| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2022/02740/И |
| Дугаар | 210/МА2025/00876 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/00876
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/01242 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ХХК-д холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтыг Улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, хохирол 145,710,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн 121,425,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь 2018 оноос 2022 оны хооронд ******* ХХК-д ажиллаж байхдаа *******той харилцан тохиролцоод 2020 оны 01 сарын 09-ний өдөр 20/04 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ******* дүүргийн ******* тоот хаягт байрлах, өмчлөх эрхийн *******дугаартай 2*******5.73 м.кв хэмжээтэй үйлчилгээний талбай бүхий ******* худалдааны төвийн ******* тоот хаягт байрлах, 80.95 м.кв үйлчилгээний талбайг *******,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. 2019 оны 12 сарын 13-ны өдөр 30,000,000 төгрөгийг, 2019 оны 12 сарын 30-ны өдөр 33,000,000 төгрөгийг тус тус *******ын ******* банкны ******* дансанд, 2020 оны 01 сарын 21-ний өдөр 50,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн ******* банкны дансанд тушаасан.
1.2. ******* нь ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг холбогдох баримтуудын хамт өгсөн боловч тухайн үед ******* банкны барьцаанд байгаа тул бүртгэхгүй гэсэн хариу өгсөн.
Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтыг Улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг даалгаж өгнө үү.
1.3. 2020 оны 01 сарын 09-ний өдөр ******* бид хоёр тухайн талбайг түрээслэгч *******тай очиж, ******* нь түрээсийн талбайг ******* худалдаж авч байгаа учир түүнтэй түрээсийн гэрээ байгуулаарай гэж хэлсний дагуу ******* бид хоёр түрээсийн гэрээ байгуулж, талбайн түрээсийг би авч байсан. Энэ нь гэрч *******гийн мэдүүлгээр нотлогдоно.
1.4. Миний бие 2022 оны 6 сар хүртэл түрээсийн төлбөр авсан бөгөөд хариуцагч тал 2022 оны 07 сарын 15-ны өдрөөс 2024 оны 12 сар хүртэлх нийт түрээсийн төлбөр болох 145,710,000 төгрөгийг авсан тул уг орлогыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.
2.1. Энэ гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлж хийсэн. 2020 оны 01 сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй. Тухайн талбайг *******т худалдах хүсэл зориг, агуулга компанид байгаагүй. Тус ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө нь бүхэлдээ 21.000 м.кв талбай бөгөөд нэг өмчлөх эрхийн гэрчилгээтэй. Энэ өмчлөлийн гэрчилгээнээс *******т тусад нь салгаж өгсөн, палан зураг үйлдсэн зүйл байхгүй.
2.2. ******* нь нотариатч дээр очиж гарын үсэг зурж хэлцлээ гэрчлүүлээгүй, хоёулаа хурууны хээгээ уншуулаад Хур системд гэрээ бүртгэгдээгүй. Нотариатын танхимаас ирүүлсэн нотлох баримтад үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ ирүүлсэн. Худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн өөр хоёр гэрээ ирсэн. Тус гэрээнд он, сар, өдөр, талбайн хэмжээ, үнэ бүгд зөрүүтэй байсан. Түүнчлэн ******* үл хөдлөх хөрөнгийн татвар төлсөн гэх 1,000,000 төгрөгийг ******* ХХК төлсөн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн нотолсон баримт хэргийн материалд байхгүй. ******* ХХК-ийн захирал ******* тухайн нөхцөл байдлыг бүгдийг уншиж танилцаад 2023 оны 12 сарын 26-ны өдөр ******* дүүргийн прокурорын газарт хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн гэх агуулгатай гомдол гаргасан.
Нэхэмжлэгч нь 2021 оны 01 сарын 09-ний өдрийн үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээг 349 дугаартай нотариатч *******ээр батлуулаад хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд өгсөн байгаа. Мөн нөгөө гэрээгээ дахин ******* гэх нотариатчаар батлуулж, одоо түрээсэлж байгаа түрээслэгч *******г албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан. Ингээд хоёр шүүхэд хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
2.3. ******* ХХК-ийн прокурорт гаргасан гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.
Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8-д заасан, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг үндэслэж *******ээс 121,425,000 гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна.
3.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасныг үндэслэн 2020 оны 01 сарын 09-ний өдрийн үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна. *******т анхнаасаа энэ кофе шопыг худалдах хүсэл зориг байгаагүй. 2019 оны 12 сарын 06-ны өдөр 02/540 дугаартай албан бичгийг ******* өөрөө гүйцэтгэх захирал гэсэн нэрээр гарын үсэг зурж, ******* банканд хандсан байдаг.
3.2. Тус компани ******* банктай 2015 оны 11 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 28-ны өдрийн 846 дугаартай шүүгчийн захирамж гарсан.
