| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2023/00763/И |
| Дугаар | 210/МА2025/00697 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/00697
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/02191 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* ХХК-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 12,718,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Миний хувийн зусланд хаусын ажил гүйцэтгэж байсан *******"барилгын газрууд керамзитаар дулаалга хийдэг, керамзит бетон гулдмай үйлдвэрлэдэг ******* ХХК-аас ав гэсний дагуу 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ******* ХХК-д 84 м3 блокны үнэ ачлагын төлбөрийн хамт 12,718,500 төгрөгийг төлсөн.
Зуслангийн байшин удаад байхаар нь очиж үзтэл ******* ХХК-ийн өгсөн блок чанарын шаардлага хангаагүй, миний хурууны үзүүрээр үйрч бутарч байсан. Мэдсэн даруйд хариуцагч ******* ХХК-д мэдэгдэхэд захирал, хуулийн зөвлөх нар ирж хараад, захирал нь ийм чанаргүй блок хэд хэдэн удаа гарсан, солиод өгье гэтэл хуульч нь тийм юм байхгүй явдаг газраараа яв гээд хэрэлдээд явсан.
Би 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр *******ХХК-д өргөдөл гарган шинжилгээ хийлгэсэн. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хариуцагчид шийтгэлийн хуудас бичигдсэн байсан. Мэргэжлийн хяналтын газар нь ******* ХХК-ийн худалдан борлуулж байгаа блок нь тохирлын гэрчилгээ аваагүй буюу зөвшөөрөлгүй блокийг худалдан борлуулсан, тухайн блокоор барьсан байшин нь хүн амьдрах шаардлагыг хангахгүй талаар дүгнэлт гаргасан, мөн 5,000,000 төгрөгөөр торгосон.
Өнөөдрийг хүртэл би 30 хувийн гүйцэтгэлтэй байшингаа барьж дуусгаж чадаагүй.
Иймд худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагчаас блокны төлбөрт шилжүүлсэн 12,718,500 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч ******* худал тайлбар өгч, Иргэний хуулийн 254.1, 254.6, 255.1, 255.1.1, 255.1.3-т заасныг зөрчсөнөө зориуд нуухыг санаархаж байна. Зарын дагуу ******* манай үйлдвэр дээр ирж, инженер, борлуулагч нартай уулзан, урьдчилгаа төлбөрөө дансаар төлсний дараа түүний хувийн орон сууцыг барих гүйцэтгэгч тал болох *******гэдэг хүн өөрийн тээврийн хэрэгслээр хүрмэн чулуун блок ачин явсан.
Тэрээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт Захиалагч ******* ******* ХХК-ийн менежер *******тай үйлдвэр дээр нь бүтээгдэхүүнийг өөрийн биеэр хэрхэн үзэж танилцсан, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо "Шар хоолойн ам" хэмээх 40 гаруй км газарт хэрхэн хүргэх талаар зааварласан бөгөөд барилга барьж байхад өдөр бүр ажлын явц чанарыг шалгаж байсан гэж тодорхой мэдүүлэг өгсөн байдаг. Манай үйлдвэрийн ажилчид ******* үйлдвэр дээр ирж блокны чанарыг шалгаж хүлээн авсан, хуульд заасан хугацаанд гомдол гаргах боломжтой байсныг гэрчлэх бөгөөд бичлэг, фото зураг нь бий. *******ын зуслангийн байшин барьсан блок манай үйлдвэрийн блок биш Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 4 дүгээр ДЦС-аас Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны Шар хоолойн ам хүртэл 40 км замд тээвэрлэх үед солигдсон байх бүрэн боломжтой. Учир нь манай үйлдвэрийн блокийг дуурайлган хийдэг хүмүүс бий, хууль хяналтын байгууллагад удаа дараа гомдол гаргадаг боловч тэдний үйл ажиллагааг зогсоож чаддаггүй.
Нэхэмжлэгч нь гэрээг цуцалж байгаа бол блокийг буцааж өгөх ёстой байтал өгөөгүй, манай блокийг ашиглан байшингаа барьсан тул шүүх блокийг буцааж өгсөн эсэхийг шалгахгүйгээр хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй, талууд мөнгөө төлөөд бараагаа авснаар гэрээ дууссан тул гэрээ цуцлах үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт тус тус зааснаар ******* ХХК-аас 12,718,500 төгрөг гаргуулж, *******од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,646 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 288,646 төгрөгийг гаргуулж *******од олгож шийдвэрлэсэн.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан үндэслэлгүй, Улсын дээд шүүхийн 2016.09.05-ны өдрийн 3 дугаар зөвлөмжид гэрээнээс татгалзах, цуцлах асуудлыг тайлбарласан байхад анхан шатны шүүх гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг гэрээнээс татгалзсан нэхэмжлэлийн шаардлага гаргасан мэт шийдвэрлэсэн. ******* ХХК-ийн худалдсан перлет 6 м3 үнэ 726,000 төгрөг, керамзит 13 м3 1,072,500 төгрөгийн үнэтэй тохирлын гэрчилгээтэй лабораторийн дүгнэлттэй чанарын доголдолгүй барилгын материалуудын талаар талууд шүүх хуралдаанд мэтгэлцэн дэлгэрэнгүй тайлбарласан атал нийтэд нь чанарын доголдолтой бараа нийлүүлсэн мэт 12,718,500 төгрөг нэхэмжилснийг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус. Бидний нийлүүлсэн блокоор зуслангийн байшин бариад керамзитаар шалаа дулаалж, дээврийг нть перлет хөвөнгөөр дулаалаад гудамжны хулхи блок худалдаж аваад БАК лабораторийн дүгнэлтгүй гэсэн шалтаг гарган хувийн өмчийг шүүхийн шийдвэр гаргуулан дээрэмдэв.
Нэхэмжлэгч тал манай нийлүүлсэн блокын ихэнх хэсгийг хулгайд алдсан гэж шүүх хуралдаанд тайлбарласан байхад шүүх үүнд дүгнэлт өгсөнгүй. Дээрх зөвлөмжид ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдахыг мөн хуулийн 352.4-т заасан. Гэрээг цуцлах бол тухайн эд зүйлийн дийлэнх хэсгийг буюу 50-аас дээш хувийг гүйцэтгэсэн тохиолдолд гэрээг цуцлах боломжгүй, 50-аас доош бол гэрээнээс татгалзаж болно. Гэрээнээс татгалзах тохиолдолд гэрээний эд зүйлийг хариуцаж өгнө. Гэрээг цуцлах бол гүйцэтгээгүй үүргийн хэмжээгээр цуцлагддаг. Талууд Иргэний хуулийн 243-261 дүгээр зүйлд зааснаар тухайн эд зүйлийг харилцан солилцож, 100 хувь төлбөр мөнгөө төлж, бараагаа авч Улаанбаатар хотоос 80 км зайтай газар очиж байшин барилга барьчихаад гэрээ цуцална гэх үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч 2020 оноос хойш чанаргүй блоктой холбогдуулан маргаан үүсгэсэн. Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр ******* ХХК-д тавьсан акт үндэслэлтэй, чанаргүй, тохирлын гэрчилгээ аваагүй, биет байдлын доголдолтой блок худалдсан болохыг тогтоосон.
Тохирлын гэрчилгээ аваагүй буюу барилга барих зориулалтаар үйлдвэрлэх зөвшөөрөл аваагүй блокыг худалдсан болох нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан актаар тогтоогдсон. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон.
Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 12,718,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчийн худалдсан 84 м3 блок чанарын шаардлага хангаагүй учир гэрээг цуцалж, төлбөрийг буцаан гаргуулна гэж тодорхойлсон.
Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч нь гэрээг цуцалж байгаа бол блокийг буцааж өгөх ёстой байтал өгөөгүй, манай блокийг ашиглан байшингаа барьсан тул шүүх блокийг буцааж өгсөн эсэхийг шалгахгүйгээр хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй, талууд мөнгөө төлөөд бараагаа авснаар гэрээ дууссан тул цуцлах үндэслэлгүй гэж тайлбарласан.
3.1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ гэрээний зүйлийг 84 м3 блок гэж тодорхойлж, холбогдох стандартад нийцээгүй гэж дурдсан ба хариуцагч нь 84 м3 блокоос гадна 13 м3 керамзит хайрга, 6 м3 перлит тус тус нэхэмжлэгчид худалдсан, эдгээр нь чанарын доголдолгүй гэж маргасан, өөрөөр хэлбэл гэрээний зүйлд керамзит хайрга, перлит хамаарах эсэх, эдгээр нь доголдолтой эсэх буюу маргааны зүйлийн талаар талууд мэтгэлцээгүй байна.
3.2.Мөн хариуцагчийн худалдсан барилгын материалын чанараас шалтгаалан нэхэмжлэгчийн барилгад хүн амьдрах боломжгүй нөхцөл байдал бий болсон эсэхэд зохигч маргасан хэдий ч уг үйл баримт тогтоогдоогүй, эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн эсэхийг шүүхээс дүгнэхэд ач холбогдолтой үйл баримт байна.
Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Эдгээр бүтээгдэхүүнүүд барилга баригдаж байгаа газраа байгаа ... 30 хувийн гүйцэтгэлтэй баригдсан ... тухайн бүтээгдэхүүнүүдийг ашиглан барилга барьсан ч амьдрах ямар ч боломжгүй болсон. Танайх тэр барилгаас очиж авах юмаа авч болно. Зарим блок алга болсон байгаа. Түүнийг хэн авсныг мэдэхгүй байна ... гэж тайлбарласнаас үзвэл хэргийн үйл баримт тогтоогдоогүй гэсэн агуулга бүхий хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлтэй.
4.Иймээс хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтад давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/02191 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 288,646 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА