МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,
Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн,
Хохирогч Ж.Э-,
Гэрч Б.Баярмаа,
Шүүгдэгч Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-од холбогдох эрүүгийн 1838001690324 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.М.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М- нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, “Аюулгүйн тойрогийн зүүн хойд тал” гэх газарт байрлах хохирогч Ж.Э-ийн эзэмшлийн объект /2 давхар байшин/-ын цонхоор нэвтэрч, пильта 348 ширхэг, халаалтын радиатор 353 ширхэг, уголник төмөр 4 ширхэг, шилэн хөвөн 20 боодол, хар замаск 12 уут, замаскны тор 14 боодол, оспо хавтан 40 ширхэг, 10 см-ын хөөс 9 ширхэг, 5 см-ын хөөс 20 ширхэг, хөнжил гудас, ор хөнжлийн даавуу 1 ширхэг, бүргэд хаалганы цоож 2 ширхэг, 5-10 смын хадаас, сантехникийн холбох хэрэгсэл зэрэг барилгын материал, эд зүйлсийг нь хууль бусаар авч, 12 200 000 / арван хоёр сая хоёр зуун мянган/ төгрөгний хохирол учруулж, “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХнь:
- Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр 2018 оны 02 дугаар сарын 20-ны үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Аюулгүйн тойрогийн зүүн хойд тал” гэх газарт байрлах хохирогч Ж.Э-ийн эзэмшлийн объект /2 давхар байшин/-ын цонхоор нэвтэрч, пильта 348 ширхэг, халаалтын радиатор 353 ширхэг, уголник төмөр 4 ширхэг, шилэн хөвөн 20 боодол, хар замаск 12 уут, замаскны тор 14 боодол, оспо хавтан 40 ширхэг, 10 см-ын хөөс 9 ширхэг, 5 см-ын хөөс 20 ширхэг, хөнжил гудас, ор хөнжлийн даавуу 1 ширхэг, бүргэд хаалганы цоож 2 ширхэг, 5-10 смын хадаас, сантехникийн холбох хэрэгсэл зэрэг барилгын материал, эд зүйлсийг нь хууль бусаар авч, 12.200.000 төгрөгийн хохирол учруулж, “хулгайлах” гэмт хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Хохирогч Ж.Э-ийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 16 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
- Хохирогч Ж.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манайх Мөрөн сумын 6-р баг аюулгүй тойргийн ар талд үйлчилгээний зориулалтаар ашиглахаар байшин барьж байгаа юм. Тэгээд ашиглалтанд оруулж чадахгүй байгаа. Энэ обьект сүүлийн 2 жил гаран эзэнгүй байгаа бөгөөд сантехникийн сэлбэг хэрэгсэл болон өөр бусад барилгын материалыг дотор нь оруулаад хураачихсан байсан. Би объектоо хамгийн сүүлд 2018 оны 02 дугаар сарын 02, 03-ны орчим эргэсэн тэгэхэд зүгээр байсан. Тэгсэн өнөөдөр харин хүмүүс манай тэндээс паар ачиж байхыг манай баруун талд байдаг гуанзны эзэн хараад манай хүүхдэд хэлээд улмаар цагдаад мэдэгдсэн байсан. ...Би түрүүн явж эд зүйлээ бүртгэж үзсэн. Тэгэхэд 80x80 см хэмжээтэй 350 ширхэг пильта байснаас 2 ширхэг үлдээд 348 ширхэг пильта байхгүй болсон байна. Паар 400 байхаас байшинд 47 ширхэг үлдсэн машин дээр 250 ширхэг ачаатай байна. Тэгээд бодоод үзэхээр 103 ширхэг паар байхгүй болсон байна. Түүнээс гадна оспо хавтан 40 ширхэг, 7x7 см хэмжээтэй 6 метр урттай угольник төмөр 4 ширхэг, шилэн хөвөн 20 боодол, 10x120x200 см хэмжээтэй хөөс 90 ширхэг, хар замаск 12 ширхэг зүйлүүд алдагдсан байна. ...Би хулгайд алдсан пильтагаа Э-гэх айлын гэрээс портер хөлсөлж очиж авсан бөгөөд тухайн портерын жолооч Д- гэх хүнд хөлс гэж 10.000 төгрөг өгсөн. Мөн ачигч Дандар гэх хүн 5.000 төгрөг өгсөн. Мөн үнэлгээний хөлсөнд 30.000 төгрөг өгсөн. Үүнийг нэхэмжилнэ. ...Улаанбаатар хотоос ачаа ачиж ирсэн жолооч залуу мэдэж байгаа. Гэхдээ би тэр залуугийн нэр утсыг нь мэдэхгүй байна. Манаачаар ажиллаж байсан Сээгий гэх залуу, манай бандитай байшингийн гадна талын пассат хийж байсан Г- нар мэдэж байгаа. Эдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах юм бол бүгдийг хэлнэ. ...Паарны секц 250 ширхэг, 3 уут холбох хэрэгсэл, 232 ширхэг пильта зэргийг буцаан авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-25 дугаар хуудас/,
- Гэрч Х.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай эхнэр Д- бид хоёр гэрээсээ гараад 7-р хороо руу айлд очихоор Мөнх-Оргих дэлгүүрийн тэнд явж байтал машинтай хоёр хүн ирж зогсож дотор нь сууж явсан хүн нь ах, эгч хоёр тус болооч ачаа ачаад өгөөч хөлсийг нь өгье гэхээр нь би хэсэг тээнэгэлзэж байгаад зөвшөөрөөд машинд нь суугаад явсан. Бид хоёрыг аваад аюулгүйн тойргийн ард талд байх хашааны гадаа очсон тэнд очиход гадаа нь нэг портер маркийн машин байсан. Тэр машин дээр нилээн хэдэн паар ачсан байсан юм би очоод хашааруу орж үзэхэд хашаан дотор байх байшингийн гадаа паар гаргаад орхичихсон байсан бөгөөд энэ паарнуудыг зөөнө гэхээр нь зөөж машинд ачсан. Нөгөө залуу болохоор байшин дотроос гаргаж өгч байгаад дахиж хоёр хүн олж ирнэ гэж яваад буцаж ирээгүй би ганцаараа гадаа гаргасан паарыг зөөж дуусаад байшингийн цонхоор хартал дотор нь 2-3 ширхэг паар үлдсэн байхаар нь тэрийг нь гаргаж машин дээр ачсан. Намайг паарыг ачаад дуустал нөгөө машин ч байхгүй эхнэр маань ч байхгүй байсан портерын жолооч бид хоёр тэр газраас хөдлөөд засмал замруу ороод хойшоо захруу өгсдөг замын тэнд нөгөө машин зогсож байхаар нь очтол нөгөө паар ачуулсан залуу байхгүй машины жолооч манай эхнэр хоёр машин дотор бензин дуусчихсан гэчихсэн сууж байсан. Тэгээд байж байтал паарны эзэн гэж хумүүс ирээд цагдаа сэргийлэх болоод наашаа ирсэн. Нөгөө паар ачуулсан залуу өөрөө буцаж ирээгүй. Миний хувьд хөлсийг нь өгье гэхээр нь л явчихсан юм. Хулгайн эд зүйл ачиж байгааг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
