Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2020/0023

 

2020 оны 01 сарын 02 өдөр           Дугаар 221/МА2020/0023                          Улаанбаатар хот

“С...” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ор, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.О, хариуцагч Б.Н, П.Н нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0768 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “С...” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0768 дугаар шийдвэрээр: Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д тус тус заасныг баримтлан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Э, улсын байцаагч Б.Н, П.Н нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №0005505 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 20 сая төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “С...” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Манай компани нь улсын байцаагч нарын хяналт шалгалтын дүгнэлтэд дурдсанчлан Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д заасан өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагааг явуулаагүй болно.

Учир нь тухайн хяналт шалгалтын хугацаанд манай компани нь ямар нэг байдлаар хэрэглэгчийг хохироосон худалдааны арга хэрэглэж, ямар нэг байдлаар хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулаагүй, мөн түүнчлэн ямар нэг аж ахуй эрхлэгчийн өрсөлдөөнийг хязгаарласан зүйлгүй болно.

Өрсөлдөөний тухай хуулийн зорилго нь тухайн зах зээлд өрсөлдөж буй аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг атал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар нь газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд хэрэглэгчдийнхээ эрх ашигт нийцүүлэн бүтээгдэхүүнээ борлуулан өрсөлдөж буй манай компанийг бараа бүтээгдэхүүнээ хэрхэн худалдан борлуулахыг тушаан шаардаж улмаар хуульд харшлаагүй үйл ажиллагааг зогсоохыг шаардаж 20 сая төгрөгийн торгууль оногдуулсан шийдвэрийг гаргасныг илтэд өрсөлдөөний үндсэн зарчмаас гажуудсан гэж бид үзэж байна.

Улсын байцаагч нар нь бодит нөхцөл байдлыг үнэн зөв, эргэлзээгүй байдлаар нотлох үүргээ биелүүлээгүй буюу хуульд тусгайлан заасан тухайн зөрчил гэх зүйлийн бүрэлдэхүүн хэсгүүдийг нэг бүрчлэн тогтоож чадаагүй байдаг.

Тодруулбал, манай компани яг ямар хуулиар хориглосон ямар худалдааны аргыг хэрхэн хэрэглэж, хэн хэн гэх нэртэй ямар хэрэглэгчийг хэрхэн хохироосон, үүний улмаас ямар аж ахуй эрхлэгчийн өрсөлдөөнийг яаж хязгаарлаж, ямар хохиролтой үр дагавар үүсгэсэн болохыг ямар нэг баримтаар нотлоогүй буюу манай компанийн зүгээс ийм төрлийн ямар ч үйлдэл гаргаагүй, хэн нэгний өрсөлдөөнийг хязгаарлаагүй юм.

Харин шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0768 дугаар шийдвэрт “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0648 дугаар шийдвэр болон Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор “улсын хэмжээний нөөц болон компанийн нөөц хангалттай байтал “С...” ХХК-ийн шатахуун түгээх станцууд дизель түлш болон А/92 шатахууныг иргэдэд бэлэн мөнгөөр бус өөрийн “Ай Си” картаар борлуулсан нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалтыг зөрчсөн гэх хариуцагч улсын байцаагч нарын дүгнэлтийг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй байна, дизель түлш болон АИ-92 авто бензинийг бэлэн мөнгөөр худалдахгүй, зөвхөн өөрийн карт эзэмшигчдэд худалдан борлуулж, үйлчилж байгаа нь бусад хэрэглэгчдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үйлдэл байх тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нар Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан хэрэглэгчийг хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзсэн нь үндэслэлтэй, энэ талаар шүүхүүд зөв дүгнэлт хийсэн байна” гэсэн агуулгаар дүгнэсэн байна. Иймд дээрх анхан шатны шүүхийн шийдвэр, хяналтын шатны тогтоолоор дээрх байдлаар дүгнэн “С...” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2018 оны 5/02 дугаар дүгнэлтийг үндэслэн маргаан бүхий №0005505 тоот шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ” гэжээ.

