| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Цолмонбаатар |
| Хэргийн индекс | 102/2015/10685/И |
| Дугаар | 184/ШШ2016/00124 |
| Огноо | 2016-06-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 184/ШШ2016/00124
2016 оны 06 сарын 21 өдөр Дугаар184/ШШ2016/00124 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонбаатар даргалж тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******-д холбогдох,
“Зуухны үнэ 750,000 төгрөг, алданги 123,750 төгрөг, ажилчдад олгосон хөлс 40,000 төгрөг, унааны зардал 100,000 төгрөг, нийт 1,013,750 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрдэнэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* нь амины орон сууц барьж нам даралтын зуух суурилуулах шаардлага гарч 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “******* “ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж АСЭ-8 /7/ маркийн нам даралтын зуухыг 750,000 төгрөгөөр худалдан авсан.
Улмаар 2014 оны 12 сард мэргэжпийн хүмүүсээр сангийн холболтоо хийлгэж зуухыг суурилуулсан. Гэтэл уг зуух 50-150 м.кв талбайг халаах хүчин чадалтай гэсэн боловч шаардлага хангахгүй, 100 м.кв талбайтай байшинг халааж дийлэхгүйгээр барахгүй нүүрс дутуу шаталттай асаж байсан учраас гэрээний 3.2-д заасны дагуу тус компанид мэдэгдсэнээр тэдний ажилтан ******* ирээд мөн л галлаж чадаагүй. Манай зуухны үнсний таг /үнс авдаг/ завсартай хийгдсэн байна, үнсний тагийг нь солих хэрэгтэй, завсараар нь агаар ороод байна гээд төмөр хавчуулж тавиад ингээд гайгүй болох байх гээд явсан. Мөн л гал асахгүй болохоор нь дахин хүн дуудахад тэдний ажилтан ******* гэж залуу ирээд яндангаа солихгүй бол болохгүй байна гэхээр нь компаниас 60,000 төгрөгөөр яндан авчирч тавиулсан. Тэгсэн ч халаалт хэвийн болоогүй.
Эцэст нь танай халаалтын шугам буруу тавигдсан байна шугамаа соль гэсний дагуу пепси хоолойгоор тавьсан шугамаа труба болгож өөрчилж тавиулсан. Тэгээд галлаж үзэхэд мөн л нөгөө гал нь олигтой асахгүй, халаахгүй байхаар нь компаний ажилтан *******д дахин мэдэгдсэн. ******* ирж үзээд өөрөө ч галлаж чадахгүй “зуухаа буцаа манай захирал руу ярь” гэсний дагуу ******* захирал руу утсаар ярьж 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зуухыг нь хүлээлгэн өгч баримт үйлдсэн.
Тухайн үед ******* захирал “би хуралтай дараа залга гээд утсаа салгасан”. Энэ үеэс хойш байнга ямар нэг шалтаг тоочин мөнгөө нэхээд утсаар ярихад элдэв үгээр доромжилж байсан. Тус компанийн ажилтны хэлснээр сангийн шугамаа солиулахын тулд дахин 300,000 төгрөгний труба материал авсан. Сангаа солиулахад 700,000 төгрөгний хөлс төлсөн, зуухны доголдлыг арилгуулах, мөнгөө шаардах гээд маш олон удаа Налайхаас Улаанбаатар хоёрын хооронд явсан гээд шатахууны зардал гарсан гээд тоочоод байвал 1,200,000 орчим төгрөгний хохирлыг нэмж хүлээгээд байгаа. ******* захирал маш бүдүүлэг мөнгөө нэхээд очихоор байхгүй гээд гарч ирдэггүй, нэг бол хүнтэй утсаар ярьдаг өдөр биш гээд утсаа тасална. Чанартай бүтээгдэхүүн нийлүүлж чадаагүй улмаас бид гэрээнээс татгалзаж доголдолтой бүтээгдэхүүнийг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Өөрөө ч үүнийгээ зөвшөөрөөд зуухаа буцааж авсан. Тэр дор нь мөнгийг өгсөн бол бидний хооронд маргаан гарахгүй байсан. Бидний хооронд худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан учраас би энэ компаниас зуухны үнэ 750,000 төгрөг, гэрээний 4.1-д заасны дагуу алданги 123,750 төгрөг, доголдолтой бүтээгдэхүүнд зориулж гаргасан зардал компаний ажилчдад өгсөн хөлс ******* 20,000 төгрөг, ******* 20,000 