Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2025/00764

 

  

*******ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШЗ2025/01983 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 4,484,595.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч *******ББСБ ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,482,095.31 төгрөг, нотариатын зардалд 2,500 төгрөг, нийт 4,484,595.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.*******ББСБ ХХК болон *******ийн хооронд 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч *******ББСБ ХХК нь 6,200,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч ******* нь зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4.Түүнчлэн талууд 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (фидуци) байгуулж, үүрэг хүлээгч ******* нь ******* УБМ улсын дугаартай, Тоёота сэнта маркийн автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгч *******ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байх ба уг гэрээ Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан, мөн хүчин төгөлдөр байна.

 

4.Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээл 6,200,000 төгрөгийг зээлдэгчид олгосон, зээлдэгч нь 2022 оны 03 дугаар сараас 2023 оны 02 дугаар сарын хугацаанд нийт 3,366,000 төгрөг төлсөн боловч 2023 оны 03 дугаар сараас эхлэн хуваарьт төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй байна.

 

5.Нэхэмжлэгч нь 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг хариуцагчаас бодитойгоор гаргуулан авсан байх ба автомашиныг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 3,600,000 төгрөгөөр худалдаж, зээлийн гэрээний үүрэгт зээлд 956,833.74 төгрөг, хүүд 1,570,881.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 314,176.37 төгрөг, нийт 2,841,892 төгрөг төлүүлсэн гэж тайлбарласан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна. Учир нь фидуцийн гэрээгээр талууд уг автомашины үнийг 9,500,000 төгрөгөөр харилцан тохиролцож тогтоосон бөгөөд нэхэмжлэгч нь автомашиныг эвдрэл, гэмтлийн улмаас 3,600,000 төгрөг худалдсан гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь автомашиныг 3,600,000 төгрөгөөр худалдсан талаарх холбогдох гэрээ, төлбөрийн баримтыг шүүхэд ирүүлээгүйн зэрэгцээ автомашины ямар эвдрэл, гэмтлээс шалтгаалж хураан авснаас хойш 15 сарын дараа дээрх үнээр худалдсан болохоо нотлоогүй.

Хэрэгт *******ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн үнэлгээний тайлан авагдсан ч үнэлгээний баримтаар дээрх нөхцөл байдлуудыг тогтоохгүй болно.

 

6.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасан өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авах эрхээ хэзээ хэрэгжүүлэх буюу зээлийн гэрээний зөрчигдсөн үүргийг ямар хэмжээнд хангуулах нь зээлдүүлэгчийн хүсэл зоригоос хамааралтай, шүүхийн оролцоогүйгээр хэрэгждэг.

Автомашиныг хураан авсан 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 4,482,095 төгрөгийг фидуцийн гэрээнд заасан автомашины үнэ 9,500,000 төгрөгтэй харьцуулбал фидуциэр зээлийн гэрээний үүргийг хангуулах боломжтой байсан гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь фидуцийн гэрээнд заасны дагуу автомашиныг бодитойгоор гаргуулан авснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдсан гэж дүгнэх үндэслэлтэй тул ...фидуцийн зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсан боловч өр үлдсэн, энэхүү өрийг төлж барагдуулах нь хуульд нийцнэ... гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ автомашиныг 3,600,000 төгрөгөөр худалдаж, уг дүнгээс холбогдох зардал (засвар, үйлчилгээ, татвар, торгууль, гэрчилгээ солиулах)-д нийт 758,108 төгрөгийг суутгаж авсан талаар дурдсаныг анхан шатны шүүх уг зардлыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан мэтээр буруу дүгнэснийг залруулна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн үүргийн зөрчилтэй холбоотойгоор шүүхэд гаргах нотлох баримтыг нотариатчаар гэрчлүүлсний зардалд 2,500 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжилсэн байх ба энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хангагдах үндэслэлгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарахгүй зохицуулалт болох Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийг баримталсныг дээр дурдсанаар зөвтгөнө.

 

8.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШЗ2025/01983 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...227 дугаар зүйлийн 227.3... гэснийг 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 86,704 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хяналтын журмаар гомдол гаргах эрх олгогдоогүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

  

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

Д.ЗОЛЗАЯА