Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/237

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагчаар, хяналтын прокурор Ц.Мөнхжаргал, 

Шүүгдэгч Л.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-д холбогдох эрүүгийн 1938003890262 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Л.Б.

Шүүгдэгч Л.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумаас Мөрөн сумын чиглэлд хугацаа нь хэтэрсэн гарал үүслийн бичгээр 3.8 метр.куб мод тээвэрлэж ойн санд 108.300 /нэг зуун найман мянга гурван зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Б- нь ашиг хонжоо олох зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумаас Мөрөн сумын чиглэлд хугацаа нь хэтэрсэн гарал үүслийн бичгээр 3.8 метр.куб мод тээвэрлэж ойн санд 324.900 төгрөгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
  • Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
  • 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр олгосон 0009694 дугаартай мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ /хх-ийн 6 дугаар хуудас/,
  • 0143019 дугаартай шийтгэлийн хуудас /хх-ийн 7 дугаар хуудас/,
  • 025521 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг /олгох тасалбар/ /хх-ийн 8 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Л.Б-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 9 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн МХГ-ын төрийн сангийн 100170000982 дугаарын данс руу Л.Б- нэрээр 50.000 төгрөгийн торгууль төлсөн Капитал банкны орлогын мэдүүлгийн баримт /хх-ийн 10 дугаар хуудас/,
  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 26 дугаар хуудас/,
  • Хохирогч А.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой ярьсан байгаа. Би энэ хэрэгт сумаасаа хохирогчоор тогтоогдож байгаа бөгөөд дүгнэлтэд гарсан хохирлыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
  • Хохирогч А.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...Би Л.Б-д ой цэвэрлэгээний ажпаар Цагаан Уул сумын нутаг Элээт гэх газраас түлшний зориулалттай мод 10 метр.кубыг бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрлийг 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр олгосон ба эрхийн бичгэн дээр мод бэлтгэх хугацааг 12 сарын 16-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд гэж тодорхой бичиж зааж өгсөн байгаа. Л.Б- нь хугацаандаа амжиж Мөрөн суманд орох ёстой гэдгийг би хуульд заасны дагуу тайлбарлаж өгсөн тул Л.Б- нь мэдэхгүй явж байгаад гарал үүслийн гэрчилгээнд заагдсан мод тээвэрлэх хугацааг хэтрүүлэх боломжгүй гэж бодож байна”

гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

  • Гэрч М.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би аймгийн Цагдаагийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 50/300-215 тоот албан бичгийн дагуу Мөрөн сумын иргэн Л.Б-д холбогдох хэрэгт Мэргэжлийн хяналтын газрын дарга, хэлтсийн даргын цохолтын дагуу зөрчлийн материалын дугаар авч хэргийн материал бүрдүүлж Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь заалтад заасны дагуу 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийтгэл ногдуулсан. Иргэн Л.Б-ыг дуудаж прокурорт шилжүүлсэн. Тэгтэл прокуророос тус зөрчлийн материалын шийтгэвэрийн хуудсыг хүчингүй болгох талаар дүгнэлт бичиж иргэн Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх дүгнэлт бичсэнийг Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх надаас тайлбар авч миний 2019 оны 02 сарын 01-ний өдрийн 0133019 дугаартай шийтгэвэрийн хуудсыг хүчингүй болгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,
  • Хөвсгөл аймгийн “Эрчимт Идэр” сум дундын ойн ангийн инженер Г.Өнөрсайханы 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай: “...Л.Б- нь 108.300 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий мод тээвэрлэсэн байна” гэх дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-ийн 41-43 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Л.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон хэргийнхээ талаар үнэн зөв тодорхой ярьсан байгаа. Би 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гарал үүслийн гэрчилгээг Цагаан-Уул сумын байгаль орчны байцаагч А.Д-оос авч Хужирт бригадын Элээт гэх газраас түлшний мод бэлтгээд Мөрөн сум руу хөдлөх гэтэл өөр хүмүүсийн ачаа ачих болоод Цагаан-Уул суманд хэд хоносон юм. Би хүмүүсийн ачаа ачиж мөнгө олдог юм. Тиймээс л хэдэн төгрөг нь хаа байх вэ гээд Цагаан-Уул суманд хэд хоносон юм. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр хүлээж байсан ачаагаа хүнээс авч модтойгоо хамт машиндаа ачаад Мөрөн сум руу орж яваад 3-р багт цагдаад саатуулагдсан юм. Тэгээд хугацаа хэтэрсэн гоожинтой явсан тул би цагдаад саатуулагдаж машинаа журмын хашаанд хийлгэсэн. Тэгээд Мэргэжлийн хяналын байцаагч М.Б- нь та хугацаа хэтэрсэн гарал үүслийн гэрчилгээтэй явсан байна гэж хэлээд зөрчлөөр 50.000 мянгаар торгосон. Би зөрчлөө шийдүүлчихлээ гэж бодоод машинаа хот руу аваачаад зарчихсан юм. Мөн түлшний модоо хагалж хэрэглэж байсан. Хугацаа хэтэрсэн гоожинтой явж болдоггүй гэдгийг би мэддэггүй байсан юм. Журмандаа сунгуулах байсан юм байна лээ. Би хуулиа зөрчсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч Л.Б-ы иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-ийн 11, 60 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн байгаль орчин, экологийн мэдлэг дутмаг байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Л.Б- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн хамгаалалтад байх ойн санд хохирол учруулан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан хор уршигт зориуд хүргэж, “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь

үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Л.Б- нь ашиг хонжоо олох зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумаас Мөрөн сумын чиглэлд хугацаа нь хэтэрсэн гарал үүслийн бичгээр 3.8 метр.куб мод тээвэрлэж ойн санд 324.900 төгрөгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн шунахайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоосон байх тул шүүгдэгч Л.Б-ы үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь байгаль орчин, экологи-эдийн засагт 324.900 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Б- нь 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 108.300 төгрөгийг Баттогтохын Даваацэрэн гэх хүний 509313428 дугаарын данс руу шилжүүлсэн кассын орлогын баримт /хх-ийн 61 дүгээр хуудас/ хэрэгт авагдсан байх боловч шүүгдэгч нь байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлсөн, 108.300 төгрөг төрийн сангийн дансанд орсон эсэх нь эргэлзээтэй байна.  Шүүгдэгч нь шүүх хуралдааны явцад учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн болно.

Иймд шүүгдэгч Л.Б-аас 324.900 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Л.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.

Шүүх шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Б- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “Гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж, хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Л.Б- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчээс 324.900 /гурван зуун хорин дөрвөн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төрийн сангийн дансанд оруулсугай.      

5. Шүүгдэгч Л.Б-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