Өнөөдрийн байдлаар банкны зээлийн үлдэгдэл нь 10,760,850,918 төгрөг байна. Байгууллагын захирлууд хоорондоо харилцан тохиролцоод ******* түрээслэгчтэй 82.67 м.кв талбай кофе шопыг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг ******* өөрөө гаргасан. Уг хүсэлтийн агуулга нь 2019 оны 12 сарын 16-ны онгоотой, үүний дараа 2020 оны 01 сарын 10-ны өдөр ******* банканд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа баримтыг дүр үзүүлэх зорилгоор энэ бичгээ өгсөн. Үүний дагуу дүр үзүүлснийхээ дараа ажлаа хүлээлгэж өгөөд гэрээгээр нотариатаар баталгаажуулаад шүүхэд хандсан.
Иймээс ******* ХХК-ийн өмчлөлийн 21.000 м.кв талбай банкны зээлийн барьцаанд байгаа гэдгээр талууд маргахгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа гэдгээр мөн маргахгүй. Тухайн үед шүүхийн шийдвэр гүйцэтгэл, банк хоёроос талбайг эзэмшилдээ авч үлдэж, цаашдын үйл ажиллагаандаа зарцуулна гэсэн ерөнхий захирал, гүйцэтгэх захирал хоёрын тохиролцоо хэвээрээ гэдэгт маргахгүй. ******* худалдааны төвийн ******* давхарын талбайг И март болон ******* банк ХК-д хэсэгчилж худалдсан гэдэг дээр ч мөн адил талууд маргадаггүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгөө хураалгахгүй авч үлдэж байгаа компанийн хүсэл зориг юм. Иймд хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.
3.3. ******* байгууллагын санхүү, гүйлгээ хийх эрх, санхүүгийн тайлан гаргах гэх мэт санхүүтэй холбоотой бүх ажлыг гардан хийдэг байсан. 2020 оны 01 сараас кофе шопын талбайг сар бүр 3,000,000 төгрөгөөр *******д түрээсэлж, үндэслэлгүй хөрөнгөжсөн тул 121,425,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.
4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:
4.1. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ дүр үзүүлсэн хэлцэл гэж тайлбарлаж байгаа боловч тус худалдах, худалдан авах гэрээнд талууд харилцан тохиролцоод гарын үсэг зурсан. Мөн ******* ХХК-ийн захирал *******ын гарын үсэг мөн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан.
4.2. Гэрээнд эзэмших, ашиглах эрх нь төлбөр төлөгдөж, гэрээ хийгдсэнээр шилжинэ. гэж заасан бөгөөд тухайн хугацаандаа шилжээд ******* гэдэг хүнтэй түрээсийн гэрээ байгуулсан. Энэ талаар гэрч ******* ******* захирал, *******тэй хамт ирээд энэ хүн худалдан авч байгаа ******* рүү мөнгөө шилжүүлээрэй гэж хэлсэн талаар мэдүүлдэг. Үүний дагуу хоёр жил гаруй хугацаанд түрээсийн төлбөрөө авсан учраас үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал байхгүй.
4.3. Түүнчлэн хариуцагч сөрөг нэхэмжлэлийн агуулгаа тодорхойлохдоо ******* банктай холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийж дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь заалтад шүүхийн шийдвэр биелүүлэх, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийхийн тулд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад болж, дүр үзүүлсэн хэлцэл хийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээж, гэмт хэрэгт тооцно гэж заасан. Өнөөдрийн тайлбараас нь сонсоход анхнаасаа шилжүүлэх санаа зорилго байхгүй байсан.
******* бол худалдах, худалдан авах гэрээ хийж байгаа гэж ойлгоод мөнгөө шилжүүлээд байсан. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтад иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй бусад хуульд шууд заагаагүй эрх үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно гэж заасан байдаг. Хариуцагч анхнаасаа хуулиар хориглосон, дүр үзүүлсэн хэлцэл хийх хүсэл зоригтой байсан. Харин нэхэмжлэгч хуулиар хориглоогүй худалдах, худалдан авах хэлцэл хийх хүсэл зоригтой байсан байна.
Хариуцагч хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж байгаа боловч манайх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл хийсэн. Худалдах, худалдан авах гэрээ хийж түүнийхээ дагуу мөнгөө төлсөн. Хариуцагч талаас дүр үзүүлсэн хэлцэл гэдэг боловч улсын бүртгэлийн газарт ******* захирал өөрөө гарын үсэг зураад, шилжүүлж өгөөч гэсэн хүсэлт гаргасан нь хүлээн зөвшөөрсөн гэж харагдаж байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг ******* дүүргийн ******* тоот хаягт байршилтай, ******* худалдааны төвийн ******* тоот, 80.95 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч *******ийг уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтыг Улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-нд даалгаж, хариуцагч ******* ХХК-аас 145,710,000 /нэг зуун дөчин таван сая долоон зуун арван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, ******* болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 01 сарын 09-ний өдрийн 20/04 дугаартай үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үндэслэлгүй хөрөнгөжсөн 121,425,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,917,800 төгрөг, хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,498,025 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,759,850 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. *******ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг нь өмнө нь анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж, шүүх *******ийг тухайн талбайн өмчлөгчөөр тогтоож байсныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2024 оны 06 сарын 05-ны өдрийн 210/МА2024/01194 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
Магадлалд Талуудын хооронд үүссэн гэрээний маргаантай холбоотой асуудал нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй эсэхийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тохиолдолд уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссан эсэхийг тодруулах, уг хэрэг бүртгэлтийн хэрэг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг шийдвэрлэх боломжгүй байгааг анхаараагүй байна гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлтэд дурдагдсан үйл баримт арилаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд ******* дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаа ба улмаар хэрэгт авагдсан нотлох баримтууд болох ******* банканд явуулсан 2 албан бичигт ******* нь мөн гарын үсгийг хуурамчаар үйлдэж явуулсан болохыг нэмж шалгаж эхэлсэн ба шүүгч ******* нь Цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахаар захирамж гаргасныг ерөнхий шүүгч бүхий бүрэлдэхүүн хүлээн аваагүй тухайн захирамжийг хүчингүй болгосон.
