Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/00877

 
     

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/01894 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн 60,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь *******, ******* нартай 2022 оны 08 сарын 11-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан. Дээрх хоёр гэрээний зүйл нь ******* дүүргийн ******* гудамж хаягт байрлах, 700 м.кв болон 699 м.кв талбайтай, гэр орон сууцны хашааны зориулалттай газар бөгөөд тус бүрийг 15,000,000 төгрөгөөр шилжүүлэхээр тохиролцсон.

1.2. Тухайн үед байшин нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй байсан учраас хоосон газар шилжүүлж бага татвар төлөхийн тулд бид харилцан тохиролцоод үнийг 15,000,000 төгрөг гэж бичсэн. Бодит байдал дээр хоёр газрыг тус бүр 30,000,000 төгрөгөөр худалдан авсан. Миний бие 2022 оны 08 сарын 02-ны өдөр ******* банк дахь ******* тоот данснаас 19,900,000 төгрөг, ******* банк дахь ******* тоот данснаас 10,100,000 төгрөгийг *******ын ******* банк дахь ******* тоот данс болон *******дахь ******* тоот данс руу тус тус шилжүүлсэн.

1.3. Харин үлдэх төлбөрт гэр бүлийн дундын өмч болох нөхөр *******ийн нэр дээр бүртгэлтэй ******* улсын дугаартай, Toyota Crown маркийн автомашиныг 30,000,000 төгрөгт тооцон *******т итгэмжлэл хийж өгч худалдсан. Ийнхүү нийт 60,000,000 төгрөгт дээрх хоёр газрыг, байшингийн хамт оролцуулан худалдаж авсан.

1.4. ******* нь 2022 оны 09 сарын 17-ны өдөр ******* дүүргийн Газрын албанд дээрх хоёр газрын эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхээр өргөдөл гаргасан боловч тус албанаас 2023 оны 07 сарын 06-ны өдөр ******* дүүргийн ******* зусланд байрлах нэгж талбарын *******, ******* дугаар бүхий газрууд нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 04 сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор усан сан бүхий газар буюу голын эргээс 50 метр хүртэлх газрыг онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. гэсэн хариу өгсөн.

1.5. Түүнчлэн 2023 оны 07 сарын 06-ны өдөр их хэмжээний бороо орсны улмаас худалдаж авсан байшин болон газар үерт урсаж, одоо газар гэх юм байхгүй болсон. Ингээд газар эзэмших эрх шилжигдээгүй, газаргүй болсон тул 2022 оны 08 сарын 11-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээнүүдээс тус тус татгалзаж, төлбөрт төлсөн 30,000,000 төгрөг, мөн биднээс худалдаж авсан автомашиныг бусдад худалдан борлуулсан гэх учир үнэ болох 30,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч *******ын хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь 2017 онд бусдаас ******* дүүргийн ******* гудамж хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр, орон сууц хашааны зориулалттай газрыг худалдан авч, тус дүүргийн Газрын албанд холбогдох материалаа өгснөөр *******ын нэр дээр уг газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ 2017 оны 10 сарын 30-ны өдөр гарсан.

2.2. 2018 онд 7x8 харьцах хэмжээтэй, 60.2 м.кв талбайтай, мансард бүхий хоёр давхар байшин барьж амьдарч байсан. 2022 оны 08 сарын 11-ний өдөр дээрх газрыг ******* гэх хүнд Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ байгуулан 15,000,000 төгрөгөөр худалдсан. Бусдаас зүгээр шилжиж байсан газар авч байсан бөгөөд одоо шилжихгүй байна гэдэг нь *******аас хамаарахгүй асуудал. Гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзаж байна.

2.3. 2022 онд газраа худалдахдаа 7x8 харьцах хэмжээтэй, 60.2 м.кв талбайтай, мансард бүхий хоёр давхар байшинг 28,000,000 төгрөгөөр тохирч, тэдэнд бэлэн мөнгө байхгүй гэсэн учир *******ын нөхөр *******ийн нэр дээрх ******* улсын дугаартай, Toyota Crown загварын автомашиныг авсан. Байшингийн хувьд бол хүн амьдарч байсан, эд хөрөнгийн доголдолгүй эд зүйлийг хүлээлгэж өгсөн. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж урсаж үгүй болсон зүйлийг миний хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *******ын хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. *******аас 2017 онд бусдаас ******* дүүргийн ******* гудамж хаягт байрлах 699 м.кв талбайтай гэр, орон сууц хашааны зориулалттай газрыг худалдан авч, тус дүүргийн Газрын албанд холбогдох материалаа өгснөөр миний нэр дээр уг газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ 2017 оны 10 сарын 30-ны өдөр гарсан.

