| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2022/03635/И |
| Дугаар | 210/МА2025/00700 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/00700
*******ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/00695 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******ХХК-д холбогдох
Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээний үүрэгт 3,808,806,030 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.*******ХХК нь *******ХХК-тай 2021 онд Г/97 тоот, 2022 онд NM-A2224 Г/68 тоот Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээнүүдийг байгуулж, хэрэгцээт, захиалгат шатахууныг цаг тухайд нь нийлүүлсээр ирсэн. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар худалдан авагч нь шатахууныг зээлээр худалдан авсан тохиолдолд үнийг худалдан авсан өдрөөс хойш хуанлийн 60 хоногийн дотор бүрэн төлж барагдуулах үүрэгтэй. Гэвч *******ХХК нь гэрээний дагуу худалдан авсан дизель түлшний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөлгүй биднийг хохироосоор байна.
Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний биелэлтийг хангуулахаар удаа дараа зохих албан бичгийг хариуцагч талд хүргүүлэх, бусад холбооны хэрэгслээр шаардлага тавих, мөн төлбөр төлөх боломжит хугацааг олгосон боловч үр дүн гарсангүй.
1.2.Г/97 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт худалдан авагч нь гэрээгээр тогтоосон хугацаанд шатахуун болон бүтээгдэхүүний үнэ, хүү, тээврийн зардал, үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.25 хувиар тооцон алданги төлөх үүрэгтэй гэж, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт худалдан авагч нь шатахуун болон бүтээгдэхүүний төлбөрийг тээврийн хөлсний хамт гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.25 хувиар тооцон худалдагчид алданги төлнө гэж, NM-A2224 Г/68 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт худалдан авагч нь гэрээгээр тогтоосон хугацаанд шатахуун болон бүтээгдэхүүний үнэ, хүү, тээврийн зардал, үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон алданги төлөх үүрэгтэй гэж, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт худалдан авагч нь шатахуун болон бүтээгдэхүүний төлбөрийг тээврийн хөлсний хамт гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон худалдагчид алданги төлнө гэж тус тус заасан.
1.3.Г/97 тоот болон NM-A2224 Г/68 тоот Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээний дагуу үүссэн үндсэн төлбөр 2,710,455,420 төгрөг нэхэмжилсэн боловч бодитоор нийлүүлж хүлээлгэн өгсөн баримт дээр үндэслэн 2,709,820,100 төгрөг болгон залруулж байна. Мөн хариуцагч 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 100,000,000 төгрөг төлснийг гэрээний үндсэн төлбөрөөс хасаж тооцож төлбөл зохих үндсэн төлбөр 2,610,455,420 төгрөг болно.
Гэрээний хэрэгжилтийн явцад *******ХХК-ийн нэр бүхий ажилтнууд, *******ХХК-аас шатахуун хүргэж очсон тээврийн жолооч хамтран түлш хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт 221400220 дугаартай эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа. 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 23300 литр түлш нийлүүлэлт мөнгөн дүнгээр 71,251,400 төгрөгийн асуудал байгаа ба энэ дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, үндсэн төлбөр 2,539,204,020 төгрөг болж байна.
1.4.Гэрээний дагуу тооцсон алданги нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 5,876,676,730.60 төгрөг болсон байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-тай тэнцэх хэмжээний дүн 1,305,227,710 төгрөг болсон, үүнээс дээрх 71,251,400 төгрөгт тооцогдох алданги 35,625,700 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг багасган 1,269,602,010 төгрөг нэхэмжилж байна.
Хариуцагч *******ХХК-аас нийт 3,808,806,030 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Талуудын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаатай NM-A2191 тоот, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаатай NM-А2224 Г/68 тоот Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээнүүд байгуулагдсан. Уг гэрээгээр "*******" ХХК нь гэрээний хавсралт 3-т заасан нэр, төрөл, хэмжээ бүхий шатахуун болон бүтээгдэхүүнийг тогтоосон хугацаанд хүргэлтийн цэгт хүргэж нийлүүлэх, манай компани нийлүүлсэн шатахууны үнийг төлөх үүрэг хүлээсэн. Манай компани "*******" ХХК-ийн нэхэмжилсэн дүнгээр нийлүүлэгдсэн гэж итгэж, мөнгийг нь төлж, хамтран ажилласаар ирсэн.