- Гэрч Х.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Мөрөн суман дотроо хөлсөөр ачаанд явдаг юм. Тэгсэн өдөр 14 цагийн үед захын хойд Ирээдүй цайны журмын газрын урд талын зогсоол зогсож байтал ,,, ХӨА улсын дугаартай Соната-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй 3 залуу ирээд нэг залуу нь бууж ирээд паар ачуулах гэсэн юм явах уу гэхээр нь би явна гээд дагаад яв гэхээр нь араас нь явсан. Тэгж явж байгаад надтай уулзсан залуу нь урд зах руу ороод 3 залуу дагуулж гарч ирээд машиндаа суулгаад урагшаа уруудаж явсаар Аваргууд сургуулийн зүүн тал, аюулгүй тойргийн ар талд байх хашааны гадаа очоод хашааны ар талд зогсоогоод эндээс зөөгөөд аччихъя гэсэн. Би хашаа руу шахаад зогсож байтал нөгөө урд захаас авсан 3 залуу, анх над дээр очиход хамт явсан залуу дөрөв хашаа руу ороод паар ачиж гаргаж ирж машин дээр ачиж байснаа яасан юм мэдэхгүй болилоо гээд 4-үүлээ хамт яваад өгсөн. Би яагаад явсаныг мэдэхгүй байна. Тэгсэн надтай очиж уулзсан залуу та байж бай би яваад ачих хүн олоод ирье гэхээр нь би энэ ачсан ачаагаа буулгаж ав би ажилтай явмаар байна удах юм биш үү гэсэн чинь удахгүй байж бай гээд миний утасны дугаарыг аваад нөгөө соната маркийн машинтайгаа яваад өгсөн. Би ч удахгүй хүрээд ирэх байх гээд хүлээгээд зогсож байхад буцаж ирсэн. Ирэхдээ нэг настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй ирээд эмэгтэй хүн нь соната машин дотор суугаад хамт ирсэн настай хүн нь надтай уулзсан эрэгтэйтэй хамт хашаа руу ороод байшингаас паар зөөгөөд машинд ачсан. Тэгж зөөж байснаа надтай уулзсан залуу зөөхөө болиод соната маркийн машин руу орж суугаад яваад өгсөн. Тэгэхэд нөгөө сүүлд ирсэн ах ганцаараа паарыг зөөж машин дээр ачиж байсан. Тэгээд байж байтал нэг машинтай хүн ирээд надаас ямар учиртай паар ачиж байгаа талаар асуухад би хүн ачуулж байгаа би хөлсөөр явж байгаа гэдгээ хэлсэн. Тэгсэн тэр хүн цагдаа руу яриад байх шиг байсан. Энэ үед паар ачуулж байсан залуу над руу яриад паар ачиж дуусаж байна уу гэж асуусан. Тэгэхэд нь би дуусаагүй байна, ирж өөрөө хурдан ачаач гэж хэлэхэд за би одоо очлоо гэсэн. Тэгсэн паар ачиж байсан ах ачаад дуусчихлаа гэхээр нь би хөдлөөд зам руу гараад иртэл нөгөө соната машин нь зах руу өгсдөг замын тэнд зогсож байхаар нь араас нь очиж зогсоод бууж очтол машины жолооч паар ачсан ахтай хамт ирсэн эмэгтэй хоёр машин дотор сууж байсан. Би жолоочоос нөгөө паар ачуулсан залуу хаашаа явчихав гэсэн чинь машин бензин дуусаад колонк руу хоёр явчихсан гэж хэлсэн. Тэгтэл харин паарны эзэн гээд хүн ирээд хулгай хийлээ гэснээ миний машины түлхүүрийг аваад цагдаа дуудчихсан. Удалгүй цагдаа ч ирсэн тэгээд наашаа цагдаа дээр ирсэн. ...Би хашаа руу ороогүй миний бодлоор байшин дотроос л ачаад байх шиг байсан. Надтай анх очиж уулзахдаа 400 ширхэг паар ачуулна 10.000 төгрөгөөр ачиж өгөхөөр тохирсон. Хаанаас ачаад хаана очиж буулгахыг асуухад ойрхон ойрхон дагаад явчих гээд дагуулаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/,
- Гэрч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай нөхөр Х.Г- бид хоёр 4-р хорооноос 7-р би хороо руу айлд очихоор Хатгал явах замд байдаг Мөнх-Оргих дэлгүүрийн тэнд явж байтал машинтай 2 хүн ирээд юм ачилцаад өгөөч мөнгө төгрөгийг нь өгье, дахиад ачих хүн байна уу гэсэн. Тэгэхэд нь би нөхрийгөө явъя гэсэн чинь нөхөр маань мөнгө нь хаа юм гээд ачъя гээд машинд нь суугаад аюулгүй тойргийн ард талд хашааны гадаа очсон. Тэнд очиход нэг портер машин зогсож байсан. Тэгээд нөхөр машинаас буугаад нэг залуутай нь хамт паар ачаад би жолоочтой нь хамт машин дотор сууж байсан юм. Тэгж байгаад нөгөө паар ачуулсан залуу машин дотор оруулж ирээд Энхээ ахын гэрт очиж утсаа авъя гэсэн. Тэгэхэд машины жолооч би чамтай зөндөө явлаа машин бензингүй боллоо гэсэн чинь та яваадөгчихөө би мөнгийг чинь өгнө гээд байсан. Тэгж байгаад явахаар болоод наашаа засмал зам руу гараад хойшоо өгсөөд явж байтал машины бензин нь дуусаад зогсчихсон. Тэгсэн машины жолооч нь нөгөө залууд 5 литрийн сав өгөөд бензин аваад ир гээд явуулсан. Тэгээд байж байтал манай нөхөр ачаагаа ачиж дууссан бололтой нөгөө портер машинтайгаа араас ирсэн. Тэгэхэд миний сууж байсан машины жолооч өөрөө явж бензин авъя гээд хөдлөөд колонк орж бензин аваад буцаад анх зогссон газраа ирээд байж байтал хүмүүс ирээд паар хулгай хийлээ гэж бөөн асуудал болсон. Тэгээд байж байтал цагдаа ирээд наашаа ирсэн. Нөгөө паар ачуулаад байсан залуу бензин авчирна гэж яваад буцаж ирээгүй” гэх мэдүүлэг /хх-н 31-32 дугаар хуудас/,
