Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 04

 

 

А.Ц, Т.Г, Б.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхтүвшин, Л.Ганчимэг, Б.Долгорсүрэн,

прокурор А.Оюунгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 276/Б дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 787 дугаар магадлалтай, 2014260000268 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын гомдлоор хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй,

- 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад зааснаар өршөөн хэлтрүүлсэн,

- 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эдлээгүй үлдсэн 7 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн хянан харгалзаж суллагдсан, Б овогт А-ийн Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.15 дахь заалтуудад заасан “Танхайн сэдэлтээр; бүлэглэж; хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах” гэмт хэрэгт,

 

2. Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Я овогт Т-ын Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.15 дахь заалтуудад заасан “Танхайн сэдэлтээр; бүлэглэж; хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах” гэмт хэрэгт,

 

3. Монгол Улсын иргэн, 1960 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, У овогт Б-ийн Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.15 дахь заалтуудад заасан “Танхайн сэдэлтээр; бүлэглэж; хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Ц-, Т.Г-, Б.Ц- нарыг бүлэглэж, танхайн сэдэлтээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.15-д зааснаар А.Ц-, Т.Г-, Б.Ц- нарыг тус бүр 20 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар А.Ц-ыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар А.Ц-т энэ тогтоолоор оногдуулсан 20 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 22 хоногийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 20 жил 6 сарын хорих ялаар тогтоож, Т.Г-, Б.Ц- нарт тус бүр оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, А.Ц-т оногдуулсан хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар А.Ц-, Т.Г-, Б.Ц- нараас тус бүр 1.920.866 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дөлгөөнд олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 276/Б дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, тус хэсэгт “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтад зааснаар Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 280 дугаар шийтгэх тогтоолоор, А.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эдлээгүй үлдсэн 7 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн хянан харгалзан сулласан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож өршөөл үзүүлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулан, 5 дахь заалтын “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар А.Ц-т оногдуулсан 20 жил 6 сарын хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг “… Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар А.Ц-т оногдуулсан 20 жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

 

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Б.Энхтүвшин, Л.Ганчимэг, Б.Долгорсүрэн нарын саналыг сонсоод

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Т.Г- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... миний бие Б-ийн амь насанд халдаагүй. Амь хохирогчийг архины шилээр цохисон нь үнэн боловч үхлийн шалтгаан болоогүй. Хохирогч Баярмааг биеэ авч явах чадваргүй гэж дүгнэсэн мөртлөө тухайн үед цуг архи ууж адилхан согтолттой байсан гэрч болох С-ийг гэрчлэх чадвартай гэж үзэн мэдүүлэг авсан. С нь хэрэг болох үед огт байгаагүй, М, Г нартай үгсэн хуйвалдаж худал мэдүүлэг өгч байгаад гомдолтой байна. Ар гэрийн байдал болон хэргийн байдлыг харгалзан үзэж үнэн зөвөөр шийдэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Ц- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... тэнд байсан болон байгаагүй гэрч нарын санаатай, магадгүй өөрсдийгөө энэ хүн амины хэргээс мултлахын тулд үгсэн тохирсон худал мэдүүлгийн улмаас ямарч нотлох баримтгүйгээр тус хэрэгт яллаж байгаад маш их гомдолтой байна. Мөрдөн байцаагч надаас албан ёсны байцаалт нэг ч удаа аваагүй, надаас авсан нэг удаагийн тайлбараар, мөн хэрэг гарах үед тэнд байгаагүй гэрч гэх хүмүүсийн хуурамч мэдүүлгээр намайг татан оролцуулсан юм. Гэрч гэх М, Г нар нь намайг очиход тэнд байгаагүй мөртлөө тэнд байсан С-тэй яг адилхан мэдүүлэг өгч тухайн үед байсан юм шиг ярьдаг нь үгсэн тохирсон, он, сар, цагаа мэдэхгүй зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Миний холбогдсон уг хэргийг дахин сайн нягтлан шалгуулж, гэрч нарын хэн нь тэнд байсан, хэн нь байгаагүйг үнэн зөвөөр тогтоож өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Т.Г-гын өмгөөлөгч Л.Ганчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгдэгч нарт ялыг ялгамжгүй оногдуулсан. Т.Г- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн учир хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Миний үйлчлүүлэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч А.Ц-ын өмгөөлөгч Б.Энхтүвшин хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Анхан болон давж заалдах шатны шүүх хэрийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Ц-ын гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх хэсэгт зааснаар хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь буруу. Г-, Ц- нар бүлэглэн талийгаачид гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон. Ц- зодоон болоод дууссаны дараа орж ирээд талийгаачийн нуруун  тус газар нь төмрөөр цохисон гэдгийг гэрч нар  мэдүүлсэн.  Шүүх Г-, Ц-, Ц- нарыг үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж дүгнэсэн нь буруу байна. Объектив болон субъектив санаа зорилгын хувьд тухайн үед хажууд нь байгаагүй гэдэг утгаар бүлэглэж амь насыг нь хохироосон гэж дүгнэсэн нь буруу байна. Гэм буруугийн асуудал дээр эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна. Гэрчүүд Ц-ыг шөнө дунд орж ирээд талийгаачийн нуруун тус газар төмрөөр 2-3 удаа цохиж байсан гэж мэдүүлсэн.  Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ шүүгдэгч нар талийгаачийг нийлээд зодсон гэж мэдүүлсэн. Гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байна. Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт хоорондоо зөрүүгүй байна гэсэн дүгнэлт хийсэн. Гэрч М талийгаачийн цогцсыг Г-тай нийлж шуудайд хийж, булсан гэдэг. М-ийн үйлдэл холбогдол тусгай гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байж болзошгүй байна. Үүнийг нарийвчлан шалгах шаардлагатай тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан. Гэтэл гомдлыг хүлээн аваагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн. Анхан шатны шүүхэд шинжээч нарыг оролцуулсан. Шинжээч нар Ц-ын үйлдэл холбогдол нь талийгаачийн амь нас хохирсонтой шалтгаант холбоогүй гэж мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээр нуруунд нь ямар нэгэн гэмтэл гараагүй гэдэг. Төмрөөр цохиход амь нас хохирох уу? гэхэд хохирохгүй гэж хариулсан байдаг. Ц-ын гэм бурууг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