2.2.Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр манайд нийлүүлэх ёстой байсан 20.92 тонн түлшээс "*******" ХХК-ийн жолооч нь 8.49 тонн буюу 40.58%-тай тэнцэх түлшийг буулгалгүй буцаан авч явсан буюу нийлүүлээгүй болох нь тогтоогдсон. "*******" ХХК нь 4-5 тасалгаа бүхий автоцистернээр түлшийг хүргэдэг бөгөөд 2 тасалгааны хаалтыг нээлгүй орхин түлшийг буулгалгүйгээр буцаан авч явсан байсан. Манай харуул хамгаалалтын компанийн сонор сэрэмжээр илэрсэн уг зөрчилтэй холбоотойгоор бид Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт энэ асуудлыг шалгуулахаар гомдол гаргасны дагуу 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж, зохих журмын дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.
Уг ажиллагааны явцад урьд урьдын тогтмол нийлүүлэлтээс тухай бүр дутуу шатахуун нийлүүлэгддэг байсан үйл баримтууд нэмж тогтоогдож, энэ үйл баримттай холбоотойгоор 2 компани 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр уулзаж худалдан авалт болон төлбөрийг түр зогсоосон.
2.3.Үүнээс хойш багагүй хугацаа өнгөрч, шалгах ажиллагаа сунжрах төлөвтэй болсон гэх шалтгаанаар талууд найрсаг харилцаагаа эрхэмлэх зорилгоор удирдлагын түвшинд удаа дараа уулзалт хийсний үр дүнд өр авлага барагдуулах протокол үйлдэхээр 2022 оны 08 дугаар сард харилцан тохиролцсон. Уг протоколд зааснаар "*******" ХХК-аас 2022 оны 09 дүгээр сард 200,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сард 300,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сард 400,000,000 төгрөгийг тус тус "*******" ХХК-д төлөх, 2022 оны 12 дугаар сарын эхний долоо хоногт уулзалт зохион байгуулж, хэрэг мөрдөн байцаалтын үр дүнг хэлэлцэж, эцсийн харилцан тохиролцоог хийх, мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд "*******" ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас түлшний хулгайн хэрэг гарч, хохирол учирсан гэдэг нь тогтоогдсон тохиолдолд "*******ХХК-ийн хохирлын хэмжээгээр NM-A2224 Г/68 тоот гэрээний үндсэн төлбөрөөс суутгахаар болсон. Ингээд харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу өр авлага барагдуулах протоколыг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр "*******" ХХК руу и-мэйлээр явуулахад 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч талаас хянаад, саналаа тусгаад эцсийн байдлаар хүргүүлж байна, баталгаажуулаад ирүүлнэ үү гэсэн хариуг протоколын хамтаар ирүүлсэн. Уг и-мэйлийн хариуд манайхаас 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр протоколд зарчмын бус бага зэрэг өөрчлөлт оруулсан болохоо илэрхийлж, баталгаажуулан ирүүлэхийг хүссэн и-мэйлийг явуулсан. Энэ хооронд "*******" ХХК-аас протоколоор тохирсон үүргээ биелүүлж 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 100,000,000 төгрөгийг шилжүүлж, дараагийн ээлжийн 100,000,000 төгрөгийг "*******" ХХК-д шилжүүлэхэд бэлэн болсон байсан. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр "*******" ХХК-аас ирүүлсэн и-мэйлээр дээрх протоколыг нэг талын санаачилгаар цуцлах тухай мэдэгдсэн.