- Гэрч С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өчигдөр би 2-р хороонд байдаг найз О-ын гэрт очиж цай уучихаад байж байтал гаднаас нэг танихгүй залуу орж ирээд таксинд явах уу гэхээр нь би цай уугаад дуусаж байсан болохоор явъя гээд явсан. Би тэндээс нэг танихгүй залууг суулгаад хаашаа явах талаар асуухад зах руу явъя тэндээс юм ачих машин авна гэсэн. Тэгэхээр нь зах дээр очоод нөгөө залуу ачаа ачдаг портер машинтай уулзаад дагуулаад явъя гээд намайг урагшаа уруудаад аюулгүй тойргийн ар талд байх хашааны гадаа очсон. Тэнд очоод нөгөө залуу машинаас буугаад дагуулж очсон портер машин дээр хашаанаас юм ачаад байсан. Би машинаас огт буугаагүй. Тэр залуу нээрээ захын тэндээс явахдаа юм ачуулна гээд 4 залууг аваад явсан юм байна. Тэр залуучууд нь хэсэг юм ачилцаж байснаа яваад өгсөн. Яагаад явсныг би мэдэхгүй байна. Тэгсэн нөгөө залуу ачаа ачуулах хүн олж ирнэ гээд намайг машинтай явъя гээд бид хоёр хойшоо төв зам өгсөөд явж байтал гудамжинд настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн явж байтал нөгөө залуу тэр хоёртой уулзаад машинд суулгаад буцаад юм ачиж байсан газартаа очоод нөгөө залуу гудамжнаас авсан эрэгтэй хүнтэй портер машин дээр юмаа ачаад хамт явсан эмэгтэй нь миний машин дотор сууж байсан. Тэгж байтал нөгөө залуу би явж утсаа авах хэрэгтэй байна нэг явчихаад ирье гэхээр нь би хөдлөөд хойшоо зах руу явж байтал миний бензин дуусчихсан. Тэгэхээр нь би чи таксины мөнгөө өгөөгүй юм чинь тэр мөнгөндөө бензин аваад ир гээд сав өгөөд явуулсан. Тэгсэн харин буцаж ирэлгүй тэр чигтээ алга болчихсон. Би хүлээгээд ирэхгүй болохоор нь арай гэж хөдөлж колонк орж өөрийнхөө мөнгөөр бензин аваад буцаад нөгөө газартаа иртэл цагдаа сэргийлэх болчихсон байсан. Миний хувьд энэ хэрэгт ямар ч хамаагүй таксинд явах уу гэхээр нь явья гээд явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
- Гэрч П.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Битүүний өдөр буюу 02 дугаар сарын 15-ны өдөр намайг гэртээ байж байхад манай эхнэрийн төрсөн дүү Б.М- ирээд Э- ах аа пильта авах хүн байна уу гэж асуухаар нь би авах хүн байж магадгүй Э-ахынх байшин барьж байгаа тэднийхээс асууж өгье гэсэн. Тэгээд би Э-ахруу залгасан чинь утсаа авахгүй байсан тэгэхээр нь эхнэртэй нь холбоо бариад хямдхан зарах пильта байна авах юм уу гэж асуухад үзье хямдхан бол авна гэсэн. Тэгэхээр нь би Б.М-од хүмүүс авч магадгүй юм байна гээд хаана байгаа юм гэхэд хамт явъя очиж үзье гээд ...аюулгүйн тойргийн ард талд байсан хоёр давхар байшинтай хашааны тийшээ очсон. Тэнд очоод Б.М- дотогшоо хашаа руу ороод гарч ирэхдээ цагаан саарал өнгийн 80x80 см хэмжээтэй нэг ширхэг пильта гаргаж ирээд надад үзүүлсэн. Тэрийг хараад би гайгүй пильта байна авах байх гээд Э-ахын гэрийг зааж өгөөд явуулсан ...Д- гэрт ирчихсэн байхаар нь яасан юу болов пильтагаа зарж чадаа юу гэхэд пильтагаа зарчихсан. Б.М- мөнгөө авсан надад грүшигний мөнгө өгөөгүй гэж байсан. Тэгээд удаагүй байж байтал Б.М- манай гэрт хоёр шил архи, ундаа барьчихсан орж ирэхээр нь Б.М-, манай төрсөн ах Ө-/Оёг/, төрсөн дүү Д- бид дөрөв хувааж уусан ...Б.М- надад тэр пильта авсан газарт очоод манай найзынх байгаа юм гэж байсан ...Б.М- намайг хамт явсан гэж байгаа бол худлаа ярьж байна. ...Би Б.М-ыг олж үнэн учраа олохыг хүсч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
- Гэрч Ц.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр намайг гэртээ хүүхдээ хараад байж байтал манай барьж байгаа барилгын дотор заслыг хийж өгөх гэж байгаа Э- гэж залуу миний утас руу .... гэсэн дугаараас залгаад “Э- байна би Хатгалд ажил хийж байна энэ барилгын хүмүүс илүү гарсан пильтагаа урд үнээр нь зарна гэж байна, та худалдаж аваач” гэсэн. Тэгэхэд би хэдэн төгрөгөөр зарах юм гэхэд Мөрөнд 7.500 байдаг юм билээ танд 4.000 төгрөгөөр өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар учиртай пильта юм бэ гэхэд ямар нэгэн асуудал байхгүй хулгайн эд зүйл биш та битгий санаа зов илүү гарсан пильтагаа зарж байгаа юм гэсэн. Тэгж яриад би Э-т би Э-ахтай чинь ярьчихаад эргээд яръя гэж хэлсэн. Тэгээд би нөхөр Э-луу залгатал утсаа авахгүй байсан бөгөөд утсаа салгаад байж байтал гаднаас танихгүй залуу орж ирээд Э- бригадын дарга явууллаа, Э-дарга байна уу гэж асууж орж ирсэн. Тэгэхэд нь би ямар учиртай хүмүүс болох талаар тодруулахад Э-ийг явууллаа гэж хэлсэн. Тэгээд пильта зарах гэж ирсэн нь мэдэгдсэн. Би тэр