Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/240

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Ундрах,

Улсын яллагчаар, хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,

Хохирогч Д.Н-, түүний өмгөөлөгч А.Ууганбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж, 

Хохирогч Д.С-,

Иргэний хариуцагч Б.Г-,  

Шүүгдэгч М.Н- нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Н-д холбогдох эрүүгийн 201722000213 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, М.Н.

Шүүгдэгч М.Н- нь согтуугаар 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өлхөний сайр” гэдэг газар засмал зам дээр ....ХӨВ улсын дугаартай “Тоёота алион” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.А-гийн амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Н-г согтуугаар 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өлхөний сайр” гэдэг газар засмал зам дээр ....ХӨВ улсын дугаартай “Тоёота алион” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.А-гийн амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан улсын яллагчаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл. “Хууль буцаан хэрэглэх” 1 дэх хэсэг: “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг баримтлан шүүгдэгч М.Н-д холбогдох хэргийг зүйчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөв.

Шүүгдэгч М.Н- нь согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж иргэн Б.А-гийн амь насыг хохироосон нь хэрэгт авагдсан үйл баримтаар нотлогдон тогтоогдсон бөгөөд энэ нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй дүйцэж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таваас найман жил хүртэл хугацаагаар хасч, хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэхээр байгаа нь 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээнээс хүндрэхээр байх боловч “согтуурсан” гэх шинжийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдэгдсэн энэ төрлийн гэмт хэрэгт хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасны дагуу М.Н-д холбогдох хэргийг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шийдвэрлэх нь үндэслэлтэй болно.

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ 3 жил, дээд хэмжээ 5 жил байхаар хуульчилсан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хорих ялын доод хэмжээг 1 жил, дээд хэмжээг 5 жил болгон ялын доод хэмжээг багасгасан нь 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл болж байна.

Шүүгдэгч М.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өлхөний сайр” гэдэг газар ....ХӨВ улсын дугаартай “Тоёота алион” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2а “Замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, 2 дугаар зүйлийн 2.7а “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9 дүгээр зүйлийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэх заалтууд буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.А-гийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн тухай гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 2 дугаар хуудас/,
  • Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 3-9 дүгээр хуудас/,
  • Хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /1-р хх-ийн 10 дугаар хуудас/,
  • Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 12-15 дугаар хуудас/,
  • Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 23 дугаар хуудас/,
  • Хохирогч С.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2017

оны 04 дүгээр сарын 22-ны өглөө намайг гэртээ унтаж байхад 06 цагийн үед байхаа миний ээж С- намайг сэрээгээд охиныг чинь машинтай хүмүүс ирээд аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд гараад хархад хэн ч байхгүй байсан. Хашааны гадаа машин ирээд явсан машины мөр л байсан. Тэгээд би ажил дээрээ очоод ажлаа хийж байтал 13 цаг 30 минутын үед байхаа миний ээж С- над руу залгаад охин чинь Алаг-Эрдэнийн тэр хавьд осолд орсон юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь шууд машинтайгаа Алаг-Эрдэнэ сумын хүн эмнэлэг дээр очоод эмч нараас асууж явж байгаад охиноо нас нарсан болохыг мэдсэн ..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-29 дугаар хуудас/,