6.2. Түүнчлэн хэрэгт 2 гэрээ авагдсан, аль гэрээ нь хүчинтэй эсэх нь тодорхойгүй, шүүх аль гэрээнд нь үнэлэлт өгч шийдвэрлэсэн нь тодорхойгүй, уг талбай нь банкны барьцаанд байсан эсэхийг ******* банкнаас тодруулах, шаардлагатай гэж үзвэл гуравдагч этгээдээр татах ажиллагааг хийгээгүй, үнэхээр дүр үзүүлж хийсэн хэлцэл бол тухайн үеийн үнэлгээгээр талбайн хэмжээ, үнэлгээ нь хэдэн төгрөг байсныг шинжээч томилж тогтоогоогүй. Хэрэгт цагдаа, прокурорын байгууллагаас ирүүлсэн хангалттай нотлох баримтууд байхад шүүх үнэлээгүй. Нэхэмжлэгч ******* нь үйлчилгээний талбайг худалдаж авсан гэх мөнгөө талбайг түрээсэлж буцаан авсныг шүүх өмч учир түрээсэлсэн гэж буруу дүгнэж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.5-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
7.1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим шаардлагыг огт шийдвэрлээгүй орхигдуулсан буюу маргааны зүйл болох ******* худалдааны төвийн ******* тоот, 80.95 м.кв талбайг эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах шаардлагыг нэхэмжлэгч талаас 2024 оны 02 сарын 05-ны өдөр нэмэгдүүлэн гаргасан боловч уг шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэрийн үндэслэл болон тогтоох хэсэгт огт заагаагүй.
7.2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-т заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ. Өмчлөгч бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах бөгөөд хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг.
Гэтэл нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ойлгомжгүй байхад шүүх хүлээн авсан. Ингээд уг шаардлагыг яагаад, ямар үндэслэлээр хангах болсон талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, орхигдуулсан. Тус нэмэгдүүлсэн шаардлага болох хариуцагчаас гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой хохиролд 2022 оны 07 сарын 15-ны өдрөөс 2024 оны 12 сар хүртэл түрээсийн төлбөр болох 145,710,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагын үндэслэлээ гэрээний хохирол хэмээн тодорхойлсон.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн Үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч ******* нь түрээслэгч *******тай байгуулсан талбай түрээслэх гэрээг хариуцагч ******* ХХК-тай байгуулан 101,997,000 төгрөг төлсөн байдлыг хариуцагчийн талбай худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчсөний улмаас үүссэн шалтгаант холбоо бүхий хохирол гэж үзэх үндэслэлгүй, мөн өмчлөх эрх үүсээгүй байхад өмчлөгчийн эдлэх эрхэд хамааруулан хохирол гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, гэрээний үүргийн бие даасан байдлыг хангах зарчмын дагуу нэг гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдсөн төлбөрийг нөгөө гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй.
7.3. Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* тоот хаягт байршилтай, ******* худалдааны төвийн ******* давхарын 2*******5.73 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн ******* тоот, 80.95 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримтыг Улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг даалгах шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэсэн байдлыг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Учир нь дээрх шаардлагын үндэслэл нь нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-тай 2020 оны 01 сарын 09-ний өдөр 20/04 дугаартай Үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үздэг. Харин хариуцагч ******* ХХК-ийн зүгээс дээрх гэрээг байгуулаагүй, хүчин төгөлдөр бус гэж маргасан. Хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байдаг. Маргаж буй гэрээний субъектүүдын хувьд эрх зүйн зохих чадамжтай ч субъектын шинжийг үгүйсгэх нөхцөл байдалтай.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж зохицуулсан тул дээрх гэрээг компанийг төлөөлж ерөнхий захирал байгуулах эрхгүй. Субъектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах талуудын дотоод зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцээгүй.
