| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/02290/И |
| Дугаар | 210/МА2025/00698 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/00698
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/01316 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******ХХК-д холбогдох
Торгууль 8,342,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.******* ХХК нь *******ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр Хан-Уул дүүргийн *******дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах *******хотхоны барилгын 1-17 давхрын гадна фасадын ажлыг хийж гүйцэтгээд, төлбөрийн зарим хэсэг болох 172,500,000 төгрөгт хотхоны В блокийн 14 дүгээр давхрын ******* тоот хаягт байрлах, 75 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг тооцон авахаар *******ХХК-ийн хүсэлтээр *******ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Р-2021/0116 дугаар Орон сууц захиалан худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулсан.
1.2.******* ХХК нь *******ХХК-тай байгуулсан гэрээний нөхцөлөөр тухайн орон сууцыг *******д худалдахаар Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. *******ХХК-аас уг орон сууцыг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ашиглалтад бүрэн оруулж *******д хүлээлгэн өгсөн. Орон сууц нь ашиглалтад орохдоо талбайн хэмжээ 72.54 м.кв болж, гэрээний үнэ 166,842,000 төгрөг болж, төлбөрийг ******* нь гэрээний дагуу бүрэн төлсөн.
1.3.******* ХХК болон *******ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Орон сууц захиалан худалдах, худалдан авах тухай гэрээний 4.2.3-т худалдагч тал буюу *******ХХК нь гэрээний дагуу орон сууцыг 2021 оны 3 дугаар улиралд багтаан худалдан авагч тал буюу ******* ХХК-д хүлээлгэн өгөхөөр, мөн гэрээний 4.2.4-т худалдагч тал орон сууцны ашиглалтад орох хугацааг хойшлуулсан тохиолдолд эхний 30 хоногоос хэтэрсэн сар тутамд төлсөн төлбөрөөс 0,5 хувийн торгууль төлнө гэж тохирсон. *******ХХК нь орон сууцыг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ашиглалтад оруулсан нь гэрээний 4.2.3-т заасан хугацааг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул мөн гэрээний 4.2.4-т зааснаар торгууль төлөх үүрэгтэй юм. 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 08 дугаар сар хүртэл нийт 10 сарын хугацааны торгууль 8,342,100 (166,842,000₮х0.5%=834,210₮х10сар=8,342,100₮) төгрөгийг худалдагч тал нь худалдан авагч талд төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагчаас торгууль 8,342,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.******* ХХК нь *******ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төлбөрийн зарим хэсэгт *******апартментын В блокийн 14 давхрын ******* тоот, 2 өрөө орон сууцыг 2,300,000 төгрөгөөр тооцон 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Р-2021/0116 дугаар Орон сууц захиалан худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан. Тус гэрээний 4.2.3-т худалдагч тал нь гэрээний дагуу орон сууцыг 2021 оны 3-р улиралд багтаан ашиглалтад оруулж, худалдан авагч талд хүлээлгэн өгнө, 4.2.5-д орон сууцыг улсын комисс хүлээн авсан тохиолдолд худалдагч тал худалдан авагч талд хүлээлгэн өгөх хугацааг мэдэгдэх үүрэгтэй, 4.3.1-д худалдан авагч орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд худалдан авч буй орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах эрхтэй гэж тохиролцсон.
2.2.Маргааны зүйл болж буй барилгыг хугацаандаа ашиглалтад оруулсан буюу гэрээний 4.2.3-т заасан үүргээ биелүүлж, улсын комисст хүлээлгэн өгсөн нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтээр нотлогдоно. Гэтэл гэрээний 4.2.3-т заасан хугацааг зөрчсөн тул торгууль 8,342,100 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Тодруулбал, нэхэмжлэгч ******* ХХК нь манай туслан гүйцэтгэгчдийн нэг бөгөөд тухайн барилгыг ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгөхөд голлох үүрэгтэй байсан бөгөөд 2021 оны 08 дугаар сард ашиглалтад орсон, хариуцагч компани үүргээ зохих ёсоор биелүүлсэн, аливаа үүргийн зөрчил гаргаагүй болох нь дүгнэлтээс харагдана.
