| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Солонго |
| Хэргийн индекс | 101/2016/04910/и |
| Дугаар | 101/ШШ2016/00475 |
| Огноо | 2016-08-11 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2016/00475
| 2016 оны 8 сарын 11 өдөр | Дугаар 101/ШШ2016/0475 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Мон Хаа” ХХК-ийн ******* байранд байрлах, улсын бүртгэлийн дугаар *******, ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Жананаран” ХХК-д ******* тоотод байрлах, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар *******, ******* холбогдох,
19.119.849 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Мон Хаа” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон захирал******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа- “Мон Хаа” ХХК нь Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах 408 м.кв талбай бүхий байрыг эмнэлгийн зориулалтаар ашиглуулахаар “Жананаран” ХХК-тай 2013 оны 3 дугаар сарын 15 өдөр түрээсийн гэрээ байгуулсан боловч төлбөрөө хугацаандаа төлөөгүйн улмаас “Жананаран” ХХК 2015 оны 7 cap хүртэл ажиллаад түрээсийн гэрээгээ цуцалсан. 1 сарын түрээсийн төлбөр 4.500.000 төгрөг бөгөөд 2015.09.08 өдөр хоёр тал тооцоо нийлсэн акт үйлдэж 18.746.566 төгрөг төлөхөөр тохирсон. Үүнээс 6.000.000 төгрөгийг төлсөнийг хасч тооцоход 12.746.566 төгрөг, алданги 6.373.849 төгрөг нийт 19.119.849 төгрөгийг хариуцагч “Жананаран” ХХК-иас гаргуулахаар шүүхэд хандсан.
Хариуцагчийн тайлбарыг сонслоо, бид 2015.10.05 өдөр эцсийн тооцоо хийсэн, байрыг 10 сарын 05 өдөр чөлөөлсөн, энэ үед үндсэн төлбөрөө төлчих, алдангиас чөлөөлье гэж ярилцсан боловч хариуцагч төлбөрөө төлөөгүй учраас одоо алдангиас чөлөөлөх боломжгүй.
Иймд “Жананаран” ХХК-аас түрээсийн тооцооны үлдэгдэл 12.746.566 төгрөг алданги 6.373.283 төгрөг, нийт 19.119.849 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “Жананаран” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа- Манай компани “Мон Хаа” ХХК-ийн эзэмшил дэх байрыг эмнэлгийн зориулалтаар 2013 оноос түрээслэн ажиллаж байгаад 2015 оны 07 дугаар сард түрээсийн гэрээ цуцлагдсан. Манай хоёр байгууллагын 2015 оны 09 дүгээр сарын 08 өдрийн тооцоо нийлсэн актаар үлдэгдэл 18.746.566 төгрөг байсан ба үүнээс хойш 5.000.000 төгрөгийн төлбөрийг хийж 13.746.566 төгрөгийн /2015.10.05/ үлдэгдэлтэй болсон Үүнээс хойш 1.000.000 төгрөгийн төлбөрийг төлж, нийт 12.746.566 төлбөрийн үлдэгдэлтэй байгаа. Тооцоон дээр маргахгүй.
Харин манай компани хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаагаас түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж чадахгүй хүндрэл гарч байгаа тул алдангиас багасгах санал гаргасан, хуулийн дагуу шийдэж өгнө үү гэв.
Хэрэгт байгаа бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
“Жананаран” ХХК-д холбогдуулан 19.119.849 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг “Мон Хаа” ХХК шүүхэд гаргажээ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.
Талуудын хооронд 2013.03.15 өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Мон Хаа” ХХК-ийн өмчлөлийн 408 м.кв талбай бүхий объектыг “Жананаран” ХХК эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх зориулалтаар түрээслэсэн ба сарын төлбөр 4.500.000 төгрөг, гэрээний хугацаа 2017.03.15 өдөр дуусахаар тохирчээ./х.х.4-5 тал/
2015.09.08 өдрийн “тооцоо нийлсэн акт”-аар “Жананаран” ХХК 2015.09.01 өдрийн байдлаар 18.746.566 төгрөгийг “Мон Хаа” ХХК-д төлөх түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж компаний нягтлан бодогч нар тооцоо нийлж гарын үсэг зурсан байна. /х.х. 7 тал/
Дээрх төлбөрөөс хариуцагч нийт 6.000.000 төгрөг төлсөн талууд маргаагүй.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” хэмээн заасан.
Мөн талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 3.2-д “ түрээсийн төлбөр төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг түрээслүүлэгч талд төлнө” гэсэн байх тул хариуцагчийг алдангиас чөлөөлөх үндэслэлгүй байна.
Иймд “Жанаран” ХХК-иас үндсэн төлбөр 12.746.566 төгрөг, алданги 6.373.283 төгрөг бүгд 19.119.849 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Мон Хаа” ХХК-д олгох нь үндэслэлтэй гэж үзлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “Жананаран” ХХК-иас нийт 19.119.849 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Мон Хаа” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар “Мон хаа” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Жананаран” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 253.550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Мон хаа” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СОЛОНГО