Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2025/01005

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/03075 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******

Нэхэмжлэлийн шаардлага: 235,548,610 төгрөгийг тус банк дахь *******-ийн ******* тоот дансанд шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******-тай 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 20/392 дугаар Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан. Гэрээгээр ******* нь *******-ийн мэдээллийн хуудаст бичигдсэн ханган нийлүүлэгчид нь зээл олгох, ******* нь ханган нийлүүлэгчид төлөх төлбөрөө *******-ийн банк дахь ханган нийлүүлэгчийн дансанд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Хариуцагч нь 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн мэдээллийн хуудсаар ханган нийлүүлэгч *******-д 235,548,610 төгрөгийн өглөгтэй ба уг өглөгөө 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн дотор тус банкны ******* тоот төгрөгийн дансанд шилжүүлэхээ нэхэмжлэгчид мэдэгдсэн тул банкнаас 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр *******-д 223,771,179.5 төгрөгийн зээл олгосон.

1.2 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 74 дугаар, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 75 дугаар, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ГЗ/669 дугаар албан бичгүүдээр үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч нь *******-д төлөх 235,548,610 төгрөгийн төлбөрөө тус банкны ******* тоот төгрөгийн дансанд шилжүүлээгүй. ******* нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчээс авсан 223,771,179.50 төгрөгийн зээлээ огт төлөөгүй бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 223,771,179.50 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 20,404,262.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,427,764.03 төгрөг буюу нийт 246,603,205.74 төгрөгийн өр төлбөртэй байна.

Иймд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20/392 дугаар Хамтран ажиллах гэрээ-ний дагуу *******-д төлөх 235,548,610 төгрөгийн төлбөрийг тус банк дахь *******-ийн ******* тоот дансанд шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* нь *******-тай 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 20/392 дугаар Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр хариуцагч бусдын авсан зээлийг төлөх үүрэг хүлээгээгүй. Харин зээл олгогдсон тохиолдолд төлбөрийг нь зөвхөн тус банк дахь ханган нийлүүлэгчийн дансанд шилжүүлэх агуулгатай. *******-д *******-ийн эсхүл ханган нийлүүлэгчийн гаргасан аливаа шаардлагаар төлбөр төлөх үүрэг үүсээгүй.

2.2 ******* нь *******-аас шаардах эрх шилжүүлж авсан үйл баримт байхгүй. Түүнчлэн 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр зээл олгосон гэдэг нь хангалттай нотлогдоогүй, холбогдох зээлийн гэрээ, бусад баримт бичгүүд хэрэгт авагдаагүй байна.

2.3 Зээлийн болон барьцааны гэрээнүүд нь цаг хугацааны хувьд хамтран ажиллах гэрээнээс өмнө байгуулагдсан учир энэхүү зээлийн гэрээтэй холбогдох ямар нэгэн үүргийн шаардлагыг хариуцагчид тавих эрхгүй. ******* нь *******-д төлөх өр төлбөргүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

3.1 Нэхэмжлэлийг дэмжинэ гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-д 235,548,610 төгрөгийг нэхэмжлэгч дахь *******-ийн ******* тоот дансанд шилжүүлэхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,335,694 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,335,694 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Хэрэгт авагдсан баримтаар ******* нь *******-д 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр олгосон гэх зээлийн гэрээ, холбогдох баримт бичиг байдаггүй. *******-аас хэрэгт гаргаж өгсөн *******-тай байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ гэх гэрээнүүд нь цаг хугацааны хувьд 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан гэрээнүүд байдаг. Өөрөөр хэлбэл, хамтран ажиллах гэрээ байгуулагдахаас өмнөх цаг хугацаанд хийгдсэн хамааралгүй гэрээнүүд байдаг. Энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй атлаа ...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үүргээс үүдэлтэй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

5.2 Хариуцагч ******* болон *******-ийн хоорондын гэрээний үүрэг, төлбөрийн талаарх маргаан нь *******-ийн нэхэмжлэлтэй уг маргаанд хамааралгүй ба энэ талаар ч хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд тайлбарласан. ******* нь *******-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу бүтээгдэхүүн нийлүүлээгүй тул *******-д төлбөр төлөх үүрэг үүсээгүй.