2.3.Нэхэмжлэгч компани нь бартераар хүлээн авсан орон сууцаа гуравдагч этгээдэд худалдан борлуулах эрхтэйн хувьд *******д 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдсан байна. Тус гэрээний 1-д орон сууцыг 172,500,000 төгрөгөөр худалдсан, гэрээний 2-т худалдагч тал нь гэрээнд заасан төлбөр бүрэн төлөгдсөнөөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагчид шилжүүлнэ, гэрээний 3-т үлдэгдэл төлбөрийг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн 27-ны өдөр 3,350,000 төгрөгөөр тооцон төлнө гэж заасан. Энэхүү гэрээнээс харахад нэхэмжлэгч компани нь хариуцагч компаниас хүлээн авсан байраа өөрөө ашиглах, өмчлөх хүсэл зориггүй байсан бөгөөд гуравдагч этгээд *******д худалдан борлуулж мөнгөө гарган авах зорилготой байсан тул *******ыг төлбөрөө төлж дуусах хүртэл тухайн орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн аваагүй, хүлээн аваагүй нь хариуцагч *******ХХК-ийн буруутай үйлдэл, гэрээ зөрчсөн үйлдэл гэж үзэх боломжгүй.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч ******* ХХК-ийн хүсэлтийн дагуу *******ын нэр дээр 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалан худалдах, худалдан авах тухай гэрээг шинэчлэн байгуулж өгсөн. Энэхүү гэрээ нь улсын бүртгэлд бүртгэлтэй байдаг бөгөөд одоо нэхэмжлэлд гаргаж өгсөн гэрээ нь хүчин төгөлдөр бус бөгөөд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Нотлох баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг баримтлан хариуцагч *******ХХК-аас 8,342,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 148,424 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1.Анхан шатны шүүхээс иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байдлыг харгалзан үзээгүй, талуудын хооронд үүссэн маргаанд хуулийг буруу тайлбарласан зэргээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. ******* ХХК нь *******ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 04/2020091005 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 3 блок *******хотхоны барилгын 1-17 давхрын гадна фасадын ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон юм. ******* ХХК нь гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгээд, төлбөрийн зарим хэсэг болох 172,500,000 төгрөгт тус хотхоны В блокийн ******* дүгээр давхрын ******* тоот хаягт байрлах, 75 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг нь 2,300,000 төгрөгөөр нийт 172,500,000 төгрөгт тооцон авахаар "*******" ХХК-ийн хүсэлтээр "*******" ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Орон сууц захиалан худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулсан. Энэ гэрээг байгуулахад 3 блок барилгын аль нь ч ашиглалтад ороогүй байсан. Улмаар 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэн *******гийн захиалгын дагуу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан 16 давхар барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн үед зөвхөн 1 дүгээр блок ашиглалтад орж, манай компани 2 дугаар блокийн гадна фасадны ажлыг хийж байсан юм. Гэтэл шүүх 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн БА-188/2021 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг үндэслэн манай компанийг дээрх орон сууцыг хүлээн авсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр зохицуулсан байхад 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн БА-188/2021 дугаартай дүгнэлтээр хөрөнгийг хүлээн авсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.
4.2.Түүнчлэн 2 дугаар блок нь 2022 оны 08 дугаар сард ашиглалтад орсон болохыг нотолсон тухайн байрыг *******д хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдаж энэ талаар хариуцагчаас маргаагүй байхад тухайн баримтыг комиссын дүгнэлтээр үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй. Мөн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн БА-188/2021 дугаартай дүгнэлт хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болох нь илэрхий байхад энэ талаар бүрэн тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. /2 дугаар блок ашиглалтад ороогүй байхад комисс хүлээн авсан/
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж, нотлох баримтыг зөв үнэлж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг эрх шилжүүлэхээр нэхэмжлэгч компаниас авсан. Нэхэмжлэгч компанитай байгуулсан гэрээнд 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл орон сууцны үнийг төлсний дараа үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах нөхцөлтэй байсан. 2022 оны 08 дугаар сард нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ******* ХХК-ийн мөнгийг төлж дуусгасан.
