Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
Хэргийн индекс | 179/2019/0227/Э |
Дугаар | 2019/ШЦТ/243 |
Огноо | 2019-08-13 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 2019/ШЦТ/243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1938003940248 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Б.
Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух, иргэн Б.Х-ын 1 ширхэг шүрэн толгойтой, халтар манан хөөргийг нь хууль бусаар авч, 13 000 000 /арван гурван сая/ төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б.Х-ын шүрэн толгойтой, халтар манан хөөргийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 13.000.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-7 дугаар хуудас/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,
- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
- Хохирогч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2019 оны 04 дүгээр сарын 27-нд гэрээсээ гараад 1 сар орчим Польш, Швед зэрэг улсаар албан ажпаар яваад 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гэртээ ирсэн юм. Намайг Польш улсад явж байхад 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр манай эхнэр утсаар холбогдож авдар дотор байсан чиний хөөрөг алга болсон байна, манай энд техникийн үзлэг болоод машины бичиг баримт хайж байгаад чиний дайланг үзтэл хөөрөг чинь байхгүй болсон байна гэж мэдэгдсэн ...ирээд эхнэрээсээ лавлаж асуухад гаднах цоож эвдрээгүй, хавин авдарны шүүгээний цүүг сугалж татуургыг нь онгойлгож авсан бололтой байсан гэж хэлсэн ...Б.Б- нь манай хашаанд гэр барьж хэдэн жил болсон, манай эд зүйл хаана байдгийг бүгдийг нь мэддэг болохоор Б.Б-г сэжиглэсэн байсан. ...шүрэн толгойтой, оюу болон мөнгөн нуухтай, төмөр халбагатай, хуучин цагийн их гарын халтар манан хөөрөг байсан. ...Би алдсан хөөргөө М гэх хүнээс бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-19 дүгээр хуудас/,
- Гэрч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нөхөр Б.Х- бид хоёр гэрээ онгорхой үлдээгээд эм тарианд эмийн сан яваад ирэх зуур гэрт хүн орсон юм шиг байсан. Тэр үед хөөрөг байсан авдарны цоож далийсан байсан ...Тэр үед л Б.Б- манай гэрийг хүн байхгүй үеэр орж хөөрөг авсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Гэрч Э.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Саяхан Ууганбаяр над руу яриад хоёулаа Хөвсгөлийн Цэцэрлэг сумын Могойн голын уурхайгаас нэг хүн зарын дагуу утсаар яриад байна, хуучны хөөрөг олсон ирж үзээч гэж яриад байна гэхлээр нь би хамт явж ...нэг залуутай уулзаж хөөргийг нь манай найз 5 сая төгрөгөөр худалдаж авсан ...Уурхайн шар алаг хувцастай, дунд зэргийн нуруутай, 20 гаруй насны залуу ирээд мэндлээд машинд суусан. ...халааснаасаа даалингүй дунд гарын шүрэн толгойтой, хар халтар манан хөөрөг гаргаж ирээд манай найз Ууганбаярт үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Гэрч Э.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 04 дүгээр сарын сүүлчээр миний өөрийн ... дугаарын утас руу ... дугаарын утаснаас нэг эрэгтэй хүн залуу залгаад “эртний эдлэл сонирхох уу?, газраас олдсон эртний эдлэл байна” гэж асуухаар нь сонирхоё юу юм бэ гэж асуусан чинь хөөрөг байна яг авахаар бол өөр юм ч гэсэн үзүүлж болно” гэж хэлсэн. Газраас олдсон хөөрөг юм бол өмхөрөө биз гэж хэлсэн чинь бүв бүтэн гэж хэлсэн. “Хаана байгаа юм бэ” гэж асуусан чинь Хөвсгөл аймагт гэхээр нь наадах чинь яг хуучных мөн ч юмуу биш ч юмуу би Хөвсгөл рүү хол явж чадахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу Могойн голын уурхай гэж хэлэхээр нь надад ойрхон юм шиг санагдаад очиж хөөргийг нь үзэхээр болсон. Би тухайн үед Завхан аймагт байсан бөгөөд яг тухайн үед хот руу явах ажилтай байсан болохоор найз М-ийг хань татаж явахаар болоод, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн орой 16-17 цагийн үед ууурхайн ажип тараагүй байх үед Могойн голын уурхай дээр очиж уулзахад 25-26 орчим насны залуу уурхайн ажлын хувцастай залуу байсан. Ажил дээрээсээ гүйж ирж надтай уулзаад, миний машин дотор суугаад нэг хөөрөг гаргаж ирсэн. ...Шүрэн толгойтой, төмөр нуухтай, төмөр халбагатай, дунд гарын манан хөөрөг байсан ...Би төмөр нуухтай төмөр халбагатай нээрэн ч газраас олдсон хөөрөг хэвээрээ байдаг юм байна даа гэж ойлгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,