3.2. 2022 оны 08 сарын 11-ний өдөр дээрх газрыг ******* гэх хүнд газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ байгуулан 15,000,000 төгрөгөөр худалдсан. Нэхэмжлэгч нь гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзаж байна. Бусдаас зүгээр шилжиж байсан газар авч байсан боловч одоо шилжихгүй байна гэдэг нь *******аас хамаарахгүй асуудал байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 30,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д, хариуцагч *******аас 30,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д тус тус олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн зөвхөн нэг талын баримтыг үндэслэж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх нөхцөлийг алдагдуулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлд заасныг үндэслэн дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

 

5.1. 2017 онд *******, ******* нь ******* дүүргийн ******* гудамж хаягт байрлах 699 м.кв талбайтай гэр, орон сууц хашааны зориулалтай газрыг худалдан авч, тус дүүргийн газрын албанд холбогдох материалаа өгснөөр түүний нэр дээр газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ 2017 оны 10 сарын 30-ны өдөр гарсан. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 04 сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор усан сан бүхий газар буюу голын эргээс 50 метр хүртэлх газрыг онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байх тул газрыг шилжүүлэх боломжгүй гэж 2023 оны 07 сарын 26-ны өдөр ******* дүүргийн газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч нарт мэдэгдсэн байх бөгөөд энэ нь үер буусан 2023 оны 07 сарын 06-ны өдрөөс хойш байдаг.

*******, ******* нь 2016 оны 04 сарын 05-ны өдрөөс хойш дээрх газрыг худалдаж авч, ******* дүүргийн газар зохион байгуулалтын алба ямар нэгэн асуудалгүй шилжүүлж өгсөн тул Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3 дахь хэсэгт заасан ... биет байдлын болон эрхийн доголдолгүй эрх шилжүүлсэн гэж үзнэ. Үүнээс гадна дээрх нөхцөл байдлаас харахад газар эзэмших эрхийг хариуцагч *******д олгосон байдал нь дээрх тогтоолыг зөрчөөгүй, уг эрхийг нэхэмжлэгч талд шилжүүлэх боломжтой гэж үзнэ.

Хариуцагч нь Газрын тухай хууль зөрчиж анх газар шилжүүлэн авсан гэх баримт огт байхгүй бөгөөд эрхийн доголдолтой гэдгийг мэдэх ямар ч боломж байхгүй.

Эрх хүлээн авагч тал Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 4.1-д заасан нөхцөл байдлыг судалж, шалгаж авах үүрэгтэй талаар уг гэрээний 4.2-д тодорхой тусгасан.

Иймд нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж болохгүй эрх гэж шүүх үзэж байгаа ч энэ нь Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт заасан эрхийн доголдолд хамааруулж болохгүй.

Гэрээний зүйл болсон газар эзэмших эрхийг шилжүүлэх үүргийг эрхийн доголдол гэж үзэхгүй тул нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхгүй юм.

Иргэний хуулийн 204 дугаар зүйлд гэрээнээс татгалзах журмыг хуульчилсан боловч шүүх уг хуулийн заалтыг анхаарахгүй шийдвэр гаргасан.

5.2. Үүнээс гадна анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар талуудын гаргаж өгсөн баримтыг тал бүрээс нь дүгнээгүйн нэг илрэл нь *******, ******* нь ******* дүүргийн ******* гудамж хаягт байрлах 699 м.кв талбайтай гэр, орон сууц хашааны зориулалтай газрыг хэзээ шилжүүлж авсан, гэрээний зүйл нь доголдолтой эсэхийг мэдэх боломжтой байсан уу, нэхэмжлэгч нь хэзээ ******* дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүсэлтээ өгөөд хэзээ хариу гарч байгаа, хэзээ байгалийн гамшиг болж үер буугаад байгаа зэрэг бодит нөхцөл байдлыг нотолсон нотлох баримтыг харгалзан үзээгүй шийдвэр гаргасан.

5.3. Анхан шатны шүүх Монгол Улсын Дээд шүүхийн албан ёсны зөвлөмж, тайлбаруудыг үндэслэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь шүүхийн шийдвэр тайлбар, зөвлөмжүүд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үнэн зөв, бодитой явуулахад чиглэмж, гол зөвлөмж болдог.

Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 10 сарын 29-ний өдрийн 1 дугаартай зөвлөмжид ...Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хоорондох эрх зүйн харилцаа, талуудын эрх, үүргийн талаар бодит бус дүгнэлт хийсэн байх нь шийдвэр, магадлалын хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг үгүйсгэдэг болно... гэж зөвлөсөн тайлбарыг шүүх огт анхааралгүйгээр хэргийг хийсвэрээр шийдвэрлэсэн нь нотлох баримтыг уг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт мөн эсэх, цаг хугацаа, шалтгаант холбооны талаар огт дүгнэлт өгөөгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн зүгээс өгсөн нотлох баримтыг үнэлээгүй шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1. Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, бодитойгоор харьцуулан үзэж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

6.2. Хариуцагч нарын зүгээс *******тай байгуулсан гэрээний харилцааг харгалзан үзээгүй гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, хариуцагч *******ын зүгээс нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэх үндэслэлээр маргаж байгааг гайхаж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлж өгөх ёстой учраас нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч газрын нэрийг шилжүүлж авч чадаагүй.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг баримтлаагүй боловч биелэгдээгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд буруутай тал хохирлыг бүрэн хариуцах ёстой. Мөн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 6.3-д Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу талууд газар эзэмших эрх шилжүүлэх баримт бичгийг энэхүү гэрээний хамт холбогдох байгууллагад бүртгүүлсэн эрх хүлээн авагчийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр болж, эрх шилжүүлэгч талын эрх дуусгавар болно гэж зохицуулсан. Гэвч уг гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй байгаа учраас нийтэд илэрхий үйл баримт гэж үзэж байна.

6.3. Хариуцагч нарын зүгээс байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас тухайн нөхцөл байдал үүссэн учраас хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй. Мөн хариуцагч ******* нь гомдолтой тохиолдолд Газрын албатай байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны буюу үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Мөн уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2 жилийн турш үргэлжилж байгаа учраас талуудын хооронд хангалттай мэтгэлцэх боломжтой байсан. Гэвч хариуцагч нарын зүгээс анхан шатны шүүхийг буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатын шүүхээс талуудын эрхийг хангаж, хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг үнэлж дүгнэсэн. Хариуцагч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримт цуглуулах хүсэлт гаргах боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангав.

 

2. Нэхэмжлэгч *******, ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээний зүйл болсон газар эзэмших эрх нь доголдлын улмаас шилжих боломжгүй болсон тул гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулна гэсэн агуулгаар тайлбарласан байна.

 

Хариуцагч *******, ******* нар эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ 2017 онд эзэмших эрхийн гэрчилгээ авсан, ...газар эзэмших эрх шилжих боломжгүй болсон, байшин үерт автсан явдал нь өөрсдийн буруугаас болоогүй, анхнаасаа эрхийн доголдолтой болохыг мэдсээр байж худалдаагүй тул гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзаж байна гэж тус тус тайлбарлан, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1. ******* нь ******* дүүргийн ******* хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 699 м.кв талбайтай газрын, ******* нь мөн хаягт байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий 700 м.кв талбайтай газрын хууль ёсны эзэмших эрхтэй этгээд байна.

3.2. *******, ******* нар эхнэр, нөхөр байх бөгөөд *******, ******* нар 2022 оны 08 сарын 11-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, *******, ******* нар мөн өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулж, *******, ******* нар нь ******* дүүргийн ******* хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 699 м.кв талбайн, нэгж талбарын ******* дугаар бүхий 700 м.кв талбайн газрын эрхээ тус бүр 15,000,000 төгрөгөөр *******д худалдаж газрын эрхийг шилжүүлэх, ******* нь 2 гэрээний дагуу үнэ төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон.

3.3. ******* нь дээрх 2 гэрээний дагуу *******д 2022 оны 08 сарын 02-ны өдөр 10,100,000 төгрөг, 19,900,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

3.4. *******ын нөхөр ******* нь өөрийн эзэмшлийн 2012 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгийн Toyota Crown маркийн, ******* улсын дугаартай, тээврийн хэрэгслийг худалдах, бэлэглэх, арилжих, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, банк болон ББСБ-ын зээлээр худалдах гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, бүртгэлийн байгууллагад бүрэн төлөөлөх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг *******т 2022 оны 08 сарын 11-ний өдрийн 0847 дугаартай итгэмжлэлээр олгосон байна. /хх-15/

3.5. ******* болон ******* нар нь эзэмшлийн газартаа 7х8 хэмжээтэй, 60.2 м.кв талбай бүхий, мансардтай хоёр давхар байшин барьсан, уг байшинг газрын хамт *******, ******* нарт шилжүүлж, *******ийн эзэмшлийн 2012 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгийн Toyota Crown маркийн, ******* улсын дугаартай, тээврийн хэрэгслийг байшингийн төлбөрт тооцон авсан.

 

4. Шүүх хэрэгт авагдсан Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүд болон ******* банк ХК болон ******* банк ХК тус бүрийн дансны хуулга, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн дээрх үйл баримтуудыг тогтоосон байна. /хх-9-14,17,64-67,73-79, 121-122,130-132, 158-160/

Мөн талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт тус тус заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж шүүх зөв тодорхойлжээ.