******* нь *******-тай байгуулсан ханган нийлүүлэлтийн гэрээний үүргээ зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ талаарх *******-ийн *******-д ирүүлсэн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн албан бичгээр нотлогдоно.

5.3 Шүүхээс үүрэг үүсэх урьдчилсан нөхцөл хангагдсан гэдгийг хэрхэн тодорхойлж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байх ба ******* нь *******-д зээл олгосон гэж дүгнэсэн эсэх, ийнхүү дүгнэж байгаа тохиолдолд ******* нь зээлийн гэрээний үүргийг зээлдэгч *******-аас бус, *******-аас шаардаж байгаа хууль зүйн үндэслэлийг хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй байна.

5.4 Мөн шүүхээс ******* нь *******-ийн өмнөөс *******-ийн *******-д төлөх гэрээний төлбөрийг шаардах эрхтэй эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1 Хамтран ажиллах гэрээгээр -ийн ханган нийлүүлэгч нарт -аас авах орлогоо барьцаалж ******* нь хамтран ажиллах гэрээний дагуу *******-аас зээл авсан. Хариуцагчийн зүгээс 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр *******-аас *******-ийн данс руу 235,000,000 төгрөгийг шилжүүлээд хамтран ажиллах гэрээний дагуу мэдээллээ ирүүлсний дагуу *******-д зээл олгосон бөгөөд ******* зээл авснаа хүлээн зөвшөөрч албан бичгээр удаа дараа илэрхийлсэн бөгөөд манай буруутай үйл ажиллагаанаас болж мөнгө төлөгдөөгүй гэх асуудал яригдсан, энэ талаарх баримт хэрэгт авагдсан.

6.2 Мөн *******-ийн бусдад төлөх төлбөрийг төлсөн гэж хариуцагч тал тайлбарладаг боловч үүнийг нотолсон баримт гаргаж өгдөггүй. Өөрөөр хэлбэл, *******-ийн өмнөөс бусдад төлөх төлбөрийг төлсөн эсэхийг нотолж чаддаггүй. Түүнчлэн, анхан шатны шүүх хуралдаанд мэдээллийн хуудсанд ийг төлөөлж гарын үсэг зурсан гэж дурдсан. Тухайн үед амралттай байсан учраас орлож баталгаажуулж гарын үсэг зурсан гэж тайлбарладаг. Мөн огт бараа нийлүүлээгүй гэж маргадаг боловч *******-аас бараа хүлээлцсэн акт буюу НӨАТ-ын баримтыг өгсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 235,548,610 төгрөгийг тус банк дахь *******-ийн ******* тоот дансанд шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.1 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж тайлбар гаргасан.

3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

4.1 ******* нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-тай 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 3030-2018/29 дугаартай зээлийн гэрээг /*******-ийн авлагын зээлийн эрх/, мөн өдөр 3030-2018/29-1 дугаартай Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулсан. /1хх 13-19/

Улмаар, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 3030-2020/03 дугаартай дээрх зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах буюу зээлийн эрхийн хэмжээг нэмэгдүүлэх тухай гэрээг, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 3030-2020/13 дугаартай дээрх 2 зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах буюу зээлийн хэмжээ өөрчлөх, хугацааг сунгах тухай гэрээг, мөн өдөр 3030-2020/13 дугаартай дээрх барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах буюу хугацааг сунгах тухай гэрээг тус тус байгуулсан. /1хх 20-23/

4.2 *******-аас 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр *******-д зээл 223,771,179 төгрөгийг 21/13 тоот ЗГХШ-н дагуу зээл олгов ******* гэсэн агуулгаар шилжүүлсэн. /1хх 24/

4.3 ******* болон ******* нар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 20/392 дугаартай Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан. Гэрээний 1.1-т зааснаар гэрээний зорилго нь ...ханган нийлүүлэгчид төлөх төлбөрийн нөхцөл өөрчлөгдсөнтэй холбогдуулан энэхүү гэрээгээр компанийн ханган нийлүүлэгчтэй байгуулсан ханган нийлүүлэлтийн гэрээ, түүнд төлөх төлбөрийг банк барьцаалж, ханган нийлүүлэгчид авлага болон гэрээ барьцаалсан зээл олгох эсэхийг судлах, зээл олгосон тохиолдолд компанийн ханган нийлүүлэгчид төлөх төлбөрийг ханган нийлүүлэгчийн банкнаас авсан зээлийн төлбөрт төлөх, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулж, талуудын эрх, үүргийг тодорхойлно гэжээ. /1хх 6/

4.4 Гэрээний 2.3-т авлага барьцаалсан зээлд мөрдөх нөхцөлийг заасан байх бөгөөд 2.3.7-д Компани нь төлбөрийг зөвхөн мэдээллийн нэхэмжлэхэд заасан банкны дансанд шилжүүлэх үүрэгтэй... гэж заасан. Мөн гэрээний 1.2.5-д Мэдээллийн хуудас гэж ханган нийлүүлэгчийн компаниас авах төлбөрийг банкинд барьцаалж, зээл авах тухай бичгээр гаргасан хүсэлтийг баталгаажуулах зорилгоор ханган нийлүүлэгч нэхэмжлэхийн дүн, дансны мэдээллийг үнэн зөв тусган банкинд гаргаж өгсөн баримт бичиг гэжээ.

4.5 *******-ийн мэдээллийн хуудсаар *******-ийн нэхэмжлэх барьцаалсан 223,771,179 төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээж авсныг мэдэгдэж, *******-ийн 21/41 дугаартай 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн нэхэмжлэхийг баталгаажуулж өгөхийг хүссэнийг хариуцагч байгууллагын эрх бүхий ажилтан 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр баталгаажуулсан байна. /1хх 12/

Дээрх үйл баримтын талаар зохигч маргаагүй.

5. Анхан шатны шүүх дээрх үйл баримт болон гэрээг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг болон мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үүргээс үүдэлтэй үүргийн шинэ харилцаа буюу мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

5.1 Гэрээний агуулга, зорилгоос үзвэл ******* нь өөрийн ханган нийлүүлэгчид өглөг үүсгэж, уг өглөг нь *******-ийн тухайн ханган нийлүүлэгчид зээл олгох үндсэн шалтгаан болсон байна. Өөрөөр хэлбэл, Хамтран ажиллах гэрээ-ний дагуу ******* нь тухайн авлагыг барьцаалж, гуравдагч этгээд буюу *******-д зээл олгосон байна.

5.2 Гэтэл хамтран ажиллах гэрээгээр талууд гуравдагч этгээдэд өгөх өглөг буюу гуравдагч этгээдийн шаардах авлагыг *******-д бие даан нэхэмжлэх эрхийг олгоогүй байхаас гадна ******* нь тус банкинд тухайн өглөгийг төлөх үүрэг хүлээгээгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээрх мөнгийг энэхүү гэрээний дагуу шаардаж байгаа гэсэн боловч зохигчийн байгуулсан тус гэрээнд *******-аас *******-д өгөх өглөгийг ******* нь нэхэмжлэх эрх байхгүй байна.

5.3 ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2231/Proc дугаар албан бичгээр *******-тай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний талаар болон баталгаажуулсан нэхэмжлэхийн талаар *******-д хариу хүргүүлсэн байх бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй. /1хх 56/ Учир нь, тухайн баримт нь нэхэмжлэхийг татгалзсан агуулгатай байна.

Үүнээс гадна ******* нь *******-аас өөрийн авах авлагыг авах шаардах эрхийг шилжүүлэн авсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүйг үүгээр дурдана.

6. Иймд, хамтран ажиллах гэрээ болон мэдээллийн хуудасны дагуу хариуцагч нь гуравдагч этгээд *******-ийн үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээх үүрэг буюу Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийн харилцаа талуудын хооронд үүсээгүй байх тул нэхэмжлэгч ******* нь *******-аас 235,548,610 төгрөгийг тус банк дахь *******-ийн ******* дугаар дансанд шилжүүлэхийг даалгуулахаар шаардах эрхгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/03075 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******-д холбогдох, 235,548,610 төгрөгийг ******* дахь *******-ийн ******* тоот дансанд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,335,694 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

М.БАЯСГАЛАН