залуугаас ямар пильта юм бэ гэсэн чинь нөгөө манайд орж ирсэн залуу гарч яваад гаднаас нэг ширхэг пильта барьж орж ирээд надад үзүүлсэн. Тэр үзүүлсэн пильта нь боломжийн пильта болохоор нь авахаар болоод буулгачих гэсэн. Тэр залуу анх манайд ирэхдээ машинаар пильтагаа ачаад ирчихсэн байсан. Тэгээд эхлээд манайд 61 ширхэг пильта буулгаад мөнгөө авъя гэхэд нь надад мөнгө байхгүй дансны дугаараа өгөөч дансаар хийе гэхэд надад ... гэсэн дансны дугаар өгсөн. Тэр данс руу би найзаараа 244.000 төгрөгийг шилжүүлсэн. Пильтагаа буулгаад явсаны дараа өдөр 14 цагийн орчим ... гэсэн дугаараас хүн залгахаар нь аваад ярьтал нөгөө манай гэрт ирж пильта буулгасан залуу байсан бөгөөд надад дахиад 100 гаран пильта байна, та нэгмөсөн худалдаад авчихаач мөнгийг нь одоо аваад Хатгал руу гарах гээд байна гэсэн. Тэгэхээр нь би Э-той утсаар яриад дахиад пильта зарна гээд байна авах уу яах уу гэж асуусан чинь Э-өөрөө мэд аваад хэрэг байна уу гэсэн. Тэгэхээр нь би эргэж яриад пильта авахгүй гэдгээ хэлсэн. Тэгсэн орой 17 цагийн үед .... гэсэн дугаараас 10 гаруй удаа над руу залгахаар нь аваагүй. Тэгтэл удалгүй өдөр ирж пильта буулгасан залуу ирээд Э-ахтай ярьсан буулгачих гэж хэлсэн гээд манай гэрт 180 орчим пильта буулгасан. Тухайн үед би мөнгөгүй жаахан хүүхэдтэй гэрээс гарч чадахгүй байсан учраас орой Э-ыг ирэхээр нь мөнгөө аваарай гэсэн. Тэгэхэд нөгөө залуу тэгье гэж гарч яваад ойр ойрхон ирээд Э-ыг ирсэн үү гэж асууж орж ирээд байсан. Ингээд байж байтал Э-орой харанхуй болсон үед гандангаас ирээд нөгөө залууд бэлэн 480.000 төгрөг өгөөд явуулсан ...дахиж холбогдохгүй байж байгаад 02 дугаар сарын 20-ний өдөр над руу .... гэсэн дугаараас хүн залгахаар нь аваад ярьтал манайд пильта авчирч буулгасан залуу байсан бөгөөд паар илүү гарсан паар авах уу ширхэгийг нь 30.000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгэхээр нь би тийм үнэтэй паар авахгүй гэж хэлээд утсаа салгасан. ...Орой 19 цаг өнгөрч байхад Э-ажпаасаа ирээд байж байтал дахиж залгахаар нь аваад ярьтал паараа ачаад танай гадаа аваачсан байгаа та нар өөрсдөө буулгаад аваач гэхээр нь тэгж чадахгүй өөрсдөө ирж буулга хаанаас паар авсан тэр газарт чинь очиж уулзъя гэж ярьсан. Тэгсэн нөгөө залуу одоо очлоо гээд манай гэрт ирээд ачиж ирсэн паараа буулгах гэж байхад нь цагдаа нар орж ирээд барьж аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар хуудас/,
- Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын эхээр байсан санагдана. Өдрийг нь санахгүй байна. Би Ж.Э- гэх хүний Мөрөн сумын 6-р хороонд Аюулгүйн тойргийн ард баригдаж байгаа байшингийн цонхны хамгаалалтыг нь хийж байхад Ж.Э- гуай “чи хойтон байшингийн доторлогоо хийж өгөөрэй” гээд барилгын материалаа үзүүлж байсан бөгөөд миний харснаар оспо хавтан, барилгын 10 см хөөс, паарны секц, пилта, шохойн хавтан, шилэн хөвөн, сантехникийн холболтууд зэрэг зүйлүүд харагдаж байсан. Ингээд би за гэж хэлээд орхисон байсан чинь өнгөрсөн хавар цагаан сарын үеэр нөгөө барилгын материалаа хулгайд алдчихлаа гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,
- Гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Э-тай өмнө нь холбогдоод пильта нааж өгөөч гэж утсаар ярьж байсан. Өмнө нь пильта болон барилгын бусад материал худалдаж авахаар тохиролцсон зүйл байхгүй. Над руу залгаад пильта авах уу гэхээр нь манай эхнэртэй холбогдчих гэсэн чинь манай эхнэртэй холбогдоод пильта аваачиж өгсөн байсан. ...Хэдэн ширхэг пильта худалдаж авч байсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан пильта зарсан залууд 720.000 төгрөг өгсөн гэж байсан. ...Би пильта худалдаж авсан 720.000 төгрөгөө пильта зарсан залуугаас нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 дугаар хуудас/,
- Гэрч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын сүүлчээр байх, өдрийг нь санахгүй байна. Мөрөн сумын 6-р хороонд оршин суудаг Э-ламынх шугамын ажил хийж байхаар үеэр манай найз Ж гэх хүн над руу залгаад чи Ж.Э- гэх хүний таньдаг юм чинь гуйгаад өгөөч хөгшин нь Э- гуайн хашаан доторхи дулааны шугамнаас шугам татах гэсэн юм гэхээр нь би Ж.Э- гуай руу утсаар холбогдоод Ж.Э- гуай ирээд би уулзаад барьж байсан байшинд нь орж байсан. Тухайн үед байшинд нь нилээн их барилгын материал байсан. Миний санаж байгаагаар дулааны хөөс, оспо хавтан зэрэг зүйлүүд байсан. Зарим зүйлийг нь сайн санахгүй
байна. Зөндөө л их овортой юм харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/,
- Гэрч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2014 оны 03 дугаар сард байх, өдрийг нь сайн мэдэхгүй байна. Ж.Э- нь намайг Хятад улсын Эрээн хот руу дагаж яваад барилгын материалууд авч байсан. Одоо миний санаж байгаагаар байшингийн гадна пассат, сангийн хэрэгсэл, доторлогооны материалууд авч байсан. Одоо зарим зүйлийг нь сайн санахгүй байна. Бид хоёр Эрээн хотоос авсан зүйлээ Хөвсгөл аймгийн гаралтай Батдэлгэр гэх хүнд үлдээгээд Хөвсгөл руу ачуулчихаарай гэж хэлчихээд ирсэн. Тэгээд нилээн хэд хоногийн дараа барилгын материал нь ирсэн сурагтай байсан. Ямар ч л байсан хамт явж барилгын материал авсан нь үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/,
- Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 02 дугаар сард байх өдрийг нь сайн мэдэхгүй байна. Намайг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух гэртээ өөрийн төрсөн ах Өлзий-Орших, Э- нарын хамт байж байхад Б.М- ирээд Ээгий ахад хандан Оршихоо ах, Д- та гурав надтай хамт пильта ачилцаад өгөөч дүү нь та гуравт хорь хорин мянган төгрөг өгье гэсэн чинь Э- ах би ажилтай чадахгүй байх гэсэн чинь намайг хамт яваад өгөөч гээд гуйгаад байхаар нь ямар учиртай пильта ачих гээд байгаа талаар нь асуухад “ажил хийж байгаа газраасаа цалингаа аваагүй, цалингийнхаа оронд пильта өгсөн” гэж байсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд хамт явж пильта ачиж өгөхөөр болсон. Тэгээд байж байтал манай гэрт Э- ахын найз Г нь манайтай ирж Э- ахыг аваад явах гэхээр нь бид хоёр замдаа дөхөөд буучихъя гэж хэлээд Э- ахын найзынх нь машинд суугаад Хүүхдийн төлөө төвийн хажууд буусан. Тэгээд пильта ачсан байшингийн хажууд очоод Б.М- ачих машинд дуудаж байна гээд нэг хүн рүү яриад байсан. Тэгээд удалгүй хөх өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн ирээд Б.М- бид хоёр Б.М-ын пильта хулгай хийсэн байшин руу уг байшингийн ертөнцийн зүгээр баруун хойд талын цонхоор нь орсон. Намайг байшин руу ороход байшингийн нэг давхарт шилэн хөвөн, паар, сангийн угольник төмөр, оспа хавтан, пильта зэрэг барилгын зөндөө олон материал байсан. Мөн хоёр давхарт нь паар байгаа харагдаж байсан. Тэгээд Б.М- бид хоёр тэр байшин дотроос пильта зөөгөөд Б.М-ын дуудсан портер маркийн тээврийн хэрэгсэл дээр ачсан. Тэгээд паар зөөнө ач гэхээр нь би чадахгүй гээд зөөгөөгүй юм. Ингээд портер дээр ачсан пильтагаа яг хойд талынх нь гудамжинд байдаг хоёр давхар байшин барьж байсан айлын хашаанд аваачиж буулгасан. Тэгээд Б.М-оос пильта худалдаж авсан эгч мөнгийг мобайлаар шилжүүлээд Б.М- банк орж мөнгөө аваад ирье гэж яваад ирээгүй. Би Б.М-оос пильта ачиж өгсөн хөлсөө аваагүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 59-62 дугаар хуудас/,
- Гэрч О.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Б.М-ыг гурилын үйлдвэрийн авч хажуу талд байр түрээсэлж байгаа гэхээр нь очсон чинь Б.М- түлээ байхгүй гээд галгүй сууж байсан. Тэгэхээр бид хоёр түлээ олох гээд Аюулгүйн тойргийн хойд талын шинээр баригдаж байсан хоёр байшингийн хажуу талаар түлээ мод хайгаад явж байтал Б.М- нь Өлзийгийн манаач хийж байгаа гэх байшингийн баруун талынх нь хагархай цонхоор яваад орсон. Тэгээд гарч ирээд энэ байшин дотор зөндөө олон барилгын материал байна гэж хэлээд хамаатныхаа ах руугаа руу залгаад танд пильта худалдаж авах хүн байна уу гээд залгаад байсан. Тэгээд удалгүй нөгөө ах нь хүний дугаар өгсөн бололтой утсаар яриад байсан. Үүнээс хойш 2 хоногийн дараа Б.М- манай гэрт машинтай ирээд халааснаасаа баахан хорин мянгатын дэвсгэрт гаргаж ирээд тоолоод байсан. Тэгээд тэр их мөнгөнөөсөө надад хоёр зуун жаран мянган төгрөг өгье, чи хөгшиндөө нөгөө газраасаа юм ачилцаад өгөөч гэхээр нь “би тэгж хулгайд ороод яахав” гэж хэлээд явуулсан. Үүнээс хойш Б.М- хорин мянгатын дэвсгэртүүд тоолоод 13 дугаар хороогоор архи уугаад яваад байсан. Тэгээд намайг хонинд явж байхад Б.М- залгаад хөгшин чинь нөгөө нэг газар руу чинь орж хулгай хийж байгаад цагдаад баригдаад зугтааж явна. Хөгшин чинь байшингийн дээвэр дээр байна, чи хөгшиндөө хоол хийгээд ирээч гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,
- Үнэлгээчний хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 66-67 дугаар хуудас/,
- Гэрч Н.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын сүүлчээр байх ээ өдрийг нь сайн санахгүй байна. Намайг өөрийн ээж Н-гийн гэрт нь очоод байж байтал Б.М- гаднаас орж ирээд би Э ахаас хэдэн ширхэг паар авсан, тэрнийгээ зарах гэсэн чинь танд авах хүн байна уу гэхээр нь ямар паар юм бэ гэхэд ирчлээтэй орос паар байгаа гэсэн. Тэгэхээр нь би за нэг хүн рүү яриад өгье гээд өөрийн өмнө хамт ажил хийж байсан Б гэх хүн рүү залгаж “та орос паар авах уу” гэхэд ах нь байшингийнхаа бүх материалыг хотоос аваад ирсэн гэсэн. ... тэгээд нэг их тоогоогүй орхисон. Үүнээс 2-3 хоногийн дараа намайг өөрийн ээж Н-гийн гэрт нь очиход ээж надад хандан танай гэрийн хаалга эвдэрчихсэн байна лээ шүү дээ, би аюулгүйн тойргийн хойд талын байшингаас хэдэн ширхэг палкны өөдөс авчирч түлсэн. Тэр байшингийн гадаа нэг : ширхэг тал нь машины дугуйн дайрагдсан оспо хавтан байна лээ, тэрнийг авчираад хаалгаа янзалчихаач гэхээр нь өөрийн ээжийн хамт очиж үзсэн. Тухайн үед тэр байшингийн гадаа доод нь хоёр ширхэг банз тавиад дээр нь оспо хавтан тавьсан байсан. Би бодохдоо тэр оспо хавтан дээгүүр юм гүйлгэж буулгасан юм болов уу гэж бодсон. Тэгээд би тэр байшинг тойрч үзэхэд баруун талын нь цонхны шил хагарсан, зүүн цонхны шил хагараагүй бүтэн байсан. Тэгээд цонхоор нь харахад тэр байшингийн нэг давхарт паар, сангийн турбанууд, пильта, шохойн хавтан, шилэн хөвөн, зэрэг зүйлүүд байгаа харагдсан. ...