 

5. Нэхэмжлэгч ******* нь худалдан авсан дээрх газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр 2022 оны 09 сарын 17-ны өдөр ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандахад Тус дүүргийн ******* зусланд байрлах *******, ******* нэгж талбар дугаар бүхий газрууд нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 04 сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор усан сан бүхий газар буюу голын эргээс 50 метр хүртэлх газрыг онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариуг 2023 оны 07 сарын 26-ны өдрийн 17/781 дугаартай албан бичгээр мэдэгдсэн байна. /хх-124-125/

5.1. Мөн 2023 оны 07 сарын 04-ний өдрөөс 06-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд үргэлжлэн орсон их хэмжээний борооны улмаас *******, ******* нарын худалдан авсан тухайн газар, байшин үерт автсан үйл баримт хэрэгт авагдсан ******* дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2023 оны 08 сарын 11-ний өдрийн 12 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. /хх-107-108/

 

5.2. Нэхэмжлэгч нар нь дээрх нөхцөл байдлын улмаас худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн хөрөнгөө буцаан гаргуулахаар хариуцагч нараас шаардсан, хариуцагч тал эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн, эзэмших эрх шилжүүлэх боломжгүй болсон нөхцөл байдалд бид буруугүй гэж тайлбарлан, талууд маргасан байна.

6. Анхан шатны шүүх, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч *******аас 30,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн нь зөв. Харин талуудын маргааны талаар дүгнэхдээ Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсгийг хэрэглэн хариуцагч талын газар эзэмших эрхийг эрхийн доголдол гэж үзсэн, мөн нэхэмжлэгч нарын гэрээнээс татгалзах эрхийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт хамааруулан тайлбарласан нь буруу болжээ. Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр уг дүгнэлтийг залруулах нь зүйтэй гэж үзлээ.

6.1. Учир нь, хариуцагч *******, ******* нар нь маргааны зүйл болсон ******* дүүргийн ******* зусланд байрлах *******, ******* нэгж талбарын дугаар бүхий газрын хууль ёсны эзэмшигч нар бөгөөд уг эзэмших газар эзэмших эрхээ нэхэмжлэгч *******д тус тус 15,000,000 төгрөгөөр худалдсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул хариуцагч нарыг доголдолтой эрх шилжүүлсэн гэж үзэхгүй.

Харин хариуцагч нар нь дээрх нэгж талбарын дугаар бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэх үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь хэргийн 125 дахь талд авагдсан ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 07 сарын 26-ны өдрийн 17/781 дугаартай албан бичиг, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

6.2. Нэгэнт хариуцагч тал үүргээ гүйцэтгэх боломжгүй болсонтой холбогдон нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзахдаа нөгөө талд урьдчилан мэдэгдэл өгөх шаардлагагүй, өөрөөр хэлбэл, нэгэнт боломжгүй үүргээ биелүүлэхийг хүлээх, нэмэлт хугацаа тогтоох нь ач холбогдолгүй юм. Нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1-д заасан журам үйлчилнэ. Иймээс Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзах журмыг шүүх анхааралгүй хэргийг шийдвэрлэсэн гэх агуулга бүхий хариуцагч талын давж заалдах гомдол хангагдахгүй.

 

7. Анхан шатны шүүх, газар дээр барьсан байшингийн үнэ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Харин хариуцагч *******аас 30,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр залруулан дүгнэж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

7.1. Нэхэмжлэгч ******* нь худалдан авсан байшингийн төлбөрт өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслэлээ 30,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн гэж, хариуцагч ******* нь тус тээврийн хэрэгслэлийг 28,000,000 төгрөгт тооцон авсан гэж тус тус тайлбарласан байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүрэг хүлээнэ.

Нэхэмжлэгч ******* дээрх тайлбараа баримтаар нотлоогүйн гадна хариуцагч *******ын дээрх тайлбарыг үгүйсгэж, няцаагаагүй байна.

7.2. Хариуцагч ******* нь тээврийн хэрэгслийг өөр этгээдэд худалдан борлуулсан үйл баримтад талууд маргаангүй. Иймээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн тээврийн хэрэгслийг биет байдлаар эргүүлэн өгөх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзнэ. Нэхэмжлэгч нь хариуцагчаас мөнгөөр нөхөн төлөхийг шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-д заасантай нийцэх тул нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг 28,000,000 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт мөн эсэх, цаг хугацаа, шалтгаант холбооны талаар огт дүгнэлт өгөөгүй, хариуцагчийн өгсөн нотлох баримтыг үнэлээгүй, Улсын Дээд шүүхийн тайлбар, зөвлөмжийг огт анхаараагүй гэх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/01894 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 30,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д, хариуцагч *******аас 28,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д тус тус олгож, нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын 457,950 гэснийг 447,950 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

 

Ч.ЦЭНД