 4 удаа тооцоо нийлж акт үйлдэн баталгаажуулжээ.

Хэргийн 87 дахь талд авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа баримтад тус хоёр байгууллагын хоорондын 2022 оны 01 сарын 01-нээс мөн оны 09 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд, 88 дахь талд 2022 оны 01 сарын 01-нээс 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 34 дэх талд 2023 оны 01 сарын 01-нээс мөн оны 06 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд үзүүлсэн ажил үйлчилгээг хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлээр нэг бүрчлэн нийлж үзээд ******* нь 685,369,903 төгрөгийн өглөгтэй гарсныг харилцан баталж, дээрх үлдэгдлийг бэлэн бус тооцооны хэлбэрээр, төгрөгөөр нэхэмжлэн авахаар тохиролцон энэхүү тооцооны үлдэгдлийн баталгаа нь санхүүгийн тайлагналын зорилгоор үйлдэгдсэн ба талуудын хооронд байгуулсан гэрээний хариуцлагыг дүгнэсэн акт биш болохыг харилцан баталсан байна.

Хэргийн 33 дахь талд авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа баримтад хоёр байгууллага 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацааны хоорондын тооцоогоор ******* нь 35,369,903 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталжээ.

Зохигч талууд харилцан тохиролцон гэрээний алданги тооцох нөхцөлөөс татгалзсан гэх үйл баримт дээрх баримтуудаар нотлогдоогүй байна.

 

7.6. Гэрч ******* ХХК-ийн тэргүүн дэд захирал ******* ...төлбөр барагдуулах асуудлыг ярихдаа алдангийн асуудлыг яриагүй. Үндсэн төлбөрийг төлж барагдуулахаар тохирсон болохоос алданги төлөх талаар тохироогүй., ... алданги төлөхгүй гэж *******, *******тэй тохирсон, тохирсоны дагуу төлсөн ... гэсэн мэдүүлэг нь агуулгын хувьд зөрүүтэй байна. /хх-171/

 

7.7. Нөгөөтэйгүүр, зохигч гэрээний алдангийн тохиролцоог өөрчилж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар тухайн хэлцлийг бичгээр байгуулах учиртай. Мөн талууд 2021 оны 08 сарын 24-ний өдрийн MS21/11 дугаартай гэрээний 17.2-д Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг талууд харилцан тохиролцож, нэмэлт гэрээ байгуулсны үндсэн дээр шийдвэрлэнэ гэж харилцан тохиролцсон байна. Иймээс гэрчийн мэдүүлгийг үндэслэн талууд алданги тооцох гэрээний нөхцөлийг өөрчилсөн буюу алданги тооцохоос татгалзсан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэх хуулийн үндэслэлгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол хангагдахгүй.

 

7.8. Хариуцагч ******* нь давагдашгүй хүчин зүйлд хамаарах нөхцөл байдал бий болж төлбөрөө төлөх боломжгүй болсон бол Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3 дахь хэсэгт зааснаар ******* ХХК-д мэдэгдэх ёстой байсан боловч мэдэгдээгүйгээс ******* ХХК нь давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлын үед гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал зөвхөн хариуцагч талд бий болсон, ******* гэрээний үүргээ биелүүлээгүйд ******* ХХК буруугүй гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцэхгүй.

 

8. Хариуцагч тал Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан алдангийн хэмжээг багасгах хүсэлт шүүхэд гаргасан байна.

Хэрэгт 2021 оны 07 сарын 22-ны өдрийн 02/331 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авагджээ. /хх-89/

Уг баримтад ******* ХХК болон ******* ХК нарын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудал тусгагдсан байна.

Иймд хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг багасгах эрхээ шүүхийг хэрэгжүүлээгүй гэж буруутгах боломжгүй.

 

9. Нэхэмжлэгч нь 2024 оны 10 сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

10. Анхан шатны шүүх, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгийг хэрэглэн хийсэн дүгнэлт алдаатай байгаа боловч шийдэлд нөлөөлөхгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/01906 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,215,488 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

 

Ч.ЦЭНД