  • Хохирогч Г.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд Хатгал тосгонд очоод Мөрөнгөөс авч очсон архи пивоо ууж дуусгаад буцахаар болсон. Хатгал тосгоноос Мөрөн сум руу буцаж явах замдаа зам тээврийн осолд орсон байсан. Намайг өөрийн ....ХӨВ улсын дугаартай машиндаа унтаж байхад хэн нэг нь миний машины түлхүүрийг надаас аваад хэн барьж яваад хаана осол гаргасныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32 дугаар хуудас/,
  • Хохирогч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгэхэд З-, М.Н- хоёр чи дэндүү хурдан яваад байна гэж хэлэхэд А- чи тэгвэл машин бариад яв гээд М.Н-д машиныхаа түлхүүрийн өгсөн. Тэгээд би машинд суугаад л унтсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Нэг сэрсэн чинь машин маань онхолдчихсон би гадаа хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
  • Гэрч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Тэгээд бид нар машиндаа сууцгаагаад байж байхад Н-, А-, З- гурав би машин барина гээд түлхүүрээ булаацалдсан. Тухайн үед А- машиныхаа түлхүүрийг өгөхгүй гээд зам дээр З-, М.Н- хоёроос зугтааж гүйгээд байсан. Би энэ хэдийн машин булаацалдаж байх хооронд жоохон зүүрмэглээд унтчихсан байсан. Тэгээд нэг сэрээд харахад М.Н- машин барьчихсан явж байсан. Тэгж явж байгаад миний нүд анилдаад байхаар нь суудал дээрээ нүдээ аниад сууж байгаад зүүрмэглэсэн байсан. Ингээд нэг сэрэхэд машин зүүн тийшээгээ замаасаа гарч явж байгаад буцаад зам руугаа ороод баруун тийшээгээ замаасаа гарч явж байгаад зүүрмэглэсэн байсан. Тэгээд нэг сэрэхэд машин зүүн тийшээгээ гүүрний хажуу тал руу гарчихсан. Машин маань замаасаа гараад бараг 3-4 удаа эргэлдэж байгаад газарт унаад зогссон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-41 дүгээр хуудас/,
  • Гэрч Ч.З-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд явах

гэж байхад А- өөрөө машинаа барина гээд машиныхаа түлхүүрийг аваад М.Н-гаас зугтаагаад зам дагаад гүйгээд байсан. Тэгж байгаад өөрөө машиндаа ирж сууснаа “чи эрүүлдээ машин барь гээд надад түлхүүрээ өгсөн. Тэгээд би машиныг бариад Хатгал тосгоноос гарсан. Миний хажуу талд Б-, хойд талд А-, Д-, талийгаач Б.А-, М.Н- дөрөв сууж явсан. Би Хатгал тосгоноос гараад ойролцоогоор 20 орчим км яваад М.Н-д машин бариулсан. Тухайн үед М.Н- би эрүүл байна, чи намайг бариулчих гээд байсан учраас түүнд машин бариулсан. Тэгээд хөвөөгөөрөө явж байснаа гэнэт шарваад л баруун тал руугаа замаас гараад эргэлдээд уначихсан. Тэгж онхолдож унах үед талийгаач Б.А- цонхоор шидэгдээд гадаа гарчихсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-47 дугаар хуудас/,