7.4. Тухайн гэрээг байгуулах үед гэрээний зүйл болох үйлчилгээний талбай бүхэлдээ ******* банк ХК-д барьцаалагдсан, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах ажиллагаа эхэлсэн байсан болохоос худалдаад өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэл зориг огт байгаагүй. Дээрх гэрээг талууд бичгээр байгуулж, гарын үсэг зурагдсан төдий хэлбэрийн шаардлагыг хангаж дүр үзүүлж байгаа хэдий ч хуульд тавигдах шаардлагыг хангаагүй байсан буюу нотариатаар баталгаажуулан улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж өмчлөх эрх үүссэнээр гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлийг хангаагүй юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн гэрээг нотариатаар баталгаажуулах ажиллагаанд худалдагч тал оролцоогүй, гарын үсгийг хуурамчаар үйлдэж, гэрээг хууль бусаар баталгаажуулсан үйлдлийг шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч тогтоож өгсөн. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авахад гэрээг бичгээр байгуулах нотариатаар баталгаажуулах улсын бүртгэлд бүртгүүлэх ажиллагааг хуульд шууд тусгайлан зааж зохицуулсан байгааг шүүх анхаараагүйд гомдолтой байна.
7.5. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг, мөн хуулийн 183 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэл үнэн зөвд тооцогдох зарчим үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн харилцаанд үйлчилдэг байтал хууль бус хэлбэрийг хангасан гэрээг үндэслэж өмчлөгчөөр тогтоосон, өмчлөх эрх үүсээгүй байх үеийн өмчлөгчийн эдлэх эрхэд хамааруулан хохирол гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Гэтэл өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримтыг Улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг даалгаж шийдвэрлэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5-д заасан улсын бүртгэл үнэн зөв, бодитой, нотлох баримтад үндэслэж хуульд заасан журмын дагуу хөтлөх үндсэн зарчимд нийцэхгүй. *******тэй байгуулсан гэх талбай худалдах, худалдан авах гэрээ нь өөрөө хүчинтэй байдлаа алдсанаас гадна уг гэрээг байгуулахаас өмнө барьцааны зүйл болчихсон байсан ба *******тэй байгуулсан дээрх гэрээнд барьцаанаас хэн, хэзээ, хэрхэн чөлөөлөх талаар огт дурдаж, тохиролцоогүй болно.
7.6. Аливаа хөрөнгийн өмчлөх эрхийг хуулиар, гэрээгээр гэх 2 арга замаар эд хөрөнгийг олж авахдаа хуулийн дагуу хэрэгжүүлснээр эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийг шударгаар олж авсан гэж үзнэ. Гэтэл хууль бус аргаар олж авсан нотлох баримтаар хууль ёсыг хангуулахаар шаардах боломжгүй. Хавтаст хэрэгт авагдсан ******* ХХК-ийн албан бичгээр *******т өмчлөх эрхийг шилжүүлж бүртгэнэ өгнө үү гэх утгатай албан бичгүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн байгааг анзаарах хэрэгтэй.
Тухайн албан бичиг нь *******ийг тус компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үеийн огноотой байгаа. Энэ бичгүүдийг хуурамчаар үйлдэж бэлтгэсэн байх бөгөөд уг бичгүүдээ ашиглаад шууд Улсын бүртгэлд бүртгүүлэхэд хожим илэрнэ гэдгийг мэдээд зориуд шүүхэд маргаан үүсгэж, хүчин төгөлдөр шийдвэрээр өмчлөх эрхийг шилжүүлэн авах, хууль бусаар өмчтэй болохыг санаархсан үйлдэлд нь гомдолтой байна.
7.7. *******ийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2020 оны 01 сарын 20-ны өдрийн 20/04 дугаартай үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ нь хуурамч, гэрээний 1.2-т талбайн зургийг гэрээнд хавсаргахаар заасан боловч талбайн зургийг гаргаагүй, Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүгчийн 2022 оны 11 сарын 07-ны өдрийн 18585 дугаар захирамжид заасан баримтаар 1 дүгээр давхарын ******* тоот гэсэн талбай бүртгэгдээгүй, Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүгчийн 2023 оны 08 сарын 24-ний өдрийн 14434 дугаартай захирамжид заасан баримтаар 1 дүгээр давхарын палан зураг ирсэн бөгөөд тусдаа 80.95 м.кв талбай гэсэн палан зураг байхгүй, харин ******* гэсэн дугаарлалтын доор 82.67 м.кв талбайн гэсэн 1 дүгээр давхарын нийт палан зураг ирсэн, Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүгчийн 2023 оны 11 сарын 17-ны өдрийн 19840 дугаар захирамжид заасан баримтаар ******* тоот гэсэн хэсэг нь ******* худалдааны төвийн зүүн талд байрлах ба талбайн хэмжээ нь 88.5 м.кв гэсэн палан зураг ирсэн ба нэхэмжлэгчийн ******* тоот гэж заасан хэсэгт 127, 128 гэж тус тус дугаарлагдсан.
Дээрх баримтуудаар *******ийг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрт заагдсан талбай байхгүй, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй бөгөөд хэргийн 1 дүгээр хавтасны 9, 54 дүгээр талд авагдсан палан зургийн ******* ХХК нь хийлгээгүй, ийм хэмжээтэй талбай огт байхгүй.