2.4.Нэгэнт шүүхийн маргаан үүссэн энэ тохиолдолд бидний зүгээс Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээний дагуу "*******ХХК-аас бодитоор, зохих ёсоор нийлүүлсэн шатахууны үнийг л төлөх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалт, үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх тухай мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан зохицуулалт болон дээр дурдсан гэрээнд нийцнэ гэж үзэж байна.
Гэвч "*******" ХХК-ийн нийлүүлсэн шатахууны хэмжээ одоогоороо тодорхойгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад өдрөөс өдөрт бидний хүлээн авсан гэж тооцсон шатахууны хэмжээ багассаар, нийлүүлээгүй нь ихсэж байгаа нь тогтоогдож байх тул "*******" ХХК-аас "*******" ХХК-д бодитоор нийлүүлсэн шатахууны хэмжээ нэг мөр тогтоогдох хүртэл бидний зүгээс нэхэмжлэлээр шаардсан шатахууны үнэ 2,710,455,420 төгрөгөөс нэг ч төгрөгийг төлөх боломжгүй юм.
2.5.Мөн алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Дээр дурдсанчлан "*******" ХХК-аас хуваарьт шатахуунийг дутуу нийлүүлсэн зөрчил илрэхээс өмнө "*******" ХХК нь төлбөрийг хожимдуулах, төлөхөөс татгалзах зэргээр гэрээний үүргийг зөрчиж байсан тохиолдол байхгүй бөгөөд энэ тохиолдолтой холбоотойгоор талууд хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ харилцан тохиролцож, хойшлуулсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, манай компанийн буруугаас төлбөрийг хугацаанд нь төлөхгүй хойшлуулах үндэслэл үүсээгүй, гагцхүү нийлүүлсэн шатахууны хэмжээ гэрээнд заасан хэмжээнд хүрээгүйгээс үүдэлтэйгээр төлөх төлбөрийн хэмжээ тодорхойгүй болж, үүнийг тодорхой болгох үүднээс л харилцан зөвшилцөж хойшлуулж, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүргэсэн нь бодит үйл баримт тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт "Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй" гэж зааснаар "*******" ХХК-ийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
Иймд "*******" ХХК нь гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр "*******" ХХК-аас алданги шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК-аас 3,539,204,020 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 269,602,010 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,894,317 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 17,853,970 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1."*******" ХХК-ийн нийлүүлсэн шатахууны хэмжээ одоогоороо тодорхойгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүлээн авсан гаж тооцсон шатахууны хэмжээ багассаар, нийлүүлээгүй нь ихсэж байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээнүүдийн дагуу "*******" ХХК-аас бодитоор, зохих ёсоор нийлүүлсэн шатахууны үнийг л төлөх нь хуульд нийцнэ. "*******" ХХК-аас нийлүүлсэн шатахууны хэмжээ тодорхойгүйгээс төлөх төлбөрийн хэмжээг тодорхойлох боломжгүй болж, талууд энэ нөхцөл байдалд тохирсон арга хэмжээг авч, худалдан авалт болон төлбөрийг хойшлуулж ирсэн, төлбөр төлөх хугацаа, нөхцөл, журмыг шинэ гэрээгээр тохиролцож, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүргэсэн нь бодит үйл баримт тул анхнаасаа хугацаа ийнхүү алдахад "*******" ХХК буруугүй учир алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Гэвч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв үнэлж чадаагүйн улмаас хариуцагч "*******" ХХК нь нэхэмжлэгчид алдангийг төлөх үүрэгтэй байна гэх дүгнэлтийг хийж, хариуцагчаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу гэрээний үндсэн төлбөрт 2,539,204,020 төгрөг, алданги 1,000,000,000 төгрөг, нийт 3,539,204,020 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.