Ингээд нилээн хэд хоногийн дараа Б.М- манай гэрт очоод та хойд талынхаа байшин руу очиж үзсэн үү, барилгын материал зөндөө олон юм байгаа биз, хоёулаа хамт яваад тэрнийг зарчих уу гэсэн. Тэгэхээр би үгүй үгүй ах нь ёстой тэгж чадахгүй, өчнөө олон хүүхэдтэй байж шоронгийн хадаас болоод яахав гэж хэлээд явуулсан. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа Б.М- манай гэрт согтуу орж ирээд нилээн олон хорин мянгатын дэвсгэрт гаргаж ирээд надад мөнгө байна гээд үзүүлээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 172-174 дүгээр хуудас/,
- Гэрч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын сүүлийн сүүлчээр байсан санагдана. Намайг Мөрөн сумын 7-р баг Эрчимийн байранд гэртээ байхад Б.М- манай гэрт орж ирээд “Д эгч ээ Б бид хоёр түлээгүй хөлдөж үхэх гээд байна, түлээ байна уу, өгөөч” гэхээр нь “эгч нь түлээ муутай байгаа, харин нүүрс байна” гээд шуудайны тал нүүрс өгөөд, Б.М-од хандан “аюулгүйн тойргийн хойд талын байшингийн хажуугаар нилээн их палкны өөдөс болон тайрдас, банз байна лээ, чи колонкийн хүнд үнэнээ хэлээд тэндээс авчихаач” гэхэд Б.М- манайхаас гараад явсан. Тэгээд тэр орой нь Б.М- болон түүний хуучин найзалж байсан Б гэх хүүхэн бид гурав аюулгүйн тойргийн хойд талын байшин руу очсон. Тэгээд Б.М- энэ байшин дотор түлээ байх шиг байна гээд байшингийн баруун талаар тойрсон. Тэгээд удалгүй шил хагарах чимээ гарахаар нь яваад очиход Б.М- тэр байшингийн баруун талын цонхыг нь хагалаад дотогшоо орсон байсан. Араас нь Б- бид хоёр яваад орсон. Тэгээд тэр байшин дотор ороход байшингийн нэг давхарт зузаан хөөсөнцөр, цемент зэрэг байсан. Харин байшингийн хоёр давхарт пильта, паар, шилэн хөвөн, замаск, хадаас, шохойн хавтан зэрэг зүйлүүд байсан. Тэгээд Б.М- надад хэлэхдээ “Д- эгч ээ энэ зүйлүүдийг зарахад багадаа л 1 сая төгрөг болох юм байна” гээд байсан. Тэгэхээр нь би Б.М- руу уурлаад “юу яриад байгаа юм бэ, шоронд орох нь уу” гэж хэлээд хэдэн ширхэг палкны өөдөс аваад байшингаас гараад шууд гэртээ харьсан. Үүнээс 2 хоногийн дараа байх би Б.М-ын түрээслэж байсан байр руу нь ороход Б.М- нилээн олон хөөсөнцөр гэр рүүгээ оруулаад ор хийгээд түүнийгээ шар өнгийн орны бүтээлэгээр бүтээсэн байсан. Тэгээд би хаанаас хөөсөнцөр авчирсан юм бэ гэхэд нөгөө байшингаас чинь авчирсан гэж байсан. Тэгээд Б.М- надад хандан “Д- эгч ээ би нөгөө байшинд байгаа угсармал паар, пильта, шилэн хөвөн болон бусад зүйлүүдийг зарчихмаар байна, танд худалдаж авах хүн байна уу гэхээр нь би Б.М-од хандан “чи битгий хуцаад байгаараа шоронд явах чинь дутаа юу” гэж хэлээд гарсан. Тэгээд манай нөхрийн бие нь муудаад би 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хот руу явсан. Намайг Улаанбаатар хотод байхад Б.М- хулгай хийгээд цагдаад баригдсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 175-177 дугаар хуудас/,
- Гэрч О.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Ж.Э- эгчийн Мөрөн сумын 6-р багт байрлах обьектын манаачаар одоогоос бараг 3 жилийн өмнө ажиллаж байсан. Гэхдээ нэг их удаагүй больсон. Нарийн хугацааг нь хэлж мэдэхгүй байна. ...Нилээн их барилгын материал байдаг байсан. Одоо миний санаж байгаагаар пильта, хөөсөнцөр, орос паар, оспо хавтан, шилэн хөвөн, замаск зэрэг зүйлүүд байдаг байсан. Зарим зүйлийг нь одоо санахгүй байна. Тухайн үед байшиндаа ойр зуурын юм хийж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 197-198 дугаар хуудас/,
- Деспозит дансны дэлгэрэнгүй хуулга, /хх-ийн 131 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 02-р сард буюу цагаан сарын шинийн 2-ны өдөр би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-р хороонд байрлах эзэнгүй байшин руу өдрийн 14-15 цагийн орчимд очоод байшингийнх нь ертөнцийн зүгээр баруун талын хагархай цонхоор дотогшоо ороод дотроос нь 40 боодол пилта гаргаж байшингийнх нь гадаа тавиад зах руу явж хойд захаас хөх өнгийн, улсын дугаарыг нь мэдэхгүй портер машинтай хүнийг хөлслөөд хулгай хийсэн пилтагаа ачаад хулгай хийсэн газраасаа хөдлөөд яг арын гудамжинд хоёр давхар тоосгон байшин барьж байсан ламд хулгай хийсэн пилтагаа нийт 500 гаруй мянган төгрөгөнд зарсан. Эхний өдөр нь 300 гаруй мянган төгрөг аваад, маргааш нь 240.000 төгрөг авсан. Энэ өдрөөс 2 хоногийн дараа дахин очиж эзэнгүй байшингийн дотроос нилээн хэдэн ширхэг паар зөөж гаргаад портер авахаар захын ойролцоо явж байтал ачаа ачна гээд үл таних ах, эгч хоёр цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй явж аваад хулгай хийсэн паараа ачиж байсан чинь цагдаа нар хүрээд ирэхээр нь би зугтаасан. Тэгээд 3 цаг орчмын дараа паар ачиж өгөх гэж байсан портер машины эзэн рүү залгасан чинь чи хүрээд ир паараа ав гэсэн. Тэгээд яваад очсон чинь хоёр цагдаатай хамт зогсож байсан. Тэгээд намайг барьж аваад цагдаа дээр аваачаад маргааш хүрээд ир гээд явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 100-102 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.М-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 110 дугаар хуудас/,
