Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 154

 

Дархан-Уул аймаг дахь Технологийн

 сургуулийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс:135/2016/00389/и

          Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч О.Нарангэрэл, С.Энхжаргал нарын   бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 785 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч:Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль,

Хариуцагч:Ц.Э-, Б.Б- нарт холбогдох,

           “Үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчээр тогтоолгох тухай”  иргэний хэргийг

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 05-ны  өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн  өмгөөлөгч ..., хариуцагч нарын өмгөөлөгч ... нарийн бичгийн даргаар  Б.Мандуул нар оролцов.     

Нэхэмжлэгч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харъяа Дархан-Уул аймаг дахь технологийн сургууль нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...манай байгууллага нь сургалтын үйл ажиллагаа явуулдаг төрийн үйлчилгээний байгууллага бөгөөд оюутан, багш нарын чадварыг дээшлүүлэх чиглэлээр мэргэжилтэн профессоруудыг урьж ажиллуулдаг тул эдгээр хүмүүст зориулсан амьжиргааны нөхцөлийг хангах зориулалтын орон сууц хэрэгтэй болж 2004 онд Дархан сумын 16 дугаар багийн 1 дүгээр хороолол, 8 дугаар байрны 11 тоотод 26,0 м2 улсын бүртгэлийн Ү2003002229 дугаарт бүртгэгдсэн байрыг Д.Сэржмядагаас /РД:МР79070104/ худалдаж авсан юм. Тухайн үед манай байгууллагад хуулийн зөвлөх, хүний нөөцөөр ажиллаж байсан талийгаач Ядамүрэнгийн Батсүх нь орон сууцны худалдах, худалдан авах гэрээг хариуцаж, энэ байрны бичиг баримтыг бүрдүүлэх, татвар төлөхөд хувь хүний нэрээр байх нь зүйтэй гэсэн саналыг Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хурлын шийдвэрээр үүрэг хүлээсэн байдаг юм. Энэ байрыг анх 2004 онд иргэн Д.Сэржмядагаас 3,710,000 төгрөгөөр худалдан авч мөнгийг нь байрны эзэнд хүлээлгэж өгөх ажлыг тухайн үед байгууллагын багшаар ажиллаж байсан Б.Буянжаргал /нөхөр, В.Эрдэнэ нь байгууллагын ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан/ өгсөн байдаг юм. 2008 оны 08 дугаар сард талийгаач Я.Батсүх өвчний улмаас нас барж, түүний эхнэр Ц.Э-т манай сургуультай холбоотой талийгаачид хадгалагдаж байгаа бичиг баримтыг гаргаж өгнө үү? гэхэд ямар ч бичиг баримт байхгүй гэж сургуулийн бичиг баримтыг нуун дарагдуулаад, 2014 онд талийгаачийн хүү Б.Б- өөрийн нэр дээр байрны гэрчилгээг гаргуулж авсан байна. 2014 оны 11 дүгээр сард талийгаачийн хүү Б.Б- манай сургууль руу ярьж би энэ байрыг өөрийн нэр дээр болгомоор байна гэж ярихад нь энэ байр бол сургуулийн өмч тул энэ талаар захиралтай уулз гэсэн хариу өгсөн юм. Гэтэл Б.Б- нь энэ байрыг өөрийн болгож авах гэж байгааг улсын бүртгэлийн хэлтсээс лавлаж мэдсэн тул сургуулийн албан бичгийг явуулсан боловч, одоо солих боломжгүй хуулийн байгууллагад ханд гэсэн хариу өгсөн юм. Дархан сум 16 дугаар багийн 1 хороолол, 8 дугаар байрны 11 тоот байр бол яах аргагүй төрийн өмчлөлийн үндсэн бүртгэлтэй байр бөгөөд анх худалдаж авсан байрны мөнгийг сургуулиас гаргасан байрны хэрэгцээний гэр дулаан ус хог СӨХ-ийн мөнгийг 2004-2014 ондуудад байгууллага төлж байсан баримтууд байгаа болно.

2006 оноос ШУТИС-ийн бүрэлдэхүүн бүх сургуульд хэрэгжүүлж эхэлсэн нягтлан бодох бүртгэлийн програмд сургуулийн үл хөдлөх эд хөрөнгөөр бүртгэгдсэн гадаадын багш нарын орон сууцны хэрэгцээнд эзэмшүүлдэг, 2013 онд уг байранд засвар хийж 249,200 төгрөгийн зардал гаргасан 2011 онд дахин засвар хийж 684,946 төгрөгийн зардал, 2013 онд 180,500 төгрөгийн зардалуудыг тус тус гаргасан бөгөөд 2013 онд байрны дотоод тохижилтын эд хөрөнгө 1,379,000 төгрөгөөр худалдан авч байрыг тохижуулж байсан.

Иймд Дархан сумын 16 дугаар багийн 1 дүгээр хороолол, 8 дугаар байрны 11 тоотод 26,0 мкв талбайтай орон сууцны өмчлөгчөөр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б- нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

...нэхэмжлэлд бичигдсэн бүх зүйл худлаа төдийгүй аавын минь өмч хөрөнгийг надаас булааж авахаар улайран дайрч байгаа хүмүүсийн найруулсан зохиомол зүйл гэдэг нь ойлгомжтой байна. Би төрийн өмчийг хууль бусаар аваагүй, харин миний хувийн өмчийг ШУТИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль хууль бусаар авахаар нэхэмжлэл гаргасан байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага нь ямар ч ойлгомжгүй төдийгүй ер нь надад болон миний ээжид ямар ч хамааралгүй зүйл байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...уг 2 өрөө орон сууцны өмчлөгч нь одоо Б.Б- бөгөөд тухайн байртай холбоотой аливаа асуудалд Ц.Э- ямар ч хамааралгүй байхад /хамтран өмчлөгч ч биш/ хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна.

Иймд шүүх ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б- нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

....нэхэмжлэгч Батсүх овогтой Бат-Эрдэнэ миний бие өөрийн төрсөн эцэг Батсүхийн өмчлөлийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хороолол 8 дугаар байрны 11 тоот 2 өрөө 26,0 м2 орон сууцыг өв залгамжлалын гэрчилгээний үндсэн дээр өвлөх эрхийнхээ дагуу өвлөн авч 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Улсын бүртгэлийн Ү-2003002229 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Миний аав Я.Батсүх нь уг 2 өрөө орон сууцыг 2004 оноос хойш өмчилж байсан ба аав маань 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өвчний улмаас нас барсан. Аав амид сэрүүн байхдаа тус байрыг ШУТИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуульд эзэмшүүлж байсан. 2014 онд өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр аваад ШУТИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн удирдлагуудад байраа чөлөөлөх тухай шаардлагыг миний зүгээс удаа дараа тавьсан боловч тэдний зүгээс байрны гэрчилгээг бидэнд хэл ам гаргахгүйгээр өгчих чамайг гомдоохгүй гэх зэргээр миний шаардлагыг хүлээн авахгүй байсан бөгөөд сүүлдээ тус байрыг сургуулийн өмч хэмээн шүүхэд маргаан үүсгэж тус иргэний хэрэг нь хэрэгсэхгүй болсон. 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үндэслэлгүй гаргаж намайг болон миний ээж Ц.Э-ыг хариуцагчаар татсан байна.

Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хороолол 8 дугаар байрны 11 тоот 2 өрөө 26,0 м2 орон сууцны хууль ёсны өмчлөгч Б.Б- миний бие өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа. ШУТИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь Технологийн хууль бус эзэмшигчээс байрыг минь чөлөөлж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харъяа Дархан-Уул аймаг дахь технологийн сургууль нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

...Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хороолол 8 дугаар байрны 11 тоот 2 өрөө байрыг манай байгууллага гадаад багшийн хандив тусламжаар 2004 онд худалдан авсан. Энэ байрыг худалдан авах үедээ манай байгууллагад хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан талийгаач Я.Батсүхийг түр хугацаагаар өөрийн нэр дээрээ бүртгүүлчих гэсэн үүрэг өгч байрыг төрийн өмчийн хороонд бүртгүүлж амжаагүй байхад Я.Батсүх нь 2008 онд өмчний улмаас нас барсан байдаг. Энэ байр нь 2006 оноос эхлэн сургуулийн эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдэн, 2012 онд төрийн өмчийн бүртгэлд хамрагдаж 2004 оноос өнөөдрийг хүртэл миний сургуулийн гадаад багш, ажилтнууд амьдран суудаг орон сууц болж бүх засвар үйлчилгээ болон хэрэгцээний бүх зардлуудыг сургууль төлдөг бөгөөд сургуулийн эзэмшлэлийн байр гэдгийг манай хамт олон бүгдээрээ сайн мэднэ. Гэтэл Б.Б- нь миний эцгийн хөрөнгө гэж заргалдаад байгааг нь ойлгохгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 785 дугаар шийдвэртэй, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах нь

2016.06.17.   Дархан-Уул  аймаг

Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн нэхэмжпэлтэй Б.Б-, Ц.Э- нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа өмгөөлөгч Б.Содболд би тус хэргийг шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.05.12-ны өдрийн 785 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр ИХШХШтХ-ийн 116 дугаар зүйлд заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий байна, шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн хуулийн заалтад нийцээгүй.

1. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой

хуулийн заалтыг хэрэглээгүй тухай:

Нэхэмжлэгч ШУТИС-ийн салбар Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль нь Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 8 дугаар байрны 11 тоот 2 өрөө 26 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд. Гэтэл шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт: "...Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, нийслэл, сум, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна, 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Шинжпэх ухаан технологийн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль нь дээрхи орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргах эрхтэй болно.”1 гэж хуулийн заалтыг буруу тайлбарлан хэргэлсэн ба үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Иргэний хуулийн 100.1-д ... хуульд өөрөөр заагаагүй бол... гэсэн тус заалтыг хэрэглэхэд тавигдах урдчилсан нөхцлийг зааж өгсөн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд Төрийн байгууллага, албан газрын эд хөрөнгийн эрх

  1. Төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ.
  2. Төрийн байгууллага, албан газар төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг нь өөрт олгогдсон эд хөрөнгийн талаар дараахь эрх, үүрэгтэй:

1/ өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах;

4/ төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль дэргэдээ бие даасан гарааны компани байгуулахаас бусад тохиолдолд үндсэн хөрөнгөд хамаарах эд хөрөнгө олж авах, захиалах, данснаас хасаж шилжүүлэх, устгах саналаа санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тавьж, энэ хуулиар тогтоосон журмын дагуу зөвшөөрөл авах.

Тус хуулийн 26 дугаар зүйлд Төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах Төрийн өмчит хуулийн этгээд нь өөрт олгогдсон эд хөрөнгийг энэ хуулиар тогтоосон журмын дагуу эзэмшиж ашиглана. гэж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулинд төрийн өмчит хуулийн этгээд болон их дээд сургуулийн төрийн өмчтэй харилцах асуудлыг тус хуулинд өөрөөр зааж зохицуулсан байна. Төрийн өмчийн харилцааг нарийвчлан зохицуулсан тус хуулиар нэхэмжлэгч ШУТИС-ийн Дархан салбар нь маргаан бүхий байрыг төрийн өмч гэж маргаж байгаа бөгөөд хэрвээ тус байрыг төрийн өмч мөн гэж узвэл тус байрыг эзэмших, ашиглах эрхийг нэхэмжлэгчид хуулиар олгосон байна. Гэтэл хуулиар олгогдоогүй эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд маргаан бүхий байрны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, түүнийг нь анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Маргаан бүхий байрны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрх бүхий субъект нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар эзэмших, ашиглах эрх олгогдсон ШУТИС- ийн Дархан салбар биш харин Төрийн өмчийн хороо буюу төрийн өмчийг өмчлөх эрх бүхий субъект нэхэмжлэл гаргах эрхтэй юм. Иймд анхан шатны шүүх ИХШХШтХ-ийн 117 дугаар зүйлийг хэрэглэж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байсан.

Мөн шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт: "...76.1.Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. 76.2.Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ. гэж заажээ. ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль нь өөрийн өмчлөлийн дээрх орон сууцыг тус сургуулийн хуулийн зөвлөх Я.Батсүхийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ авахад хоёр тал тохиролцсон байсан учир маргаан гараагүй. Харин Я.Батсүхийн хүү Бат-Эрдэнэ нь дээрх орон сууцыг өмчилж авсанаар эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж шүүхэд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжпэл гаргасан байна.”2 гэж дүгнээд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэжээ. Гэтэл маргаан бүхий байр нэхэмжлэгчийн өмчлөлд огт байгаагүй. Шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар тус байрыг анх 2004 онд худалдаж авсан гэдэг, худалдаж авсан байраа Я.Батсүхийн нэр дээр шилжүүлсэн гэх тайлбараас үзэхэд 2004 оноос, байраа өөрийн өмчлөлд шилжүүлж авах ёстой гэж мэдэх ёстой, мэдэх боломжтой тодорхой үйл явдал болсон үеэс гэж үзвэл Я.Батсүх нас барсан үеэс буюу 2008 оноос шаардах эрх үүссэн байх ба тухайн цаг хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь зүйтэй. Гэтэл шүүх хуулийг нэхэмжлэгч талд ашигтайгаар тайлбарлаж хэт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

2. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ ИХШХШтХ-ийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг үнэлэх тухай хуулийн заалтыг зөрчсөн тухай:

ИХШХШтХ-ийн 40 дүгээр зүйлд зааснаар хэрэг маргааныг шийдвэрлэх үндэслэл болж буй нотлох баримтыг шүүх үнэлэхтэй холбоотой зарчимын зохицуулалтыг анхан шатны шүүх бүхэлд нь зөрчиж хууль бус шийдвэр гаргасан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй гэрчийн мэдүүлэг тэр дундаа гэрч Буянжаргал. Эрдэнэ нарын шүүхэд 2 удаа өгсөн мэдүүлэг нь хоорондоо илт зөрүүтэй, 2004.05.05-ны өдрийн Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2004.05.02-ны өдрийн Хансен гэх АНУ-ийн иргэний и-майлээр ирсэн цахим захиа, тус багшаар ирсэн менгийг хүлээлцсэн баримт зэрэг нь цаг хугацаа, утга агуулага, үйл баримтаараа илт зөрүүтэй баримтуудыг шүүх үндэслэж нэхэмжлэх гаргах эрхгүй этгээд буюу төрийн өмчийг өмчлөх эртэй хэмээн шүүхэд зарга мэдүүлэх эрхгүй этгээдийн нэхэмжпэлийг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүний шийдвэр хуулийг зөрчөөд зогсохгүй нотлох баримтыг үнэлэх үндсэн зарчимыг зөрчсөн ёс зүйгүй үйлдэл, шийдвэр болсон гэж үзэж байна. Нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон нотлох баримт гэж байж болохгүй гэсэн ИХШХШтХ-ийн заалт, зарчимыг шүүх зөрчиж эргэлзээтэй нотлох баримтыг үнэлж, урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоосон мэтээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэр гаргасан. Мөн цахим нотлох баримтыг үнэлэх тухай эрх зүйн дэвшилтэт ойлголтоос хоцрогдсон байгааг энд зориуд тэмдгэлэхийн зэрэгцээ Үндсэн хууль бусад хуулийн дагуу баталгаажсан иргэн хүний өмчлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргаж буй шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримт, тэдгээрийг үнэлсэн шүүх бүрэлдэхүүний хариуцлагагүй үйлдэлд харамсаж байгаагаа илэрхийлж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо дээрх нотлох баримтыг шинжлэн судлуулах замаар давж заалдах гомдлынхоо 2 дахь үндэслэлийг нотлох болно.

Иймд шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.05.12-ны өдрийн 785 дугаартай хууль зүйн үндэслэлгүй шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааны товыг 9475-7777 дугаарын утсанд урдчилан мэдэгдэнэ үү.

Гомдолд:

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Шүүх хуралдааны бичлэгийг хавсаргав

Давж заалдах гомдол гаргасан:

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийг Дархан-Уул аймаг, Дархан сум 15 дугаар баг 1 дүгээр хороолол 8 дугаар байрны 11 тоот 26.0 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч Ц.Э-т холбогдох шаардлагыг, хариуцагч Б.Бат-Эрдэний гаргасан бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг 1 дүгээр хороолол 8 дугаар байрны 11 тоот 26,0 мкв талбайтай 2 өрөө, улсын бүртгэлийн Ү-2003002229 дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөгчөөр Б.Бат-Эрдэнийг бүртгэгдсэнийг хүчингүй болгож, дээрх бүртгэлд өмчлөгчөөр ШУТИСургуулийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийг бүртгэж, өөрчлөлт оруулахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч Б.Б-эс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-эс улсын тэмдэгтийн хуураамж 70,200 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ   ШҮҮГЧ                                   Л .АМАРСАНАА                

                             ШҮҮГЧИД                                                                         О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                                        С.ЭНХЖАРГАЛ