4.2.Хариуцагч *******ХХК дээр дурдсан 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Г/97 тоот, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн NM-A2224 1/68 тоот Бараа бүтээгдэхүүн худалдан авах гэрээний дагуу "*******" ХХК-ийг гэрээгээр тохирсон нэр, төрөл, хэмжээ бүхий шатахуун болон бүтээгдэхүүнийг нийлүүлсэн гэдэгт итгэж "*******" ХХК-аас нэхэмжилсэн мөнгийг цаг тухай бүрт нь төлж ирсэн боловч 2 байгууллагын ажилчид буюу "*******" ХХК-ийн жолооч нар "*******" ХХК-ийн зарим ажилчидтай үгсэн хуйвалдаж, нийлүүлэгдэх ёстой байсан бараа бүтээгдэхүүнээс хулгай хийж байсныг анх 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр илрүүлсэн байдаг. Уг хэргийг Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 2023/ШЦТ/106 тоот шийтгэх тогтоол гаргасан.
Үүнтэй холбоотойгоор 2 байгууллагын удирдлагууд 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр уулзалдаж, худалдан авалт болон төлбөрийг түр зогсоож, дээрх асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон. Ийнхүү цагдаагийн байгууллагаас шалгагдаж буй эрүүгийн хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдэж, хариуцагчаас төлөх ёстой бодитоор хүлээн авсан шатахууны үнэ тодорхой болох хүртэлх хугацаанд нийлүүлсэн шатахууны үнийг төлөх хугацааг хойшлуулахаар талууд харилцан тохиролцсон нь хойшлуулах болзлоор хийсэн хэлцэл юм. Ийнхүү талууд бодит үйлдлээрээ болзол тавьж хэлцэл хийсэн болох нь "*******" ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Г/850 тоот албан бичиг, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Г/630 тоот албан бичиг, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Г/668 тоот албан бичгийн агуулгаас тов тодорхой харагдаж байгаа. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасан нөхцөл бүрэн нотлогдож байхад шүүх хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн зөрчил гаргасан.
4.3.Үүнээс гадна талууд төлбөр төлөх хугацааг хойшлуулснаар хариуцагч нь зөвхөн үндсэн төлбөр болох 2,710,455,420 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн болох нь 08 дугаар сард 500,000,000, 09 дүгээр сард 500,000,000, 10 дугаар сард 500,000,000, 11 дүгээр сард 500,000,000, 12 дугаар сард үлдэх 710,455,420 төгрөгийн төлөлт хийснээр үндсэн төлбөр бүрэн дуусгавар болж, талуудын хооронд үүссэн өглөг, авлагын тооцоог дуусгах агуулга бүхий нэхэмжлэгч "*******" ХХК-аас 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Г/668 тоот албан бичгээр гаргасан саналаар тогтоогдсоор байтал шүүх үүнийг дээрх албан бичгүүд бүхий нотлох баримтуудтай тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүйгээс Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4, 208.7 дахь хэсэгт заасныг мөн зөрчсөн алдаа гаргасан.
4.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч "*******" ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах тухай шаардлагаараа эрүүгийн журмаар шалгагдаж байгаа хэрэгт хамааралтай 23300 литр түлшний үнэ 71,251,400 төгрөг, түүний 50%-тай тэнцэх алданги 35,625,700 төгрөг, нийт 106,877,100 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байдаг. Энэ үйл баримтаар ч талууд эрүүгийн хэргийг шалгаж дуусах хүртэлх хугацаанд төлбөр төлөх хугацааг хойшлуулж байсан болох нь тогтоогдож байхад шүүх эдгээр нөхцөл байдлыг хэрхэн дүгнэснээ шийдвэртээ тусгаагүй, үүнд эрх зүйн дүгнэлт огт хийсэнгүй.
4.5.Эдгээрээс дүгнэж үзвэл төлбөр өдийг хүртэл бүрэн төлөгдөөгүйд хүргэсэн нөхцөл байдал "*******" ХХК-ийн гэм буруугаас болоогүй, харин "*******" ХХК-аас нийлүүлсэн шатахууны хэмжээ тодорхойгүй, хэдэн төгрөгийн хохирол учирсан нь бүрэн дүүрэн тогтоогдоогүй, хулгайн гэмт хэрэгтэй холбоотой эрүүгийн хэргүүд эцэслэн шийдвэрлэгдээгүйтэй холбоотой. Үүссэн нөхцөл байдалд тохируулга хийж талууд төлбөр төлөх хугацааг хойшлуулах болзол бүхий гэрээ болон төлбөр төлөх хугацаа, нөхцөл, журмыг харилцан тохиролцсон өр авлага барагдуулах протокол нэртэй гэрээг байгуулах зэргээр зохих арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлж байсан ч хамгийн сүүлд байгуулсан өр авлага барагдуулах гэрээнээс нэхэмжлэгч өөрөө татгалзсан тул "*******" ХХК нь одоо үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 2,539,204,020 төгрөгийг л төлөх үүрэгтэй юм.
Иймд дээр дурдсан үйл баримт, нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг маргаанд зөв хэрэглэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/00695 дугаар шийдвэрт "*******" ХХК-аас алдангид 1,000,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосон нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1.Шатахуун нийлүүлээд явж байхад хариуцагчийн нэр бүхий ажилчид Улаанбаатар хотоос шатахуун тээвэрлэж очсон жолоочтой хамтраад 2 удаа хулгай хийсэн. Манай байгууллагын зүгээс *******ХХК-аас хулгайтай хамааралгүй 35 удаагийн шатахуун нийлүүлэлтийн төлбөрт 2.5 тэрбум төгрөг, алдангийг 50 хувиар тооцож нэхэмжилсэн. Хариуцагч нь 35 удаагийн нийлүүлэлт дээр хулгай гарсан байх гэж нотлох баримтгүй, таамаглалаар төлбөр төлөх үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн. Төлбөр төлөх хугацааг хойшлуулж, гэрээгээр тохиролцсон боловч хариуцагч нь хугацаа хэтрүүлсэн тул алданги төлөх ёстой.
5.2.Нэхэмжлэлийн шаардлагад багтаагүй боловч түлшний хулгайтай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусах хүртэл төлбөрийн асуудлыг хойшлуулах талаар талууд харилцан тохиролцсон гэж худал тайлбар гаргадаг. Талуудын хооронд Иргэний хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу болзол тавьсан хэлцэл хийгдээгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчид хандаж худалдан авсан шатахууныхаа төлбөрийг төлөхийг шаардсан бөгөөд хулгайн гэмт хэргийг шалгагдаж дуусах хүртэл их хугацаа орох учраас хулгайтай хамааралгүй, өөр цаг хугацаанд, өөр хүмүүсийн өгсөн, авсан төлбөрөө төлөхийг шаардсан. Уг тайлбарыг нотлох баримтууд хэргийн материалд авагдсан байгааг анхан шатны шүүхээс зөв үнэлж дүгнэсэн.
Хариуцагчийн зүгээс давж заалдах гомдол гаргахдаа талуудын хооронд болзол тавьсан хэлцэл хийгдсэн гэж дурдсан нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд протоколын гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд тухайн протоколын дагуу шатахууны төлбөрийг төлөх байсан боловч *******ХХК-ийн зүгээс гэрээнээс татгалзсан учраас төлбөр төлөөгүй тул төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн асуудалд хариуцагчийн буруу байхгүй гэж тайлбарласныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайн протоколд тусгагдсан нөхцөлүүдийг *******ХХК-ийн зүгээс хүлээн авах боломжгүй байсан учраас манай байгууллагаас тухайн протоколыг байгуулахаас татгалзсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад талуудын хооронд харилцсан цахим шуудан, протоколд үзлэг хийлгэсэн.