төгрөг нийт 40,000 төгрөг мөн Налайхаас Улаанбаатар, Улаанбаатараас Налайх явсан шатахууны зардал 100,000 төгрөг, нийт 1,013,750 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч “*******” ХХК-ийн захирал ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “*******” ХХК нь 2007 оноос одоог хүртэл нам даралтын тогоог хийж олон жил айл өрхийг халуун хүйтэн усаар хангаж байна. Нэхэмжлэгч Налайх дүүргийн иргэн ******* нь өөрөө галаа түлж чадаагүйн улмаас энэ асуудал үүссэн. Иймд буцааж өгсөн зуухны үнийн 20 хувь болох 375,000 төгрөгийг өгнө үү гэхээс өөр бусад зардлыг төлөх үндэслэлгүй юм. Учир нь дулааны алдагдал ихтэй байшин бариад сангийн холболтыг буруу хийсний хохиролыг манайх барагдуулах боломжгүй. Бид зуухыг бүрэн хүлээж авсаны дараа зуухны үнэ 375,000 төгрөгийг олгох болно” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан зуухны үнэ 750,000 төгрөг, алданги 123,750 төгрөг, ажилчдад олгосон хөлс 40,000 төгрөг, унааны зардал 100,000 төгрөг, нийт 1,013,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-иас нам даралтын зуух худалдан авахаар 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд зааснаар ******* нь зуухны үнэ болох 750,000 төгрөгийг “*******” ХХК-д төлж, нам даралтын зуухыг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”, мөн өдрийн “*******” ХХК-ийн “Бэлэн мөнгөний орлогын баримт” болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч “*******” ХХК-иас худалдан авсан нам даралтын зуухыг доголдолтой гэсэн шалтгаанаар нэхэмжлэгч ******* нь Гэрлээ гэх хүнд буцаан өгсөн бөгөөд уг зуухыг “*******” ХХК нь буцаан авсан болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан “... буцааж өгсөн зуухны үнийг 50 хувийг өгнө ...” гэсэн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд хуульд зааснаар зохигчдын хооронд байгуулсан гэрээг талууд цуцалж, гэрээний зүйл болох нам даралтын зуухыг буцаасан байна.
Мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан тул хариуцагч “*******” ХХК нь гэрээний зүйл болох зуухны үнэ 750,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч “*******” ХХК-иас зуухны 750,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь алданги 123,750 төгрөг, ажилчдад олгосон хөлс 40,000 төгрөг, унааны зардал 100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан гэрээг гэрээний зүйлийн биет байдлын доголдлын улмаас цуцалсан тул хариуцагч “*******” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж алданги гаргуулах үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч ******* нь ажилчдад 40,000 төгрөгийн хөлс олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй ба шатахууны зардал гэх 100,000 төгрөгийн шаардлага болон уг шаардлагатай холбогдуулан гаргасан бичгийн нотлох баримт нь гэрээ цуцалсантай шууд холбоотой гарсан зардал гэж дүгнэх боломжгүй байна.
Шүүх хариуцагч “*******” ХХК-ийн захирал *******д 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын түүний 99105510 дугаар утсанд 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талыг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Энхбаатар, Энхтөр нарыг гэрчээр асуулгахаар хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч тэрээр эдгээр гэрчийг асуулгах хүсэлтээсээ татгалзсан болохыг тэмдэглэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК-иас зуухны үнэ 750,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 263,750 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 22,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНБААТАР