Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/245

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар, хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Э.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Л-т холбогдох эрүүгийн 1938004390270 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.Л.

Шүүгдэгч Э.Л- нь 2019 оны 06 дугаар сарын 19- ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Сүмбэр багийн нутагт иргэн Э.М-ыг нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Л- нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Сүмбэр багийн нутагт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Э.М-тай маргалдан улмаар түүнийг хөлөөрөө өшиглөх, гараараа нүүрэн тус газар нь цохиж зодон “тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын дайвар хөндийд цусан хураа, зүүн нүдний алим, дээд уруулын дунд хэсгийн салст, доод уруулын баруун хэсгийн салст, дагзны баруун доод хэсэг, духны дунд хэсэг, баруун хөмсөгний гадна өнцөг, зүүн хөмсөгний гадна өнцөг, баруун дээд зовхи, зүүн дээд зовхи, хүзүүний баруун хэсэг, цээжний баруун дээд хэсэг, дунд дээд хэсэг, зүүн мөрөнд цус хуралт, хамрын нуруу, баруун хацар, хамрын зүүн сувагны доод хэсэг, доод уруулын зүүн хэсэг, хоолойны баруун, зүүн хэсэг, цээжний баруун дээд хэсэг, баруун хөхний толгойн хажуу хэсэгт зулгаралт” бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
  • Хохирогч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 19-ний шөнө 22 цагийн орчим Б- гэдэг айлд байхад Э.Л- манай найз Н-ыг ална гээд байхаар нь “чи миний найзыг яахаараа алдаг юм бэ” гэхэд би “чиний найз Н-аас доор хүн юм уу” гээд намайг гараараа багалзуур шахаад нөгөө гараараа нүүр, нүд орчим цохисон. Тэгээд гэрээс чирээд гадаа гаргасан. Энэ үед гэрийн эзэн Б- гэдэг хүн бид хоёрыг салгасан. Би Э.Л-т хандаж одоо больё хөгшөөн найз нь гэртээ харихаас гэж хэлээд мотоциклио асаагаад гэртээ харихаар явж байтал миний араас Э.Л- мотоцикльтой гүйцэж ирээд намайг замаас гаргаж дов руу шахаж зогсоогоод “чи муу яасан их зугатаадаг юм бэ” гэж хэлээд миний мотоциклийн түлхүүр булааж аваад миний зүүн хөлийн шагайн тус газар нэг удаа өшиглөхөөр нь би газарт унасан, тэр үед миний дээрээс дарж аваад нүүр, нүд, хамран тус газарт гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 7-11 дүгээр хуудас/,
  • Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд Э.М-, Э.Л- нар хоорондоо зууралдаад гэрээс гарсан. Гэрийн гадаа гараад хоорондоо зууралдаад байхаар нь Б- ах энэ хоёрыг салгахад Э.М- удалгүй мотоцикльтойгоо Б- ахын гаднаас яваад өгсөн. Би энэ үед бие засахаар яваад буцаад ирсэн чинь гэрт Б- ахын эхнэр нь ганцаараа үлдсэн Э.М-, Э.Л-, Б- ах нар байхгүй байсан. Удалгүй Б- ах гэртээ ганцаараа хүрээд ирсэн. Би нөгөө хоёр хаашаа явсан бэ гэж асуухад Э.М- гэртээ харина гээд явсан, араас нь Э.Л- найзтайгаа эвлэрч уучлалт гуйхаас гээд явсан гэж надад

хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

  • Гэрч Г.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр шөнө манай хүү Э.М-ын эхнэр Цэцэгмаа над руу утсаар яриад Ж-г О- гэх залуу зодоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр даруйд нь О- гэх залуутай уулзахаар гэрт нь очсон. Энэ үед О-, Б- гэх хүнтэй хамт гэртээ архи уусан сууж байсан. Би О-гоос “чи миний хүүг аваад явсан гэсэн хаана байна вэ” гэж асуухад “би андыгаа зодсон, бид хоёрын зодоон та нарт хамаагүй” гэхээр нь “чи юу гэж байгаа юм бэ” гэж хэлэхэд “би андыгаа мод чулуугаар цохиогүй, дан гараараа зодсон. Гэмтэл авахаар юм болоогүй” гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 06 сарын 20-ны өдөр 12 цагийн орчим Э.М- надад Т- ах дүү нь хүнд зодуулсан аймаг руу орж эмчид үзүүлэх шаардлагатай байна, та дүүгийнхээ мотоциклийг бариад аймгийн төв рүү оруулаад өгөөч гэж гуйхаар нь мотоциклийг нь бариад Э.М-ыг араараа суулгаад аймгийн төв рүү орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
  • Гэрч Ц.Б--Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Э.М- чи миний найзыг зоддог хэн бэ гэж хэлээд О- гэх залуугийн шанаан тус газарт гараараа нэг удаа цохисон. Тэгтэл О- зөрүүлээд заамдаж аваад манай гэрийн баруун талын орон дээр дараад унагаагаад гараараа цохиж байх шиг харагдсан. Яг хаана нь цохьсон талаар мэдэхгүй байна. Э.М-ын хамраас цус гараад гэрийн ор, дэр болон ширдэг цус болохоор нь би “та нар манайд ирж зодоон хийгээд яагаад байгаа юм бэ, та нар гэрээс гар” гээд гаргасан. Манай гэрийн гадаа гараад хоорондоо зодоон хийгээд байхаар нь би энэ хоёр залууг салгаад Э.М-ын нүүрэн хэсэгт нь цус болсон байхаар нь нүүрийг нь угааж өгөөд гэртээ харьж амар гээд явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,
  • Гэрч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Э.М-ын биед үзлэг хийхэд зүүн талын шанаан тус газар хөхөрсөн, нүд нь хавдсан, хамраас нь цусархаг улаан өнгийн зүйл гарч хатсан, зүүн талын хөлийн шагайн хэсэг нь хавдсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 333 дугаартай: “1. Э.М-ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын дайвар хөндийд цусан хураа, зүүн нүдний алим, дээд уруулын дунд хэсгийн салст, доод уруулын баруун хэсгийн салст, дагзны баруун доод хэсэг, духны дунд хэсэг, баруун хөмсөгний гадна өнцөг, зүүн хөмсөгний гадна өнцөг, баруун дээд зовхи, зүүн дээд зовхи, хүзүүний баруун хэсэг, цээжний баруун дээд хэсэг, дунд дээд хэсэг, зүүн мөрөнд цус хуралт, хамрын нуруу, баруун хацар, хамрын зүүн сувагны доод хэсэг, доод уруулын зүүн хэсэг, хоолойны баруун, зүүн хэсэг, цээжний баруун дээд хэсэг, баруун хөхний толгойн хажуу хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 3. Э.М-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Э.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна. ...Би найз Э.М-д гар хүрсэн нь үнэн. Гэхдээ эхэлж намайг зүгээр байхад цохиогүй бол ийм асуудал үүсэхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Сүмбэр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45 дугаар хуудас/,
  • Э.Л-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, хохирогч, шүүгдэгч нар нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, хохирогчийн зүй бус үйлдэл зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Шүүгдэгч Э.Л- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Э.Л- нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Э.Л-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Э.М- гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 515.100 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж: “ШТС-89” гэх 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 15 литр дизель түлшний үнэ 34.950 төгрөгийн ПОС системийн баримт, “Рэнчинжугнай” эмнэлгийн 2019 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн 245.000 төгрөгийн төлбөрийн баримт, “Зүүн нуур” ХХК гэх 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 6.3 литр дизель түлшний үнэ 15.000 төгрөгийн ПОС системийн баримт, “ШТС-89” гэх 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 5 литр дизель түлшний үнэ 11.650 төгрөгийн ПОС системийн баримт, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Хөгжил мөрөн” ХХК-н “Үлэмж” эмийн сангийн эмийн үнэ 88.500 төгрөгийн зарлагын баримт, “Онош Үүдэн” эмнэлгийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн компьютер томографийн оношлогооны 120.000 төгрөгийн баримт /хх-ийн 54/ хэрэгт гаргаж өгсөн байх ба шүүх

нотлох баримтуудыг шинжлэн судлаад

“Рэнчинжугнай” эмнэлгийн 2019 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн 245.000 төгрөгийн төлбөрийн баримт, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Хөгжил мөрөн” ХХК-н “Үлэмж” эмийн сангийн эмийн үнэ 88.500 төгрөгийн зарлагын баримт, “Онош Үүдэн” эмнэлгийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн компьютер томографийн оношлогооны 120.000 төгрөгийн баримтууд нь гэм хорын хохиролд хамааралтай гэж үзэж шүүгдэгчээс нийт 453.500 төгрөгийг гаргуулж хохирогч Харуул овогт Г.Э-ы Э.М- /РБ91022112/-д олгох нь зүйтэй байна.

Харин “ШТС-89” гэх 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 15 литр дизель түлшний үнэ 34.950 төгрөгийн ПОС системийн баримт, “Зүүн нуур” ХХК гэх 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 6.3 литр дизель түлшний үнэ 15.000 төгрөгийн ПОС системийн баримт, “ШТС-89” гэх 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 5 литр дизель түлшний үнэ 11.650 төгрөгийн ПОС системийн баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Учир нь дээрх шатахууныг хэн, юунд зарцуулсан эсэх нь тодорхойгүй, нэг өдөр авсан баримтууд байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хохирогч хойшид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Л-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөөгүй байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Э.Л- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч Э.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа улсын яллагчийн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналын хүрээнд шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Л- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л-ыг 500 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л- нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Э.Л-оос 453.500 /дөрвөн зуун тавин гурван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.М-д олгож, бусад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч хойшид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

6. Шүүгдэгч Э.Л-т оногдуулсан ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Л-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.АЗЖАРГАЛ