| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Цогт |
| Хэргийн индекс | 128/2023/0798/З |
| Дугаар | 001/ХТ2025/0036 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2025/0036
Г.Б-ийн нэхэмжлэлтэй,
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Х.Батсүрэн
М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2024/0848 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2025/0056 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 120 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б-ыг оролцуулан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 04/1262 дугаар “Хууль хэрэгжүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах,
1.2.Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/2749, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/522 дугаар албан бичгүүдийг хүчингүй болгуулах,
1.3.Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгах.
Хэргийн нөхцөл байдал:
2.Төрийн албаны зөвлөлийн гишүүний 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Хууль хэрэгжүүлэх тухай” 04/1262 дугаар албан бичгээр Увс аймгийн Засаг даргад “... Төрийн албаны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж, Г.Б-г Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, тухайн албан тушаалын захиалгыг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлэх”-ийг мэдэгджээ.
2.1.Төрийн албаны зөвлөлийн гишүүний 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/2749 дүгээр албан бичгээр Г.Б-д “... шалгалтын комисс сонгон шалгаруулалтын тайлангаа Зөвлөлийн 2023 оны 04 дүгээр хуралдаанд зохих ёсоор танилцуулсан. ... Зөвлөлийн хуралдаанаар 100 хувийн саналаар Г.Б-г Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэх асуудал дэмжигдээгүй. Дэмжигдээгүй шалтгаан нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлдэггүй, хууль бусаар иргэнийг албан тушаалд ажиллуулдаг болно” гэсэн хариуг,
2.2.Төрийн албаны зөвлөлийн гишүүний 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/522 дугаар албан бичгээр Г.Бд “... Зөвлөлийн хуралдаанаар шалгалтын комиссын тайланг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэх асуудал дэмжигдээгүй талаар 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02/2749 тоот албан бичгээр хүргүүлсэн. Иймд ... өргөдлийг дахин хянан шийдвэрлэх үндэслэлгүй” талаар хариуг тус тус хүргүүлжээ.
3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Миний бие тус албан тушаалд 2022 оны 12 дугаар сард томилогдсон, намайг хууль зөрчиж томилсныг тогтоосон гэх албан шаардлагууд нь одоогийн томилогдсон албан тушаалд огт хамааралгүй, өмнөх түр орлон гүйцэтгэгч хийж байх үеийн шийдвэр тул үндэслэлгүй. ... Төрийн албаны тухай хуулийн дагуу албан тушаалаас чөлөөлөгдөх үндэслэлийн аль аль нь бүрдээгүй. ... Төрийн албаны зөвлөлийн нэг гишүүн нь тус байгууллагыг төлөөлж шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй, тус байгууллага нь хамтын удирдлага бүхий байгууллага. Нэхэмжлэгч шалгалтад оролцож, хамгийн өндөр оноо авсан. Гэвч тус орон тоонд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн боловч нэр дэвшүүлсэн эсхүл нэр дэвшүүлэхээс татгалзсан шийдвэр гаргаагүй” гэж,
4.Хариуцагчаас “... 04/1262 дугаар албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг агуулаагүй. Зөвлөлийн тогтоолыг биелүүлэх үүрэг чиглэлийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн. ... Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын комисс тайлангаа Зөвлөлийн хуралд зохих журмын дагуу танилцуулсан бөгөөд Зөвлөл хуралдааны дэгд заасан зохицуулалтын хүрээнд ... гишүүдийн 100 хувийн саналаар Г.Б-г нэр дэвшүүлэх асуудал дэмжигдээгүй” гэж маргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2024/0848 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.3, 65 дугаар зүйлийн 65.6, 66 дугаар зүйлийн 66.1.11-д заасныг баримтлан Г.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02/2749, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 02/522 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, Г.Б-г Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэх асуудлыг бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэхийг Төрийн албаны зөвлөлд даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2025/0056 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2024/0848 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “... Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02/2749, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 02/522 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож” гэснийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Төрийн албаны зөвлөлийн гишүүний 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02/2749 дугаар албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 02/522 дугаартай шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, нэхэмжлэлийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
7.1.Гомдол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, 123.2.4-т заасан үндэслэлд хамаарна гэж үзэж байна.
7.2.Маргаан бүхий захиргааны актын тухайд: Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/118 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 68 дугаартай тогтоолоор аймгийн Засаг даргын тус тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иргэн Г.Б нь Төрийн албаны зөвлөлийн тус тогтоолыг хүчингүй болгуулахаар маргаж байгаад нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан. Үүний дараа аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/51 дугаартай захирамжаар Ковидын тухай хуулийн 3.2 дахь заалтыг үндэслэл болгож иргэн Г.Б-г аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд жинхэлж томилсон. Төрийн албаны зөвлөлөөс аймгийн Засаг даргын 2022 оны Б/51 дугаартай захирамжийг хүчингүй болгосон тогтоол гаргаагүй, аймгийн Засаг даргын захирамж хүчин төгөлдөр хэвээр байгаа. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн нэг гишүүн нь 04/1262 дугаартай албан бичгийг ирүүлсэн бөгөөд тус албан бичгээр иргэн Г.Б-г Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлөхийг үүрэг болгосон.
7.3.Хууль хэрэглээний хувьд зарчмын ач холбогдолтой болох тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т хамтын удирдлагатай захиргааны байгууллагын шийдвэрийн нэг гишүүн дангаар, цөөнхөөр гаргахгүйг тодорхой заасан. Төрийн албаны тухай хуульд зааснаар Төрийн албаны зөвлөл бол гишүүдээс бүрдэх хамтын удирдлага бүхий байгууллага. Гэтэл дээр дурдсан актыг Төрийн албаны зөвлөлийн нэг гишүүн дангаар гаргасан. Үүнтэй холбоотой хууль бус гэж маргаж байгаа. Анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийн 8-10 дугаартай хэсэгт үүнийг зөвтгөж дүгнэсэн. Ингэхдээ Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 19 дүгээр тогтоолоор баталсан Төрийн албаны зөвлөлийн гишүүдийн эрхлэх ажил, үүргийн хуваарийн дагуу Төрийн албаны зөвлөлийн гишүүн дангаар шийдвэр гаргах эрхтэй гэх агуулгаар дүгнэлт өгсөн. Төрийн албаны зөвлөл нь өөрсдөө тогтоол, журам гаргах замаар Захиргааны ерөнхий хуулийн 6.2, Төрийн албаны тухай хуулийн 67.1, 68.1 дэх заалтуудад заасан хуралдаан хийж, олонхын саналаар шийдвэр гаргах журмыг өөрчлөх эрх хэмжээ байхгүй юм. Өөрөөр хэлбэл, хуулийн зохицуулалтыг дагаж мөрдөх үүрэгтэй захиргааны байгууллага нь өөрсдөө шийдвэр гаргах замаар хуулийн зохицуулалтаас өөр журам тогтоох боломжгүй. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд захиргааны байгууллагын энэ хууль бус үйл ажиллагааг зөвтгөж байгаа нь үндэслэлгүй юм. Хэрэв бид үүнийг зөвшөөрөх юм бол хожим захиргааны байгууллагууд өөрсдөө тогтоол, журам гаргах замаар Захиргааны ерөнхий хууль болон бусад хуулийн зохицуулалтыг дагаж мөрдөхгүй байх боломжтой болно. Энэ нь Үндсэн хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмыг ноцтой, шууд зөрчсөн хэрэг болно. Иймд Төрийн албаны зөвлөлийн нэг гишүүн дангаар Төрийн албаны зөвлөлийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрхтэй эсэх, Төрийн албаны зөвлөл өөрсдөө тогтоол гаргах замаар хуульд зааснаар өөр журам тогтоох боломжтой эсэх асуудалд шүүх дүгнэлт өгөх нь хууль хэрэглээний хувьд зарчмын ач холбогдолтой гэж үзэж байна.
7.4.Хууль хэрэглээний хувьд зарчмын ач холбогдолтой дараагийн асуудал: Аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/51 дугаартай захирамжаар Ковидын тухай хуулийн 3.2 дахь заалтыг үндэслэл болгож иргэн Г.Б-г аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд жинхэлж томилсон. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн 12 дугаартай хэсэгт үүнийг “иргэнийг төрийн жинхэнэ албанд жинхэлж томилсон гэж үзэх үндэслэл болохгүй” хэмээн дүгнэсэн. Үүнтэй холбоотой Ковидын хуулийн үйлчлэл дуусгавар болсон үеэс Ковидын хуулийн дагуу томилогдсон иргэнийг чөлөөлж, сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилгоо хийх учиртай хэмээн шүүхийн шийдвэрийн 15 дугаартай хэсэгт дүгнэсэн. Магадлалын хянавал хэсгийн 7.9 дугаартай хэсэгт тодорхой тайлбар хийгээгүй, шүүхийн шийдвэрийн тус дүгнэлтийг дэмжсэн. Өөрөөр хэлбэл, Ковидын тухай хуулийн 3.2 дахь заалтын дагуу сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон иргэн Ковидын тухай хуулийн үйлчлэл дуусгавар болсон өдрөөс эхлэн төрийн албанаас чөлөөлөгдөх эсэх эсвэл тухайн иргэн төрийн албанд хугацаагүйгээр жинхэлж томилогдсон гэж үзэх эсэх асуудал маргаантай байгаа юм.
7.5.Ковидын тухай хуулийн 3.2 дахь заалтын дагуу сонгон шалгаруулалтгүй томилогдсон иргэнийг хууль ёсоор, хугацаагүй байдлаар жинхэлж томилогдсон гэж үзэж байгаа. Учир нь, тус хуулийн үйлчлэл дуусгавар болсноор хуулийн 3.2 дахь заалтын дагуу томилогдсон иргэнийг чөлөөлөх тухай хуулийн зохицуулалт байхгүй. Сонгон шалгаруулалтгүйгээр томилогдож байгаа нь Ковидын тухай хуулийн 3.2 дахь заалтын дагуу хууль ёсны үйлдэл. Иймд тухайн үеийн хуулийн дагуу томилогдсон төрийн жинхэнэ албан хаагчийг яагаад чөлөөлөх ёстой гэж, чөлөөлөх үндэслэлтэй гэвэл ажил олгогч хуулийн аль заалтыг үндэслэл болгох вэ гэдэгт шүүх дүгнэлт өгсөнгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1 дэх заалтын дагуу хуульд үндэслэх нь захиргааны тусгай зарчим тул Ковидын тухай хуулийн дагуу томилогдсон албан хаагчийг чөлөөлөхийн тулд захиргаа хуулийн тодорхой зохицуулалтыг үндэслэл болгох ёстой. Гэтэл тухайн тушаалд үндэслэл болгох хуулийн зохицуулалт байхгүй. Ковидын тухай хуулийн 3.2 дахь заалт бол төрийн албан хаагчийг зөвхөн тухайн хуулийн үйлчлэх хугацаагаар томилгоо хийсэн гэх үндэслэлгүй. Хууль хэрэглээний энэхүү маргааныг өмнө Улсын дээд шүүх шийдвэрлэж байгаагүй байна. Иймд энэ маргааныг шийдвэрлэх нь хууль хэрэглээний хувьд зарчмын ач холбогдолтой гэж үзэж байна.
7.6.Ковидын тухай хуулийн 3.2 дахь заалтын дагуу сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсоныг хууль ёсны томилгоо гэж үзэхгүй бол томилогдсон албан хаагч нь тарийн албан хаагчийн баталгааг эдлэхгүй, тухайн үед ажилласан жил нь төрийн албанд ажилласан жилд тооцогдохгүй байх, төрийн албан хаагчийн нэмэгдэл, урамшууллыг авахгүй байх ээрэг үр дагавартай болно. Иймд Ковидын тухай хуулийн 3.2 дахь заалтын дагуу томилогдсон төрийн албан хаагчдын тухайн үеийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, эрх зүйн статусыг тодорхой болгох үүднээс энэхүү маргаан хууль хэрэглээний хувьд зарчмын ач холбогдолтой юм.
7.7.Улсын дээд шүүхийн тайлбараас хуулийг өөрөөр тайлбарласан тухайд: Улсын дээд шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор иргэн Б.Ц-ийн нэхэмжлэлтэй, Засгийн газарт холбогдох маргааныг шүүх шийдвэрлэхдээ Ковидын тухай хуулийн 3.2 дахь заалтыг тайлбарласан байна. Ингэхдээ тогтоолын 9 дугаартай хэсэгт “Ковидын тухай хуулийн ... 3.2 дахь заалт нь уг хуулийн үйлчлэлтэй хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх зорилгоор албан тушаалтныг сонгон шалгаруулахтай холбоотой хуулийн зохицуулалтыг түр зогсоосон ... харин ... шаардлагыг үл харгалзан албан хаагчийг төрийн албанд томилох агуулгагүй” хэмээн тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, хуулийн зохицуулалтын агуулга нь Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага хангаж байгаа иргэнийг сонгон шалгаруулалтгүйгээр томилох агуулга болохыг Улсын дээд шүүх тайлбарласан байна.
7.8.Гэтэл манай захиргааны хэргийн хувьд шүүхийн шийдвэрийн 13 дугаартай хэсэгт “Учир нь, хуулийн энэхүү зохицуулалт нь ... Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага, болзлыг хангасан эсэхээс үл хамааран төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилж, төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, шийдвэрийг шуурхай гаргахад ... чиглэснээс бус иргэнийг ... сонгон шалгаруулалт явуулалгүйгээр жинхэлж томилох эрхийг олгосон заалт биш юм” хэмээн тайлбарласан. Өөрөөр хэлбэл, Ковидын тухай хуулийн 3.2 дахь заалт нь Төрийн албаны тухай хуульд заасан болзол, шаардлага хангаагүй иргэнийг томилох агуулгатай гэх байдлаар хуулийг тайлбарлав. Мөн сонгон шалгаруулалтгүйгээр томилох агуулга биш хэмээн хуулийг тайлбарлав. Давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй ч шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулаагүй. Иймд шүүхийн шийдвэрийн тус дүгнэлтийг дэмжиж байгаа аж. Гэтэл шүүхийн шийдвэрийн энэ дүгнэлт, хууль хэрэглээ нь Улсын дээд шүүхийн дээрх тогтоолоос 100 хувь эсрэгээр байна. Иймд энэхүү маргааныг хяналтын журмаар авч хэлэлцэж, хууль хэрэглээний хувьд зөвтгөх шаардлагатай гэж үзэж байна.
7.9.Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуульд заасан болзол, шаардлагыг хангасан бөгөөд үүнтэй хариуцагч маргадаггүй. Энэхүү маргааны явцад Төрийн албаны зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтад оролцож, хамгийн өндөр оноо авсан боловч нэр дэвшүүлээгүй. Бид энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх энэ асуудлыг дахин шийдвэрлэхийг Төрийн албаны зөвлөлд үүрэг болгосон. Ийнхүү нэхэмжлэгч нь хуульд заасан болзол, шаардлагыг хангасан бөгөөд Ковидын тухай хуулийн 3.2 дахь заалтын дагуу сонгон шалгаруулалтгүй томилогдсон нь хууль ёсны томилгоо гэж бид үзэж байгаа. Төрийн албаны зөвлөл ч нэхэмжлэгчийг томилсон Засаг даргын захирамжийг хүчингүй болгоогүй. Тэгсэн атлаа зөвлөлийн нэг гишүүн нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхийг шаардаж байгаа нь хууль бус.
7.10.Нэгтгэн дүгнэхэд, дээр дурдсан хоёр нөхцөл байдалтай холбоотой энэхүү маргаан нь хууль хэрэглээний хувьд зарчмын ач холбогдолтой бөгөөд хууль хэрэглээний хувьд Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас зөрж байх тул хяналтын шатны журмаар хэлэлцэх үндэслэлтэй гэж үзэж байна. Харин шийдлийн хувьд Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Хууль хэрэгжүүлэх тухай” 04/1262 дугаартай актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах агуулгаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй. Иймд Төрийн албаны зөвлөлийн 04/1262 дугаартай актыг хүчингүй болгуулах агуулгаар шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 120 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
9.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд шийдвэр, магадлалыг хянаж, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.
Нэг.Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Хууль хэрэгжүүлэх тухай” 04/1262 дугаар захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
10.Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана ...” гэж, 66 дугаар зүйлийн 66.1-д “Зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 66 дугаар зүйлийн 66.1.3-т “иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох” гэж, 68 дугаар зүйлийн 68.1-д “Зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах ...” гэж тус тус заажээ.
11.Энэ хүрээнд Төрийн албаны зөвлөл нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай” 68 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Г.Б-г Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь хууль зөрчсөн болохыг тогтоож, томилгоог хүчингүй болгохыг Увс аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ. Улмаар, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Хууль хэрэгжүүлэх тухай” 04/1262 дугаар албан бичиг нь Төрийн албаны зөвлөлийн 68 дугаар тогтоолд үндэслэсэн, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрлэсэн асуудлыг мэдэгдсэн агуулгатай байх тул нэг гишүүн дангаар шийдвэр гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
12.Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “... хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасан.
13.Өөрөөр хэлбэл, уг хуулийн үйлчлэлтэй хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх зорилгоор албан тушаалтныг сонгон шалгаруулахтай холбоотой хуулийн зохицуулалтыг түр зогсоосон бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчиж төрийн албанд томилох эрхийг олгоогүй. Энэ хугацаанд томилогдсон этгээдийг төрийн албанд сонгон шалгаруулалтгүйгээр үргэлжлүүлэн ажиллуулах агуулга, зорилго зохицуулалт уг хууль болоод Төрийн албаны тухай хуульд тусгагдаагүй. Уг хуулийн үйлчлэл дуусгавар болсноор сонгон шалгаруулалтгүй томилогдсон этгээдийг тухайн албан тушаалаас чөлөөлж, Төрийн албаны тухай хуульд заасан журмаар сонгон шалгаруулж, томилох үр дагавар үүсэхээр байна.
14.Иймд нэхэмжлэгч Г.Б-г албан тушаалаас чөлөөлж, сонгон шалгаруулалтын захиалга ирүүлэхийг даалгасан Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 04/1262 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр, магадлал зөв, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “хамтын удирдлагатай захиргааны байгууллагын шийдвэрийг нэг гишүүн дангаар гаргах эрхгүй, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль үйлчилж байх хугацаанд жинхэлж томилогдсон иргэнийг тус хуулийн үйлчлэл дуусгавар болсноор чөлөөлөхгүй” гэж маргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Хоёр.Нэхэмжлэгч Г.Б-г Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлд даалгах шаардлагын тухайд:
15.Төрийн албаны зөвлөлийн хуралдааны дэгийн 6.2-т “... Хэлэлцсэн асуудлын шийдвэрийг тэмдэглэл хэлбэрээр гаргаж болно” гэж заасан. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 40 дүгээр тэмдэглэлд нэхэмжлэгч Г.Б-г нэр дэвшүүлэх асуудал 100 хувийн саналаар дэмжигдээгүй болох нь тогтоогдсон. Энэ нь нэхэмжлэгчийг нэр дэвшүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн үр дагаврыг үүсгэсэн байх бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс тодорхой шийдвэр гарсан байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх “шийдвэр гараагүй” гэх агуулгаар дүгнэсэн нь буруу.
16.Гэвч хариуцагчаас шийдвэр, магадлалд гомдол гаргаагүй байх тул нэр дэвшүүлэхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн асуудлын хүрээнд Төрийн албаны зөвлөл Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага, журамд нийцүүлэн эрх хэмжээнийхээ хүрээнд нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжтой.
Гурав.Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02/2749 дугаар албан бичиг, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 02/522 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
17.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тодорхойлсон. Маргаан бүхий тохиолдолд Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 40 дүгээр тэмдэглэлд дурдсанаар нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 02/2749, 02/522 дугаар албан бичгүүд нь нэгэнт шийдвэрлэсэн асуудлыг мэдэгдсэн агуулгатай байх тул захиргааны актын шинжийг агуулахгүй.
18.Давж заалдах шатны шүүх “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иймд дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2025/0056 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧИД Х.БАТСҮРЭН
М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