Манай байгууллагаас бодитоор нийлүүлсэн шатахууны төлбөр дээр талууд тооцоо нийлж, талуудын өглөг, авлагын баримтуудад үндэслэж, хүчин төгөлдөр гэрээний дагуу шатахууны төлбөрийг төлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, протокол байгуулахаас татгалзсан. Мөн манай байгууллага 2 хулгай гарсан гэдгийг үгүйсгээгүй. 35 удаагийн шатахуун нийлүүлэлтэд ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гараагүй учраас тухайн нийлүүлсэн шатахууны төлбөрийг төлөхийг нотлох баримтад үндэслэж, нэхэмжилсэн.
5.3.Улсын Дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Иргэний хуулийн 222 дугаар зүйлд заасантай холбоотой зөвлөмжид үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийн хугацааг хэтрүүлсэн асуудалд гэм буруутай эсэхийг тогтоохдоо хэрэгт авагдсан баримтад үндэслэж, дүгнэлт хийнэ гэж тайлбарласан. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад хариуцагч байгууллагын ажилчдын санаачилсан хулгайн асуудал, уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь *******ХХК-ийн бараа материалын орлого, зарлагыг тоолж, бүртгэж чаддаггүй, дотоод хяналт шалгалт сул байдлаас болоод хулгай гарсан гэж дүгнэдэг. Хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авахдаа нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд шаардлага гаргах эрхгүй гэж зохицуулсан.
*******ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүйг нь тухайн байгууллагын ажилчид далимдуулж, хулгайн гэмт хэрэг гарсан. Иргэний хуулийн 222 дугаар зүйлд зааснаар зарим онцлог бүхий үүргийн харилцаанд үүрэг гүйцэтгэгч нь өөрийн буруутай эсэхээс шалтгаалахгүй, хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагавар, хохирлыг хариуцна гэж зохицуулсан. Уг хуулийн 215 дугаар зүйлд зааснаар үүргийн зүйл нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө, мөнгөн төлбөрийн үүрэг байгаа тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг саатуулж болохгүй. Мөн өөрийн буруутай эсэхээс үл хамааран хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагаврыг хариуцах зохицуулалттайг анхаарч үзэхийг хүсэж байна.
Хариуцагч нь 2 хулгайтай холбоотойгоор нийлүүлэлтийн төлбөрийг хойшлуулсанд гэм буруугүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэвч анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн нэхэмжлэлийн шаардлагад багтсан 35 удаагийн нийлүүлэлтэд хулгай гарч, шатахуун дутсан асуудал байхгүй. Уг шатахуун нийлүүлэлтээс хулгай хийсэн гэх нөхцөл байдал баримтаар нотлогдохгүй байгаа учраас хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, төлбөрийг төлөх ёстой байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлд заасны дагуу шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,539,204,020 төгрөг, алданги 1,269,602,010 төгрөг, нийт 3,808,806,030 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч алдангид холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3.*******ХХК, *******ХХК-ийн хооронд 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Г/97 тоот, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр NM-А2224 Г/68 тоот Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээ байгуулагдаж, эдгээр гэрээгээр худалдагч *******ХХК нь евро 5 стандарт маркийн дизель түлш нийлүүлэх, худалдан авагч *******ХХК нь үнийг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.
Г/97 тоот гэрээний хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дуусахад талууд NM-А2224 Г/68 тоот гэрээг байгуулсан байх ба гэрээний гол нөхцөл өөрчлөгдөөгүй, өмнөх гэрээний хугацаа дуусч сунгагдсан гэж үзэхээр байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
4.Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаанд нийлүүлсэн шатахууны үнийн үлдэгдэл төлбөр 2,539,204,020 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн ба хариуцагч нь уг төлбөрийг төлөхийг зөвшөөрч маргаагүй.
5.Талуудын байгуулсан гэрээний 4.2 дахь хэсэгт зааснаар худалдан авагч нь шатахууны үнийг худалдан авсан өдрөөс хойш хуанлийн 60 хоногийн дотор бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн байх ба Г/97 тоот гэрээний 5.2 дахь хэсэгт худалдан авагч нь шатахууны үнэ, тээврийн хөлсийг гэрээний 4.2-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.25 хувиар тооцон худалдагчид алданги төлөхөөр заасан, NM-А2224 Г/68 тоот гэрээнд алдангийн хэмжээг 0.5 хувь болгож өөрчилжээ.
Дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэж байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
5.1.2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр *******ХХК-ийн гэрээт жолооч шатахуун дутаасан гэх асуудал үүсч *******ХХК-аас цагдаагийн байгууллагад хандсан болох нь хэрэгт авагдсан *******ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Г/850 дугаар Шатахууны төлбөрийн тухай мэдэгдлээр тогтоогдож байна.
5.2.Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолоор *******, *******, *******нарыг 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандал хайрхан 1 дүгээр багт гүний уурхайн үйл ажиллагаа явуулдаг *******ХХК-ийн Уул уурхайн компанид ******* ХХК-ийн ******* УНМ улсын дугаартай шатахууны автомашины жолооч *******аар явуулсан хэрэглээний 20 тонн түлшээс 8490 литр түлшийг автомашины саванд үлдээж хулгайлж 26,556,720 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн ба уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Үүнээс гадна 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр *******, *******, *******, *******, *******, *******нар бүлэглэн 11600 литр түлш хулгайлж 35,472,800 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг прокурорт буцаасан тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/56 дугаар захирамж хэрэгт авагджээ.
5.3.*******ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Г/630 дугаар Шаардлага хүргүүлэх тухай, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Г/668 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгүүд, *******ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 22/08/08 дугаар Хариу хүргүүлэх тухай, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22/08/16 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгүүдийн агуулгаас үзэхэд, шатахууны хулгайн асуудалд 2 байгууллагын ажилтнууд шалгагдаж байгаатай холбоотойгоор талууд гэрээний төлбөрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар уулзалт хийж санал хэлэлцсэн байна.
Мөн шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн талуудын 2022 оны 09 дүгээр сарын 08, 14, 20-ны өдрүүдэд харилцсан цахим шуудангаар хариуцагч нь өр авлага барагдуулах протоколын төсөл бэлтгэж хүргүүлснийг нэхэмжлэгч хүлээн авч саналаа тусгаад гарын үсэг зуруулахаар эцэслэн хүргүүлсэн, улмаар уг төсөлд хариуцагч саналаа тусгаж буцаан хүргүүлсэн байна. Өр авлага барагдуулах протоколоор хариуцагч нь 2022 оны 09, 10, 11 дүгээр саруудад 900,000,000 төгрөгийг хувааж төлөх, 12 дугаар сарын эхний долоо хоногт талууд уулзалт зохион байгуулж хэрэг мөрдөн байцаалтын үр дүнг хэлэлцэж эцсийн тохиролцоог хийх агуулга тусгагджээ.
Үүний дагуу хариуцагч 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 100,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байх боловч уг протоколыг нэхэмжлэгч баталгаажуулахаас татгалзаж, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээнээс татгалзсан байна.
5.4.Дээрх үйл баримтыг талуудын тайлбартай харьцуулбал, шатахууны хулгайн асуудлыг эрүүгийн журмаар шалгасантай холбоотойгоор нэг талаас нэхэмжлэгч шатахууны нийлүүлэлтээ зогсоож, нөгөө талаас хариуцагчийн төлбөр төлөх хугацаа, хэмжээний талаар талууд тодорхой санал гаргаж хэлэлцээ хийж байсан тул уг хугацаанд хариуцагчийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, эсхүл үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боловч дээрх үндэслэлээр хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.
6.Иймд нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алданги төлөхийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцээгүй байх тул алдангид холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
7.Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/00695 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ...232.8... гэснийг хасч, ...3,539,204,020... гэснийг 2,539,204,020 гэж, ...269,602,010... гэснийг 1,269,602,010 гэж,
2 дахь заалтын ...17,853,970... гэснийг 12,853,970 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 5,157,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА