Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/241

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар, хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 1938003680260 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Б.Э. 

Шүүгдэгч  Б.Э- нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн А.Н-ын Самсунг-S7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр илээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч  Б.Э- нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг 40 минутын үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 17 дугаар байрны хажууд хохирогч А.Н-ыг ажлаа хийж байхад нь “ах аа утсаар яриулчихаач” гэж түүний “Самсунг-S7” маркийн гар утсыг авч зугатаан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр илээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

- Хохирогч А.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өнөөдөр 16 цаг 40 минутын орчимд ажлаа хийгээд байж байтал 20 орчим насны бор царайтай 165 орчим сантиметр өндөртэй туранхай банди ирээд “ах аа утсаар яриулчихаач дэлгүүрийн хүмүүс яриулахгүй байна” гэхээр нь би өөрийнхөө Самсунг S7 маркийн гар утсаа өгсөн чинь нэг дугаар руу залгаж байснаа зугатаагаад гүйчихсэн. Би араас нь гүйсэн чинь 4 дүгээр хороо руу гүйгээд алга болчихсон. ...Б.Э- болон тэдний ар гэрийнхэн нь миний хохирлыг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 15 дугаар хуудас/,

- Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүгдийг нь ярьсан, одоо ярих зүйл байхгүй. ... Би хохирогчдоо мөнгийг нь бүгдийг нь өгсөн. ... Ийм зүйлд холбогдсондоо гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/, болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.Э-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны даргын тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр хуудас/,

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Б.Э- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч  Б.Э- нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг 40 минутын үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 17 дугаар байрны хажууд хохирогч А.Н-ыг ажлаа хийж байхад нь “ах аа утсаар яриулчихаач” гэж түүний “Самсунг-S7” маркийн гар утсыг авч зугатаан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр илээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн болох нь зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хохирогч А.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 5-6, 15 дугаар хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 21 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “40 орчим насны ахтай таараад гар утсаар хүн рүү яръя гэж гуйж аваад зугтсан. ...би АНУ дэлгүүрийн 2 давхарт очоод гар утсаа хүнд 50.000 төгрөгөөр зарсан” гэх, хохирогч А.Н-ын: “хүмүүс намайг утсаараа яриулахгүй байна гэхээр нь за тэг тэг гээд туслах гээд өгсөн” гэх /хх-ийн 13/ мэдүүлгүүдээс үзвэл шүүгдэгч нь амар хялбар аргаар мөнгө олох, хохирогчийн зүгээс эд хөрөнгөндөө хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч Б.Э-н үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар

нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 310.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э- нь хохирогч А.Н-т учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь хохирогчийн “...хохирлыг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Э-н 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг 40 минутын үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 17 дугаар байрны хажууд хохирогч А.Н-ыг ажлаа хийж байхад нь “ах аа утсаар яриулчихаач” гэж түүний “Самсунг-S7” маркийн гар утсыг авч зугатаасан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр илээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэнд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно. Мөн прокурорын шатанд тус хэргийг шүүхэд шилжүүлэх гэж байхад Прокурорын газрын 00 цонхоор оргон зугтаж, Алаг-Эрдэнэ сумаас баривчлагдан авч ирж байсан хувийн байдлыг шүүх харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийг зориуд санаатайгаар үйлдэж байгааг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүй болно.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 310.000 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, шүүгдэгчийн нас, хүйс, биеийн байдал зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр илээр, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэснийг харгалзан үзлээ.

Энэ хэрэгт хураагдан шүүхэд ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 11 /арван нэг/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                   

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-н цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг хорих ялын 11 /арван нэг/ хоногоор тооцож, эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