 

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгч нар талийгаачийг биеэ хамгаалж чадахгүй байгааг далимдуулан санаатай амь насыг нь бүрэлгэсэн гэмт хэрэгт холбогдсон. Хэргийн бүрдэл хангагдсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй. Мягмарсүрэн хэрэг гарснаас сарын дараа мэдүүлэг өгсөн. Цогцост хийсэн үзлэгээр гавал ясны гэмтэл тогтоогдож, бусад эд эрхтний гэмтэл тогтоогдох боломжгүй гэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-д зааснаар А.Ц-, Т.Г-, Б.Ц- нарт холбогдох хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэхэд, шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцээгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг нарийвчлан шалгаж тогтоогоогүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ гэмт хэрэг гарсан байдлын талаар өөр өөрөөр мэдүүлсэн гэрч Ж.С-ийн болон хоорондоо харилцан зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлгүүдийг хэрхэн үнэлж, эх сурвалжийг магадлан шалгасан талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэл бүхий шийтгэх тогтоол, магадлал гаргахад сөргөөр нөлөөлсөн байна гэж үзэв.

 

Хэргийн материалаас үзэхэд, Т.Г-, Б.Ц- нар Н.Б-г эхэлж зодсон, үүнээс тодорхой цаг хугацааны дараа А.Ц- зодсон, мөн Т.Г-, Б.Ц- нар Н.Б-г эхэлж зодсоны дараа удалгүй А.Ц- орж ирээд Н.Б-г зодсон талаар үйл баримтыг гэрчүүд зөрүүтэй мэдүүлсэн байхад уг мэдүүлгүүдийн зөрүүг гаргалгүйгээр, нотолсон баримтаа үгүйсгэж байгаа нотлох баримтыг няцаалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Тухайлбал, гэрч Ж.Д /Г хочтой/ “... А.Ц- “үхлээ юу гичий минь гээд түүнийг алгадаад байсан, ... Н.Б босоод траншейнээс гарах гэхэд нь А.Ц- араас нь татаад нилээн чанга унагаасан, үүнээс хойш Н.Б ямар нэгэн дуу чимээ гаргаагүй” гэж мэдүүлсэн байх бөгөөд бусад гэрчүүд энэ талаар мэдүүлээгүй, мөн гэрч Ч.Г “ ... А.Ц- Н.Б-ийн толгой руу 3 удаа гараараа цохисон” гэж мэдүүлсэн байхад хамт байсан гэх гэрчүүд нуруу, цээж рүү нь төмрөөр цохиж байсан гэж зөрүүтэй мэдүүлсэн, А.Ц- Н.Б-г зодох болсон сэдэлт шалтгаан нь Т.Г-, Б.Ц- нарын Н.Б-г зодсон сэдэлт шалтгаантай нэгдсэн эсэх, Н.Б-г Т.Г-, Б.Ц- нар болон А.Ц- нар зодсон гэх үйлдэл цаг хугацааны хувьд тус тусдаа үүссэн, эсхүл нэг сэдэлт санаа зорилгоор үйлдэгдсэн эсэх зэрэг зайлшгүй нотолбол зохих асуудлыг нүүрэлдүүлэх, нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа огт хийгдээгүй байхад нэг хүний болоод өөр хоорондоо зөрүүтэй гэрчүүдийн мэдүүлгээс нэг хэсгийг нь үндэслэл болгон шийдвэрлэхдээ нөгөө хэсгийг няцаагаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Иймд Н.Б-г үхэлд хүргэсэн гэмтлийг бүлэглэж эсхүл хэний үйлдлийн улмаас амь хохирсон болохыг тогтоох нь хэрэгт чухал ач холбогдолтой гэж дүгнэлээ.

 

Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын “гэрчүүдийн мэдүүлгийг магадлан шалгуулах” талаарх гомдлыг хүлээн авч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 276/Б дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 787 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, А.Ц-, Т.Г-, Б.Ц- нарт холбогдох эрүүгийн 2014260000268 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан хэргийг прокурорт буцааж, А.Ц-, Т.Г-, Б.Ц- нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               Т.УРАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