  • Гэрч О.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цаг 47 минутанд манай сумын Эрүүл мэндийн төвийн ... дугаарын утсанд Өлхөний гүүрэн дээр машин онхолдлоо, машинд сууж явсан хүмүүсийн бие нь муу байх шиг байна гэсэн дуудлага ирсэн байсан. Үүний дагуу би жолооч М-ын хамт осол болсон гэх газарт очсон. ...Намайг осол болсон гэх газарт очиход: ...Намайг ингээд хүмүүсээ эхнээс нь үзээд явж байхад жалганы чулуутай налуу хэсэгт машин барьж явсан гэх банди нь нэг охиныг сэгсрээд ухаан орооч ээ гээд орилж байсан. Би тухайн үед тэр бандийн тэвэрч байсан охиныг очиж үзэхэд нас барчихсан, ямар ч амьсгалгүй зүрх судас зогссон байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-68 дугаар хуудас/,
  • Гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 04 сарын 22-ны өдөр өглөөний 10 цагийн орчим миний ... дугаарын утсанд Алаг-Эрдэнэ сумын хурлын нарийн бичиг Б- гэдэг хүнээс Өлхөний гүүрний хажуу тал руу машин уналаа гэх дуудлага ирж дуудлагаар хэргийн газар хамт очиход цагаан өнгийн Алион маркын машин Өлхөний гүүрний баруун тал руу гүүрнээс 20 орчим мерт зайтай унасан байсан юм. Хэргийн газар дээр очиход унасан гэх Алион машинд сууж явсан гэх эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд зам дээр гар өргөөд зам тоссон зогсож байсан. Харин М.Н- гэх хүүхэд нас барсан охиныг тэвэрчихсэн уйлсан сууж байсан. Д- гэдэг тарган шар эрэгтэй хүүхэд толгой толгой гээд ёолсон хэвтэж байсан. А- гэдэг эрэгтэй хүүхэд ухаан алдсан байдалтай байсан. Тэр үед Эмнэлэгийн машин ирж О.Б- хүүхдүүдийн биеийг үзээд М.Н- гэдэг хүүхдийн тэвэрч байсан хүүхдийг нас барсан байна гээд бусад хүүхдүүдэд газар дээр нь эмнэлгийн тусламж үзүүлээд сумын төврүү Д-, А-, М.Н- нарыг авч Алаг-Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвд хүргэж эмнэлгийн тусламж үргэлжлүүлэн үзүүлсэн юм. ...Д-, М.Н-, А- нараас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. ...Алион машины зүүн талын хоёр дугуйны обуд нь хагарч унасан байсан. Мөн урд хойд салхины шил хагарсан байсан ба гүпэр нь салж унасан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Алаг-Эрдэнэ сумаас өөрийн эзэмшлийн Приус-10 маркийн машинтай Мөрөн сум руу гараад Өлхөний гүүрний наахан талд замын хажууд замаа чөлөөлөөд зогсоод бууж бие засаад эргээд машиндаа ортол толинд араас машин маш хурдтай цагаан саарал өнгийн машин орж ирж байсан. Тэгсэн тэр машин миний машинаас нилээд хойно засмал замынхаа ертөнцийн зүгээр зүүн тал руу буюу замынхаа эсрэг талын шороон замын баруун талын гүпер салж унасан тэгээд нөгөө машин нөгөө машин гүүрний дээд талын шороон замын далангаар шороо манаруулаад нэлээд хурдтай давхисан тэр үед машины ар талын гүпер салж унасан тэгээд нөгөө машин гүүрний дээд талын замын баруун тал руу хөндлөн гараад хар шороо манараад замын хажуу руу алга болсон. Тэр машин тийшээ орсноос хойш 3-5 минутын хооронд ямар ч хүн гарч ирэхгүй тэгж байтал нөгөө онгорхой хаалгаар шар өнгийн куртиктэй залуу, хар савхин куртиктэй үүргэвч үүрсэн охин хоёр гарч ирсэн. Тэгээд нөгөө хар куртиктэй охин хүн үхчихлээ гэж хашгирсан тэгэхээр нь би өөрийн машинтай хөдлөөд дөхөж очоод буугаад явганаар очиж харахад машины гадаа жалган дотор нэг эрэгтэй нэг эмэгтэйг өвөр дээрээ тэвэрчихсэн нүүр ам нь цус нөж болсон байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-73 дугаар хуудас/,
  • Гэрч О.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 04 сарын 22-ны өдөр ...өглөө 09 цагт ажлаасаа буугаад Мөрөн орж эмнэлэгт үзүүлэхээр болоод Хатгал тосгоны хурлын нарын бичгийн дарга Б-, Б- дарга бид гурав хамт явж байгаад Өлхөний гүүрэн дээр 10 цаг өнгөрч байхад би ааваас мөнгө замаас тосуулж авахаар болоод хүлээгээд машин дотроо сууж байтал араас цагаан өнгийн маркыг нь мэдэхгүй машин их хурдтай сигналиа удаан тасралтгүй дараад хажуугаар өнгөрсөн. Тэгээд араас нь харж байтал хурдтай чигээрээр замын зүүн талын хөвөө хэсгээр гарч явсаар байгаад замын баруун тал руу даваад уначихсан юм. Машин унахдаа бид нараас 100 орчим мерт зайтай урд очиж унасан байсан ба зүүн тал руугаа налсан байдалтай дугуйн дээрээ эргэж харж унасан байсан. Тухайн үед миний хөл муу байсан тул очоогүй ба машин унаад зогсонгуут машинаас 2 хүн гарч ирсэн. ... Б- дарга тухайн болсон зүйлийг эмнэлэг болон цагдаагийн хэсэгт дуудлага өгч мэдэгдсэн юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 44 дугаартай: 1. Б.А- нь гавал, тархины хагарсан битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна. 2. Б.