Шүүхээс дээрх байдлаар өөр хэрэг маргааныг буюу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/02 дугаар дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэл болгон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын №0005505 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдол бүхий хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа нь шүүх зөвхөн хуульд захирагдах үндсэн зарчмыг алдагдуулсан явдал болсон гэж үзэж байна.

Учир нь шүүх энэхүү хэргийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын №0005505 тоот шийтгэлийг оногдуулсан хууль зүйн үндэслэлийг Өрсөлдөөний тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөв тайлбарлан хэрэглэх замаар шийдвэрлэх ёстой билээ.

Бид ойлгохдоо Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон түүний албан хаагч нь нийтийн албан тушаал бөгөөд тэдгээрт зөвхөн хуулиар тусгайлан олгосон эрх, үүргийг хэрэгжүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 1.2-т заасан хууль дээдлэх зарчим нь төрийн албан хаагчид зөвхөн объектив эрх олгосон хуулиар зөвшөөрснөөс бусад нь хориглогддог байдлыг ойлгох юм. Манай компанийн хувьд объектив болон жам ёсны, хуулиар баталгаажсан эрхийг хуулиар хориглосноос бусдыг зөвшөөрсөн зарчмаар эдлэн хэрэгжүүлдэг.

Шүүх шийдвэртээ манай компанийг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан бусад хэрэглэгчдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үйлдэл гаргасан. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д заасан хэрэглэгчийг хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж дүгнэсэн нь бодит нөхцөл байдлыг тал бүрээс нь үнэн бодитоор үнэлээгүй, тухайн хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан, ойлгож хэрэгжүүлсэн, хуулийг бүрэн гүйцэд цогцоор нь ойлгож тайлбарлан хэрэглээгүй гэх үндэслэл болсон.

Учир нь тухайн нөхцөл байдалд шатахуун түгээх станц ажиллуулдаг олон компани дундаас манай компани борлуулалтаа зогсоогоогүй, өөрийн хэрэглэгчдийг тасралтгүй шатахуунаар ханган ажилласан бөгөөд бусад хэд хэдэн компани /давамгай байдалтай компани/ борлуулалтдаа хязгаарлалт хийсний улмаас манай компанийн нөөц хурдан дуусах, цаашлаад өөрийн гэрээт буюу карт эзэмшигч, тендерийн дагуу гэрээ байгуулсан харилцагчдаа тасалдалгүй хангах үүргээ биелүүлэхэд хүндрэлтэй байдал учрах эрсдэлийг бий болгосон юм.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн зохицуулалт нь гэрээний эрх зүйн харилцаа үүссэн буюу хэлцэл хийгдсэн этгээдийн хувьд бараа, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийн асуудал яригддаг. Тодруулбал, тус хуулийн 3.1.1-д ““хэрэглэгч” гэж бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь хүнийг”, 3.1.6-д “ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх” гэж Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд тодорхойлсон байдаг. Иймээс шүүхийн шийдвэрт дурдсанчлан манай компаниас бараа авахаар хандсан этгээд бүр манай компанийн хувьд шууд хэрэглэгч гэх үндэслэлгүй юм.

Мөн түүнчлэн, шүүхээс манай Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д заасан “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэж дүгнэсэн боловч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар тухайн заалт бүхий зөрчлийн гол бүрэлдэхүүн хэсэг болох “өрсөлдөөнийг хэрхэн хязгаарласан” болохыг тогтоосон, шалгасан зүйлгүй байхад байцаагч нарын Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг үндэслэн 20 сая төгрөгийн торгууль оногдуулсныг хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн явдал нь тухайн хуулийг дутуу, буруу хэрэглэсэн гэх хангалттай үндэслэл болж байгаа юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0768 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж, манай компанийн үйл ажиллагаа төрийн байгууллагын хууль бус дарамт шахалтаас ангид хэвийн явуулах нөхцөлөөр хангаж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

“Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №0005505 дугаар шийтгэлийн хуудсаар “Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг зөрчсөн” гэсэн үндэслэлээр 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг “С...” ХХК-аас хүчингүй болгуулахаар гомдол гаргажээ.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “С...” ХХК-ийн шатахуун түгээх станцууд нь “дизель түлш болон АИ-92 автобинзенийг иргэдэд бэлэн мөнгөөр бус тухайн байгууллагын “Аи Си” картаар борлуулан автобинзен болон дизель түлшний борлуулалтыг хязгаарлалттайгаар буюу худалдах хэмжээг үнийн дүн, хэмжих нэгж /литр/-ээр хязгаарлаж худалдаалсан, зөвхөн хэрэглэгчийн карт эзэмшигч хувь хүн, албан байгууллагуудад олгож байсан, бэлэн мөнгөөр хэрэглэгчид үйлчлээгүй зэрэг байдлаар газрын тосны бүтээгдэхүүнийг үндэслэлгүйгээр хязгаарлалттайгаар борлуулсан, хэрэглэгчдэд үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоож ялгавартай хандсан, тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахаар хандсан этгээдүүдэд үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзсан” гэх хариуцагч нарын шийтгэл оногдуулах болсон үндэслэл нотлох баримтаар тогтоогдсон байна.

1. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д зааснаар аж ахуй эрхлэгч нь “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” замаар өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна. Гэтэл “С...” ХХК нь дизель болон автобинзенийг борлуулахдаа хэрэглэгчдэд бэлэн мөнгөөр үйлчлэхгүй, зөвхөн тус компанийн “Аи Си” картаар борлуулсан, улсын болон компанийн нөөц хангалттай байхад худалдах хэмжээг үндэслэлгүйгээр хязгаарласан нь тус компаниар үйлчлүүлж буй хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэх үндэслэл бүрдсэн байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/02 дүгнэлт болон улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/06 дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах “С...” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг энэ хэрэгт хамааралгүй, өөр хэрэг маргаан гэж үзэх боломжгүй, тухайн дүгнэлтийг үндэслэж шийтгэл ногдуулсан зөрчлийн захиргааны акт гаргасан “автобинзен болон дизель түлшний борлуулалтыг хязгаарлалттайгаар буюу худалдах хэмжээг үнийн дүн, хэмжих нэгжээр хязгаарлаж худалдаалсан” үйл баримтыг өмнө нь шүүх тогтоосон байна.

Түүнчлэн, “С...” ХХК нь “шатахуун худалдаалахад хязгаарлалт” хийсэн нь аж ахуй эрхлэгч зах зээлд шударгаар өрсөлдөх Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д заасан нөхцөлийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болох бөгөөд аж ахуй эрхлэгч хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаанд хамаарч байгаа учир “өрсөлдөөнийг хязгаарлаагүй, тогтоогоогүй” гэх давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

2. “С...” ХХК-аас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан ... гомдлыг хангах боломжгүй гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэг гишүүн дангаар шийдвэрлэсэн нь илт хууль бус болсон” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь маргаан бүхий зөрчлийн захиргааны актыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх журмаар хандаж, түүнийг шийдвэрлэсэн уг нөхцөл байдал нь зөрчил тогтоогдсон, түүнд оногдуулсан шийтгэл үндэслэлтэй зөв эсэхийг шүүхээс хянахад нөлөөлөхгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7.-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасантай маргаан бүхий шийтгэлийн хуудас нийцсэн байна.

3. “Манай компаниас бараа авахаар хандсан этгээд бүр манай компанийн хувьд шууд хэрэглэгч гэх үндэслэлгүй” гэх гомдлын тухайд:

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““хэрэглэгч” гэж бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь хүнийг” ойлгохоор заасан байх бөгөөд энэ тохиолдолд “С...” ХХК-аас (автобинзен, дизель түлшний жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжийн хувьд) автобинзен, дизель түлш худалдан авч үйлчлүүлэхээр хандсан хувь хүн бүр хэрэглэгч гэж үзэхээр байна.

Дээрх үндэслэлээр гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв байх тул хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0768 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, “С...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