- Д.Б-н нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 111 дүгээр хуудас/,
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 112 дугаар хуудас/,
- Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 242 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 114-115 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 116-121 дүгээр хуудас/,
- Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 219-222 дугаар хуудас/,
- Б.М-ын М-н төрсний гэрчилгээний хуулбар болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогч өөрийн эд хөрөнгийг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Энэ гэмт хэргийг шүүгдэгч Б.М- ганцаараа үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Б.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр 2018 оны 02 дугаар сарын 20-ны үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, “Аюулгүйн тойрогийн зүүн хойд тал” гэх газарт байрлах хохирогч Ж.Э-ийн эзэмшлийн объект /2 давхар байшин/-ын цонхоор нэвтэрч, пильта 348 ширхэг, халаалтын радиатор 353 ширхэг, уголник төмөр 4 ширхэг, шилэн хөвөн 20 боодол, хар замаск 12 уут, замаскны тор 14 боодол, оспо хавтан 40 ширхэг, 10 см-ын хөөс 9 ширхэг, 5 см-ын хөөс 20 ширхэг, хөнжил гудас, ор хөнжлийн даавуу 1 ширхэг, бүргэд хаалганы цоож 2 ширхэг, 5-10 смын хадаас, сантехникийн холбох хэрэгсэлзэрэг барилгын материал, эд зүйлсийг нь хууль бусаар авч, 12.200.000 төгрөгийн хохирол учруулж, “хулгайлах” гэмт хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь хохирогч Ж.Э-ийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 16 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/, хохирогч Ж.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-25 дугаар хуудас/, гэрч Х.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/, гэрч Х.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/, гэрч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-н 31-32 дугаар хуудас/, гэрч С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, гэрч П.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, гэрч Ц.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар хуудас/, гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/, гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-55 дугаар хуудас/, гэрч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/, гэрч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/, гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 59-62 дугаар хуудас/, гэрч О.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/, үнэлгээчний хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 66-67 дугаар хуудас/, гэрч Н.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 172-174 дүгээр хуудас/, гэрч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 175-177 дугаар хуудас/, гэрч О.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 197-198 дугаар хуудас/, Деспозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 131 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 100-102 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “хэн хулгай хийх санааг гаргасан юм бэ” гэх асуултад “би хулгай хийх санааг гаргасан”, “эхлээд юу авсан юм бэ” гэх асуултад “эхлээд пильта аваад дараа фар авсан”, “та ганцаараа хулгай хийсэн юм уу” гэх асуултад “тийм”, “гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан чинь юу юм бэ” гэх асуултад “эхнэр маань нас бараад архинд орсноос болсон”, “6.491.000 төгрөгийн хохиролтой байгаа юм уу” гэх асуултад “би бусдыг нь аваагүй. Байр түрээсэлж байсан хүмүүс тэр байшингаас түлээ авдаг байсан”, “та үүнээс хойш байшинд хэдэн удаа очсон юм бэ” гэх асуултад “2 удаа очсон” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч Б.М- нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа “хүн ...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд” нэвтэрч дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, “бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломж бүрдүүлэн” авсан нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн байна гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, гэрчүүдийн мэдүүлэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Б.М-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эд хөрөнгөд 13.074.000 төгрөгийн бодит хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ.