5.2.2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актын хамгийн сүүлийн хуудсанд ******* ХХК нь туслан гүйцэтгэгчээр орсон учраас тамга, тэмдэг дарсан. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш барилга байгууламж нь ердийн ашиглалтад хүлээж авах боломжтой байсан буюу нэхэмжлэгч компанийн эзэмшил, ашиглалтад шилжсэн байсан. Зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д 2022 оны 08 дугаар сард шилжүүлсэн. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заасан. Улсын комисст хүлээлгэж өгөхдөө нэхэмжлэгч компани өөрийн хийсэн ажлыг дүгнүүлж байгаа учраас хүлээн авсан гэж үзэх боломжтой. *******д 2021 оны 08 дугаар сард хүлээлгэж өгсөн нь талуудын хооронд байгуулагдсан гэрээтэй хамааралгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* өмнө өөрийн нэр дээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч өөрөө нэхэмжлэлээсээ татгалзаж ******* ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэхдээ нэхэмжлэгч компани тухайн эд хөрөнгийг улсын комисст хүлээлгэж өгөх тодорхой үүргийг хүлээсэн учраас анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй үндэслэлээр торгууль 8,342,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.******* ХХК болон *******ХХК-ийн хооронд 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч *******ХХК нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, *******В блок 14 давхар 206 тоот хаягт байрлах, 75 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 172,500,000 төгрөгөөр тооцон шилжүүлэх, худалдан авагч ******* ХХК нь *******хотхоны барилгын 1-17 давхрын гадна фасадны ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зохигч маргаагүй байна.
4.Гэрээний 4.2.3-т худалдагч нь орон сууцыг 2021 оны 3 дугаар улиралд багтаан худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр заасан ба хариуцагч уг үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх нь маргааны зүйл болжээ.
4.1.Хэрэгт Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн БА-188/2021 дугаар дүгнэлт авагдсан ба уг дүгнэлтэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан өндөр төвөгшилтэй ангиллын 52 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээ, 36 агуулахтай, 16 давхар 2 блок хүчин чадал бүхий үйлчилгээтэй 475 айлын орон сууцны зориулалттай барилга байгууламж, түүний холбогдох баримт бичигт үзлэг шалгалт хийж, барилгын ажлын гүйцэтгэл, чанарт үнэлгээ, дүнэлт өгсний үндсэн дээр барилга байгууламжийн барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэжээ.
Дээрх дүгнэлтэд ******* ХХК барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр тусгагдаж, компанийн захирал ******* гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Нэхэмжлэгч ******* ХХК нь барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх үед зөвхөн 1 дүгээр блок ашиглалтад орж, тус компани 2 дугаар блокийн гадна фасадны ажлыг хийж байсан, 2 дугаар блок 2022 оны 08 дугаар сард ашиглалтад орсон гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймээс улсын комиссын дүгнэлт хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болох нь илэрхий байхад энэ байдлыг шүүх бүрэн тогтоогоогүй гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.
4.2.Талуудын байгуулсан гэрээний 4.2.3-т Худалдагч тал нь гэрээний дагуу орон сууцыг 2021 оны 3-р улиралд багтаан худалдан авагч талд хүлээлгэн өгнө, 4.2.4-т Худалдагч тал орон сууцны ашиглалтад орох хугацааг хойшлуулсан тохиолдолд эхний 30 хоногоос хэтэрсэн сар тутамд төлсөн төлбөрөөс 0,5 хувийн торгууль төлнө, 4.2.5-д Орон сууцыг улсын комисс хүлээн авсан тохиолдолд Худалдагч тал Худалдан авагч талд хүлээлгэн өгөх хугацааг мэдэгдэх үүрэгтэй, 4.2.7-д Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээнд заасан хугацаанд барилгыг барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгөх боломжгүй болсон тохиолдолд Худалдагч тал нь ... Худалдан авагч талд шинэчилсэн хугацааг мэдэгдэх үүрэгтэй гэж тус тус зааснаас үзэхэд, талууд орон сууц хүлээлцэх хугацааг барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын шийдвэр гарснаар тооцохоор тохиролцсон байна.
Иймээс маргаан бүхий орон сууц нь улсын комиссын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрээр ашиглалтад орсон, уг үйл явдалд нэхэмжлэгч ******* ХХК туслан гүйцэтгэгчийн хувиар оролцсон, энэ талаар мэдсэн байх тул Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
4.3.Нэхэмжлэгч ******* ХХК нь тус орон сууцыг *******д 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдахаар тохирсон байх ба *******д орон сууцыг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч *******ХХК-аас акт үйлдэн хүлээлгэн өгч, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гэрчилгээ гаргуулах тухай хүсэлт өгснөөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр *******д олгогдсон.
******* нь нэхэмжлэгчтэй байгуулсан дээрх гэрээнийхээ хүрээнд орон сууцыг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчаас хүлээн авсан байх тул уг нөхцөл байдал нь *******ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд холбогдолгүй байна.
5.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/01316 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,424 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Д.ЗОЛЗАЯА