7.8. Монголын Нотариатчидын танхимаас 349 дугаартай нотариатч *******ийн хууль бусаар гэрчилсэн гэрээ, *******ийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн гэрээнүүдийн 1.1 талбайн хэмжээ, давхар, тоо, хэмжээ, 2.2 үнийн дүн, цаг хугацаа, алданги гэх мэтээр хоорондоо зөрүүтэй, палан зураг байхгүй, ******* нь байгууллагын И-март, ******* банк ХХК нартай байгуулсан гэрээний хавсралт болох палан зургийг хуурамчаар өөртэй нь байгуулсан гэрээний хавсралт мэтээр ашигласан, дээрх нөхцөл байдлуудаас үзвэл *******, ******* ХХК нарын хооронд гэрээ байгуулагдсан гэх үндэслэл байхгүй байхад анхан шатны шүүх өмчлөгчөөр тогтоосон нь үндэслэлгүй.
******* гэрээний үнийг төлсөн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд 2020 оны 01 сарын 09-ний өдрийн 2 өөр гэрээнд үнийн дүн зөрүүтэй, мөн гэрээ байгуулсан гэх хугацаанаас өмнө буюу 2019 оны 12 сар, дараа буюу 2020 оны 01 сарын 21-ний өдрийн мөнгөн гүйлгээний баримтууд нь үл хөдлөх эд хөрөнгө худалдсаны үнэ биш гэдэг нь гүйлгээний утгаар нотлогдоно.
7.9. *******ийн хууль бус үйлдэлд нь тус тусдаа ******* ХХК-ийн зүгээс ******* дүүргийн Прокурорын газар, ******* дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж, прокуророос гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзээд ******* дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс 2024 оны 01 сарын 28-ны өдөр 240500632 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг нээсэн. *******ийн шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн, нотариатч ******* нарыг хуурамч гэрээ гэрчилсэн, ******* банканд гэж хаягласан 2 албан бичгийг хуурамчаар үйлдсэн гэсэн үндэслэлээр шалгаж байгаа гэж хэлээд хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан байхад анхан шатны шүүх анхаарч үзэлгүй, нэг талыг барьж шийдвэр гаргасныг ойлгохгүй байна.
7.10. ******* ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувьд 2020 оны 01 сарын 09-ний өдрийн 20/04 дугаартай гэрээг ******* банк, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудад үзүүлэх зорилгоор дүр үзүүлж хийсэн. ******* нь компанид ажиллаж байхдаа өөртөө ашигтай байдлаар хуурамч нотлох баримт бүрдүүлснээ шүүхийн шийдвэрээр халхавчилж, хууль бусаар өмчлөх эрхийг өөртөө авах гэж оролдсон үйлдлийг нь таслан зогсоож өгөхийг хүсэж байна.
Талуудын маргаж буй гэрээний 5.3-д гэрээ нь талууд гарын үсэг зуран, нотариатаар баталгаажуулж, эд хөрөнгийн өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн албанд бүртгүүлснээр хүчин төгөлдөр үйлчилнэ гэж тусгасан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн агуулга нь энэ гэрээ нь бусад гэрээний адилаар үүргийн эрх зүйн хэлцэл бөгөөд гэрээ байгуулагдсанаар эд хөрөнгийн харъяалал өөрчлөгдөхгүй, зөвхөн холбогдох үүрэг үүсгэж байдаг. Худалдаж авсан эд зүйлийн өмчлөл үүргийн хэлцэлд суурилсан өмчийн хэлцлийн үндсэн дээр буюу Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох нөхцөлийг заасан зохицуулалтаар хэрэгжинэ.
Гэрээнд гарын үсэг зурснаар л хүчин төгөлдөр болно гэх агуулга байхгүй гарын үсэг зурсан гээд үргэлжлүүлээд нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохыг талууд тохиролцсон. Энэ тохиролцоо хийгдээгүй учраас уг гэрээний хүчинтэй байдал үгүйсгэгдэх болохыг талууд анхнаасаа мэдэж, үйлдсэн.
******* нь манай компанийг энэ талбайг худалдан борлуулах ямар ч сонирхол, хүсэл зориг байгаагүй гэдгийг мэдэж байсан төдийгүй хүчин төгөлдөр бус, дүр үзүүлэн байгуулсан гэрээг хүчинтэй гэрээ болгохоор нотариатаар хууль бус аргаар батлуулж, шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн, уг нотлох баримтыг үндэслэж шүүхийн шийдвэр гарсанд гомдолтой байна гэжээ.
8. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
8.1. Хариуцагчийн зүгээс давж заалдах гомдол гаргахдаа талуудын хооронд хуурамч гэрээ байгуулагдсан гэж дурдсан атлаа хүчин төгөлдөр бус гэрээний асуудал яригдаж байна. Мөн хариуцагчаас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нөхцөлийг тодруулж асуухад Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасныг тайлбарлаж, маргадаг. Анхан шатны шүүхээс хариуцагчийн татгалзалд тулгуурлаж, хэргийг хянан шийдвэрлэсэн тул хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
8.2. Хэргийн материалд авагдсан хоёр гэрээг анхан шатны шүүхээс үнэлж мөн бусад баримтуудаас харахад төлбөрөө төлсөн байх тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний шинжийг хангасан гэж үзэж байна.
8.3. Улсын тэмдэгтийн хураамж дутуу болон илүү төлсөн тохиолдолд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргуулж шийдвэрлэх боломжтой.
8.4. Мөн 800,000,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг тухайн үед *******,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэж тайлбарласан. Өнөөгийн нийгэмд дээрх тохиолдол их байдаг бөгөөд худалдах, худалдан авах гэрээг байгуулсан үеэс хойш 3, 4 жилийн дараа манай орон сууцны үнэ өссөн гэж тайлбарлан маргадаг.
8.5. Хариуцагчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээнд он, сар тодорхойгүй гэх боловч гэрээнд он, сар, өдрийг тодорхой тусгасан. Улсын бүртгэлийн байгууллагаас 2 удаа нотлох баримт гаргуулахад барилгын зургийн доод талд он, сар, өдөр авагдсан. Тухайн кофе шопын ******* тоот хаягт байрлах орон сууцыг харуулсан. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* банкны бичгийн асуудлыг яригдаагүй бөгөөд Иргэний хуульд заасны дагуу худалдах, худалдан авах гэрээний нөхцөл хангагдсан эсэх асуудал яригдсан.
8.6. Хариуцагчийн зүгээс хуурамч гэрээ, хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргасан. Хэргийн материалд авагдсан шинжээчийн дүгнэлтэд хоёр гэрээнд ******* гарын үсэг зурчихсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Уг нөхцөл байдлаас харахад хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, түрээсийн төлбөрийг авах зорилготой байна гэж дүгнэсэн. Иймд хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтыг Улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг даалгах, хохирол 145,710,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...Тухайн талбайг *******т худалдах хүсэл зориг компанид байгаагүй, ... дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл, ... ******* нь тус компанийн захирал байхдаа хуурамчаар баримт үйлдсэн ... гэсэн агуулгаар тайлбарлаж, 2020 оны 01 сарын 09-ний өдрийн 20/04 дугаартай Үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн 121,425,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилж, талууд маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
4. Хариуцагч тал маргаан бүхий талбайг худалдах хүсэл зориггүй байсан, дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан.
4.1. 2020 оны 01 сарын 09-ний өдрийн 20/04 дугаартай Үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ нэртэй 2 гэрээ хэрэгт авагджээ.
Хэргийн 1 дүгээр хавтасны 47 дахь талд авагдсан гэрээний 1.1-д ... худалдагч нь өөрийн өмчлөлд буй ******* дүүргийн ******* тоот ******* худалдааны төв хаягт байрлах ******* тоот улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, ******* тоот регистрийн дугаартай ... м.кв үйлчилгээний зориулалттай талбайг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ... гэж, гэрээний 2.1-д гэрээний зүйлийг худалдах нийт үнэ 50,000,000 төгрөг байхаар талууд тохиролцов. гэж, 2.2-т Гэрээний зүйлийн үнийг худалдагч нь энэхүү гэрээ байгуулснаас хойш ... хоногийн дотор ******* ХХК-ийн ******* банкны ******* тоот дансанд 50,000,000 төгрөг, ******* ******* банкны ******* тоот дансанд 65,000,000 төгрөгийг тус тус шилжүүлнэ. гэж заасан байна. /1хх-47/
Хэргийн 1 дүгээр хавтасны 114 дэх талд авагдсан гэрээний 1.1-д ...худалдагч нь өөрийн өмчлөлд буй ******* дүүргийн ******* тоот ******* худалдааны төв хаягт байрлах ******* тоот улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, ******* тоот регистрийн дугаартай, ******* тоот дугаартай 80.95 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ... гэж, гэрээний 2.1-д гэрээний зүйлийг худалдах нийт үнэ *******,000,000 төгрөг байхаар талууд тохиролцов. гэж, 2.2-т Гэрээний зүйлийн үнийг худалдагч нь энэхүү гэрээ байгуулснаас хойш ... хоногийн дотор ******* ХХК-ийн ******* банкны ******* тоот дансанд 50,000,000 төгрөг, ******* ******* банкны ******* тоот дансанд 65,000,000 төгрөгийг тус тус шилжүүлнэ. гэсэн байна.
Дээрх хоёр гэрээнд худалдагчийг төлөөлж ******* ХХК-ийн ерөнхий захирал *******, худалдан авагч талыг төлөөлж ******* нар тус тус гарын үсэг зурж, баталгаажуулсан байх бөгөөд Шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээгээр тус гэрээний 2 эх хувь баримтын худалдагчийг төлөөлж гэсэн хэсэгт зурагдсан гарын үсгүүд нь *******ын гарын үсгийн загваруудтай тохирсон болох нь шинжээчийн 2023 оны 06 сарын 08-ны өдрийн 2002 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. /1хх94-*******/
4.2. ******* нь 2020 оны 01 сарын 21-ний өдөр ******* ХХК-ийн ******* дугаартай данс руу 50,000,000 төгрөг, 2019 оны 12 сарын 30-ны өдөр *******ын ******* банк дахь ******* тоот данс руу 33,000,000 төгрөг, 2019 оны 12 сарын 13-ны өдөр 30,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн байна. /1хх9-10/
Нэхэмжлэгч нь гэрээ байгуулахаас өмнө мөнгөн хөрөнгө ******* руу шилжүүлсэн үндэслэлээ ...хамтарч ажиллаж байгаа нь тодорхой болоод тухайн үед эрүүл мэндийн асуудал нь хэцүү байна, эгч нь яг өнөө орой бараг харвах гээд байна, чи надад яаралтай мөнгөө өгчээ гээд хүнээс 30,000,000 төгрөг зээлүүлээд 12 сарын 13-ны өдөр авсан. Дараа нь 12 сарын 30-ны өдөр дүүгийнх нь гаалийн баталгаат агуулах дээр тоног төхөөрөмж авах гэсэн юм яг одоо шийдээд өгөөч гэж гуйгаад хүний хугацаатай хадгаламж барьцаалсан хадгаламжийг цуцлуулж надаас мөнгө авсан. ... *******той харилцан тохиролцоод ******* дугаартай үйлчилгээний талбайг худалдах, худалдан авахаар гэрээ байгуулсан. гэж тайлбарлажээ. /2хх160/ Хариуцагчаас уг тайлбарыг баримтаар үгүйсгэж, няцаагаагүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... ******* захирал миний данс руу 2 удаа 33,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгөө кофе шопын сар болгон түрээсийн төлбөрөө хийгээд ******* бүгдийг нь авсан ... тухайн үед би мөнгөгүй яарч сандраад авсан байх, түүнээс би компанийн талбай худалдаагүй ... гэж тайлбарласан ... гэж, мөн ... ******* ХХК нь ******* банк ХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт бүхэлд нь барьцаалсан, ... энэ гэрээнүүдийг бүхэлд нь нэхэмжлэгч хариуцаж хийсэн, энэ гэрээнүүдээс кофе шоп гэж нэрлэгдээд байгаа талбайн хэсгийг ******* ХХК авч үлдэх гэж, энэ нь цаашлаад тус компанийн ирээдүйн санхүүгийн үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор *******о ******* нар хоорондоо ярилцаж байгаад авч үлдэх зорилготой гэрээ ... гэсэн тайлбар гаргасан байна. /2хх-166, 160 ар тал/
4.3. Хэргийн 3 дугаар хавтасны 37 дахь талд Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газрын Прокурорын 2024 оны 09 сарын 12-ны өдрийн 7287 дугаартай тогтоол авагдсан байна. Уг тогтоолд гэрч *******ын ... ******* нь ******* банктай яриад танд ашигтай байдлаар шийдэхийн тулд 1 давхарын 80.95 м.кв талбайг авч үлдсэн. Та энэ талбайг миний нэр дээр шилжүүлээд надад зарсан юм шиг баримт үйлдчих гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд тухайн талбайг түрээсэлдэг ******* гэдэг эмэгтэй уулзаж учир байдлаа хэлж, *******тэй түрээсийн гэрээ байгуулж, сар бүрийн төлбөрөө *******ийн данс руу шилжүүлээрэй гэж хэлсэн. Түүний дагуу 2020 оны 01 сарын 09-ний өдрөөс эхлээд 121,425,000 төгрөгийг ******* нь ******* рүү шилжүүлсэн ... Би *******ээс 113,000,000 төгрөгийг авсан нь үнэн. 2019 оны 12 сард 2 удаагийн гүйлгээгээр нийт 63,000,000 төгрөг авсан нь үнэн, үүний хариуд би *******т 121,425,000 төгрөгийг түрээсийн төлбөрөөс эргүүлэн төлсөн байгаа. Одоо бидний дунд ямар нэгэн өр төлбөрийн асуудал байхгүй .. гэсэн мэдүүлэг тусгагдсан байна.
Дээрхээс дүгнэвэл, хариуцагч тал татгалзлын үндэслэлээ өөр өөрөөр зөрүүтэй тайлбарлаж байхаас гадна зохигчийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг эрх зүйн үр дагавар үүсгэх зорилгогүй, дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
4.4. Хэргийн 1 дүгээр хавтасны 22 дахь талд авагдсан хариуцагч ******* ХХК-ийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээнд *******ыг захирлаар томилсон бүртгэл хийгдсэн байх тул *******ыг тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гэж үзэх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
4.5. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. гэж заасан.
4.6. Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн уг эрмэлзлээ илэрхийлсэн байдлыг нөгөө тал ойлгож, утга санааг нь ухамсарласан тохиолдолд "хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан" гэж үзнэ., Энэ зүйлийн 42.2-т заасан "гарын үсэг зурснаар" гэдэгт хэлцэлд оролцогчдын хэн алины хүсэл зоригийг тусгасан нэгдсэн нэг баримтын агуулгыг хүлээн зөвшөөрснийг баталгаажуулах зорилгоор хэлцэл хийж буй эсхүл эрх бүхий этгээд өөрийн нэр болон бусад тодорхой тэмдэглэлийг уг баримтад тусгахыг ойлгоно хэмээн тайлбарлажээ.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, 2020 оны 01 сарын 09-ний өдрийн 20/04 дугаартай Үйлчилгээний зориулалттай талбай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн байна.
4.7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
4.8. Хэрэгт авагдсан хоёр гэрээний агуулга ижил боловч нэг гэрээнд нь буюу хэргийн 1 дүгээр хавтасны 47 дахь талд гэрээний зүйл тодорхойгүй, гэрээний үнэ талуудын тайлбарлаж байгаа үнийн дүнгээс өөр, харин нөгөө гэрээнд /1хх-114/ гэрээний зүйл болон үнийн дүнг тодорхой зааж өгсөн байна. Мөн гэрч ******* нь ******* худалдааны төв, ******* тоот, 80.95 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг түрээсэлж буй үйл баримт тогтоогдсон.
Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн талуудын худалдах, худалдан авах гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг 80.95 м.кв гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.
Нэхэмжлэгч ******* гэрээний үнэ төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдсон. Мөн 2020 оны 01 сарын 09-ний өдрөөс 2022 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ******* дүүргийн ******* тоот, ******* худалдааны төв ******* регистрийн дугаартай, ******* тоот, 80.95 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг нэхэмжлэгч бодитоор эзэмшиж, ашиглан үр шимийг хүртэж байсан болох нь гэрч *******гийн мэдүүлэг, *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2020 оны 01 сарын 09-ний өдрийн 20/02 дугаартай Түрээсийн гэрээ, *******ийн ******* банк ХК дахь дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.
Шүүх, ******* дүүргийн ******* тоот, ******* худалдааны төв ******* регистрийн дугаартай, ******* тоот, 80.95 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлэхэд холбогдох баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна. Иймд гэрээ байгуулаагүй, дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Нэхэмжлэгч ******* нь олох ёстой байсан орлого буюу хохиролд 145,710,000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байна.
5.1. Хэргийн баримтаар ******* нь ******* ХХК-аас үйлчилгээний зориулалттай талбай худалдан авсан бөгөөд түрээслэгч *******тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд 80.95 м.кв талбайн сарын түрээсийн төлбөрт 3,238,000 төгрөг авч байсан үйл баримт тогтоогдсон.
5.2. Хариуцагч ******* ХХК нь 2022 оны 06 сарын 30-ны өдрөөс хойш түрээслэгч *******гаас дээрх талбайн түрээсийн төлбөрийг авч байгаа үйл баримт мөн тогтоогдсон. /1хх-212-241, 2хх-149-150, 163/
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч ******* ХХК-аас 145,710,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн байна.
6. Мөн шүүх, хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримтад үндэслэсэн байхаас гадна маргаанд хамааралтай Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг зөв хэрэглэсэн.
7. ******* ХХК-ийн ерөнхий захирал *******ын, *******т холбогдуулан 2020 оны 01 сарын 09-ний өдрийн 20/40 дугаартай үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 06 сарын 07-ны өдрийн 01/12 дугаартай ******* банканд гэж хаягласан 2 ширхэг албан бичигт хуурамч гарын үсэг зурсан, шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн гэх гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тухай ******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2024 оны 10 сарын 31-ний өдрийн 5072 дугаартай алан бичиг, Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас зэрэг нотлох баримт хэрэгт авагджээ. /1хх-75-76/
Нэхэмжлэгч *******ийн хуурамчаар үйлдсэн гэх хоёр албан бичгийн хувьд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болон гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлд хамаарахгүй байна. /2хх-34, 42/
******* дүүргийн шүүхийн 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 102/ШТ2024/00441 дугаартай тогтоолоор тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 сарын 31-ний өдрийн 20481 дугаартай Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хянаад, ... 2 ширхэг албан бичигт хуурамч гарын үсэг зурсан, шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэсэн ******* дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн албан бичгүүдийг шууд талуудын хооронд үүссэн маргаантай асуудалд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж үзэх нь учир дутагдалтай, ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй гэж дүгнэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй. Иймд дээрх үндэслэлээр гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол хангагдахгүй.
8. Талуудын гэрээний зүйл буюу ******* дүүргийн ******* тоот, ******* худалдааны төв ******* регистрийн дугаартай, ******* тоот, 80.95 м.кв үйлчилгээний зориулалттай талбай нь барьцааны хөрөнгө болох, энэ талаар нэхэмжлэгч ******* нь мэдсэн зэрэг үйл баримт тогтоогдсон. /2хх-27, 30-32/ Энэ тохиолдолд уг худалдан авч байгаа хөрөнгө нь барьцааны эрхийн хамт шилжих хуулийн зохицуулалттай.
Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж заасан журмын дагуу холбогдох ажиллагаа явуулахад зохигчийн байгуулсан худалдах, худалдан авах гэрээ саад болохгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/01242 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 3,248,875 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Ч.ЦЭНД