Эд зүйлсийн үнэлгээгээр тогтоогдсон нийт хохирол болох 13.074.000 төгрөгөөс гэрч Н.У-ийн авсан 1 ширхэг оспо хавтангийн үнэ 22.000 төгрөг, хохирогч Ж.Э-ийн буцаан авсан 250 ширхэг паар /250x14 000=3.500.000 төгрөг, 232 ширхэг пильта /232x13 000=3.016.000 төгрөг, сантехникийн холбох хэрэгсэл /3x15 000=45.000 төгрөг/ нийт 6.561.000 төгрөгийг хасахад шүүгдэгч Б.М- нь хохирогч Ж.Э-т 6.491.000 төгрөгийн, мөн хохирогчийн зүгээс барилгын материал тээвэрлэхэд автомашин хөлсөлсөн зардал, үнэлгээний зардал зэрэг 45.000 төгрөгийг төлөх төлбөртэй байх тул шүүгдэгчээс нийт 6.536.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Э-т олгох нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.М-ын төрсөн эгч гэрч Б.Б нь шүүгдэгч Б.М-ыг иргэний нэхэмжлэгч Д.Э-ын гэрт нь пильта наах, замаскны ажлыг хийж ажлынхаа хөлсийг аваагүй тул хохирол төлбөрт 720.000 төгрөгийг оруулан тооцуулах талаар хүсэлт гаргаж байх боловч энэ талаарх нотлох баримтгүй, ажлын хөлсний тооцоог гаргах боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч Д.Э-нь пильтаны үнэ 720.000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.М-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.М-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн ...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.М-ыг 1 жилийн хугацаагаар тэнссэн болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 219-222/-аар тогтоогдож байх ба шүүгдэгч Б.М- нь тэнссэн хугацаанд буюу 2018 оны 02 дугаар сарын 20-ны үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн байх тул, улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан санлыг үндэслэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна”, 5 дахь хэсэг “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна”, 6.8 дугаар зүйл. “Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах” 1 дэх хэсэг “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” 3 дахь хэсэг “Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй”, 4 дэх хэсэг “Хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй”, 6.9 дүгээр зүйл. “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” 1 дэх хэсэг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, 3 дахь хэсэг “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй”, 4 дэх хэсэг “Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна” гэснийг тус тус баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөрийг төлөх талаар санаачлагагүй хандаж байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Б.М-од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.М-од ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Э-ийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч, барилгын материал, эд зүйлс хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар тэнссэн ялаас 6 сарыг нэмж, нэгтгэн нийт 3 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэх хүсэлтийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.М- нийт 110 хоног баривчлагдаж, цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Б.М-ын баривчлагдаж, цагдан хоригдсон 110 хоногийг хорих ялын 110 хоногоор тооцож эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.М- нь хэдийгээр эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг боловч, шүүх өрх толгойлсон эцэг гэж үзэн талийгаач Д.Баярчимэгийн нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 111/, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 112/-оор тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч Б.М-ын хүү А овогт Б.М-ын М-д асран хамгаалагч тогтоохыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад даалгав.
Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.М-ыг “Хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.М-ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.М-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-од оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ын баривчлагдаж, цагдан хоригдсон 110 /нэг зуун арав/ хоногийг хорих ялын 110 /нэг зуун арав/ хоногоор тооцож, эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-оос 6.536.000 /зургаан сая таван зуун гучин зургаан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Шарнууд Жанчивын Ж.Э-т олгож, иргэний нэхэмжлэгч Д.Э-нь пильтаны үнэ 720.000 төгрөгөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч Б.М-ын хүү М-д асран хамгаалагч тогтоохыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад даалгасугай.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М-оос гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