Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/238

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар, хяналтын прокурор Г.Сэндэнсүрэн, 

Шүүгдэгч Я.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Э-д холбогдох эрүүгийн 1938004710290 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Я.Э.

Шүүгдэгч Я.Э- нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяа Хатгал тосгоны төвд хохирогч Ө.Э-тай загасны тор тавих асуудлаас болж маргалдан, түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд “хөнгөн” хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Я.Э- нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяа Хатгал тосгоны төвд хохирогч Ө.Э-тай загасны тор тавих асуудлаас болж маргалдан, танхайн сэдэлтээр түүний нүүрэн тус газар гараараа цохиж баруун чамархайн хуйханд няцралт, доод уруулын салстад язралт бүхий эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Хохирогч Ө.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 21 цагийн үед ...Я.Э- Маагаа хоёр завьтай явж байгаад далайн эрэг дээр гарч ирээд муу бацаан нар хүний үг авахгүй байна уу гээд ирээд миний нүүр хэсэг болон толгой руу хэд хэдэн удаа Я.Э- цохьсон. ...миний шүд гэмтсэн дээд талын үүдэн хоёр шүд хөдөлсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
  • Гэрч Ш.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Я.Э-, Маагаа хоёр далайн эрэг дээр гарч ирээд манай дүү болох Ө.Э-ыг Я.Э- нь гараа атгаж байгаад нүүр рүү нь цохисон. Би боль гэхэд намайг ирээд толгой руу цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,
  • Гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Я.Э- “Үүрэн ай” гэх газар загас барихаар явж байсан. Тэгтэл хоёр залуу бид нар дээр ирээд Я.Э- нэг залуутай нь загасны торноос болж маргалдсан. Я.Э- тэр залууг хоёр алгадсан. Нөгөө залуу Я.Э-ыг барьж аваад нэг мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 346 дугаартай: “1. Ш.О-ын биед баруун чамархайн хуйханд няцралт, доод уруулын салстад язралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байна. 3. Ш.О-ын биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/,

Шүүгдэгч Я.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Хохирогч Ө.Э-ын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг цохиж учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. ...Хохирогч Ө.Э-ын эмчилгээнд гарсан зардал болох 500.000 төгрөгийг төлж барагдуулан түүнтэй эвлэрлийн гэрээ байгуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 56 дугаар хуудас/,
  • Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 57 дугаар хуудас/,
  • Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/,
  • Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Шүүгдэгч Я.Э- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Я.Э- нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Апаг-Эрдэнэ сумын харьяа Хатгал тосгоны төвд хохирогч Ө.Э-тай загасны тор тавих асуудлаас болж маргалдан, түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд баруун чамархайн хуйханд няцралт, доод уруулын салстад язралт бүхий “хөнгөн” хохирол учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Я.Э-ы үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Я.Э- нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Ө.Э-тай “учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 61 дүгээр хуудас/-г байгуулсан байх тул шүүгдэгч Я.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Я.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Я.Э- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Я.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Я.Э- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Я.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Я.Э-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Э- нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

5. Шүүгдэгч Я.Э-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я .Я.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