- Хулгайд алдсан гэх дээр үеийн шүрэн толгойтой оюу мөнгөн нуухтай халтар манан хөөргийг 13.000.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 25-ны үед байх. Н- гээд миний танил залуу намайг гэрт хүрээд ир хурдан морь үсэргэе гэж ярихаар нь би гэрээсээ гараад явган алхаад Н-ын хашааны үүдэнд очоод утас руу нь залгаад би гэрийн чинь гадаа ирчихлээ гэж хэлсэн чинь хүлээж байгаарай гэхээр нь хамар хашаанд нь байдаг төрлийнхөө ах болох Б.Х-ынх руу ороод гаръя гэж бодоод хашаа руу нь орсон чинь байшинд нь хүн байхгүй байсан. Байшингийнх нь таамбарных нь хаалга онгорхой байхаар нь дотогшоо орсон. Харин байшин руу орох хаалга хаалттай байсан. Б.Х- ахын гэрт О- гээд Б.Х- ахын эхнэр Д-гийн төрлийнх нь залуу байсан учир тэр залуу таамбарных нь хаалгыг онгойлгоод гадагшаа гарсан байх гэж би бодсон. Мөн тэр үед Б.Х- ах хот руу яваагүй байсан. Би гэрт нь хүн байхгүй болохоор жаахан сууж байгаад хүн ирэхгүй болохоор нь авдарных нь цоож хөшигдсөн байсан учир би авдрыг нь онгойлгоод дотор талд нь байсан Б.Х- ахын халтар манан хөөргийг аваад даалинг нь үлдээгээд гэрээс нь гараад явсан. Б.Х- ахын гэрт би өмнө нь дөрвөн жил болсон учир авдрыг нь яаж онгойдгийг сайн мэднэ. Б.Х- ахын эхнэр нь авдарныхаа түлхүүрийг байхгүй болгосон учир хөшөөд онгойлгодог байсан юм. Тэгээд хөөргийг нь аваад шууд гэр рүүгээ явсан. Тэгээд гэртээ очоод хөөргөө нуугаад 3 хоногийн дараа хөөргөө зарж мөнгө болгоё гэж бодоод фээсбүүк ухаж байсан чинь эртний эдлэл авна гэсэн зар байхаар нь холбогдож хөөрөг зарна гэж хэлсэн чинь 2 хоногийн дараа очиж авна байлгаж байгаарай гэж хэлсэн. Би хөөргөө булш ухаж байгаад гаргаж ирсэн гэж худлаа хэлсэн юм. Ингээд М-э, Ууганбаяр гэж 2 хүн Завхан аймгаас ирж миний хөөргийг үзээд хаанахын юм гэхээр нь би булш ухаж байгаад гаргаж ирсэн юм гэж худлаа хэлсэн. Тэгээд хөөргөө хэдээр зарах юм гэхээр нь би 6-н сая гэхэд бөөрөндөө хагарсан юм байна. Яаж 6 сая хүрэх вэ дээ гэхээр нь та өөрөө мэдээд ав гэхэд за би 5-н саяд авъя гээд бэлнээр 2 саяыг өгөөд дансаар 3-н саяыг өгсөн. Би тэр өдөр Монгойн голын уурхай дээр манаачаар гарч байсан юм. Би мөнгөө гэртээ аваачиж тавиад дансанд байгаа мөнгөө тэр хэвээр нь байлгасан. Маргааш нь би Мөрөн рүү яваад хэд хоногийн дараагаар би цагдаад баригдсан. Тэгээд би бүх үнэн учраа хэлээд Ууганбаяр, М-э нарт 5-н сая төгрөгөө өгөөд хөөргөө буцаагаад Б.Х- ахад өгч гомдол саналгүй.болгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Бүрхээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 56 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.Б-гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/,
- Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/,
- Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 60-62 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Б.Б- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Б- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б.Х-ын шүрэн толгойтой, халтар манан хөөргийг нь хууль бусаар авч, 13 000 000 /арван гурван сая/ төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-7 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, хохирогч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-19 дүгээр хуудас/, гэрч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/ гэрч Э.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/, гэрч Э.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/, хулгайд алдсан гэх дээр үеийн шүрэн толгойтой оюу мөнгөн нуухтай халтар манан хөөргийг 13.000.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 44 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг
нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгчийн мэдүүлж байгаа “...хөөргийг нь зарж мөнгө болгох гэж авсан” /хх-ийн 53/ гэх мэдүүлгээс үзвэл шүүгдэгчийн хувьд амар хялбар аргаар мөнгө олох, иргэд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг байдал, эд хөрөнгөө хайхрамжгүй байдлаар орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан
нөхцөл болсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Б.Б- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б.Х-ын шүрэн толгойтой, халтар манан хөөргийг нь хууль бусаар авч, 13.000.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.
Шүүгдэгч Б.Б-гийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 13.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Б.Х-тай эвлэрлийн гэрээ /хх-ийн 57/ байгуулан “50.000.000 төгрөгийн үнэт эд зүйлийг эргүүлэн өгсөн” гэсэн байх тул шүүгдэгч Б.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Б.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах хүсэлтийг тус тус гаргаж байх бөгөөд шүүхээс түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар, Хөвсгөл аймгийн “Хот тохижуулах үйлчилгээний төв” ХХК-д ногоон байгууламжийн хэсэгт эмнэлэг, сургуулийн орчмын хогийн ургамал, шарилж цэвэрлэх ажил хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн шүүгдэгч Б.Б-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