А-гийн биед гавал ясны олон хэлтэрхийт хугарал, их бага тархины няцрал, духны баруун хэсэг, баруун хацар, шанааг хамарсан олон тооны, дух зүүн дээд, доод зовхи, зүүн сарвуунд зулгарсан шарх, дух, зүүн хацар шанаа, өвдөг, шилбэ, баруун гуя, ууцанд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу жин ихтэй зүйлд толгой хэсгээрээ дарагдах үед үүсэх ба үхэлд шууд хүргэсэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийх үед талийгаач нь нас бараад 10 орчим цаг өнгөрсөн байжээ. 4. Шинжилгээгээр талийгаач Б.А-гийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Б.А- нь нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба дунд зэргийн согтолттой байжээ" гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 78-81 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 41 дугаартай: “1. Б.А-гийн цогцосноос авсан цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрч байв. 2. Цуснаас илэрсэн 1.6 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 83 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Р.Ням-Осорын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 33 дугаартай: “1. М.Н-н биеэс авсан гэх цусанд 1.3 промилли спиртийн агууламж илрэхгүй байлаа. 2. Цуснаас илэрсэн 1.3 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” дүгнэлт /1-р хх-ийн 108 дугаар хуудас/, /“...1 дүгээр хэсэгт илрэхгүй байлаа гэсэн нь шивэлтийн үеийн алдааг гаргасан байна” шинжээчийг байцаасан тэмдэглэлээс /1-р хх-ийн 126 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь Замын цагдаагийн тасгийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаартай: “1. 2017 оны 04-р сарын 22-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн “Өлхөний сайр” гэх газрын асфальтон замд тоёота аллион маркын ... ХӨВ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.Н- нь МУ-н замын хөдөлгөөний дүрмийн 2-р зүйлийн 2.2А-Д “Замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, 2-р зүйлийн 2.7А-Д “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, МУ-н замын хөдөлгөөний дүрмийн 9-р зүйлийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн. 2. Жолооч тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын нөхцөл байдалдаа тээврийн хэрэгслийнхээ хурдыг сонгож яваагүйгээс уг зам тээврийн осол үүссэн гэж үзэв. Мөн М.Н-гийн жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн зэрэг нь зам тээврийн осол гаргахад нөлөөлнө. 3. Уг осол гарахад авто замаас шалтгаалсан нөхцөл байдал нөлөөлөөгүй. 4. ... ХӨВ тээврийн хэрэгслийн жолооч Г.А- нь МУ-н замын хөдөлгөөний дүрмийн 2-р зүйлийн 2.76-д “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэв” гэх дүгнэлт /1-р хх-ийн 113 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч, Б.Галбадрахын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2991 дугаартай: “1. Шинжилгээнд ирүүлсэн хаймар дугуйнд ил харагдах гэмтэлгүй байна. 2. Дугуйн обод хатуу зүйлтэй хүчтэй үйлчлэх үед гарсан цуурч хагарсан гэмтэлтэй байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 119-121 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, Б.Галбадрахын 2017 оны 10 дугаар сарын 19-ний 5433 дугаар “ Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалаас үзэхэд дугуйн обуд нь ослын үед хагарсан байж болно” гэх дүгнэлт /2-р хх-ийн 133-134 дугаар хуудас/,
  • Замын цагдаагийн албаны шинжээч В.Балжинням, Ш.Ариун-Эрдэнэ, Д.Батзориг нарын 2018 оны 01 дүгээр арын 31-ний өдрийн 50 дугаартай “Тээврийн хэрэгсэл явж байх үед обуд, дугуй /хаймар/ хагарсан тохиолдолд хэргийн газарт буюу зорчих хэсгийн гадаргууд хатуу зүйлийн үйлчлэлээр зулгаралт, чирэгдэлтийн ул мөр үүсэх боломжтой. Уг ул мөрийг хэргийн газрын анхны үзлэгийн баг олж тогтоон нотлох баримтаар бэхжүүлэн авах ба тухайн осол хэргийн хувьд обуд, /хаймар/ хагарснаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэслэлгүй гэж шинжээчид үзэж байна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 195-196 дугаар хуудас/,  
  • Шүүгдэгч М.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Бид нар хоорондоо юм яриад архи пивоо ууж дууссаныхаа дараа буцаад Мөрөн сум руу явахаар болсон. Хатгалаас Мөрөн сум руу явахад эхлээд А- машин барьж явж байсан.Тэгж явж байгаад зам дагуу зогссон. Тэгж зогсох үед А- машинаа З-ад өгч бариулсан. Тэгээд бид нар Мөрөн сум руу явж байхад: А- чи арай гайгүй байх шиг байна, чи машин бариад явчих гэж байсан. Тэгэхээр нь би замдаа явж байгаад З-атай солигдсон. Би З-агаас Алаг-Эрдэнэ сумын тэр хавьд жолоо авч машины маань дугуй болохоо байсан уу, машин маань гэнэт хөндөлдөөд ирсэн. Тэгснээ онхолдчихсон. …Тэгээд би машинаасаа буухад А- машин яав аа гээд орилоод гүйж байсан. Харин Б.А- машины ард талд газар хэвтэж байсан. Би тухайн үед Б.А-г босооч ээ гэж хэлсэн боловч Б.А- урдаас огт дуугарахгүй байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141-144, 153 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав.

Үүнд:

- Гэрч Д.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “М.Н-н хувьд хүнээс үг сайн сонсдог, ...ангидаа дундаж үнэлгээтэй суралцдаг, анги хамт олонтойгоо нийтэч, элдэв муухай ааш араншин байхгүй төлөв даруу хүүхэд” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56 дугаар хуудас/,

- Гэрч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М.Н-гийн зан чанарын хувьд гэвэл төлөв даруу зантай, гэнэн цагаан цайлган сэтгэлтэй, аливаа юманд оролдлого сайтай, зөв дадал хэвшилтэй, хүнтэй харилцаа сайтай, багш нарыг хүндэлж харилцдаг, шударга, тусч хүүхэд” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61 дүгээр хуудас/,

- Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хүүгийн маань зан чанарын хувьд гэвэл төлөв даруу, өгөөмөр нинжин сэтгэлтэй, хүнд туслах дуртай, тусч зантай, шудрага, элдэв муухай ааш араншингүй. ...архи, тамхи огт хэрэглэдэггүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65 дугаар хуудас/,

- “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 11В ангийн сурагч М- овогтой М.Н-н тодорхойлолт /1-р хх-ийн 156-157 дугаар хуудас/,

- Суралцагчийн хувийн хэргийн хуулбар /1-р хх-ийн 158-164 дүгээр хуудас/,

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 167 дугаар хуудас/,

- Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга архитектурын сургуулийн тодорхойлолт /3-р хх-ийн 93 дугаар хуудас/,

- Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаартай: “1. М.Н- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. 2. М.Н- нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж ярина. 3. М.Н- нь 2017.04.22-ны өдөр буюу 17 настай байхдаа автомашины осолд орсны улмаас айдас түгшүүр, гэмтэлтэй холбоотой зүрхний хэм алдагдалтай, зүрхний үйл ажиллагааны болон цусан хангамжийн алдагдалтай, хүчтэй өвдөлтийн улмаас 6-р сарын 26-наас 7-р сарын 02 хүртэл дотрын тасагт, гэмтлийн гаралтай хэсэгчилсэн уналт таталтын улмаас 7-р сарын 05-наас 7-р сарын 25 хүртэл мэдрэлийн тасагт тус тус хэвтэн эмчлэгдсэн болно. 2018.08.22-нд тархины цахилгаан бичлэгт. Дүгнэлт: Тархины цахилгаан идэвхжил дааширсан, баруун талын дух хэсэгт аажим долгион голомтлог илэрнэ. Мөн олон шовх долгион баруун дух, зулай хэсэгт илэрнэ. Онош: Хэсэгчилсэн эпилепси. Уналтын эсрэг эм тогтмол уух, тархины цахилгаан бичлэг 3 сар тутамд давтах, хяналтанд байх, дэглэм сахих зэрэг зөвлөмжийн дагуу хяналтанд байдаг. Дээрхи эмгэг өөрчлөлтүүдийн улмаас М.Н- нь өөрийнхөө үйлдлийн холбогдлыг бүрэн ойлгох боломж бага болно. 4. М.Н- нь өөрийн үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай боловч мэдрэлийн эмгэгийн хувьд учир дутагдалтай болно” дүгнэлт /3-р хх-ийн 94-95 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 453 дугаартай: “М- овогтой М.Н- нь 19 настай эрэгтэй. DS: Гэмтлийн дараах толгойн өвдөлт, уналт таталт өгдөг өвчний учир мэдрэлийн эмчийн хяналтад үзүүлж хэвтдэг нь үнэн болно” гэх тодорхойлолт зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль зүйн мэдлэг дутмаг, мөн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч М.Н- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч М.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өлхөний сайр” гэдэг газар ....ХӨВ улсын дугаартай “Тоёота алион” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журам болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2а “Замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, 2 дугаар зүйлийн 2.7а “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9 дүгээр зүйлийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэх заалтууд буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.А-гийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн тухай гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 2 дугаар хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 3-9 дүгээр хуудас/, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /1-р хх-ийн 10 дугаар хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 12-15 дугаар хуудас/, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 23 дугаар хуудас/, хохирогч С.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 27-29 дугаар хуудас/, хохирогч Г.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 31-32 дугаар хуудас/, хохирогч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/, гэрч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 37-41 дүгээр хуудас/, гэрч Ч.З-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 45-47 дугаар хуудас/, гэрч О.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 66-68 дугаар хуудас/, гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 70 дугаар хуудас/, гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 71-73 дугаар хуудас/, гэрч О.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 74 дүгээр хуудас/, Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 44 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 78-81 дүгээр хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 41 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 83 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Р.Ням-Осорын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 33 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 108 дугаар хуудас/, шинжээчийг байцаасан тэмдэглэл /1-р хх-ийн 126 дугаар хуудас/, Хөвсгөл аймаг дахь Замын цагдаагийн тасгийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 113 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2991 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 119-121 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, Б.Галбадрахын 2017 оны 10 дугаар сарын 19-ний 5433 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 133-134 дугаар хуудас/, Замын цагдаагийн албаны шинжээч В.Балжинням, Ш.Ариун-Эрдэнэ, Д.Батзориг нарын 2018 оны 01 дүгээр арын 31-ний өдрийн 50 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 195-196 дугаар хуудас/, шүүгдэгч М.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 141-144, 153 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон нь дээрх гэмт хэргийг гэм буруутайгаар, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос үүдэн гарах хохирлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагааг зөрчсөн, зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн бусдын амь нас, тээврийн хэрэгсэл болон бусад эд хөрөнгийн хохирол

учруулж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгчийн мэдүүлж байгаагаар “... Бид нар хоорондоо юм яриад архи пивоо ууж дууссаныхаа дараа буцаад Мөрөн сум руу явахаар болсон. Хатгалаас Мөрөн сум руу явахад эхлээд А- машин барьж явж байсан. ...Тэгээд бид нар Мөрөн сум руу явж байхад: А- чи арай гайгүй байх шиг байна, чи машин бариад явчих гэж байсан. Тэгэхээр нь би замдаа явж байгаад З-атай солигдсон. Би З-агаас Алаг-Эрдэнэ сумын тэр хавьд жолоо авч машины маань дугуй болохоо байсан уу, машин маань гэнэт хөндөлдөөд ирсэн. Тэгснээ онхолдчихсон” /1-р хх-ийн 141-144, 153 дугаар хуудас/ гэх мэдүүлгээс үзвэл Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2а “Замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, 2 дугаар зүйлийн 2.7а “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9 дүгээр зүйлийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэх заалтуудыг гэм буруутайгаар зөрчсөн нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч М.Н-н үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар, хохирол нь бусдын амь нас гэж шүүх дүгнэлээ.

            Хохирогч Д.Н-, Д.С- нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 30.000.000 төгрөг нэхэмжилж, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд 5.499.245 төгрөг, сэтгэл санааны хохиролд 14.884.863 төгрөг, хохирогч Д.Н- нь Япон улсаас ирж, буцсан замын зардал, цалинд өөрчлөлт орсоны зөрүү, өмгөөлөгчийн хөлс, сэтгэл зүйчийн хөлс болох нийт 9.615.892 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгчээс 4.500.000 төгрөгийг хохирогч Д.С-од, 2.500.000 төгрөгийг хохирогч Д.Н-д /2-р хх-ийн 212-213/, 2.431.000 төгрөгийг хохирогч Д.Н-д /3-р хх-ийн 16/, хохирогч Д.Н-ын ХААН банкны ... дугаарын данс руу шүүгдэгчээс 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 1.840.000 төгрөг, 790.000 төгрөгийг, нийт 12.061.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан байх тул шүүгдэгч М.Н-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч М.Н-н жолоодож явсан автомашины эзэмшигч нь Б.Г- /1-р хх-ийн 53, 3-р хх-ийн 42/ тул иргэний хариуцагчаар тогтоосон байна. /1-р хх-ийн 52/.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж зааснаар нотлох баримтаар тогтоогдсон хохирлоос иргэний хариуцагч Б.Г- нь 500.000 төгрөгийг хохирогч Д.С-од төлсөн байх тул 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Н-д олгох нь зүйтэй.

Хохирогч нарт учруулсан хохирлыг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас гаргуулахдаа иргэний хариуцагчийн хувьд уг гэмт хэргийн улмаас өөрийн эд хөрөнгөөрөө хохирол хүлээсэн байдлыг харгалзан үзсэн болно.

Хохирогч Д.С-, С.Б-, Д.Н- нарын сэтгэл санааны хохирол 14.884.863 төгрөгийг нэхэмжилж байх боловч хэрэгт хохирлын талаарх нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь сэтгэл санааны болон бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч Д.Н-ын нэхэмжилж буй өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Гэм буруутай этгээд үйлдсэн гэмт хэрэгтээ зөвхөн өөрөө эрүүгийн хариуцлага хүлээнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, /нас, боловсрол, хүмүүжил, гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй, ерөнхий боловсролын сургуульд суралцаж байсан/ үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл. “Хууль буцаан хэрэглэх” 1 дэх хэсэг “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 8.1 дүгээр зүйл. “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл” 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 5 дахь хэсэг “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэснийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч М.Н-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” 1 дэх хэсэг “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн-д ...хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина”, 8.6 дугаар зүйл “Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” 1 дэх хэсэг “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.Н-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаанд “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” юм.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд согтууруулах ундаа хэрэглэсэн нь нөлөөлсөн тул дээрх албадлагын арга хэмжээг авч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол ...хорих ял оногдуулахгүйгээр ...эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 жилийн хугацаанд “тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах” ялыг “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна”, 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргана”, 3 дахь хэсэг “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна” гэж зааснаар шүүгдэгч М.Н- нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хойшлуулсан ялыг оногдуулахыг анхааруулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдаж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шүүгдэгч М.Н-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Аллион” маркийн автомашины дугуйг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний хариуцагч Б.Г-т буцаан олгохыг шүүгчийн туслах С.Д-д даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Н- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-д холбогдох эрүүгийн хэргийг зүйчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч М.Н-г “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч М.Н-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч М.Н-г 1 /нэг/ жилийн хугацаанд “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйл, 8.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н- нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хойшлуулсан ялыг оногдуулахыг анхааруулсугай.

9. Шүүгдэгч М.Н-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10. Шүүгдэгч М.Н- нь хохирогч нарт нийт 12.065.375 төгрөг төлсөн болохыг, иргэний хариуцагч Б.Г- нь хохирогч Сайнтогтоход 500.000 төгрөг төлснийг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 508.1-т зааснаар иргэний хариуцагч Б.Г-с 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Н-д олгож, хохирогч нар нь сэтгэл санааны хохирол болон бусад зардлаа хойшид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Аллион” маркийн автомашины дугуйг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний хариуцагч Б.Г-т буцаан олгохыг шүүгчийн туслах С.Д-д даалгасугай.

12. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

13. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЗЖАРГАЛ