Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 04

 

Б.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Прокурор Ц.Бямбадорж /онлайн/

         Ялтан Б.*******

          Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүгч Д.Баттулга, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.*******т холбогдох эрүүгийн 201616010088 тоот хэргийг ялтан Б.*******ийн давж заалдах гомдлоор 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                         Ялтан Б.******* нь тус аймгийн Цогтцэций сумын төвд өөрийн гэртээ С.*******, Д.Одбаатар, О.******* нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцад О.******* нь Б.*******т хандаж “Би архиа аваад явлаа” гэж хэлснээс болж О.*******той Б.******* нь маргалдах явцад С.******* “та хоёр ингэж болохгүй одоо болио” гэж хэлэхэд Б.******* нь С.*******ийн хэвлийн тус газар нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас Б.*******т Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Б.*******ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-т зааснаар Б.*******т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж цэнхэр өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн дотоож, цэнхэр эрээн өнгийн майк, хар өнгийн хуйтай, хүрэн өнгийн модон хутга зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэжээ.

Ялтан Б.******* давж заалдсан гомдолдоо: Миний бие хийсэн гэмт үйлдэлдээ маш их гэмшиж, ухамсарлан ойлгож байна. Миний баруун нүд төрөлхийн болорын цайлттай, зүүн нүд нь болоргүй, солонго бүрхэвчгүй, харах чадвараа 90 хувь алдсан, хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувьтай, өндөр настай нэг хөгшин, 4 настай хүүхдийн минь хувь заяаг бодож оногдуулсан хорих ялаас бага ч гэсэн хасч өгөхийг хүсэж байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Б.******* нь 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тус аймгийн Цогтцэций сум, 2 дугаар баг, Шинэ хотхоны 2-9 тоотод өөрийн гэртээ С.*******, Д.Одбаатар, О.******* нартай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцад О.******* нь Б.*******т хандаж “Би архиа аваад явлаа” гэж хэлснээс болж О.*******, Б.******* хоёр хоорондоо маргалдах явцад хохирогч С.******* “та хоёр ингэж болохгүй одоо болио” гэж хэлэхэд Б.******* нь С.*******ийн хэвлийн тус газар нь хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Б.*******ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт зааснаар Б.*******ийн хорих ял дэглэмийг хөнгөрүүлж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг

харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болох боловч ийнхүү хөнгөрүүлэн оногдуулах хорих ялын доод хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид заасан тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна...” гэж заасан байдаг.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.  

Иймд ялтан Б.*******ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №51 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтан Б.*******ээс: Давж заалдах гомдол дээрээ нэмж гаргах тайлбаргүй гэв.

                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянан үзэв.

 Б.*******ийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өөрийн гэртээ бусадтай архидан согтуурч маргалдах явцад О.******* нь Б.*******т хандаж “Би архиа аваад явлаа” гэж хэлснээс болж хоорондоо маргалдах явцад С.******* “та хоёр ингэж болохгүй одоо болио” гэж хэлэхэд Б.******* нь С.*******ийн хэвлийн тус газар нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримтыг анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тогтоож, түүний эрүүл мэндийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан  Б.*******ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551. 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан, хорих ял эдлэх дэглэмийг бууруулан тогтоосон нь түүний гэм бурууд тохирсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хуульд заасан үндэслэл, журмын

дагуу шалгаж тодруулсан, нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасы дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302 дугаар зүйлд заасан хуулийн

шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.*******ийн “оногдуулсан хорих ялаас хасч өгөхийг” хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1.  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.*******ийн “оногдуулсан хорих ялаас хасч өгөхийг” хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                          ДАРГАЛАГЧ                                        Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                             Т.БЯМБАЖАВ

                                                                                                      Х.ГЭРЭЛМАА